Skip to content

Гарчиг руу орох

Шагнал хүртэхийн тулд биеэ баригтун!

Шагнал хүртэхийн тулд биеэ баригтун!

Шагнал хүртэхийн тулд биеэ баригтун!

«Тэмцээнд өрсөлдөгч хүн бүр бүх талаараа биеэ барих чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж» (1 КОРИНТ 9:25).

1. Ефес 4:22–24-т бичсэнээр олон сая хүн Еховад хэрхэн «за» гэж хэлсэн бэ?

 ХЭРЭВ та Еховагийн Гэрчийн ёсоор баптисм хүртсэн бол ялагч нь мөнх амийн шагнал хүртэх болзолтой тэмцээнд оролцохыг хүсэж байгаагаа олон нийтэд мэдэгдэн, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхээр «за» гэж хэлсэн хэрэг юм. Еховад өөрийгөө зориулахын өмнө уг арга хэмжээгээ хүчин төгөлдөр бөгөөд Бурханд таалагдахуйц болгохын тулд олон хүн нилээд хэмжээгээр өөрчлөгдөх шаардлагатай болсон. Бид элч Паулын: «Амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар хойш тавьж, [...] зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс» хэмээн христиануудад өгсөн зөвлөгөөг дагасан (Ефес 4:22–24). Өөрөөр хэлбэл, Еховад өөрийгөө зориулах арга хэмжээнд «за» гэж хэлэхээсээ өмнө Бурханд таалагддаггүй хуучин амьдралдаа «үгүй» гэж хэлсэн билээ.

2, 3. Бурхны сайшаал хүртэхийн тулд ямар хоёр өөрчлөлт хийх хэрэгтэйг 1 Коринт 6:9–12 хэлж өгдөг вэ?

2 Еховагийн Гэрч болохын тулд хойш тавивал зохих хуучин хүний зарим онцлог шинжийг Бурхны Үгэнд эрс буруушаасан байдаг. Паул, Коринтынхонд бичсэн захидалдаа: «Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурхны хаанчлалыг өвлөхгүй» хэмээн тэдгээрээс заримыг нь дурджээ. Цааш нь, 1-р зууны христианууд шаардлагатай өөрчлөлт хийснийг тэмдэглэн: «Та нарын зарим нь тийм байсан» гэж бичсэн. Тийм байна гээгүй, тийм байсан гэж бичсэнийг анхаараарай (1 Коринт 6:9–11).

3 Паул: «Надад бүх юм зөвшөөрөгддөг, харин бүх юм тустай биш» хэмээн бичиж, цаашид ч өөрчлөгдөх шаардлага байгааг анхааруулсан (1 Коринт 6:12). Тийм учраас, өнөөдөр Еховагийн Гэрч болох хүсэлтэй олон хүн хуулиар зөвшөөрөгдсөн ч огт ашиггүй буюу түр зуурын ашиг өгдөг зүйлд хүртэл «үгүй» гэж хэлэх хэрэгтэйг мэддэг. Тийм зүйлс цаг их идэж, илүү чухал зүйлээс анхаарал сарниулж магадгүй.

4. Бурханд өөрийгөө зориулсан христианууд юун дээр Паултай санал нийлдэг вэ?

4 Бурханд өөрийгөө зориулах нь сайн дурын хэрэг болохоос, хамаг байдгаа золиослон, зөв харан инээж, буруу харан уйлж байж хийдэг зүйл биш юм. Бурханд өөрийгөө зориулсан христианууд: «Би Түүний төлөө бүх юмны гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд [юм]» хэмээн Паулын, Христийн дагалдагч болсныхоо дараа хэлсэнтэй санал нийлдэг (Филиппой 3:8). Паул Бурханд үргэлж «за» гэж хэлэхийн тулд ач холбогдол багатай зүйлст дуртайяа «үгүй» гэж хэлдэг байсан.

5. Паул ямар уралдаанд ялалт байгуулсан бэ? Бид хэрхэн ялалт байгуулж болох вэ?

