Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс
Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс
«Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ!» (МАТАЙ 5:10).
1. Есүс Пилатад хүргэгдсэний учир юу вэ? Есүс юу гэж хэлсэн бэ?
«УЧИР нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» (Иохан 18:37). Есүс энэ үгийг Иудей мужийн ром захирагч Понти Пилатад хэлсэн билээ. Есүс Пилат дээр өөрийнхөө хүслээр юм уу Пилатын урилгаар ирээгүй аж. Харин, иудейн шашны удирдагчид түүнийг үхлийн шийтгэл оноодог гэмт хэрэгт хуурамчаар буруутгасны улмаас Есүс тэнд хүргэгджээ (Иохан 18:29–31).
2. Есүс яасан бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?
2 Пилат өөрийг нь чөлөөлөх, эсвэл цаазлах эрхтэй гэдгийг Есүс сайн мэдэж байсан (Иохан 19:10). Гэлээ ч Пилатад Хаанчлалын тухай зоригтой ярьсан билээ. Амь нь хутганы ирэн дээр байсан хэдий ч Есүс тухайн нутгийн хамгийн дээд эрх мэдэлтэнд гэрчлэх боломжийг ашиглажээ. Гэрчлэлийг нь үл харгалзан Есүсийг буруутгаж, тарчлаах шонд хадаж алах ялаар шийтгэсэн. Тэрээр итгэл үнэмшлийнхээ төлөө үхсэн юм (Матай 27:24–26; Марк 15:15; Лук 23:24, 25; Иохан 19:13–16).
Гэрч үү, эсвэл «амиараа гэрчилдэг хүн» үү?
3. Библи бичигдэж байх үед «мартис» гэдэг үг ямар утга илэрхийлдэг байсан бэ? Өнөөдөр ямар утгатай болсон бэ?
3 Итгэл үнэмшлийнхээ төлөө, ялангуяа шүтлэг бишрэлийнхээ төлөө үхэхэд ч бэлэн хүмүүсийг өнөөдөр ямар нэг хэмжээгээр фанатик буюу хэт шүтлэгтэн гэж үздэг хүн олон байдаг. Тийм хүмүүсийг террористууд гэж үздэггүй юмаа гэхэд нийгэмд аюултай хүмүүс гэж сэжиглэх нь цөөнгүй. Гэхдээ, грек хэлний «мартис» гэдэг үг Библи бичигдэж байх үед, итгэдэг зүйлийнхээ талаар шүүх хурал дээр ч юм уу, гэрчилдэг хүн буюу «гэрч» гэсэн утгатай байжээ. Харин, хожим «амиараа дэнчин тавин гэрчилдэг хүн» буюу амиараа гэрчилдэг хүн гэсэн утга илэрхийлэх болсон байна.
4. Есүс гол төлөв ямар утгаар «мартис» байсан бэ?
4 Есүс гол төлөв уг үгийн анхны утгаар «мартис» байсан юм. Тэрээр Пилатад хэлснээрээ «үнэнийг гэрчлэхийн тулд» ирсэн. Түүний гэрчлэлд хүмүүс янз бүрээр хандаж байв. Энгийн хүмүүсийн дунд сонсож, харсан зүйлдээ сэтгэл нь ихээр хөдөлж, Есүст итгэсэн хүн цөөнгүй байлаа (Иохан 2:23; 8:30). Олон түмэн ерөнхийдөө, харин шашны удирдагчид соргог хүлээн авч байв. Гэхдээ шашны удирдагчид эсрэг талаас нь харж байлаа. Есүс үл итгэгч садангийнхандаа: «Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг» гэж хэлсэн (Иохан 7:7). Есүс үнэний тухай гэрчлэхдээ ард олны удирдагчдын уур хилэнг хүргэсэн бөгөөд энэ нь түүнийг үхэлд хүргэсэн. Үнэндээ тэр «итгэмжит бөгөөд үнэн Гэрч (мартис)» байсан (Илчлэлт 3:14).
«Та нарыг үзэн ядна»
5. Үйлчлэлийнхээ эхэн үед Есүс хавчлагын талаар юу хэлсэн бэ?
5 Есүс өөрөө харгис хатуугаар хавчигдаж байсан төдийгүй тийм юм дагалдагчдад нь тохиолдох ёстойг анхааруулсан. Үйлчлэлийнхээ эхэн үед Ууланд айлдсан номлолоороо сонсогчдодоо: «Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон муу ярихад та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа» хэмээн хэлжээ (Матай 5:10–12).
6. Есүс 12 элчийг дэлгэрүүлэх ажлаар илгээхдээ юу гэж сануулсан бэ?
