Skip to content

Гарчиг руу орох

Одоо сонор сэргэг байх нь хамгийн чухал

Одоо сонор сэргэг байх нь хамгийн чухал

Одоо сонор сэргэг байх нь хамгийн чухал

«Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай» (МАТАЙ 24:42).

1, 2. Эд юмсын тогтолцооны төгсгөлийн үед амьдарч байгааг маань юу харуулдаг вэ?

 «ХХ ЗУУНЫ дүр төрхийг юуны түрүүнд дайн тодорхойлно» гэж зохиолч Билл Эммотт хэлжээ. Тэрээр хүн төрөлхтөн бүх л түүхийнхээ туршид дайн болон хүчирхийллийн уршгийг үзэж байсныг хүлээн зөвшөөрсний дээр: «ХХ зуунд дэгдсэн дайнууд нь мөн чанарын хувьд өмнөх зуунуудынхаас ялгаагүй ч, цар хүрээгээрээ ялгаатай байсан. Энэ зуун нь бүх дэлхийг хамарсан их зөрчлийн анхны зуун яах аргагүй мөн. [...] Үүнийг үгүйсгэчих вий гэсэн шиг, ХХ зуунд дэлхий нийтийг хамарсан зөрчил нэг бус, хоёр удаа гарсан» хэмээн нэмж хэлжээ.

2 «Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг» дайтах тухай Есүс Христ зөгнөсөн. Гэхдээ энэ нь Христийн «залран байх хийгээд эд юмсын тогтолцооны төгсгөлийн үеийн... шинж тэмдгийн» (ШЕ) нэг л хэсэг юм. Түүнээс гадна, Есүс өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болохыг ч энэ агуу зөгнөлдөө дурдсан (Матай 24:3, 7, 8; Лук 21:6, 7, 10, 11, «гай гамшиг» [«тахал» ШЕ]). Ийм гамшгийн хамрах хүрээ, учруулах хохирлын хэмжээ нэмэгдэж байна. Хүмүүс Бурхан болон бие биедээ хэрхэн ханддаг болсон нь муу үйл газар авсны илрэл юм. Ёс суртахууны доройтол, гэмт хэрэг, хүчирхийлэл гаарч байгаа нь тодорхой байна. Олон хүн Бурхныг хайрлахаас илүү, зугаа цэнгэлээр хөөцөлдөн, мөнгө төгрөгийг хайрладаг болжээ. Энэ бүхэн биднийг «хэцүү цагт» амьдардгийг нотолдог (2 Тимот 3:1–5).

3. «Цаг үеийн тэмдгүүд» бидэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

3 Хүн төрөлхтний байдал уруудан дордож байгааг та хэрхэн үздэг вэ? Олон хүн одоогийн энэ явдалд тоомжиргүй ханддагаар барахгүй бүр дөжирчихжээ. Ертөнцийн хүчтэнүүд болон мэргэд «цаг үеийн тэмдгүүдийн» учир холбогдлыг ойлгодоггүйн дээр шашны удирдагчид ч бас эдгээрийг зөв тайлж чаддаггүй (Матай 16:1–3). Харин Есүс дагалдагчдадаа: «Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай» гэж захисан (Матай 24:42). Есүс биднийг түр зуур бус, цаг үргэлж сонор сэргэг байхыг уриалжээ. Сонор сэргэг байх нь унтахгүй буюу сэрэмжтэй байна гэсэн үг юм. Сонор сэргэг байхын тулд эцсийн өдрүүдэд амьдарч байгаагаа болон өнөө үе бол хэцүү цаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс гадна, «бүх юмны төгсгөл ойр ирчихээд байна» гэдэгт бат итгэх ёстой (1 Петр 4:7). Тэгж байж гэмээнэ одоо сонор сэргэг байх нь хамгийн чухал гэдгийг ухаарна. Тиймээс «Төгсгөл ойрхон байна гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэхэд юу туслах вэ?» гэсэн асуултыг бид эргэцүүлэн бодох ёстой.

4, 5. а) Ёс бус тогтолцооны төгсгөл ойрхон байгаад итгэх итгэлийг юу бэхжүүлэх вэ? Ямар учраас? б) Ноагийн үе болон Хүний Хүүгийн залран байх үеийн ижил төстэй эхний шинж юу вэ?

