Зовлонг тэвчвэл Еховаг алдаршуулна
Зовлонг тэвчвэл Еховаг алдаршуулна
«Та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурхны тааллыг олдог» (1 ПЕТР 2:20).
1. Жинхэнэ христианууд Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахыг эрхэмлэдэг болохоор ямар асуултад анхаарлаа хандуулах ёстой вэ?
ХРИСТИАНУУД Еховад өөрийгөө зориулдаг бөгөөд түүний хүсэл тааллыг биелүүлэхийг эрмэлздэг. Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд тэд Үлгэр жишээ, Есүс Христийнхээ мөрөөр мөшгөн, үнэний тухай гэрчлэхдээ бололцоотой бүхнийг хийдэг (Матай 16:24; Иохан 18:37; 1 Петр 2:21). Гэвч, Есүс болон бусад үнэнч хүмүүс итгэлийнхээ төлөө амиа өгсөн билээ. Энэ нь христианууд бүгд итгэлийхээ төлөө үхэх шаардлагатай гэсэн үг үү?
2. Христианууд сорилт болон зовлон зүдүүрийг хэрхэн үздэг вэ?
2 Христиануудыг үхэх хүртлээ үнэнч байхыг уриалдаг болохоос, итгэлийнхээ төлөө заавал үх гэж шаарддаггүй (2 Тимот 4:7; Илчлэлт 2:10). Энэ нь бид итгэлийнхээ төлөө зовлон эдлэхэд, шаардлагатай бол үхэхэд бэлэн байдаг хэдий ч ингэхийг хүсдэггүй гэсэн үг юм. Бид зовж тарчлахыг хүсдэггүй бөгөөд өвдөж зовохдоо, эсвэл басамжлагдан доромжлогдохдоо аз жаргал эдэлдэггүй. Гэхдээ, сорилт болон хавчлага тохиолдох нь гарцаагүй учраас тийм юмтай тулгарвал яах вэ гэдгээ нухацтай бодох хэрэгтэй.
Сорилтын үед үнэнч байсн нь
3. Хавчлагын үед Бурхны үйлчлэгчид хэрхэж байсан талаарх Библийн жишээнүүдээс дурдана уу. (...-р хуудсанд байгаа «Тэд хавчигдах үедээ хэрхсэн нь» гарчигтай хавсралтыг үзнэ үү).
3 Дээр үед Бурхны үйлчлэгчид амь насанд нь аюул тулгарсан үед хэрхэж байсан тухай олон түүхийг Библид бичсэн байдаг. Хэрэв өнөөгийн христианууд дээрхтэй адилхан бэрхшээлтэй тулгарвал тэдний түүхээс сургамж авч болох юм. «Тэд хавчигдах үедээ хэрхсэн нь» гарчигтай хавсралтад байгаа жишээнүүдийг үзээд ямар сургамж авч болох талаар бодогтун.
4. Есүс болон бусад үнэнч үйлчлэгчид сорилтод орохдоо хэрхдэг байсан талаар та юу хэлэх вэ?
4 Есүс болон Бурхны бусад үнэнч үйлчлэгчид тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалаад хавчлагад янз бүрээр ханддаг байсан ч амь насаа утгагүйгээр эрсдүүлж байгаагүй нь тодорхой байдаг. Аюул тулгарахад тэд зоригтойн дээр хянамгай байдаг байлаа (Матай 10:16, 23). Тэдний зорилго бол дэлгэрүүлэх ажлаа сайжруулахын зэрэгцээ Еховад үнэнч байдлаа хадгалах явдал байв. Өнөөгийн христианууд янз бүрийн сорилт, хавчлагатай тулгарахдаа тэднээс жишээ авдаг юм.
5. 1960-аад онд Малавид ямар хавчлага өрнөсөн бэ? Гэрчүүд яасан бэ?
