Skip to content

Гарчиг руу орох

Амьдралд гарах өөрчлөлтийг давахдаа Бурхны сүнсэнд найдагтун

Амьдралд гарах өөрчлөлтийг давахдаа Бурхны сүнсэнд найдагтун

Амьдралд гарах өөрчлөлтийг давахдаа Бурхны сүнсэнд найдагтун

«Чи өөрийгөө... Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» (2 ТИМОТ 2:15).

1. Ямар ямар өөрчлөлт бидний сүнслэг сайн сайханд бэрхшээл учруулж болох вэ?

 БИДНИЙГ хүрээлэн буй ертөнц тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Шинжлэх ухаан, технологийн салбарт гайхамшигтай дэвшил гарч байгаа ч үүний хажуугаар ёс суртахууны хэм хэмжээ уруудан доройтож байгаа нь ажиглагддаг. Христианууд бид «ертөнцийн сүнс» буюу Бурханд үл захирагдах хандлагыг эсэргүүцэх ёстойг өмнөх өгүүлэлд үзсэн билээ. Гэхдээ ертөнц өөрчлөгдөхийн хэрээр бидний амьдралд ч бас их өөрчлөлт гарч байдаг. Хүүхэд насаа орхиж, нас бие гүйцдэг. Баяжих юм уу хоосрох, эрүүл мэнд сайжрах юм уу өвчин эмгэг тусах, хайртай дотно хүмүүстэй болох юм уу тэднийгээ алдах гэх мэтийн биднээс шалтгаалахгүй олон өөрчлөлт гардаг. Тэдгээр нь бидний сүнслэг сайн сайханд шинэ, давахад амаргүй бэрхшээл учруулж болох юм.

2. Давидын амьдралд ямар ямар өөрчлөлт гарсан бэ?

2 Олон хүний амьдрал Иессийн хүү Давидын амьдрал шиг тэгтлээ өөрчлөгдөөд байдаггүй. Жирийн нэг хоньчин Давид богинохон хугацаанд үндэсний баатар болж нэр алдарт хүрсэн. Хожим нь атаач хааны мөрдлөг мөшгөлтийн улмаас босуул ч болж явсан. Үүнийхээ дараа хаан болж, дайснаа даржээ. Ноцтой нүглийн гашуун үр дагаврыг ч амссан. Гэр бүлд нь золгүй явдал тохиолдож, хагарал гарч байв. Тэрээр эд хөрөнгөтэй болж, хөгширч, өтөл насны зовлонг үзсэн. Амьдралд нь олон өөрчлөлт гарч байсан ч Давид насан туршдаа Еховад болон Еховагийн сүнсэнд итгэж найдсаар байжээ. Тэрээр өөрийгөө «Бурханд сайшаалган харуулахыг хичээж», Ехова ч түүнийг ивээдэг байсан (2 Тимот 2:15). Бидний нөхцөл байдал Давидынхаас өөр ч амьдралдаа тохиолдсон үйл явдлыг хэрхэн давдаг байсан нь бидэнд сургамж болдог. Амьдралд гарах өөрчлөлтийг Бурхны сүнсний тусламжтайгаар хэрхэн давж болохыг түүний жишээнээс ойлгож болно.

Давидын даруу зан сайн жишээ мөн

3, 4. Давид хэрхэн жирийн хоньчин хүү байснаа үндэсний баатар болсон бэ?

3 Давид хүүхэд байхын гэр дотроо ч жирийн нэгэн байсан. Зөнч Самуелыг Бетлехемд ирэхэд Давидын аав найман хөвгүүнийхээ долоог түүнд үзүүлжээ. Харин отгон хүү Давид нь хонь хариулахаар явсан байв. Гэхдээ Ехова Израилийн ирээдүйн хаанаар Давидыг сонгочихсон байжээ. Давидыг бэлчээрээс дуудаж ирүүлсний дараа, Библид тэмдэглэснээр, «Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув» (1 Самуел 16:12, 13). Давид амьдралынхаа туршид тэрхүү сүнсэнд найдаж явсан.

