Skip to content

Гарчиг руу орох

Еховад баярлагтун

Еховад баярлагтун

Еховад баярлагтун

«ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө» (ДУУЛАЛ 37:4).

1, 2. Жинхэнэ аз жаргалын Эх булаг хэн бэ? Үүнд Давид хаан бидний анхаарлыг хэрхэн хандуулсан бэ?

 «СҮНСЛЭГ хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай. [...] Өршөөнгүй хүмүүс жаргалтай. [...] Эвийг эрхэмлэдэг хүмүүс жаргалтай». Есүс алдарт «Ууланд айлдсан номлол»-ынхоо эхэнд жаргалтай хүний өөр зургаан шинж хэлснийг Евангелийг бичигч Матай тэмдэглэжээ (Матай 5:3–11, ШЕ). Есүсийн үг аз жаргалд хүрэх боломж бий гэдгийг баталдаг.

2 Эртний Израилийн хаан Давид нэгэн дуулалдаа жинхэнэ аз жаргалын Эх булаг бол Ехова гэж тэмдэглэсэн байдаг. Давид: «ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө» гэж хэлжээ (Дуулал 37:4). Гэхдээ бид Еховаг болон түүний олон сайхан чанарыг танин мэдээд хэрхэн «баярладаг» вэ? Санаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хийсэн болон ирээдүйд юу хийхийг нь авч үзэхэд «зүрхний [маань] хүсэл» биелнэ гэсэн найдвар хэрхэн төрдөг вэ? 37-р дууллын 1–11-р зүйлийг нухацтай авч үзвэл дээрх хоёр асуултын хариуг олно.

«Бүү атаарх»

3, 4. Дуулал 37:1-д Давид ямар зөвлөгөө өгсөн бэ? Энэ зөвлөгөөг өнөөдөр анхаарах нь яагаад зөв бэ?

3 Бид ёс бус явдал газар авсан «хэцүү цагт» амьдарч байна. Элч Паулын: «Муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» гэж бичсэн нь үнэхээр биелж буйг нүдээрээ үзэж байна (2 Тимот 3:1, 13). Муу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, ахиж дэвшихийг хараад сэтгэл тавгүйтэж, бухимддаг. Энэ бүхэн сүнслэг асуудлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавихад саад болж болох юм. Тиймээс 37-р дууллын эхний үг биднийг энэ болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн: «Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов [«бүү зэвүүц», ШЕ]. Бурууг үйлдэгчдэд бүү атаарх» гэж хэлдгийг анхааръя.

4 Мэдээллийн хэрэгсэл биднийг өдөр бүр шударга бус явдлын тухай мэдээгээр бөмбөгддөг. Зальхай бизнесмэн оргон зайлсан, гэмгүй хүмүүс гэмт хэргийн золиос болсон, алуурчин цагдаад баригдалгүй, ял завшсан зэргээр шударга ёс гажуудаж байгааг сонсоход уур хүрч, амгалан тайван байдал маань алдагддаг. Ёс бус хүмүүс амжилтад хүрээд байгаа мэт санагдан, атаархах сэтгэл ч төрж болох юм. Гэхдээ сэтгэл гонсойсноор байдал дээрдэнэ гэж үү? Тэдэнд атаархлаа гээд амжилтыг нь баллаж чадна гэж үү? Мэдээж үгүй! Тэгэхлээр, тийм явдлаас болж «зэвүүцэх» хэрэг огт байхгүй. Ямар учраас тэр вэ?

5. Ёс бус хүмүүсийг өвстэй зүйрлэсний учир юу вэ?

5 Дээрх асуултад дуулалч: «Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, ногоон ургамал шиг хагдрах болно» гэж хариулжээ (Дуулал 37:2). Ногоон өвс шинэ дээрээ сайхан харагддаг ч удаж төдөлгүй хатаж хагдардаг. Ёс бус хүмүүс ч бас удахгүй устана. Тэдний амжилт зуурдынх бөгөөд хууль бусаар хураасан хөрөнгө нь үхлээс аврахгүй. Эцсийн эцэст шударга ёс ялна. «Нүглийн хөлс бол үхэл» гэж Паул бичсэн (Ром 6:23). Ёс бус бүх хүн авбал зохих «хөлснөөсөө» өөр юу ч авахгүй. Юутай утгагүй амьдрал бэ! (Дуулал 37:35, 36; 49:16, 17).

6. Дуулал 37:1, 2-оос бид юу ойлгодог вэ?