5 Орчин үед Еховагийн ард түмэн дайн, хориг, улайм цайм хавчлага зэргээс болоод зовлон гамшиг, гарз хохирлыг байнга амсаж байна. Жишээ нь: 1960-аад онд Малавийн Еховагийн Гэрчүүд харгис хэрцгий хавчлагад өртсөн. Тэд Хаанчлалын танхим, гэр орон, хоол хүнс, ажил төрөл гэх мэт үнэн чанартаа байгаа бүхнээ алдсан. Зодуулж жанчуулах, тарчилж зовох нь энүүхэнд. Тэд яасан бэ? Олон мянган Гэрч тосгоноо орхин зугтах хэрэгтэй болсон. Олон хүн шигүү ургасан ширэнгэнд хоргодож, зарим нь хөрш Мозамбик улс уруу түр цагаачлан гарчээ. Цөөнгүй Гэрч амь насаа алдсан ч олон хүн аюултай бүсийг орхин зугтсан нь тухайн нөхцөлд ухаалаг шийдвэр байсан нь тодорхой. Тийнхүү тэд Есүс болон Паулын үлдээсэн жишээг дагасан юм.
6. Хүчтэй хавчлага өрнөсөн ч Малави Гэрчүүд юуг орхиогүй вэ?
6 Малавийн христианууд зугтах юм уу нуугдахаас өөр аргагүй болсон ч теократ удирдлагыг эрж хайн, дагаж мөрдсөн бөгөөд христиан үйл хэргээ нууц байдалд боломжийнхоо хирээр явуулсан. Ямар үр дүнд хүрсэн бэ? Хориг тогтоохын өмнөх 1967 онд дэлгэрүүлэгчдийн дээд тоо 18 519 байжээ. Харин 1972 оны байдлаар, хориг үргэлжилж байсны дээр олон Гэрч Мозамбик уруу дүрвэчихсэн байсан ч дэлгэрүүлэгчдийн тоо шинэ дээд хэмжээнд хүрч, 23 398 болжээ. Нэг Гэрч сар бүр дунджаар 16 гаран цаг дэлгэрүүлж байжээ. Тэдний үйл хэрэг Еховаг алдаршуулж, Ехова ч тэр хэцүү бэрх цагт тэдгээр үнэнч ах нарыг ивээсэн нь эргэлзээгүй. *
7, 8. Эсэргүүцлээс болж бэрхшээлтэй тулгарч байсан ч зарим хүн нутагтаа үлдэхээр шийддэгийн учир юу вэ?
7 Нөгөө талаас, эсэргүүцлийн улмаас Гэрчүүдэд бэрхшээл тулгарсан улс оронд амьдардаг зарим ах явах боломжтой байсан ч нутагтаа үлдэхээр шийдэж болох юм. Нутгаа орхин нүүснээр зарим тодорхой бэрхшээлийг шийдэж болох ч өөр шинэ бэрхшээлүүдтэй тулгарч болно. Жишээ нь: Нүүж очсон газраа христиан ах дүүстэйгээ холбоо тогтоон, сүнслэг талаараа тусгаарлагдахгүй байж чадах уу? Хэрэв илүү баян, эсвэл баяжих боломж илүүтэй улс оронд очвол, очсон газраа төвхнөж, суурьших гээд их ажил болох учир сүнслэг талаар тогтоосон дэг журмаа урьдын адил мөрдөж чадах болов уу? (1 Тимот 6:9).
8 Зарим нь итгэл нэгтнүүдийнхээ сүнслэг хэрэгцээг бодоод үлдэхээр шийддэг. Тэд бэрхшээлээс шантралгүйгээр, төрөлх нутагтаа дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлж, итгэл нэгтнүүддээ урам хайрлан, тусалж дэмжихийг илүүд үздэг (Филиппой 1:14). Тийм шийдвэр гаргаснаараа зарим нь эх орондоо хууль эрхийн асуудлаар ялалт байгуулахад хувь нэмрээ оруулах явдал ч байдаг. *
9. Хавчлагын үед нутагтаа үлдэх эсэхээ шийдэхдээ ямар ямар хүчин зүйлийг тооцож үзэх ёстой вэ?
