Skip to content

Гарчиг руу орох

Шавь бэлдэх зорилгоор дэлгэрүүлэгтүн

Шавь бэлдэх зорилгоор дэлгэрүүлэгтүн

Шавь бэлдэх зорилгоор дэлгэрүүлэгтүн

«Прискила Акул нар түүнийг [Аполыг] сонсоод хажуу тийш нь авч гараад, түүнд Бурхны замыг улам ч зөв тайлбарлаж өгөв» (ҮЙЛС 18:26).

1. Апол «гал цогтой» дэлгэрүүлсэн ч яах хэрэгтэй байсан бэ?

 НЭГДҮГЭЭР зуунд амьдарч байсан христиан хос Прискила Акул нар нэгэн удаа Аполыг Ефес хотын синагогт үг хэлж байхтай таарчээ. Уран үг, итгүүлэх чадвараараа Апол сонсогчдынхоо анхаарлыг татаж байлаа. Тэрээр «гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв... сургаж» байв. Гэвч, Апол «гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг» байсан нь илт байжээ. Христийн тухай Аполын дэлгэрүүлж байсан нь зөв ч, учир дутагдалтай байлаа. Хэргийн учир түүний мэдлэг дутмаг байсанд аж. Апол, Еховагийн санаа зорилгод Есүс Христ ямар үүрэгтэйг сайн мэдэх хэрэгтэй байлаа (Үйлс 18:24–26).

2. Прискила Акул хоёр ямар хүнд даалгавар хүлээн авсан бэ?

2 Прискила Акул хоёр Христийн тушаасан «бүгдийг» мөрддөг болоход нь Аполд туслахаар шулуудсан (Матай 28:19, 20). Тэр хоёр Аполыг «хажуу тийш нь авч гараад, түүнд Бурхны замыг улам ч зөв тайлбарлаж өгөв» гэж байдаг. Гэхдээ, тодорхой шалтгааны улмаас христиан болгон Аполд зааж зүрхэлдэггүй байсан бололтой. Энэ нь юу байсан бэ? Аполд Судрыг тайлбарлах гэж чармайсан Прискила Акул хоёрын жишээнээс ямар сургамж авч болох вэ? Энэ түүхийг нягтлан үзэх нь Библийн хичээл эхлэх асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэд маань хэрхэн тусалж болох вэ?

Хүмүүсийн хэрэгцээг анхаарах нь

3. Аполыг сургахад түүний намтар түүх болон боловсрол Прискила Акул хоёрт ямар учраас саад болоогүй вэ?

3 Апол иудей гаралтай хүн бөгөөд Александри хотод өссөн бололтой. Тэр үед Александри хот Египетийн нийслэл, дээд боловсролын төв байсан бөгөөд аварга том номын сангаараа алдартай байв. Уг хотод иудей хүн олноороо суудаг байсны дотор эрдэмтэн судлаачид бас байжээ. Тийм ч учраас «Септуагинт» хэмээн алдаршсан Еврей Судрын грек орчуулгыг энд хийжээ. Апол «Судрыг сайн мэддэг» байсан нь гайхах зүйл биш ээ! Гэтэл, Акул Прискила хоёр майхан оёдог байв. Уран үгнээс нь болоод тэд Аполоос сүрдсэн үү? Үгүй. Хайрандаа хөтлөгдсөн тэд Аполыг хүний л адил үзэж, түүнд юу хэрэгтэй байгаа хийгээд яаж туслахыг л боджээ.

4. Апол хэрэгтэй тусламжаа хаанаас, яаж авсан бэ?

4 Апол уран үгтэй байсан хэдий ч түүнд удирдамж хэрэгтэй байжээ. Шаардлагатай тэр тусламжийг аль нэг их сургуулиас бус, харин зөвхөн христиан хурлын итгэл нэгтнүүдээс л авах боломжтой байв. Апол, хүн төрөлхтнийг аврах Бурхны арга хэмжээний талаар илүү нарийн зөв ойлголттой болох хэрэгтэй байжээ. Прискила Акул хоёр «түүнийг хажуу тийш нь авч гараад, түүнд Бурхны замыг улам ч зөв тайлбарлаж өгөв».

