Бурханд эрхэм, үнэнч христиан эмэгтэйчүүд
Бурханд эрхэм, үнэнч христиан эмэгтэйчүүд
«Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон. Харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай» (СУРГААЛТ ҮГС 31:30).
1. Гоо үзэсгэлэнгийн тухай Еховагийн үзэл ертөнцийн үзлээс ямар ялгаатай вэ?
ӨНӨӨГИЙН ертөнц гадаад үзэмжийг, ялангуяа, эмэгтэй хүний гадаад байдлыг их чухалд үздэг. Харин Ехова нас ахих тутам улам үзэсгэлэнтэй болдог дотор хүнийг голлон анхаардаг (Сургаалт үгс 16:31, «алдрын титэм» [«үзэсгэлэнгийн титэм», ШЕ]). Тиймээс Библи эмэгтэйчүүдэд: «Та нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг. Харин Бурхны өмнө асар үнэтэй болох дөлгөөн болон даруу сүнсний мөхөшгүй чанараар чимсэн зүрхний нуугдмал хүн нь та нарын чимэглэл байг» гэж уриалдаг (1 Петр 3:3, 4).
2, 3. Нэгдүгээр зуунд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд эмэгтэйчүүд ямар хувь нэмэр оруулсан бэ? Энэ тухай хэрхэн зөгнөсөн байсан бэ?
2 Библид өгүүлсэн олон эмэгтэй магтаал хүлээм тийм чанар илэрхийлсэн байдаг. Нэгдүгээр зуунд тэдний заримд нь Есүс болон элч нарт үйлчлэх завшаан тохиожээ (Лук 8:1–3). Хожим нь христиан эмэгтэйчүүд сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлж, зарим нь элч Паул нарын хариуцлагатай үүрэг хүлээсэн христиан эрчүүдэд үнэлж баршгүй дэмжлэг үзүүлж байсан бол нөгөө нэг хэсэг нь гэртээ цуглаан явуулах боломж гарган, ер бусын зочломтгой зан гаргаж байсан.
3 Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэхийг Сударт зөгнөсөн байв. Тухайлбал, Иоел 2:28, 29-д эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу хүмүүс ариун сүнс авч, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцох тухай зөгнөжээ. Тэр зөгнөл МЭ 33 оны Пентекостын өдөр биелж эхэлсэн (Үйлс 2:1–4, 16–18). Сүнсээр тослогдсон зарим эмэгтэй «эш үзүүлэх» буюу зөгнөх гэх мэтийн гайхамшигт бэлэг хүлээн авчээ (Үйлс 21:8, 9). Нэгдүгээр зуунд үнэнч эгч нарын энэ том сүнслэг арми христ шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээл зүтгэлээрээ чухал хувь нэмэр оруулсан. Үнэндээ, сайн мэдээ «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан» гэж МЭ 60 оны орчим элч Паул бичиж байжээ (Колоссай 1:23).
Эр зориг, хичээл зүтгэл, зочломтгой зангаараа магтаал хүлээсэн эмэгтэйчүүд
4. Ямар учраас нэгдүгээр зууны христиан хурлын зарим эмэгтэйг магтах хүндтэй шалтгаан Паулд байсан бэ?
4 Элч Паул дэлгэрүүлэх ажилд зарим христиан эмэгтэйн оруулсан хувь нэмрийг онцгой үнэлж байсан шиг, өнөөдрийн христиан харгалзагчид ч хичээл зүтгэлтэй эгч нарын үйлчлэлийг үнэлдэг. Паулын нэр дурдсан эмэгтэйчүүдийн дунд «Эзэн дотор ажиллагч Труфайна болон Труфоса», «Эзэн дотор шаргуу ажилласан хайрт Персис» нар байсан (Ром 16:12). Юодиа Сунтухе хоёрыг «сайн мэдээний төлөө надтай... хамт зүтгэсэн» гэж бичжээ (Филиппой 4:2, 3). Мөн, Прискила нөхөр Акулынхаа хамтаар Паултай мөр зэрэгцэн үйлчилж байсан. Тэр бүү хэл, түүний төлөө «өөрсдийгөө үхлийн аюулд оруулж» байсанд сэтгэл нь хөдөлсөн Паул: «Тэдэнд ганц би ч биш, мөн Харь үндэстнүүдийн бүх чуулган талархдаг билээ» хэмээн бичиж байв (Ром 16:3, 4; Үйлс 18:2).
