Skip to content

Гарчиг руу орох

«Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажил хий»

«Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажил хий»

«Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажил хий»

«Бүхний дотор саруул ухаантай бай. ...Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажлыг хий» (2 ТИМОТ 4:5).

1. Есүс дагалдагчдадаа ямар тушаал өгсөн бэ?

 ЕХОВАГИЙН нэр болон санаа зорилго өнөөдөр дэлхий даяар тунхаглагдаж байна. Үүний учир нь Бурханд өөрийгөө зориулсан хүмүүс Есүс Христийн: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээн шавь нартаа тушаасныг сэтгэл зүрхээрээ хүлээн авсанд байдаг юм (Матай 28:19, 20).

2. Ахлагч Тимот ямар заавар авсан бэ? Христиан ахлагчийн үйлчлэх нэг арга юу вэ?

2 Нэгдүгээр зуунд ч Есүсийн шавь нар тэрхүү даалгаварт хариуцлагатай ханддаг байсан. Жишээ нь, элч Паул итгэл нэгт христиан ахлагч Тимотод: «Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ [«бүрэн гүйцэд үйлчил», ШЕ]» гэж уриалсан (2 Тимот 4:5). Өнөөдөр ахлагч хүний үйлчлэх нэг арга бол Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажилд тогтмол, хичээл зүтгэлтэй оролцох явдал юм. Тухайлбал, хурлын ном судлалын харгалзагч дэлгэрүүлэх ажил болон бусдыг энэ ажилд сургах үйлсэд манлайлан оролцох хүндтэй үүрэг хүлээдэг. Паул сайн мэдээ тунхаглах үүргээ биелүүлэн, бусдыг дэлгэрүүлж сургасан (Үйлс 20:20; 1 Коринт 9:16, 17).

Эртний хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгчид

3, 4. Филип сайн мэдээ дэлгэрүүлэгчийн хувьд юу юу хийсэн бэ?

3 Эртний христианууд сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдгээрээ алдартай байлаа. Жишээ болгон, дэлгэрүүлэгч Филипийг аваад үзье. Тэрээр Иерусалимд амьдардаг грек болон еврей хэлтэй бэлэвсэн христиан эмэгтэйчүүдийн аль алинд нь хүнсний зүйлийг өдөр бүр шударга тараах үүрэг хүлээсэн, «сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийн» нэг байсан (Үйлс 6:1–6). Энэхүү тусгай даалгаврыг биелүүлснийхээ дараа Иерусалимд өрнөсөн хавчлагаас болж элч нараас бусад бүх христиан дайжин дүрвэхэд Филип Самари уруу явжээ. Тэндээ сайн мэдээ тунхаглаж, ариун сүнсний хүчээр чөтгөрүүдийг хөөж, доголон болон саа өвчтэй хүмүүсийг эдгээсэн. Самаричуудаас олон хүн Хаанчлалын тухай мэдээг хүлээн авч, баптисм хүртсэн аж. Иерусалимд байсан элч нар үүнийг дуулаад, баптисм хүртээд удаагүй байсан христиануудад ариун сүнс өгүүлэх гэж Петр Иохан хоёрыг тийш нь явуулжээ (Үйлс 8:4–17).

4 Хожим нь Бурхны сүнс Филипийг Газ уруу урууддаг зам дээр этиоп тайган амбантай уулзуулжээ. «Этиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч» энэ хүн Филипийг Исаиагийн зөгнөлийг тодорхой тайлбарласны дараа Есүс Христэд итгэж, баптисм хүртсэн (Үйлс 8:26–38). Дараа нь Филип Азот, улмаар Кайсарид хүрч, зам дагуух «бүх хотод сайн мэдээ дэлгэрүүлсээр явлаа» (Үйлс 8:39, 40). Тэрээр сайн мэдээ дэлгэрүүлэх үнэхээр сайхан жишээ үзүүлжээ!

5. Филипийн дөрвөн охин юугаараа алдартай байсан бэ?