5. Прискила Акул хоёр сүнслэг талаар ямар хүмүүс байсан бэ?

5 Прискила Акул хоёр сүнслэг талаараа хүчтэй бөгөөд итгэл нь бат бөх үндэстэй байв. Тэд баян, ядуу, эрдэмтэн, боол аль нь ч байлаа гэсэн «найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд... ямагт бэлэн байсан» бололтой (1 Петр 3:15). Акул болон түүний эхнэр «үнэний үгийг зөв заах» чадвартай байжээ (2 Тимот 2:15). Тэд Судрыг нямбай судалдаг байсан нь тодорхой. «Амьд бөгөөд идэвхтэй», «Бурхны үгэнд» үндэслэсэн удирдамж Аполд гүнзгий сэтгэгдэл төрүүлж, зүрхийг нь хөнджээ (Еврей 4:12).

6. Апол тусламж аваад талархсаныг бид хаанаас мэддэг вэ?

6 Багш нарынхаа жишээнд талархсан Апол шавь бэлдэхдээ улам чадварлаг болжээ. Тэрээр мэдлэгээ сайн мэдээ дэлгэрүүлэх ажилдаа, ялангуяа, иудейчүүдийн дунд үр өгөөжтэй ашиглажээ. Иудейчүүдийг Христэд итгэдэг болоход Апол чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр «Судраар хүчтэй байсан» учраас эртний бүх зөнч Христийн ирэхийг хүлээдэг байсныг тэдэнд баталж чаддаг байв (Үйлс 18:24, «Kingdom Interlinear Translation»). Дараа нь Апол Ахайд «хүрч ирээд нигүүлслээр итгэсэн хүмүүст үлэмж тусалжээ. Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Апол Судруудаар нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэйгээр няцааж байлаа» хэмээн Библид бичсэн байдаг (Үйлс 18:27, 28).

Бусад багшийн жишээнээс суралцах нь

7. Акул Прискила хоёр чадварлаг багш хэрхэн болсон бэ?

7 Акул Прискила хоёр Бурхны Үгийн чадварлаг багш хэрхэн болсон бэ? Тэр хоёр Судрыг бие даан хичээнгүйлэн судалж, цуглаанд оролцдог байснаас гадна элч Паултай дотно харьцаатай байсан нь их үүрэг гүйцэтгэсэн байх учиртай. Паул Коринтод байхдаа Прискила Акул хоёрын гэрт 18 сар амьдарчээ. Тэд хамт майхан оёж, сэлбэдэг байв (Үйлс 18:2, 3). Тийн байхдаа Сударт үндэслэсэн гүн гүнзгий яриа өрнүүлдэг байсан гээд төсөөлөгтүн. Паултай хамт өнгөрөөсөн мөчүүд тэднийг сүнслэгээр ямар их бэхжүүлсэн бол оо! Сургаалт үгс 13:20-д: «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно» гэж байдаг. Сайн хүнтэй нөхөрлөсөн нь тэдний сүнслэг зуршилд сайнаар нөлөөлжээ (1 Коринт 15:33).

8. Прискила Акул хоёр Паулын дэлгэрүүлж байгааг ажиглаад юу сурсан бэ?

8 Паул, Хаанчлалыг тунхаглахдаа Прискила Акул хоёрт сайн багшийн амьд жишээ үзүүлжээ. «Үйлс» номд, Паул «Амралтын өдөр бүр [Коринт хотын] синагогт сургамжилж, иудейчүүд, грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв» гэж байдаг. Хожим, Силас Тимот хоёртой нийлснийхээ дараа Паул «өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа». Синагогийн гишүүдийн сонирхол буураад ирэхэд Паул тэндээс явж, илүү тохиромжтой газар буюу синагогийн ойролцоох айлд дэлгэрүүлэх болсныг Прискила Акул хоёр анзаарчээ. Тэнд Паул «синагогийн тэргүүн» Криспийг шавь болоход нь тусалж чадсан байна. Крисп шавь болсон нь нутгийн хүмүүст хүчтэй нөлөөлж, их үр жимс өгснийг Прискила Акул хоёр анзаарсан биз ээ. Библид: «Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас коринтчуудаас олон хүн үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа» гэж байдаг (Үйлс 18:4–8).

