Skip to content

Гарчиг руу орох

Зовох цагтаа Еховад бүрэн найдагтун

Зовох цагтаа Еховад бүрэн найдагтун

Зовох цагтаа Еховад бүрэн найдагтун

«Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, зовлон дундах бодит тусламж юм» (ДУУЛАЛ 46:1).

1, 2. а) Бурханд найддаг гэж тунхаглах нь хангалтгүй гэдгийг ямар жишээ харуулдаг вэ? б) Бид Еховад найддагаа зөвхөн хэлэх биш, үйл хэргээрээ харуулах ёстойн учир юу вэ?

 БУРХАНД найддаг гэж хэлэх нэг хэрэг. Гэвч үйл хэргээрээ харуулах өөр хэрэг. Жишээлбэл, АНУ-ын мөнгөн дэвсгэрт болон зоосон дээр «Бид Бурханд найддаг» гэсэн уриаг олон жилийн өмнөөс хэвлэдэг болжээ *. 1956 онд тус улсын Конгресс уг уриаг Америкийн Нэгдсэн Улсын үндэсний уриа болгохоор заасан хууль баталсан. Гэтэл, ганц Америкт төдийгүй дэлхий даяар олон хүн Бурхнаас илүү, мөнгө төгрөг, эд баялагт найддаг нь хачирхалтай (Лук 12:16–21).

2 Жинхэнэ христианууд бид Еховад найддагаа зөвхөн хэлэх биш, үйл хэргээрээ харуулах учиртай. «Үйлсгүй итгэл... үхмэл» байдаг шиг үйл хэргээрээ харуулахгүй л бол Бурханд найддаг гэж хэлэх утгагүй (Иаков 2:26). Бид өмнөх өгүүллээр, Бурханд залбирахдаа, Үг болон байгууллагаас нь удирдлага заавар авахдаа Еховад найддагаа харуулдаг гэж үзсэн билээ. Зовох цагт энэ гурван алхмыг хэрхэн хийхийг энэ өгүүллээр үзэцгээе.

Ажилгүй болох юм уу бага цалин авах цагтаа

3. Өнөөгийн «хэцүү цагт» Еховагийн үйлчлэгчид эдийн засгийн ямар ямар бэрхшээл амсдаг вэ? Бурхан бидэнд туслахад бэлэн байдгийг хаанаас мэддэг вэ?

3 Өнөөгийн «хэцүү цагт» христианууд бид бусдын л адил эдийн засгийн бэрхшээл амсдаг (2 Тимот 3:1). Тиймээс гэнэт ажилгүй болчих ч юм уу бага цалинтай ажлыг, хүссэн хүсээгүй, олон цагаар хийх хэрэгтэй ч болж мэднэ. Тэгсэн нөхцөлд, «өөрийнхнийгөө тэтгэх» хэцүү болдог (1 Тимот 5:8). Хамгийн дээд Бурхан биднийг тэгж зовох цагт туслахад бэлэн байдаг болов уу? Тийм гэдэг нь гарцаагүй! Эд юмсын энэхүү тогтолцооны хатуу бэрх бүхнээс Ехова биднийг хамгаалдаггүй нь ойлгомжтой. Гэхдээ хэрэв бид түүнд найддаг бол Дуулал 46:1-д: «Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, зовлон дундах бодит тусламж юм» гэж бичсэн үнэн болохыг үзнэ. Тэгвэл эдийн засгийн «зовлонгийн» үед Еховад бүрэн найддагаа хэрхэн харуулах вэ?

4. Санхүүгийн бэрхшээлтэй үед юун тухай залбирах вэ? Ехова тийм залбиралд хэрхэн ханддаг вэ?

