Зүрхээ хамгаалан цэвэр ариун байдлаа хадгалагтун
Зүрхээ хамгаалан цэвэр ариун байдлаа хадгалагтун
«Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм» (СУРГААЛТ ҮГС 4:23).
1-3. а) Цэвэр ариун байдлаа үнэлж чадаагүйгээ хүмүүс хэрхэн харуулдаг вэ? Жишээ татна уу. б) Цэвэр ариун байдлын үнэ цэнийг сайн мэдэх нь яагаад чухал бэ?
ЗУРАГ эзэндээ хуучирсан юм шиг санагдсан байж болох юм. Гэрийнх нь дотоод засалтай тохирохгүй байсан байж ч болох. Ямартай ч, эзэн нь зургаа хэрэггүй гэж үзээд, хямдарсан барааны дэлгүүрт өгч, 29 ам. доллараар зарах болжээ. Гэтэл хэдэн жилийн дараа өнөөх зураг бараг сая долларын үнэтэй болох нь тогтоогджээ! Үнэндээ, урлагийн шилдэг бүтээл, ховор эд байсан аж. Ийм үнэтэй эдээ дутуу үнэлсэндээ хэчнээн их харамссаныг хэлэх ч хэрэггүй биз!
2 Ёс суртахууны цэвэр ариун байдлын тухайд иймэрхүү явдал тохиолдох нь олонтаа. Цэвэр ариун байдлыг зохих ёсоор үнэлдэггүй хүн өнөөдөр даанч олон. Зарим хүн үүнийг орчин үеийн амьдралын хэв маягт тохирохгүй, хуучирсан үзэл гэж боддог учир өчүүхэн юмнаас өгчихдөг. Зарим нь цэвэр ариун байдлаа бэлгийн дур тачаалаа хангах хэдхэн хормын жаргалаар худалдчихдаг. Харин зарим нь үе тэнгийнхэн болон эсрэг хүйсийн хүнд таалагдахын тулд цэвэр ариун байдлаа золиосолдог (Сургаалт үгс 13:20).
3 Гэтэл цэвэр ариун байдал нь хэчнээн үнэ цэнтэй юм байсныг олон хүн голдуу нөхөж баршгүй хохирол үзэж байж, дэндүү хожимдож ухаардаг. Садар самуун явдлын үр дагаврыг Библид тэмдэглэснээр «агь мэт гашуун» хортой зүйрлэж болно (Сургаалт үгс 5:3, 4). Ёс суртахууны ялзралд орсон өнөөгийн нийгэмд цэвэр ариун байдлаа хэрхэн эрхэмлэж, хадгалах вэ? Үүний тулд ямар гурван алхам хийж болохыг дэлгэрэнгүй авч үзье.
Зүрхээ хамгаалагтун
4. Бэлэгдлийн зүрх гэж юу вэ? Ямар учраас хамгаалах ёстой вэ?
4 Цэвэр ариун байдлаа хадгалах гол түлхүүр бол зүрхээ хамгаалах явдал юм. Библид: «Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм» гэж тэмдэглэсэн байдаг (Сургаалт үгс 4:23). Энд бичсэн «зүрх» гэж юу вэ? Энэ нь зүрх гэдэг эрхтнийг бус, харин бэлэгдлийн зүрх буюу хүний оюун бодол, сэтгэл мэдрэмж, хүсэл эрмэлзлийг цогцоор нь багтаасан дотор хүнийг хэлдэг. Библид: «Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла» гэж тушаадаг (Дэд хууль 6:5). Есүс энэхүү тушаалыг хамгийн агуу нь гэж хэлсэн билээ (Марк 12:29, 30). Эндээс, бидний бэлэгдлийн зүрх үлэмж үнэ цэнтэй болох нь тодорхой байна. Тэгэхлээр, хамгаалахаас ч аргагүй юм.
5. Зүрх хэрхэн үнэ цэнтэй ч, аюултай ч зүйл болдог вэ?