5, 6. Прискила орчин үеийн христиан эмэгтэйчүүдэд ямар ямар сайн жишээ үзүүлсэн бэ?
5 Прискилаг хичээл зүтгэлтэй, эр зоригтой болоход юу тусалсан бэ? Үүний хариуг Үйлс 18:24–26-аас мэдэж болно. Тэнд тэмдэглэснээр, шинэ тутам тодорхой болсон Библийн үнэнийг ойлгоход нь Прискила нөхөртэйгөө хамт Апол гэгч авьяаслаг уран илтгэгчид тусалжээ. Тэр эмэгтэй Бурхны Үг болон элч нарын сургаалыг хичээнгүйлэн судалдаг байсан нь эндээс харагдаж байна. Үүний ачаар Прискила олон сайхан чанар хөгжүүлэн, Бурханд болон нөхөртөө эрхэм хүн, эртний христиан хурлын хүндтэй гишүүн болж чадсан. Библийг хичээнгүйлэн судлахын зэрэгцээ Еховагийн, «итгэмжит ухаалаг нярваар» дамжуулан өгдөг сүнслэг хоол ундыг хүртдэг өнөөдрийн христиан эгч нар ч мөн адил Бурханд эрхэм хүмүүс билээ (Лук 12:42).
6 Акул Прискила хоёр тун зочломтгой хүмүүс байжээ. Паул Коринт хотод байхдаа тэднийд сууж, тэдэнтэй хамт майхан оёдог байв (Үйлс 18:1–3). Акул Прискила хоёр Ефес уруу, хожим Ром уруу нүүснийхээ дараа ч зочломтгой хэвээрээ байсан төдийгүй гэртээ цуглаан явуулах боломж гаргадаг байжээ (Үйлс 18:18, 19; 1 Коринт 16:8, 19). Мөн, Марк гэгдэх Иоханы эх Мариа болон Нумфа нар ч гэртээ цуглаан явуулах боломж гаргадаг байжээ (Үйлс 12:12; Колоссай 4:15).
Өнөөдрийн эрхэм эмэгтэйчүүд
7, 8. Орчин үеийн христиан эмэгтэйчүүд ямар ямар үйл хэргээрээ хүндэтгэл хүлээдэг вэ? Тэд юунд итгэлтэй байж болох вэ?
7 Өнөөдөр үнэнч христиан эмэгтэйчүүд нэгдүгээр зууны христиан эгч нарын адилаар Бурхны санаа зорилгын биелэлд, ялангуяа, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай эгч нар үнэхээр хүндтэй хүмүүс билээ. Гвен эгчийн жишээг үзье. Тэрээр 2002 онд нас бартлаа, Еховад 50 гаруй жил үнэнч үйлчилжээ. Нөхөр нь: «Манай Гвен сайн мэдээ дэлгэрүүлэх хичээл зүтгэлээрээ хотдоо алдартай байсан юм. Хүн бүр Еховагийн хайрыг мэдэрч, амлалтынх нь биеллийг үзэх боломжтой гэж боддог байсан. Тэр минь Бурханд болон Бурхны байгууллагад, гэр бүлдээ үнэнч байж, бас биднийг сэтгэлээр унахад хайрын сэтгэлээсээ урамшуулан зоригжуулдаг байсан нь хамтдаа туулсан бүхий л амьдралын маань туршид надад болоод хүүхдүүдэд маань их түшиг болсон юм даа. Бид түүнийгээ их үгүйлдэг» гэж дурсжээ. Тэд гэр бүл болоод хамтдаа 61 жил амьдарчээ.
