Skip to content

Гарчиг руу орох

«Энэ ертөнцийн үзэгдэл өөрчлөгдөж байна»

«Энэ ертөнцийн үзэгдэл өөрчлөгдөж байна»

«Энэ ертөнцийн үзэгдэл өөрчлөгдөж байна»

«Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. [«Үлдсэн», ШЕ] цаг хугацаа охор богино болжээ» (1 КОРИНТ 7:29).

1, 2. Ямар ямар өөрчлөлт таны амьдралд нөлөөлсөн бэ?

 ДЭЛХИЙН хэмжээнд гарсан ямар ямар өөрчлөлт таны амьдралд нөлөөлсөн бэ? Заримыг нь нэрлэж чадах уу? Жишээлбэл, анагаах ухаанд үлэмж дэвшил гарсан. Энэ салбарт хийсэн шинжилгээ судалгааны дүнд ХХ зууны эхээр зарим оронд хүний дундаж наслалт 50 хүрэхгүй байсан бол эдүгээ 70-аас илүү болж уртасжээ! Радио, зурагт, гар утас, факсын аппарат зэргийг зохистой хэрэглэх нь хэчнээн ач тустайг бодоод үзье. Тэрчлэн, боловсрол, тээврийн салбар болон хүний эрхийг хамгаалах асуудлаар дорвитой алхам хийсэн нь олон сая хүний амьдралд ач холбогдолтой байсныг дурдахгүй өнгөрч болохгүй.

2 Гэхдээ өөрчлөлт бүхэн араасаа сайныг дагуулаагүй. Гэмт хэргийн тоо огцом өсөж, ёс суртахууны үнэт зүйлийн үнэ цэн алдагдаж, мансууруулах бодист донтох явдал газар авч, гэр бүл салах нь эрс олширч, инфляцийн түвшин тэнгэрт хадаж, терроризмын аюул дэлхийг нөмрөөд байна. Ямартай ч, элч Паулын олон жилийн өмнө: «Энэ ертөнцийн үзэгдэл өөрчлөгдөж байна» хэмээн бичсэнтэй та санал нийлэх биз ээ (1 Коринт 7:31, ШЕ).

3. Паул: «Энэ ертөнцийн үзэгдэл өөрчлөгдөж байна» хэмээн бичихдээ ямар санаа илэрхийлсэн бэ?

3 Паул дээрх үгийг бичихдээ ертөнцийг тайзтай зүйрлэжээ. Тэр тайзан дээрх жүжигчид нь улс төр, шашин, урлагийн том том зүтгэлтнүүд бөгөөд тэд тайзнаа гарч, тус тусынхаа дүрийг бүтээгээд, дараа нь тайзаа бусдад тавьж өгдөг. Энэ байдал хэдэн зуунаар үргэлжилж байна. Өнгөрсөн үед угсаа залгамжилсан хаад хэдэн арав, зуун жилээр захирдаг байсан бөгөөд өөрчлөлт гарахдаа удаан байжээ. Тэгвэл өнөөдөр байдал эрс өөрчлөгдсөн. Хөлсний алуурчны онилсон сум байгаа онох тэрхэн мөчид түүхийн хүрд орвонгоороо эргэдэг болсон! Тийм ээ, бид энэ их бужигнаан дунд маргааш юу болохыг мэдэхгүй.

4. а) Дэлхийд болж байгаа үйл явдалд христианууд хэрхэн дүн нуруутай хандах хэрэгтэй вэ? б) Бид ямар хоёр баримт авч үзэх вэ?

4 Хэрэв ертөнц тайз байгаад, удирдагчид нь жүжигчин юм бол христианууд үзэгч байж таарна. * Гэхдээ тэд «ертөнцийнх биш» учир тэр жүжгийг, жүжигчдийг ч шимтэн сонирхоод байдаггүй (Иохан 17:16). Харин жүжгийн туйл буюу аймшигтай төгсгөл ойртож буйн шинж тэмдгийг анхааралтай ажигладаг. Учир нь Еховаг он удаан жил хүлээсэн зөвт шинэ ертөнцийн эхлэлийг тавихаас өмнө эд юмсын энэхүү тогтолцоо төгсөх ёстойг тэд мэддэг. * Тиймээс, төгсгөлийн цаг үед амьдардгийг маань болон шинэ ертөнц хаяанд тулаад ирчихсэн байгааг нотлох хоёр баримтыг нягтлан үзье. Эдгээр нь: 1) Библийн он дараалал; 2) дэлхийн нөхцөл байдал дордож байгаа явдал юм (Матай 24:21; 2 Петр 3:13).