5 Гэхдээ: «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» гэж Библи бас сануулдаг (Иеремиа 17:9). Зүрх биднийг хэрхэн хуурч, ямар аюул учруулдаг вэ? Жишээ болгон, автомашиныг авч үзье. Машин ер нь хэрэгтэй эд мөн. Зарим онцгой тохиололд амь нас ч авардаг. Гэтэл жолооч жолооны хүрднээсээ гараа салгалгүй, машинаа зохих ёсоор залж явахгүй бол машин үхлийн зэвсэг болохдоо амархан. Үүнтэй адилаар, хүн зүрхээ хамгаалахгүй бол дур хүсэл, сэтгэл хөөрөлдөө автан, улмаар аюултай замд орох болно. Бурхны Үг: «Зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг» гэж хэлдэг (Сургаалт үгс 28:26). Тийм ээ, замд гарахаасаа өмнө газрын зураг үздэг шигээ, өөрийгөө залахын тулд Бурхны Үгийг ашиглавал мэргэн байж, аюулаас зайлсхийж чадна (Дуулал 119:105).
6, 7. а) Ариун байдал гэж юу вэ? Энэ нь Еховагийн үйлчлэгчдэд ямар учраас чухал бэ? б) Төгс бус хүмүүс бид Еховагийн ариун байдлыг тусгаж чадахаа хаанаас мэддэг вэ?
6 Хүний зүрхэнд цэвэр ариун байдалд тэмүүлэх төрөлхийн хандлага байдаггүй. Тиймээс бид л тэр зүгт залах ёстой. Ийн залах нэг арга бол цэвэр ариун байдлын жинхэнэ үнэ цэнийг эргэцүүлэн бодох явдал юм. Энэ чанар нь ариун байдал буюу нүглээс ангид, цэвэр байх гэсэн ойлголттой нягт холбоотой. Ариун байдал бол Ехова Бурхны мөн чанарын салшгүй хэсэг болсон эрхэм чанар юм. Энэ чанар Еховад хамаатай болохыг Библийн олон зуун зүйлд тэмдэглэсэн байдаг. Үнэндээ, Библид: «Ариун байдал Еховад хамаатай» гэж хэлдэг (Египетээс гарсан нь 28:36, ШЕ). Гэхдээ төгс бус хүмүүс бидэнд энэ эрхэм чанар ямар хамаатай вэ?
7 Ехова бидэнд: «Би ариун учраас та нар ариун байгтун» гэж Үгээрээ дамжуулан хэлдэг (1 Петр 1:16). Тийм ээ, бид Еховагийн ариун байдлыг дуурайх буюу түүний өмнө цэвэр байж, цэвэр ариун байдлаа хадгалж чадна. Тийм учраас, биднийг бузарлах аливаа цэвэр бус хэргийг тэвчихдээ Хамгийн дээд Бурхны нэг сайхан чанарыг илэрхийлэх хосгүй завшаан эдэлдэг! (Ефес 5:1). Цэвэр ариун байх нь хүний хэрээс хэтэрсэн зүйл гэж бодох хэрэггүй. Учир нь Ехова бол мэргэн бөгөөд хэрсүү ухаантай Эзэн тул биднээс хүч хүрэхгүй юм шаарддаггүй (Дуулал 103:13, 14; Иаков 3:17). Сүнслэгээр болон ёс суртахууны хувьд цэвэр ариун байхын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай нь үнэн. Гэхдээ элч Паул «чин сэтгэл болон цэвэр ариун байдлыг» «Христийн авбал зохих» юм хэмээн тэмдэглэжээ (2 Коринт 11:3, ШЕ). Бид Христ болон түүний Эцгийн өмнө ёс суртахууны хувьд цэвэр ариун байдлаа хадгалахын тулд чадах бүхнээ хийх ёстой биз дээ? Тэдний агуу хайрыг хэзээ ч хариулж баршгүй (Иохан 3:16; 15:13). Ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахин, цэвэр ариун амьдарч, тэр хайрынх нь төлөө талархлаа илэрхийлэх нь бидний хувьд завшаантай хэрэг мөн. Хэрэв бид цэвэр ариун байхыг Еховад талархлаа илэрхийлэх боломж гэж үздэг бол зүрхээ хамгаалан цэвэр ариун байдлаа эрхэмлэх болно.
