Skip to content

Гарчиг руу орох

Сүнслэг яриа «босгон байгуулдаг»

Сүнслэг яриа «босгон байгуулдаг»

Сүнслэг яриа «босгон байгуулдаг»

«Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө» (ЕФЕС 4:29).

1, 2. а) Хүний ярих чадвар хэр зэрэг чухал бэ? б) Еховагийн үйлчлэгчид хэлээ юуны төлөө ашиглахыг хүсдэг вэ?

 «ХҮНИЙ ярих чадвар бол тайлагдашгүй оньсого. Бурхнаас өгсөн бэлэг, гайхамшиг юм» гэж үг зүй судлаач Людвиг Келер бичжээ. Бурхны хайрласан энэхүү үнэт бэлэгт бид анзааргагүй ханддаг байж магадгүй (Иаков 1:17). Тэгвэл бидний дотнын хэн нэг хүн цус харваснаас болоод ярих чадваргүй болчихлоо гэхэд ямар үнэтэй юм алдагдахыг бодоод үз дээ. Жоан гэдэг эмэгтэйн нөхөр нь саяхан цус харважээ. Жоан: «Бид ярьж хөөрч, их дотно харьцаатай байсан. Тэгж ярьж хөөрдөг байснаа би мөн ч их үгүйлэх юм даа» гэж хэлжээ.

2 Үг яриа анд нөхрийн холбоог батжуулан, үл ойлголцлыг арилгаж, гутарсныг сэргээн, итгэлийг бэхжүүлж, амьдралыг маань баяжуулдаг. Гэхдээ энэ бүхэн аяндаа л болчихдоггүй. Мэргэн ухаант хаан Соломон: «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэж тэмдэглэжээ (Сургаалт үгс 12:18). Еховагийн үйлчлэгчид бид үг яриагаараа бусдыг гомдоон, сэтгэлээр унагах биш, харин «илааршуулж», «босгон байгуулахыг» хүсдэг. Түүнээс гадна, дэлгэрүүлэхдээ ч, амин хувийн яриа өрнүүлэхдээ ч Еховаг магтан алдаршуулахын төлөө хэлээ ашиглахыг эрмэлздэг. Дуулалч: «Бид Бурхнаа өдөржин магтана. Бид таны нэрийг үүрд алдаршуулна» хэмээн дуулжээ (Дуулал 44:8, ШЕ).

3, 4. а) Үг ярианы тухайд хүн бүр ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? б) Бидний үг яриа ямар учраас чухал бэ?

3 Шавь Иаков: «Хэн ч хэлийг номхруулж чадахгүй» хэмээн анхааруулаад, «бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна» гэж тэмдэглэжээ (Иаков 3:2, 8). Бидний дунд төгс хүн ганц ч байхгүй. Тийм учраас, бид чин сэтгэлээсээ яаж ч хичээсэн, үг яриагаараа бусдыгаа босгон байгуулж, Бүтээгчээ магтан алдаршуулж тэр бүр чаддаггүй. Иймээс юу хэлж ярихаа анхаарах ёстой гэсэн үг. Түүнээс гадна, Есүс: «Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө, мөн чи үгсээрээ яллагдана» гэж хэлсэн (Матай 12:36, 37). Тийм ээ, бид хэлсэн үгийнхээ хариуцлагыг жинхэнэ Бурхны өмнө хүлээнэ.

4 Хор хөнөөлтэй ярианаас зайлсхийх хамгийн сайн аргын нэг нь сүнслэг яриа өрнүүлж зурших явдал юм. Энэ өгүүллээр, яаж тийм зуршилтай болох, ямар ямар сэдвээр сүнслэг яриа өрнүүлэх, сүнслэг яриа ямар ач холбогдолтой тухай авч үзнэ.

Зүрхээ анхаарагтун

5. Сүнслэг сэдвээр яриа өрнүүлэхэд зүрх яаж гол үүрэг гүйцэтгэдэг вэ?

