«Бүрэн гүйцэд үйлчил»
«Бүрэн гүйцэд үйлчил»
«Бүрэн гүйцэд үйлчил» (2 ТИМОТ 4:5, ШЕ).
1, 2. Христианууд бүгдээрээ сайн мэдээ дэлгэрүүлдэг ч, ахлагчид Судрын дагуу ямар шаардлага хангах ёстой вэ?
ТА Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглагч мөн үү? Хэрэв мөн бол, ийм гайхамшигтай завшаан олгосонд нь Еховад талархах хэрэгтэй. Та хуралд ахлагчаар үйлчилдэг үү? Тийм бол, Ехова танд бас нэг хүндтэй үүрэг оноожээ. Гэхдээ иргэний боловсрол, уран ярих авьяасын аль нь ч биднийг дэлгэрүүлэгч юм уу хурлын харгалзагч болгодоггүйг хэзээ ч мартаж болохгүй. Ехова л биднийг үйлчлэх чадвартай болгодог бөгөөд бидний дундаас зарим эр Судрын тодорхой шаардлага хангадаг учир харгалзагчаар үйлчилдэг (2 Коринт 3:5, 6; 1 Тимот 3:1–7).
2 Бурханд өөрийгөө зориулсан христианууд бүгдээрээ сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хийдгийн дотор, ялангуяа, харгалзагчид буюу ахлагчид энэ талаар үлгэр жишээ байх ёстой. «Үг ба сургаал дотор шаргуу ажилладаг» ахлагчдыг Ехова Есүс хоёроос гадна, итгэл нэгтнүүд нь анхааралтай ажиглаж байдаг (1 Тимот 5:17; Ефес 5:23; Еврей 6:10–12). Ахлагч хэзээд сүнслэг эрүүл сургаал заах ёстой. Учир нь элч Паул: «Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болох цаг ирнэ. Харин хүсэл нь тэдний чихийг гижигдэх аж. Тэд өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүхний дотор саруул ухаантай бай. Мууг тэвч, сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ [«бүрэн гүйцэд үйлчил», ШЕ]» гэж ахлагч Тимотод хэлжээ (2 Тимот 4:3–5).
3. Хурлын сүнслэг байдалд хуурамч сургаалаар аюул учруулахгүйн тулд ахлагч яах ёстой вэ?
3 Хурлын сүнслэг байдалд хуурамч сургаалаар аюул учруулахгүйн тулд ахлагч хүн элч Паулын: «Чи бүхний дотор саруул ухаантай бай. ...Үйлчлэлээ гүйцээ [«бүрэн гүйцэд үйлчил», ШЕ]» хэмээн зөвлөснийг дагах ёстой (2 Тимот 4:5). Тийм ээ, ахлагч «бүрэн гүйцэд» үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, үүргээ няхуур нямбай, нэгд нэггүй, дуустал нь биелүүлэх шаардлагатай. Тийм ахлагч хүлээсэн үүргээ зохих ёсоор анхаарч, ямар ч асуудалд хайхрамжгүй хандах юм уу юуг ч оромдсон болоод орхидоггүй. Ийм л хүн маш бага юманд ч үнэнч байдаг (Лук 12:48; 16:10).
4. Бүрэн гүйцэд үйлчлэхэд бидэнд юу туслах вэ?
4 Бүрэн гүйцэд үйлчлэхийн тулд тэр бүр их цаг зориулах хэрэггүй, харин цагаа үр ашигтай өнгөрөөх шаардлагатай. Байнгын, дүн нуруутай үйл ажиллагаа христиан хүн бүрд үр өгөөжтэй үйлчлэхэд нь тусална. Ахлагч хүн дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын тулд цагийн хуваариа зохицуулж, бусдад юуг, яаж хариуцуулахаа мэддэг, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй (Еврей 13:17). Итгэл нэгтнүүдийнхээ хүндэтгэл хүлээдэг ахлагчид, Иерусалимын хэрмийг сэргээн босгоход биечлэн оролцсон Нехемиагийн адилаар, хурлын үйл хэрэгт гар бие оролцдог нь мэдээж хэрэг (Нехемиа 5:16). Тэгээд ч Еховагийн үйлчлэгчид бүгдээрээ Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох учиртай (1 Коринт 9:16–18).
5. Бид үйлчлэлдээ хэрхэн хандах ёстой вэ?
