Skip to content

Гарчиг руу орох

Үнэнч, ухаалаг «боол»

Үнэнч, ухаалаг «боол»

Үнэнч, ухаалаг «боол»

«Эзэн нь... гэрийн даамлаар тавьсан итгэмжит, ухаалаг боол нь хэн бэ?» (МАТАЙ 24:45).

1, 2. Өнөөдөр бид сүнслэг хоол тогтмол хүртэх нь ямар учраас чухал бэ?

 МЭ 33 оны Нисан сарын 11-ний мягмар гаригийн үдээс хойш Есүсийн шавь нарын хөндсөн нэгэн асуулт өнөөдрийн бидэнд ч чухал ач холбогдолтой юм. Тэд: «Таны залран байх хийгээд эд юмсын тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ?» гэж асуужээ. Есүс хариуд нь гайхалтай зөгнөл хэлсэн нь дайн, өлсгөлөн, газар хөдлөлт болж, өвчин эмгэг гарч, амаргүй цаг ирэх тухай байлаа. Тэр нь ердөө «зовлонгийн эхэн» (МАБ) байх бөгөөд цаашдаа байдал улам дордох ажээ. Ямар аймшигтай ирээдүй вэ! (Матай 24:3, ШЕ, 7, 815–22; Лук 21:10, 11 «гай гамшиг» [«тахал» ШГ]).

2 1914 оноос хойш Есүсийн зөгнөлийн ихэнх хэсэг аль хэдийн биелжээ. Тийм ээ, хүн төрөлхтний «зовлон» асар их болсон. Гэсэн ч жинхэнэ христианууд айх хэрэггүй юм. Есүс тэднийг чанартай сүнслэг хоолоор хангахаа амласан. Гэтэл тэр одоо тэнгэрт байгаа. Тэгвэл дэлхий дээр байгаа биднийг сүнслэг хоолоор хангах ямар арга хэмжээ авсан бэ?

3. Есүс бидэнд «цагт нь хоол ундыг» өгүүлэхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ?

3 Дээрх асуултын хариуг Есүс өөрөө өгчээ. Тэрхүү агуу зөгнөлийг хэлэхдээ: «Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит, ухаалаг боол нь хэн бэ?» хэмээн асуужээ. Цааш нь: «Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана» гэж хариулсан байдаг (Матай 24:45–47). Тийм ээ, сүнслэг хоолоор хангах үүрэг хүлээсэн, «итгэмжит» буюу үнэнч, ухаалаг «боол» байх ёстой ажээ. Энэ «боол» нь ганц хүн үү, эсвэл нэг нэгээрээ бие биеийнхээ халааг залгах хүмүүс үү, эсвэл өөр ямар нэгэн юм уу? «Итгэмжит боол» зайлшгүй шаардлагатай сүнслэг хоолоор хангадаг учир энэ асуултын хариу бидний анхаарлыг татдаг.

Ганц хүн үү, эсвэл бүлэг хүн үү?

4. «Итгэмжит, ухаалаг боол» ганц хүн байх аргагүй гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

4 «Итгэмжит, ухаалаг боол» нь ганц хүн байх аргагүй юм. Яагаад гэвэл, «боол» сүнслэг хоолоор хангах ажлаа нэгдүгээр зуунд эхэлсэн бөгөөд, Есүсийн хэлснээр, 1914 онд «эзнийг» ирэхэд ч тэр ажлаа хийсээр байх ёстой байсан. Хэрэв «боол» нь нэг хүн байсан бол 1 900 орчим жил үнэнч үйлчлэх ёстой болно гэсэн үг байлаа. Гэтэл Метусела ч тийм урт наслаагүй шүү дээ! (Эхлэл 5:27).

5. «Итгэмжит, ухаалаг боол» гэдэг нь христиан хүн нэг бүрийг хэлдэггүйг тайлбарлана уу.

5 Тэгвэл «итгэмжит, ухаалаг боол» гэдгийг ерөнхийд нь христиан хүн нэг бүрд хамааруулж болох уу? Христиан хүн бүр үнэнч, ухаалаг байх ёстой нь ойлгомжтой. Гэхдээ Есүс «итгэмжит ухаалаг боолын» тухай хэлэхдээ илүү гүнзгий санаа илэрхийлсэн нь тодорхой байдаг. Бид яагаад ингэж үздэг вэ гэвэл, «эзэн нь ирээд», «хамаг эзэмшил хөрөнгөө [боолдоо] даатгана» гэж Есүс хэлсэн. Христиан хүн нэг бүрд Эзний «хамаг» эзэмшил хөрөнгийг хариуцуулж болох уу? Ингэх боломжгүй!

