Skip to content

Гарчиг руу орох

Еховад итгэгтүн

Еховад итгэгтүн

Еховад итгэгтүн

«Та бол миний найдвар. БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм» (ДУУЛАЛ 71:5).

1. Хоньчин хүү Давид ямар шаардлага хүлээн авсан бэ?

 ГУРВАН метр орчим өндөр хүн зогсож байв. Галын шугам дээр байсан Израилийн цэргүүдийн нэг нь ч түүнтэй тулалдаж зүрхлээгүйг гайхах хэрэггүй биз ээ! Филистийн аварга биет Голиат хэдэн долоо хоногийн турш, өглөө оройгүй Израилийн цэргүүдийг доромжлон, өөртэй нь халз тулалдах ирүүл дайчин явуулахыг шаардаж байв. Эцсийн эцэст, түүний шаардлагыг хүлээн авчээ. Гэхдээ цэргүүд биш, жирийн нэгэн хөвгүүн хүлээн авав. Хоньчин хүү Давид өрсөлдөгчийнхөө дэргэд одой хүн шиг л байлаа. Голиатын хуяг дуулга, зэр зэвсгээс ч хөнгөн байсныг яана! Гэлээ ч, хөвгүүн аварга биеттэй халз тулалдаж, эр зоригийн гайхамшигтай жишээ үзүүлсэн билээ (1 Самуел 17:1–51).

2, 3. а) Давид Голиаттай тулалдахаас айгаагүйн учир юу вэ? б) Еховад итгэдэг болохын тулд хийвэл зохих ямар хоёр алхмыг авч үзэх вэ?

2 Давид яаж тийм эр зоригтой болсон бэ? Өтөл насандаа бичсэн үгийг нь авч үзье. Тэрээр: «Та бол миний найдвар. БУРХАН Эзэн [«Хэмжээгүй эрхт Эзэн Ехова», ШЕ], Та бол залуугаас минь миний итгэл юм» хэмээн бичжээ (Дуулал 71:5). Тийм ээ, залуу байхаасаа л Еховад бүрэн итгэдэг болжээ. Давид Голиатад хандан: «Чи илд, бамбай, жад барьж, над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна» гэж хэлээд, халз тулалдсан (1 Самуел 17:45). Голиат их хүч чадал, зэр зэвсэгтээ итгэж байхад Давид Еховад итгэж байв. Голиат лагс биетэй, өвч зэвсэглэсэн л болохоос жирийн хүн байсан. Харин Давид орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзний талд байсан тул жирийн хүнээс яахин айх билээ?

3 Та Давидын тухай уншихдаа Еховад илүү бат итгэдэг болох юмсан гэж хүсдэг үү? Бидний дунд олон хүн тийн хүсдэг байх. Иймээс Еховад итгэдэг болохын тулд хийвэл зохих хоёр алхмыг нарийн авч үзье. Нэгдүгээрт, тийн бат итгэдэг болоход тулгардаг нийтлэг саадыг даван туулах арга замыг эзэмшиж, байнга ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт, Еховад найдна гэдэгт чухам юу ордгийг мэдэх хэрэгтэй.

Еховад итгэхэд тулгардаг нийтлэг саадыг даван туулах нь

4, 5. Бурханд итгэх нь олон хүний хувьд яагаад хэцүү байдаг вэ?

4 Бурханд итгэхэд хүмүүст юу саад болдог вэ? Хүмүүс «Муу юм болдгийн учир юу вэ?» гэж гайхах нь олонтаа байдаг. Бурхан л зовлон зүдүүр учруулдаг гэж ихэнх хүнд зааж сургасан байдаг. Ямар нэгэн золгүй явдал болоход лам хуврагууд тэр явдлын золиос болсон хүмүүсийг Бурхан өөртэйгээ хамт тэнгэрт байлгахаар «авсан» гэж хэлдэг байж магадгүй. Түүнээс гадна, Бурхан энэ дэлхий дээр болдог бүх үйл явдлыг, тэр дундаа, золгүй явдал, муу хэргийг ч урьдаас зурчихсан байдаг гэж шашны удирдагчид номлодог. Тийм хатуу сэтгэлтэй Бурханд итгэнэ гэдэг амаргүй хэрэг. Үл итгэгчдийн бодол санааг сохлогч Сатан «чөтгөрүүдийн [тиймэрхүү] номлолыг» түгээн дэлгэрүүлэхийн хүслэн болдог (1 Тимот 4:1; 2 Коринт 4:4).