8 Гэр бүлтэй, бүлгүй олон арван мянган христиан эмэгтэй, эхлэгч юм уу миссионерээр үйлчлэн, их хөлийн том хотоос эхлээд алс бөглүү хөдөө хүртэл Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэн, байгаа юмандаа сэтгэл хангалуун амьдардаг (Үйлс 1:8). Еховад илүү их үйлчлэхийн тулд олон эмэгтэй өөрийн гэсэн гэр оронтой, үр хүүхэдтэй болохоо хойш нь тавьжээ. Тэдний дунд явуулын харгалзагчаар үйлчилдэг нөхрөө үнэнчээр дэмждэг эгч нарын зэрэгцээ, дэлхий дахинд Бетелд үйлчилдэг мянга мянган эгч бий. Өөрийгөө золиослох сэтгэлтэй энэ эмэгтэйчүүд Еховагийн гэрийг алдраар дүүргэдэг «бүх үндэстний үнэтэй зүйлсэд» ордог нь огт эргэлзээгүй (Хаггаи 2:7, ШЕ).
9, 10. Христиан эхнэр, эхчүүдийн сайн жишээг гэр бүлийнхэн нь хэрхэн үнэлдэг вэ?
9 Олон христиан эмэгтэй ар гэртээ халамж тавих үүрэг хүлээдэг ч Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьдаг (Матай 6:33). Эхлэгчээр үйлчилдэг, ганц бие нэг эгч: «Намайг байнгын эхлэгч болоход миний ээж гуйвшгүй итгэл, сайн жишээгээрээ гол нөлөө үзүүлсэн. Үнэндээ бол ээж минь хамт дэлгэрүүлдэг хамгийн сайн хосын нэг байж билээ» гэж бичжээ. Таван охин хүмүүжүүлсэн эмэгтэйн нөхөр: «Манай гэр үргэлж цэвэр цэмцгэр, эмх журамтай байдаг байв. Бонни маань гэр орноо энгийн, даруу байлгасны ачаар бид сүнслэг асуудалд анхаарлаа төвлөрүүлж чаддаг байлаа. Эхнэр маань мөнгө төгрөгөө ухаалаг зарцуулдгийн ачаар би 32 жил хагас өдрийн ажил хийж, гэр бүлдээ болон сүнслэг асуудалд илүү цаг гаргах боломжтой байсан. Бонни бас хүүхдүүдээ хөдөлмөрт дуртай болгон хүмүүжүүлсэн. Миний эхнэр магтаал хүлээх бүрэн эрхтэй» гэж хэлжээ. Одоо энэ хос Еховагийн Гэрчүүдийн дэлхийн ерөнхий удирдах газарт ажиллаж байна.
10 Хоёр хүүхдээ хүмүүжүүлсэн эхнэрийнхээ тухай нэгэн нөхөр: «Би Сюзаныхаа, Бурхныг болон бусдыг халуунаар хайрладгийг, бас хүнийг ойлгох чадвар, өрөвч сэтгэл, үнэнч занг их биширдэг. Тэр минь хамгийн сайнаа Еховад өгөх ёстой гэж үздэг бөгөөд өөрөө энэ зарчмаа Бурхны үйлчлэгчийн хувьд ч, эх хүний хувьд ч үргэлж баримталдаг» гэж ярьжээ. Эхнэрийнхээ дэмжлэгтэйгээр энэ ах ахлагч, эхлэгч, дүүргийн харгалзагчийн орлогч, Эмнэлэгтэй хамтран ажиллах хорооны гишүүнээр үйлчлэх зэргээр христиан хуралд олон хариуцлагатай үүрэг хүлээжээ. Ийм эмэгтэйчүүд нөхөртөө төдийгүй итгэл нэгтнүүддээ, хамгийн гол нь Еховад их эрхэм байдаг (Сургаалт үгс 31:28, 30).
Ганц бие эрхэм эмэгтэйчүүд
11. а) Ехова үнэнч эмэгтэйчүүдэд, ялангуяа, бэлэвсэн эмэгтэйчүүдэд санаа тавьдгаа хэрхэн харуулдаг вэ? б) Бэлэвсэн христиан эмэгтэйчүүд болон ганц бие үнэнч эгч нар юунд итгэлтэй байж болох вэ?