4 Еховад найддагаа харуулах нэг арга бол залбирах явдал юм. Юун тухай залбирах вэ? Санхүүгийн бэрхшээлтэй тулгарах үед мэргэн ухаан хэзээ хэзээнээс илүү хэрэг болж мэднэ. Иймээс мэргэн ухаан гуйж заавал залбираарай! Еховагийн Үг: «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурхнаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно» гэж бидэнд амладаг (Иаков 1:5). Аливааг ухаалаг шийдэж, зөв сонгохын тулд мэргэн ухаан буюу мэдлэг, ойлголт, хэрсүү чанарыг хамтатган, ажил хэрэг болгох чадварыг Еховагаас гуйгаарай. Халамжит тэнгэрийн Эцэг маань тийм залбирлыг сонсохоо батлан хэлдэг. Бүх зүрхээрээ өөрт нь найддаг хүний замыг шулуун болгоход үргэлж бэлэн байдаг (Дуулал 65:2; Сургаалт үгс 3:5, 6).

5, 6. а) Санхүүгийн бэрхшээлийг даван туулахын тулд Бурхны Үгээс тусламж хайхын учир юу вэ? б) Ажилгүй болсон үед зовлонгоо нимгэлэхийн тулд юу хийж болох вэ?

5 Бурхны Үгийг удирдлага болгох нь Еховад найддагаа харуулах бас нэг арга мөн. Библийн ухаалаг «сануулгууд нь үнэхээр найдвартай» (Дуулал 93:5, ШЕ). Бурхны онгод оруулан бичүүлсэн энэ номыг хэдийгээр 1 900 гаруй жилийн өмнө бичиж дуусгасан ч, санхүүгийн бэрхшээлийг амжилттай даван туулахад тустай зөвлөгөө, хэрсүү ухааныг одоо ч өгдөг. Эдгээрийн заримыг жишээ болгон үзье.

6 Мэргэн хаан Соломон: «Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ» хэмээн эрт цагт бичжээ (Номлогчийн үгс 5:12). Эд хогшлоо засаж янзлан, угааж цэвэрлэж, өөд нь татахад цаг зав, хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Тиймээс ажилгүй болчихлоо гэхэд амьдралынхаа хэв маягийг эргэн харж, бодит хэрэгцээгээ хүсэл сонирхлоосоо ялгаж салгахыг хичээгээрэй. Зовлонгоо нимгэлэхийн тулд зарим өөрчлөлт хийх нь зүйтэй болов уу. Жишээлбэл, байраа багасгах, онцын шаардлагагүй эд хогшлоосоо ангижрах гэх мэтээр амьдралаа энгийн болгох талаар бодож үзээрэй (Матай 6:22, «цэвэр» [«энгийн», ШЕ]).

7, 8. а) Төгс бус хүн материаллаг зүйлд хэт их санаа зовох хандлагатай байдгийг мэддэгээ Есүс хэрхэн харуулсан бэ? (Зүүлтийг үзнэ үү.) б) Есүс хэт их санаа зовохоос зайлсхийхэд тустай ямар ухаалаг зөвлөгөө өгсөн бэ?

7 Ууланд айлдсан номлолдоо Есүс: «Юу идэх билээ, юу уух билээ гэж амийнхаа төлөө, юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө санаа зовохоо болигтун» гэж зөвлөсөн (Матай 6:25, ШЕ) *. Төгс бус хүн наад захын хэрэгцээт зүйлдээ санаа зовох хандлагатай байдгийг Есүс мэддэг байсан. Тэгвэл, яаж тийм зүйлд «санаа зовохоо болих» вэ? «Эхлээд... хаанчлалыг... хайгтун» гэж Есүс хэлсэн. Бид ямар ч бэрхшээлтэй тулгарсан, Еховаг шүтэх шүтлэгийг амьдралдаа үргэлж тэргүүн зэрэгт тавих ёстой. Хэрэв тэгвэл бидний өдөр тутмын хэрэгцээт зүйлийг тэнгэрийн Эцэг маань «нэмж өгөх болно». Өөрөөр хэлбэл, биднийг хэрэгцээгээ хангахад ямар нэг байдлаар санаа тавина (Матай 6:33).

