Skip to content

Гарчиг руу орох

«Тэдний дуу хоолой бүх газарт... хүрсэн»

«Тэдний дуу хоолой бүх газарт... хүрсэн»

«Тэдний дуу хоолой бүх газарт... хүрсэн»

«Бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ» (МАТАЙ 28:19).

1, 2. а) Есүс шавь нартаа ямар даалгавар өгсөн бэ? б) Нэгдүгээр зууны христианууд даалгавраа амжилттай биелүүлж чадсаны учир юу вэ?

 ЕСҮС тэнгэрт буцахаасаа өмнөхөн шавь нартаа нэгэн даалгавар өгчээ. Тэрээр: «Бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ» гэж хэлсэн (Матай 28:19). Энэ нь амаргүй даалгавар байлаа!

2 МЭ 33 оны Пентекостын өдөр 120-иодхон шавь ариун сүнс аваад, Есүс бол он удаан жил хүсэн хүлээсэн, хүн төрөлхтнийг аврах Мессиа мөн гэдгийг ярьж, тэрхүү даалгаврыг биелүүлж эхэлсэн гээд бодоод үз дээ! (Үйлс 2:1–36). Тийм цөөхөн хүн яаж «бүх үндэстэнд» сайн мэдээ хүргэх билээ? (Матай 28:19). Энэ бол хүний хүчээр бүтэх ажил биш ч, «Бурханд бүх юм боломжтой» билээ (Матай 19:26). Эртний христианууд Еховагийн ариун сүнсний дэмжлэгийг авч, «шамдан» дэлгэрүүлж байв (Зехариа 4:6; 2 Тимот 4:2, МАБ). Тиймээс хэдхэн арван жилийн дотор сайн мэдээ «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан» хэмээн элч Паул хэлж чаджээ (Колоссай 1:23).

3. «Буудай» буюу жинхэнэ христиануудыг юу халхалсан бэ?

3 Нэгдүгээр зуунд жинхэнэ шүтлэг түгэн дэлгэрсээр байв. Гэвч, Сатан «зэрлэг өвс» тарьж, «буудай» буюу жинхэнэ христиануудыг ургац хураах хүртэл олон зууны турш халхлах цаг ирнэ гэдгийг Есүс зөгнөн хэлжээ. Есүсийн элч нарыг нас барсны дараа энэ үг биелж эхэлсэн (Матай 13:24–39).

Орчин үед хурдан өссөн нь

4, 5. 1919 оноос тослогдсон христианууд ямар ажил хийж эхэлсэн бэ? Энэ нь ямар учраас амаргүй байсан бэ?

4 1919 онд «буудайн» хувьд «зэрлэг өвснөөс» ялгарах цаг нь болжээ. Есүсийн өгсөн агуу даалгавар хүчинтэй хэвээр байсныг тослогдсон христианууд ойлгов. Тэд «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаадаа бат итгэлтэй байсан бөгөөд «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээн Есүсийн зөгнөснийг мэдэж байв (2 Тимот 3:1; Матай 24:14). Тийм ээ, хийх ажил их байгааг тэд ойлгож байлаа.

5 Гэсэн ч, МЭ 33 онд шавь нарт ногдсон шиг амаргүй ажлыг тослогдсон христианууд хийх хэрэгтэй болсон. Тэд цөөн хэдэн оронд хэдхэн мянгаар тоологдож байв. Тийм байж сайн мэдээг яаж «дэлхий даяар тунхаглах» билээ? Ромын эзэнт гүрний үед дэлхийн хүн ам 300 орчим сая байсан бололтой. Харин Дэлхийн нэгдүгээр дайны дараа бараг 2 тэрбумд хүрч байсан гээд бодоод үз дээ. Тэгтэл ХХ зуунд хүн ам улам хурдан өсөх нь тодорхой байв.

6. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг 1930-аад оны дундуур хэр зэрэг амжилттай явуулж байсан бэ?

6 Гэхдээ Еховагийн тослогдсон үйлчлэгчид нэгдүгээр зууны итгэл нэгтнүүдийнхээ адил Еховад бүрэн найдаж, даалгавраа биелүүлэхээр ханцуй шамлан орж, Бурхан ч тэднийг ариун сүнсээрээ дэмжсэн. 1930-аад оны дунд үе гэхэд 115 оронд 56 000 орчим дэлгэрүүлэгч Библийн үнэнийг тунхаглаж байлаа. Их ажил нугалаад байсан ч, хийх ажил бас л их байв.

