Skip to content

Гарчиг руу орох

«Талархагтун»

«Талархагтун»

«Талархагтун»

«Христийн амар тайван нь та нарын зүрхэнд ноёрхох болтугай. [...] Талархагтун» (КОЛОССАЙ 3:15).

1. Христиан хурал болон Сатаны ертөнц хоорондоо ямар эрс ялгаатай вэ?

 ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН дэлхий дахины 94 600 хурал бол талархах сэтгэлийг мэдэрч болдог газар юм. Цуглааны эхлэл, төгсгөлд Еховад талархсан үгтэй залбирал хэлдэг. Итгэл нэгтнүүдтэйгээ уулзан учирч, Еховаг шүтэхээр ирдэг энэ жаргалтай хүмүүс Гэрч болоод удсан эсэхээсээ үл хамааран, хүүхэд хөгшидгүй бүгд л «баярлалаа», «зүгээр» гэх мэтийн эелдэг үг хэлж заншжээ. (Дуулал 133:1). Энэ нь «Бурхныг мэддэггүй ба... сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн» дунд ноёлж байдаг хувиа хичээх явдлаас эрс ялгардаг! (2 Тесалоник 1:8). Бид талархах сэтгэлгүй ертөнцөд амьдардаг. Энэ ертөнцийн бурхан нь Сатан Диавол болохоор тийм байх нь ч аргагүй юм. Сатан амин хувиа хичээх үзлийг хамгийн ихээр дэмждэг бөгөөд түүний бардам зан, тэрслүү үзэл хүний нийгэмд нэвт шингэжээ! (Иохан 8:44; 2 Коринт 4:4; 1 Иохан 5:19).

2. Ямар сануулгыг анхаарах хэрэгтэй вэ? Энэ өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?

2 Биднийг Сатаны ертөнц хүрээлж байдаг тул нөлөөнд нь автахаас сэрэмжлэх хэрэгтэй. Нэгдүгээр зуунд элч Паул Ефес хотын христиануудад: «Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн, махан биеийнхээ хүсэл тачаалууд дотор амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэнг хүртэх хүүхдүүд байсан» хэмээн сануулжээ (Ефес 2:2, 3). Өнөөдөр ч олон хүний хувьд байдал хэвээрээ байна. Тэгвэл талархах сэтгэлийг яаж хөгжүүлэх вэ? Энэ талаар Ехова хэрхэн тусалдаг вэ? Чин сэтгэлээсээ талархдагаа амьдрал дээр хэрхэн харуулж болох вэ?

Талархах шалтгаан

3. Бид юуны төлөө Еховад талархдаг вэ?

3 Бид Ехова Бурхандаа Бүтээгч, Амь өгөгчийнх нь хувьд, олон сайхан бэлэг өгөөмрөөр өгдгийнх нь хувьд талархах ёстой (Иаков 1:17). Амьд байгаадаа бид өдөр бүр Еховад талархдаг (Дуулал 36:9). Бидний эргэн тойронд байгаа нар, сар, од гэх мэтийн Еховагийн гарын бүтээл түүнийг өөрийг нь гэрчилдэг. Газрын хэвлий дэх арвин баялаг ашигт малтмалын нөөц, агаар мандал дахь амин чухал хийнүүдийн тэнцвэрт харьцаа, байгаль дахь түмэн бодисын нарийн уялдаа бүхий орчил хөдөлгөөн — энэ бүхэн биднийг тэнгэрийн халамжит Эцэгтээ ямар их өртэйг харуулдаг. «Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм» гэж Давид хаан дуулжээ (Дуулал 40:5).

4. Ахан дүүсийн гайхамшигтай сайхан барилдлагын төлөө Еховад талархахын учир юу вэ?