4 Хүн төрөлхтний түүхэнд болсон давтагдашгүй үйл явдал буюу Ноагийн үеийн их Усан галаваас өмнө байдал ямар байсныг үзье. Хүмүүс туйлын муухай болсон учраас Ехова «сэтгэл зүрхэндээ гашуудав». Бурхан: «Би... Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулна» гэж хэлсэн (Эхлэл 6:6, 7). Тэгээд ч тэр ёсоороо үйлдсэн. Есүс Ноагийн болон өнөө үеийн ижил төстэй шинжийг жишин: «Хүний Хүүгийн залран ирэх нь [«байх үе», ШЕ] Ноагийн өдрүүдтэй адил байх юм» гэж хэлсэн (Матай 24:37).

5 Ехова одоогийн ертөнцөд, Усан галавын өмнөх ертөнцөд хандсан шигээ ханддаг гэж үзэх нь ухаалаг хэрэг. Ноагийн үед ёс бус хүмүүсийг устгасан шигээ өнөөгийн ёс бус ертөнцийг ч устгах нь гарцаагүй. Тэр үеийн болон өнөө үеийн ижил төстэй шинжүүдийг сайн ойлгох нь одоогийн ертөнцийн төгсгөл ойрхон байна гэдэгт итгэх итгэлийг маань бэхжүүлэх учиртай. Чухам ямар ямар ижил төстэй шинж байна вэ? Наад зах нь таван шинж байна. Эхнийх нь удахгүй болох устгалын тухай тодорхой сэрэмжлүүлэг юм.

«Хараахан харагдаагүй байсан зүйлсээс» сэрэмжлүүлсэн нь

6. Ехова Ноагийн үед юу хийх гэж байсан бэ?

6 Ноагийн үед Ехова: «Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно» гэжээ (Эхлэл 6:3). МЭӨ 2490 онд Бурхан ийнхүү мэдэгдсэнээр тэр үеийн ёс бус ертөнцийн төгсгөл эхэлсэн. Энэ нь тэр үеийн хүмүүсийн хувьд ямар утгатай байсныг бодоод үз дээ! Ердөө 120 жилийн дараа Ехова «газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгах» гэж байлаа (Эхлэл 6:17).

7. а) Усан галавын тухай сэрэмжлүүлэгт Ноа хэрхэн хандсан бэ? б) Энэ тогтолцооны төгсгөлийн тухай сэрэмжлүүлэгт бид хэрхэн хандах ёстой вэ?

7 Болох гэж буй аюулын тухай сэрэмжлүүлгийг Ноа хэдэн арван жилийн өмнө авсан бөгөөд эсэн мэнд үлдэхийн тулд бэлтгэлээ базааж, цагийг ухаалаг ашигласан. «Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад», элч Паулын хэлснээр, «гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн» (Еврей 11:7). Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? 1914 онд эд юмсын өнөөгийн тогтолцооны сүүлчийн өдрүүд эхэлснээс хойш 90 орчим жил өнгөрчээ. Бидний амьдарч байгаа үе бол «төгсгөлийн цаг үе» (ШЕ) гэдэг нь лавтай (Даниел 12:4). Тэгвэл сэрэмжлүүлэгт хэрхэн хандах хэрэгтэй вэ? «Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг нэгэн нь мөнхөд оршдог» гэж Библи хэлдэг (1 Иохан 2:17, ШЕ). Тиймээс одоо бол Еховагийн хүсэл тааллыг хамгаас чухалчлан биелүүлэх цаг мөн.

8, 9. Орчин үед ямар ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? Эдгээрийг хүмүүст хэрхэн дуулгадаг вэ?

8 Орчин үед Библи хичээнгүйлэн судалдаг хүмүүс энэ тогтолцоо устгагдах учиртайг Бурхны онгодоор бичүүлсэн Судраас мэдэж авчээ. Харин бид үүнд итгэдэг үү? Есүс Христ: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно» гэж тодорхой хэлснийг анхаараарай (Матай 24:21). Түүнээс гадна, тэрээр Бурхны томилсон Шүүгч болон ирж, хоньчин хонио ямаанаас ялгадгийн адилаар хүмүүсийг ялгахаа хэлсэн. Ийн шүүхэд нь зохисгүй хүн гэж тогтоогдсон хүмүүс «мөнх таслагдан одож» (ШЕ), «харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм» (Матай 25:31–33, 46).