7. а) Тослогдсон христианууд ямар шинэ ажил үүрэг хүлээх болсон бэ? б) «Өөр хонинуудын» дэмжлэгтэйгээр цуглуулах ажил өнөөдрийг хүртэл хэрхэн амжилттай явагдаж байна вэ?

7 Дараа нь тослогдсон христианууд Илчлэлт 7:9-д дурдсан «үй олон хүн» гэж чухам хэн болохыг гүнзгий ойлгосноор шинэ ажил үүрэг хүлээх болсны зэрэгцээ дэлгэрүүлэх их ажилдаа тусламж авах боломжтой болов. Тоолохын аргагүй олон «өөр хонинуудын» буюу дэлхийн найдвартай хүмүүсийг «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» цуглуулах хэрэгтэй байлаа (Иохан 10:16, МБОХ, 1996). Тэд «өдөр шөнөгүй [Еховад] үйлчлэх» учиртай байв (Илчлэлт 7:15). Өөрөөр хэлбэл, дэлгэрүүлэх болон заах ажилд тусална гэсэн үг ажээ (Исаиа 61:5). Үүний дүнд сайн мэдээ дэлгэрүүлэгчдийн тоо эхлээд хэдэн арван мянгаар, хожим нь хэдэн саяар нэмэгдэхийг тослогдсон христианууд сэтгэл догдлон харж байлаа. 2003 онд дэлгэрүүлэх ажилд оролцсон хүний тоо 6 429 351-д хүрсэн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд тэдний дийлэнх олонх нь «үй олон хүний» бүлэгт хамаарах юм *. Тослогдсон христианууд энэ тусламжид талархаж байдаг бол «өөр хонинууд» тослогдсон ах дүү нараа дэмжих завшаантайдаа баярлаж явдаг (Матай 25:34–40).

8. Еховагийн Гэрчүүд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хатуу харгис хавчлагад хэрхэн хандсан бэ?

8 «Буудайн» анги дахин ил болоход Сатан түүний эсрэг ширүүн дайн зарласан (Илчлэлт 12:17). «Үй олон хүнийг» бий болж эхлэхэд Диавол яасан бэ? Маш ихээр хилэгнэн эсэргүүцсэн! Дэлхийн хоёрдугаар дайны үед газар сайгүй Еховагийн үйлчлэгчид уруу довтолсны цаана Сатан байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Дайтагч талуудын аль аль нь христиануудыг айхтар хавчиж байсан. Олон ах эгч аймшигтай сорилтод орж, зарим нь итгэл үнэмшлийнхээ төлөө амиа алдсан. Гэсэн ч тэд: «Бурхны дотор би Түүний үгийг магтана. Бурханд би итгэлээ өгсөн. Би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?» хэмээсэн дуулалчийн үгтэй санал нэг байдгаа үйл хэргээрээ харуулсан (Дуулал 56:4; Матай 10:28). Еховагийн сүнсээр бэхэжсэн тослогдсон христианууд болон «өөр хонинууд» хамтдаа бат зогсож байлаа (2 Коринт 4:7 «хүчний давамгайлал» [«хирээс хэтэрсэн хүч», ШЕ]). Үүний дүнд «Бурхны үг түгэн тархсаар» байв (Үйлс 6:7). 1939 онд дайн эхлэхэд 72 475 үнэнч христиан дэлгэрүүлэх ажилд оролцон, тайлан өгч байсан бол 1945 онд дайн дуусахад бүрэн бус тоогоор 156 299 Гэрч сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлснийг тайлангаас үзэж болно. Сатан ямар том ялагдал хүлээгээ вэ!

9. Дэлхийн хоёрдугаар дайны үед ямар хоёр сургууль шинээр нээсэн бэ?

9 Еховагийн үйлчлэгчид дайны эмх замбараагүй байдалд үл автан, дэлгэрүүлэх ажил бүтнэ гэдэгт итгэсэн хэвээр байсан нь илэрхий байна. Харин ч, дайны гал ид дүрэлзэж байсан 1943 онд Бурхны ард түмэн хоёр шинэ сургуультай болсон. Нэг нь одоогийн Теократ үйлчлэлийн сургууль буюу Гэрч нэг бүрийг дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд сургах зорилгоор хурал болгонд зохион байгуулсан сургууль байв. Нөгөө нь дэлгэрүүлэх ажлыг хилийн чанадад өргөжүүлэхээр миссионер бэлтгэх зорилготой Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургууль байсан. Тийм ээ, дайн дуусахад жинхэнэ христианууд үйл хэргээ өргөжүүлэхэд бэлэн болсон байлаа.