6 Хожим 12 элчээ дэлгэрүүлэх ажлаар илгээхдээ: «Хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогууд дотроо та нарыг ташуурдах болно. Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж, Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно» гэж хэлсэн. Гэхдээ, шавь нарыг хавчих хавчлага зөвхөн шашны удирдагчдаар хязгаарлагдах ёсгүй байв. Есүс цааш нь: «Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно» хэмээн хэлсэн (Матай 10:17, 18, 21, 22). Нэгдүгээр зууны христиануудын түүх энэ үгийн үнэн болохыг баталдаг.
Үнэнч тэвчээрийн жишээ
7. Стефан юунаас болж алуулсан бэ?
7 Есүсийг үхсэний дараахан үнэнийг гэрчилснийхээ төлөө алуулсан анхны христиан бол Стефан юм. Стефан «нигүүлсэл болон хүчээр дүүрэн» байсан бөгөөд «агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа». Дайснууд нь «түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадаагүй» юм (Үйлс 6:8, 10). Атаа хорсолд автсан тэд Стефаныг Зөвлөл буюу Иудейн дээд шүүх дээр аваачсан ба тэнд түүнд худал ял тулгасан ч тэрээр үнэмшилтэйгээр гэрчилсэн. Гэвч, эцсийн эцэст дайснууд энэхүү үнэнч гэрчийг алсан билээ (Үйлс 7:59, 60).
8. Стефаныг үхсэний дараа хавчлага өрнөхөд Иерусалимд байсан шавь нар яасан бэ?
8 Стефаныг алагдсаны дараа «Иерусалим дахь чуулганы [«хурлын», ШЕ] эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей болон Самарийн нутгуудад тархав» (Үйлс 8:1). Хавчлагаас болж христианууд гэрчлэх ажлаа зогсоосон уу? Үгүй. Харин ч, Библид: «Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв» гэж байдаг (Үйлс 8:4). Тэд, урд нь Петрийн: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» хэмээн хэлж байсантай санал нийлсэн нь эргэлзээгүй (Үйлс 5:29). Тэдгээр үнэнч, зоригтой шавь нар гэрчлэл нь илүү хүнд зовлон бэрхшээл авчрахыг мэдэж байсан ч хавчлагыг үл хайхран, үнэний тухай шаргуу гэрчилсээр байв (Үйлс 11:19–21).
9. Есүсийн дагалдагчид өөр ямар хавчлагатай тулгарсан бэ?
9 Үнэндээ ч, христиануудыг хавчих эрч хүч огт сулраагүй. Эхлээд, Стефаныг чулуугаар шидэж алахыг сайшаан харж байсан Саул гэгч «Эзний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, ...тэргүүн тахилч уруу очиж, тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ» (Үйлс 9:1, 2). Түүнээс хойш, МЭ 44 оны орчим «Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганы [«хурлын», ШЕ] зарим хүнийг баривчлав. Тэр Иоханы ах Иаковыг цавчин алуулжээ» (Үйлс 12:1, 2).
10. «Үйлс» болон «Илчлэлт» номд хавчлагын талаар ямар ямар баримт байдаг вэ?
10 Хавчигч байснаа элч болсон Паул гэх зэрэг үнэнч христианууд сорилтод орж, шоронд хоригдож, хавчлагад өртөж байсан тухай арилшгүй баримт «Үйлс» номын бусад бүлэгт тэмдэглэгдэн үлджээ. Паул итгэл үнэмшлийнхээ төлөө МЭ 65 оны орчим Ромын эзэн хаан Нерогийн гарт үхсэн бололтой (2 Коринт 11:23–27; 2 Тимот 4:6–8). Эцэст нь, бид нэгдүгээр зууны төгсгөлөөр бичигдсэн «Илчлэлт» номоос, өндөр настай болсон хойноо «Бурхны үг болон Есүсийн гэрчлэлээс болж» Патм арал дээр цөлөгдөн хоригдсон элч Иоханы тухай мэддэг. «Илчлэлт» номд «[Пергамд] та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн» хэмээн Есүсийн хэлсэн Антипын тухай бас байдаг (Илчлэлт 1:9; 2:13).
11. Хавчлагын талаар Есүсийн хэлсэн үг эртний христианууд дээр хэрхэн биелсэн бэ?
11 «Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» хэмээн дагалдагчдадаа хэлсэн Есүсийн үг тийнхүү биелсэн (Иохан 15:20). Эртний үнэнч христианууд, «та нар... Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээсэн Эзэн Есүс Христийнхээ тушаалыг биелүүлэхийн тулд зовж тарчлах, зэрлэг араатны дунд хаягдах зэргээр хамгийн хүнд сорилт буюу үхэлтэй тулгарахад ч бэлэн байв. (Үйлс 1:8).
12. Христиануудыг хавчих нь өнгөрсөн үед тохиолдож байсан хэрэг гэж бодох нь яагаад буруу вэ?