4 Тэр явдлаас хойш удалгүй хоньчин хүү нутагтаа ихэд алдаршжээ. Тэрээр хаанд үйлчилж, хөгжим тоглож өгдөг болов. Бас дайсны цэрэг Голиатыг алсан. Голиат, хүн сүрдмээр аварга биетэй, догшин нэгэн байсан тул Израилийн хашир туршлагатай цэргүүд ч түүнтэй тулалдахаас айдаг байж. Давид цэргийн жанжин болоод, филистчүүдтэй дайтаж ялсан. Ард олон түүнийг хайрлаж, түүнд зориулан магтуу дуу зохиожээ. Үүнээс өмнө Саул хааны зарц, Давидыг «чадварлаг хөгжимчин, эр зоригт дайчин хүн, үгэнд ухаалаг, сайхан залуу» гэж дүрсэлсэн нь бий (1 Самуел 16:18; 17:23, 24, 45–51; 18:5–7).

5. Давидыг юу бардам ихэмсэг болгож болох байсан бэ? Тийм болоогүйг нь бид яаж мэддэг вэ?

5 Нэр алдар, сайхан зүс, залуу нас, уран үг, хөгжмийн авьяас, цэргийн эрдэм, Бурхны ивээл гээд Давидад дутах юм байхгүй байв. Эдгээрийн нэг нь л байхад Давид бардам ихэмсэг болж болох байсан ч тэгсэнгүй. Саул хааныг охиноо эхнэр болгон өгье гэхэд Давидын юу гэж хэлснийг үзье. Давид ихэд даруухнаар: «Би хэн билээ? Миний амьдрал, миний эцгийн гэр бүл ч Израильд юу билээ? Би яаж хааны хүргэн болох вэ?» хэмээжээ (1 Самуел 18:18). Нэгэн Библи судлаач эрдэмтэн энэ зүйлийг тайлбарлан: «Давид, эрдэм чадал, нийгэмд эзлэх байр суурь, угсаа гарлынх нь аль нь ч өөрийг нь хааны хүргэн болгох хүндтэй шалтгаан огт биш гэсэн утгатай үг хэлжээ» гэж тэмдэглэсэн байдаг.

6. Даруу зан хөгжүүлэх ёстойн учир юу вэ?

6 Ехова төгс бус хүнээс бүх талаараа харьцуулшгүй давуу гэдгийг Давид ойлгодог байсан нь даруу байхын үндэс болжээ. Бурхан хүнийг анзаардагт Давид гайхдаг байв (Дуулал 144:3, «мэддэг» [«анзаардаг», ШЕ]). Өөрийг нь агуу гэж үздэг юм аа гэхэд, энэ нь Ехова л түшиж, хамгаалж, санаа тавихын тулд «дөлгөөн байдлаа» үзүүлэн, болгоодгийн ач гэдгийг Давид бас мэддэг байсан (Дуулал 18:35). Бидэнд ямар сайхан жишээ үзүүлээ вэ! Бид авьяас чадвар, ололт амжилт, байгууллагадаа хүлээдэг үүргээсээ болж хэзээ ч бардам ихэмсэг болох ёсгүй. Элч Паул: «Үнэндээ... та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ?» гэж бичжээ (1 Коринт 4:7). Бурхны ариун сүнсийг авч, сайшаалыг нь хүртэхийн тулд бид даруу зан хөгжүүлж, ямагт даруу байх ёстой (Иаков 4:6).

«Өшөө хонзон бүү ав»

7. Саул хааныг алах ямар боломж Давидад олдсон бэ?

7 Нэр алдарт хүрлээ гэж Давид өөрөө бардамнаагүй байхад Бурхны сүнсгүй болсон Саул хаан түүнд атаархаж, амийг нь хөнөөхийг хүсэв. Давид ямар ч гэм хийгээгүй хэрнээ амиа аврахын тулд цөл уруу зугтахаас өөр аргагүй болов. Саул хаан Давидыг мөшгөж яваад, Давидын хүмүүстэйгээ нуугдаж байсан агуйд санаандгүй орчихжээ. Тэгтэл хүмүүс нь Давидыг Бурхны л өгсөн гэмээр сайхан боломжийг алдалгүй, Саулыг алахыг ятгав. Тэд харанхуй агуй дотор Давидад: «ЭЗЭН танд: „Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар бологтун“ хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов» гэж шивнэж байсныг төсөөлөөд үзье (1 Самуел 24:2–6).

8. Давид өшөө авахаас татгалзсан нь ямар учиртай вэ?