10. 2003 онд Еховагийн ард түмэн хичээл зүтгэлээ хэрхэн харуулсан бэ?

10 Тэд үнэхээр гайхамшигтай ажил хийсэн! Теократ үйлчлэлийн сургуульд суралцсан хүмүүс хөгшин залуу, эцэг эх, хүүхэд багачууд, тэр байтугай, тахир дутуу гэлтгүй бүгдээрээ Есүсийн өгсөн агуу даалгаврыг биелүүлсэн бөгөөд одоо ч биелүүлж байна (Дуулал 148:12, 13; Иоел 2:28, 29). 2003 оны байдлаар сард дунджаар 825 185 хүн хичээл зүтгэлээ харуулан, байнгын болон туслах эхлэгчээр үйлчилсэн. Мөн энэ онд Еховагийн Гэрчүүд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд 1 234 796 477 цаг зарцуулжээ. Ард түмэн нь хичээл зүтгэлтэй байдагт Ехова баярладаг нь лавтай!

Хилийн чанадад

11, 12. Дэлгэрүүлэх ажилд миссионерүүдийн оруулсан хувь нэмрийг жишээгээр харуулна уу.

11 «Гилеад» сургуулийг төгсөгчид хилийн чанадад олон жил үр бүтээлтэй үйлчилсээр ирсэн. Саяхнаас, Үйлчлэл дээшлүүлэх сургуулийн төгсөгчид мөн амжилттай үйлчлэх болсон. Жишээлбэл, 1945 онд Бразилд анхны миссионерүүдийг очиход 400 хүрэхгүй дэлгэрүүлэгч байсан. Тэд болон тэдний дараах үеийн миссионерүүд Бразилийн хичээл зүтгэлтэй ах дүүстэйгээ мөр зэрэгцэн шаргуу хөдөлмөрлөж, Еховагийн ивээлийг арвин ихээр хүртсэн. Тэр үеийг мэддэг хүмүүс 2003 онд Бразилийн дэлгэрүүлэгчдийн тоо өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрч, 607 362 болсныг хараад догдолж байгаа нь эргэлзээгүй!

12 Японыг аваад үзье. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө энэ улсад зуу орчим дэлгэрүүлэгч байжээ. Дайны үеийн харгис хавчлагын улмаас тэдний тоо цөөрч, дайн дуусахад хэдхэн дэлгэрүүлэгч сүнслэг болон шууд утгаар амьд үлдсэн байв (Сургаалт үгс 14:32). 1949 онд «Гилеад» сургуулийг төгсөөд, Японд ирсэн анхны 13 миссионерийг үнэнч үлдсэн тэр цөөн хэдэн хүн баяр хөөртэй угтаж байсан нь эргэлзээгүй. Удалгүй, миссионерүүд ч урам зоригтой, зочломтгой япон ах дүүстээ сэтгэл нь татагдах болжээ. Түүнээс хойш 50 гаруй жил өнгөрч, 2003 оны байдлаар Японд дэлгэрүүлэгчдийн тоо 217 508-д хүрсэн нь шинэ дээд амжилт болжээ! Ехова ард түмнээ үнэхээр өгөөмрөөр ивээжээ. Олон улс орноос үүнтэй төстэй тайлан ирүүлсэн байна. Гадаадад үйлчлэх боломжтой дэлгэрүүлэгчид сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 2003 онд дэлхий даяар 235 улс орон, арал, нутаг дэвсгэрийн хүмүүст сайн мэдээ хүргэжээ. Тийм ээ, «үй олон хүн» «үндэстэн бүрээс» ирж байна.

«Бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс»

13, 14. Сайн мэдээг «бүх хэлээр» дэлгэрүүлэхийн ач холбогдлыг Ехова хэрхэн үзүүлсэн бэ?

