Тасралтгүй залбирах ёстойн учир юу вэ?
Тасралтгүй залбирах ёстойн учир юу вэ?
«Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл» (1 ТЕСАЛОНИК 5:17, 18).
1, 2. Залбирах завшааныг эрхэмлэдгээ Даниел хэрхэн харуулсан бэ? Энэ нь Бурхантай тогтоосон харьцаанд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
ЗӨНЧ Даниел Бурханд өдөр бүр гурвантаа залбирдаг зуршилтай байжээ. Тэрээр гэрийнхээ дээд давхрын өрөөнд Иерусалимын зүг харсан цонхон тус өвдөглөн суугаад, залбирдаг байлаа (Хаадын дээд 8:46–49; Даниел 6:10). Меде хүн Дариус хаанаас өөр хэнд ч залбирахгүй байх тухай хааны зарлиг гарсны дараа ч, Даниел залбирах уу, болих уу гэж хормын төдийд ч тээнэгэлзэж байсангүй. Амь насанд нь аюул учирч болох байсан ч, залбирах завшааныг эрхэмлэдэг тэрээр Еховад тасралтгүй залбирч байв.
2 Ехова Даниелд хэрхэн ханддаг байсан бэ? Тэнгэр элч Габриел Даниелийн залбиралд хариулахаар ирэхдээ түүнийг «аугаа хүндлэгдсэн хүн» буюу «сэтгэл татсан хүн» (ШЕ) гэж хэлсэн байдаг (Даниел 9:20–23, МБОХ, 1998). Езекиелийн зөгнөлд Ехова Даниелийг зөвт хүн гэсэн байдаг (Езекиел 14:14, 20). Даниел амьдралынхаа туршид Бурханд залбирч, түүнтэй ойр дотно харьцаа тогтоож чадсан нь гарцаагүй бөгөөд үүнийг Дариус хаан хүртэл хүлээн зөвшөөрсөн билээ (Даниел 6:16).
3. Нэг миссионерийн туршлагаас үзвэл Бурханд үнэнч байхад залбирал хэрхэн тусалдаг вэ?
3 Тогтмол залбирах нь бидэнд ч бас хүнд сорилтыг тэвчихэд тусалдаг. Жишээ болгон, Харолд Кингэд тохиолдсон явдлыг авч үзье. Тэрээр Хятадад миссионерээр үйлчилж байгаад, таван жил ганцаарчлан хоригдох ялаар шийтгүүлжээ. Харолд ах: «Намайг итгэл нэгтнүүдээс минь тусгаарлаж болно. Гэхдээ Бурхнаас хэн ч салгаж чадахгүй. [...] Тийм учраас би Даниелын жишээг санаж байгаад өдөрт гурван удаа, гяндангийн өрөөний минь хажуугаар өнгөрсөн хэний ч нүдэнд ил, өвдөглөн суугаад, чанга дуугаар залбирдаг байлаа. [...] Тийм үед Бурхны сүнс надад хамгийн ашигтай зүйлийг бодуулж, намайг тайвшруулдаг байсан санагддаг юм. Би залбирахдаа асар их сүнслэг хүч, тайвшрал авдаг байсан!» гэж дурсан, туршлагаасаа хуваалцжээ.
4. Энэ өгүүллээр залбирахтай холбоотой ямар ямар асуулт авч үзэх вэ?
4 Библид: «Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл» гэж тэмдэглэсэн байдаг (1 Тесалоник 5:17, 18). Энэхүү зөвлөгөөний дагуу, «Яаж залбирдгаа, хэр зэрэг тогтмол залбирдгаа анхаарах ёстойн учир юу вэ? Еховад тогтмол залбирахын учир юу вэ? Алдаа гаргаснаасаа болоод, Еховад залбирах эрхгүй гэж боддог бол яах хэрэгтэй вэ?» гэсэн асуултыг авч үзье.
Бурханд залбирч, түүнтэй анд нөхрийн харьцаа тогтоогтун
5. Залбирлын ачаар бид ямар хосгүй харьцаа тогтоож чадах вэ?