Эцэст нь нууц тайлагдлаа!

5. «Харь үндэстний цаг» гэж юу вэ? Үүнийг бид сонирхдогийн учир юу вэ?

5 Он дараалал гэдэг нь аливаа үйл явдал болон цаг хугацааны харилцан хамаарлыг тогтоодог ухаан юм. Ертөнцийн удирдагчид Бурхны Хаанчлалын оролцоогүйгээр гол дүрд тоглох цагийн тухай Есүс зөгнөж, тэр үеийг «харь үндэстний цаг» гэж нэрлэжээ (Лук 21:24). Тэр «цаг» дуусахад Есүс тэргүүтэй Бурхны тэнгэрийн Хаанчлал эрх мэдлийг гартаа авах ажээ. Эхлээд Есүс «өөрийн дайснуудын дунд захирах» байв (Дуулал 110:2). Дараа нь Даниел 2:44-ийн дагуу тэрхүү Хаанчлал хүний бүх засгийн газрыг «бутлан сөнөөгөөд», өөрөө мөнхөд байх учиртай ажээ.

6. «Харь үндэстний цаг» хэзээ эхэлсэн бэ? Хэр зэрэг удаан үргэлжилсэн бэ? Хэзээ дууссан бэ?

6 «Харь үндэстний цаг» хэзээ дуусаж, Бурхны Хаанчлал хэзээ захирч эхлэх бол оо? «Эцсийн [«төгсгөлийн», ШЕ] цаг хүртэл... лацдагдсан» байсан энэ хариу Библийн он дараалалтай холбоотой (Даниел 12:9). «Төгсгөлийн цаг» ойртохын хэрээр Ехова уг асуултын хариуг Библи судалдаг даруу хүмүүст илчлэх арга хэмжээ авсан. «Харь үндэстний цаг» МЭӨ 607 онд Иерусалим устахад эхэлж, 2 520 жил үргэлжлэхийг тэд Бурхны сүнсний тусламжтай ойлгосон. Үүн дээрээ үндэслээд, 1914 онд «харь үндэстний цаг» дуусахыг тооцож гаргажээ. Түүнээс гадна, тэр жил эд юмсын өнөөгийн тогтолцооны төгсгөл эхэлснийг ойлгожээ. Та Библи судалдаг хүний хувьд, 1914 оныг хэрхэн тооцож гаргадгийг Библиэс тайлбарлаж чадах уу? *

7. Библийн ямар ямар зүйлийг ашиглан, «Даниел» номд дурдсан «долоон үеийн» эхэлсэн, үргэлжилсэн, дууссан хугацааг тогтоож болох вэ?

7 Нэг учгийг «Даниел» номын тусламжтай тайлж болно. МЭӨ 607 онд «харь үндэстний цаг» эхлэхэд Ехова Вавилоны Небухаднезар хаанаар Иерусалимыг устгуулсан учир түүгээр дамжуулан, хүмүүс Бурхны оролцоогүйгээр нийтдээ бэлэгдлийн «долоон үеийн» турш захирахыг илчилсэн (Езекиел 21:26, 27; Даниел 4:16, 23–25). Тэр «долоон үе» нь хэр зэрэг удаан үргэлжлэх ёстой вэ? Илчлэлт 11:2, 3 болон 12:6, 14-д бичсэнээр гурав ба хагас «үе» нь мянга хоёр зуун жаран хоногтой тэнцүү ажээ. Тэгэхлээр, «долоон үе» нь түүнээс хоёр дахин урт буюу 2 520 хоног байх учиртай. Ингээд л боллоо юу? Үгүй ээ. Учир нь Ехова: «Би нэг жилийг нэг хоног болгон, чамд... товлосон» хэмээн бэлэгдлийг тайлах зарчмыг Даниелтай нэгэн үеийн зөнч Езекиелд мэдэгджээ (Езекиел 4:6). Тиймээс «долоон үе» нь, үнэндээ, 2 520 жилтэй тэнцүү юм. МЭӨ 607 оныг эхлэх цэг гэж үзээд, 2 520 жил үргэлжилсэн гэж тооцвол «харь үндэстний цаг» 1914 онд дууссан байх ёстой ажээ.