13 МЭ 33 оны Пентекостын өдөр шавь нар ариун сүнс авсныхаа дараа үзүүлсэн анхны гайхамшиг нь цугласан олонд төрөлх хэлээр нь ярьсан явдал байсныг Библид тэмдэглэжээ. Тэднийг сонсож байсан хүмүүс тухайн үеийн олон улсын хэл болсон грек хэлийг мэддэг байсан бололтой. Түүнчлэн, «сүсэгтнүүд» байсан тул еврей хэлээр явагддаг сүмийн арга хэмжээг ойлгодог байсан биз ээ. Гэсэн ч сайн мэдээг эх хэлээрээ сонсоод, сэтгэл нь ямар их хөдөлсөн бол оо! (Үйлс 2:5, МБОХ, 19967–12).

14 Өнөөдөр ч гэсэн дэлгэрүүлэх ажлыг олон хэлээр явуулж байна. «Үй олон хүн» үндэстэн бүрээс төдийгүй, «бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» ирэх тухай зөгнөсөн байсан. Үүний дагуу Ехова Зехариагаар дамжуулан: «Үндэстнүүдийн бүх хэлнээс арван хүн: „Бид та нартай хамт явна. Учир нь Бурхан та нартай хамт байдаг гэж бид сонссон“ хэмээн, нэг иудей хүний хувцаснаас зуурна» гэж урьдаас хэлжээ (Зехариа 8:23, ШЕ). Еховагийн Гэрчүүд өнөөдөр харь хэлээр ярих ер бусын чадваргүй ч, хүнд төрөлх хэлээр нь Библийн үнэнийг заахын ач холбогдлыг ойлгодог.

15, 16. Нутгийн хэлээр дэлгэрүүлэх амаргүй ажлыг миссионерүүд болон бусад хүн хэрхэн барьж авсан бэ?

15 Өнөөдөр англи, франц, испани зэрэг цөөн хэдэн хэлийг дэлхийд өргөн ашигладаг. Харин хилийн чанадад үйлчилдэг Гэрчүүд «мөнхийн аминд зөв ханддаг» хүмүүст сайн мэдээг илүү хүртээмжтэй хүргэхийн тулд очсон газрынхаа хэлийг сурахыг чармайдаг (Үйлс 13:48, ШЕ). Хэл сурна гэдэг тийм ч амар ажил биш ээ. Номхон далайн өмнөд хэсгийн тувалу үндэстэн ах дүү нарт төрөлх хэлээр нь хэвлэл хэрэгтэй болоход нэг миссионер энэ амаргүй ажлыг барьж авахаар зориг шулууджээ. Нутгийн хэлээр ганц ч толь бичиг байгаагүй тул тэр ах тувалу хэлний үгийг тайлбарласан жагсаалт хийж эхэлжээ. Эцэст нь «Та диваажин дэлхийд мөнх амьдарч болно» * ном тувалу хэлээр гарчээ. Кюрасаод анхны миссионерүүдийг ирэхэд нутгийн хэл буюу папиаменто хэлээр Нийгэмлэгийн ном хэвлэл ч, толь бичиг ч байхгүй байв. Түүний зэрэгцээ, бичгийн хэлний асуудал ихээхэн маргаантай байжээ. Гэсэн ч, миссионерүүдийг ирснээс хойш хоёр жилийн дотор тэр хэлээр Библид үндэслэсэн анхны танилцуулга гарчээ. Өнөөдөр «Харуулын цамхаг» сэтгүүлийг англи хэлтэй нэгэн зэрэг 133 хэлээр гаргадгийн нэг нь папиаменто хэл юм.

16 Намибид миссионерүүд анх очоод, нутгийн Гэрчүүдийн дундаас орчуулгын ажилд тус болох хүн олж чадаагүй аж. Түүнээс гадна, нутгийн хэлний нэг болох нама хэлэнд манай Нийгэмлэгийн хэвлэлд өргөн ашигладаг «төгс» гэх зэргийн ойлголтыг илэрхийлэх үг байдаггүй ажээ. Нэг миссионер: «Орчуулгын ажилд би гол төлөв бидэнтэй Библи судалдаг, сургуулийн багш нараар туслуулдаг байсан. Тэд үнэний тухай өнгөц мэддэг байсан болохоор би тэдэнтэй хамт суугаад, өгүүлбэр нэг бүрийг нарийн зөв буулгасан эсэхийг шалгадаг байж билээ» хэмээн дурсжээ. Олон бэрхшээл тулгарч байсан ч, «Шинэ ертөнц дэх амьдрал» нэртэй танилцуулгыг Намибийн дөрвөн хэлээр хөрвүүлжээ. Өнөөдөр «Харуулын цамхаг» сэтгүүл куаняма болон ндонга хэлээр тогтмол гарч байна.