5 Та Еховатай анд нөхөр байхыг хүсдэг үү? Бурхан Абрахамыг анд нөхрөө гэж хэлсэн байдаг (Исаиа 41:8; Иаков 2:23). Ехова биднийг ч гэсэн өөртэй нь тийм харьцаа тогтоогоосой гэж хүсдэг. Түүгээр зогсохгүй, өөрт нь ойртохыг урьдаг (Иаков 4:8). Ийм онцгой урилга Бурханд залбирах хосгүй завшааныхаа тухай эргэцүүлэн бодох хүслийг бидэнд төрүүлдэггүй гэж үү? Төрийн чухал албаны хүнтэй анд нөхөр бололцох нь бүү хэл, уулзаж ярилцах зөвшөөрөл авахад ямар хэцүү байдаг билээ! Гэтэл орчлонт ертөнцийг Бүтээгч биднийг хүссэн цагтаа, хэрэгтэй үедээ өөрт нь чөлөөтэй залбирахыг уриалдаг (Дуулал 37:5). Бид тасралтгүй залбирвал Еховатай анд нөхрийн дотно харьцаа тогтоож чадна.
6. «Үргэлж залбирахын» чухлыг Есүсийн жишээ хэрхэн харуулдаг вэ?
6 Гэхдээ залбиралд хайнга ханддаг болох тун амархан! Бид өдөр тутмын бэрхшээлд хамаг анхаарлаа төвлөрүүлснээс болоод Бурхантай ярих гэж хичээхээ больж болох юм. Есүс шавь нараа «[«үргэлж», ШЕ] залбирахыг» уриалсан бөгөөд өөрөө тийн залбирдаг байжээ (Матай 26:41). Өглөөнөөс үдэш болтол завгүй байдаг байсан ч тэнгэрийн Эцэгтэйгээ ярих цаг гаргадаг байсан. Есүс залбирахын тулд заримдаа «өглөө эрт харанхуй байхад... босдог» байв (Марк 1:35). Эсвэл оройн цагаар хүнгүй газар очиж, Еховатай ярьдаг байлаа (Матай 14:23). Есүсийн жишээгээр, бид ч бас залбирах цаг үргэлж гаргах ёстой (1 Петр 2:21).
7. Ямар ямар нөхцөл бидэнд тэнгэрийн Эцэгтэйгээ өдөр бүр ярих хүсэл төрүүлэх ёстой вэ?
7 Бэрхшээл болон хорхой хүрэм зүйлтэй тулгарч, шийдвэр гаргах хэрэгтэй болоход Еховад ганцаарчлан залбирах тохиромжтой боломж өдөр тутам олон гардаг (Ефес 6:18). Амьдралынхаа бүх хүрээнд Бурхны удирдлагыг хайвал түүнтэй тогтоосон анд нөхрийн харьцаа маань бэхжих нь лавтай. Хоёр найз хамтдаа бэрхшээлийг давахад тэр хоёрын андын холбоо улам бэхжихгүй гэж үү? (Сургаалт үгс 17:17). Үүнтэй адилаар, Еховад итгэж найдан, тусламжийг нь авбал бидний хоорондох анд нөхрийн харьцаа гүнзгийрнэ (Шастирын дэд 14:11).
8. Нехемиа Есүс Ханна нарын жишээнээс ганцаарчилсан залбирлын үргэлжлэх хугацааны тухай юу мэдэж болох вэ?
8 Бурхан бидний хэр зэрэг удаан, хэр зэрэг байнга залбирах тухайд хязгаар тогтоогоогүй нь юутай сайн хэрэг вэ! Нехемиа Персийн хаанд хүсэлтээ хэлэхээсээ өмнө дотроо залбирч амждаг (Нехемиа 2:4, 5). Есүс ч мөн Лазарыг дахин амилуулахаасаа өмнө Еховагаас хүч гуйн, товчхон залбирдаг (Иохан 11:41, 42). Нөгөөтэйгүүр, Ханна Еховад сэтгэлээ нээн, «ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн [«удаан», ШЕ] залбирсан» (1 Самуел 1:12, 15, 16). Бид ганцаарчлан залбирахдаа хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлаасаа шалтгаалан товчхон, эсвэл удаан залбирч болно
9. Залбирахдаа Еховаг магтан алдаршуулж, бидний төлөө хийсэн бүхэнд нь талархах ёстойн учир юу вэ?