8. а) Бэлэгдлийн зүрхээ хэрхэн тэжээж болох вэ? б) Бидний яриа юу харуулдаг вэ?
8 Түүнчлэн, сүнслэгээр хоолловол зүрхээ хамгаална. Бид оюун ухаан болон зүрхээ чанартай сүнслэг хоолоор тогтмол тэжээж, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй (Колоссай 3:2). Яриандаа ч үүнийг тусгах учиртай. Хэрэв хүмүүс биднийг махан биеийн хүсэл тачаалын тухай, эсвэл садар самуун юм ярьдгаар маань сайн мэддэг бол зүрхний маань байдал л харагдаж байна гэсэн үг (Лук 6:45). Үүний оронд, сүнслэг болон бусдын итгэлийг бэхжүүлэх яриагаар хүмүүст өөрсдийгөө таниулцгаая (Ефес 5:3). Зүрхээ хамгаалахын тулд бас зарим ноцтой аюулаас зайлсхийх хэрэгтэй. Эдгээрээс хоёрыг нь авч үзье.
Садар самуунаас зугтан явагтун
9-11. а) 1 Коринт 6:18-ын зөвлөгөөг үл тоомсорлодог хүмүүс ямар учраас садар самуун явдалд орооцолдох аюулд илүүтэй өртдөг вэ? Жишээ татна уу. б) Хэрэв бид садар самуун явдлаас зугтан явдаг бол юунаас зайлсхийх хэрэгтэй вэ? в) Үнэнч Иов бидэнд ямар гайхамшигтай жишээ үзүүлсэн бэ?
9 Элч Паулын, онгодоор хөтлүүлэн бичсэн зөвлөгөө олон хүнийг зүрхээ хамгаалж, цэвэр ариун байдлаа хадгалахад тусалдаг. Паул: «Садар самуун явдлаас зугтан явагтун» гэж хэлсэн (1 Коринт 6:18). «Садар самуунаас зайлсхий» гэж хэлээд л орхичихоогүйг анхаарах хэрэгтэй. Христианууд илүү ихийг хийх ёстой аж. Амь насанд аюултай аливаа зүйлээс зугтдаг шиг садар самуун явдлаас зугтан явах ёстой. Хэрэв бид энэ зөвлөгөөг үл тоомсорловол садар самуунд орооцолдож, Бурхны сайшаалыг алдах аюул ихэснэ.
10 Үүнийг жишээгээр ярилцъя. Ээж нь хүүгээ усанд оруулж, цэвэр хувцсыг нь өмсүүлээд, чухал хэргээр гадагшаа гарахаар бэлджээ. Хүү гэрийнхнийгээ явтал гадаа тоглохоор гуйж. Ээж нь нэг болзолтойгоор зөвшөөрөн: «Гадаа байгаа шалбаагт ойрхон битгий очоорой. Шавар шавхай болбол чинь шийтгэнэ шүү» гэж хэлжээ. Гэтэл хэдэн минутын дараа хүүгээ хартал хүү нь шалбаагны захад оччихсон, өлмий дээрээ тэнцэж ядан явж байна гэнэ. Арай ч шавар шавхай болчихоогүй аж. Гэхдээ л, шалбаагт ойрхон бүү очоорой гэж ээжийнхээ сануулсныг үл тоомсорлосноос, хүү шаварт унах нь бараг гарцаагүй болчихсон байлаа (Сургаалт үгс 22:15). Залуучууд, тэр байтугай, энэ асуудалд илүү болгоомжтой хандах ёстой томчууд иймэрхүү алдаа гаргадаг. Яаж?
11 Өчнөөн олон хүн «гутамшигт хүсэл тачаалд» автах болсон өнөө үед ёс бус бэлгийн харьцааг дэвэргэсэн бизнесийн бүхэл бүтэн, шинэ салбар бий болоод байна (Ром 1:26, 27). Сонин сэтгүүл, ном хэвлэл, видео кино, Интернэтээр порно «тахал» дэгдэж байна. Тиймэрхүү дүр зургийг ухаан санаандаа хоногшуулах дуртай хүмүүс садар самуунаас зугтан явдаг гэвэл юу л бол. Тэд Библийн сануулгыг үл хайхран, садар самууны асуудалд хөнгөн хуумгай хандаж, «захад нь оччихсон, тэнцэж ядан явж байдаг». Зүрхээ хамгаалахын оронд, олон жилийн турш ухаан санаанаас нь гардаггүй тийм тод дүр зургаар зүрхээ хордуулдаг (Сургаалт үгс 6:27). Буруу юм хийх хорхойг нь хүргэх алив зүйлийг үзэхгүй байхаар нүдтэйгээ албан ёсоор гэрээ хийсэн үнэнч Иовоос суралцан, үзүүлсэн жишээг нь дуурайвал зохино (Иов 31:1).