5 Сүнслэг яриа өрнүүлэх зуршилтай болохын тулд, юуны түрүүнд, бидний яриа бэлэгдлийн зүрхэнд маань юу байдгийг тусган харуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Есүс: «Зүрхний бялхлаас ам ярьдаг» хэмээжээ (Матай 12:34). Үүнийг энгийн үгээр хэлбэл, бид чухал гэж үзсэн зүйлээ ярих дуртай гэсэн үг юм. Тиймээс бид өөрсдөөсөө: «Миний яриа зүрхний минь тухай юу харуулдаг вэ? Гэр бүлийнхэн, итгэл нэгтнүүдтэйгээ байхдаа сүнслэг сэдвээр яриа өрнүүлдэг үү, эсвэл спорт, хувцас, кино, хоол, хамгийн сүүлд худалдаж авсан эд зүйлийнхээ талаар гэх мэтийн дандаа тулга тойрсон яриа дэлгэдэг үү?» гэж асуух хэрэгтэй. Санаандгүй байтал, амьдрал ахуй, бодол санаа маань хоёрдугаар зэргийн асуудалд л эргэлддэг болчихсон байж мэднэ. Тэргүүн зэрэгт тавих зүйлийг байранд нь тавьж чадвал үг яриа маань ч, амьдрал маань ч илүү утга учиртай болно (Филиппой 1:10, ШЕ *).

6. Сүнслэг асуудлыг эргэцүүлэн бодох нь үг ярианд хэрхэн нөлөөлдөг вэ?

6 Зорилго тавьж байгаад эргэцүүлэн бодох нь үг ярианыхаа утга агуулгыг сайжруулах бас нэг арга юм. Өөрөөр хэлбэл, зориуд сүнслэг асуудлын тухай бодохыг хичээдэг болбол сүнслэг яриа аяндаа өрнүүлдэг болно. Бодох ярих хоёр хоорондоо уялдаатай байдгийг Давид хаан анзаарчээ. Тэрээр: «ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» хэмээн дуулжээ (Дуулал 19:14). Мөн дуулалч Асаф: «Би Таны [Бурхны] бүх ажлыг тунгаан, Таны үйлсийг шимтэн бодно» гэж хэлсэн байдаг (Дуулал 77:12). Зүрх болон оюун санаа маань Бурхны Үгийн үнэнээр бялхдаг бол магтууштай яриа амнаас ундарна. Иеремиа Еховагийн заасан зүйлийг ярихгүй байж чадаагүй билээ (Иеремиа 20:9). Бид ч гэсэн сүнслэг асуудлыг тогтмол цэгнэн боддог бол түүн шиг болно (1 Тимот 4:15, «санаа тавих» [«цэгнэн бодох», ШЕ]).

7, 8. Ямар ямар сэдвээр сүнслэг яриа өрнүүлэх нь тохиромжтой вэ?

7 Сүнслэг асуудлаар тогтсон дэглэм баримтлах нь сүнслэг сэдвээр яриа өрнүүлэх олон боломж нээдэг (Филиппой 3:16, «жишиг» [«дэглэм», ШЕ]). Чуулган, цуглаан, Нийгэмлэгийн тогтмол хэвлэл, мөн «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» * товхимол зэрэг нь биднийг бусадтай хуваалцах сүнслэг эрдэнэстэй болгоно (Матай 13:52). Дэлгэрүүлэх ажлын сониноосоо ярих нь сүнслэг эрч хүч нэмдэггүй гэж үү?

8 Соломон хаан Израильд олон төрөл зүйлийн мод, амьтан, шувуу, загас зэргийг үзээд гайхан биширчээ (Хаадын дээд 4:33). Тэрээр Бурхны бүтээлийн тухай ярихдаа баярладаг байсан. Бид ч бас түүн шиг байж болно шүү дээ. Еховагийн үйлчлэгчид олон янзын сэдвээр ярих дуртай байдаг ч, сүнслэгээр төлөвшсөн хүмүүсийн сүнслэг сэдэвтэй яриа чихэнд чимэгтэй сонсогддог (1 Коринт 2:13).

«Тэдгээр юмыг үргэлж бодож санацгаа»

9. Паул Филиппой хотын христиануудад ямар сануулга өгсөн бэ?

9 Бид ямар ч сэдвээр ярьсан, элч Паулын Филиппой хотын христиануудад өгсөн сануулгыг дагавал үг яриагаараа бусдыг «босгон байгуулах» болно. Тэрээр: «Юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй [«онцгой анхаармаар», ШЕ], юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан [«хайр татам», ШЕ], юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмыг [«үргэлж», ШЕ] бодож санацгаа» гэж бичсэн (Филиппой 4:8). Дурдсан зүйл нь тун чухал байсан учраас «тэдгээр юмыг үргэлж бодож санацгаа» гэж зөвлөсөн. Бид оюун санаа болон зүрхээ тийм л зүйлүүдээр дүүргэх учиртай. Ингээд бүгдээрээ үг ярианыхаа утга агуулгыг сайжруулахын тулд, Паулын дурдсан найман зүйлийг хэрхэн анхаарч болохыг зүйл тус бүрээр авч үзье.