6. Израиль үндэстэн ямар зохион байгуулалтаар Бурхны «үйлчлэгч» буюу «боол» байх ёстой байсан бэ?

6 Тэгэхлээр, Есүс «итгэмжит, ухаалаг боол» гэдгээр бүлэг христианыг хэлжээ гэж үзэх нь цорын ганц ухаалаг дүгнэлт юм. Тэгвэл бүлэг хүнээс бүрддэг нэг «боол» байж болох уу? Тийм ээ, болно. Христээс долоон зууны өмнө Ехова Израиль үндэстнийг бүхэлд нь «миний гэрчүүд», «миний сонгож авсан миний үйлчлэгч» гэж нэрлэсэн (Исаиа 43:10, ШЕ). МЭӨ 1513 он буюу Мосегийн хуулийг өгсөн үеэс эхлээд МЭ 33 оныг хүртэл израиль үндэстэн хүн бүр энэ «үйлчлэгчийн» гишүүн байсан. Гэхдээ ихэнх хүн, ард түмнийг удирдан зохион байгуулах болон сүнслэг хоолоор хангах арга хэмжээнд гар бие оролцдоггүй байжээ. Ехова энэ ажил үүргийг хаан, шүүгч, зөнч, тахилч болон левичүүдээр гүйцэтгүүлдэг байсан. Гэсэн ч, нэг үндэстэн болохын хувьд Израиль Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг төлөөлж, бусад үндэстний дунд түүний алдрыг тунхаглах ёстой байв. Израиль хүн бүр Еховагийн гэрч байх учиртай байсан (Дэд хууль 26:19; Исаиа 43:21; Малахи 2:7; Ром 3:1, 2).

«Үйлчлэгчийг» халсан нь

7. Эртний Израиль Бурхны «үйлчлэгч» байх эрхгүй болсны учир юу вэ?

7 Израиль олон зуун жилээр Бурхны «үйлчлэгч» байсан учраас Есүсийн хэлсэн тэр «боол» бас байх ёстой юу? Үгүй. Учир нь, эртний Израиль үнэнч ч, ухаалаг ч байж чадаагүй нь харамсалтай. Паул израильчуудын тэр байдлыг дүгнэн бичихдээ Еховагийн: «Бурхны нэр та нараас болж Харь үндэстнүүдийн дунд доромжлогддог» гэж тэр үндэстэнд хэлснийг иш татсан (Ром 2:24). Үнэндээ, тэрслүү Израиль Есүсийг «голоход» Ехова ч бас тэднийг «голсон». Ийнхүү Израилийн олон жилийн түүх эцэс болсон (Матай 21:42, 43).

8. Израилийг орлох «үйлчлэгчийг» хэзээ, ямар байдлаар томилсон бэ?

8 «Үйлчлэгч» Израиль ийнхүү үнэнч бус байсан нь Еховагийн үнэнч үйлчлэгчид дахин хэзээ ч сүнслэг хоол хүртэхгүй гэсэн үг биш байлаа. Есүсийг дахин амилснаас хойш 50 өдрийн дараа буюу МЭ 33 оны Пентекостын өдөр Иерусалимын нэг байшингийн дээд давхарт цугласан, Есүсийн 120 орчим шавь дээр ариун сүнс асгарсан. Тэр агшинд нэгэн шинэ үндэстэн бий болжээ. Энэ үндэстний гишүүд Иерусалимын оршин суугчдад «Бурхны агуу үйлсийн тухай» эр зоригтой ярьж эхэлсэн нь шинэ үндэстэн бий болсныг олон түмэнд тун оновчтой мэдэгдсэн хэрэг байлаа (Үйлс 2:11). Тийнхүү тэр шинэ, сүнслэг үндэстэн Еховагийн алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, цагт нь хоолоор хангах «үйлчлэгч» болжээ (1 Петр 2:9). «Бурхны Израиль» гэж нэрлэгдсэн нь ч зөв байлаа (Галат 6:16).

9. а) «Итгэмжит, ухаалаг боолыг» хэн бүрдүүлдэг вэ? б) «Зарц нар» гэж хэн бэ?