9 Нутагтаа үлдэх эсэх нь хүний хувийн хэрэг гэдэг нь маргаангүй. Тийм шийдвэрийг бид Еховагаас удирдамж гуйн залбирсныхаа дараа л гаргах хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ, ямар ч шийдвэр гаргасан элч Паулын: «Бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» гэж хэлснийг санах ёстой (Ром 14:12). Дээр тэмдэглэснээр Ехова үйлчлэгчдээсээ ямар ч нөхцөлд өөрт нь үнэнч байхыг шаарддаг. Зарим үйлчлэгч нь өнөөдөр соригдож, хавчигдаж байхад зарим нь ийм юмтай хожуу учирч болно. Бүх хүн ямар нэг байдлаар соригдох бөгөөд үүнээс гадуур юм гэж огт байхгүй! (Иохан 15:19, 20). Еховад өөрийгөө зориулсан Гэрчүүд бид Еховагийн нэрийг ариусгаж, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөх талаар хүн бүхэнд хамаатай асуудлаас бултан зайлах ямар ч аргагүй билээ (Езекиел 38:23; Матай 6:9, 10).
«Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул»
10. Есүс болон элч нар хавчлага хийгээд эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар бидэнд ямар чухал жишээ үзүүлсэн бэ?
10 Хавчлагын үед Есүс болон элч нар хэрхэж байсан жишээнээс бид өөрсдийг маань хавчиж байгаа хүмүүсээс хэзээ ч хариу авч болохгүй гэсэн чухал зарчмыг мэдэж авдаг. Библид Есүс болон түүний дагалдагчид өөрсдийг нь хавчигчдын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх юм уу хүч хэрэглэх зэргээр тэмцэж байсан тухай санаа төдий зүйл ч байдаггүй. Харин ч, элч Паул: «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул» гэж христиануудад зөвлөсөн билээ. Түүнчлэн: «Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурхны уур хилэнд зай гарга. Учир нь «„Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө“ гэж Эзэн айлдав» гэж байдаг хэмээн бичжээ. Түүнээс гадна: «Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн» гэж бичсэн буй (Ром 12:17–21; Дуулал 37:1–4; Сургаалт үгс 20:22).
11. Төр засагт эртний христиануудын хандах хандлагын талаар нэгэн түүхч юу хэлсэн бэ?
11 Эртний христианууд уг зөвлөгөөг мөрддөг байсан. Түүхч Сесил Каду «Эртний сүм ба ертөнц» номдоо МЭ 30—70-аад онд христианууд төр засагт хэрхэн ханддаг байсныг тодорхойлон бичжээ. Тэрээр: «Тэр үеийн христианууд хэзээ нэгэн цагт хавчлагыг хүч хэрэглэн эсэргүүцэх оролдлого хийж байсан гэх шууд баталгаа бидэнд байхгүй. Тэд сайндаа л дүрвэн зугтдаг байсан бөгөөд ингэснээр захирагчид нь хурц шүүмжлэлд өртөх буюу мухардалд ордог байжээ. Христианууд хавчлагыг тэсвэрлэдэг ч төр засгийн тушаал шийдвэр Христэд захирагдах ёсыг нь зөрчихөөр байвал түүнд захирагдахаас эрс татгалздаг нь тэдний хавчлагад хандах хэвийн хандлага юм» хэмээн бичжээ («The Early Church and the World»).
12. Өшөө авснаас зовлонг тэвчих нь яагаад дээр вэ?