5 Паул сүнслэг уралдаанд оролцохдоо биеэ барьдаг байсан бөгөөд эцэст нь: «Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахьсан. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно» хэмээн хэлж чадсан (2 Тимот 4:7, 8). Бид хэзээ нэгэн цагт дээрхтэй адилхан үгийг хэлж чадах болов уу? Итгэлээ хадгалан, биеэ барьж, христиан «замынхаа» төгсгөл хүртэл зогсолтгүй гүйвэл чадна.

Сайн үйл хийхийн тулд биеэ барих нь

6. Биеэ барих гэж юу вэ? Бид ямар хоёр асуудалд биеэ барих ёстой вэ?

6 Ариун Библид «биеэ барих» гэж орчуулсан еврей, грек үгийг махчилбал өөрийгөө албадах буюу захирч чаддаг хүн гэсэн утгатай аж. Энэ үг нь муу үйл хийхийг тэвчих гэсэн санаа илэрхийлэх нь олонтаа. Гэхдээ сайн үйл хийхэд бас тодорхой хэмжээгээр биеэ барих шаардлагатай нь ойлгомжтой. Төгс бус хүмүүс төрөлхийн муу юм хийх хандлагатай байдаг учраас бидний хувьд хоёр тийшээ чиглэсэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог (Номлогчийн үгс 7:29; 8:11). Муу үйл хийхийг цээрлэхийн зэрэгцээ сайн үйл хийхэд өөрсдийгөө албадах ёстой. Үнэндээ, сайн үйл хийхэд өөрийгөө албадах нь мууг үйлдэхээс зайлсхийх хамгийн сайн аргуудын нэг мөн.

7. а) Бид Давидын адилаар юуны тухай залбирах хэрэгтэй вэ? б) Биеэ илүү сайн барьж чаддаг болохын тулд юуны тухай эргэцүүлэн бодох нь зүйтэй вэ?

7 Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу эцсээ хүртэл амьдрахад биеэ барих чадвар туйлаас чухал гэдэг нь ойлгомжтой. Бид Давидын адилаар: «Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» хэмээн залбирах хэрэгтэй (Дуулал 51:10). Ёс суртахуун болон бие махбодыг доройтуулдаг зүйлсээс зайлсхийхийн ач тусыг эргэцүүлэн бодож болно. Тийм зүйлсээс зайлсхийхгүй бол өвчин тусах, бусадтай харьцах хэвийн харьцаа алдагдах, тэр байтугай зуурдын үхэл зэрэг хохирол амсаж болзошгүйг бодолцох хэрэгтэй. Нөгөө талаас, Еховагийн зааж өгдөг амийн замаар явахын олон сайн талыг бодогтун. Гэхдээ, бид асуудалд бодитой хандаж, зүрхээ хуурамч гэдгийг мартаж болохгүй (Иеремиа 17:9). Еховагийн хэм хэмжээг сахиж мөрдөхийн чухлыг үл тоомсорлох гэсэн зүрхнийхээ санаархлыг шийдвэртэй эсэргүүцэх ёстой.

8. Туршлагаасаа бид юу мэдэж авдаг вэ? Жишээ дурдана уу.

8 Зөрүүд зан уриалган сэтгэлийн галыг унтраах хандлагатай байдгийг бидний ихэнх нь туршлагаасаа мэдэх билээ. Жишээ болгон Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг аваад үзье. Авралын энэхүү ажилд хүмүүс дуртайяа оролцвол Ехова баярладаг (Дуулал 110:3; Матай 24:14). Олон түмэнд дэлгэрүүлэх энэ ажилд суралцахад бидний ихэнхийн тухайд амар байгаагүй. Амар хялбар зам хайхын оронд өөрийгөө захирч, «биеэ зовоон», «боол болгох» шаардлагатай байсан. Магадгүй одоо ч тийм байж болох юм (1 Коринт 9:16, 27; 1 Тесалоник 2:2).

«Бүх талаараа»?

9, 10. «Бүх талаараа биеэ барих» гэдэгт юу юу ордог вэ?

