Еховагийн үйлчлэгчид жинхэнэ найдвартай
Еховагийн үйлчлэгчид жинхэнэ найдвартай
«Иаковын үлдэгсэд нь олон ардын дунд, хүнд найддаггүй, ...Еховагаас ирдэг шүүдэр мэт болох ёстой» (МИКА 5:7, ШЕ).
1. Сүнслэг Израиль хэрхэн сэргээх эх булаг болдог вэ?
ЕХОВА бол бороо ба шүүдрийг бүтээсэн агуу Бүтээгч мөн. Шүүдэр болон бороог хүн бий болгодог гэж найдах нь гэнэн хэрэг юм. Зөнч Мика: «Иаковын үлдэгсэд нь олон ардын дунд, хүнд найддаггүй буюу газрын хүний хөвгүүдийг хүлээдэггүй, ургамал ногоон дээр асгардаг аадар мэт, Еховагаас ирдэг шүүдэр мэт болох ёстой» хэмээн бичжээ (Мика 5:7, ШЕ). Орчин үед «Иаковын үлдэгсэд» гэж хэн бэ? Тэд бол сүнслэг израильчууд буюу «Бурхны Израилийн» үлдэгдэл юм (Галат 6:16). Дэлхийн «олон ардын» хувьд тэд «Еховагаас ирдэг [сэргээн амилуулдаг] шүүдэр», «ургамал ногоон дээр асгардаг аадар» мэт ажээ. Тийм ээ, тослогдсон христианууд бол өнөөдөр хүмүүсийн тухайд Бурхны ивээл мөн. Ехова, Хаанчлалыг тунхаглагч тэдгээр тослогдогсдоор дамжуулан хүмүүст жинхэнэ найдварын тухай мэдээ хүргэдэг.
2. Бид хэцүү ертөнцөд амьдардаг ч гэсэн жинхэнэ найдвартайн учир юу вэ?
2 Өнөөгийн ертөнцөд жинхэнэ найдвар байхгүй нь гайхаад байх зүйл биш. Улс төрийн тогтворгүй байдал, ёс суртахууны доройтол, гэмт хэрэг, эдийн засгийн хямрал, терроризм, дайн дажин зэрэг нь Сатан Диаволын захирч байгаа ертөнцөд л байх зүйл (1 Иохан 5:19). Олон хүн ирээдүйдээ санаа зовж, айдаст автдаг. Гэтэл, Еховагийн үйлчлэгчид бид ирээдүйдээ бат найддаг учир айдаггүй. Энэ найдвар нь Бурхны Үгэнд үндэслэдэг болохоор жинхэнэ найдвар юм. Еховагийн хэлсэн болгон нь дандаа үнэн байдаг учраас бид түүнд болон Үгэнд нь итгэдэг.
3. а) Ехова, Израиль болон Иудагийн эсрэг арга хэмжээ авах болсны учир юу вэ? б) Микагийн үг яагаад бидний үед хамаатай вэ?
3 Бурхны онгодоор хөтлүүлэн бичсэн Микагийн зөгнөл биднийг Еховагийн нэр дотор алхахад тус дэм үзүүлж, жинхэнэ найдварын маань үндэс болдог. Микагийн зөгнөж байсан МЭӨ 8-р зуунд, Бурхантай гэрээ байгуулсан ард түмэн Израиль Иуда гэсэн хоёр улс болон хуваагдсан бөгөөд тэдгээрийн аль аль нь гэрээгээ үл ойшоосон юм. Үүний уршгаар тэд ёс суртахууны хувьд доройтон, шашны тэрс үзэлд автаж, эд баялгийн хойноос хэтэрхий хөөцөлддөг болжээ. Тийм учраас, Ехова тэдний эсрэг арга хэмжээ авна гэдгээ сануулж хэлсэн байна. Еховагийн сануулга Микагийн үеийнхэнд зориулагдсан нь мэдээж. Гэхдээ, өнөөдрийн нөхцөл байдал Микагийн үеийнхтэй тун адилхан байгаа нь түүний үг бидний үед хамаатай болохыг харуулж байгаа юм. Энэ нь «Мика» номын долоон бүлгийн зарим онцлог зүйлд анхаарлаа хандуулбал бүр тодорхой болно.
«Мика» номын товч тойм
4. «Мика» номын эхний гурван бүлгийн агуулга юу вэ?