5 20 орчим жилийн дараа ч Филип Кайсарид идэвхтэй үйлчилсээр байжээ. Паул Лук хоёрыг тэднийд буухад тэрээр «эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв» (Үйлс 21:8–10). Охид нь сүнслэгээр сайн төлөвшсөн нь гарцаагүй бөгөөд Еховад хичээл зүтгэлтэй үйлчилдэг, тэр байтугай, «эш үзүүлэх» буюу зөгнөх хүндтэй үүрэг хүлээсэн христианууд байсан аж. Өнөөдөр ч мөн адил, хүүхдүүд эцэг эхийнхээ хичээл зүтгэлээс жишээ авч, сайн мэдээ дэлгэрүүлэх үйл хэргийг насан туршийнхаа ажил болгох хүсэлтэй болдог.

Өнөөдрийн хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгчид

6. Сайн мэдээ дэлгэрүүлэгчид нэгдүгээр зуунд ямар амжилтад хүрсэн бэ?

6 Есүс Христ бидний болон төгсгөлийн цаг үеийн тухай агуу зөгнөлдөө: «Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой» гэж хэлсэн (Марк 13:10). Сайн мэдээг «дэлхий даяар» дэлгэрүүлсний дараа төгсгөл ирэх ёстой ажээ (Матай 24:14). Нэгдүгээр зуунд Паул болон бусад хүн сайн мэдээ дэлгэрүүлсний ачаар олон хүн Есүсийн шавь болж, Ромын эзэнт улсад хаа сайгүй христиан хурал байгуулагдаж байсан. Тэдгээр хуралд үйлчлэхээр томилогдсон ахлагчид итгэл нэгтнүүдтэйгээ хамт сайн мэдээ дэлгэрүүлсний дүнд энэ ажил улам бүр өргөжиж байв. Тэр үед Еховагийн үг хүчтэй тархан, бэхжиж байсны адил өнөөдөр ч мөн Еховагийн олон сая Гэрч сайн мэдээ дэлгэрүүлдгийн үрээр Бурхны үг түгэн тархаж байна (Үйлс 19:20). Та Еховаг магтан алдаршуулдаг, жаргалтай хүмүүсийн нэг мөн үү?

7. Өнөөдөр дэлгэрүүлэгчид юу хийдэг вэ?

7 Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд улам өргөн хүрээтэй оролцохын тулд өнөөдөр олон Гэрч бүх бололцоогоо дайчилж байна. Олон мянган хүн миссионер болж, олон зуун мянган хүн байнгын юм уу туслах эхлэгчээр үйлчлэн, дэлгэрүүлэх ажилд бүрэн цагаар оролцож байна. Түүнээс гадна, олон тооны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхэд багачууд хичээл зүтгэл гарган, дэлгэрүүлэгчээр үйлчилж гайхамшигтай их ажил амжуулж байна! Тийм ээ, Еховагийн ард түмэн сайн мэдээ дэлгэрүүлэгч христиан хүний ёсоор мөр зэрэгцэн үйлчилж, Бурхнаасаа их ивээл хүртдэг (Зефаниа 3:9).

8. «Тэмдэг тавих» ямар ажлыг одоо хэн хийж байна вэ?

8 Бурхан Есүсийн тослогдсон дагалдагчдад сайн мэдээг дэлхий дахинд тунхаглах үүрэг оноосон. Тэднийг энэ ажлаа хийхэд нь Христийн өсөн нэмэгдэж буй «өөр хонинууд» тусалдаг (Иохан 10:16, МБОХ, 1996). Амь аврах энэ ажлыг, эргэн тойронд нь болж байгаа жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавихтай зүйрлэн, зөгнөж бичсэн байдаг. Удахгүй ёс бус хүмүүсийг устгана. Тэр болтол, хүмүүст амийг нь аврах үнэнийг хүргэнэ гэдэг завшаантай хэрэг аргагүй мөн! (Езекиел 9:4–6, 11).

9. Шинэ дэлгэрүүлэгчдэд хэрхэн тусалж болох вэ?