9 Ехова эдгээр сэрэмжлүүлгийг ард түмэндээ «итгэмжит ухаалаг боолоор» уламжлан өгдөг сүнслэг хоолоор цаг тухайд нь сануулсаар ирсэн (Матай 24:45–47). Түүнээс гадна, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмнээс цугласан хүмүүст: «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна» гэж уриалдаг (Илчлэлт 14:6, 7). Еховагийн Гэрчүүдийн дэлхий даяар дэлгэрүүлдэг Хаанчлалын тухай мэдээний салшгүй хэсэг нь Бурхны Хаанчлал удахгүй хүний засаглалыг халах тухай сэрэмжлүүлэг юм (Даниел 2:44). Энэхүү сэрэмжлүүлэгт гоомой хандаж хэрхэвч болохгүй. Төгс хүчит Бурхан амлалтаа ямагт биелүүлдэг (Исаиа 55:10, 11). Тэрээр Ноагийн үед үгэндээ хүрсэн шигээ өнөөдөр ч гэсэн хүрэх нь лавтай (2 Петр 3:3–7).

Садар самуун явдал газар авсан нь

10. Ноагийн үеийн садар самуун явдлын тухай юу хэлж болох вэ?

10 Өнөө үеийнхэн бас нэг шинжээрээ Ноагийн үеийнхэнтэй ижил төстэй болоод байна. Анхны хос Бурхны өгсөн бэлгийн чадварыг зүй ёсоор нь ашиглан, гэр бүл болж, «газар дэлхийг дүүргэх» тушаал авсан (Эхлэл 1:28). Гэтэл Ноагийн өдрүүдэд дуулгаваргүй тэнгэр элчүүд хүн төрөлхтнийг гаж буруу бэлгийн харьцаанд уруу татаж бузарласан. Тэд дэлхий дээр бууж ирээд, махан биетэй болж, сайхан эмэгтэйчүүдтэй нөхцөн, «нефилим» буюу хүн чөтгөр хоёрын дундаас төрсөн эрлийз хүүхдүүдтэй болжээ (Эхлэл 6:2, 4). Дур тачаалдаа автсан тэр тэнгэр элчүүдийн нүглийг Содом ба Гоморрагийн гажууд явдалтай зүйрлэсэн байдаг (Иуда 6, 7). Үүнээс үзвэл тэр үед садар самуун явдал газар авсан байжээ.

11. Ёс суртахууны ямар байдал өнөө үеийг Ноагийн үеийнхтэй адил болгож байна вэ?

11 Өнөөдөр ёс суртахууны байдал ямар байна вэ? Төгсгөлийн энэ цаг үед олон хүн садар самуун явдалд автаад байна. Паул тийм хүмүүсийг «мэдрэмжгүй» гэж тодорхойлсон нь оносон бөгөөд үнэхээр ч олон хүн «биеэ завхай явдалд өгч, зүйл бүрийн бузрыг шунахайран үйлддэг» (Ефес 4:19, МАБ). Порно үзэх, гэр бүл болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орох, ижил хүйстэнтэйгээ явалдах, хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг нь жирийн үзэгдэл болсон байна. Ийм самуун явдалтай хүмүүсийн зарим нь бэлгийн замын халдварт өвчин тусах, гэр бүлээсээ салах зэрэг сөрөг үр дагаврыг үзэж, аль хэдийнээ «зохих хариуг биеэрээ бүрэн эдэлж» (МАБ) байна (Ром 1:26, 27).

12. Ёс бусыг үзэн ядах сэтгэл хөгжүүлэх ёстойн учир юу вэ?