4 «Мика» номын агуулгын талаар товчхон ярилцъя. 1-р бүлэгт Ехова Израиль болон Иудагийн самуун явдлыг илчилдэг. Тэрслүү хэргийнхээ төлөө Израиль устгагдах ба Иудад оноосон шийтгэл Иерусалимын дааман хаалганд хүрэх ажээ. Хөрөнгө чинээтэй, хүчирхэг хүмүүс нь сул дорой, хамгаалалтгүй нэгнээ дарлаж байгааг 2-р бүлэгт өгүүлдэг. Гэхдээ, энд Бурхны амлалт бас бий. Юу гэвэл, Бурхны ард түмэн нэг дор цугларах ажээ. 3-р бүлэгт ард олны удирдагчид болон хэрэг тарьсан зөнчдийг шийтгэх Еховагийн зарыг бичжээ. Удирдагчид шударга ёсыг гажуудуулж, зөнчид худал ярьдаг. Үүнийг үл хайхран, Еховагийн шүүх гэж байгааг тунхаглах хүчийг ариун сүнс Микад өгсөн.
5. «Мика» номын 4, 5-р бүлгийн гол санаа юу вэ?
5 Эцсийн өдрүүдэд бүх үндэстэн Еховагаас суралцахын тулд түүний өргөөний өндөр уул уруу цутгах тухай 4-р бүлэгт өгүүлдэг. Үүнээс өмнө Иудагийн ард түмэн Вавилон уруу цөлөгдөх ч Ехова тэднийг чөлөөлөх аж. Мессиа, Иудагийн хот Бетлехемд төрөх тухай 5-р бүлэгт бичжээ. Мессиа ард түмнээ хариулах ба дарлагч үндэстнүүдийн гараас тэднийг чөлөөлөх аж.
6, 7. Микагийн зөгнөлийн 6, 7-р бүлэгт ямар ямар санаа байдаг вэ?
6 «Мика» номын 6-р бүлэгт Еховагаас ард түмэндээ оноосон ялыг зарга шүүж байгаа хэлбэрээр өгүүлдэг. Ехова ард түмнээ өөрийнхөө эсрэг босгохоор юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй. Үнэндээ, Еховагийн шаардлагууд маш ухаалаг билээ. Ехова үйлчлэгчдээ шударгыг үйлдэж, энэрлийг хайрлан, өөртэй нь хамт даруухнаар алхаасай гэж хүсдэг. Харин, Израиль болон Иуда тэгэлгүй, Еховагийн эсрэг боссон бөгөөд үүнийхээ шанг хүртэх юм.
7 Зөгнөлийнхөө төгсгөлийн бүлэгт Мика өөрийнхөө үеийн хүмүүсийн ёс бус байдлыг буруушаан шүүмжилсэн. Харин өөрөө «ЭЗЭНийг хүлээн харуулдахаар» хатуу шийдсэн учир сэтгэлээр унаагүй (Мика 7:7). Ехова ард түмнээ нигүүлсэн хайрлах болно гэсэн итгэлийн үгээр ном төгсдөг. Энэ найдвар биелснийг түүх харуулдаг. МЭӨ 537 онд ард түмэндээ оноосон шийтгэл нь дуусахад Ехова үлдэгдлийг өршөөн нигүүлсэж, эх оронд нь буцаасан.
8. «Мика» номын агуулгыг та товчоор юу гэж дүгнэх вэ?
8 Ехова Микагаар дамжуулан юутай үнэтэй мэдээлэл өгөө вэ! Бурхны онгодоор бичигдсэн энэ ном өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид гэж нэрлэдэг мөртлөө итгэл эвддэг хүмүүст Ехова хэрхэн ханддагийн сануулга жишээ өгдөг. Энэ ном өнөөдөр болж байгаа үйл явдлуудыг урьдчилан хэлдэг. Мөн, өнөөгийн хэцүү цагт найдвараа бат хадгалахын тулд биеэ хэрхэн авч явах талаар Бурхан юу зөвлөснийг өгүүлдэг.
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна
9. Мика 1:2-т бичсэнээр Ехова яах гэж байсан бэ?
9 Одоо «Мика» номыг илүү дэлгэрэнгүй авч үзье. Мика 1:1, 2-т: «Ард түмэн ээ, та нар бүгд сонсоцгоо! Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун! ЭЗЭН Өөрийн ариун сүмээс, Эзэн БУРХАН [«Хэмжээгүй эрхт Эзэн Ехова», ШЕ] нь та нарын эсрэг гэрч байх болтугай!» гэж байдаг. Хэрэв та Микагийн үед амьдарч байсан бол эдгээр үг таны анхаарлыг татах нь лавтай. Үнэндээ, Ехова өөрийнхөө ариун сүмээс Израиль, Иудад төдийгүй дэлхийн бүх хүнд хандаж байгаа учраас анхаарлыг тань татах нь зүйн хэрэг. Микагийн үед хүмүүс Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг дэндүү урт хугацаагаар үл ойшоосон билээ. Удахгүй нөхцөл байдал өөрчлөгдөх байлаа. Ехова шийдвэртэй алхам хийхээр сэтгэл шулуудсан байв.