9 Бид дэлгэрүүлэх ажилд тодорхой хугацаагаар оролцчихоод байгаа бол хурлынхаа шинэ дэлгэрүүлэгчдэд туслах боломж их бий. Жишээлбэл, заримдаа тэдэнтэй хамт дэлгэрүүлж болно. Ахлагчаар үйлчилдэг ах нар итгэл нэгтнүүдээ сүнслэгээр бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Даруухан харгалзагчдын хүчин чармайлт сайн мэдээг хичээл зүтгэлтэй, «үр жимстэй» дэлгэрүүлэхэд нь бусдад их тус дэм болдог (2 Петр 1:5–8).

Айлаар гэрчлэх

10. Христ болон түүний эртний дагалдагчид сайн мэдээ дэлгэрүүлэх тухайд ямар жишээ үзүүлсэн бэ?

10 Есүс Христ сайн мэдээ дэлгэрүүлэх сайхан жишээг дагалдагчдадаа үзүүлсэн. Христ болон түүний элч нарын үйлчлэлийн тухай Бурхны Үгэнд: «Есүс нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурхны хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа» гэж бичсэн байдаг (Лук 8:1). Харин элч нар өөрсдөө яасан бол? Тэд МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс авсныхаа дараа «өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв» (Үйлс 5:42).

11. Үйлс 20:20, 21-д бичсэнээр, элч Паул яаж дэлгэрүүлдэг байсан бэ?

11 Элч Паул өөрөө хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг байсан учир Ефесийн хурлын ахлагчдад: «Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургасан» гэж хэлсэн. Паул «айлаас айлд сургахдаа» Еховаг шүтдэг итгэл нэгтнүүдийнхээрээ очиж, хоньчны эргэлт хийдэг байсан уу? Үгүй. Яагаад гэвэл, тэрээр цааш нь: «[Би] Бурхны өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүд болон грекчүүдэд гэрчилсэн» гэж тайлбарлажээ (Үйлс 20:20, 21). Ер нь, Еховад өөрийгөө зориулсан хүнийг «Бурхны өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухайд» сургах хэрэггүй. Паул айлаар гэрчилж, гэмшил болон Есүст итгэх тухай христиан биш хүмүүст ярихдаа Ефес хотын хурлын ахлагчдыг дэлгэрүүлэх ажилд сургаж байжээ. Ийнхүү Паул Есүсийн арга барилыг дуурайсан.

12, 13. Филиппой 1:7-гийн дагуу Еховагийн ард түмэн дэлгэрүүлэх эрхээ хэрхэн хамгаалдаг вэ?

12 Айлаар дэлгэрүүлэх амаргүй. Жишээлбэл, Библийн мэдээ хүргэхээр гэрт нь очиход зарим хүн дургүйцдэг. Уг нь бид хүмүүсийн дургүйг хүргэе гэж боддоггүй. Гэхдээ айлаар дэлгэрүүлэх нь Библид үндэслэсэн бөгөөд Бурхныг болон бусдыг хайрлах хайр маань ийнхүү дэлгэрүүлэх хүсэл төрүүлдэг (Марк 12:28–31). Айлаар дэлгэрүүлэх эрхээ «хуулийн дагуу тогтоож, хамгаалахын» тулд бид удаа дараа шүүхэд, тэр дундаа АНУ-ын Дээд шүүхэд хандсан (Филиппой 1:7, ШЕ). Уг Шүүх ихэнхдээ бидэнд ашигтай шийдвэр гаргаж байсан. Дараах тогтоол бол нэг жишээ юм.

13 «Шашны холбогдолтой хэвлэл тараах аргаар миссионерүүд олон зууны тэртээгээс сайн мэдээ дэлгэрүүлсээр ирсэн бөгөөд энэ нь хэвлэх машин бий болсон үеэс эхтэй юм. Энэ арга олон жилийн турш шашны янз бүрийн урсгалын хүчтэй хэрэгсэл нь байсан. Өнөөдөр ч шашны байгууллагууд ийм аргаар сайн мэдээг өргөн дэлгэрүүлж, төлөөлөгчид нь мянга мянган хүний гэрт очиж, тэдэнтэй биечлэн уулзаж, итгэл үнэмшлийг нь дэмжих хүмүүсийг хайдаг. [...] Шашны энэ үйл ажиллагаа нь [Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн] Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийн дагуу сүмд шүтлэг мөргөлийн үйл ажиллагаа явуулах болон сүмийн индэр дээрээс номлол айлдахтай адил дээгүүр хэмжээнд тавигдана» («Murdock v. Pennsylvania», 1943).