12 Ноагийн үед Ехова их үер буулгаж, завхарсан ертөнцийг устгасан. Бидний амьдарч буй цаг үе Ноагийн өдрүүдийнхтэй яг адилхан болчихоод байгааг хэзээ ч мартаж болохгүй. Удахгүй болох «агуу их гай гамшиг» дэлхийг «садар самуун явдалтнууд, завхайрагчид, янхан эр, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчдөөс» цэвэрлэнэ (Матай 24:21; 1 Коринт 6:9, 10; Илчлэлт 21:8). Ёс бусыг үзэн ядах сэтгэлийг хөгжүүлж, садар самуунд уруу татдаг орчин нөхцөлөөс ангид байх нь юунаас ч чухал (Дуулал 97:10; 1 Коринт 6:18).

Дэлхий «хүчирхийллээр дүүрэв»

13. Ноагийн үед дэлхий ямар учраас «хүчирхийллээр дүүрсэн» бэ?

13 Ноагийн үеийн бас нэг шинжийг Библид: «Тэр цагт Бурхны өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв» гэж тэмдэглэсэн байдаг (Эхлэл 6:11). Үнэндээ бол хүчирхийлэл өмнө нь ч гарч байсан. Жишээлбэл, Адамын хүү Каин зөвт хүн болох дүү Абелыгаа хөнөөсөн (Эхлэл 4:8). Өөрийнх нь баталж буйгаар Ламех амиа хамгаалах гэж нэг залууг алсан бөгөөд үүнийгээ сайрхан, шүлэг зохиосон нь тэр үеийн хүмүүс хүчирхийлэлд хэрхэн ханддаг байсныг харуулдаг (Эхлэл 4:23, 24). Гэхдээ Ноагийн үед хүчирхийлэл өмнө нь хэзээ ч байгаагүй тийм хэмжээнд хүрчээ. Дэлхийн эмэгтэйчүүдтэй гэрлэсэн тэнгэр элчүүд буюу Бурхны дуулгаваргүй хөвгүүд нефилим гэгдэх хүүхэдтэй болсон нь хүчирхийлэл урьд хожид байгаагүйгээр газар авахад нөлөөлжээ. Эх бичигт энэ аварга биетнүүдийг тэмдэглэсэн еврей үг нь «бүдрүүлэгч» буюу «бусдыг унагаагч» гэсэн утгатай болохыг «Шинэ ертөнцийн орчуулгын» Эхлэл 6:4-ийн зүүлтэд тайлбарлажээ. Энэ бүхний эцэст дэлхий «хүчирхийллээр дүүрэв» (Эхлэл 6:13). Тийм нөхцөлд гэрийнхэндээ санаа тавих нь Ноад ямар хэцүү байсныг бодоод үз дээ! Гэсэн ч Ноа «үеийнхэн дотроосоо [Еховагийн] өмнө зөв шударга байсан» (Эхлэл 7:1).

14. Өнөөдөр дэлхийд хүчирхийлэл хэр зэрэг их байна вэ?

14 Хүний түүхэнд хүчирхийлэл байсаар ирсэн. Гэхдээ өнөөдөр хүчирхийлэл Ноагийн үед болж байсан шиг тийм хэмжээнд хүрээд байна. Гэр бүлийн хүчирхийлэл, террорист халдлага, хүмүүсийг аймаглан устгах явдал, ямар ч шалтгаангүйгээр олон хүн алсан зэвсэгт дээрэмчдийн тухай гэх мэтийн хэрэг байнга дуулдах болсон. Үүний зэрэгцээ дайны хөлд олон хүн үрэгдэж байна. Дэлхий дахиад л хүчирхийллээр дүүрээд байна. Юуны учраас тэр вэ? Үүнд юу ингэж их нөлөөлөв? Ноагийн үеийнхтэй ижил төстэй бас нэг шинж эдгээр асуултын хариуг өгнө.

15. а) Эцсийн өдрүүдэд хүчирхийлэл газар авахад юу нөлөөлдөг вэ? б) Эцсийн дүнд юу болох вэ?