11 Ехова эртний Израилийн бэлэвсэн эмэгтэйчүүдэд санаа тавьдгаа байнга харуулдаг байсан (Дэд хууль 27:19; Дуулал 68:5; Исаиа 10:1, 2). Одоо ч энэ сэтгэл нь өөрчлөгдөөгүй. Зөвхөн бэлэвсэн эмэгтэйчүүд төдийгүй, ганц бие эхчүүд, мөн зориуд ганц бие үлдсэн болон Еховагийн Гэрчүүдийн дундаас тохирох ханиа олоогүй эмэгтэйчүүдэд ч урьдын адил их санаа тавьдаг (Малахи 3:6; Иаков 1:27). Та христиан нөхрийн тусламжгүйгээр Еховад үйлчилдэг эгч нарын нэг нь байж болох юм. Тэгвэл Бурхан таныг эрхэмлэн үздэг гэдэгт итгэлтэй байж болно.
12. а) Зарим христиан эгч Еховад үнэнч байдгаа хэрхэн харуулдаг вэ? б) Манай зарим эгч сэтгэлийн ямар зовлон эдэлдэг вэ?
12 «Эзэн дотор» гэр бүл болох тухай Еховагийн тушаалыг үнэнч сахидаг учраас гэрлээгүй эгч нарын жишээг ярилцъя (1 Коринт 7:39; Сургаалт үгс 3:1). Бурхны Үг тэдэнд: «Үнэнч хүнд [Ехова] үнэнч хандана» гэж батлан амладаг (2 Самуел 22:26, ШЕ). Гэхдээ ганц биеэр амьдрах нь олон эгчийн хувьд сорилт болдог. Нэг эгч: «Би зөвхөн „Эзэн дотор“ гэрлэхээр хатуу шийдсэн. Гэвч, найзууд минь сайхан христиан ах нартай гэрлэж байхад би ганцаараа л явах юм даа гэж бодоод их ч нулимс асгаруулсан даа» гэж хэлжээ. Өөр нэг эгч: «Би Еховад 25 жил үйлчилж байна. Бурханд үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдсэн. Гэхдээ ганцаардах үедээ сэтгэлээр унадаг л юм. Над шиг эгч нар урам сэргээсэн үг хүсэн хүлээж байдаг» хэмээн өгүүлжээ. Тийм үнэнч эмэгтэйчүүдэд бид хэрхэн тусалж болох вэ?
13. а) Иефтагийн охиныг эргэн очдог байсан хүмүүсийн жишээнээс юунд суралцаж болох вэ? б) Хурлынхаа ганц бие эгч нарт өөр ямар аргаар санаа тавьж болох вэ?
13 Тэдэнд туслах нэг аргыг эртний жишээнээс мэдэж болно. Иефтагийн охиныг гэрлэхээс татгалзахад хүмүүс өөрийгөө золиосолж байгааг нь ойлгосон. Тиймээс түүнийг сэтгэл санаагаар дэмжихийн тулд яасан бэ? «Жил бүрийн дөрвөн өдөр Израилийн охид явж, гилеад хүн Иефтагийн охиныг магтдаг байв» (ШЕ) (Шүүгчид 11:30–40). Үүнтэй адилаар, бид Бурхны хуулийг үнэнч сахидаг ганц бие эгч нараа чин сэтгэлээсээ магтах хэрэгтэй *. Өөр ямар аргаар санаа тавьдгаа харуулж болох вэ? Тийм эрхэм, үнэнч эгч нарыг тасралтгүй үйлчлэхэд нь тусалж дэмжихийг Еховагаас гуйн залбирч болно. Тэд Еховагийн болон христиан хурлынхныхаа халуун хайр, гүн хүндэтгэлийг хүлээх хүндтэй хүмүүс билээ (Дуулал 37:28, «бурханлаг» [«үнэнч» ШЕ]).
Ганц бие эхчүүд ч үүргээ амжилттай биелүүлж чадна
14, 15. а) Ганц бие христиан эхчүүд Еховагаас тусламж гуйн залбирах хэрэгтэйн учир юу вэ? б) Ганц бие эхчүүд залбирлынхаа дагуу юу хийх нь зүйтэй вэ?