Дэлгэрүүлсээр байхын учир

14. Дэлгэрүүлэх ажлын нөлөөг сайжруулах нь юунд хүргэх вэ?

14 Айлаар гэрчлэх олон шалтгаан байдаг. Айлаар явж, хүнтэй уулзах болгондоо Библийн үнэний үрийг зүрхэнд нь суулгахыг хичээдэг. Тэр үрээ услахын тулд давтан уулзалт хийдэг. Ингэвэл хүнд хүрэх нөлөө нь аажмаар сайжирдаг. Паул: «Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм» гэж бичжээ (1 Коринт 3:6). Тиймээс, бүгдээрээ «Бурхан ургуулна» гэж итгэн, тасралтгүй «тарьж, усалцгаая».

15, 16. Бид ямар учраас айлд дахин дахин очдог вэ?

15 Хүний амь хутганы ирэн дээр байгаа учраас бид сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хийдэг. Дэлгэрүүлэх ажил хийвэл өөрийгөө болоод сонсогчдоо аврах боломжтой (1 Тимот 4:16). Хэрэв бид хүний аминд аюул учраад байгааг мэдвэл түүнд туслах аядаад орхино гэж үү? Яасан ч үгүй! Хүний амьтай холбоотой асуудал учир бид гэрт нь дахин дахин очих ёстой. Хүмүүсийн амьдрал ахуй байнга өөрчлөгдөж байдаг. Нэг удаа очиход завгүй байсан хүн дараагийн удаа Библийн мэдээг дуртайяа сонсож болох юм. Эсвэл тэр айлын өөр хүнтэй уулзаж, сайхан яриа өрнүүлж ч болох юм.

16 Хүмүүсийн амьдрал ахуй төдийгүй үзэл бодол ч өөрчлөгддөг. Жишээ нь, дотнын хүнээ үхэлд алдсан хүн Хаанчлалын тухай мэдээ сонсох хүсэлтэй болж болох юм. Бид тийм хүнийг тайвшруулж, «сүнслэг хэрэгцээгээ мэдэрч», хангахад нь туслахыг хичээдэг (Матай 5:3, ШЕ 4).

17. Бидний дэлгэрүүлэх ажил хийдгийн гол шалтгаан юу вэ?

17 Хамгийн гол нь, бид хүмүүст Еховагийн нэрийг мэдүүлэх үйлсэд оролцохыг хүсдэг учир айлаар болон бусад хэлбэрээр дэлгэрүүлдэг (Египетээс гарсан нь 9:16; Дуулал 83:18). Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын ачаар үнэнийг болон зөвт байдлыг хайрладаг хүмүүс Еховаг магтан алдаршуулагч болдог нь үнэхээр сайхан хэрэг! Дуулалч: «Залуус ба онгон бүсгүйчүүд, хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун. Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ. Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг» хэмээн дуулжээ (Дуулал 148:12, 13).

Сайн мэдээ дэлгэрүүлэх нь бидэнд ач тустай

18. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцохын ач тус юу вэ?

18 Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хийх нь бидэнд өөрсдөд маань ч олон талын ач тустай байдаг. Айлаар дэлгэрүүлэх нь, ялангуяа, эелдэг бус хүмүүстэй харьцах нь бардам зангаа засахад тусалдаг. «Заримыг нь аврахын тулд бүх хүнд бүх юм болдог байсан» Паул шиг байхыг хичээвэл үр өгөөжтэй гэрчилж чадна (1 Коринт 9:19–23). Хүнтэй эвтэй харьцаж сурахад дэлгэрүүлэх ажил тустай байдаг. Еховад найдан, үгээ зөв сонгож яривал, Паулын: «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсалж амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» гэж зөвлөснийг хэрэгжүүлж чадна (Колоссай 4:6).