4 Еховагийн үйлчлэгчид өнөөдөр жинхэнэ диваажинд амьдардаггүй ч, сүнслэг диваажингийн сайхныг мэдэрдэг. Бурхны сүнс итгэл нэгтнүүдэд маань нөлөөлж, үр жимс ургуулдгийг бид Хаанчлалын танхимд, мөн чуулганы үеэр хардаг. Тийм ч учраас зарим Гэрч сүсэг бишрэл багатай юм уу шашин огт шүтдэггүй хүмүүст дэлгэрүүлэхдээ элч Паулын Галат дахь христиануудад илгээсэн захидлаас иш татдаг. Тэд эхлээд сонсогчийнхоо анхаарлыг «махан биеийн үйлсэд» хандуулаад, өнөөгийн нийгэмд тийм явдал гарч байгааг анзаардаг эсэхийг нь асуудаг (Галат 5:19–23). Уншсан зүйл нь орчин үеийн хүмүүсийн түгээмэл дүр төрх мөн гэдэгтэй олон хүн шууд санаа нийлдэг. Дараа нь, Бурхны сүнсний үр жимсний тухай уншуулаад, тэр үр жимсийг нүдээрээ үзмээр байвал Хаанчлалын танхимд очихыг урьдаг. Хаанчлалын танхимд ирж үзсэн олон хүн: «Бурхан үнэхээр та нарын дунд байгаа» юм байна гэж шууд хүлээн зөвшөөрдөг (1 Коринт 14:25). Таны очсон тэр танхимд л тийм байгаа юм биш ээ. Аль ч газрын Хаанчлалын танхимд очсон, Еховагийн 6 сая Гэрчийн хэнтэй нь ч уулзсан, тэднийг жаргалтай, баяр хөөртэй хүмүүс гэдгийг ойлгоно. Тийм ээ, бид энэхүү ахан дүүсийн гайхамшигтай сайхан барилдлагын төлөө Еховад талархдаг. Учир нь Еховагийн сүнсний ачаар энэ бүхэн биеллээ олдог билээ (Зефаниа 3:9; Ефес 3:20, 21).

5, 6. Бурхны өгсөн хамгийн агуу бэлэг буюу золиосонд талархдагаа хэрхэн харуулж болох вэ?

5 Еховагийн өгсөн хамгийн агуу бөгөөд төгс бэлэг бол Хүү Есүс Христийнх нь золих тахил юм. Элч Иохан: «Хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой» гэж бичжээ (1 Иохан 4:11). Тийм ээ, Еховаг хайрлаж, түүнд талархаж, мөн бусдыг хайрладаг маань золиосны арга хэмжээнд талархаж буйн илрэл билээ (Матай 22:37–39).

6 Ехова эртний Израильтай яаж харьцдаг байснаас талархах сэтгэлийн талаар гүнзгий ойлгож болно. Ехова Мосегоор дамжуулж өгсөн Хуулиар ард түмэндээ ихийг заажээ. «Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцыг» лавшруулан үзвэл, «талархагтун» гэж Паулын зөвлөснийг хэрэгжүүлэхэд тустай олон зүйлийг мэдэж болно (Ром 2:19; Колоссай 3:15).

Мосегийн хуулийн гурван сургамж

7. Арван хувийн тухай заалт Еховад талархлаа илэрхийлэх боломжийг израильчуудад хэрхэн өгдөг байсан бэ?

7 Мосегийн хуулийн гурван заалт израильчуудад сайхан сэтгэлийнх нь төлөө Еховад талархлаа илэрхийлэх боломж олгодог байжээ. Нэгдүгээрт, арван хувийг өгөх тухай заалт байв. Ургац, «бод болон бог малын... арван хувь... нь ЭЗЭНд ариун байх» учиртай байжээ (Левит 27:30–32). Израильчууд үүнийг дуулгавартай биелүүлэхэд Ехова өгөөмрөөр ивээдэг байлаа. «„Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдсан» (Малахи 3:10).

8. Сайн дурын өргөл арван хувиас ямар ялгаатай вэ?

8 Хоёрдугаарт, арван хувиас гадна, сайн дурын өргөл өргөх боломж байсан. Бурхан Мосегоор: «Би та нарыг аваачих тэр нутагт та нар орохдоо, тэр нутгийн хүнсийг идэх үед та нар ЭЗЭНд өргөл өргөгтүн» гэж израильчуудад хэлүүлсэн. Тэд «зуурсан эхний гурилаасаа» «бин» (ШЕ) хийж, «үе уламжлан ЭЗЭНд өргөл [болгон] өргөх» учиртай байв. Өргөлийн хэмжээг тодорхой заагаагүйг анхаарах хэрэгтэй (Тооллого 15:18–21). Гэхдээ тэд талархах сэтгэлийн үүднээс өргөл өргөвөл ивээл хүртэх нь гарцаагүй байсан. Езекиелийн үзсэн Еховагийн сүмийн тухай үзэгдэлд мөн дээрхтэй адил арга хэмжээний талаар өгүүлдэг. Тэнд: «Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, та нарын бүх хандив дотроос төрөл бүрийн аливаа хандив нь тахилчдад зориулагдах ёстой. Та нарын гэрийн дээр ерөөлийг [«ивээл», ШЕ] байлгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг... тахилчдад өгөх ёстой» гэж бичсэн байдаг (Езекиел 44:30).