17, 18. Еховагийн Гэрчүүд Мексик болон бусад оронд ямар ямар бэрхшээлийг даван туулж байна вэ?

17 Мексикийн албан ёсны хэл нь испани хэл. Гэсэн ч испаничуудыг ирэхээс өмнө нутгийн уугуул иргэд олон хэлээр ярьдаг байсан бөгөөд зарим хэлээр эдүгээ ч ярьдаг аж. Тиймээс өнөөдөр Еховагийн Гэрчүүд хэвлэлээ Мексикийн долоон хэлээр, мөн дохионы хэлээр гаргадаг. Маяа хэлээр гарсан «Хаанчлалын үйлчлэл» бол Америкийн уугуул иргэдийн хэлээр гарсан анхны тогтмол хэвлэл юм. Мексикийн 572 530 дэлгэрүүлэгчийн дунд маяа, ацтек болон бусад үндэстэн уугуул иргэд хэдэн мянгаараа байдаг.

18 Сүүлийн үед олон сая хүн гадаадад дүрвэх юм уу эдийн засгийн шалтгаанаар эх орноосоо явдаг болжээ. Үүний дүнд олон орон гадаад хэлээр дэлгэрүүлэх том хэмжээний талбайтай болоод байна. Еховагийн Гэрчүүд ч энэ хэцүү ажлыг зориглон эхэлжээ. Жишээлбэл, Италид итали хэлнээс гадна 22 хэлний хурал болон бүлэг байдаг. Саяхнаас, өөр хэлээр ярьдаг хүмүүст дэлгэрүүлдэг Гэрчүүдэд туслахын тулд итали дохионы хэлийг оролцуулаад 16 хэлний дамжаа зохион байгуулсан. Бусад олон оронд Еховагийн Гэрчүүд цагаачлан ирсэн олон хүнд туслахын тулд мөн адил хүчин чармайлт гаргаж байна. Тийм ээ, Еховагийн тусламжтайгаар «үй олон хүн» үнэхээр олон хэлтнээс ирж байна.

«Бүх газарт»

19, 20. Паулын хэлсэн ямар үг өнөөдөр гайхамшигтай биелж байна вэ? Тайлбарлана уу.

19 Нэгдүгээр зуунд элч Паул: «Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ, тэд сонссон. „Тэдний дуу хоолой бүх газарт, тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн“ гэсэн байдаг» хэмээн бичжээ (Ром 10:18). Нэгдүгээр зуунд тийм байсан бол өнөөдөр ч тийм байх нь гарцаагүй! Түүхийн аль ч үед байгаагүй тийм олон сая хүн: «Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно» гэж хэлж байна (Дуулал 34:1).

20 Түүнээс гадна, дэлгэрүүлэх ажлын эрч хүч сулраагүй байна. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэгчдийн тоо өсөж, энэ ажилд улам олон цаг зарцуулж байгаа билээ. Олон сая давтан уулзалт хийж, хэдэн зуун мянган Библийн хичээл явуулж байна. Сонирхогч хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил 16 097 622 хүн Есүсийн үхлийг Дурсах үдэшлэгт хүрэлцэн ирсэн. Хийх ажил их байгаа нь тодорхой байна. Харгис хавчлагыг тэсвэрлэн давсан ах дүү нарынхаа үнэнч байдлыг дуурайцгаая. 1919 оноос хойш Еховад үнэнч үйлчилсэн ах дүү нар шигээ хичээл зүтгэлтэй байцгаая. «Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНийг магтагтун!» хэмээсэн дуулалчийн дуунд бүгдээрээ түрлэг нэмцгээе (Дуулал 150:6).

[Зүүлт]

^ Жилийн тайланг 11, 12-р хуудаснаас үзнэ үү.

^ Еховагийн Гэрчүүдийн, олон хэлээр гаргасан хэвлэл.

Та тайлбарлаж чадах уу?

• 1919 оноос ах нар ямар даалгавар биелүүлж эхэлсэн бэ? Ямар учраас энэ нь амаргүй байсан бэ?

• Дэлгэрүүлэх ажлыг дэмжих ямар бүлэг хүн цугласан бэ?

• Хилийн чанадад үйлчилсэн миссионерүүд болон бусад хүн ямар үнэтэй хувь нэмэр оруулсан бэ?

• Ехова өнөөдөр ард түмнийхээ ажлыг ивээж байгааг та ямар баримтаар харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]