19. Ариун сүнс сайн мэдээ дэлгэрүүлэгчдэд яаж тусалдаг вэ?

19 Түүнчлэн, сайн мэдээ дэлгэрүүлэх ажил Бурхны ариун сүнсэнд найдах хүсэл төрүүлдэг (Зехариа 4:6). Улмаар дэлгэрүүлэх ажилд сүнсний үр жимс болох «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал» зэрэг чанар илэрхий болдог (Галат 5:22, 23). Энэ нь хүмүүстэй харьцах харьцаанд нөлөөлнө. Учир нь сүнсний удирдлагад захирагдах нь сайн мэдээ тунхаглахдаа бусдыг хайрлаж, амар тайван, баяр баясгалантай, тэвчээртэй байж, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих зэрэг сайхан чанар илэрхийлэхэд тусалдаг.

20, 21. Сайн мэдээ дэлгэрүүлэн завгүй байхын ивээл болон тус юу вэ?

20 Илүү өрөвч сэтгэлтэй болдог нь сайн мэдээ дэлгэрүүлэгч бидний хүртдэг бас нэг ивээл юм. Хүмүүс өвдөж зовсноо, ажилгүй болсноо, гэр бүлийнхээ бэрхшээл зэргийг ярьж, зовлонгоо хуваалцахад нь бид заавардах биш, харин урам хайрлаж, сэтгэл тайвшруулам Библийн зүйл уншиж өгдөг. Сүнслэгээр «сохор» ч зөвт байдлыг хайрладаг хүмүүст бид санаа тавьдаг (2 Коринт 4:4). Мөн «мөнхийн аминд зөв ханддаг» хүмүүст сүнслэг тусламж үзүүлэх нь үнэхээрийн баяртай хэрэг! (Үйлс 13:48, ШЕ).

21 Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь үргэлж сүнслэг зүйлд анхаарлаа хандуулахад тусалдаг (Лук 11:34). Сүнслэг зүйлийг дандаа анхаарахгүй бол өнөөгийн ертөнцөд нийтлэг зүйл болсон, эд хөрөнгөнд хорхойсох явдалд автаж болох учир дэлгэрүүлэх ажил тустай нь гарцаагүй. Элч Иохан христиануудад: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэж уриалсан (1 Иохан 2:15–17). «Эзний үйл хэрэгт үргэлж бялхаж», сайн мэдээ дэлгэрүүлэн завгүй байх нь ертөнцийг хайрлахгүй байхад тусална (1 Коринт 15:58).

Тэнгэрт эд баялаг хураагтун

22, 23. а) Сайн мэдээ дэлгэрүүлэгч христианууд ямар эд баялаг хураадаг вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

22 Хаанчлалын тухай хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэхийн ач тус нь үүрдийнх байдаг. Есүс үүнийг тэмдэглэн: «Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно» гэж хэлсэн (Матай 6:19–21).

23 Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг Гэрч нь болж төлөөлөхөөс илүү завшаан хаа ч байхгүй гэдгийг санан, үргэлж тэнгэрт эд баялаг хураацгаая (Исаиа 43:10–12). Хэрэв бид Еховагийн тушаалыг биелүүлдэг бол 90 гаруй настай нэг эгчийн, Бурханд олон жил үйлчилсэн тухайгаа: «Энэ олон жил Ехова алдаа дутагдлыг минь уучилж ирсэнд би их талархаж, Бурхан үүрд мөнх халамжит Эцэг минь байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирдаг» гэж хэлсэн шиг үг хэлэх биз ээ. Тэр эгчийн адилаар, Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг бол сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажлыг гүйцэд хийхийг хүсэх нь гарцаагүй. Дараагийн өгүүллээр хэрхэн бүрэн гүйцэд үйлчлэх тухай ярилцъя.

Та хэрхэн хариулах вэ?

• Бид сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хийх ёстойн учир юу вэ?

• Эртний болон өнөөдрийн сайн мэдээ дэлгэрүүлэгчдийн тухай юу хэлж болох вэ?

• Бид яагаад айлаар гэрчилдэг вэ?

• Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил бидэнд ямар тустай вэ?

[Догол мөрийн асуулт]