10. «Юу нь үнэнийг» яриандаа хэрхэн оруулж болох вэ?

10 «Үнэн» гэдэг бол худал биш, зөв мэдээллээс илүү өргөн утгатай. Энэ нь Бурхны Үгийн үнэн гэх мэтийн зөв, найдвартай зүйлд хамаатай. Тиймээс, өөрсдөд маань гүн сэтгэгдэл төрүүлсэн Библийн үнэн, урам сэргээсэн илтгэл, эсвэл тус болсон Судрын зөвлөгөө зэргийг ярихдаа бид «юу нь үнэнийг... бодож санадгаа» харуулдаг гэсэн үг. Нөгөөтэйгүүр, бид «„мэдлэг“ гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйл» буюу үнэн мэт харагдах төдий зүйлээс татгалздаг (1 Тимот 6:20). Түүнчлэн, хов жив тараах юм уу үнэн зөвийг нь мэдэх аргагүй, эргэлзэм зүйл ярихаас зайлсхийдэг.

11. «Онцгой анхаармаар» ямар сэдвийг яриандаа оруулж болох вэ?

11 «Онцгой анхаармаар» юм гэдэг нь жижиг сажиг зүйл биш, харин үнэ хүндтэй, чухал сэдвийг багтаадаг. Үүнд христиан үйлчлэл, бидний амьдарч буй өнөөгийн хэцүү цаг, биеэ зөв авч явах зэрэг чухал асуудал ордог. Ийм чухал сэдвээр ярихад сүнслэгээр сэргэг байж, үнэнч байдлаа хадгалан, сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийх шийдвэр бэхэждэг. Үнэхээр ч, дэлгэрүүлэх ажилд тохиолддог сонирхолтой явдлууд болон «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг маань сануулдаг үйл явдлууд нь сүнслэгээр бэхжүүлдэг ярианы сэдэв болдог (Үйлс 14:27; 2 Тимот 3:1–5).

12. «Юу нь зөв, юу нь цэвэр ариуныг» бодож сана гэж Паулын зөвлөсний дагуу юунаас зайлсхийх ёстой вэ?

12 «Зөв» гэдэг үг нь Бурхны нүдэнд зөв байх буюу хэм хэмжээнд нийцэх гэсэн утгатай. «Цэвэр ариун» гэдэг нь бодол санаагаар болон биеэ авч явахдаа цэвэр байхыг илэрхийлдэг. Гүтгэлэг, завхай үг, сексийн тухай битүү утгатай үг бидний ярианд байх ёсгүй (Ефес 5:3; Колоссай 3:8). Ажил юм уу сургууль дээр нь иймэрхүү яриа өрнөхөд тэндээс явах нь христиануудад ухаалаг хэрэг болно.

13. «Юу нь хайр татам, юу нь сайшаалтайг» яриандаа хэрхэн оруулах жишээ татна уу.

13 Паул «хайр татам» юмыг бодож санахыг зөвлөхдөө хайр хүрэм, таатай буюу сэтгэл татам зүйлийг үзэн ядалт, догшин харгис байдал юм уу өрсөлдөн тэмцэлдэх үзэл бий болгох зүйлтэй сөргүүлэн тавьсан. «Сайшаалтай» юм нь сайн гэж үзэх буюу хүндэтгэвэл зохих зүйлтэй холбоотой ажээ. Тухайлбал, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд нийтэлдэг, үнэнч ах эгч нарын намтар байна. Итгэл бэхжүүлэм тийм өгүүлэл уншсан бол бусадтайгаа сэтгэгдлээ хуваалцаж яагаад болохгүй гэж? Бусдынхаа сүнслэг ололт амжилтын тухай сонсоход хичнээн таатай байдаг билээ! Ийм яриа хурлын гишүүдийн хайр, эв нэгдлийг «босгон байгуулдаг».

14. а) «Сайн үйл» хийхийн тулд яах шаардлагатай вэ? б) «Магтууштай» юмыг яриандаа хэрхэн оруулж болох вэ?