5 Сатан хүмүүсийг Еховад итгэхээ болиосой гэж хүсдэг. Бурхны дайсан болсон тэрээр хүн төрөлхтний зовлон зүдүүрийн жинхэнэ шалтгааныг биднээс нуухыг оролддог. Хэрэв Библиэс энэ бүхний тухай мэддэг болчихвол түүнийг маань мартуулахсан гэж боддог. Тиймээс дэлхий дээр зовлон зүдүүр байдгийн гурван үндсэн шалтгааныг үе үе нягтлан үзэж байх нь зүйтэй. Ингэж гэмээнэ, Ехова зовлон зүдүүр учруулдаггүй гэдгийг зүрхэндээ батжуулна (Филиппой 1:9, 10).

6. Хүн төрөлхтний зовлон зүдүүрийн нэг дэх шалтгааныг 1 Петр 5:8 хэрхэн тайлбарладаг вэ?

6 Хүн төрөлхтний зовлон зүдүүрийн нэг дэх шалтгаан нь Сатан Еховагийн үйлчлэгчдийн үнэнч байдлыг эвдэн бусниулахыг хүсдэг явдал юм. Жишээ нь, Иовын үнэнч байхыг болиулах гэж оролдсон. Тэгэхэд Сатан бүтэлгүйтсэн ч, бууж өгөөгүй. Энэ ертөнцийн захирагчийн хувьд тэрээр Еховагийн үнэнч үйлчлэгчдийг «залгихаар» хайж явдаг (1 Петр 5:8). Бидний хүн нэг бүр түүний бай болдог! Сатан Еховад үйлчлэхийг маань болиулахыг хүсдэг. Тийм учраас заримдаа мөрдлөг хавчлага өдөөдөг. Тийм зовлон туулах амаргүй ч, тэвчээртэй байх хүндтэй шалтгаан бий. Бид тийнхүү тэвчээртэй байснаараа Сатан худалч гэдгийг баталж, Еховаг баярлуулах юм (Иов 2:4; Сургаалт үгс 27:11). Мөрдлөг хавчлагыг тэвчих хүч Еховагаас ирэхэд, түүнд итгэх итгэл маань бэхэждэг (Дуулал 9:9, 10).

7. Зовлон зүдүүрийн ямар шалтгааныг ойлгоход Галат 6:7 тусалдаг вэ?

7 Зовлон зүдүүрийн хоёр дахь шалтгааныг «Хүн юу тарьснаа л хурааж авдаг» гэсэн зарчмаас ойлгож болно (Галат 6:7). Заримдаа хүмүүс ухаалаг бус шийдвэр «тариад» эцэст нь багагүй зовлон «хурааж авдаг». Жишээлбэл, жолоо барихдаа болчимгүй хандсанаас аваар осолд орж мэднэ. Зүрхний өвчин, уушгины хорт хавдраар өвдөх аюултайг мэдсээр байж олон хүн тамхи татдаг. Садар самуун явдалтай орооцолдсон хүн гэр бүлээ эвдэн бусниулах, өөрийгөө хүндэтгэхээ болих, бэлгийн замын халдварт өвчин тусах, хүсээгүй байж жирэмслэх гэх зэргийн аюулд өртдөг. Хүмүүс тийм зовлон туулдгийнхаа төлөө Бурхныг буруутгахыг хүсдэг байж болох ч, үнэн хэрэгтээ, өөрсдийнхөө л гаргасан мунхаг шийдвэрийн золиос болдог (Сургаалт үгс 19:3).

8. Номлогчийн үгс 9:11-д бичсэнээр хүмүүс яагаад зовдог вэ?