9. Ургацаас үлдээх тухай заалтаар Ехова ард түмнээ юунд сургасан бэ?

9 Гуравдугаарт, ургацаас үлдээх тухай заалт байв. Ехова: «Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй. Ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч цуглуулах ёсгүй. Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан» гэж хэлжээ (Левит 19:9, 10). Энд бас үлдэгдлийн хэмжээг заагаагүйг тэмдэглэх хэрэгтэй. Гачигдалтай хүмүүст хэдий хэмжээний юм үлдээхээ хүн бүр өөрөө шийдэх ёстой байв. Үүнийг мэргэн ухаант хаан Соломон: «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө» гэж их оновчтой тайлбарлажээ (Сургаалт үгс 19:17). Ийм аргаар Ехова ард түмнээ ядарсан хүнийг харж үзэж, өрөвдөж сургажээ.

10. Израильчууд талархах сэтгэлээ уландаа гишгэснээр ямар үр дагавар амссан бэ?

10 Израильчууд арван хувиа өгч, сайн дурын өргөл өргөн, ядуусыг тэтгэдэг байхдаа Еховагийн ивээлийг хүртдэг байсан. Гэвч талархах сэтгэлээ уландаа гишгэснээс Еховагийн сайшаалыг хүлээхээ больжээ. Улмаар зовлонд унаж, эцэстээ дайсанд олзлогдон явсан (Шастирын дэд 36:17–21). Энэ явдлаас бид ямар ямар сургамж авч болох вэ?

Талархлаа илэрхийлэх нь

11. Еховад талархлаа илэрхийлэх үндсэн арга юу вэ?

11 Өнөөдөр ч гэсэн Еховаг алдаршуулж, түүнд талархлаа илэрхийлэх үндсэн арга «өргөлтэй» холбоотой. Христианууд бид Мосегийн хуулийг сахин, амьтнаар тахил өргөж, ургацын дээжээ барих үүрэг хүлээдэггүй нь үнэн (Колоссай 2:14). Гэсэн ч элч Паул еврей христиануудад: «Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг [«бүх нийтэд тунхагладаг», ШЕ] уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе» хэмээн уриалжээ (Еврей 13:15). Халамжит тэнгэрийн Эцэг, Ехова Бурхандаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн тулд дэлгэрүүлэх ажилд оролцох юм уу итгэл нэгтнүүдтэйгээ нэг дор цуглахдаа Еховад магтаалын тахил өргөн, авьяас чадвар, хөрөнгө мөнгөө зориулж болно (Дуулал 26:12). Ингэхдээ, израильчууд Еховад талархлаа хэрхэн илэрхийлдэг байсан аргаас юунд суралцаж болох вэ?

12. Арван хувийн тухай заалтаас христиан хүний үүргийн тухайд юу ойлгож болох вэ?

12 Бидний үзсэнээр арван хувийг өгөх нь сайн дурын хэрэг биш, харин израиль хүн бүрийн биелүүлбэл зохих үүрэг байв. Христианууд бид дэлгэрүүлэх ажилд оролцож, цуглаанд очих үүрэгтэй. Энэ бол сайн дураараа шийдэж болдог асуудал биш ээ. Есүс төгсгөлийн цаг үеийн тухай агуу зөгнөлдөө: «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж онцлон тэмдэглэсэн (Матай 24:14; 28:19, 20). Цуглааны тухайд элч Паул Бурхны онгодоор хөтлүүлэн: «Хайр болон сайн үйлсэд бие биеэ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодоцгооё. Ингэхдээ зарим хүний зуршил шиг хамтран цуглахаа умарталгүй, харин тэр өдрийг ойртох тусам нэг нэгнээ зоригжуулъя» гэж бичсэн билээ (Еврей 10:24, 25). Тэгэхлээр, бид сайн мэдээ дэлгэрүүлж, үнэнийг заах болон сүнслэг ах дүү нартайгаа хамтдаа тогтмол цуглах үүргээ завшаанд тооцож, дуртайяа биелүүлбэл Еховад талархдагаа харуулна.