14 Паул «аливаа сайн үйлийн» тухай хэлжээ. «Сайн үйл» нь ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй холбоотой. Бид үг яриагаа Библийн зарчмын дагуу байлгаж, зөв, цэвэр ариун, мөн аливаа сайн үйлээс хазайлгахгүй байхыг анхаарах ёстой. «Магтууштай» гэдэг нь үнэлж сайшаавал зохино гэсэн утгатай. Хэрэв та хэн нэгний сайн илтгэлийг сонсвол, эсвэл үнэнч байдлын жишээг үзвэл энэ тухайгаа тэр хүнд ч, мөн бусдад ч хэлээрэй. Элч Паул итгэл нэгтнүүдийнхээ сайн талыг байнга магтдаг байсан (Ром 16:12; Филиппой 2:19–22; Филемон 4–7). Түүнээс гадна, Бүтээгчийн маань бүтээл магтууштай гэдэг нь ойлгомжтой. Еховагийн бүтээлийн тухай ярихад сүнслэгээр бэхжүүлдэг ярианы баялаг сэдэв гардаг (Сургаалт үгс 6:6–8; 20:12; 26:2).

Сүнслэг яриа өрнүүлэгтүн

15. Библийн ямар тушаалын дагуу эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ ач холбогдолтой яриа өрнүүлэх шаардлагатай вэ?

15 Дэд хууль 6:6, 7-д: «Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай» гэж бичсэн байдаг. Энэ тушаалын дагуу эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ ач холбогдолтой, сүнслэг яриа өрнүүлж байх шаардлагатай нь тодорхой.

16, 17. Христиан эцэг эхчүүд Ехова болон Абрахамын жишээнээс юунд суралцаж болох вэ?

16 Есүс дэлхий дээр гүйцэтгэх даалгаврынхаа талаар тэнгэрийн Эцэгтэйгээ зөвлөлдөхдөө удаан ярилцсан биз ээ. Есүс: «Юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө Надад өгсөн юм» гэж шавь нартаа хэлсэн (Иохан 12:49; Дэд хууль 18:18). Абрахам ч гэсэн хүү Исаактаа, Ехова өөрсдийг нь болон эцэг өвгөдийг нь хэрхэн ивээснийг олон цагаар ярьдаг байсан байх учиртай. Ийм яриа Есүст ч, Исаакт ч Бурхны хүсэл таалалд даруухнаар захирагдахад тусалсан нь гарцаагүй (Эхлэл 22:7–9; Матай 26:39).

17 Манай хүүхдүүдэд ч мөн адил сүнслэгээр бэхжүүлдэг яриа хэрэгтэй. Эцэг эхчүүд зав чөлөө муутай ч гэлээ, хүүхдүүдтэйгээ ярилцах цаг гаргах ёстой. Боломжтой бол, өдөрт ядаж ганц удаа халуун бүлээрээ хамт хооллож яагаад болохгүй гэж? Хооллох зуураа, эсвэл дараа нь гэр бүлийн сүнслэг эрүүл мэндэд үнэлж баршгүй сайнаар нөлөөлдөг сүнслэг яриа өрнүүлэх аятай боломж олддог.

18. Эцэг эх хүүхдийн хоорондын сайн харьцааны ач тусыг харуулсан жишээ татна уу.

18 Алехандро одоо 20 гарч байгаа бөгөөд эхлэгчээр үйлчилдэг. Тэрээр 14 настай байхдаа юунд эргэлздэг болсноо дурсан: «Сургуулийн хүүхдүүд болон багш нарын нөлөөгөөр, Бурхан үнэхээр байдаг хийгээд Библийн үнэн магадтай эсэхэд би эргэлздэг болсон. Эцэг эх маань надад тэвчээртэй учирлан тайлбарлаж, олон цаг зориулсан. Тэгж ярьдаг байсан нь тэр хүнд үед эргэлзээг минь арилгаад зогсоогүй, амьдралдаа зөв шийдвэр гаргахад тус болсон» гэж хэлжээ. Тэгвэл одоо байдал ямар байна вэ? Алехандро: «Би одоо ч эцэг эхтэйгээ амьдардаг. Гэхдээ зав зай муутай болохоор аавтайгаа аминчлан ярих цаг бараг гардаггүй. Тийм болохоор аав бид хоёр ажил дээр нь долоо хоногт нэг удаа хамт хооллодог. Энэ яриаг би их өндөр үнэлдэг» гэж хэлжээ.

19. Ямар учраас бид бүгдэд сүнслэг яриа хэрэгтэй вэ?