«Төгсгөлийн цаг» батлагдсан нь

8. 1914 оноос хойш дэлхийн нөхцөл байдал дордсоныг та ямар баримтаар батлах вэ?

8 Библийн он дараалалд үндэслэсэн дээрх ойлголт зөв болохыг 1914 оноос хойш дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдал баталдаг. Есүс өөрөө «эд юмсын тогтолцооны» (ШЕ) төгсгөлийн үеийн шинж тэмдэг нь дайн, өлсгөлөн, тахал зэрэг үйл явдал байх тухай хэлсэн (Матай 24:3–8; Илчлэлт 6:2–8). Энэ бүхэн 1914 оноос хойш үнэхээр биелж байна. Мөн хүмүүсийн харьцаа эрс өөрчлөгдөх тухай элч Паул нэмж хэлжээ. Эдүгээ бид бүгдийн үзэж байгаа өөрчлөлт түүний бичсэнтэй яг таг тохирч байгаа юм (2 Тимот 3:1–5).

9. 1914 оноос хойших дэлхийн нөхцөл байдлын тухай ажиглагчид юу хэлдэг вэ?

9 «Энэ ертөнцийн үзэгдэл» 1914 оноос хойш үнэхээр тийм их өөрчлөгдсөн гэж үү? «1914 оныхон» гэдэг номд профессор Роберт Вол: «Дайныг эсэн мэнд давсан хүмүүс 1914 оны найман сард нэг ертөнц оршихоо больж, өөр нэг ертөнц оршин тогтнож эхэлсэн гэдэгт хэзээ ч эргэлздэггүй» хэмээн тэмдэглэжээ («The Generation of 1914»). Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сэтгэцийн эрүүл мэндийн төвийн захирал доктор Жорж Коста-и-Сильва дээрх үгийг батлан: «Бид асар хурдан өөрчлөгдөж байгаа эрин зуунд амьдарч байна. Эдгээр өөрчлөлт нь эцэстээ хүмүүсийг түүхэнд урьд өмнө байгаагүй тийм хэмжээнд сэтгэлийн түгшүүртэй, стресстэй болгож байна» хэмээн бичжээ. Танд ийм юм тохиолдож байсан уу?

10. 1914 оноос хойш дэлхийн нөхцөл байдал дордсоныг Библи хэрхэн тайлбарладаг вэ?

10 Дэлхийн нөхцөл байдал дордож байгаагийн цаана хэн байна вэ? Илчлэлт 12:7–9-д тэр буруутай этгээдийг илчлэн: «Тэнгэрт дайн болов. Михаел [Есүс Христ] болон түүний тэнгэр элчүүд луутай [Сатан Диавол] тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элчүүд тулалдаад, тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч... доош хаягдав» гэж бичсэн байдаг. Тийм учраас, Сатан Диавол бол зовлон таригч буруутан бөгөөд 1914 онд түүнийг тэнгэрээс хөөснөөс болж «газар ба далайд гай болов» (МАБ). «Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» (Илчлэлт 12:10, 12).

Төгсгөлийн бүлэг хэрхэн өрнөх нь

11. Сатан «бүх ертөнцийг мэхлэхийн» тулд ямар ямар арга ашигладаг вэ? б) Сатан ямар онцгой хүчин чармайлт гаргах талаар элч Паул анхааруулсан бэ?