8 Зовлон зүдүүрийн гурав дахь шалтгааныг Номлогчийн үгс 9:11-д: «Би наран доор дахин харсан зүйл бол хурдан нь уралддаг юм биш, эрэлхэг хүнд ялалт ирдэг юм биш, мэргэд талхтай байдаг юм биш, ухаантнууд нь эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэйд нь чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л [«цаг үе болон санамсаргүй тохиолдол», ШЕ] тэр бүгдэд хамаатай аж» гэж бичсэн байдаг. Заримдаа хүмүүс байх ёсгүй газар цагаа олоогүй үед байж таардаг. Бидний авьяас чадвар, сул талаас үл хамааран зовлон зүдүүр, үхэл хагацал хэнд маань ч, хэзээ ч хийсээд ирж болно. Жишээлбэл, Есүсийн үед Иерусалимд нэгэн цамхаг нурж, 18 хүний аминд хүрчээ. Энэ нь Бурхан тэднийг урьд үйлдсэн нүглийнх нь төлөө шийтгэсэн хэрэг биш байсныг Есүс тайлбарласан (Лук 13:4). Тийм ээ, Ехова тийм зовлон зүдүүр учруулдаггүй ээ.

9. Олон хүн зовлон зүдүүрийн тухай юу ойлгодоггүй вэ?

9 Зовлон зүдүүрийн шалтгааныг ойлгох нь чухал. Гэхдээ үүнтэй холбоотой нэг асуултыг олон хүн ойлгодоггүй. Энэ нь «Ехова Бурхан ямар учраас зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?» гэсэн асуулт юм.

Ехова ямар учраас зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?

10, 11. а) Ром 8:19–22-ын дагуу «бүх бүтээлд» юу тохиолдсон бэ? б) Бүтээл хэний улмаас хоосонд захирагдсаныг хэрхэн тодорхойлж болох вэ?

10 Элч Паул Ромын христиануудад бичсэн захидлынхаа нэгээхэн хэсэгт энэ чухал асуултыг хөнджээ. Паул: «Бүтээлийн тэсэж ядсан тэмүүлэл нь Бурхны хөвгүүдийн илчлэгдэхийг хүслэн болж хүлээдэг. Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм. Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм. Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдгийг бид мэднэ» хэмээн бичжээ (Ром 8:19–22).

11 Эдгээр зүйлийн утгыг ойлгохын тулд эхлээд зарим гол асуултын учрыг олъё. Жишээлбэл, бүтээл хэний улмаас хоосонд захирагдсан бэ? Шашны зарим удирдагч Сатаны улмаас гэж байхад нөгөө хэсэг нь Адамын улмаас гэж үздэг. Гэхдээ тэдний хэн нь ч ийнхүү захируулж чадахгүй юм. Яагаад гэвэл, бүтээлийг хоосонд захируулсан нэгэн нь «найдварын улмаас» захируулсан аж. Өөрөөр хэлбэл, үнэнч хүмүүс эцэстээ «ялзралын боолчлолоос чөлөөлөгдөнө» гэсэн найдвар юм. Адам ч, Сатан ч ийм найдвар өгч чадахгүй. Гагцхүү Ехова л чадна. Тэгэхлээр, бүтээлийг хоосонд захируулсан нэгэн гэдэг Ехова болох нь тодорхой.

12. «Бүх бүтээл» гэдэг нь юунд хамаатай болох талаар ямар будлиан гарсан бэ? Энэ асуултад хэрхэн хариулж болох вэ?

12 Гэхдээ энд бичсэн «бүх бүтээл» гэдэг үг юунд хамаатай вэ? «Бүх бүтээл» гэдэг нь ан амьтан, ургамал ногоог оруулаад байгаль дэлхийг бүхэлд нь хэлнэ гэж зарим хүн үздэг. Тэгвэл ан амьтан, ургамал ногоо «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд» хүрнэ гэж найддаг уу? Үгүй ээ (2 Петр 2:12). Тэгэхлээр, «бүх бүтээл» гэдэг нь хүн төрөлхтөнд л хамаатай байж таарна. Хүн төрөлхтөн бол Еденд дэгдсэн самууны уршгаар нүгэл болон үхлийн боолчлолд орсон, найдвар зайлшгүй хэрэгтэй болоод байгаа бүтээл мөн (Ром 5:12).

13. Еденд дэгдсэн самуун хүн төрөлхтнийг юунд хүргэсэн бэ?

13 Тэр самуунаас болж хүн төрөлхтөн юунд хүрсэн бэ? Паул үүнийг «хоосон» гэсэн ганцхан үгээр тодорхойлжээ *. Нэгэн лавлах бичгийн дагуу энэ үг нь «зориулалтынхаа дагуу ажиллахаа больсон эд зүйлийн үр ашиггүй байдлыг» дүрсэлдэг байна. Хүн төрөлхтөн мөнх амьдарч, эв нэгдэлтэй, төгс гэр бүл мэт хамтдаа хөдөлмөрлөж, диваажин дэлхийгээ арчлан тордох зориулалттай билээ. Гэтэл үүний оронд ахар богино, зовлонтой, их төлөв утга учиргүй амьдардаг болсон. Иовын хэлсэнчлэн, «эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу» (Иов 14:1). Үнэхээр л хоосон юм даа!