9 «Бүх талаараа биеэ барих» тухай Библийн зөвлөгөө бол уураа барьж, ёс суртахуунгүй үйлийг цээрлэх төдийгөөр хязгаарлагдах ойлголт биш. Эдгээр асуудлаар бид аль хэдийн биеэ барьж чаддаг болсон гэж боддог байж болох юм. Үнэхээр тийм бол баярлууштай хэрэг. Гэхдээ, биеэ барих хэрэг тийм ч их шаардлагагүй юм шиг амьдралын бусад хүрээний тухайд юу хэлж болох вэ? Жишээ нь, бид харьцангуй баян оронд чинээлэг амьдардаг гэж бодъё. Үрэлгэн занд «үгүй» гэж хэлж сурах нь ухаалаг хэрэг биш гэж үү? Эцэг эхчүүд хүүхдүүдээ, байгаа дээр нь ч гэдэг юм уу, эсвэл хорхой хүрээд байна, эсвэл мөнгөтэй юм чинь авчихъя гэх мэтээр харсан болгоноо авах гэсэн сэтгэлгээнд сургахгүй байх нь зүйтэй. Энэ сургаалаа үр дүнд хүргэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дууриал үзүүлэх ёстой нь ойлгомжтой (Лук 10:38–42).

10 Арвилан хэмнэх зарчимд суралцсанаар илүү их сэтгэлийн тэнхээтэй болно. Түүнээс гадна, өөртөө байгаагаа илүү үнэлдэг болохын зэрэгцээ хүссэндээ бус, харин аргагүйн эрхэнд арвилан хэмнэх зарчим баримталдаг хүмүүсийг өрөвддөг болдог. Үнэндээ, энгийн амьдрал, өнөөдөр түгээмэл болсон «Өөрөө өөртөө сайныг үйлд!», «Та хамгийн сайныг авах ёстой!» гэх зэрэг уриа лоозонтой харшилдаг. Зар сурталчилгааны ертөнц хүсэлдээ түргэн хүрэх урам зориг хөгжөөдөг ч үүний цаана бизнесийн ашиг сонирхол л байдаг. Ийм нөхцөл байдал биеэ барих гэсэн хүчин чармайлтад маань саад болж болно. Саяхан, өндөр хөгжилтэй Европын нэгэн орны сэтгүүлд: «Туйлын ядуу нөхцөлд амь зогоон амьдарч байгаа хүмүүсийн тухайд буруу хүслээ барихын тулд дотоод тэмцэл шаардлагатай байдаг бол өнөөгийн баян чинээлэг нийгмийн сүү балаар бялхсан оронд амьдардаг хүмүүсийн тухай юу хэлэх вэ!» хэмээн бичжээ.

11. Хэмнэж сурах нь ашигтайн зэрэгцээ хэцүү байдгийн учир юу вэ?

11 Хэрэв бид хүсэл сонирхол, бодит хэрэгцээ хоёрыг ялгаж чаддаггүй бол хариуцлагагүй үйлдэл хийхгүйн тулд зарим алхам хийх нь тустай байж магад. Жишээ нь: Үрэлгэн зантайгаа тэмцэж сурах гэж байгаа бол зээлээр юм авахгүй байх, эсвэл дэлгүүрт очихдоо тодорхой хэмжээний мөнгө авч явдаг болох хэрэгтэй. Паулын: «Харин бурханлаг байдал ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн» гэж хэлснийг санагтун. Тэрээр бас: «Бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно» гэж хэлсэн (1 Тимот 6:6–8). Харин бид сэтгэл хангалуун байдаг уу? Ямар нэг байдлаар зоргоороо аашилсны гор болдог илүүдэл ачаанаас чөлөөтэй, энгийн байдлаар амьдарч сурахад сэтгэлийн тэнхээ, биеэ барих чадвар шаардагддаг. Гэхдээ, үүнд суралцах хэрэгтэй.

12, 13. а) Биеэ барих чадвар, цуглаан хоёр ямар холбоотой вэ? б) Биеэ барих чадвараа хөгжүүлэх шаардлагатай өөр ямар ямар салбар байдаг вэ?

12 Цуглаан болон чуулганд суух нь бас биеэ барих чадвартай холбоотой. Жишээлбэл: Цуглааны үеэр бодол санаагаа төөрүүлэхгүй байхад энэ чанар хэрэгтэй (Сургаалт үгс 1:5). Тэрчлэн дэргэдэх хүнтэйгээ шивнэн, бусдын анхаарлыг сарниулахгүй, илтгэгч дээр бүх анхаарлаа төвлөрүүлэхэд биеэ барих чадвар шаардагдаж болох юм. Цуглаанд хоцрохгүй ирэхийн тулд цагаа зохицуулах хэрэг гарахад биеэ барих чадвар бас хэрэг болно. Эцэст нь цуглаанд оролцохын тулд бэлдэх цаг гаргахад биеэ барих чадвар шаардлагатай.