11 Төгсгөл нь ойртож байгааг ойлгосон Сатан «бүх ертөнцийг» мэхлэх гэж 1914 оноос хойш улайран зүтгэж байна. Хэзээний гарамгай мэхлэгч Сатан тайзан дээр ертөнцийн удирдагчид болон нөлөө бүхий хүмүүсийг гол дүрд тоглуулаад, харин өөрөө тайзны ард ажилладаг (2 Тимот 3:13; 1 Иохан 5:19). Түүний нэг зорилго бол хүн төрөлхтнийг хуурч, өөрийнх нь захирах арга барил жинхэнэ энх тайвныг тогтооно гэдэгт итгүүлэх явдал юм. Түүний суртал ухуулга амжилтад хүрсэн гэж ерөнхийд нь хэлж болно. Учир нь хүмүүс нөхцөл байдал аажмаар улам бүр дордож буйг үл харгалзан, өөдрөг сэтгэлтэй байсаар байгаа юм. Эд юмсын энэ тогтолцоог устгахаас өмнөхөн Сатаны суртал ухуулга илт мэдэгдэм болох тухай элч Паул зөгнөжээ. Тэрээр: «Хүмүүсийг: „Амар тайван, аюулгүй байдал“ гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирнэ» гэж бичжээ (1 Тесалоник 5:3; Илчлэлт 16:13 «сүнс» [«онгод оруулсан бузар үг», ШЕ]).

12. Өнөө үед энх тайвныг тогтоохын тулд ямар арга хэмжээ тасралтгүй авч байна вэ?

12 Сүүлийн жилүүдэд улс төрчид янз бүрийн бодлогыг тодорхойлохдоо «амар тайван, аюулгүй байдал» гэдэг үгийг нэлээдгүй дурддаг болжээ. Тэр байтугай, 1986 оныг Олон улсын энх тайвны жил болгон зарлаж байсан ч үүнийг тэр ондоо ажил хэрэг болгож чадаагүй. Ертөнцийн удирдагчдын энэ мэтийн хичээл зүтгэл 1 Тесалоник 5:3-т бичсэн зөгнөлийн эцсийн биелэл мөн үү, эсвэл энэ зөгнөл дэлхий дахины анхаарлыг татахуйц тийм онцгой үйл явдалд хамаатай юм болов уу?

13. Паул «амар тайван, аюулгүй байдал» гэж ярих тухай зөгнөхдөө дараа нь болох сүйрлийг юутай зүйрлэсэн бэ? Үүнээс юу ойлгож болох вэ?

13 Библийн зөгнөлийг ихэнхдээ биелснийх нь дараа юм уу биелэх явцад нь л бүрэн ойлгож болдог учир бид хүлээж, юу болохыг нь харах хэрэгтэй. Гэхдээ Паул «амар тайван, аюулгүй байдал» гэж ярьсны дараа болох гэнэтийн сүйрлийг жирэмсэн эмэгтэйн өвдөхтэй зүйрлэсэн нь сонирхолтой юм. Жирэмсэн эмэгтэй есөн сарын хугацаанд хэвлий дэх хүүхдийнхээ өсөж томорч байгааг улам бүр мэдэрдэг. Хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсож, хөдөлгөөнийг мэдэрдэг. Тэр байтугай, тийчин тонгочиж байгааг нь мэдэрч болох юм. Шинж тэмдэг улам бүр тодорсоор нэг өдөр эмэгтэй хүчтэй өвдөж, хүсэн хүлээсэн мөч буюу хүүхэд төрөх цаг болсон нь тодорхой болдог. Тиймээс, «амар тайван, аюулгүй байдал» гэж ярих тухай зөгнөл яаж ч биелсэн, энэ нь гэнэтийн, зовуурьтай ч, эцэстээ ёс бусыг устгаж, шинэ ертөнцийн эхлэлийг тавих баярт үйл явдалд хүргэх юм.

14. Ирээдүйн үйл явдал ямар ерөнхий дэс дараатай өрнөх вэ? Төгсгөл нь юу байх вэ?