8 Есүс цааш нь: «Маргаашийн төлөө [«хэзээ ч», ШЕ] бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно» гэж зөвлөжээ (Матай 6:34). Маргааш яах бол гэж хэт их санаа зовох нь ухаалаг бус хэрэг. Библи судлаач нэг эрдэмтэн: «Ирээдүй бидний боддог шиг тийм баргар байх нь ховор байдаг» хэмээн тэмдэглэжээ. Эн тэргүүнд тавих зүйлдээ анхаарал хандуулж, нэг өдрөөр амьдар гэсэн Библийн зөвлөгөөг даруухнаар анхаарвал хэт их санаа зовохоос зайлсхийж чадна (1 Петр 5:6, 7).

9. Санхүүгийн бэрхшээлтэй тулгарахад «итгэмжит ухаалаг боолын» хэвлэлээс ямар тусламж авч болох вэ?

9 Эдийн засгийн бэрхшээлтэй тулгарахдаа «итгэмжит ухаалаг боолын» хэвлэлээс тусламж хайн, Еховад найддагаа харуулж болно (Матай 24:45). Заримдаа «Сэрцгээ!» сэтгүүлд санхүүгийн бэрхшээлийг даван туулахад тустай зөвлөгөө заавар өгсөн өгүүлэл нийтэлдэг. Тухайлбал, 1991 оны наймдугаар сарын 8-ны дугаарт (англи) гарсан «Ажилгүй болчихлоо. Яах вэ?» нэртэй өгүүлэлд өгсөн найман зөвлөгөө ажилгүй болсон олон хүнийг санхүүгийн болон сэтгэл санааны хувьд тогтвортой байхад тусалжээ *. Эдгээр зөвлөгөөг мөнгөний тухай зөв ойлголттой хослуулах хэрэгтэй нь ойлгомжтой. Энэ тухай мөн дугаарын «Мөнгөнөөс илүү чухал зүйл» сэдэвтэй өгүүлэлд тайлбарласан (Номлогчийн үгс 7:12).

Өвчин эмгэгээс болж зовох цагтаа

10. Өвчин эмгэгээс болж зовох цагт Еховад найдах нь бодит амьдралд нийцдэгийг Давид хааны жишээ хэрхэн харуулдаг вэ?

10 Хүнд өвчин эмгэгээс болж зовох цагт Еховад найдах нь бодит амьдралд нийцнэ гэж үү? Нийцнэ! Ехова өвдөж зовдог үйлчлэгчдээ өрөвддөг. Түүгээр ч зогсохгүй, туслахад бэлэн байдаг. Жишээ болгон, Давид хааны тухай авч үзье. Өвдөж зовсон үнэнч үйлчлэгчтэйгээ Бурхан хэрхэн харьцдагийг бичихдээ Давид өөрөө хүндээр өвдөж байсан байж магадгүй. Тэрээр: «ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ. Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно» гэж хэлжээ (Дуулал 41:1, 3, 7, 8). Давид Бурханд үргэлж бат найдаж, эцэст нь эдгэсэн. Тэгвэл өвчин эмгэгээс болж зовохдоо Бурханд найддагаа хэрхэн харуулах вэ?

11. Өвчин эмгэгээс болж зовох цагт тэнгэрийн Эцгээсээ юу юу гуйж болох вэ?

11 Өвчин эмгэгээс болж зовох цагт Еховад найддагаа харуулах нэг арга бол тэвчээртэй байхад туслахыг гуйн залбирах явдал юм. Эрүүл мэндээ сайжруулах арга хэмжээг боломжийнхоо хэрээр авахын тулд «саруул мэргэн ухаантай» болоход туслахыг гуйж болно (Сургаалт үгс 3:21). Мөн, өвчнөө тэвчих тэвчээртэй байхад туслахыг хүсээрэй. Хамгийн гол нь, юу ч болсон, үргэлж Бурханд үнэнч байх, асуудалд дүн нуруутай хандах хүч чадал өгч, тэтгэхийг гуйх хэрэгтэй (Филиппой 4:13). Еховад үнэнч байдлаа хадгалах нь одоо амьд явахаас илүү чухал юм. Хэрэв бид үнэнч байдлаа хадгалбал Агуу Шагнагч маань биднийг ирээдүйд төгс эрүүл мэнд, мөнх амиар шагнана (Еврей 11:6).