5 Бид тэнгэрт тогтсон Хаанчлалын тухай тунхаглах даалгавар авсан нь юутай завшаантай хэрэг вэ! Төгсгөл иртэл бүх дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлэх үйл хэрэгт оролцох хүндтэй үүргээ бид эрхэмлэдэг (Матай 24:14). Элч Паул: «Бид мэт шавар савнуудын дотор энэхүү эрдэнэ [буюу үйлчлэл] байх нь тэрхүү туйлын аугаа хүч нь биднээс бус, харин Бурхнаас болсныг илэрхийлэхийн тулд болой» хэмээн бичсэн нь төгс бус бидэнд урам зориг хайрладаг (2 Коринт 4:7, МАБ). Тийм ээ, бид Бурхны л өгдөг хүч болон мэргэн ухааны ачаар таалалд нь нийцүүлэн үйлчилж чадна (1 Коринт 1:26–31).
Бурхны алдрыг тусгах нь
6. Сүнслэг Израиль эртний Израилиас ямар ялгаатай вэ?
6 Элч Паул тослогдсон христиануудын тухайд, Бурхан «биднийг... шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ» гэж хэлсэн. Цааш нь, Есүс Христээр дамжуулан сүнслэг Израильтай байгуулсан шинэ гэрээг Мосегоор дамжуулан эртний Израильтай байгуулсан хуучин гэрээ буюу Хуулийн гэрээтэй харьцуулжээ. Мосег «Арван тушаал» бичсэн хавтангуудыг барьсаар Синаи уулнаас бууж ирэхэд нүүр нь маш хурц гэрэлтсэн байснаас израильчууд нүүр уруу нь эгцлэн харж чадаагүйг Паул нэмж хэлсэн. Гэвч хожим «тэдний ухаан санаа хатуурч», «зүрхэн дээр нь бүтээлэг тавигдсанаас» болж их ноцтой хэрэг гарчээ. Ехова уруу чин сэтгэлээсээ сүсэглэн эргэвэл «бүтээлэг авагддаг». Дараа нь Паул шинэ гэрээнд хамрагдсан хүмүүсийн үйлчлэлийн тухай: «Бид бүгдээрээ бүтээлэггүй нүүрээр Еховагийн алдрыг толь мэт тусгадаг» (ШЕ) гэж бичсэн байдаг (2 Коринт 3:6–8, 14–18; Египетээс гарсан нь 34:29—35). Өнөөдөр Есүсийн «өөр хонинуудад» ч мөн Еховагийн алдрыг тусгах завшаан тохиожээ (Иохан 10:16, МБОХ, 1996).
7. Хүмүүс Бурхны алдрыг хэрхэн тусгаж болдог вэ?
7 Бурхны царайг харсан хүн амьд үлддэггүй юм бол алдрыг нь хэрхэн тусгах билээ? (Египетээс гарсан нь 33:20). Ехова өөрөө алдартай бодгаль мөний зэрэгцээ Хаанчлалаараа дамжуулан хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөх алдарт санаа зорилготой гэдгийг бид ойлгох ёстой. Хаанчлалтай холбоотой үнэн бол «Бурхны агуу үйлсийн» нэг хэсэг бөгөөд энэ агуу үйлсийг МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс авсан хүмүүс тунхаглаж эхэлсэн (Үйлс 2:11). Тэд сүнсний удирдлага дор бүрэн гүйцэд үйлчилж чадсан (Үйлс 1:8).
8. Үйлчлэлийн тухайд Паул юунд шийдвэр төгс байсан бэ?
8 Паул бүрэн гүйцэд үйлчлэхийн тулд ямар ч саадыг давах шийдвэр төгс байсан. Тэрээр: «Бид өршөөлийг хүлээн авч, энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Бурхны үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Бурхны өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана» хэмээн бичжээ (2 Коринт 4:1, 2). Паулын хэлсэн «энэ үйлчлэлийн» ачаар үнэн илэрч, сүнслэг гэрэл хаа сайгүй цацардаг.
9, 10. Еховагийн алдрыг хэрхэн тусгаж болох вэ?
9 Бодит болон сүнслэг гэрлийн Эх булгийн тухайд Паул: «„Харанхуйгаас гэрэл гэрэлтэг!“ гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурхны алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн» гэж бичжээ (2 Коринт 4:6; Эхлэл 1:2–5). Бурхны үйлчлэгч байх хосгүй завшаан нэгэнт бидэнд олдсон болохоор Еховагийн алдрыг толь мэт тусгахын тулд үргэлж цэвэр байцгаая.
