Skip to content

Гарчиг руу орох

Бүгд Еховагийн алдрыг тунхаглагтун

Бүгд Еховагийн алдрыг тунхаглагтун

Бүгд Еховагийн алдрыг тунхаглагтун

«ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн» (ДУУЛАЛ 96:7, 8).

1, 2. Еховагийн алдрыг юу тунхагладаг вэ? Энэ үйлсэд дуу хоолойгоо нэгтгэхийг өөр хэнд уриалдаг вэ?

 ИЕССИЙН хүү Давид, Бетлехем хавийн нутгаар хонь хариулан өсжээ. Тэрээр эцгийнхээ сүргийг хонины бэлчээрт манаж хонохдоо аниргүй шөнө од түгсэн тэнгэрийн хязгааргүй уудмыг хэчнээн удаа гайхан ширтсэн бол оо! Хожим нь Бурхны ариун сүнсээр хөтлүүлэн: «Тэнгэр нь Бурхны сүр жавхланг [«алдрыг», ШЕ] зарлаж, огторгуй нь түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ» хэмээсэн яруу үгтэй 19-р дууллыг бичиж, дуулахдаа тэр сайхан дүр зургийг санаж байсан нь лавтай (Дуулал 19:1, 4).

2 Еховагийн бишрэм нэгэн бүтээл болох тэнгэр түүний алдрыг үг хэлж ярилгүй, чимээ гаргалгүй, өдөр шөнөгүй тунхагладаг. Бүтээлүүд Бурхны алдрыг зогсолтгүй тунхаглаж байдаг бөгөөд манай гаригийн оршин суугчдад хүрдэг, «бүх дэлхийд» илэрхий энэхүү анир чимээгүй гэрчлэлийг эргэцүүлэн бодох аваас хүн хэчнээн өчүүхэн болохоо ойлгодог. Гэсэн ч бүтээлийн энэ анир чимээгүй гэрчлэл хангалттай бус ажээ. Тийм учраас Бурхны алдрыг гэрчлэх үйлсэд дуу хоолойгоо нэгтгэхийг үнэнч хүмүүст бас уриалдаг. Нэр нь үл мэдэгдэх нэгэн дуулалч Бурхны үнэнч үйлчлэгчдэд: «ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн. ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн» хэмээн онгодоор хөтлүүлэн бичжээ (Дуулал 96:7, 8). Еховатай ойр дотно харьцаатай хэн боловч дээрх уриалгыг сэтгэл догдлон хүлээн авдаг. Гэхдээ Еховад «алдрыг өгөх» буюу түүнийг алдаршуулах гэж чухам юу гэсэн үг вэ?

3. Хүмүүс Бурхныг алдаршуулдгийн учир юу вэ?

3 Бурхныг алдаршуулахад үг ярианаас илүү зүйл шаардлагатай. Исаиагийн үеийн израильчууд Бурхныг уруулаараа алдаршуулдаг байсан ч, ихэнхэд нь чин сэтгэл дутаж байв. Ехова Исаиагаар дамжуулан: «Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа Намайг хүндлэвч, зүрхээрээ Надаас хол байна» гэж хэлжээ (Исаиа 29:13). Тийм хүмүүсийн өргөсөн магтаал ямар ч утгагүй байлаа. Еховаг зүрхнийхээ угаас хайрлаж, хосгүй алдрыг нь сэтгэлийнхээ гүнээс хүлээн зөвшөөрсөн цагт л магтаал утга төгөлдөр болдог. Ехова ганцаараа Бүтээгч бөгөөд Төгс хүчит, хамгийн шударга, хайрын Бурхан билээ. Тэрээр бидний авралын эх булаг бөгөөд тэнгэр хийгээд газар дахь аливаа амьд бүхний захирагдвал зохих хууль ёсны Хэмжээгүй эрхт Эзэн мөн (Илчлэлт 4:11; 19:1). Энэ бүхнийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг бол Бурхныг чин зүрхнээсээ алдаршуулцгаая.

4. Бурхныг алдаршуулах тухайд Есүс ямар заавар өгсөн бэ? Уг зааврыг хэрхэн мөрдөж болох вэ?