6 Тэгвэл бид ёс бус хүмүүсийн түр зуурын амжилтыг хараад сүнслэг асуудлаас анхаарлаа сарниулах хэрэг байна уу? Тэдний амжилтаас болж Еховад үйлчлэхээр сонгосон замаасаа хазайх ёсгүй гэдгийг 37-р дууллын эхний хоёр зүйлээс ойлгож болно. Харин ч сүнслэг шагнал, сүнслэг зорилгод үргэлж анхаарлаа хандуулцгаая (Сургаалт үгс 23:17).

«ЭЗЭНд итгэж, сайныг үйлд»

7. Еховад найдах ёстойн учир юу вэ?

7 «ЭЗЭНд итгэж [«найдаж», ШЕ], сайныг үйлдэхийг» дуулалч бидэнд уриалжээ (Дуулал 37:3а). Санаа зовох, тэр бүү хэл, эргэлзээ төрөх цагт Еховад найдах найдвараа батжуулах хэрэгтэй. Ехова бол сүнслэг аюулгүй байдлыг бүрдүүлдэг нэгэн билээ. «Хамгийн Дээд Нэгний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгний сүүдэр дор амьдарна» гэж Мосе бичжээ (Дуулал 91:1). Эд юмсын өнөөгийн тогтолцооны ёс бус явдал өсөж байгаад сэтгэл түгшээд байвал Еховаг улам илүү түших хэрэгтэй. Хазгай гишгэх цагт хажуунаас түших анд нөхөртэй байх юутай сайхан. Үүнтэй адилаар, үнэний замаар явахыг хичээхдээ Еховагийн тусламжийг авах хэрэгтэй (Исаиа 50:10).

8. Дэлгэрүүлэх ажилд оролцох нь ёс бус хүмүүсийн амжилтаас болж анхаарлаа сарниулахгүй байхад хэрхэн тусалдаг вэ?

8 Ёс бус хүмүүсийн амжилтаас болж анхаарлаа сарниулахгүй байх нэг сайн арга бол хонь мэт хүмүүсийг хайж олон, Еховагийн санаа зорилгын тухай нарийн зөв мэдлэгтэй болоход нь туслан, завгүй байх явдал юм. Ёс бус явдал улам бүр гаарч байгаа өнөө үед хүмүүст туслах ажилд анхаарлаа бүрэн хандуулах нь зүйтэй. «Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай» хэмээн элч Паул бичсэн. Бидний хийж чадах хамгийн «сайн үйл» бол Бурхны Хаанчлалын тухай алдарт сайн мэдээг бусадтай хуваалцах явдал билээ. Бүх нийтэд тунхагладаг маань «магтаалын тахил» аргагүй мөн (Еврей 13:15 «хүлээн зөвшөөрдөг» [«бүх нийтэд тунхагладаг», ШЕ], 16; Галат 6:10).

9. Давидын хэлсэн «газар нутагт оршин суух» гэдгийг тайлбарлана уу.

9 Давид цааш нь: «Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго» гэжээ (Дуулал 37:3б). Давидын үеийн «газар нутаг» нь Еховагийн Израильд өгсөн Амласан газар байв. Соломоны хаанчлалын үед энэ нутгийн хил хязгаар умард зүгт Дан, өмнө зүгт Беершеба хүрчээ. Энэ нь израильчуудын суудаг нутаг байв (Хаадын дээд 4:25). Өнөөдөр бид дэлхийн бөмбөрцгийн хаана ч амьдардаг байлаа гэсэн дэлхийгээ зөвт шинэ ертөнцөд диваажин болохыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Харин одоохондоо бид сүнслэг аюулгүй байдалд «оршин суудаг» (Исаиа 65:13, 14).

10. «Итгэлтэй байдлыг хоол хүнсээ болгохын» үр дүн юу вэ?

10 «Итгэлтэй байдлыг хоол хүнсээ болгохын» үр дүн юу вэ? Бурхны онгодоор бичсэн нэгэн сургаал үг бидэнд: «Итгэлтэй хүн ерөөлөөр [«ивээлээр», ШЕ] бялхах болно» гэж сануулдаг (Сургаалт үгс 28:20). Хэрэв сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг «итгэлтэй» буюу үнэнчээр хийдэг бол Ехова биднийг хаана амьдардаг, хэнд дэлгэрүүлдгээс маань үл хамааран заавал шагнадаг. Жишээлбэл, Франк эхнэр Розынхоо хамтаар 40 жилийн өмнөөс умард Шотландын нэгэн жижиг хотод эхлэгчээр үйлчлэх болжээ. Тэднийг тэнд очихоос өмнө үнэнийг сонирхож байсан цөөн хэдэн хүн урсаад явчихсан байлаа. Гэсэн ч энэ эхлэгч хос шийдвэрээсээ няцалгүй дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлаа хийсээр байв. Одоо тэр жижиг хотод нэгэн хурал өргөжин тэлж байна. Франк Роз хоёрыг «итгэлтэй» байсанд Ехова үнэхээр өгөөмөр шагнажээ. Франк: «Хамгийн том ивээл бол бид өөрсдөө үнэн дотор явдаг хэвээрээ, бас Ехова биднийг ашигладаг явдал юм» гэж даруухан хэлжээ. Тийм ээ, бид «итгэлтэй байдлыг хоол хүнсээ болговол» их ивээл хүртэж, тэдгээрийн төлөө талархах болно.