12. Эмчилгээний аргыг ухаалгаар сонгоход Судрын ямар ямар зарчим туслах вэ?

12 Түүнчлэн, Еховад найдах нь түүний Үг буюу Библиэс практик ач холбогдолтой удирдлага заавар хайх хүсэл төрүүлдэг. Судрын зарчим нь ямар эмчилгээ хийлгэхээ ухаалгаар сонгоход тусалдаг. Тухайлбал, Библи «ид шид» буюу спиритизм эрхлэхийг буруушаадгийг бид мэдэх учраас спиритизмтэй холбоотой ямар нэг аргаар оношлуулах, эмчлүүлэхээс зайлсхийнэ (Галат 5:19–21; Дэд хууль 18:10–12). Библийн зөвлөгөө найдвартай байдгийн бас нэг жишээг энд дурдъя. «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн алхмууддаа хянамгай ханддаг» гэж байдаг (Сургаалт үгс 14:15). Иймээс ямар эмчилгээ хийлгэхээ сонгохдоо «юм бүгдэд итгэх» биш, үнэн зөв мэдээлэл хайх нь ухаалаг хэрэг болно. Ийн «ухаалаг» байх нь эмчилгээний боломжтой бүх хувилбарыг нухацтай авч үзээд, үндэслэлтэй шийдвэр гаргахад тусална (Тит 2:12).

13, 14. а) «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд эрүүл мэндийн асуудлаар мэдээллийн чанартай ямар ямар өгүүлэл хэвлэдэг вэ? (10-р хуудасны хавсралтыг үзнэ үү.) б) «Сэрцгээ!» сэтгүүлийн 2001 оны нэгдүгээр сарын 22-ны дугаарт (англи) архаг өвчнийг тэвчихэд тустай ямар ямар зөвлөгөө өгсөн бэ?

13 Итгэмжит боолын ном хэвлэлийг судлах нь Еховад найддагаа харуулах бас нэг арга мөн. «Харуулын цамхаг» болон «Сэрцгээ!» сэтгүүлд эрүүл мэндийн асуудал, янз бүрийн өвчин эмгэгийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн, мэдээллийн чанартай өгүүлэл үе үе нийтэлдэг *. Заримдаа эдгээр сэтгүүлд өвчин эмгэгээ амжилттай даван туулсан хүмүүсийн тухай өгүүлэл гардаг. Түүнээс гадна, архаг өвчнийг хэрхэн тэвчиж амьдрах тухай Библид үндэслэсэн болон бусад практик зөвлөгөө өгсөн өгүүлэл ч бий.

14 Жишээлбэл, «Сэрцгээ!» сэтгүүлийн 2001 оны нэгдүгээр сарын 22-ны дугаарт (англи) «Өвчтэй хүмүүсийг тайтгаруулагтун» гэсэн сэдэвтэй цуврал өгүүлэл нийтэлсэн. Тэдгээр өгүүлэлд Библийн зарчим болон олон жил тухайн өвчнөөр өвдсөн, тэр өвчний тухай сайн мэддэг хүмүүстэй хийсэн ярилцлагад үндэслэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл бичсэн. «Архаг өвчнийг хэрхэн тэвчих вэ?» гэсэн өгүүлэлд дараах зөвлөгөө өгсөн. Үүнд: «Өвчнийхөө тухай аль болох сайн мэдэж авах (Сургаалт үгс 24:5). Хүрэх боломжтой зорилго тавих, тэр дундаа, бусдад туслах зорилго ч тавих хэрэгтэй. Гэхдээ бусдын хүрч чаддаг зорилгод та хүрч чадахгүй байж болохыг ойлгоорой (Үйлс 20:35; Галат 6:4). Зожиг болохоос зайлсхийх хэрэгтэй (Сургаалт үгс 18:1, «адайр» [«зожиг», ШЕ]). Таныг эргэн ирсэн хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлээрэй (Сургаалт үгс 17:22). Хамгийн гол нь, Ехова болон хурлынхантайгаа дотно харьцаатай байгаарай» гэж зөвлөжээ (Нахум 1:7; Ром 1:11, 12). Ехова байгууллагаараа дамжуулан найдвартай заавар зөвлөгөө өгдөгт бид талархдаггүй гэж үү?