9 «Бурхны Израилийн» гишүүд бүгдээрээ Бурханд өөрийгөө зориулсан, баптисм хүртэж, ариун сүнсээр тослогдсон, тэнгэрийн найдвартай христианууд юм. Тиймээс, МЭӨ 1513 оноос МЭ 33 оны Пентекостын өдөр хүртэл амьдарч байсан израиль хүн бүр христиануудаас өмнөх үеийн «үйлчлэгчийг» бүрдүүлж байсан шиг, «итгэмжит, ухаалаг боол» гэдэг хэллэг нь МЭ 33 оноос хойш өнөөг хүртэлх, дэлхий дэх тослогдсон, сүнслэг үндэстний бүх гишүүнд бүхэлд нь хамаатай. Тэгвэл тэр «боолоос» сүнслэг хоол авдаг, «[эзний] зарц нар» гэж хэн бэ? МЭ І зуунд христиан хүн бүр тэнгэрийн найдвартай байсан. Үүнээс үзвэл, «зарц нар» гэдэг нь бас л тослогдсон христиануудыг, гэхдээ бүхэлд нь биш, харин хувь хүмүүс гэдэг утгаар хэлсэн үг байжээ. Христиан хүн бүр, тэр дундаа, хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүд ч «боолоос» сүнслэг хоол авах хэрэгтэй байсан (1 Коринт 12:12, 19–27; Еврей 5:11–13; 2 Петр 3:15, 16).

«Хүн бүрд хийх ажлыг нь»

10, 11. «Боолын» ангийн бүх гишүүн адилхан үүрэг даалгавар хүлээдэггүйг бид яаж мэддэг вэ?

10 «Бурхны Израиль» нь «итгэмжит, ухаалаг боолын» ангийн хувьд хүлээсэн үүрэг даалгавартай ч, мөн гишүүн бүр нь дор бүрнээ хариуцлага хүлээдэг. Марк 13:34-т тэмдэглэсэн Есүсийн үг үүнийг тодорхой харуулдаг. Есүс: «Энэ нь гэрээ орхиж, боолууддаа үүрэг өгч, хүн бүрд хийх ажлыг нь оноож, мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушаагаад аянд явж буй хүнтэй адил юм» гэж хэлжээ. Тиймээс «боолын» ангийн гишүүн бүр Христийн, дэлхийн эзэмшил хөрөнгийг арвижуулах даалгавартай. Энэхүү даалгавраа тэд чадвар, боломжийнхоо хэрээр биелүүлдэг (Матай 25:14, 15).

11 Тэрчлэн, элч Петр тухайн үеийнхээ тослогдсон христиануудад: «Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил» гэж хэлжээ (1 Петр 4:10). Тиймээс, тослогдсон христианууд Бурхнаас авсан бэлгээ ашиглан, бие биедээ үйлчлэх үүрэгтэй. Түүнээс гадна, христиануудын чадал чадвар, хүлээх хариуцлага, эдлэх эрх үүрэг харилцан адилгүй болохыг Петрийн үг харуулдаг. Хэдий тийм ч, «боолын» ангийн гишүүн болгон сүнслэг үндэстний өсөлтөд ямар нэг байдлаар хувь нэмэр оруулах ажээ. Яаж?

12. «Боолын» ангийн гишүүн бүр сүнслэг үндэстний өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?

12 Юуны түрүүнд, хүн болгон Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэн, Еховагийн гэрч байх үүрэгтэй байсан (Исаиа 43:10–12; Матай 24:14). Есүс тэнгэрт буцахаасаа өмнөхөн бүх үнэнч шавь нараа эр эм гэж ялгалгүй, багш байхыг тушаан: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн [«эд юмсын энэхүү тогтолцооны», ШЕ] төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж хэлсэн (Матай 28:19, 20).

13. Тослогдсон христиануудад бүгдэд нь ямар завшаан тохиосон бэ?

13 Тэд шинэ хүмүүсийг олж, Христийн, шавь нартаа тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг сайн заадаг байсан. Сургаалыг хүлээн авсан хүмүүс хожим нь бусдад заах чадвартай болсон. «Боолын» ангийн ирээдүйн гишүүн болох олон үндэстний хүмүүст ч мөн чанартай сүнслэг хоол хүртэх боломж бүрджээ. Тослогдсон христианууд эрэгтэй эмэгтэйгээсээ үл хамааран, бүгдээрээ шавь бэлдэх үйл хэрэгт оролцсон (Үйлс 2:17, 18). Энэ үйл хэрэг нь «боолыг» ажлаа анх эхэлсэн үеэс эд юмсын тогтолцооны төгсгөлийн үе хүртэл үргэлжлэх ёстой юм.

14. Хуралд заах үүрэг зөвхөн хэнд оногддог вэ? Тослогдсон христиан эмэгтэйчүүд үүнд хэрхэн ханддаг вэ?