9. Паулын жишээ Прискила Акул хоёрт хэрхэн нөлөөлсөн бэ?

9 Паулын дэлгэрүүлэх ажлын жишээг Прискила Акул хоёр шиг өөр олон дэлгэрүүлэгч дуурайсан. Элч Паул итгэл нэгтнүүддээ: «Би бас Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа» хэмээн уриалжээ (1 Коринт 11:1). Прискила Акул хоёр Паулын жишээг дуурайн, христиан сургаалыг илүү нарийн зөв ойлгоход нь Аполд тусалж, Апол ч бусдад тусалжээ. Прискила Акул хоёр, Ром Коринт Ефес зэрэг хотод шавь бэлдэх ажилд тусалсан нь эргэлзээгүй (Үйлс 18:1, 2, 18, 19; Ром 16:3–5).

10. Та «Үйлс» номын 18-р бүлгээс шавь бэлдэх ажилд тустай ямар сургамж авсан бэ?

10 «Үйлс» номын 18-р бүлэгт анхаарлаа хандуулснаар бид ямар ямар сургамж авч болох вэ? Юуны түрүүнд, Прискила Акул хоёр Паулаас суралцсан шиг Бурхны Үгийн сайн багш нарын жишээгээр шавь бэлдэх чадвараа сайжруулж болно. «Өөрийгөө үгэнд бүрэн зориулж», бусдад «үндэстэй гэрчилдэг» хүмүүстэй нөхөрлөж болно (Үйлс 18:5, «Kingdom Interlinear Translation»). Тэдний, итгүүлэх ур чадварын тусламжтайгаар хүмүүсийн зүрхэнд хэрхэн хүрдгийг ажиглаж болно. Тийм ур чадвар шавь бэлдэх ажилд тустай. Хэн нэгэнтэй Библийн хичээл хийхдээ түүнд гэр бүлийнхээ гишүүдээс юм уу хөршийнхөө хүмүүсийг урихыг санал болгож болох юм. Эсвэл, түүнээс Библийн хичээл хийчихмээр зохимжтой хүн таньдаг эсэхийг нь асууж болно (Үйлс 18:6–8).

Шавь бэлдэх боломж гаргагтун

11. Шинэ шавь нарыг хаанаас олж болох вэ?

11 Паул болон түүний итгэл нэгтнүүд айлаар, захаар, замд явахдаа гэх зэргээр, нэг үгээр хэлбэл, явсан газар болгондоо дэлгэрүүлж, шавь бэлдэх боломж хайдаг байлаа. Шавь бэлдэх боломж хайн, Хаанчлалыг хичээл зүтгэлтэй тунхагладаг та, дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлж болохгүй юу? Зохистой хүмүүсийг хайн олж, тэдэнд дэлгэрүүлэх боломжийг үр дүнтэй ашиглаж болохгүй юу? Бусад дэлгэрүүлэгч ямар ямар аргаар шавь олдог вэ? Эхлээд утсаар гэрчилдэг аргыг авч үзье.

12-14. Утсаар дэлгэрүүлэхийн ач холбогдлыг өөртөө тохиолдсон явдал юм уу дээр дурдсан жишээнүүдийн аль нэгээр тайлбарлана уу.

12 Бразилд Мария гэдэг христиан эмэгтэй айлаар дэлгэрүүлж яваад гэрээсээ гарах гэж байсан нэгэн залуу бүсгүйд танилцуулга өгчээ. Мария танилцуулгын нэрийг ашиглан: «Та Библийн тухай мэдэх хүсэлтэй юү?» хэмээн асуусан аж. Мөнөөх эмэгтэй: «Уг нь хүсдэг л дээ. Гэхдээ би багш учраас хамаг цагаа ажилдаа зарцуулдаг болохоор зав ер гардаггүй юм» гэж хариулжээ. Мария эмэгтэйд Библийн тухай утсаар ярилцаж болдгийг хэлсэнд эмэгтэй утасныхаа дугаарыг өгчээ. Тэд тэр оройдоо «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» * товхимол ашиглан, утсаар Библийн хичээл эхэлжээ.