4 Бурхныг хэрхэн алдаршуулахыг Есүс Христ тайлбарласан. Тэрээр: «Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно» хэмээжээ (Иохан 15:8). Бид яаж «их жимс ургуулдаг» вэ? Нэгдүгээрт, «Хаанчлалын [тухай] ...сайн мэдээг» чин сэтгэлээсээ дэлгэрүүлж, Бурхны «үл үзэгдэх чанаруудыг» бүх бүтээлийн хамтаар «тунхагладаг» (Матай 24:14; Ром 1:20). Түүнээс гадна, дэлгэрүүлэх ажил хийснээр бид бүгд Ехова Бурхныг алдаршуулахад түрлэг нэмэх шинэ шавь бэлдэх ажилд шууд буюу дам хэлбэрээр хувь нэмэр оруулдаг. Хоёрдугаарт, ариун сүнсний тусламжтай хөгждөг үр жимсийг өөртөө бий болгож, Ехова Бурхны хосгүй чанаруудыг дуурайхыг хичээдэг (Галат 5:22, 23; Ефес 5:1; Колоссай 3:10). Үүний ачаар биеэ авч явах байдлаараа Бурхныг өдөр бүр алдаршуулдаг билээ.

«Бүх газарт»

5. Христиан хүн итгэл үнэмшлээ бусадтай хуваалцан, Бурхныг алдаршуулах үүрэгтэйг Паул хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?

5 Элч Паул Ром дахь итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа христиан хүн итгэл үнэмшлээ бусадтай хуваалцан, Бурхныг алдаршуулах үүрэгтэйг онцлон тэмдэглэжээ. Есүс Христэд итгэдэг хүн л аврагдана гэдгийг «Ром» ном тодорхой харуулдаг. «Христ бол хуулийн төгсгөл» байсаар атал тухайн үеийн израильчууд Мосегийн хуулийг сахин, Еховагийн нүдэнд зөвт байдалд хүрэхийг хичээж байсныг Паул захидлынхаа 10-р бүлэгт тэмдэглэжээ. Тиймээс: «Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч [«бүх нийтэд тунхаглаж», ШЕ], Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно» гэж хэлжээ. Тэр цагаас «иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй [болсон]. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. Учир нь „Эзний [«Еховагийн», ШЕ] нэрээр дуудах хэн ч аврагдах болно“» (Ром 10:4, 9–13).

6. Паул Дуулал 19:4-ийг юунд хамааруулсан бэ?

6 Цааш нь Паул: «Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?» хэмээн хоорондоо уялдаа бүхий асуулт тавьжээ (Ром 10:14). Тэрээр израильчуудын тухай: «Сайн мэдээг бүгд дагасангүй» гэж хэлсэн (МБОХ, 1996). Ямар учраас дагаагүй вэ? Боломжгүйгээс биш, харин итгээгүйгээсээ болоод сайн мэдээг хүлээн аваагүй аж. Паул үүнийг тайлбарлахдаа Дуулал 19:4-г иш татаж, уг зүйлийг бүтээлийн анир чимээгүй гэрчлэлд бус, христиануудын дэлгэрүүлэх ажилд хамааруулжээ. Тэрээр: «Үнэндээ... „Тэдний дуу хоолой бүх газарт, тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн“» гэж хэлсэн (Ром 10:16, 18). Тийм ээ, амьгүй бүтээл Бүтээгчээ алдаршуулдаг шиг нэгдүгээр зууны христианууд авралын сайн мэдээг газар сайгүй дэлгэрүүлэн, үүгээрээ Бурхныг «бүх газарт» алдаршуулсан билээ. Элч Паул Колоссай хотын итгэл нэгтнүүддээ илгээсэн захидалдаа сайн мэдээг хэчнээн өргөн цар хүрээтэй дэлгэрүүлээд байсныг дүрслэн, «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан» хэмээн бичжээ (Колоссай 1:23).

Хичээл зүтгэлтэй гэрчүүд

7. Есүсийн хэлснээр христианууд ямар үүрэгтэй вэ?

7 Паул Колоссай хотын христиануудад илгээсэн захидлаа Есүс Христийг үхсэнээс хойш 27 орчим жилийн дараа бичсэн бололтой. Дэлгэрүүлэх ажил яаж тийм харьцангуй богино хугацаанд Колоссайд хүрсэн юм бол оо? Үүний учир нь нэгдүгээр зууны христианууд хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж, Ехова ч тэдний хүчин чармайлтыг ивээсэнд байгаа юм. Есүс: «Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой» гэж хэлэхдээ дагалдагчид нь идэвхтэй дэлгэрүүлнэ гэдгийг урьдаас зөгнөжээ (Марк 13:10). Тийн зөгнөхийн зэрэгцээ бас нэгэн тушаал өгснийг Евангелийн «Матай» номын төгсгөлд: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээн тэмдэглэсэн байдаг (Матай 28:19, 20). Есүсийг тэнгэрт одсоны дараахан дагалдагчид нь эдгээр үгийг биелүүлж эхэлсэн.