14 Удахгүй болох сүйрэл хажуунаас нь харж байгаа үнэнч христиануудын хувьд сүрдэн биширмээр байх болно. Эхлээд «дэлхийн хаад» (Сатаны байгууллагын улс төрийн хэсэг) «Агуу их Вавилоныг» (шашны хэсэг) дэмжигчид уруу дайрч, тэднийг устгана (Илчлэлт 17:1, 15–18). Тийнхүү үйл явдал гайхалтай өрнөж, Сатаны хаанчлал дотроо хуваагдан, нэг нь нөгөөгийнхөө эсрэг дайрахад Сатан үүнийг таслан зогсоож хүч хүрэхгүй юм (Матай 12:25, 26). Ехова «Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд», тодруулбал, дэлхийг хуурамч шашнаас цэвэрлэхийн тулд үүнийг «дэлхийн хаадын» зүрхэнд хийнэ. Хуурамч шашныг устгасны дараа Есүс Христ Сатаны байгууллагын үлдэгдэл буюу бизнес болон улс төрийн элементийг бут цохихоор тэнгэрийн армитайгаа хөдөлнө. Эцэст нь Сатан ямар ч үйл ажиллагаа явуулах чадваргүй болно. Үүгээр хөшиг хаагдаж, удаан үргэлжилсэн жүжиг өндөрлөнө (Илчлэлт 16:14–16; 19:11–21; 20:1–3).

15, 16. «Үлдсэн цаг хугацаа охор богино болжээ» гэсэн сануулга бидний амьдралд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

15 Энэ бүхэн хэзээ болох вэ? Өдөр цагийг нь бид мэдэхгүй (Матай 24:36). Гэхдээ «[«үлдсэн», ШЕ] цаг хугацаа охор богино болжээ» гэдгийг мэднэ (1 Коринт 7:29). Тиймээс үлдсэн цагийг ухаалаг ашиглах нь амин чухал. Яаж? Элч Паулын тайлбарласнаар бид илүү чухал зүйлийн төлөө чухал биш зүйлийг зарлагадан, «зохистой цагийг зольж авч» (ШЕ), өдөр бүрийг тооцоолох ёстой. «Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж». Бидний хувьд «Еховагийн хүсэл таалал юу болохыг ухаарвал» (ШЕ) үлдсэн бага, үнэт цагаа дэмий үрэхгүй (Ефес 5:15–17; 1 Петр 4:1–4).

16 Эд юмсын тогтолцоо тэр чигээрээ задран унахыг бид нэгэнт мэддэг болсон учир хүн бүр яах ёстой вэ? Элч Петр бидний тусын тулд: «Нэгэнт энэ бүх зүйл нь тийн задран унах учир та нар ямар хүмүүс байх ёстой вэ гэвэл, биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийх ёстой» хэмээн бичжээ (2 Петр 3:11, ШЕ). Тийм ээ, үнэхээр тийм л байх учиртай! Бид Петрийн ухаалаг сануулгын дагуу: 1) биеэ ариунаар авч явдаг гэдэгтээ итгэлтэй байхын тулд хянамгай байх; 2) хичээл зүтгэл гарган Еховад үйлчлэхдээ Бурхныг хайрлах хайраа илэрхийлдгээ магадлах хэрэгтэй.

17. Сатаны ямар ямар урхинаас үнэнч христианууд сэрэмжлэх ёстой вэ?

17 Бурхныг хайрлах хайр маань биднийг толгой эргэм ертөнцийн зүйлсэд татагдахаас сэргийлнэ. Эд юмсын өнөөгийн тогтолцоог юу хүлээж байгааг бодож үзвээс ертөнцийн гял цал, сэтгэл татам байдал болон зугаа цэнгэлд дурлах нь аюултай юм. Бид ертөнцөд амьдарч, ажилладаг ч ертөнцийг бүрэн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн ухаалаг сануулгыг анхаарах нь зүйтэй (1 Коринт 7:31). Үнэндээ, ертөнцийн суртал ухуулгад хууртахаас сэргийлэхийн тулд хамаг чадлаараа тэмцэх ёстой. Энэ ертөнц бэрхшээлээ амжилттай шийдэж чадахгүй. Мөнхөд байгаад байхгүй. Ийм итгэлтэй байж болохын учир юу вэ? Бурхан Библид: «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэж онгодоор хөтлөн бичүүлжээ (1 Иохан 2:17).