13 Этиопын, бүрэн цагаар үйлчлэгч нэгэн Гэрч эмэгтэй нэг эрэгтэйд утсаар дэлгэрүүлж байтал утасны цаана бөөн шуугиан болж байгаа нь дуулдаж, ихэд гайхжээ. Тэгтэл мөнөөх эрэгтэй дараа утасдахыг гуйж. Хожим утасдаад ярихад нь эрэгтэй уучлал гуйн, тэр үед эхнэртэйгээ хэрэлдээд, ач тач байснаа ярьжээ. Гэрч эгч түүний үгээр дөрөөлөн, гэр бүлд тохиолддог олон бэрхшээлийг давах талаар Библид мэргэн зөвлөгөө байдгийг дурдаад, Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Гэр бүлийн аз жаргалын нууц» гэдэг ном бэрхшээлээ шийдвэрлэхэд нь олон гэр бүлд тусалсныг хэлжээ. Мөнөөх эрэгтэйд ном хүргэж өгснөөс хойш хэдэн өдрийн дараа Гэрч эгчийг эргээд утасдтал: «Энэ ном манай гэр бүлийг аварсан шүү!» хэмээн дуу алдсан байна. Юу болсон бэ гэвэл, эрэгтэй гэр бүлийнхнийгээ цуглуулаад номоос уншиж мэдсэн ашигтай санаануудыг ярьж өгсөн аж. Эрэгтэй Библийн хичээл үзэж эхэлсэн ба удалгүй цуглаанд тогтмол очдог болсон байна.

14 Утсаар дэлгэрүүлж, Библийн хичээл эхэлсэн Данийн нэгэн Гэрч эмэгтэй: «Үйлчлэлийн харгалзагч надад утсаар дэлгэрүүлэхийг зөвлөсөн юм. Эхэндээ би: „Энэ ч дээ, бүтэхгүй ажил байх“ гэж бодоод хойш сууж билээ. Гэсэн ч нэг өдөр зориглон анхныхаа дугаар уруу залгав. Соня гэдэг эмэгтэй утас авч, хэсэг ярилцсаны эцэст Библид үндэслэсэн ном хэвлэл авахаар болов. Нэг орой бид хоёр ертөнцийн үүслийн талаар ярилцсан бөгөөд мөнөөх эмэгтэй „Амьдрал хэрхэн үүссэн бэ? Удамшил хувьслын замаар үүссэн үү, эсвэл бүтээгдсэн үү?“ ном авч уншихаар болов *. Энэ сэдвээр нүүр тулан уулзаж, ярилцвал сайнсан гэж хэлэхэд минь эмэгтэй зөвшөөрсөн юм. Намайг хүрч очиход Соня хичээлд бэлдчихсэн байсан бөгөөд тэр цагаас хойш бид долоо хоног бүр хичээллэдэг болсон» гэж ярьсан юм. Төгсгөлд нь христиан эгч маань: «Би Библийн хичээлтэй болохсон гэж олон жил залбирсан ч утсаар дэлгэрүүлсний дүнд бүтэх чинээ огт бодож байгаагүй шүү» хэмээн ярьж билээ.

15, 16. Та Библийн хичээл эхлэхэд янз бүрийн боломжийг соргог ашиглахын ач тусыг харуулах ямар ямар жишээ дурдаж чадах вэ?

15 Явсан газар болгондоо гэрчилж байх зөвлөгөөг мөрдсөнөөр олон дэлгэрүүлэгч амжилтад хүрдэг. АНУ-д нэгэн Гэрч эмэгтэй машинаа, зогсоол дээр байсан худалдааны зориулалттай бүхээгтэй машины дэргэд тавьжээ. Машинд сууж байсан эмэгтэйг өөр уруу нь харахад мөнөөх эгч түүнд Еховагийн Гэрчүүд Библийн гэгээрлийн ажил хэрхэн явуулдаг талаар тайлбарлаж эхэлсэн байна. Эмэгтэй сонсож байснаа машинаасаа буун, Гэрч эгчийн машин уруу дөхөж ирээд: «Таныг саатан, надтай ярилцсанд маш их баярлаж байна. Танай хэвлэлийг авалгүй уджээ. Түүнээс гадна, би Библи дахин судалж эхэлмээр байна. Та надад туслахгүй юу?» хэмээн хэлжээ. Тэр эгч тийнхүү, сайн мэдээ хуваалцах таатай боломж бүрдүүлжээ.