12 Өнгөц харахад хүлцэнгүй юм шиг тийм арга зам үнэн хэрэгтээ зөв болов уу? Тийн хандсанаараа тэд өөрсдийг нь устгах гэсэн хүмүүст амархан олз болохгүй юү? Өөрсдийгөө хамгаалах нь ухаалаг хэрэг биш гэж үү? Хүний нүдээр харвал тийм юм шиг санагдаж болох юм. Гэхдээ, Еховагийн үйлчлэгчид бид бүхий л асуудалд түүний удирдлагыг дагах нь хамгийн зөв гэдэгт итгэлтэй байдаг. «Та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурхны тааллыг олдог» гэж хэлсэн Петрийн үгийг бид үргэлж санаж явдаг (1 Петр 2:20). Ехова нөхцөл байдлыг сайн мэддэг бөгөөд мөрдлөг хавчлагыг эцэс төгсгөлгүйгээр үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдэгт бид итгэдэг. Ямар үндэстэй тийн итгэдэг вэ? Ехова, Вавилон уруу олзлогдон очсон ард түмэндээ хандан: «Та нарт хүрэгч нь [миний] мэлмийн цэцгийд хүрдэг» гэж хэлсэн (Зехариа 2:8). Нүднийх нь цэцгийд хүрэхэд хүн хир удаан тэсэх вэ? Ехова зохих цагт биднийг тайвшруулна. Үүнд эргэлзэх юм огтхон ч байхгүй ээ (2 Тесалоник 1:5–8).
13. Есүс өөрийг нь баривчлахыг дайснуудад хүлцэнгүйгээр зөвшөөрсний учир юу вэ?
13 Энэ талаар бидэнд Есүс жишээ үзүүлсэн. Тэрбээр Гетсеманийн цэцэрлэгт дайснууддаа баригдсан нь өөрийгөө хамгаалж чадахгүйгээс болсон хэрэг биш байлаа. Чухамдаа тэрээр дагалдагчдадаа: «Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ?» хэмээн хэлжээ (Матай 26:53, 54). Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх нь Есүсийн хувьд хамгийн чухал асуудал байсан бөгөөд шаардлага гарвал үүний төлөө зовлон эдлэхэд ч бэлэн байлаа. Есүс, Давидын: «Учир нь Та миний сэтгэлийг [«амийг», ШЕ] Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй» хэмээсэн зөгнөлт дуулалд бүрэн дүүрэн итгэж байв (Дуулал 16:10). Олон жилийн дараа элч Паул Есүсийн тухай: «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг [«тарчлаах шонг», ШЕ] тэвчсэн бөгөөд Бурхны сэнтийний баруун гарт заларсан юм» хэмээн хэлсэн (Еврей 12:2).
Еховагийн нэрийг ариусгахын баяр баясгалан
14. Бүх л сорилтынх нь үед Есүст дэм болж байсан баяр баясгалан юу байсан бэ?
14 Тэр хүнд хэцүү сорилтын үед Есүст ямар баяр баясгалан дэм болж байсан бэ? Бурхны хайртай Хүү Есүс Еховагийн бүх үйлчлэгчийн дотроос Сатаны хамгийн гол бай болж байсан нь эргэлзээгүй. Тийм ч учраас, сорилтын үед үнэнч байх нь Еховагийн эсрэг Сатаны өдөөсөн хорон үгэнд эцсийн хариу болох байлаа (Сургаалт үгс 27:11). Дахин амилахдаа Есүс ямар ихээр баярлаж, сэтгэл нь хичнээн хангалуун байсныг та төсөөлж чадах уу? Тэрбээр, төгс хүний хувьд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөж, нэрийг нь ариусгах үүргээ биелүүлснээ мэдээд маш их жаргал эдэлсэн байх учиртай! Түүнээс гадна, Бурхны сэнтийн баруун талд суух нь Есүсийн хувьд гайхамшигтай завшаан, баяр баясгалангийн агуу шалтгаан байх нь маргаангүй ээ (Дуулал 110:1, 2; 1 Тимот 6:15, 16).