14, 15. а) Ехова хүн төрөлхтнийг ялласан нь шударга байсныг юу баталдаг вэ? б) Бүтээл хоосонд захирагдсан нь «өөрийнх нь хүслээр бус» байсан гэж Паул ямар учраас хэлсэн бэ?

14 Одоо бидний өмнө, «„Газар дэлхийн Шүүгч“ ямар учраас хүн төрөлхтнийг зовлонтой, утга учиргүй амьдралд захируулав?» гэсэн гол асуулт гарч ирээд байна (Эхлэл 18:25). Энэ нь шударга гэж үү? Юуны өмнө, бидний өвөг дээдэс юу хийснийг санацгаая. Тэд Бурхныг эсэргүүцэн босохдоо, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн тухайд маргаантай асуудал дэгдээсэн Сатаны талд орсон. Самуун сүнсэн бүтээлийн удирдлагаар, хүн өөрийгөө захирч, Еховагүйгээр сайн сайхан явна гэж мэтгэснийг нь тэд үйл хэргээрээ дэмжсэн. Ехова самуун дэгдээгчдийг яллахдаа, уг чанартаа, тэдэнд хүсээд байсан юмыг нь өгчээ. Өөрөөр хэлбэл, Сатаны нөлөөн дор өөрийгөө захирахыг нь хүнд зөвшөөрсөн. Тухайн үед хүн төрөлхтнийг «хоосонд захируулах», гэхдээ «найдварын улмаас» тийн захируулахаас өөр ямар шударга шийдвэр гаргаж болох байсан бэ?

15 Энэ нь бүтээлийн «өөрийнх нь хүсэл» биш байсан нь ойлгомжтой. Бид яах ч аргагүй, нүгэл ба ялзралын боол болон төрдөг. Гэсэн ч Ехова нигүүлслээрээ Адам Ева хоёрт үлдсэн амьдралаа туулж, үр хүүхэдтэй болох боломж олгожээ. Тэдний үр удам болсон бид нүгэл болон үхлийн хоосонд захируулсан ч гэлээ, өвөг дээдсийнхээ хийж чадаагүйг хийх боломжтой. Еховад дуулгавартай байж, Бурхны хэмжээгүй эрх мэдэл зөвт бөгөөд төгс байдаг бол, Еховагаас хараат бус хүний удирдлага зовлонтой, утга учиргүй, хоосон амьдралыг л авчирдаг гэдгийг таньж мэдэх боломж бий (Иеремиа 10:23; Илчлэлт 4:11). Нүгэл болон ялзралын боол болсон бидний байдлыг Сатаны нөлөө улам ч даамжруулдаг. Түүх үүнийг харуулдаг (Номлогчийн үгс 8:9).

16. а) Өнөөгийн ертөнцөд байгаа зовлон зүдүүрийг Ехова учруулдаггүй гэдэгт итгэлтэй байхын учир юу вэ? б) Ехова өөрт нь дуулгавартай хүмүүст ямар найдвар өгсөн бэ?

16 Хүн төрөлхтнийг хоосонд захируулах бат үндэслэлтэй шалтгаан Еховад байсан нь тодорхой. Тэгвэл энэ нь эдүгээ бид бүгдийг шаналгадаг зовлон зүдүүр, «хоосны» эх үндсийг Ехова тавьсан гэсэн үг үү? Энэ байдлыг гэмт этгээдэд шударга ял оноосон шүүгчийнхтэй харьцуулж үзье. Хэрэгтэн ял эдлэхдээ их зовж болох юм. Тэглээ гээд зовлонгийн эх үндсийг тавьсан гэж шүүгчийг буруутгах эрхтэй юү? Ямар ч эрхгүй! Түүнээс гадна, Ехова ёс бус байдлын эх булаг огтхон ч биш ээ. Иаков 1:13-т: «Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд хэнийг ч Өөрөө сорьдоггүй» гэж байдаг. Ехова «найдварын улмаас» ял оноосон гэдгийг ч бас санацгаая. Тэрээр Адам Ева хоёрын үр удмын үнэнч хүмүүст «хоосны» төгсгөлийг үзүүлж, тэднийг «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд» хүргэх арга хэмжээг хайрын сэтгэлээс авчээ. Бүх бүтээл ахиад зовлон зүдүүртэй, «хоосон» амьдардаг болох вий гэж Бурханд дуулгавартай хүн төрөлхтөн дахин хэзээ ч сэтгэл зовохгүй. Ехова энэ асуудлыг шударгаар шийдэн, хэмжээгүй эрх мэдэлтэй байх зүй ёсны эрхээ бүрмөсөн тогтооно (Исаиа 25:8).