16 АНУ-д нэгэн Гэрч эгч өндөр настнуудыг асрах байраар очоод, соёл хүмүүжлийн ажил хариуцдаг хүнтэй уулзан, тэнд амьдардаг хүмүүст сайн дураараа сүнслэг тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Бас, хүсэж сонирхсон бүх хүнд Библийн хичээлийг долоо хоног бүр дуртайяа, үнэ төлбөргүй заана гэдгээ хэлсэн байна. Тэрээр эгчийг өрөөнүүдээр явж, хүмүүстэй уулзахыг зөвшөөрчээ. Удалгүй Гэрч эгч тэндэхийн нийт 26 хүнд долоо хоногт гурван удаа Библийн хичээл заадаг болсон ба тэднээс нэг нь цуглаанд тогтмол явдаг болсон байна.

17. Библийн хичээл эхлэхэд ямар арга их үр дүнтэй байдаг вэ?

17 Зарим дэлгэрүүлэгч шууд л Библийн хичээл эхлэх санал тавиад, амжилтад хүрэх нь байдаг. 105 дэлгэрүүлэгчтэй нэг хурал нэгэн өглөө зориуд, уулзсан болгондоо Библийн хичээл эхлэх санал тавихаар болжээ. Дэлгэрүүлэх ажилд 86 дэлгэрүүлэгч оролцсон бөгөөд дэлгэрүүлж эхэлснээс хойш хоёр цагийн дараа гэхэд наад зах нь 15 Библийн хичээл шинээр эхэлсэн байлаа.

Зохистой хүмүүсийг хайхаа үргэлжлүүлэгтүн

18, 19. Есүсийн ямар чухал тушаалыг цаг ямагт санаж явах ёстой вэ? Үүнтэй холбогдуулан бид юу хийх хэрэгтэй вэ?

18 Хаанчлалыг тунхаглагч та энэ өгүүлэлд дурдсан аргуудаас туршиж үзэхийг хүсэж байгаа байх. Гэрчлэх аргуудаас сонгохдоо орон нутгийнхаа онцлогийг харгалзаж үзэх нь ухаалаг хэрэг гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ, юуны түрүүнд, зохистой хүмүүсийг хайн олж, дагалдагч болоход нь туслахыг тушаасан Есүсийн тушаалыг цаг ямагт санаж явах хэрэгтэй (Матай 10:11; 28:19).

19 Энэ тушаалыг амжилттай биелүүлэхийн тулд бид «үнэний үгийг зөв заагч» байх ёстой. Үүний тулд үгээ зөвхөн Сударт үндэслэн ярьж, итгүүлэх шаардлагатай. Ингэж гэмээнэ үг яриа маань уриалган хүмүүсийн зүрхэнд хүрч, тэднийг зохих үйлд хөтөлнө. Бид залбирал дотор Еховад найдвал хэн нэгнийг Есүс Христийн шавь болоход нь тусалж чадна. Ийм ажил агуу шагналтай! Тийм учраас шавь бэлдэх зорилгоор дэлгэрүүлдэг, Хаанчлалыг хичээл зүтгэлтэй тунхаглагч та бид бүгдээрээ цаг ямагт Еховаг алдаршуулж, өөрсдийгөө «Бурханд сайшаалган харуулахыг хичээцгээе» (2 Тимот 2:15).

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

^ Еховагийн Гэрчүүдийн, олон хэлээр эрхлэн гаргасан хэвлэл.

Та санаж байна уу?

• Аполд Бурхны замыг илүү нарийн тайлбарлаж өгөх хэрэгтэй байсны учир юу вэ?

• Прискила Акул хоёр элч Паулаас хэрхэн суралцсан бэ?

«Үйлс» номын 18-р бүлгээс та шавь бэлдэх ажилд тустай юу мэдэж авсан бэ?

• Шавь бэлдэх боломж хэрхэн гаргаж болох вэ?

[Догол мөрийн асуулт]