15, 16. Гэрчүүд Заксенхаузенд ямар хүнд хавчлагыг тэвчсэн бэ? Тэвчих хүчийг тэдэнд юу өгсөн бэ?
15 Түүнчлэн, христианууд Есүсийн адилаар, сорилт болон хавчлагыг тэвчин, Еховагийн нэрийг ариусгах хэрэгт оролцдогтоо бас баяртай байдаг. Үүний тод жишээ бол муу нэрээрээ зартай Заксенхаузены бөөнөөр хорих лагерьт хоригдон, Дэлхийн ІІ дайны төгсгөлөөр үхлийн хүнд хэцүү маршийг эсэн мэнд давсан Гэрчүүдэд тохиолдсон явдал юм. Маршийн үед олон мянган хоригдол цаг уурын хүнд нөхцөл, өвчин, өлсгөлөн болон СС-ийн цэргүүдийн яргаллаас болж замдаа үхсэн. Бүгд 230 Гэрч амьд үлдсэний учир нь тэд хамдтаа нэг дор явж, амиа үл хайрлан, бие биедээ тусалж байсных юм.
16 Тийм хүнд хэцүү сорилтыг давах хүчийг тэр Гэрчүүдэд юу өгсөн бэ? Тэд аюулгүй болсон даруйдаа «Мекленбург дахь Швериний ойролцоох ойд цугласан, зургаан үндэстний, 230 Еховагийн Гэрчийн тогтоол» гэсэн нэртэй баримт бичгээр Еховад баяр, талархлаа илэрхийлсэн. Тэр бичигт: «Сорилтын урт бөгөөд хатуу үе ард үлдэж, галтай зуухнаас аврагдсан юм шиг бидэнд хярвасны үнэр төдий зүйл ч үлдсэнгүй (Даниел 3:27-г үзнэ үү). Харин ч, бид Еховагийн хүч чадлаар дүүрч, Теократ үйл хэргээ өргөжүүлэхийн тулд Хаанаас дараагийн тушаалыг нь тэсэж ядан хүлээж байна» хэмээн бичжээ. *
17. Өнөөдөр Бурхны ард түмэнд сорилт ямар ямар хэлбэрээр тохиолддог вэ?
17 Хэдийгээр бид эдүгээ хүртэл «цус урсгах хүртлээ... эсэргүүцээгүй» ч тэдгээр 230 үнэнч Гэрч шиг итгэлийн сорилттой тулгарч мэднэ (Еврей 12:4). Гэхдээ, сорилт янз бүрийн хэлбэрээр байж болно. Жишээлбэл, ангийн хүүхдүүд элэглэн дооглох юм уу найз нөхдийн зүгээс садар самуун гэх мэтийн нүгэлт үйл хэрэгт уруу татах гэсэн оролдлого зэрэг байж болох юм. Түүнчлэн, цуснаас татгалзах, «зөвхөн Эзэн дотор гэрлэх» болон шашин шүтлэгээр хуваагдмал гэр бүлд үр хүүхдээ хүмүүжүүлэх зэрэг асуудлаар гаргасан шийдвэр маань заримдаа хэцүү хавчлага, сорилтыг бий болгодог (Үйлс 15:29; 1 Коринт 7:39; Ефес 6:4; 1 Петр 3:1, 2).
18. Бид хамгийн хэцүү сорилтыг ч давж чадна гэдгийн ямар баталгаа байдаг вэ?
18 Гэхдээ, бид ямар ч сорилттой тулгарсан Ехова болон түүний Хаанчлалыг тэргүүн зэрэгт тавьснаасаа болж зовлон эдэлж байна гэдгээ ойлгодог бөгөөд үүнийгээ үнэхээрийн аз завшаан, баяр хөөр гэж үздэг. Бид, «Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурхны Сүнс та нарын дээр оршдог» хэмээсэн Петрийн сэтгэл сэргээм үгнээс урамшин зоригждог (1 Петр 4:14). Бид Еховагийн сүнсний хүчээр бэхжин, хамгийн хэцүү сорилтыг ч гэсэн давж, түүнд магтаал хийгээд алдар хүндэтгэлийг өргөж чадна (2 Коринт 4:7; Ефес 3:16; Филиппой 4:13).