8, 9. «Үйлс» номд бичсэнээр христианууд Есүсийн тушаалыг хэрхэн биелүүлсэн бэ?

8 МЭ 33 оны Пентекостын өдөр Есүсийн үнэнч дагалдагчид ариун сүнс аваад, хамгийн түрүүнд хийсэн ажил бол Иерусалимд хурсан олонд «Бурхны агуу үйлсийн тухай» ярьж, дэлгэрүүлсэн явдал байлаа. Дэлгэрүүлэх ажил нь их үр дүнтэй болж, «гурван мянга орчим хүн» баптисм хүртжээ. Шавь нар хичээл зүтгэл гарган, Бурхныг бүх нийтэд алдаршуулж, сайн үр дүнд хүрсэн билээ (Үйлс 2:4, 11, 41, 46, 47).

9 Удалгүй христиануудын үйл хэрэг шашны удирдагчдын анхаарлыг татав. Тэд Петр Иохан хоёрын зүрх зоригтой байгааг хараад, үймэлдэн сандарч, дэлгэрүүлэх ажлаа зогсоохыг тушаав. Гэтэл элч нар: «Бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй» гэж хариулжээ. Петр Иохан хоёрыг барьж авч сүрдүүлээд, тавьж явуулсанд тэд итгэл нэгтнүүд дээрээ очоод, хамтдаа Еховад залбирчээ. Христианууд: «Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч» хэмээн Еховагаас зоригтой гуйсан (Үйлс 4:13, 20, 29).

10. Жинхэнэ христианууд ямар эсэргүүцэлтэй тулгарсан бэ? Тэд эсэргүүцэлд хэрхэн хандсан бэ?

10 Тэр залбирал Еховагийн хүсэл таалалд нийцсэн нь арай хожим тодорхой болсон. Элч нарыг баривчлагдахад Бурхан тэнгэр элчээ илгээн, гайхамшгаар суллажээ. Тэгээд тэдэнд: «Өөрсдийн замаар яв. Сүм дотор зогсон, ард олонд энэхүү Амийн бүх үгийг яригтун» гэж хэлсэн ажээ (Үйлс 5:18–20). Элч нар энэ тушаалыг дуулгавартай биелүүлсэн тул Ехова тэднийг ивээсээр байв. Тэд «өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв» (Үйлс 5:42). Есүсийн дагалдагчдыг яаж ч эсэргүүцээд Бурхныг бүх нийтэд алдаршуулахыг нь зогсоож дийлээгүй нь илэрхий байна.

11. Эртний христианууд дэлгэрүүлэх ажилд хэрхэн ханддаг байсан бэ?

11 Удалгүй, Стефаныг баривчлан, чулуугаар шидэж алав. Түүнийг алсан нь Иерусалимд өрнөсөн харгис хавчлагын эхлэл байсан бөгөөд элч нараас бусад шавь бүгдээрээ Иерусалимаас дайжихаас өөр аргагүйд хүрэв. Хавчлагаас болж тэд урам хугарсан уу? Огт үгүй. «Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв» гэж бичсэн байдаг (Үйлс 8:1, 4). Христианууд Бурхны алдрыг хичээл зүтгэлтэй тунхагладаг байсан олон баримтыг Библиэс мэдэж болно. Жишээ нь, «Үйлс» номын 9-р бүлэгт Тарсын Саул гэгч фарисай хүн Есүсийн шавь нарыг хавчих ажлыг Дамаскт эхлүүлэхээр явах замдаа үзэгдлээр Есүсийг үзэж, сохорчээ. Дамаскт очиход нь Ананиа түүнийг гайхамшгаар дахин хараатай болгов. Саул буюу хожмоо элч Паул хэмээн алдаршсан тэр хүн хараа ороод хамгийн түрүүнд юу хийсэн бэ? «Төдөлгүй тэрээр синагогуудад: „Тэр бол Бурхны Хүү мөн“ хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв» гэж Библид тэмдэглэжээ (Үйлс 9:20).