10. Мика 1:2-т байгаа үгс бидэнд яагаад чухал ач холбогдолтой вэ?
10 Өнөөдөр ч дээрхийн адил байгаа билээ. Ехова өөрийнхөө ариун сүмээс дахин айлдаж байгааг Илчлэлт 14:18–20-д бичсэн байдаг. Тэрбээр тун удахгүй шийдвэртэй үйл ажиллагаа явуулах ба чухал үйл явдлууд хүн төрөлхтнийг дахин донсолгоно. Тэр үеэр ёс бус «дэлхийн усан үзэм» Еховагийн уур хилэнгийн агуу их шахуургад хаягдах бөгөөд Сатаны эд юмсын тогтолцоо бүрмөсөн устгагдана.
11. Мика 1:3, 4-т бичсэн үгс ямар утгатай вэ?
11 Ехова юу хийхээр зэхэж байгаад анхаарлаа хандуулъя. Мика 1:3, 4-т: «Үзэгтүн, ЭЗЭН Өөрийн ариун газраас урагш ирж байна. Тэр доош буун, дэлхийн өндөр газрууд дээр гишгэчих болно. Галын өмнөх лав мэт хайлан урсаж, эгц газраар доош цутгах ус мэт, уулс нь Түүний доор хайлж, хөндий талууд нь хуваагдана» гэж байдаг. Ехова тэнгэрийн оршихуйгаа орхин, бууж ирээд, Амласан газрын уулс, хөндий талуудаар үнэхээр «гишгэчих» үү? Үгүй. Тэгэх шаардлага байхгүй. Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд дэлхий уруу анхаарлаа хандуулах төдийд л хангалттай. Түүнээс гадна, бодит дэлхий бус, дэлхийд оршин суугчид зовох юм. Ехова үйл ажиллагаагаа эхлэхэд уулс нь лав мэт хайлан, хөндий талууд нь газар хөдлөлтөөс болж хуваагдах адил, итгэл эвддэг хүмүүсийг гамшиг нөмөрнө.
12, 13. 2 Петр 3:10–12-т бичсэнээр бидний найдварыг юу бат болгодог вэ?
12 Мика 1:3, 4-т бичсэн зөгнөлийн үгс танд дэлхий дээр болох гамшигт үйл явдлыг онгодоор хэлүүлсэн өөр зөгнөлийг сануулж болох юм. Элч Петр: «ЭЗЭНий өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана» хэмээн бичжээ (2 Петр ). Микагийн зөгнөлийн адилаар Петрийн үг бодит тэнгэр газрыг хэлж байгаа хэрэг биш ээ. Харин Бурханд таалагддаггүй ертөнцөд тохиолдох агуу их гай гамшгийн тухай хэлж байгаа юм. 3:10
13 Гэвч христианууд айсуй гамшгийг үл харгалзан, Мика шиг, ирээдүйгээ итгэлтэйгээр харж болно. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Элч Петрийн, захидалдаа бичсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Тэрээр: «Та нар биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийхдээ ямар хүмүүс байх ёстой вэ гэвэл, Еховагийн өдрийн залран байх үеийг үргэлж санаж, хүлээх хэрэгтэй!» гэжээ (2 Петр 3:11, 12, ШЕ). Хэрэв бид зүрхээ дуулгавартай болгон хөгжүүлэхийн зэрэгцээ биеэ ариунаар авч яван, амьдралаа Бурханд үнэнч байдлын үйлсээр дүүргэвэл ирээдүйд найдах найдвар маань тодорхой болно. Найдвараа бат хадгалахын тулд бид Еховагийн өдөр гарцаагүй болно гэдгийг бас санаж явах ёстой.
14. Израиль болон Иуда шийтгэл хүлээх болсны учир юу вэ?
14 Ехова өөрийнх нь эртний ард түмэн юуны улмаас шийтгэл хүлээх болсныг тайлбарласан. Мика 1:5-д: «Энэ бүгд нь Иаковын тэрслэл, Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм. Иаковын эсэргүүцэл нь юу вэ? Самари биш гэж үү? Иудагийн өндөр газрууд нь юу вэ? Иерусалим биш гэж үү?» гэж байдаг. Израиль болон Иуда нь Еховагийн ачаар оршин тогтнож байсан. Гэвч, тэд Еховагийн эсрэг боссон бөгөөд тэр самуун явдал нь тэдгээрийн нийслэл Самари болон Иерусалимд хүрсэн.