12 Есүсийн дагалдагчидтай тийн харгис хандаж байсныг зөвхөн өнгөрсөн үед тохиолдож байсан хэрэг гэж бодвол том эндүүрэл болно. Бидний мэдэж байгаагаар олон зовлон гамшгийг биеэрээ туулсан Паул: «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» хэмээн бичжээ (2 Тимот 3:12). Хавчлагын талаар Петр: «Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж бас хэлсэн (1 Петр 2:21). Эсэргүүцэгчид тэр үеэс эхлээд энэхүү эд юмсын тогтолцооны «эцсийн өдрүүд» хүртэл Еховагийн ард түмнийг үзэн ядаж, тэдэнд дайсагнан хандсаар байна (2 Тимот 3:1). Дэлхийн өнцөг булан бүрд, дарангуйлагч дэглэм, ардчилсан төрийн аль ч засаглалтай улс оронд Еховагийн Гэрчүүд ганц нэгээрээ болон байгууллага хамт олноороо үе үе хавчлагад өртөж байна.
Тэднийг үзэн ядаж, хавчдагийн учир юу вэ?
13. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид хавчлагын талаар юу санаж явах ёстой вэ?
13 Өнөөдөр бидний ихэнх нь харьцангуй чөлөөтэй дэлгэрүүлж, тайван амгалан цуглаж байгаа ч «энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож [«өөрчлөгдөж», ШЕ] байна» хэмээсэн Библийн сануулгыг анхаарах ёстой (1 Коринт 7:31). Оюун санаа, сэтгэл зүй, сүнслэг талын бэлтгэлээ базаахгүй бол бүх юм хурдан өөрчлөгдөхөд бид амархан бүдэрч мэдэх юм. Тэгвэл, өөрийгөө хамгаалахын тулд яах вэ? Энх амгаланд дуртай, хууль сахидаг христиануудыг үзэн ядаж, хавчдагийн учрыг үргэлж санаж явбал сайн хамгаалалт болно.
14. Христиануудын хавчигдаж байсан шалтгааны талаар Петр юу хэлсэн бэ?
14 Христиануудыг Ромын эзэнт гүрний зүгээс газар сайгүй сорьж, хавчихад элч Петр МЭ 62—64 оны орчим бичсэн анхны захидалдаа үүнийг тэмдэглэн: «Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх» хэмээн бичжээ. Петр ямар санаа хэлэх гэснээ тайлбарлан, цааш нь: «Та нараас хэн нь ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл хорон мууг үйлдэгч юм уу, эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурхныг алдаршуул» хэмээн бичсэн. Христианууд ямар нэг муу үйл хийснийхээ төлөө бус, харин хэн байсныхаа төлөө зовлон эдэлж байсан юм гэдгийг Петр онцолсон. Хэрэв христианууд эргэн тойрныхон шигээ «дураараа дургих явдалд» автсан бол хүмүүс тэднийг халуун дотно хүлээн авах байжээ. Гэвч, христианууд Христийн дагалдагчийн ёсоор амьдрахыг хичээсэн учраас зовлон эдэлсэн юм. Өнөөдрийн христиануудын хувьд ч байдал адилхан бөлгөө (1 Петр 4:4, 12, 15, 16).
15. Еховагийн Гэрчүүдэд хандах хандлагад өнөөдөр ямар зөрчил ажиглагддаг вэ?
15 Еховагийн Гэрчүүд чуулган болон бүтээн босгох ажил дээрээ илэрхийлдэг эв нэгдэл, хамтач ажиллагаагаараа; алив ажилд үнэнч шударга, хичээл зүтгэлтэй ханддагаараа; ёс суртахууны асуудал, гэр бүлийн амьдрал, тэр байтугай гадаад төрх болон биеэ авч явах байдлаараа ямагт үлгэр жишээ үзүүлдэг. Үүгээрээ Еховагийн Гэрчүүд дэлхийн аль ч улс оронд олон түмний сайшаалыг хүртдэг. * Нөгөө талаас, энэ өгүүллийг бэлдэж байх үед наад зах нь 28 улсад Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа хориотой буюу хязгаартай байгаа ба олон Гэрч итгэл үнэмшлийнхээ улмаас бие махбодиороо зовлон эдэлж, хохирол амсаж байна. Еховагийн Гэрчүүдэд хандах хандлагад тийм зөрчил байдгийн учир юу вэ? Үүнийг Бурхан яагаад зөвшөөрдөг вэ?
16. Бурхан өөрийнх нь ард түмнийг хавчихыг хүлцэн зөвшөөрдгийн гол шалтгаан юу вэ?