Хүн бүр дэлгэрүүлдэг байв

12, 13. а) Түүхчдийн тэмдэглэснээр эртний христиан хурлын онцлог юу байсан бэ? б) «Үйлс» ном болон Паулын үг түүхчдийн хэлсэнтэй хэрхэн тохирдог вэ?

12 Эртний христиан хурлын бүх гишүүн дэлгэрүүлэх ажилд оролцдог байсныг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Тэр үеийн христиануудын тухай Филип Шафф: «Хурал болгон миссионерийн нийгэмлэг байсан бөгөөд христиан хүн бүр миссионер байжээ» гэж бичжээ («History of the Christian Church»). У. С. Уиллиамс: «Эртний христианууд бүгдээрээ, ялангуяа, ер бусын бэлэгтэй [ариун сүнсний бэлэгтэй] хүмүүс евангелийг дэлгэрүүлдэг байсан нь бүхэнд илэрхий баримт юм» гэж тэмдэглэжээ («The Glorious Ministry of the Laity»). Тэрээр цааш нь: «Шашны тодорхой хэргэм зэрэгтэй хүмүүс л дэлгэрүүлэх ажил хийх онцгой эрхтэй гэж Есүс Христ хэзээ ч хэлээгүй» гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэр байтугай, эртний христиануудын дайсан Цельс: «Ноосчин, гуталчин, арьсчин гэх мэтийн хамгийн харанхуй, бүдүүлэг хүмүүс хүртэл евангелийг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг байв» гэж бичжээ.

13 Эдгээр үгийн үнэнийг «Үйлс» номд бичсэн түүхэн явдал баталдаг. МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс асгарсны дараа эрэгтэй, эмэгтэй шавь нар бүгдээрээ Бурхны гайхамшигт үйлсийн тухай бүх нийтэд тунхаглах болжээ. Стефаныг алсны дараа дэгдсэн хавчлагын улмаас дүрвэж явсан бүх христиан сайн мэдээг өргөн далайцтай дэлгэрүүлжээ. 28 орчим жилийн дараа элч Паул: «Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг [«бүх нийтэд тунхагладаг», ШЕ] уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе» гэж бичсэн нь цөөн тооны лам хуврагт бус, харин бүх еврей христианд хандсан хэрэг байв (Еврей 13:15). Паул өөрөө дэлгэрүүлэх ажлыг хэрхэн үздэгээ: «Хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл, би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог» гэж хэлжээ (1 Коринт 9:16). Нэгдүгээр зууны үнэнч христианууд бүгдээрээ тийн ханддаг байсан нь тодорхой.

14. Итгэл дэлгэрүүлэх ажилтай ямар холбоотой вэ?

14 Үнэндээ, жинхэнэ христиан хүн дэлгэрүүлэх ажилд оролцох ёстой. Учир нь дэлгэрүүлэх ажил Есүст итгэх итгэлтэй салшгүй холбоотой. Паул: «Хүн зүрхэндээ итгэн, зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн [«бүх нийтэд тунхаглан», ШЕ], авралд хүрнэ» гэж хэлсэн (Ром 10:10). Энэ нь хурал дотор лам хувраг зэргийн цөөн хэдэн хүн л Есүст итгэдэг учраас тэд л дэлгэрүүлэх үүрэг хүлээдэг гэсэн үг үү? Мэдээж, үгүй! Жинхэнэ христианууд бүгдээрээ Эзэн Есүс Христдээ бат итгэдэг бөгөөд энэ итгэл үнэмшлээ бүх нийтэд тунхаглахыг хүсдэг. Эс бөгөөс итгэл нь үхмэл болно (Иаков 2:26). Манай эриний нэгдүгээр зууны үнэнч христианууд бүгд итгэлээ үйл хэргээрээ харуулсан учраас Еховагийн нэрийг цуурайтуулан алдаршуулсан.

15, 16. Олон бэрхшээл тулгарч байсан ч дэлгэрүүлэх ажил амжилттай явагдаж байсныг жишээгээр хэлнэ үү.

15 Нэгдүгээр зуунд хурлын дотор, гадна олон бэрхшээл байсан ч Ехова ард түмнээ ивээсэн. Жишээ нь, «Үйлс» номын 6-р бүлэгт шинээр христиан болсон еврей хэлтэй иудейчүүд болон грек хэлтэй иудейчүүдийн хооронд маргаан гарсныг тэмдэглэсэн байдаг. Уг маргааныг элч нар шийджээ. Үүний дүнд: «Бурхны үг түгэн тархсаар, Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилчдаас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа» гэж бичжээ (Үйлс 6:7).