14 Ганц бие христиан эхчүүд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ мөн багагүй бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ тэд Библийн зарчмаар хүүхдээ хүмүүжүүлэхдээ Еховагийн тусламжид найдаж болно. Хэрэв та ганц бие эх бол эцэг эх хоёрын аль алиных нь үүргийг зэрэг гүйцэтгэж чадахгүй нь ойлгомжтой. Гэсэн ч бат итгэлээр тусламж гуйвал олон үүргээ биелүүлэхэд тань Ехова тусална. Үүнийг жишээгээр ярилцъя. Та хоол хүнс цуглуулаад, тор дүүрэн юмтай, олон давхар сууцны дээд давхарт байдаг гэртээ орохоор явж байна гэж бодъё. Цахилгаан шат бэлээхэн байсаар атал та шатаар мацах уу даа? Яалаа гэж! Үүний адилаар, Еховагаас тусламж гуйх боломж байсаар атал сэтгэлийн хүнд ачааг ганцаараа үүрэх гэж бүү зүтгээрэй. Үнэндээ, Бурхан таныг өөрт нь хандаасай гэж хүсдэг. Дуулал 68:19-д: «Өдөр бүр бидний ачааг үүрдэг [Ехова]... магтагдах болтугай» гэж байдаг. Мөн, 1 Петр 5:7-д (ШЕ) «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас» бүх зовнилоо Еховад үүрүүлэхийг уриалдаг. Тиймээс та аливаа бэрхшээл, санаа зовоосон асуудлаас болж сэтгэлээр унавал тэнгэрийн Эцэгтээ ачаагаа «тасралтгүй» даатгаарай (1 Тесалоник 5:17; Дуулал 18:6; 55:22).
15 Жишээ нь, та эх хүний хувьд үр хүүхдээ сургуулийнхаа хүүхдүүдийн нөлөөнд орж, итгэлийн сорилттой тулгарах вий гэж санаа зовдог нь лавтай (1 Коринт 15:33). Үнэндээ ч тийн санаа зовох үндэс байдаг. Гэхдээ энэ асуудлаар залбирч болно шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ хичээлдээ явахаас нь өмнө, магадгүй, гэр бүлээрээ өдөр тутмын зүйлийг ярилцсаны дараа энэ тухай залбирч яагаад болохгүй гэж? Чин сэтгэлийн, тодорхой залбирал хүүхдийн тань ой ухаанд тод хоногшино. Хамгийн гол нь, та хүүхдийнхээ зүрхэнд Бурхны үгийг байлгах гэж тэвчээртэй хичээвэл Еховагийн тусламж дэмжлэгийг авна (Дэд хууль 6:6, 7; Сургаалт үгс 22:6). «Эзэний [«Еховагийн», ШЕ] мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг» гэдгийг санаарай (1 Петр 3:12; Филиппой 4:6, 7).
16, 17. а) Ээжийнхээ хайрын тухай нэг хүү юу гэж ярьсан бэ? б) Ээжийнх нь сүнслэг байдал хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
16 Зургаан хүүхдийн эх Оливиагийн жишээг авч үзье. Гэрч биш нөхөр нь отгон хүүхдээ төрсний дараахан гэр бүлээ орхиод явсан ч Оливиа хүүхдүүдээ Бурхны замаар хүмүүжүүлэх үүргийг шууд хүлээн авчээ. Тэр үед Оливиагийн хүү Даррен дөнгөж 5 нас хүрч байсан бол одоо 31 настай, христиан ахлагч, бас эхлэгч болжээ. Оливиад сэтгэлийн зовлон нэмсэн нэг зүйл бол Даррен хүндээр өвдсөн явдал байжээ. Энэ өвчин нь одоо ч эдгээгүй аж. Даррен бага насаа дурсан: «Би эмнэлэгт орныхоо дэргэд ижийгээ хүлээж суудаг байснаа одоо ч санадаг юм. Ээж өдөр болгон намайг эргэн ирэхдээ хажууд минь суугаад, Библиэс уншиж өгдөг байж билээ. Дараа нь „Ехова, тандаа баярлалаа“ * гэдэг хаанчлалын дуу дуулдагсан. Энэ дуу одоо ч гэсэн миний дуртай дуу» гэж ярьжээ.