13. Сайн дурын өргөл болон ургацаас үлдээх тухай заалтаас юу ойлгож болох вэ?

13 Түүнээс гадна, израильчуудын талархлаа илэрхийлдэг байсан өөр хоёр арга буюу сайн дурын өргөл, ургацаас үлдээх тухай авч үзэх нь ч ач холбогдолтой юм. Хуульд арван хувийг тодорхой заасан бол сайн дурын өргөлийн болон ургацаас үлдээх хэмжээг тодорхой заагаагүй байсан. Энэ нь Еховад чин сэтгэлээсээ талархдаг эсэхээ харуулан, хүссэн хэмжээгээрээ өргөл өргөх юм уу ургацаас үлдээх боломж олгодог байжээ. Үүнтэй адилаар, дэлгэрүүлэх ажилд оролцон, цуглаанд очих нь христиан хүний эн тэргүүний үүрэг гэдгийг бид ойлгодог ч, хүн болгон өөрөөсөө: «Тэдгээрт би чин зүрхнээсээ, дуртайяа оролцдог уу? Дэлгэрүүлэх ажилд оролцож, цуглаанд очихыг миний төлөө Еховагийн хийсэн бүхэнд талархах боломж гэж боддог уу? Эдгээрт боломжийнхоо хэрээр, сэтгэлээсээ оролцдог уу? Эсвэл үүрэг л юм хойно биелүүлэхээс өөр аргагүй гэж үздэг үү?» хэмээн асуух хэрэгтэй. Дээрх асуултад хүн болгон дор бүрнээ хариулах нь мэдээж хэрэг. Үүнийг элч Паул: «Хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно» гэж илэрхийлжээ (Галат 6:4).

14. Ехова өөрт нь яаж үйлчлэхийг биднээс хүсдэг вэ?

14 Ехова Бурхан бидний нөхцөл байдлыг сайн мэддэг. Боломж бололцоог маань ч ойлгодог. Үйлчлэгч нь дуртайяа өргөсөн бол их бага ямар ч өргөлийг үнэлдэг. Бурхан бид бүгдээс ижил хэмжээний өргөл өргөхийг шаарддаггүй. Бид ч тийм шаардлагыг биелүүлж чадахгүй. Элч Паул Коринт хотын христиануудад материаллаг өргөлийн тухай тайлбарлахдаа: «Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай» гэж хэлсэн (2 Коринт 8:12). Энэ зарчмыг Бурханд үйлчлэхдээ ч мөн хэрэгжүүлж болно. Ехова бидний үйлчлэлийг таалах эсэх нь их багаас биш, харин яаж үйлчилдгээс буюу чин сэтгэлээсээ, баяр хөөртэй үйлчилдэг эсэхээс шалтгаалдаг (Дуулал 100:1–5; Колоссай 3:23).

Эхлэгчийн сэтгэлгээ хөгжүүлж, хадгалагтун

15, 16. а) Эхлэгчээр үйлчлэх нь талархах сэтгэлтэй ямар холбоотой вэ? б) Эхлэгчээр үйлчлэх боломжгүй хүмүүс эхлэгчийн сэтгэлгээг хэрхэн илэрхийлж болох вэ?

15 Еховад талархлаа илэрхийлэх нэг сайхан боломж бол бүрэн цагаар үйлчлэх явдал юм. Еховаг хайрлаж, хайр энэрлийнх нь төлөө талархах сэтгэлдээ автсан, Бурханд өөрийгөө зориулсан олон хүн Еховад илүү олон цагаар үйлчлэхийн тулд амьдралаа их өөрчилсөн. Зарим хүн байнгын эхлэгчээр үйлчилж, сайн мэдээ дэлгэрүүлэх болон үнэнийг заах ажилд сард дунджаар 70 цаг зориулдаг. Янз бүрийн нөхцөл байдлын улмаас боломж муутай зарим хүн үе үе туслах эхлэгчээр үйлчилж, сард 50 цаг дэлгэрүүлдэг.