19 Бид итгэл нэгтнүүдтэйгээ сүнслэг яриа өрнүүлэх аятай боломжийг үнэлдэг үү? Цуглаан, дэлгэрүүлэх ажил, нөхөрсөг уулзалт эсвэл хаа нэг газар хамт явах үед тийм боломж гардаг. Паул Ромын христиануудтай уулзахыг тэсэн ядан хүлээж байсан. Тэдэнд: «Би та нарыг харахыг ихэд хүсдэг. ...Та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм» гэж бичжээ (Ром 1:11, 12). «Итгэл нэгтнүүдтэйгээ сүнслэг яриа өрнүүлэх нь чухал хэрэгцээг хангадаг. Тийм яриа сэтгэл дулаацуулж, өдрийн ачааг хөнгөлдөг. Би настай ах эгч нараас туулсан амьдралаа, үнэнч байхад нь юу тусалсныг ярьж өгөхийг гуйдаг юм. Олон жилийн хугацаанд олон ч хүнтэй ярилцсан. Хүн болгоны яриа амьдралд минь мэргэн ухаан, туршлага дусал дуслаар нэмдэг» гэж христиан ахлагч Иоханнес хэлжээ.

20. Ичимхий хүнтэй ярилцах бол яах хэрэгтэй вэ?

20 Таныг сүнслэг сэдвээр яриа өрнүүлэхэд хэн нэгэн хүн хүлээж авахгүй байгаа юм шиг санагдвал яах вэ? Битгий бууж өгөөрэй. Дараа нь илүү аятай боломж олдох ч юм бил үү. «Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу» гэж Соломон бичжээ (Сургаалт үгс 25:11). Бас ичимхий хүмүүсийг ойлгохыг хичээгээрэй. «Хүний зүрхний санаа бодол худгийн ус мэт гүн бөгөөд ухаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана» (Сургаалт үгс 20:5, ШЕ) *. Хамгийн чухал нь, бусдын үзэл бодлоос болж, зүрх сэтгэлд тань хүрсэн зүйлийн тухай ярихаасаа хэзээ ч биеэ битгий бариарай.

Сүнслэг сэдвээр ярихын ач холбогдол

21, 22. Сүнслэг яриа өрнүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

21 «Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө» гэж Паул зөвлөжээ (Ефес 4:29; Ром 10:10). Яриаг зөв сэдэв уруу залахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ нь эцэстээ их ач холбогдолтой. Сүнслэг яриа өрнүүлбэл бусадтай итгэлээ хуваалцаж, ахан дүүсийн барилдлагаа «босгон байгуулна».

22 Иймээс бүгдээрээ ярих чадвар буюу Бурхнаас хайрласан бэлгийг бусдыгаа зоригжуулж, Еховаг магтан алдаршуулахын төлөө ашиглацгаая. Тийм яриа өрнүүлбэл бид өөрсдөө ч сэтгэл хангалуун байж, бусад маань ч урамшина. Хамгийн гол нь, Еховагийн зүрхийг баярлуулна. Учир нь тэрээр бидний яриаг анхаарч, хэлээ зөв ашиглахад баярладаг (Дуулал 139:4; Сургаалт үгс 27:11). Үг яриа маань сүнслэг бол Ехова биднийг мартахгүй гэдэгт итгэж болно. Өнөө үед Еховад үйлчилдэг хүмүүсийн тухай Библид: «ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биетэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ» гэж тэмдэглэсэн байдаг (Малахи 3:16; 4:5). Үг яриа маань сүнслэгээр «босгон байгуулдаг» байх нь хичнээн чухал бэ!

[Зүүлт]

^ «Христийн өдрийг иртэл та нар бусдыг бүдрүүлэлгүй, өөгүй байхын тулд илүү чухал юм нь юу болохыг магадлаасай [гэж би залбирсаар байна]».

^ Еховагийн Гэрчүүдийн, олон хэлээр гаргасан хэвлэл.

^ Израильд зарим худаг их гүн байв. Археологчид Гибеонд 25 метр гүн худаг олжээ. Энэ худаг нь шаттай бөгөөд шатаар доош буун, ёроолоос нь ус авах боломжтой ажээ.

Та хэрхэн хариулах вэ?

• Үг яриа маань бидний юуг илчилдэг вэ?

• Ямар ямар сүнслэг сэдвээр ярилцаж болох вэ?

• Гэр бүл болон христиан хуралд үг яриа ямар чухал үүрэгтэй вэ?

• Сүнслэг яриа ямар ач холбогдолтой вэ?

[Догол мөрийн асуулт]