15 1914 онд тэнгэрт Бурхны Хаанчлал тогтоход хаан ширээнд заларсан Есүс Христ түүхэнд эргэлт гаргасан арга хэмжээ авсан. Сатан Диавол болон түүний чөтгөрүүдийг тэнгэрээс хөөн зайлуулж, дэлхий орчимд хаяжээ (Илчлэлт 12:9–12). Дуулгаваргүй тэнгэр элчүүд Усан галавын өмнө тэнгэрийн байраа дураараа орхисон бол энэ удаад тэндээс хөөгдсөн. Түүнээс гадна, тэд одоо махан биетэй болж, зүй бусаар таашаал эдлэх аргагүй болсон. Тиймээс уур нь хүрч, арга нь тасраад, мөн удахгүй болох шүүлтээс айхдаа хүн төрөлхтөн болон хүний байгууллагад нөлөөлж, гэмт хэрэг болон хүчирхийллийг Ноагийн үеийнхээс ч илүүгээр хөөрөгдөж байна. Дуулгаваргүй тэнгэр элчүүд болон тэдний үр удмын ёс бус явдлаар дүүргэсэн ертөнцийг Ехова Усан галаваар устгасан. Энэ удаад ч мөн устгах нь гарцаагүй! (Дуулал 37:10). Гэхдээ сонор сэргэг байдаг хүмүүс удахгүй аврагдахаа мэддэг.

Мэдээ тунхагладаг нь

16, 17. Ноагийн үе болон өнөө үеийн ижил төстэй дөрөв дэх шинж юу вэ?

16 Ноагийн биелүүлэх ёстой байсан нэг ажил өнөө үе болон Усан галавын өмнөх үеийн ижил төстэй дөрөв дэх шинжийг тод харуулдаг. Ноа том хөвөгч авдар барихын зэрэгцээ мэдээ «тунхаглаж» байв (2 Петр 2:5). Ямар мэдээ тунхагладаг байсан бэ? Тэрээр хүмүүсийг гэмшихийг уриалж, удахгүй болох сүйрлээс сэрэмжлүүлж байсан нь гарцаагүй. Гэсэн ч Ноагийн үеийнхэн «үер бууж бүгдийг хаман одох хүртэл... ойлгоогүй [«анхаараагүй», ШЕ]» гэж Есүс Христ хэлсэн (Матай 24:38, 39).

17 Ноагийн адилаар, Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх даалгавраа хичээнгүйлэн биелүүлэхийн хэрээр Бурхны Хаанчлалын тухай мэдээ дэлхий даяар түгж байна. Дэлхийн бараг өнцөг булан бүрд хүмүүс Хаанчлалын тухай мэдээг төрөлх хэлээрээ сонсож, унших боломжтой. Жишээ нь, Еховагийн Хаанчлалыг тунхаглагч «Харуулын цамхаг» сэтгүүл гэхэд л 140 гаруй хэлээр 25 000 000 гаруй хувь хэвлэгддэг. Үнэхээр, Хаанчлалын тухай сайн мэдээ «бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдаж» байна. Энэ ажлыг Бурхны санасан хэмжээнд хүртэл хийсний эцэст төгсгөл гарцаагүй ирнэ (Матай 24:14).

18. Биднийг дэлгэрүүлэхэд олон хүний хэрхэн ханддаг нь Ноагийн үеийн ихэнх хүний хандлагатай юугаараа адил бэ?

18 Усан галавын өмнөх үеийн хүмүүс сүнслэг асуудлыг үл хайхрахын зэрэгцээ садар самуун явдалд бүрмөсөн автаад байсныг бодож үзвэл Ноагийн гэр бүлийнхэн хүмүүсийн доог тохуу болж, ад шоо үзэгдэж, басамжлуулж байсныг төвөггүй ойлгоно. Тэр хүмүүс Усан галав болно гэдэгт итгэхгүй байсан ч төгсгөл ирсэн. Өнөөдөр ч гэсэн «элэглэн дооглогчид» олон байна (2 Петр 3:3, 4, 10). «Гэвч Эзний [«Еховагийн», ШЕ] өдөр нь хулгайч мэт ирэх болно» гэж Библид тэмдэглэсэн байдаг (2 Петр 3:3, 4, 10). Энэ өдөр товлосон цагт заавал ирнэ. Яасан ч хоцрохгүй (Хабаккук 2:3). Сонор сэргэг байх нь хамгийн ухаалаг хэрэг мөн!

Цөөхөн хүн эсэн мэнд гарсан

19, 20. Усан галав болон эд юмсын өнөөгийн тогтолцооны төгсгөл хоёрын хооронд ижил төстэй өөр ямар шинж байна вэ?