14 Шинэ тутам баптисм хүртсэн тослогдсон христианууд «боолын» ангийн гишүүн болсон бөгөөд анх хэнээр заалгаснаасаа үл хамааран, ахлагчаар үйлчлэх Судрын шаардлага хангасан, хурлын гишүүдээс заавар зөвлөгөө авсаар байв (1 Тимот 3:1–7; Тит 1:6–9). Тийнхүү, томилогдсон эрчүүд сүнслэг үндэстнийг өсөхөд онцгой хувь нэмэр оруулсан юм. Хуралд заах үүргийг зөвхөн эрчүүд хүлээдэгт үнэнч христиан эмэгтэйчүүд эгдүүцээгүй (1 Коринт 14:34, 35). Харин ч, тэд хурлын гишүүн эрчүүдийн хичээнгүй хөдөлмөрийн үр дүнг хүртэн баярлаж, өөр олон үүрэг хүлээдэгтээ, тэр дундаа, хүмүүст баярт мэдээ хүргэдэгтээ Бурханд талархдаг байсан. Өнөөдөр ч мөн адил, хичээл зүтгэлтэй тослогдсон эгч нар маань ахлагчдыг тослогдсон эсэхээс нь үл хамааран, даруухнаар захирагддаг.

15. Нэгдүгээр зуунд сүнслэг хоолны нэг гол эх булаг юу байсан бэ? Сүнслэг хоолоор хангах ажлыг хэн тэргүүлсэн бэ?

15 Нэгдүгээр зуунд сүнслэг хоолны нэг гол эх булаг нь Есүсийн элч нар болон удирдах үүрэг хүлээсэн бусад шавь нарын бичсэн захидлууд байв. Тэр захидлуудыг, ялангуяа, Христиан Грек Сударт багтдаг, Бурхны онгодоор бичигдсэн 27 номд орсон захидлуудыг хурлууд дамжуулан хэрэглэж, орон нутгийн хурлын ахлагчид заах ажлынхаа үндэс болгон ашигладаг байсан нь эргэлзээгүй. Ийнхүү «боолын» төлөөлөгчид чин сэтгэлтэй христиануудад чанартай сүнслэг хоол тараах ажлаа сайн хийсэн. Тийм ээ, нэгдүгээр зууны «боолын» анги даалгавраа үнэнч биелүүлсэн.

19 зууны дараах «боол»

16, 17. 1914 он хүртэл «боолын» анги даалгавраа биелүүлэхдээ үнэнч болохоо яаж баталсан бэ?

16 Тэгвэл өнөөдрийн тухайд юу хэлж болох вэ? 1914 онд залран байх үе нь эхлэхэд Есүс хоолыг цагт нь үнэнчээр өгдөг тослогдсон христиануудыг олсон болов уу? Тийм ээ, олсон. Тэр бүлэг хүнийг ургуулсан сайн үр жимсээр нь амархан таньсан (Матай 7:20). Тэд үнэхээр «итгэмжит, ухаалаг боол» мөн байсныг нь тэр үеэс хойших түүх батлан харуулдаг.

17 Есүсийг ирэхэд 5 000 орчим «зарц» Библийн үнэнийг дэлгэрүүлэх ажил хийж байсан. Хэдийгээр ажилчин цөөхөн байсан ч «боол» сайн мэдээ дэлгэрүүлэх ажилдаа зарим шинэ арга нэвтрүүлжээ (Матай 9:38). Жишээлбэл, 2 000 шахам сонинд, Библид үндэслэсэн лекц хэвлэх ажлыг зохион байгуулсан. Ингэж Бурхны Үгийн үнэн олон арван мянган уншигчид нэгэн зэрэг хүрч байв. Түүнээс гадна, өнгөт слайдыг хөдөлгөөнт зурагтай хослуулсан найман цагийн хөтөлбөр бэлдсэн. Үүний ачаар Бурхны бүтээж эхэлсэн үеэс Христийн Мянган жилийн засаглалын эцэс хүртэлх үеийн тухай Библийн мэдээ гурван тивийн есөн сая хүнд хүрсэн. Бас нэг арга бол хэвлэл ашиглах явдал байв. Тухайлбал, 1914 онд «Харуулын цамхаг» сэтгүүл 50 000 орчим хувиар гардаг байсан.

18. Есүс хамаг эзэмшил хөрөнгөө боолд хэзээ даатгасан бэ? Яагаад?

18 Тийм ээ, «эзэн» буюу Есүс Христ ирээд, «итгэмжит боол» нь «зарц нарыг» сэтгэл гарган хооллож, мөн сайн мэдээ дэлгэрүүлж байгааг үзсэн. Ингээд «боолдоо» илүү хариуцлага хүлээлгэх болжээ. Есүс: «Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана» хэмээсэн (Матай 24:47). Есүс энэ үгээ, «боол» шалгалтыг давсны дараа буюу 1919 онд биелүүлсэн. Гэхдээ ямар учраас «итгэмжит, ухаалаг боол» илүү өндөр хариуцлага хүлээх болсон бэ? Эзэн нь илүү «эзэмшил хөрөнгө» хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, Есүс 1914 онд хааны эрх мэдэлтэй болсон.