«ЭЗЭНд баярлагтун»

11, 12. а) Яаж «ЭЗЭНд баярлах» вэ? б) Бие даан судлахдаа ямар зорилт тавих вэ? Ямар үр дүнд хүрч болох вэ?

11 Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлж, найдвараа батжуулъя гэвэл «ЭЗЭНд баярлах» ёстой (Дуулал 37:4а). Үүний тулд яах вэ? Ямар ч хүнд байдалд байсан, түүндээ хамаг анхаарлаа хандуулалгүй, харин Еховаг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавих шаардлагатай. Тухайлбал, түүний Үгийг өдөр бүр унших цаг гаргах хэрэгтэй (Дуулал 1:1, 2, «тунгаан бясалгадаг» [«уншдаг», ШЕ]). Та Библи уншаад баяр баясгалантай болдог уу? Еховагийн тухай ихийг мэдэх зорилго тавиад уншвал та баяр баясгалан эдэлнэ. Библиэс тодорхой хэсгийг уншчихаад түр азнан: «Эндээс Еховагийн тухай юу мэдэж авав?» гэж өөрөөсөө асууж болох уу? Эсвэл Библи унших үедээ тэмдэглэлийн дэвтэр ч юм уу цаас хажуудаа тавиад, уншсан зүйлийнхээ утга санааг эргэцүүлэн бодохдоо тэр хэсгээс Еховагийн ямар чанарыг гүнзгий ойлгосноо товчхон бичих нь их тустай арга болохыг та мэдэрнэ. Давид өөр нэгэн дуулалдаа: «Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» гэж дуулжээ (Дуулал 19:14). Тийм ээ, Бурхны Үгэнд анхаарлаа хандуулбал Еховад «тааламжтай» байхын зэрэгцээ бас өөрсдөө ч баярлана.

12 Библи судалж, эргэцүүлэн бодохдоо яаж баяр жаргал эдлэх вэ? Еховагийн тухай, үйл хэргийнх нь тухай аль болох ихийг мэдэж авах зорилго тавих хэрэгтэй. «Нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүн», «Еховад ойртогтун» * зэрэг ном хэвлэл талархах сэтгэлээр эргэцүүлэн бодох олон санаа бидэнд өгнө. Хариуд нь Ехова «зүрхний чинь хүслийг өгнө» гэж Давид зөвт хүмүүст батлан хэлсэн (Дуулал 37:4б). Элч Иохан ч: «Хэрэв бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйвал, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ» гэж бичихдээ Давидын адил итгэж байсан байх учиртай (1 Иохан 5:14, 15).

13. Сүүлийн жилүүдэд олон оронд Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажил хэрхэн өргөжин тэлж байна вэ?

13 Бурханд үнэнч байдлаа хадгалахыг хүсдэг бидний хувьд Еховагийн, хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөхийг үзэх нь хамгийн том баяр билээ (Сургаалт үгс 27:11). Тоталитар юм уу дарангуйлах дэглэм ноёрхож байсан орнуудад ах дүү нар маань дэлгэрүүлэх ажлаа илүү өргөн хүрээтэй явуулж байгааг мэдээд бид баярладаггүй гэж үү? Энэхүү тогтолцооны төгсгөл болохоос өмнө дэлгэрүүлэх ажил хэрхэн өргөжихийг үзэх гэж бид тэсэн ядан хүлээдэг. Барууны орнуудад амьдардаг олон Гэрч нутагт нь түр ирж, шашин шүтэх эрх чөлөө эдэлж буй оюутнууд, дүрвэгсэд болон бусад хүнд хичээнгүйлэн дэлгэрүүлдэг. Энэ хүмүүс нутагтаа буцаж очоод сүнслэг түнэр харанхуйд үнэний гэрлийг цацруулсаар байгаасай гэж бид чин сэтгэлээсээ хүсдэг (Матай 5:14–16).

«Өөрийн замыг ЭЗЭНд даатга»

14. Еховад найдаж болохын баталгаа юу вэ?