12. Христиан хосууд үерхэхдээ хэрхэн «садар самуун явдлаас зугтан явдаг» вэ?
12 Үерхдэг хүнтэй христианууд «садар самуун явдлаас зугтан явах» нь онцгой чухал юм. Үерхэл бол найдвар, хүлээлтээр дүүрэн жаргалтай үе байх учиртай. Гэсэн ч зарим хос садар самуун явдалд хөнгөн хуумгай хандан, энэ нандин зүйлийг гутаадаг. Ийнхүү тэдний хэн хэн нь жаргалтай гэр бүл зохиох үндсээ эвдэн бусниулдаг. Энэ үндэс нь амин хувиа бодоогүй хайр, биеэ барих чадвар болон Ехова Бурханд дуулгавартай байх явдалд суурилсан харьцаа юм. Нэг христиан хос үерхэж байхдаа садар самуун үйлджээ. Энэ явдалдаа сэтгэл нь зовж, хуримынхаа өдөр ч баяр хөөртэй байж чадаагүйгээ гэр бүл болсныхоо дараа эхнэр нь хүлээн зөвшөөрчээ. Тэрээр: «Би Еховагаас олон удаа уучлалт гуйсан. Тэр үеэс хойш долоон жил өнгөрсөн ч дотор хүн минь намайг зэмлэсээр байна» гэж үнэнээ хэлжээ. Иймэрхүү нүгэл үйлдсэн хүн христиан ахлагчдаас тусламж эрэх нь чухал юм (Иаков 5:14, 15). Гэхдээ олон христиан хос үерхэхдээ ухаалаг байж, аюулаас зайлсхийдэг (Сургаалт үгс 22:3). Тэд хайр сэтгэлээ илэрхийлэхдээ хэмжээ хязгаартай ханддаг. Болзоонд явахдаа хажуудаа бараа болох хүнтэй явж, хүнгүй газар хоёулхнаа байхаас зайлсхийдэг
13. Еховад үйлчилдэггүй хүнтэй үерхэх нь ямар бэрхшээл учруулдаг вэ?
13 Еховад үйлчилдэггүй хүнтэй үерхдэг христиан хүн тун ноцтой бэрхшээлтэй тулгардаг. Жишээлбэл, Ехова Бурхныг хайрладаггүй хүнтэй яаж амьдралаа холбох вэ? Еховаг хайрладаг, цэвэр ариун байдлын хэм хэмжээг нь хүндэтгэдэг хүнтэй л «нэг буулганд орох» нь христиануудад амин чухал юм. Бурхан хайрын сэтгэлээс бидэнд Үгээрээ дамжуулан: «Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?» гэж захидаг (2 Коринт 6:14).
14, 15. а) «Садар самуун явдлыг» зарим хүн хэрхэн буруу ойлгодог вэ? б) «Садар самуун явдал» гэдэг Библийн үгэнд ямар ямар үйлдэл ордог вэ? Христианууд хэрхэн «садар самуун явдлаас зугтан явж» болох вэ?