Махан биеийнхээ сул талтай тэмцэх цагтаа

15. Төгс бус махан биеийнхээ сул талтай тэмцэхдээ Паул хэрхэн ялан дийлж чадсан бэ? Энэ нь бидэнд ямар итгэл төрүүлдэг вэ?

15 «Миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүй» гэж элч Паул бичжээ (Ром 7:18). Төгс бус хүнд махан биеийнхээ сул тал, хүсэл тачаалтай тэмцэх хэчнээн хэцүү байдгийг тэрээр биеэрээ үзсэн. Гэсэн ч, ялан дийлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан (1 Коринт 9:26, 27). Яаж? Еховад бүрэн найдсанаар. Тийм ч учраас Паул: «Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай» гэж хэлж чадсан билээ (Ром 7:24, 25). Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Бид ч гэсэн махан биеийнхээ сул талтай тэмцдэг. Ингэж тэмцэхэд, хэзээ ч амжилтад хүрэхгүй юм байна гэж урам хугаран, найдвар тасрах амархан байдаг. Гэхдээ, хэрэв бид Паул шиг дан ганц өөрийн хүчинд бус, Еховад үнэхээр найддаг бол тэрээр бидэнд тусална.

16. Махан биеийнхээ сул талтай тэмцэхдээ юуны тухай залбирч болох вэ? Сул талтайгаа дахин дахин эвлэрээд байвал яах хэрэгтэй вэ?

16 Сул талтайгаа тэмцэхэд хэцүү байвал Еховад залбиран, түүнд найддагаа харуулж болно. Ариун сүнсний тусламж үзүүлэхийг Еховагаас гуйх, бүр шаргуу гуйх хэрэгтэй (Лук 11:9–13). Ялангуяа, Бурхны сүнсний үр жимсний нэг хэсэг болсон өөрийгөө захирах чадварыг хөгжүүлэхэд туслахыг гуйх шаардлагатай (Галат 5:22, 23). Сул талтайгаа дахин дахин эвлэрээд байвал яах вэ? Яасан ч бууж өгч болохгүй. Энэрэнгүй Бурхнаасаа өршөөл, тусламж эрж, даруухнаар, шантрахгүй залбирцгаая. Өөрийгөө буруутган шаналсан, «эмтэрсэн, гэмшдэг зүрхнээс» Ехова хэзээ ч нүүр буруулахгүй (Дуулал 51:17). Хэрэв бид чин сэтгэлээсээ, нүглээ гэмшин, туслахыг гуйвал Ехова хорхой хүрэм зүйлтэй тэмцэхэд маань тусална (Филиппой 4:6, 7).

17. а) Бидний тэмцэж байгаа сул талыг Ехова хэрхэн үздэгийг эргэцүүлэн бодох нь яагаад тустай вэ? б) Түргэн ууртай хүн уураа барьдаг болох, хэлээ захирах, зохисгүй зугаа цэнгэлд дурлах хандлагаа даван туулахын тулд Библийн ямар ямар зүйл цээжилж болох вэ?