17. Өнөөгийн зовлон зүдүүрийн шалтгааныг нягтлан үзэх нь бидэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

17 Хүн төрөлхтний зовлон зүдүүрийн эдгээр шалтгааныг нягтлан үзэхэд ёс бус явдлын төлөө Еховаг буруутгах, эсвэл түүнд итгэхээ болих ямар нэг шалтаг олдож байна уу? Үгүй ээ. Харин ч, «Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга» хэмээсэн Мосегийн үгийг давтан хэлэх хүсэл төрдөг (Дэд хууль 32:4). Бүгдээрээ эдгээр санааг үе үе эргэцүүлэн бодож, ойлголтоо батжуулж байя. Тэгж гэмээнэ, сорилттой тулгарсан ч оюун санаанд маань эргэлзээ төрүүлэх гэсэн Сатаны оролдлогыг эсэргүүцэж чадна. Тэгвэл, өгүүллийн эхэнд дурдсан хоёрдугаар алхам юу вэ? Еховад найдах гэдэгт чухам юу ордог вэ?

Еховад найдах гэж юу гэсэн үг вэ?

18, 19. Еховад найдахыг Библи бидэнд хэрхэн уриалдаг вэ? Гэвч энэ тухайд зарим хүн ямар буруу үзэлтэй байдаг вэ?

18 Бурхны Үг бидэнд: «Бүх зүрхээрээ Еховад найд. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Бүх замаараа түүнийг анхаар. Тэгвэл тэр өөрөө чиний замыг шулуун болгоно» гэж уриалдаг (Сургаалт үгс 3:5, 6, ШЕ). Үнэхээр сайхан, тайвшруулам үг байгаа биз? Хайрт тэнгэрийн Эцгээс маань илүү найдвартай нэгэн гэж бүх орчлонт ертөнцөд огт байхгүй. Гэхдээ «Сургаалт үгс» номоос иш татсан дээрх үгийг унших амархан ч, ажил хэрэг болгох амаргүй.

19 Еховад найдах гэж юу болохыг олон хүн ташаа ойлгодог. Зарим хүн тийн найдахыг хүний сэтгэлд өөрөө бий болдог, жаргалтай мэдрэмж төдийхнөөр үздэг. Бас зарим хүн Бурханд найдна гэдэг бол Бурхан биднийг хэцүү бүхнээс хамгаалж, бэрхшээл болгоныг шийдэж, өдөр тутмын саад тотгорыг тэр дор нь, яг бидний хүсэж байснаар арилгана хэмээн хүсэн хүлээх гэсэн санаа гэж үздэг бололтой. Гэвч ингэж үзэх нь үндэслэлгүй юм. Бурханд найдах гэдэг жирийн нэг мэдрэмжээс хавьгүй илүү бөгөөд боломжгүй зүйлийг хүсэн хүлээхтэй ч холбоогүй юм. Насанд хүрсэн хүний хувьд Бурханд найдах гэдэг нь ухамсартайгаар, бодож байж шийдвэр гаргах явдал юм.

20, 21. Еховад найдах гэдэгт юу ордог вэ? Жишээгээр харуулна уу.