14 Түүнээс гадна, энэ асуудлыг мэддэг байх нь их чухал юм. Садар самуун гэж чухам юу болохыг нарийн мэдэхгүй бол зохих ёсоор зугтан явж чадахгүй. Өнөөгийн ертөнцөд зарим хүн «садар самуун явдал» гэдгийг ташаа ойлгодог. Тиймээс гэр бүл биш хүмүүс жам ёсны бэлгийн харьцаанд орохгүйгээр бэлгийн дур хүслээ хангахыг садар самуун гэж үздэггүй. Тэр байтугай, зарим нэр хүндтэй эрүүл мэндийн байгууллага өсвөр үеийнхний хүсээгүй жирэмслэлтийн тоог бууруулахын тулд залуучуудад жирэмсэн болохгүйгээр секс хийх этгээд аргыг уриалдаг. Ийм зөвлөгөө хүмүүсийг төөрүүлдэг нь харамсалтай. Жирэмсэн болохоос зайлсхийх нь цэвэр ариун байдлаа хадгалдаг гэсэн үг биш бөгөөд «садар самуун явдлыг» тийм явцуу хүрээнд тодорхойлж болохгүй.
15 «Садар самуун явдал» гэж орчуулдаг порнея гэдэг грек үг нэлээд өргөн утгатайг Библи судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Энэ үг нь бэлгийн эрхтнийг буруу ашиглах гэсэн утгатай бөгөөд үүнд нь ихэнхдээ янхны газарт үйлдэгддэг олон үйлдэл ордог ажээ. Жишээлбэл, ам болон хошногоор секс хийх, өөр хүний бэлэг эрхтнийг илж таалах зэрэг нь порнея-гийн зарим хэлбэр мөн. Иймэрхүү үйлдлийг «садар самуун явдал» гэж үздэггүй хүмүүс өөрсдийгөө хуурч байгаа хэрэг бөгөөд Сатаны торнуудын нэгэнд орчихсон гэсэн үг юм (2 Тимот 2:26). Түүнээс гадна, цэвэр ариун байдлаа хадгална гэхлээр садар самуун явдалтай тэнцэх аливаа үйлдлийг цээрлээд л болчихдог юм биш. «Садар самуун явдлаас зугтан явахын» тулд порнея-гийн жигшмээр нүгэлд хүргэж болзошгүй сексийн «бузар булай байдал», «тачаангуй байдлын» бүх хэлбэрээс зайлсхийх ёстой (Ефес 4:19). Ингэж гэмээнэ бид цэвэр ариун байдлаа хадгалж чадна.
Сээтэн явдлын урхинаас зайлсхийгтүн
16. Библид тэмдэглэсэн жишээг үзвэл ямар нөхцөлд янаг амрагийн сэтгэлээ илэрхийлэх нь зөв бэ?
16 Цэвэр ариун байдлаа хадгалъя гэвэл бас нэг аюул болох сээтэн явдлаас сэрэмжлэх ёстой. Зарим хүн сээтэн явдлыг эсрэг хүйсийн хүмүүсийн хоорондын гэм хоргүй зугаа наадам гэж үздэг. Янаг амрагийн сэтгэлээ илэрхийлэхэд тохирох цаг, орчин байдаг нь үнэн. Жишээ нь, Исаак Ребекаг «тэвэрч байсан» бөгөөд үүнийг нь харсан хүмүүс тэднийг зүгээр нэг ах дүү хоёр биш болохыг ойлгосон (Эхлэл 26:7–9). Тэд нөхөр эхнэр байсан бөгөөд бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлэх нь тэдний хувьд буруу юм биш байсан. Харин сээтэгнэх нь үүнээс өөр хэрэг юм.
17. Сээтэгнэх гэж юу вэ? Энэ асуудлыг хэрхэн хянаж болох вэ?
17 Сээтэгнэх гэдгийг гэр бүл болох тодорхой зорилгогүй хэрнээ янаг амрагийн харьцаа тогтоох гэсэн оролдлого гэж тодорхойлж болно. Хүн гэдэг их нарийн бүтээл учраас сээтэгнэх арга тоймгүй олон байдаг нь эргэлзээгүй бөгөөд тэдгээрийн заримыг танихад амаргүй (Сургаалт үгс 30:18, 19 «хувь тавилан» [«зам», ШЕ]). Тиймээс биеэ хэрхэн авч явах тухай хатуу чанга дүрэм ч энэ асуудлыг бүрэн шийдэхгүй. Дүрэм сахихаас илүү нарийн зүйл байдаг нь хүн өөрийгөө шударгаар шалгаж, Библийн зарчмуудыг ухамсартай хэрэгжүүлэх явдал юм.