17 Тусламж хайн, Үгийг нь судлах нь Еховад найддагаа харуулах бас нэг арга юм. Библийн үгийг үсгийн дэс дараагаар бичсэн түүвэр болон «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» таны мэддэг хэлээр байвал тэдгээрийг ашиглан, «Миний тэмцэж байгаа сул талыг Ехова хэрхэн үздэг вэ?» гэсэн асуултын хариуг олж болно. Тухайн асуудалд Ехова хэрхэн ханддагийг эргэцүүлэн бодвол түүнд таалагдах шийдвэр маань батажна. Тэгж гэмээнэ, бид түүний үзэн яддаг зүйлийг үзэн ядаж, түүн шиг үзэлтэй болно (Дуулал 97:10). Зарим хүн тэмцэж буй сул талтайгаа холбоотой, Библийн зүйл цээжлэх тустай байдгийг туршлагаасаа мэджээ. Жишээ нь, түргэн ууртай хүн уураа барьдаг болох гэж хичээж байгаа бол Сургаалт үгс 14:17, Ефес 4:31 гэх мэтийн зүйлийг цээжилж болно. Эсвэл хэлээ захирахад хэцүү байдаг бол Сургаалт үгс 12:18, Ефес 4:29 гэх зэрэг зүйлийг тогтоож болох юм. Зохисгүй зугаа цэнгэлд дурлах хандлага бидэнд бий юү? Ефес 5:3, Колоссай 3:5 гэх мэтийн зүйлийг цээжээрээ мэддэг болохыг оролдож болно.

18. Сул талаа давахдаа ахлагчдаас тусламж гуйхаас санаа зовох хэрэггүйн учир юу вэ?

18 Ариун сүнсээр томилогдсон, хурлынхаа ахлагчдаас тусламж эрэх нь Еховад найддагаа харуулах өөр нэг арга юм (Үйлс 20:28). Ехова хонинуудаа хамгаалж, халамжлахын тулд энэ «хүн бэлгүүдийг» (ШЕ) Христээр дамжуулан өгсөн билээ (Ефес 4:7, 8, 11–14). Сул талтайгаа тэмцэхдээ бусдаас тусламж хүсэх амаргүй нь ойлгомжтой. Ахлагчид надад дурамжхан ханддаг болох байх гэж айн, санаа зовж болох юм. Гэхдээ сүнслэгээр төлөвшсөн тэр эрчүүд таныг тусламж гуйх эр зоригийн тань төлөө хүндэтгэх нь гарцаагүй. Цаашилбал, ахлагчид сүрэгтэй харьцахдаа Еховагийн чанарыг дуурайхыг хичээдэг. Сул талаа давах шийдвэр төгс байхад дутаад байсан тэр л зүйлийг ахлагчид биднийг Бурхны Үгээр тайвшруулан, практик зөвлөгөө, заавар өгч нөхөж болох юм (Иаков 5:14–16).

19. а) Сатан энэ ертөнцийн амьдралын «хоосныг» яаж ашиглахыг зорьдог вэ? б) Еховад найдах нь юутай холбоотой вэ? Бид ямар шийдвэрээ батжуулах хэрэгтэй вэ?

19 Сатан өөрт нь бага хугацаа үлдсэнийг мэддэг гэдгийг хэзээ ч битгий мартаарай (Илчлэлт 12:12). Бидний урмыг хугалж, буулгаж авахын тулд энэ ертөнцийн амьдралын «хоосныг» ашиглахыг хүсдэг. Ром 8:35–39-д: «Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? [...] Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элчүүд ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна» хэмээн бичсэн байдагт бүрэн итгэлтэй байцгаая. Үнэхээр Еховад найддаг хүний үг байна даа! Ийм найдвар нь жирийн нэг мэдрэмжээс илүү юм. Еховад үнэхээр найдах нь нухацтай бодож байж, өдөр тутам гаргадаг шийдвэртэй маань холбоотой. Тиймээс бүгдээрээ зовох цагтаа Еховад бүрэн найдах шийдвэрээ батжуулцгаая.

[Зүүлт]

^ Сангийн сайд Салмон Чейз 1861 оны арван нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын зоосны үйлдвэрт бичсэн захидалдаа: «Нэг ч үндэстэн Бурхан тэтгээгүй цагт хүчирхэг, Бурхан хамгаалаагүй цагт аюулгүй байж чадахгүй. Манай ард түмэн Бурханд найддагаа үндэснийхээ зоосон дээр тунхаглах нь зүйтэй» гэж тэмдэглэжээ. Үүний дүнд «Бид Бурханд найддаг» гэсэн уриа 1864 онд АНУ-д гүйлгээнд оруулсан зоосон дээр анх гарчээ.