19. «Үй олон хүний» сүнслэг хэрэгцээг хэрхэн хангадгийг тайлбарлана уу.

19 Хаан ширээнд залраад удаагүй байсан Эзний, «итгэмжит боолдоо» даатгасан «эзэмшил хөрөнгө» гэж юу вэ? Энэ бол өөрт нь харьяалагдах, дэлхийд байсан бүх сүнслэг зүйл юм. Жишээлбэл, Есүсийг 1914 онд хаан ширээнд заларснаас хойш 20 жилийн дараа «өөр хонинуудын» «үй олон хүн» гэж хэн болох нь тодорхой болсон (Иохан 10:16, МБОХ, 1996; Илчлэлт 7:9). Тэд бол «Бурхны Израилийн» тослогдсон гишүүд биш, харин тослогдогсдын адилаар Еховаг хайрлаж, түүнд үйлчлэхийг хүсдэг, дэлхийд амьдрах найдвартай, чин сэтгэлтэй хүмүүс байсан. Үнэндээ, тэд: «Бид та нартай хамт явна. Учир нь Бурхан та нартай хамт байдаг гэж бид сонссон» гэж «итгэмжит, ухаалаг боолд» хэлсэн юм (Зехариа 8:23, ШЕ). Баптисм хүртээд удаагүй энэ христианууд тослогдсон «зарц нарын» хүртдэг тэр чанартай сүнслэг хоолноос хүртдэг болсон бөгөөд тэр цагаас хойш энэ хоёр бүлэг нэг сүнслэг ширээнээс хооллож байна. «Үй олон хүний» хувьд энэ нь гайхамшигтай ивээл буюу!

20. Эзний эзэмшил хөрөнгийг арвижуулахад «үй олон хүн» ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

20 «Үй олон хүн» сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тослогдсон «боолын» ангитай дуртайяа нэгдсэн. Дэлгэрүүлэхийн хэрээр Эзний дэлхийн эзэмшил хөрөнгө арвижиж, «итгэмжит, ухаалаг боол» ч улам өндөр хариуцлага хүлээх болсон. Үнэнийг эрж хайдаг хүмүүс олширсны улмаас тэднийг Библид үндэслэсэн ном хэвлэлээр хангах шаардлага нэмэгдэж, хэвлэлийн үйлдвэрийг өргөтгөх хэрэгтэй болсон. Еховагийн Гэрчүүд байгууллагынхаа салбаруудыг олон улсад нээж, миссионерүүдийг «дэлхийн хязгаар хүртэл» илгээсэн (Үйлс 1:8). 1914 онд таван мянга орчим тослогдсон христиан байсан бол эдүгээ Бурхныг магтан алдаршуулдаг хүмүүсийн тоо зургаан сая гаруй болсны ихэнх нь «үй олон хүн» юм. Тийм ээ, 1914 онд Хааныг сэнтийдээ заларснаас хойш эзэмшил хөрөнгө нь үнэхээр их нэмэгдсэн!

21. Дараагийн өгүүллээр ямар хоёр ёгт үлгэр авч үзэх вэ?

21 Энэ бүх явдал «боолын» үнэхээр үнэнч, ухаалаг болохыг харуулдаг. Есүс «итгэмжит, ухаалаг боолын» тухай хэлснийхээ дараа тэр хоёр чанарыг нь онцлон, хоёр ёгт үлгэр ярьсан. Тэр нь ухаалаг болон мунхаг охидын тухай, мөн талантын тухай ёгт үлгэр юм (Матай 25:1–30). Тэдгээр нь өнөөдөр бидэнд ямар ач холбогдолтой вэ? Сонирхол татсан асуулт байгаа биз! Энэ асуултыг дараагийн өгүүллээр авч үзье.

Та юу гэж бодож байна вэ?

• «Итгэмжит, ухаалаг боолыг» хэн бүрдүүлдэг вэ?

• «Зарц нар» гэж хэн бэ?

• «Итгэмжит боолд» Эзний эзэмшил хөрөнгийг хэзээ даатгасан бэ? Яагаад тэр үед даатгасан бэ?

• Сүүлийн жилүүдэд Эзний эзэмшил хөрөнгийг арвижуулахад хэн, хэрхэн тусалсан бэ?

[Догол мөрийн асуулт]