Ёс бус байдал улам нэмэгдсэн нь
15, 16. Микагийн үеийнхэн ямар ёс бус хэргийн улмаас буруудсан бэ?
15 Микагийн үеийнхний ёс бус байдлыг жишээ болгон Мика 2:1, 2-т: «Орондоо мууг бэлдэн, гэм бурууг төлөвлөгчид гаслантай яа! Өглөөний гэрэлд тэд үүнийгээ үйлддэг. Учир нь энэ нь тэдний гарын мэдэлд байдаг билээ. Тэд талбайнуудад шунахайрч, тэгээд тэднийг барьж, гэрүүдийг авч явдаг. Тэд хүнийг болон гэрийг нь, хүнийг болон өвийг нь дээрэмддэг» хэмээн тод дүрсэлжээ.
16 Шунахай хүмүүс бусдын талбай болон гэрийг хэрхэн булааж авахаа төлөвлөн, шөнө унтаж чаддаггүй. Өглөө нь тэд төлөвлөснөө ажил хэрэг болгох гэж яардаг. Хэрэв тэд Еховатай байгуулсан гэрээгээ санасан бол энэ бүх ёс бус үйлийг хийхгүй байх байсан. Мосегийн хуулинд ядуу хүнийг хамгаалахад чиглэсэн зүйл байдаг. Хуулийн дагуу аливаа гэр бүл үе залгамжилсан өв хөрөнгөө үүрд алдах ёсгүй байв. Гэвч шунахай хүмүүс үүнийг уландаа гишгэдэг ажээ. Тэд Левит 19:18-д: «Чи хөршөө өөрийн адил хайрла» хэмээн бичсэн байдгийг үл ойшоодог.
17. Өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид гэж нэрлэдэг хүмүүс материаллаг зүйлийг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавивал юу тохиолдож болох вэ?
17 Өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид гэж нэрлэдэг хүмүүс сүнслэг зорилгыг хойш тавин, материаллаг зүйлийг тэргүүн зэрэгт тавивал юу тохиолдож болохыг дээрх зүйл харуулж байна. Паул өөрийнхөө үеийн христиануудад сануулан: «Баяжих хүсэлтэй хүмүүс сорилт ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг» хэмээн бичжээ (1 Тимот 6:9). Мөнгө хураахыг амьдралынхаа гол зорилгоо болгосон хүн мөн чанартаа хуурамч бурхан болох Маммон буюу «эд баялгийг» шүтдэг болдог. Энэхүү хуурамч бурхан ирээдүйд ямар ч найдваргүй билээ (Матай 6:24).
18. Микагийн үед материаллаг сонирхолтой хүмүүст юу тохиолдох байсан бэ?
18 Материаллаг зүйлд найдах нь хоосон зүйл гэдгийг Микагийн үеийнхнээс олон хүн гашуун туршлагаасаа мэдсэн. Мика 2:4-т бичсэнээр Ехова: «Тэр өдөр тэд та нарын эсрэг доог тохуу хийж, гашуун эмгэнэлийг дуулж: „Бид бүрмөсөн устгагдлаа [«цөлмөгдлөө» ШЕ]. Тэр миний ард түмний хувийг сольдог. Тэр надаас үүнийг хэрхэн зайлуулдаг билээ! Тэр бидний талбайнуудыг урвагчдад хувь болгон тараав“ [гэж хэлнэ]» хэмээжээ. Тийм ээ, бусдын гэр болон талбайг хулгайлсан хүн гэр бүлийнхээ өв залгамжилсан хувийг алдах болно. Тийм хүмүүс харийн нутаг уруу цөлөгдөж, өв хөрөнгө нь «урвагчид» буюу харийн хүмүүсийн гарт орно. Тэдний хувьд сайхан ирээдүйд найдах найдвар талаар болно.
19, 20. Еховад найдсан иудейчүүдэд юу тохиолдсон бэ?
19 Гэхдээ Еховад найддаг хүмүүсийн найдвар талаар болохгүй. Ехова бол Абрахам болон Давидтай байгуулсан гэрээндээ итгэмжтэй бөгөөд өөрийг нь хайрладаг, Бурхнаас хөндийрсөн нутаг нэгтнүүдийнхээ төлөө гашууддаг, Мика шиг хүмүүсийг нигүүлсэн хайрладаг. Бурхан товлосон цагаа болохоор зөвт хүмүүсийн төлөө дахин сэргээх арга хэмжээ авна.