^ Энд бичсэн «санаа зовох» гэдэг нь «амьдралын хамаг баяр хөөрийг үгүй хийдэг түгшүүрт айдас» гэж нэгэн номд тэмдэглэжээ. «Бүү санаа зов», «санаа зовж болохгүй» гэх мэтийн орчуулга нь санаа зовж эхлэхгүй байх гэсэн санаа илэрхийлдэг. Гэхдээ нэгэн лавлах бичигт: «Грек үйл үг нь одоо цаг дээр, мөн захирах хүсэх төлөвт байгаа нь эхэлчихсэн үйлдлийг зогсоохыг тушаасан санаа илэрхийлдэг» хэмээн тэмдэглэжээ.

^ Найман зөвлөгөөг доор дурдав. Үүнд: 1) сандрах хэрэггүй; 2) өөдрөг сэтгэлтэй байх; 3) шинэ ажилд уян хатан хандах; 4) бэл бэнчиндээ тохируулж амьдар, бусдыг бүү дуурай; 5) зээлээр худалдаа хийхдээ болгоомжтой байх; 6) гэр бүлээ эв нэгдэлтэй байлгах; 7) өөрийгөө хүндэтгэдэг байх; 8) мөнгөө зөв зарцуул гэсэн зөвлөгөө болно.

^ Библид үндэслэсэн эдгээр сэтгүүл нь ямар эмчилгээ хийлгэх нь хүний хувийн хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд эмчилгээний ямар нэг аргыг сурталчилдаггүй. Ямар нэг өвчин эмгэгийн тухай өгүүлсэн өгүүллийн зорилго нь тухайн үеийн байдлаар анагаах ухаанд мэдэгдэж байгаа баримтыг уншигчдад хүргэх явдал юм.

Та санаж байна уу?

• Эдийн засгийн бэрхшээлтэй тулгарах цагтаа Еховад найддагаа хэрхэн харуулж болох вэ?

• Өвчин эмгэгээс болж зовох цагтаа Еховад найддагаа хэрхэн харуулах вэ?

• Махан биеийнхээ сул талтай тэмцэх цагтаа Еховад үнэхээр найддагаа яаж харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны хавсралт]

Та дараах өгүүллүүдийг санаж байна уу?

Өвчин эмгэгээс болж зовох цагтаа янз бүрийн өвчин эмгэг, хямралыг амжилттай даван туулсан хүмүүсийн тухай уншихад урам сэргэдэг. «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд нийтэлсэн өгүүллийн заримыг дор дурдав.

«Сул талаа амжилттай даван туулсан минь» гэдэг өгүүлэлд таагүй бодол болон сэтгэл гутралыг даван туулах тухай голлон тайлбарласан («Харуулын цамхаг», 1990 оны тавдугаар сарын 1, англи).

«„Төмөр уушги“ ч түүний дэлгэрүүлэх ажлыг зогсоогоогүй юм» («Сэрцгээ!», 1993 оны нэгдүгээр сарын 22, англи).

«Тэнэсэн сум амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн» өгүүлэлд саа өвчнийг даван туулсан талаар өгүүлсэн («Сэрцгээ!», 1995 оны аравдугаар сарын 22, англи).

«Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй» өгүүлэлд үечилсэн солиорлыг хэрхэн даван туулах тухай өгүүлсэн («Харуулын цамхаг», 2000 оны арван хоёрдугаар сарын 1, англи).

«Лоида аниргүйн ертөнцөөс ирсэн нь» тархины саа өвчнөөр шаналсан хүний түүхийг өгүүлсэн («Сэрцгээ!», 2000 оны тавдугаар сарын 8, англи).

«Умайн өвчинтэй тэмцсэн минь» («Сэрцгээ!», 2000 оны долдугаар сарын 22, англи).

«Арьс хатуурах эмгэгтэй хийсэн миний тэмцэл» («Сэрцгээ!», 2001 оны наймдугаар сарын 8, англи).

«Төрөлтийн дараах сэтгэл гутралыг би ялсан» («Сэрцгээ!», 2002 оны долдугаар сарын 22, англи).