[Зүүлт]
^ 1960-аад онд болсон үйл явдал бол сүүлийн 30 орчим жилийн турш Малавийн Гэрчүүдэд тохиолдсон харгис догшин, цуст хавчлагын зөвхөн эхлэл байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1999 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-ын 171—212-р хуудаснаас үзнэ үү (англ.).
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2003 оны 4-р сарын 1-ний дугаарын 11—14-р хуудаснаас «„Арарат нутагт“ Дээд шүүх жинхэнэ шүтлэгийг дэмжиж байна» гарчигтай өгүүллийг үзнэ үү.
^ Тогтоолын бүрэн эхийг 1974 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-ын 208, 209-р хуудаснаас үзнэ үү (англи). Маршийг эсэн мэнд давагсдын нэгнийх нь үгийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1998 оны 1-р сарын 1-ний дугаарын 25—29-р хуудаснаас үзэж болно.
Та тайлбарлаж чадах уу?
• Христианууд зовлон зүдүүр болон хавчлагад хэрхэн ханддаг вэ?
• Есүс болон бусад үнэнч үйлчлэгчид сорилтод байхдаа хэрхдэг байснаас бид ямар сургамж авч болох вэ?
• Хавчигчдаас өшөө авахгүй байх нь яагаад ухаалаг хэрэг вэ?
• Соригдох үед нь Есүст ямар баяр баясгалан дэм болж байсан бэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[10-р хуудасны хавсралт/зураг]
Хавчлагын үед тэд хэрхсэн нь
• Хоёр хүртлэх насны хөвгүүдийг алахаар Херодын цэргийг Бетлехемд ирэхээс өмнө Иосеф Мариа хоёр тэнгэр элчийн зааврын дагуу бяцхан Есүсийг аваад Египет уруу зугтсан (Матай 2:13–16).
• Есүсийг дэлхий дээр үйлчилж байх үед дайснууд нь зоригтой гэрчилснийх нь төлөө түүнийг алахаар олон удаа завдсан. Тэр болгонд Есүс зугтан зайлдаг байсан (Матай 21:45, 46; Лук 4:28–30; Иохан 8:57–59).
• Цэрэг, харуулууд өөрийг нь баривчлахаар Гетсеманийн цэцэрлэгт ирэхэд Есүс хоёр ч удаа: «Би байна» хэмээн ил тод хэлсэн. Тэр байтугай, ямар нэг эсэргүүцэл үзүүлэхийг дагалдагчдадаа хориглосон бөгөөд өөрийг нь баривчлан авч явахыг ирсэн хүмүүст зөвшөөрсөн (Иохан 18:3–12).
• Иерусалимд Петр болон түүний нөхдийг барьж авчран, ташуурдаад, Есүсийн нэрээр дахиж ярихгүй байхыг тушаажээ. Гэвч, тэд суллагдсаныхаа дараа «өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв» (Үйлс 5:40–42).
• Хожим нь элч Паул болсон Саул өөрийг нь Дамаскийн иудейчүүд алахаар хуйвалдаж байгааг мэдсэнд ах дүүс түүнийг шөнөөр сагсанд хийж, хотын хэрэм дагуулан буулгаж, аварчээ (Үйлс 9:22–25).
• Олон жилийн дараа, захирагч Фест, хаан Агрийп нарын хэн хэн нь өөрийг нь «үхэх, эсвэл хоригдвол зохих хэрэг үйлдээгүйг» тогтоосон ч Паул Цезарьт давж заалдахаар шийдсэн (Үйлс 25:10–12, 24–27; 26:30–32).