16 Хожим нь Иудейн хаан Херод Агрийп болон Тир, Сидоны оршин суугчдын хооронд улс төрийн байдал хурцаджээ. Энэ хоёр хотын хүмүүс Херодыг зусардаж байж, байдлыг намжаахад тэрээр ард олонд хандаж, үг хэлсэн аж. Тэгэхэд цугласан олон: «Хүний дуу биш, бурхны дуу байна!» хэмээн хашхирчээ. Еховагийн тэнгэр элч Херодыг тэр даруй цохисонд тэрээр үхэв. Учир нь тэр «Бурханд алдрыг өргөөгүй» (Үйлс 12:20–23). Хүний удирдагчид найдаж байсан хүмүүс хэчнээн их цочирдсон бол оо! (Дуулал 146:3, «итгэх» [«найдах», ШЕ], 4). Харин христианууд Бурхныг алдаршуулсаар байв. Үүний дүнд, хэдийгээр улс төрийн байдал тогтворгүй байсан ч, «[Еховагийн] үг түгэн түгсээр байлаа» (Үйлс 12:24).

Эрт ба эдүгээ

17. Нэгдүгээр зуунд олон хүн юунд нэгдсэн бэ?

17 Тийм ээ, нэгдүгээр зууны дэлхий дахины христиан хурал Ехова Бурхныг хичээл зүтгэлтэй алдаршуулдаг хүмүүсээс бүрдэж байв. Үнэнч христиан хүн болгон сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцдог байсан. Зарим нь уриалаг хүмүүстэй таарч, Есүсийн хэлснээр, тушаасан бүгдийг нь сахин биелүүлэхийг тэдэнд заажээ (Матай 28:19, 20). Үүний дүнд хурал өргөжин тэлж, улам олон хүн эрт цагийн Давид хааны адилаар Еховаг алдаршуулах болжээ. Тэд: «Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархаж, Таны нэрийг мөнхөд алдаршуулна. Учир нь надад хандсан Таны хайр энэрэл агуу» хэмээн онгодоор бичигдсэн үгийг давтан цуурайтуулжээ (Дуулал 86:12, 13).

18. а) Нэгдүгээр зууны христиан хурал болон өнөөгийн христ шашны ертөнц ямар ялгаатай вэ? б) Дараагийн өгүүллээр юун тухай ярилцах вэ?

18 Энэ талаар теологийн профессор Аллисон Тритесийн хэлсэн үг анхаарал татдаг. Тэрээр орчин үеийн христ шашны ертөнцийг нэгдүгээр зууны христиануудтай харьцуулаад: «Өнөөдөр христ шашны байгууллагын гишүүдийн тоо гол төлөв жам ёсны (хүүхдүүд эцэг эхийнхээ итгэл үнэмшлийг өвлөн авах) юм уу шилжих (тухайн нутагт нүүж ирсэн хүн гишүүний харьяаллаа шилжүүлэх) өсөлтөөр өсдөг. Гэтэл «Үйлс» номыг үзвэл христиануудын тоо нэмэгдсэн нь шинээр христиан болсон хүний тоо өссөнтэй холбоотой байжээ. Учир нь тэр үед христиан хурал дөнгөж үүсэж байсан» гэж хэлжээ. Тэгвэл энэ нь өнөөдөр жинхэнэ христиануудын тоо Есүсийн хэлсэн ёсоор өсөхгүй байна гэсэн үг үү? Яалаа гэж, өсөлгүй яах вэ. Өнөөгийн жинхэнэ христианууд нэгдүгээр зууны христиануудыг бүх талаар дуурайн, Бурхныг бүх нийтэд алдаршуулахын тулд хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг. Энэ тухай дараагийн өгүүллээр ярилцъя.

Та тайлбарлаж чадах уу?

• Бид ямар ямар аргаар Бурхныг алдаршуулдаг вэ?

Дуулал 19:4-ийг Паул юунд хамааруулсан бэ?

• Итгэл болон дэлгэрүүлэх ажил ямар холбоотой вэ?

• Нэгдүгээр зууны христиан хурлын онцлог юу байсан бэ?

[Догол мөрийн асуулт]