17 Оливиа Еховад итгэх итгэл болон Бурхныг хайрлах хайрынхаа ачаар ганц бие эхийн үүргээ амжилттай биелүүлжээ (Сургаалт үгс 3:5, 6). Тэрээр сүнслэг асуудлыг тэргүүн зэрэгт тавьдаг байсан учраас хүүхдүүд нь ч мөн сүнслэг зорилго тавьдаг болжээ. «Ээж маань биднийг Еховад бүрэн цагаар үйлчлэх зорилго тавихыг үргэлж уриалдаг байсан. Үүний дүнд таван охины дөрөв нь, бас би бүрэн цагийн үйлчлэгч болсон. Гэхдээ ээж энэ тухай бусдад хэзээ ч сайрхдаггүй байсан. Би ээжийнхээ гайхамшигтай сайхан чанаруудыг дуурайхыг их хичээдэг» гэж Даррен ярьжээ. Бүх хүүхэд Оливиагийн хүүхдүүд шиг Еховад үйлчилдэг болж хүмүүждэггүй нь үнэн. Гэхдээ эх хүн Библийн зарчмын дагуу амьдрахыг хамаг чадлаараа хичээдэг бол Еховагийн удирдлага, дэмжлэгийг авна гэдэгтээ итгэлтэй байж болно (Дуулал 32:8).
18. Еховагийн өгсөн христиан хуралд талархдагаа яаж харуулах вэ?
18 Бурхан гол төлөв христиан хурал болон хурлын байнгын хөтөлбөрөөр сүнслэг хоол өгч, христиан ахан дүүсийн барилдлага, мөн сүнслэгээр төлөвшсөн «хүн бэлгүүдээр» (ШЕ) дамжуулан тусламж дэмжлэг үзүүлдэг (Ефес 4:8). Үнэнч ахлагчид «зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийн» хэрэгцээг онцгойлон анхаарч, хурлын бүх гишүүнийг сүнслэгээр бэхжүүлэхийг чармайдаг (Иаков 1:27). Тиймээс Бурхны ард түмэнтэй ойр байгтун. Хэзээ ч бүү зожигроорой (Сургаалт үгс 18:1, «адайр» [«зожиг», ШЕ]; Ром 14:7).
Нөхөртөө захирагдах нь үзэсгэлэнтэй болгодог
19. Эхнэр хүн нөхөртөө захирагддаг нь нөхрөөсөө дутуу гэсэн үг бишийн учир юу вэ? Библийн ямар жишээ үүнийг харуулдаг вэ?
19 Ехова эмэгтэй хүнийг эрэгтэй хүнд тохирох туслагч болгон бүтээсэн билээ (Эхлэл 2:18). Тиймээс эхнэр хүн нөхөртөө захирагддаг нь нөхрөөсөө дутуу гэсэн үг огт биш ээ. Харин ч авьяас чадвар, ур ухаанаа Бурхны хүсэл тааллын дагуу ашиглан, нөхөртөө захирагддаг эмэгтэй хүндэтгэл хүлээдэг. «Сургаалт үгс» номын 31-р бүлэгт эртний Израилийн «арван хуруу тэгш эхнэрийн» олон талт үйл хэргийг дүрсэлдэг. Эхнэр хүн гачигдалтай хүмүүст тусалж, усан үзэм тариалж, газар худалдан авдаг байжээ. Тийм ээ, «нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна» (11, ШЕ, 16, 20-р зүйл).
20. а) Христиан эмэгтэй Бурхны өгсөн авьяас чадварыг хэрхэн үзэх хэрэгтэй вэ? б) Естер ямар ямар сайхан чанар илэрхийлсэн бэ? Ехова санаа зорилгодоо түүгээр ямар үүрэг гүйцэтгүүлсэн бэ?