9 Еховагийн хамгийн дээд байр суурь, гайхамшигт үйлсийг чин сэтгэлээсээ хүндэтгэн залбирсан жишээ Библид олон байдаг (Египетээс гарсан нь 15:1–19; Шастирын дээд 16:7–36; Дуулал 145 бүлэг). Тэнгэрийн байраа эзэлсэн тослогдсон христиануудын гүйцэд тоог бэлэгддэг 24 ахлагч Бурхныг алдаршуулан: «Бидний Эзэн [«Ехова», ШЕ] ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» гэж хэлж байгааг элч Иохан үзэгдлээр үзсэн (Илчлэлт 4:6–11). Бидэнд ч гэсэн Бүтээгчээ тогтмол магтан алдаршуулах шалтгаан бий. Үр хүүхэд нь хийсэн бүхнийх нь төлөө чин сэтгэлээсээ талархахад эцэг эх нь хичнээн баярладаг билээ дээ. Үүний нэгэн адилаар, Еховагийн сайхан сэтгэлийн үйл хэргийг үнэлэн эргэцүүлэн бодож, түүнийх нь төлөө чин сэтгэлээсээ талархах нь залбирлынхаа утга агуулгыг сайжруулах нэг сайн арга юм.
«Тасралтгүй залбирахын» учир
10. Итгэлээ бэхжүүлэхэд залбирал ямар үүрэгтэй вэ?
10 Тогтмол залбирах нь итгэлээ хадгалахад чухал үүрэгтэй байдаг. «Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах» ёстойг жишээгээр тайлбарласныхаа дараа Есүс: «Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу?» гэж асуусан (Лук 18:1–8). Чин сэтгэлээсээ илэн далангүй залбирахаар итгэл бэхэждэг. Жишээ нь, Абрахам нас дээр гарсан хойноо, үрийн зулай үнэрлээгүйдээ санаа зовж байгаагаа Бурханд хэлжээ. Хариуд нь Бурхан түүнийг эхлээд тэнгэр өөд харж, чадвал одыг тоол гэж хэлдэг. Дараа нь Бурхан Абрахамд: «Чиний үр удам ийм олон болно» гэж амладаг. «Тэгээд Абрахам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав» (Эхлэл 15:5, 6). Тийм ээ, хэрэв бид Еховад залбирахдаа зүрх сэтгэлээ нээж, Библиэр дамжуулан амласанд нь итгэж, дуулгавартай байх аваас тэрээр итгэлийг маань бэхжүүлнэ.
11. Бэрхшээлийг давахад залбирал яаж тусалдаг вэ?
11 Залбирал бас бэрхшээлийг давахад тусалдаг. Та амьдралдаа хүнд ачаа үүрч, хэцүү нөхцөлтэй тулгардаг уу? Тэгвэл Библид: «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө [«дэмжинэ», ШЕ]. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» гэж хэлдэг (Дуулал 55:22). Шийдвэр гаргахад хэцүү байвал Есүсийн жишээг дуурайх хэрэгтэй. Тэрээр арван хоёр элчээ сонгохынхоо өмнө шөнөжингөө залбирсан (Лук 6:12–16). Түүнчлэн, үхэхийнхээ өмнөх шөнө маш шаргуу залбирсанд «хөлс [нь] цусны дусал мэт газарт дусалж байв» (Лук 22:44). «Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ» (Еврей 5:7). Тийм ээ, хэцүү нөхцөл, хүнд сорилтыг давахдаа шаргуу, тасралтгүй залбирах нь тустай.
12. Ехова хүн нэг бүрт санаа тавьдгийг залбирал хэрхэн харуулдаг вэ?
12 Залбирлын тусламжтайгаар Бурханд ойртох бас нэг шалтгаан бол Бурхан өөрөө бидэнд ойртдог явдал юм (Иаков 4:8). Еховад залбирч, зүрх сэтгэлээ уудлахдаа хэрэгцээг маань анхаарч, санаа тавьдгийг нь мэдэрдэггүй гэж үү? Бурхан хүн нэг бүрийг хайрладгийг бид мэддэг. Тэнгэрийн Эцэгтээ хэмээн ханддаг үйлчлэгчдийнхээ залбирлыг Ехова өөр хэн нэгэнд даатгадаггүй, харин өөрөө нэг бүрчлэн сонсдог (Дуулал 66:19, 20; Лук 11:2). Бурхан «[бидний] төлөө санаа зовдог [«тавьдаг», ШЕ] учраас бүх зовнилоо [өөрт нь] үүрүүлэхийг» уриалдаг (1 Петр 5:6, 7).
13, 14. Тасралтгүй залбирах ямар ямар шалтгаан байдаг вэ?