18. Зарим хүн юунаас болж сээтэгнэдэг вэ? Сээтэн явдал ямар учраас аюултай вэ?
18 Хэрэв өөрийгөө шударгаар шалгавал, эсрэг хүйсийн хүний талтай байгааг мэдэхлээрээ ихэнх хүн бялдууч зан гаргадгаа зөвшөөрөх хэрэгтэй болох байх. Энэ бол хүний төрөлхийн зан юм. Гэхдээ өөрийгөө илүү үнэлдэг болох гэж эсвэл бусдаар өөрийгөө үнэлүүлэх гэж сээтэгнэдэг бол яах вэ? Бусдын сэтгэлийг ямар их зовоож байгаагаа бодож үзэх хэрэгтэй. Жишээлбэл: «Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг» гэж Сургаалт үгс 13:12-т тэмдэглэсэн байдаг. Хэрэв зориуд сээтэгнэж байгаа бол цаад хүнийхээ хэчнээн их шаналж байгааг ойлгохгүй байж болох юм. Тэр хүн үерхэх, цаашдаа гэрлэх тухай ч бодож байж магадгүй. Гэтэл найдвар нь тасарвал гутарч цөхөрнө (Сургаалт үгс 18:14). Хүний зүрх сэтгэлээр тоглох нь харгис явдал юм.
19. Гэр бүлтэй христиануудад сээтэн явдал ямар аюул учруулж болох вэ?
19 Гэр бүлтэй хүмүүсийн хувьд сээтэн явдлаас сэргийлэх нь онцгой чухал. Гэр бүлтэй хүнд, эсвэл гэр бүлтэй хүн ханиасаа өөр хүнд янаг амрагийн сэтгэл илэрхийлэх нь байж болшгүй явдал юм. Гэтэл зарим христиан ханиасаа өөр хүнд сэтгэлтэй болоход буруу юм байхгүй гэж эндүү боддог нь тун тоогүй. Зарим хүн тийм «найздаа» хамгийн нандин сэтгэлээ дэлгэж, хань ижилдээ ч хэлдэггүй бодлоо хүртэл хуваалцдаг. Эцэст нь, ийм янагийн харьцаатай байсан хүмүүс бие биедээ ижилдэн дасаж, гэр бүлийнхээ харьцааг сэвтүүлж, тэр бүү хэл, эвдэн бусниулдаг. Завхайрал зүрхэнд эхэлдэг тухай Есүсийн хэлсэн ухаалаг сэрэмжлүүлгийг гэр бүлтэй христианууд санаж явах нь зүйтэй (Матай 5:28). Тиймээс, бүгдээрээ зүрхээ хамгаалж, сүйрэлд хүргэж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийцгээе.
20. Бид цэвэр ариун байдлаа хэрхэн үзэх ёстой вэ?
20 Садар самуун явдлын хэнээ туссан өнөөгийн ертөнцөд цэвэр ариун байдлаа хадгалах хэцүү гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ цэвэр ариун байдлаа анхнаас нь хадгалах нь дахиж олж авахаас хавьгүй амар гэдгийг санаарай. Мэдээж, Ехова «өгөөмрөөр уучилж», нүглээ чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг цэвэршүүлэх чадвартай (Исаиа 55:7). Гэхдээ садар самуун үйлддэг хүнийг хийсэн хэргийнх нь үр дагавраас хамгаалдаггүй. Үр дагавар нь олон жилээр, тэр байтугай, насан туршид нь ч арилахгүй байж болох юм (2 Самуел 12:9–12). Зүрхээ хамаг чадлаараа хамгаалан цэвэр ариун байдлаа хадгалагтун. Ехова Бурхны өмнө цэвэр ариун байдгаа үнэт эрдэнэ мэт үзэн, цаг ямагт хадгалж яваарай!
Та хэрхэн хариулах вэ?
• Цэвэр ариун байдал гэж юу вэ? Яагаад тийм чухал бэ?
• Зүрхээ хэрхэн хамгаалж болох вэ?
• «Садар самуун явдлаас зугтан явах» гэдэгт юу ордог вэ?
• Ямар учраас сээтэн явдлаас зайлсхийх ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]