14 Бидэнд дарамт болдог алив зовлонг нимгэлж болно гэдгийг мэдэхээр үнэхээр их тайвширдаг! Яаж нимгэлэх вэ? Давид: «Өөрийн замыг ЭЗЭНд даатга, мөн Түүнд итгэж найд» хэмээгээд, цааш нь: «Тэгвэл Тэр биелүүлж өгнө» гэж нэмж хэлжээ (Дуулал 37:5). Еховагийн дэмжлэг үнэхээр найдвартай байдгийн олон баримтыг бид итгэл нэгтнүүдийнхээ дундаас харж болно (Дуулал 55:22 «өмгөөлнө» [«дэмжинэ», ШЕ]). Эхлэгч, явуулын харгалзагч, миссионер, Бетелийн сайн дурын ажилчид зэрэг бүрэн цагаар үйлчилдэг христианууд Еховагийн халамжид найдаж болохыг баталж чадна. Тиймээс та таньдаг бүрэн цагийн үйлчлэгчдээсээ Еховагаас яаж тусламж авч байсныг нь асууж яагаад болохгүй гэж? Хэцүү цагт ч Ехова тусламжийн гараа үргэлж өгөөмрөөр сунгадгийг баталсан түүх олныг сонсох нь лавтай. Амьдралын зайлшгүй хэрэгцээг хангахад Ехова ямагт санаа тавьдаг (Дуулал 37:25; Матай 6:25–34).

15. Бурхны ард түмний зөвт байдал хэрхэн гийдэг вэ?

15 Еховад итгэж, бүрэн дүүрэн найдвал, дуулалчийн цааш нь хэлсэн үг хэрхэн биелэхийг үзнэ. Давид: «Тэр чиний зөв шударгыг [«зөвт байдал», ШЕ] гэрэл мэт, чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно» хэмээжээ (Дуулал 37:6). Еховагийн Гэрчүүд бидний тухай олон хүн мушгиж ярьдаг. Гэхдээ Ехова чин сэтгэлтэй хүмүүсийн нүдийг нээж, Бурхан болон хүмүүсийг хайрласандаа дэлгэрүүлэх ажил хийдгийг маань тэдэнд ойлгуулдаг. Түүний зэрэгцээ, биеэ зөв авч явдгийг маань олон хүн мушгин гуйвуулдаг ч, энэ маань олны өмнө яах аргагүй ил байдаг. Аливаа эсэргүүцэл, хавчлагын үед биднийг Ехова дэмждэг. Үүний ачаар Еховагийн ард түмний зөвт байдал үд дундын нар мэт гийдэг (1 Петр 2:12).

«Дуугүй байж, ...тэвчээртэйгээр хүлээ»

16, 17. Дуулал 37:7-д бичсэнээр одоо юу хийх цаг вэ? Яагаад?

16 Дуулалч цааш нь: «ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов» гэж бичжээ (Дуулал 37:7). Энд Давид Еховагийн хөдлөх цагийг тэвчээртэй хүлээх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ. Энэ тогтолцооны төгсгөл хараахан болоогүй байгаагаар шалтаглан зовлон тоочих ёсгүй. Учир нь бид Еховагийн энэрэл, тэвчээр анх бодож байснаас маань агуу их гэдгийг ойлгосон билээ. Тиймээс төгсгөл ирэх хүртэл сайн мэдээг тасралтгүй дэлгэрүүлж, тэвчээртэй хүлээдгээ харуулцгаая (Марк 13:10). Одоо бол баяр баясгалан болон сүнслэг аюулгүй байдлыг маань эвдэн бусниулах алив болчимгүй үйлдлээс зайлсхийн, Сатаны ертөнцийн завхруулах нөлөөг илүү хүчтэй эсэргүүцэж, ёс суртахууны хувьд цэвэр байж, Еховагийн өмнө олсон зөвт байдлаа хэзээ ч алдахгүй байх цаг мөн! Садар самуун бодлыг оюун санаанаасаа үргэлж үлдэн хөөж, эсрэг болон ижил хүйсийн хүний хэнтэй нь ч зохисгүй харьцахаас зайлсхийцгээе (Колоссай 3:5).

17 Давид: «Уурлахаа больж, хилэнгээ март» гэж зөвлөөд, мөн: «Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ. Бузар мууг үйлдэгчид таслагдана, харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно» гэж хэлжээ (Дуулал 37:8, 9). Тийм ээ, дэлхийг ёс бус байдал болон үүний хариуцлагыг хүлээх бүх этгээдээс тун удахгүй цэвэрлэх Еховагийн цагийг итгэлтэй хүлээх хэрэгтэй.