13 Бага юманд биеэ барьж чаддаг бол их юманд ч бас чаддаг болно (Лук 16:10). Тийм учраас Бурхны Үг болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг тогтмол уншиж судлан, түүнийгээ эргэцүүлэн боддог хэвшилтэй болж сурах сайн! Христиан зарчимд харш ажил төрөл, найз нөхөд, үзэл бодол, дадал зуршил юм уу, эсвэл Бурханд үйлчлэх үнэт цагаас маань хумслах аюултай ажил хэргийн тухайд «үгүй» гэж хэлж сурах нь ухаалаг хэрэг мөн! Еховад үйлчлээд, завгүй байх нь биднийг Еховагийн дэлхийн байгууллагын сүнслэг диваажингаас холдуулах аюултай зүйлсээс хамгаалах сайн хамгаалалт гэдэг нь эргэлзээгүй.

Биеэ барих чадварын ачаар төлөвших нь

14. а) Хүүхдүүд хэрхэн биеэ барьж сурах ёстой вэ? б) Багаасаа биеэ барьж сурахын ашиг юу вэ?

14 Нярай хүүхдэд биеэ барих чадвар байдаггүй. Хүүхдийн зан авирыг судалдаг мэргэжилтнүүдийн туурвисан нэгэн товхимолд: «Биеэ барих чадвар гэнэт, хар аяндаа бий болчихдоггүй. Биеэ барьж сурах үйл явц эхлэхэд балчир хүүхдэд эцэг эхийн удирдлага, тусламж хэрэгтэй. [...] Энэ үйл явц буюу биеэ барих чадвар сургуулийн жилүүдэд эцэг эхийнх нь удирдлагаар сайжирдаг» хэмээн тайлбарлажээ. Дөрвөн настайдаа тодорхой хэмжээгээр биеэ барьж чаддаг болсон хүүхдүүд «өсвөр насандаа хүнтэй илүү нийцтэй, олон нийтэч, авхаалж самбаатай, өөртөө итгэдэг, найдвартай» хүүхэд болдгийг нэгэн судалгаа харуулжээ. Харин тэр насандаа уг чанарыг хөгжүүлж эхлээгүй хүүхэд «зожиг, амархан шантардаг бөгөөд зөрүүд зантай байжээ. Тийм хүүхдүүд дарамтыг даадаггүй, бэрхшээлээс зугтах хандлагатай байдаг». Хүүхэд буурь суурьтай хүн болохын тулд биеэ барьж сурах ёстой нь илэрхий байна.

15. Биеэ барих чадвар дутмаг байвал энэ нь юуны шинж вэ? Ямар зорилго тавихыг Библи уриалдаг вэ?

15 Дээрхтэй адилаар төлөвшсөн христиан болохын тулд бид биеэ барьж сурах ёстой. Биеэ барих чадавар дутмаг байгаа бол сүнслэг талаараа балчир хүүхэд байгаагийн шинж юм. Библи биднийг «ухаанаараа төлөвшсөн хүн байхыг» уриалдаг (1 Коринт 14:20). Бидний зорилго бол «итгэл хийгээд Бурхны Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэлд хүрч, төлөвшсөн хүн болж, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүрэх» явдал юм. Яагаад гэвэл «үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй» явж чаддаг болно (Ефес 4:13, 14). Биеэ барьж сурах нь бидний сүнслэг байдалд амин чухал гэдэг нь илэрхий байна.

Биеэ барих чадвар хөгжүүлэх нь

16. Ехова ямар тусламж үзүүлдэг вэ?