20 Бурхнаас эмээдэг, даруу эмэгтэй өөрийгөө дөвийлгөх юм уу нөхөртэйгөө өрсөлддөггүй (Сургаалт үгс 16:18). Бурхны өгсөн авьяас чадварыг ертөнцийн үйл хэргээр хөөцөлдөн, нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэхийн тулд бус, харин ч гэр бүл, итгэл нэгтнүүд, бусад хүмүүст, гол нь Еховад үйлчлэхэд зориулдаг (Галат 6:10; Тит 2:3–5). Библид өгүүлсэн Естер хатны жишээг үзье. Тэрээр гоо үзэсгэлэнтэйн дээр даруу, дуулгавартай бүсгүй байв (Естер 2:13, 15). Ахашверош хааны гэргий болоод, их хатан Вашти шиг аашлалгүй, нөхрөө гүн хүндэтгэдэг байжээ (Естер 1:10–12; 2:16, 17). Хатан болсныхоо дараа ч, тохиромжтой асуудлаар үеэл ах Мордехаинхаа саналыг хүндэтгэн үздэг байсан. Гэхдээ хулчгар хүн байгаагүй ээ! Иудейчүүдийг аймаглан устгах хуйвалдаан зохиосон, эрх мэдэл бүхий, харгис Хаманыг зоригтой илчилсэн. Еховаг ард түмнээ хамгаалан үлдээхэд Естер чухал үүрэг гүйцэтгэсэн (Естер 3:8–4:17; 7:1–10; 9:13).
21. Христиан эмэгтэй яаж Еховад улам илүү эрхэм хүн болж болох вэ?
21 Өнөөдөр Бурхнаас эмээдэг эмэгтэйчүүд дээр үеийн Бурханд үнэнч эмэгтэйчүүдийн адил Еховаг чин үнэнчээр шүтдэг. Тийм учраас Ехова тэднийг эрхэмлэн үздэг. Эрхэм хүндэт эгч нар аа, Ехова та нарыг ариун сүнсээрээ «аливаа сайн үйлд бэлтгэгдсэн», улам илүү сэтгэл татам «сав» болгон аажим аажмаар өөрчлөх болтугай (2 Тимот 2:21; Ром 12:2). Тийм эрхэм эмэгтэйчүүдийн тухай Бурхны Үгэнд: «Ажил үйлсийнх нь үр жимсийг түүнд өг. Ажил үйлс нь дааман хаалган дээр түүнд хүндэтгэлийг авчрах болтугай» гэж байдаг (Сургаалт үгс 31:31). Энэ үг та бүгдэд биелэх болтугай.
[Зүүлт]
^ Яаж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тухай «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны гуравдугаар сарын 15-ны дугаарын 26—28-р хуудсыг үзнэ үү (англи).
^ Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Еховад магтуу дуулагтун» дууны номын 212-р дуу (англи).
Та санаж байна уу?
• Нэгдүгээр зууны зарим христиан эмэгтэй юуны ачаар Еховагийн хувьд эрхэм хүн болсон бэ?
• Орчин үеийн олон христиан эгч яаж Еховагийн хувьд эрхэм хүн болсон бэ?
• Ганц бие эхчүүд, эгч нарт Ехова хэрхэн санаа тавьдаг вэ?
• Тэргүүллийн зарчмыг чин сэтгэлээсээ хүндэтгэдгээ эмэгтэй хүн юугаар харуулж болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[10-р хуудасны хавсралт]
ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ ЖИШЭЭ
Та, Библид дурдсан өөр үнэнч эмэгтэйчүүдийн жишээг авч үзмээр байгаа бол доор заасан зүйлүүдийг уншаарай. Доорх хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодохдоо ямар ямар чанарыг өөртөө илүү сайн хөгжүүлж болохыг бодож үзээрэй (Ром 15:4).
◆ Сара: Эхлэл 12:1, 5; 13:18а; 21:9–12; 1 Петр 3:5, 6.
◆ Өгөөмөр израиль эмэгтэйчүүд: Египетээс гарсан нь 35:5, 22, 25, 26; 36:3–7; Лук 21:1–4.
◆ Дебора: Шүүгчид 4:1–5:31.
◆ Рут: Рут 1:4, 5, 16, 17; 2:2, 3, 11–13; 4:15.
◆ Шунем хотын эмэгтэй: Хаадын дэд 4:8–37.
◆ Фойник эмэгтэй: Матай 15:22–28.
◆ Марта Мариа хоёр: Марк 14:3–9; Лук 10:38–42; Иохан 11:17–29; 12:1–8.
◆ Табита: Үйлс 9:36–41.
◆ Филипийн дөрвөн охин: Үйлс 21:9.
◆ Фойбе: Ром 16:1, 2.