Хамгийн сайхан нь хараахан болоогүй байна!

18, 19. Шинэ ертөнцөд гарах ямар өөрчлөлтийг та хүсэн хүлээж байна вэ? Хүлээх нь ямар учраас зөв бэ?

18 Удахгүй Ехова, Сатан болон түүнийг дэмжигчдийг тайзнаас буулгана. Дараа нь энэ тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давсан үнэнч хүмүүс «тайзны» чимэглэлийг Бурхны тусламжтай өөрчилж эхэлнэ. Тэр чимэглэл нь үүрд байх юм. Дайн дажин дахин тэр шинэ тайзыг гутаахгүй. Учир нь Бурхан «дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсооно» (Дуулал 46:9). Хоол хүнс хомсдохоо больж, «газарт үр тариа элбэг дэлбэг байх болно» (Дуулал 72:16). Шорон гяндан, цагдаагийн хэсэг, бэлгийн замын халдварт өвчин, хар тамхи наймаалагч, гэр бүл цуцлах болон дампуурлын хэрэг шийдэх шүүх хурал, террорист халдлага байхгүй болно (Дуулал 37:29; Исаиа 33:24; Илчлэлт 21:3–5).

19 Дурсамжийн булш хоосорч, дахин амилсан олон тэрбум хүн буюу олон жүжигчин тайзнаа гарч ирнэ. Тэр үед нэг үеийнхэн нөгөө үеийнхэнтэйгээ дахин учирч, удаан хугацаанд бие биеэсээ хагацсан хүмүүс халуун дотно тэврэлдэхдээ хэчнээн их баяр хөөр болох бол оо! Эцэст нь оюун ухаантай бүх бүтээл Ехова Бурхныг шүтэх болно (Илчлэлт 5:13). Тайзны чимэглэлийг өөрчилж дуусаад, дахин хөшиг нээхэд тайзнаа диваажингийн дүр зураг харагдана. Үүнийг хараад танд ямар санагдах бол? Та: «Энэ цагийг удаан ч хүлээсэн дээ. Хүлээсэн минь ч зөв болж дээ!» гэж догдлон хэлэх нь гарцаагүй.

[Зүүлт]

^ Өөр нэг хам сэдэвт Паул тослогдсон христиануудыг «ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр [«театрын үзвэр», ШЕ] болжээ гэсэн байдаг (1 Коринт 4:9).

^ Жишээлбэл, Даниел 11:40, 44, 45-д дурдсан «умард зүгийн хаан» гэж хэн болохыг Еховагийн Гэрчүүдийн олон хэлээр хэвлэсэн, «Даниелын зөгнөлийг анхаарагтун!» номын 280—281-р хуудаснаас үзнэ үү.

^ Олзлогдсон иудейчүүдийг МЭӨ 537 онд эх нутагтаа эргэж ирэхээс 70 жилийн өмнө Иерусалим устсаныг Библид тэмдэглэсэн байдаг (Иеремиа 25:11, 12; Даниел 9:1–3). «Харь үндэстний цагийн» тухай нарийвчилсан тайлбарыг Еховагийн Гэрчүүдийн олон хэлээр гаргасан, «Судраас тунгаагтун» номын 95—97-р хуудаснаас үзнэ үү.

Та хэрхэн хариулах вэ?

• Элч Паул: «Энэ ертөнцийн үзэгдэл өөрчлөгдөж байна» хэмээсэн нь өнөө үед хэрхэн биелж байна вэ?

• «Харь үндэстний цагийн» төгсгөлийг Библийн он дараалал хэрхэн заадаг вэ?

• 1914 онд «төгсгөлийн цаг» эхэлснийг дэлхийн нөхцөл байдал хэрхэн баталдаг вэ?

• «Үлдсэн цаг хугацаа охор богино болсон» нь бидэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]