20 Сургаалт үгс 3:5-д юу гэж бичсэнийг дахин харъя. Энд Еховад найдахыг өөрийн ойлголтод түшиглэхтэй сөргүүлэн тавьжээ. Энэ нь Еховад найдахыг ойлголтдоо түшиглэхтэй хослуулах боломжгүйг харуулжээ. Тэгвэл бид ойлгох чадвараа ашиглаж болохгүй гэсэн үг үү? Тийм биш ээ, учир нь бидэнд ойлгох чадвар өгсөн Ехова биднийг өөрт нь үйлчлэхийн тулд тэр чадвараа ашиглаасай гэж хүсдэг (Ром 12:1, «сүнслэг мөргөл» [«ухаалаг үйлчлэл», ШЕ]). Тэгвэл бид шийдвэр гаргахдаа юунд түшиглэдэг буюу найддаг вэ? Хэрэв үзэл бодол маань Еховагийнхтай нийцэхгүй бол Бурхны мэргэн ухааныг өөрсдийнхөө ухаанаас асар давуу гэж хүлээн зөвшөөрдөг үү? (Исаиа 55:8, 9). Еховад найдна гэдэг нь түүний үзэл бодлоор өөрийнхийгөө удирдуулна гэсэн үг.

21 Үүнийг жишээгээр авч үзье. Нэг хүүхэд машины арын суудалд суугаад явж байна гэж бодъё. Эцэг эх нь урд суудалд суучихсан, аав нь жолоо барьж байна. Ингээд явж байтал аль замаар явахаа шийдэх болбол, эсвэл цаг агаар юм уу зам муугаас болж ямар нэг бэрхшээл гарвал эцэг эхдээ найддаг, дуулгавартай хүүхэд яах вэ? Арын суудлаас зам заан хашгирч, яаж машин жолоодохыг аавдаа заах уу? Аав ээжийнхээ шийдвэрт эргэлзэн, аюулгүйн бүсээ зүү гэхэд нь эсэргүүцэх үү? Үгүй ээ. Ер нь хүүхэд тиймэрхүү асуудлыг шийдэхэд нь төгс бус гэлгүй эцэг эхдээ найддаг. Харин Ехова бол бидний төгс Эцэг билээ. Тиймээс түүнд, ялангуяа, хэцүү үед бүрэн найдах ёсгүй гэж үү? (Исаиа 30:21).

22, 23. а) Саад тотгор учрахад яагаад Еховад найдах ёстой вэ? Тийн найддагаа хэрхэн харуулах вэ? б) Дараагийн өгүүллээр ямар асуулт авч үзэх вэ?

22 Гэхдээ Сургаалт үгс 3:6-д зөвхөн хэцүү үед бус, «бүх замаараа Еховаг анхаарах» ёстойг тэмдэглэжээ. Тиймээс, бидний өдөр тутам гаргадаг шийдвэр Еховад найддагийг маань харуулах учиртай. Бэрхшээлтэй тулгарахдаа сэтгэлээр унаж, сандарч тэвдэх юм уу хамгийн зөв шийдвэр гаргах удирдлага заавар өгөхөд нь Еховаг эсэргүүцэж болохгүй. Сорилтыг Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжин, Сатаны худалчийг нотолж, дуулгавартай байх гэх мэтийн Бурханд таалагддаг чанар хөгжүүлэх боломж гэж үзэх хэрэгтэй (Еврей 5:7, 8).

23 Ямар ч саад тотгор учирсан Еховад найддагаа харуулж болдог. Үүнийгээ Бурханд залбирахдаа, Еховагийн Үг болон байгууллагаас удирдлага заавар авахдаа илэрхийлдэг. Гэхдээ, ялангуяа, өнөөгийн бэрхшээлтэй тулгарахдаа Еховад найддагаа хэрхэн харуулах вэ? Дараагийн өгүүллээр энэ асуултыг авч үзнэ.

[Зүүлт]

^ Паулын ашигласан «хоосон» гэдэг грек үг нь «Номлогчийн үгс» номд Соломоны «бүгд хоосон» гэх мэтээр олонтаа ашигласан үгийг грек хэлний «Септуагинт» орчуулгад буулгасан үгтэй ижил үг юм (Номлогчийн үгс 1:2, 14; 2:11; 3:19; 12:8).

Та хэрхэн хариулах вэ?

• Еховад итгэдгээ Давид хэрхэн харуулсан бэ?

• Хүн төрөлхтний зовлон зүдүүрийн гурван шалтгаан юу вэ? Тэдгээрийг үе үе нягтлан үзэж байх нь яагаад тустай вэ?

• Ехова хүн төрөлхтөнд ямар ял оноосон бэ? Энэ нь ямар учраас шударга байсан бэ?

• Еховад найдах гэдэгт юу ордог вэ?

[Догол мөрийн асуулт]