19 Өнөө үе болон Ноагийн үеийн ижил төстэй шинжүүд нь зөвхөн хүмүүсийн ёс бус байдал болон тэднийг устгахтай холбоотой юм биш ээ. Усан галавыг эсэн мэнд давсан хүмүүс байсан шиг эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давах хүмүүс ч байх юм. Усан галавыг гэтлэгчид Бурханд дуулгавартай байсны зэрэгцээ ихэнх хүнээс өөр байжээ. Тэд Бурхны сэрэмжлүүлгийг анхаарч, тухайн цагийн ёс бус ертөнцөөс ангид байсан. «Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ. [...] Ноа бол... өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв» гэж Библид тэмдэглэжээ (Эхлэл 6:8, 9). Бүх хүн төрөлхтний дундаас ганцхан айлын «цөөн буюу найман хүн... уснаас эсэн мэнд гарчээ» (1 Петр 3:20). Тэгээд Ехова Бурхан тэдэнд: «Олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн» гэж тушаав. (Эхлэл 9:1).

20 «Үй олон хүн» «агуу их гай гамшгаас гарч ирнэ» (ШЕ) гэж Бурхны Үг бидэнд амладаг (Илчлэлт 7:9, 14). «Үй олон» гэдэг нь чухам хэд байх бол оо? Есүс: «Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог» гэж хэлсэн (Матай 7:13, 14). Одоо дэлхий дээр амьдарч буй олон тэрбум хүнтэй харьцуулбал удахгүй болох агуу их гай гамшгийг эсэн мэнд давах хүмүүс цөөхөн байх ажээ. Гэхдээ Бурхан тэдэнд бас Усан галавыг эсэн мэнд давсан хүмүүст өгсөн шиг боломж өгч болох юм. Агуу их гай гамшгийг эсэн мэнд давах хүмүүс шинэ нийгмийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үр хүүхэдтэй болох боломжийг түр хугацаанд эдэлж магадгүй (Исаиа 65:23).

«Сонор сэргэг бай»

21, 22. а) Усан галавын тухай авч үзэхдээ та өөртөө тустай ямар санаа олсон бэ? б) 2004 оны уриа юу вэ? Энэ уриаг анхаарах ёстойн учир юу вэ?

21 Усан галав хэдийгээр эрт цагт болсон явдал ч гэсэн бидний хувьд ойшоохгүй байхын аргагүй сэрэмжлүүлэг юм (Ром 15:4). Бид Ноагийн өдрүүд болон өнөө үеийн ижил төстэй шинжүүдийг мэдээд, одоогийн үйл явдлын учир холбогдлыг илүүтэй анхаарч, ёс бус хүмүүст ял оногдуулахаар Есүсийг хулгайч мэт ирэхэд илүү сэрэмжтэй байх ёстой.

22 Эдүгээ Есүс Христ сүнслэг нүсэр барилгын ажлыг удирдаж байгаа билээ. Өнөөдөр, Бурхныг жинхэнээр шүтдэг хүмүүсийг аюулгүй байлгаж, эсэн мэнд үлдээхэд зориулсан хөвөгч авдар мэт сүнслэг диваажин байдаг (2 Коринт 12:3, 4). Агуу их гай гамшгийг эсэн мэнд давахын тулд тэрхүү диваажингийн дотор байх ёстой. Сүнслэг диваажингийн гадна Сатаны ертөнц байх бөгөөд сүнслэгээр зүүрмэглэсэн хэнийг ч болов уусган авахад бэлэн байдаг. «Тиймээс... сонор сэргэг байж», Еховагийн өдөрт бэлэн байгаагаа харуулах нь амин чухал! (Матай 24:42, 44).

Та санаж байна уу?

• Есүс ирэх талаараа ямар сануулга өгсөн бэ?

• Есүс залран байх үеэ юутай адилтгасан бэ?

• Өнөө үе Ноагийн үетэй ямар ямар шинжээрээ ижил төстэй вэ?

• Ноагийн үе болон өнөө үеийн ижил төстэй шинжүүдийг авч үзсэнээр бидний хувьд юу хамгийн чухал зүйл болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны товчлол]

2004 оны уриа: «Сонор сэргэг бай... Бэлэн бай» (Матай 24:42, 44).