20 Энэ арга хэмжээ МЭӨ 537 онд Вавилоныг унасны дараа иудейчүүдийн үлдэгдэл эх нутагтаа буцсанаар хэрэгжсэн. Тэр үед Мика 2:12-т бичсэн үг эхний удаа биелсэн. Ехова: «Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг чинь цуглуулна. Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ. Хашаан дахь хоньд, бэлчээртээ байгаа сүрэг мэт Би тэднийг хамт байлгана. Тэд хүмүүстэй хамт шуугилдана» хэмээн хэлжээ. Ехова юутай их хайр бялхсан Бурхан бэ! Ехова ард түмнээ шийтгэснийхээ дараа өвөг дээдэст нь өгсөн нутагтаа буцан ирж, өөрт нь үйлчлэхийг үлдэгдэлд зөвшөөрсөн.
Өнөөдөр гайхмаар адилхан нөхцөл байдал бий болоод байна
21. Өнөөгийн нөхцөл байдал юугаараа Микагийн үеийнхтэй адил бэ?
21 «Мика» номын эхний хоёр бүлгийг авч үзэх явцдаа тэр үеийн нөхцөл байдал өнөөгийнхтэй маш адилхан байсныг ажиглаад, та гайхсан уу? Микагийн үеийнх шиг, өнөөдөр олон хүн өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид гэж нэрлэдэг. Гэхдээ тэд Иуда Израиль хоёр шиг хуваагдсан төдийгүй өөр хоорондоо дайтан тулалддаг. Христ шашны ертөнцөд баячуудын ихэнх нь ядуусаа дарладаг. Шашны удирдагчид Библид илэрхий буруушаасан үйл хэргүүдийг улам бүр үл тоомсорлодог болж байна. Христ шашны ертөнцийн, ер нь бүх хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн буюу «Агуу Вавилоны» төгсгөл удахгүй болох нь гайхах зүйл биш ээ (Илчлэлт 18:1–5). Тэглээ ч гэсэн Микагийн үеийнх шиг, Еховад үнэнч үйлчлэгчид дэлхийд байсаар байх болно.
22. Ямар хоёр бүлэг хүн Бурхны Хаачлалд найддаг вэ?
22 Тослогдсон үнэнч христианууд 1919 онд Христ шашны ертөнцөөс холбоогоо бүрмөсөн таслан, Хаанчлалын тухай сайн мэдээг бүх үндэстэнд тунхаглаж эхэлсэн (Матай 24:14). Тэд эхний ээлжинд сүнслэг Израилийн үлдэгсдийг хайсан. Дараа нь «өөр хонинуудыг» цуглуулж эхэлсэн ба энэ хоёр бүлэг «нэг хоньчинтой» «нэг хонин сүрэг» болсон (Иохан 10:16, МБОХ, 1996). Еховагийн эдгээр үнэнч үйлчлэгчид 234 улс оронд тархан, Бурханд үйлчилж байгаа ч тэд үнэн хэрэгтээ «хамт байдаг» юм. Өнөөдөр хонины энэ «хашаанд» хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй «хүмүүстэй хамт шуугилдаж» байна. Тэд эд юмсын өнөөгийн тогтолцоонд бус, удахгүй дэлхий дээр диваажинг сэргээх Бурхны Хаанчлалд найддаг.
23. Найдвар тань баттай гэдэгт итгэж болохын учир юу вэ?
23 «Мика» номын 2-р бүлгийн эцсийн зүйлд Еховагийн үнэнч үйлчлэгчдийн тухай: «Хаан нь тэдний өмнө, ЭЗЭН тэдний тэргүүнд явдаг» хэмээн бичжээ. Еховагийн тэргүүлдэг энэхүү ялгуусан цуваанд та Хаан Есүс Христээ дагаж яваа юу? Хэрэв тийм бол та ялна гэдэгтээ болон найдвар тань баттай гэдэгт итгэж болно. Энэ бүхэн Микагийн зөгнөлийн бусад онцлог зүйлийг авч үзэхэд улам тодорхой болно.
Та хэрхэн хариулах вэ?
• Ехова, Микагийн үед Иуда болон Израилийн эсрэг үйл ажиллагаа явуулахаар шийдсэний учир юу вэ?
• Өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид гэж нэрлэдэг хүмүүс материаллаг сонирхлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавивал юу тохиолдож болох вэ?
• Та «Мика» номын эхний хоёр бүлгийг үзэж дууссаны дараа найдвараа баттай гэдэгт итгэж болохын учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]