16 Биеэ барих чадвар хөгжүүлэхэд Бурхны тусламж хэрэгтэй бөгөөд тийм тусламж авах боломж бидэнд бий. Бурхны Үг нь төгс толь лугаа адил юугаа өөрчлөх хэрэгтэйг заахын зэрэгцээ үүний тулд яах хэрэгтэйг зөвлөдөг (Иаков 1:22–25). Бас халамжит ах дүү нар маань туслахад бэлэн байдаг. Ахлагчид уриалган зангаар тусалдаг. Түүнчлэн, залбирч гуйвал Ехова ариун сүнсээ сэтгэл харамгүй өгдөг (Лук 11:13; Ром 8:26). Тийм учраас, эдгээр тусламжийг баяр хөөртэйгөөр авч байя. ...-р хуудсанд ашигтай зөвлөгөө байгааг үзнэ үү.

17. Сургаалт үгс 24:16 бидэнд ямар урам хайрладаг вэ?

17 Өөрт нь таалагдахыг хичээн гаргадаг хүчин зүтгэлийг маань Ехова үнэлдэг гэдгийг мэдэх нь юутай таатай! Энэ нь биеэ барих чадвараа хөгжүүлэх гэж улам чармайхад хүргэх ёстой. Хичнээн ч бүдэрсэн бид тэмцлээ орхих ёсгүй. «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ» (Сургаалт үгс 24:16). Ялалт байгуулах болгондоо бид өөртөө баярлаж болно. Бас Ехова бидэнд баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Еховад амьдралаа зориулахаасаа өмнө тамхинаас гарах гэж тэмцэж байсан нэгэн Гэрч, долоо хоногоор тамхи таталгүй, амжилт гаргах болгондоо биеэ барьсныхаа дүнд хэмнэсэн мөнгөөрөө ямар нэгэн ашигтай юм авч, өөрийгөө шагнадаг байснаа ярьсан билээ.

18. а) Биеэ барих чадвар юутай холбоотой вэ? б) Ехова юу амладаг вэ?

18 Хамгийн гол нь биеэ барих чадвар бол оюун ухаан болон зүрх сэтгэлтэй холбоотой гэдгийг мартаж болохгүй. Энэ нь Есүсийн: «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» хэмээн хэлсэн үгнээс харагддаг (Матай 5:28; Иаков 1:14, 15). Оюун ухаан, зүрх сэтгэлээ захирч сурсан хүн бүх биеэ захирахад хялбар байдаг. Тийм учраас зөвхөн муу юм хийхээс зайлсхийх төдийгүй тийм юмны талаар бодохоос ч эрс шийдэмгий зайлсхийж байя. Толгойд зохисгүй бодол орж ирэх болгонд түүнийг үтэр түргэн зайлуулж байх хэрэгтэй. Залбирал дотор, хараагаа Есүс дээр төвлөрүүлснээр бид хорхой хүргэм зүйлээс зугтан зайлж чадна (1 Тимот 6:11; 2 Тимот 2:22; Еврей 4:15, 16). Бид бүхий л хүчээ дайчилж, Дуулал 55:22-т: «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» хэмээн сургасныг мөрдөн сахих болно.

Та санаж байна уу?

• Бид ямар хоёр асуудалд биеэ барих ёстой вэ?

• «Бүх талаараа биеэ барих» гэж юу гэсэн үг вэ?

• Энэ өгүүллийг судлах явцдаа та биеэ барих чадвар хөгжүүлэхтэй холбоотой практик ач холбогдол бүхий ямар зөвлөгөөг онцгойлон анхаарсан бэ?

• Биеэ барих чадвар юунаас эхэлдэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны хавсралт/зураг]

Биеэ барих чадвараа хэрхэн бэхжүүлэх нь

• Жижиг зүйлд ч гэсэн биеэ барих чадвараа хөгжүүл.

• Биеэ барьсны одоо ба ирээдүйн ач тус юу болохыг сайтар эргэцүүлэн бод.

• Бурхны хориглодог юмны оронд сайшаадаг юмыг нь хий.

• Буруу бодлоос үтэр түргэн сал.

• Оюун ухаанаа сүнслэг ач тустай бодлоор дүүргэ.

• Төлөвшсөн христиануудаас тусламж ав.

• Сорилтод орж болох нөхцөл байдлаас зайлсхий.

• Хорхой хүргэм зүйлтэй тулгарахдаа Бурхнаас тусламж гуйн залбир.