16 Юуны түрүүнд бид «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» хэмээн Сургаалт үгс 27:11-д бичсэнийг санах ёстой. Яагаад гэвэл олон мянган жилийн тэртээ орчлонт ертөнц дэх хэмжээгүй эрх мэдлийн талаар маргаантай асуудал үүссэн билээ. Асар олон хүн түүхийн урт хугацааны турш Еховад үнэнч байснаараа энэ асуултад хангалттай хариу өгсөн ч Сатан үнэнч эр Иовын үед Еховаг доромжлон гутааж байсан үйл хэргээ өнөөдөр ч гэсэн үргэлжлүүлсээр байгаа юм (Иов 1:9–11; 2:4, 5). Эдүгээ Сатан үгээ нотлох гэж эцсийн хүчээрээ улайран оролдож байгаа нь эргэлзээгүй. Учир нь Бурхны Хаанчлал тогтож, одоо дэлхий даяар олон албат, төлөөлөгчтэй болоод байгаа билээ. Гэвч, саад бэрхшээл, зовлон гамшиг тохиолдлоо гэхэд тэдгээр албат, төлөөлөгч Бурханд үнэнч хэвээрээ үлдэх болов уу? Энэ асуултад Еховагийн үйлчлэгч бүр бие даан хариулах ёстой (Илчлэлт 12:12, 17).
17. Есүсийн, «энэ нь та нарын гэрчлэх боломж болно» гэж хэлсэн нь ямар утгатай вэ?
17 Есүс, «эд юмсын тогтолцооны төгсгөлийн үед» (ШЕ) юу болохыг шавь нартаа хэлэхдээ үйлчлэгчдийг нь хавчихыг Ехова хүлцэн зөвшөөрөх өөр нэг шалтгааныг тэмдэглэсэн. Тэрбээр: «Миний нэрнээс болж... та нарыг захирагчид болон хаадын өмнө авчирна. Энэ нь та нарын гэрчлэх боломж болно» гэж хэлсэн (Матай 24:3, 9; Лук 21:12, 13). Есүс өөрөө Херод болон Понти Пилатад гэрчилсэн. Элч Паул бас «захирагчид болон хаадын өмнө» хүргэгдсэн. Эзэн Есүс Христээр удирдуулсан Паул: «Би Цезарьт давж заалдана» гэж хэлэхдээ тэр үеийнхээ хамгийн хүчирхэг захирагчид гэрчлэх боломж хайж байсан хэрэг юм (Үйлс 23:11; 25:8–12). Түүнтэй адилаар, өнөөгийн хэцүү нөхцөл байдалд албаны болон энгийн хүмүүсийн аль алинд сайн гэрчлэх боломж олонтаа гарч байлаа. *
18, 19. а) Сорилт нь бидэнд ямар байдлаар тус болдог вэ? б) Дараагийн өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?
18 Эцэст нь хэлэхэд, сорилт болон зовлон нь бидэнд ашигтай байдаг. Ямар? Шавь Иаков итгэл нэгтнүүддээ: «Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ» хэмээн сануулсан. Тийм ээ, хавчлага итгэлийг цэвэршүүлж, тэвчээрийг бэхжүүлж болно. Тийм учраас бид хавчлагаас айдаггүйн дээр түүнээс зайлсхийх юм уу, түүнийг болиулах гэж Библийн бус арга зам эрж хайдаггүй. Харин ч, «Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна» гэж хэлсэн Иаковын сануулгад анхаарлаа хандуулдаг (Иаков 1:2–4).
19 Бурхны үнэнч үйлчлэгчдийг хавчдаг хийгээд Ехова түүнийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг ойлгоход Бурхны Үг тусалдаг хэдий ч хавчлагыг тэсвэрлэн давах тийм ч амаргүй. Хавчлагыг давах хүчийг бидэнд юу өгдөг вэ? Хавчлагатай тулгарвал яах хэрэгтэй вэ? Энэ мэт чухал асуултуудыг дараагийн өгүүллээр авч үзнэ.
[Зүүлт]
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1995 оны 12-р сарын 15-ны дугаарын 27—29; 1994 оны 4-р сарын 15-ны дугаарын 16, 17-р хуудас; «Сэрцгээ!» сэтгүүлийн 1993 оны 12-р сарын 22-ны дугаарын 6—13-р хуудсыг үзнэ үү.
^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 2003 оны 1-р сарын 8-ны дугаарын 3—11-р хуудсыг үзнэ үү.
Та тайлбарлаж чадах уу?
• Есүс гол нь юунаас болж алуулсан бэ?
• Нэгдүгээр зууны христиануудад хавчлага яаж нөлөөлсөн бэ?
• Петрийн тайлбарласнаар эртний христианууд ямар учраас хавчигдаж байсан бэ?
• Ехова үйлчлэгчдээ хавчигдахыг ямар ямар шалтгааны улмаас хүлцэн зөвшөөрдөг вэ?
[Догол мөрийн асуулт]