10 Сүнслэг харанхуйд байгчид Еховагийн алдрыг ч, энэ алдрыг Их Мосе болох Есүс Христ хэрхэн тусгадгийг ч хардаггүй. Харин Еховагийн үйлчлэгч бид Судраас алдарт гэрлийг хүлээн авч, үүнийгээ бусад уруу тусгадаг. Хэрэв одоо сүнслэг харанхуйд байгаа хүмүүс сүйрлээс зайлсхийе гэвэл Бурхнаас гэрэл авах шаардлагатай. Тиймээс бид Еховагийн алдрын төлөө «Харанхуйгаас гэрэл гэрэлтэг!» хэмээн тушаасныг нь их баяр хөөр, хичээл зүтгэлтэй сахидаг.
Библийн хичээл явуулж гэрэлтэгтүн
11. Бидний гэрэлтэх тухайд Есүс юу хэлсэн бэ? Гэрэлтэхийн тулд яах ёстой вэ?
11 Есүс дагалдагчдадаа: «Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг» гэж хэлсэн (Матай 5:14–16). Хүмүүс биеэ зөв авч явдгийг маань хараад бас Бурхныг алдаршуулах хүсэлтэй болдог (1 Петр 2:12). Түүнээс гадна, сайн мэдээ дэлгэрүүлэх олон талт ажлын ачаар, гэрэлтэх олон сайхан боломж олддог. Бидний нэг гол зорилго бол Библийн хичээл үр өгөөжтэй явуулж, Бурхны Үгийн сүнслэг гэрлийг тусгах явдал юм. Энэ арга бүрэн гүйцэд үйлчлэхэд их чухал ач холбогдолтой. Библийн хичээл явуулахдаа үнэнийг хайдаг хүмүүсийн зүрхэнд хүрэхэд бидэнд ямар ямар зөвлөгөө туслах вэ?
12. Залбирах нь Библийн хичээл явуулахтай ямар холбоотой вэ?
12 Библийн хичээл явуулах чин хүслээ Еховад хэлж залбирч болно. Бид ийн залбирахдаа Бурхны тухай мэдлэгтэй болоход нь хүмүүст туслах хэрэгтэйн чухлыг ойлгодгоо бас харуулдаг (Езекиел 33:7–9). Ехова бидний залбиралд хариулж, чин сэтгэлээсээ чармайж байгааг маань ивээх нь гарцаагүй (1 Иохан 5:14, 15). Гэхдээ бид Библийн хичээл хийх хүн олохын төлөө л залбирдаг юм биш ээ. Библийн хичээл явуулдаг болсныхоо дараа ч суралцагчийнхаа онцлог хэрэгцээний талаар залбирч, эргэцүүлэн бодох нь хичээл бүрийг үр өгөөжтэй хийхэд тусална (Ром 12:12).
13. Библийн хичээл үр өгөөжтэй явуулахад юу туслах вэ?
13 Библийн хичээлээ үр өгөөжтэй явуулахын тулд хичээл болгондоо сайн бэлдэх ёстой. Хэрэв бэлтгэл хангагдахгүй байгаа санагдвал ном судлалын харгалзагчийг долоо хоногийн цуглааныг хэрхэн хөтөлдгийг ажиглах нь зүйтэй. Заримдаа, Библийн хичээл сайн явуулдаг дэлгэрүүлэгчтэй хамт явж болох юм. Мэдээж, Есүс Христийн заах арга болон хүмүүст хэрхэн ханддаг байсныг авч үзэх нь чухал.
14. Суралцагчийнхаа зүрхэнд хэрхэн хүрэх вэ?
14 Есүс Бурхны тухай хүмүүст ярьж, тэнгэрийн Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхдээ баярладаг байсан (Дуулал 40:8). Тэрээр «дөлгөөн ааштай» (ШЕ) бөгөөд сонсогчдынхоо зүрхэнд хүрч чаддаг байсан (Матай 11:28–30). Тиймээс суралцагчийнхаа зүрхэнд хүрэхийг хичээцгээе. Үүний тулд хичээл болгонд бэлдэхдээ тухайн хүний онцлог нөхцөлийг бодолцож үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Библийн ойлголтгүй сонирхогчийг Библи бол Бурхны үнэн үг гэдэгт итгүүлэх шаардлагатай болж магадгүй. Ийм нөхцөлд Библиэс олон зүйл уншиж, тайлбарлах хэрэг гарах нь ойлгомжтой.
Жишээ ойлгоход нь суралцагчдаа туслагтун
15, 16. а) Суралцагч маань Библийн жишээг ойлгохгүй бол хэрхэн тусалж болох вэ? б) Манай хэвлэлийн жишээ зарим хүний хувьд ойлгоход хэцүү бол яах вэ?