16 Тэгвэл байнгын юм уу туслах эхлэгчээр үйлчлэх боломжгүй олон Гэрч яах нь зүйтэй вэ? Эхлэгчийн сэтгэлгээг хөгжүүлэн, хадгалж, Еховад талархлаа илэрхийлж болно. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Эхлэгчдийг урамшуулан, үр хүүхдээ бүрэн цагийн үйлчлэгч болохыг уриалж, дэлгэрүүлэх ажилд боломжийнхоо хэрээр хичээнгүйлэн оролцох хэрэгтэй. Бидний төлөө Еховагийн хийсэн, одоо хийж байгаа, мөн ирээдүйд хийх бүхний төлөө зүрх сэтгэлдээ хэр зэрэг гүн талархдаг маань дэлгэрүүлэх ажлаар илэрдэг.

Талархах сэтгэлээр «эд хөрөнгөө» зориулагтун

17, 18. а) Талархах сэтгэлээр «эд хөрөнгөө» хэрхэн зориулж болох вэ? б) Есүс бэлэвсэн эмэгтэйн өргөлийг хэрхэн үнэлсэн бэ? Ямар учраас тийн үнэлсэн бэ?

17 «Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл» гэж Сургаалт үгс 3:9-д тэмдэглэжээ. Еховагийн үйлчлэгчид одоо арван хувь өгөх шаардлагагүй. Гэхдээ Паул Коринтын хуралд: «Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн дурамжхан бус, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан урамтайгаар өгөгчийг хайрладаг» гэж бичжээ (2 Коринт 9:7). Хаанчлалын тухай дэлгэрүүлэх дэлхий дахины ажилд хандив өргөх нь талархлаа илэрхийлэх бас нэг арга мөн. Бид чин сэтгэлээсээ талархдаг учраас хандив тогтмол өргөхийг хүсдэг. Ингэхдээ эртний христиануудын жишээгээр долоо хоног бүр тодорхой хэмжээний мөнгө хандив болгон өргөж болох юм (1 Коринт 16:1, 2).

18 Еховад хэр зэрэг талархдагийг маань хандивын хэмжээ илэрхийлж чадахгүй. Харин ямар сэтгэлээр хандив өргөдөг нь чухал юм. Чухам үүнийг Есүс сүмийн эрдэнэсийн санд өргөл өргөж буй хүмүүсийг ажиглаад онцлон тэмдэглэсэн. Нэгэн ядарсан эмэгтэй «хоёр зэс зоос» өргөхийг үзээд: «Би та нарт үнэнээр хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг өглөө. Учир нь тэд бүгд илүүдлээсээ өргөлд хийсэн атал, харин энэ эмэгтэй ядуу хэрнээ амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө» гэж хэлдэг (Лук 21:1–4).

19. Талархлаа хэрхэн илэрхийлдгээ нягтлан үзэх нь ямар учраас зөв бэ?

19 Энэхүү өгүүллийн эцэст, та Еховад талархлаа хэрхэн илэрхийлдгээ нягтлан үзэхийг хүсэж байгаа биз ээ. Еховад өргөдөг магтаалын тахилынхаа хэмжээг, дэлхий дахины үйл хэргийг дэмжихэд зориулдаг хөрөнгө мөнгөө нэмэх боломж бидэнд байна уу? Еховаг хэдийчинээ алдаршуулж, Хаанчлалын үйл хэргийг хэр зэрэг дэмжинэ өгөөмөр сэтгэлт, халамжит Эцэг Еховад маань бидний талархал таалагдана гэдэгт тэр хэмжээгээр итгэлтэй байж болно.

Та санаж байна уу?

• Еховад талархах ямар ямар шалтгаан байдаг вэ?

• Арван хувь өгөх, сайн дурын өргөл өргөх, ургацаас үлдээх тухай Мосегийн хуулийн заалтаас ямар ямар сургамж авч болох вэ?

• Эхлэгчийн сэтгэлгээг хэрхэн хөгжүүлж болох вэ?

• Еховад талархлаа илэрхийлэн «эд хөрөнгөө» хэрхэн зориулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]