«Тун удахгүй»

18, 19. Дуулал 37:10 ямар урам зориг нэмдэг вэ?

18 «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч тэр байхгүй байх болно» (Дуулал 37:10). Энэ тогтолцооны төгсгөл болон Еховагаас хамааралгүй байх гамшигт үеийн оргил цэг ойртох тусам дээрх үг бидэнд урам зориг нэмдэг! Хүний зохиосон засаглал буюу эрх мэдлийн аль ч хэлбэр амжилт ололгүй бүтэлгүйтсэн. Харин Бурхны дахин өөрөө захирах буюу Есүс Христ тэргүүтэй Хаанчлалын захирах цаг одоо ойрхон байна. Бурхны Хаанчлал дэлхийн бүх үйл хэргийг бүрэн захирч, бүх эсэргүүцэгчийг устгана (Даниел 2:44).

19 Бурхны Хаанчлалын захиргаан дорх шинэ ертөнцөд та яаж ч хайгаад «хорон санаатныг» олохгүй. Тэр цагт Еховагийн эсрэг боссон хэнийг ч болов дор нь устгана. Бурхны хэмжээгүй эрх мэдэлд халддаг юм уу захирагдахаас татгалздаг хэн ч байхгүй байх болно. Бүх хүн Еховад таалагдах гэсэн нэг хүсэл эрмэлзэлтэй болно. Ийнхүү цоож, төмөр торны аль аль нь хэрэггүй болж, жинхэнэ итгэлцэл, жаргалыг эвдэн бусниулдаг алив бүхэн устаж, аюулгүй байдал үүрд тогтоно! (Исаиа 65:20, ШЕ *; Мика 4:4; 2 Петр 3:13).

20, 21. а) Дуулал 37:11-д дурдсан «даруу хүн» гэж ямар хүн бэ? Тийм хүн «амар амгаланг» хаана арвин ихээр эдэлдэг вэ? б) Их Давид буюу Есүс Христийг дуурайвал ямар ямар шагнал хүртэх вэ?

20 Тэгэхэд «даруу хүн газар нутгийг өвлөнө» (Дуулал 37:11а). «Даруу хүн» гэж хэн бэ? «Даруу» гэж орчуулсан үгийн язгуур нь «зовоох, номхотгох, доромжлох» гэсэн утгатай ажээ. Тийм ээ, амссан шударга бус явдлыг нь Ехова засна гэж даруухан хүлээдэг хүнийг «даруу хүн» гэнэ. Тийм хүн үнэхээр «элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:11б). Бид одоо ч гэсэн жинхэнэ христиан хуралтай нэгдэн, сүнслэг диваажинд амар амгаланг арвин ихээр эдэлдэг.

21 Бид бүх зовлонгоос бүрмөсөн ангижраагүй ч бие биеэ дэмжиж, гутарсан нэгнээ тайвшруулдаг. Үүний ачаар Еховагийн ард түмэн дотоод сэтгэлийн жинхэнэ баяр жаргал эдэлдэг. Хоньчны үүрэгтэй ах нар хайрын сэтгэлээс бидний сүнслэг хэрэгцээг, заримдаа махан биеийн хэрэгцээг ханган, зөвт байдлын төлөө зовсон ч тэвчээртэй байхад тусалдаг (1 Тесалоник 2:7, 11; 1 Петр 5:2, 3). Бидний эдэлдэг амар амгалан юутай үнэтэй вэ! Түүнээс гадна, бид удахгүй бий болох амар амгалангийн Диваажинд мөнх амьдрах найдвартай. Тиймээс Еховагийн төлөө гэсэн хичээл зүтгэлээр эцсээ хүртэл үнэнч үйлчилсэн Их Давид буюу Есүс Христийг дуурайцгаая (1 Петр 2:21). Тэгсэн цагт бид үргэлж Ехова Бурхандаа баярлан, түүнийг алдаршуулан, жаргалтай байх болно.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Олон хэлээр гарсан.

^ «Тэнд хэдхэн хоног амьдарсан нялх хүүхэд ч, өдрөө гүйцээгээгүй хөгшин хүн ч байхгүй байх болно. Учир нь хүн зуун настай ч залуугаараа үхнэ. Нүгэлтэн зуун настай ч өөртөө хараал хураана»

Та хариулж чадах уу?

Дуулал 37:1, 2-оос бид юу ойлгодог вэ?

• Яаж «ЭЗЭНд баярлах» вэ?

• Еховад найдаж болохын баталгаа юу вэ?

[Догол мөрийн асуулт]