15 Библийн зарим жишээг суралцагч сайн мэдэхгүй байж болох юм. Тухайлбал, Есүс дэнлүүг дэнлүүний суурин дээр тавих тухай хэлснийг ойлгохгүй байна гэж бодъё (Марк 4:21, 22). Есүсийн хэлсэн дэнлүү нь зул шиг голтой, эрт цагийн тосон дэнлүү байсан. Гэрийн доторхыг гэрэлтүүлэхийн тулд тийм дэнлүүг тусгай суурин дээр тавьдаг байжээ. Иймэрхүү жишээг суралцагчдаа ойлгомжтой болгохын тулд «Судрыг ойлгох нь» гэх мэтийн хэвлэлээс «Дэнлүү», «Дэнлүүний суурь» зэрэг сэдвийг судлах шаардлага гарч болох юм. * Гэхдээ сонирхогчдоо ойлгомжтой, таалагдахуйц тайлбар бэлдээд Библийн хичээлд очиход үнэхээр таатай байдаг!
16 Библи судлах гарын авлагын жишээ зарим хүний хувьд ойлгоход амаргүй байдаг. Тийм нөхцөлд тэр жишээг цаг гаргаж тайлбарлах, эсвэл адилхан утга санаа илэрхийлэх өөр жишээ татах хэрэгтэй. Жишээ нь, гарын авлагад, жаргалтай гэр бүлийг цогцлооход сайн хань, нэгэн сэтгэлээр хамтын хүчин чармайлт гаргах чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна гэж бодъё. Үүнийг тайлбарлахдаа агаарын гимнастикчийг савлуураасаа үсрэхэд нөгөө гимнастикч гараас нь шүүрэн барьж авдаг тухай жишээ татсан байж болох юм. Тэгвэл уг жишээг, усан онгоцноос ачаа буулгахдаа бие биедээ хайрцагтай ачаа дамжуулан өгч буй ажилчдын тухай жишээгээр сольж, дээрх санааг онцолж болно.
17. Жишээ татахдаа Есүсээс юунд суралцаж болох вэ?
17 Өөр жишээгээр солихын тулд урьдаас бэлдэх хэрэгтэй. Энэ нь суралцагчдаа санаа тавьдгаа харуулах нэг арга юм. Есүс хэцүү санааг ойлгомжтой болгохдоо энгийн жишээ татдаг байжээ. Ууланд айлдсан номлолоос нь ийм жишээ олныг олж болох бөгөөд сургаал нь хүмүүст ихээхэн үр нөлөөтэй байсныг Библи харуулдаг (Матай 5:1–7:29). Есүс хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьдаг байсан учраас аливааг тэвчээртэй тайлбарладаг байсан (Матай 16:5–12).
18. Хэвлэлд заасан зүйлийг яах нь зүйтэй вэ?
18 Сонирхогчдоо санаа тавих бас нэг арга бол «Судраас ухуулах» явдал юм (Үйлс 17:2, 3). Үүний тулд «итгэмжит нярвын» хэвлэлийг залбирч байгаад судалж, ухаалаг ашиглах хэрэгтэй (Лук 12:42–44). Жишээ нь, «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номд Библиэс олон зүйл иш татсан байдаг. * Гэхдээ бүх зүйлийг иш татах боломжгүй тул заримыг нь зөвхөн заагаад орхидог. Библийн хичээл хийхдээ заасан зүйлээс ядаж заримыг нь уншиж, тайлбарлах нь чухал. Бидний сургаал агуу хүчтэй, Бурхны Үгэнд үндэслэх ёстой шүү дээ (Еврей 4:12). Хичээлийн туршид Библи ашиглаж, догол мөрд тэмдэглэсэн зүйлүүдээс аль болох олныг уншаарай. Ямар нэг сэдэв болон үйл хэргийг Библид хэрхэн үздэгийг, Бурханд дуулгавартай байх нь ямар ач тустайг ойлгоход нь суралцагчдаа туслаарай (Исаиа 48:17, 18).
Асуулт тавьж, эргэцүүлэн бодуулагтун
19, 20. а) Библийн хичээл явуулахдаа суралцагчийнхаа үзэл бодлыг сонирхож асуух хэрэгтэйн учир юу вэ? б) Тодорхой нэг сэдвийг гүнзгийрүүлэн үзэх шаардлагатай бол яах вэ?