13 Залбирал илүү идэвхтэй дэлгэрүүлэх хүсэл төрүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн хайхрамжгүй хандлага юм уу эсэргүүцлээс болж бууж өгмөөр санагдах үед биднийг бэхжүүлдэг (Үйлс 4:23–31). Түүнчлэн, «Диаволын заль мэхнээс» хамгаалдаг (Ефес 6:11, 17, 18). Өдөр тутмын сорилтыг даван туулахад маань зоригжуулж өгөхийг Бурхнаас тогтмол гуйх хэрэгтэй. Есүс шавь нартаа «муу нэгнээс [буюу Сатан Диаволоос] авран соёрхооч» гэж Еховагаас гуйж залбирахыг заасан (Матай 6:13, МАБ).
14 Нүгэлт хандлагаа хянахад туслахыг гуйн тогтмол залбирвал бид Еховагаас тусламж авна. «Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм» гэж амласанд бид итгэдэг (1 Коринт 10:13). Ехова хүч өгдгийг элч Паул өөрөө янз янзын нөхцөлд байхдаа биеэрээ үзсэн. Тиймээс тэрээр: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» гэж хэлсэн (Филиппой 4:13; 2 Коринт 11:23–29).
Алдаа гаргасан ч «залбиралд үргэлж байгтун»
15. Бурхны хэм хэмжээг зөрчвөл юу тохиолдож болох вэ?
15 Еховад залбирлаа сонсгоё гэвэл бид Үгэнд нь байдаг зөвлөгөөг дагах ёстой. Элч Иохан: «Гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ» гэж бичсэн (1 Иохан 3:22). Гэтэл Бурхны хэм хэмжээг зөрчдөг бол бидэнд юу тохиолдож болох вэ? Адам Ева хоёр Еден цэцэрлэгт нүгэл үйлдсэнийхээ дараа нуугдсан. Бидэнд ч бас «Бурхны оршихуйгаас... нуугдаж», залбирахаа больчихмоор санагдаж магадгүй (Эхлэл 3:8). «Еховагаас, түүний байгууллагаас урсаад явчихдаг хүмүүсийн хийдэг эхний буруу алхам нь ихэнх тохиолдолд залбирахаа болих явдал байдгийг би анзаарсан» гэж туршлагатай, явуулын харгалзагч Клаус хэлжээ (Еврей 2:1). Хосе Анхэлд тохиолдсон явдал дээрх үгийн үнэнийг харуулдаг. Тэрээр: «Би бараг найман жилийн хугацаанд Еховад тоотойхон залбирсан. Еховаг тэнгэрийн Эцгээ гэж үзсэн хэвээр байсан ч өөрийгөө түүнтэй ярих эрхгүй гэж боддог байв» гэж хэлжээ.
16, 17. Тогтмол залбирах нь сүнслэгээр сулрахад тустай байдгийг харуулах жишээ хэлнэ үү.
16 Бидний зарим нь сүнслэгээр сулрах юм уу муу хэрэгт уруудан орсноосоо болоод өөрийгөө Бурханд залбирах эрхгүй болсон гэж үзэж магадгүй. Гэтэл чухам ийм л үед залбирах завшаанаа бүрэн дүүрэн ашиглах ёстой юм. Иона даалгавраа биелүүлэхээс татгалзан зугтсан. Гэхдээ «зовлон гунигаасаа ЭЗЭНийг дуудахад Тэр [түүнд] хариулсан. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад [Ехова түүний] дууг сонссон» (Иона 2:2). Ионаг залбирахад Ехова хариулсан бөгөөд Иона сүнслэгээр эдгэрсэн.
17 Хосе Анхэл ч мөн тусламж гуйн, шаргуу залбирчээ. Тэрээр: «Би Бурханд сэтгэл зүрхээ уудлан байж, өршөөл гуйсан. Тэр надад үнэхээр тусалсан. Залбираагүй бол үнэний зам дээр буцаж гарахгүй байх байсан гэж би боддог. Одоо би өдөр бүр тогтмол залбирдаг бөгөөд залбирах гэж тэсэн ядан хүлээдэг» гэж ярьжээ. Бид алдаа дутагдлынхаа талаар Бурханд цаг ямагт илэн далангүй хэлж, түүнээс даруухнаар өршөөл гуйдаг байх ёстой. Давид хааныг нүглээ хүлээхэд Ехова түүний нүглийг уучилсан (Дуулал 32:3–5). Ехова биднийг яллахыг бус, туслахыг хүсдэг (1 Иохан 3:19, 20). Хурлын ахлагчдын залбирал бидний хувьд сүнслэг тусламж болно. Учир нь тийм залбирал «үр нөлөөтэй» байдаг (Иаков 5:13–16).
18. Бурхны үйлчлэгчид төөрөөд хичнээн хол явсан байлаа ч юунд итгэлтэй байж болох вэ?
18 Алдаа гаргасныхаа дараа даруухнаар тусламж, зөвлөгөө хүсээд ирэх хүүгээ ад үзэх эцэг байх уу? Төөрөөд хичнээн хол явсан байсан ч, буцаад ирэх юм бол тэнгэрийн Эцэг маань баярладаг гэдгийг самуун хүүгийн тухай ёгт үлгэр харуулдаг (Лук 15:21, 22, 32). Ехова алдаж яваа бүх хүнд өөрийг нь дуудахыг уриалдаг. «Учир нь Тэр өгөөмрөөр уучилна» (Исаиа 55:6, 7). Давид хэд хэдэн удаа ноцтой нүгэл үйлдсэн ч: «Өө Бурхан, миний залбирлыг чагнаач! Намайг гуйхад бүү нуугдаач!» гэж хэлэн Еховаг дуудсан. Түүнээс гадна: «Үдэш, өглөө, үдэд ч би сэтгэл зовнин, үглэнэ. ЭЗЭН дууг минь сонсоно» гэж хэлсэн (Дуулал 55:1, 17, МБОХ, 1998). Үүнийг мэдэх нь юутай тайвшрам бэ!
19. Залбиралд маань хариулахгүй байгаа мэт санагдвал Бурхан сайшаахгүй байгаагийн илрэл гэж яаран дүгнэх хэрэггүйн учир юу вэ?
19 Гэтэл залбирлынхаа хариуг түргэн авахгүй бол яах вэ? Хүсэлт маань Еховагийн таалалд нийцэж буй эсэхийг, Есүсийн нэрээр залбирч буй эсэхээ магадлах шаардлагатай (Иохан 16:23; 1 Иохан 5:14). «Буруу хандлагаар гуйдаг» учраас залбирлынхаа хариуг авч чадаагүй зарим христианы тухай шавь Иаков дурдсан байдаг (Иаков 4:3). Нөгөөтэйгүүр, залбиралд маань хариулахгүй байгаа мэт санагдвал Бурхан сайшаахгүй байгаагийн илрэл гэж яаран дүгнэх хэрэггүй. Ехова заримдаа, үнэнч үйлчлэгчид нь ямар нэг асуудалд тодорхой хариу авахаасаа өмнө хэсэг хугацаанд залбирах шаардлагатай гэж үзэж болох юм. «Гуйсаар байгтун, тэгвэл та нарт өгөгдөнө» гэж Есүс хэлсэн (Матай 7:7, ШЕ). Тиймээс бид «залбиралд үргэлж байх» хэрэгтэй (Ром 12:12, МАБ).
Байнга залбирагтун
20, 21. а) «Эцсийн өдрүүдэд» тасралтгүй залбирах хэрэгтэйн учир юу вэ? б) Еховагийн «нигүүлслийн хаан ширээнд» өдөр бүр ойртон очвол бид юу хүлээн авах вэ?
20 «Хэцүү цаг» гэж онцолсон «эцсийн өдрүүдэд» ертөнцийн зүгээс учруулдаг дарамт, бэрхшээл улам бүр нэмэгдэж байна (2 Тимот 3:1). Сорилт ухаан санааг амархан эзэмддэг. Гэхдээ тасралтгүй залбирах нь байнга тулгардаг бэрхшээл, хорхой хүрэм зүйл, сэтгэлээр унах явдал зэргийг үл харгалзан, сүнслэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Еховад өдөр бүр залбирвал бидэнд хэрэгтэй амин чухал дэмжлэг үзүүлнэ.
21 «Залбирлыг сонсдог Нэгэн» болох Ехова бидний залбирахыг сонсох зав дандаа гаргадаг (Дуулал 65:2). Харин бид түүнтэй ярих зав гаргахгүй байж болохгүй. Бурхантай анд нөхрийн харьцаатай байх нь бидний хувьд хамгийн үнэт хөрөнгө билээ. Үүнийгээ цаг үргэлж эрхэмлэж явъя. «Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё» (Еврей 4:16).
Та хэрхэн хариулах вэ?
• Зөнч Даниелын жишээнээс залбирах завшааныг эрхэмлэх тухай юу мэдэж болох вэ?
• Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа хэрхэн бэхжүүлж болох вэ?
• Тасралтгүй залбирах ёстойн учир юу вэ?
• Залбирах эрхгүй гэсэн бодол Еховад залбирахад саад болох ёсгүйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]