19 Есүс асуулт чадварлаг ашиглан, хүмүүсийг зөв дүгнэлтэд хүрэхэд нь тусалдаг байсан (Матай 17:24–27). Хэрэв бид суралцагчаа эвгүй байдалд оруулахгүйгээр, юу бодож явдгийг нь сонирхон асуувал үзэл бодол нь бидэнд тодорхой болно. Библитэй харш үзэл баримталсаар байгаа нь ч мэдэгдэж болох юм. Жишээлбэл, сонирхогч маань Гурвалд итгэдэг гэж төсөөлөөд үзье. «Мэдлэг» номын 3-р бүлэгт, «Гурвал» гэдэг үг Библид байдаггүйг тайлбарладаг. Түүнээс гадна, Ехова бол Есүсээс тусдаа бодгаль, ариун сүнс бол Бурхан биш, харин Бурхны үйлдэх хүч гэдгийг харуулдаг зүйлүүдийг заасан байдаг. Эдгээр зүйлийг Библиэс уншиж, ярилцахад л хангалттай байж болох юм. Хэрэв хангалтгүй бол яах вэ? Дараагийн удаа хичээлээ дуусгаад уг сэдвийг Нийгэмлэгийн бусад хэвлэлээс, тухайлбал, «Гурвалд итгэх нь зөв үү?» товхимлоос дэлгэрэнгүй ярилцах цаг гаргаж болох юм. Дараа нь «Мэдлэг» номоо үргэлжлүүлэн судлаарай.
20 Үзэл бодлыг нь сонирхон асуутал суралцагчийн тань хариулт таныг гайхшруулж, эсвэл бүр сэтгэлээр унагажээ гээд бодоод үзье. Энэ нь тамхи татах гэх мэтийн эмзэг асуудал байвал хичээлээ үргэлжлүүлэнгээ уг асуудлыг дараа ярихаар тохирч болно. Сонирхогчийнхоо тамхинаас гараагүй байгааг мэдсэн болохоор сүнслэг амжилт гаргахад нь туслахын тулд бусад хэвлэлээс нэмэлт мэдээлэл хайх нь зүйтэй. Суралцагчийнхаа зүрхэнд хүрэхийг хичээхийн зэрэгцээ Еховад залбирч, сүнслэгээр өсөхөд нь туслахыг гуйцгаая.
21. Заах арга барилаа суралцагчийнхаа онцлогт тохируулан өөрчилбөл ямар үр дүнд хүрч болох вэ?
21 Бид сайн бэлтгэл, Еховагийн тусламжийн ачаар суралцагчийнхаа онцлогт тохируулан заах арга барилаа өөрчилж чадна. Аажмаар, суралцагчаа Бурхныг хайрладаг, түүний зэрэгцээ, Еховагийн байгууллагыг хүндэлдэг, байгууллагад нь талархдаг болоход нь тусалж болох юм. «Бурхан үнэхээр [бидний] дунд байдгийг» сонирхогч маань ойлгоход бидэнд их таатай байдаг! (1 Коринт 14:24, 25). Тиймээс бүгдээрээ Библийн хичээлээ үр өгөөжтэй явуулж, Есүсийн шавь болоход нь хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийцгээе.
Эрхэмлэвэл зохих эрдэнэ
22, 23. Бүрэн гүйцэд үйлчилье гэвэл яах хэрэгтэй вэ?
22 Бүрэн гүйцэд үйлчлэхийн тулд Бурхны өгдөг хүчинд найдах ёстой. Паул Бурханд үйлчлэх үйлчлэлийн тухай итгэл нэгт тослогдсон христиануудад: «Бид мэт шавар савнуудын дотор энэхүү эрдэнэ байх нь тэрхүү туйлын аугаа хүч нь биднээс бус, харин Бурхнаас болсныг илэрхийлэхийн тулд болой» гэж бичжээ (2 Коринт 4:7, МАБ).
23 Бид тослогдсон христиан, «өөр хонинуудын» аль нь ч байсан, хэврэг шавар савтай адилхан билээ (Иохан 10:16, МБОХ, 1996). Гэхдээ ямар ч бэрхшээлтэй тулгарсан Еховагийн өгдөг хүчээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна (Иохан 16:13; Филиппой 4:13). Иймээс Еховад хамаг зүрхээрээ найдаж, үйлчлэлээ эрдэнэ мэт үзэн эрхэмлэж, бүрэн гүйцэд үйлчилцээе.
[Зүүлт]
^ Еховагийн Гэрчүүдийн олон хэлээр хэвлэсэн хэвлэл.
^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.
Та хэрхэн хариулах вэ?
• Ахлагчид бүрэн гүйцэд үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
• Библийн хичээл хэрхэн үр өгөөжтэй явуулах вэ?
• Суралцагч хүнд жишээ ойлгуулах юм уу тодорхой нэг сэдвийг нэмж тайлбарлах хэрэгтэй бол яах вэ?
[Догол мөрийн асуулт]