8 Давид Саулд муу юм хийхээс татгалзав. Итгэл, тэвчээрээ харуулан, тэр асуудлыг Еховагийн мэдэлд үлдээхэд бэлэн байсан. Агуйгаас гарсных нь дараа Давид, хааныг дуудаад: «ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин миний гар таны эсрэг байхгүй» гэж хэлдэг (1 Самуел 24:12). Давид Саулын буруутайг мэдэж байсан ч өшөө авч, зэмлэн буруушааж, бусдад муулж байсангүй. Мөн өөр хэд хэдэн удаагийн хэрэг явдлыг дур мэдэн шийдэлгүй, харин ч Еховаг засаж залруулна гэж найдсан (1 Самуел 25:32–34; 26:10, 11).

9. Эсэргүүцэж, хавчдаг хүмүүст өширхөх ёсгүйн учир юу вэ?

9 Давидын адилаар, та ч гэсэн хэцүү байдалд байж болох юм. Жишээ нь, сургуулийн хүүхдүүд, хамт олон, гэрийнхэн болон итгэл үнэмшлийг тань хуваалцдаггүй бусад хүн таныг эсэргүүцдэг, хавчдаг гэж бодъё. Тэгвэл өширхөх хэрэггүй. Еховаг хүлээж, ариун сүнсээрээ туслахыг гуйгаарай. Таны биеэ авч яваа байдал тэдэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж, бүр христиан болж ч болох шүү дээ (1 Петр 3:1). Ямартай ч, Ехова таны нөхцөл байдлыг харж, цагт нь арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байгаарай. Элч Паул: «Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурхны уур хилэнд зай гарга. Учир нь: „Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө“ гэж Эзэн [«Ехова», ШЕ] айлдав гэж бичигджээ» хэмээн тэмдэглэсэн (Ром 12:19).

«Сахилга батын арга хэмжээг сонс»

10. Давид хэрхэн нүгэл үйлдсэн бэ? Нүглээ нуухыг хэрхэн оролдсон бэ?

10 Олон жил өнгөрчээ. Давид их алдар хүндтэй, ард олны хайрыг хүлээсэн хаан болжээ. Амьдрал нь үнэнч байдлын гайхамшигтай жишээ болж, Еховаг магтан алдаршуулсан олон дуулал бичжээ. Энэ бүхнийг үзвэл ийм хүн хэзээ ч ноцтой нүгэл үйлдэхгүй гэж санагдахаар. Гэсэн ч тэр ноцтой нүгэл үйлдсэн юм. Нэг өдөр хаан угаал үйлдэж буй сайхан эмэгтэйг ордныхоо дээвэр дээрээс харжээ. Тэгээд түүний тухай лавлан асуув. Эмэгтэйг Батшеба гэх бөгөөд нөхөр Уриа нь дайнд яваад эзгүй байсныг олж мэдсэн аж. Давид эмэгтэйг авчруулж, түүнтэй унтжээ. Дараа нь эмэгтэйн жирэмсэн болсныг мэдэв. Хэрэв энэ хэрэг илэрвэл айхтар шуугиан дэгдэх байв. Завхайрсан хүнд Мосегийн хуулийн дагуу үхлийн ял оноодог байлаа. Хаан хийсэн хэргээ нууя гэж бодсон нь илэрхий. Тиймээс цэргийн жанжинд хэл хүргэж, Уриаг Иерусалим уруу буцаахыг тушаав. Уриаг гэртээ ирээд, Батшебатай унтана гэж бодсон нь талаар болжээ. Давид аргаа бараад, Уриаг буцаан явуулахдаа цэргийн жанжин Иоабт захиа өгүүлжээ. Тэр захиандаа Уриаг тулааны үеэр амь дүйсэн газар тавьж, алуулахыг заасан байв. Иоаб тушаалыг ёсчлон гүйцэтгэж, Уриа ч алагджээ. Батшеба заншил ёсоор гашуудлын үеийг сахиж дуусахад Давид түүнийг эхнэрээ болгон авчээ (2 Самуел 11:1–27).

11. Натан Давидад ямар түүх ярьсан бэ? Үүнийг нь Давид яаж хүлээн авсан бэ?

11 Энэ явдал Еховагийн өмнө тэр чигээрээ ил байсан гэдгийг Давид мэдэж байх ёстой ч бүх юм төлөвлөсөн ёсоор бүтлээ гэж бодож байв (Еврей 4:13). Хэдэн сар өнгөрч, хүүхэд төржээ. Тэгэхэд Бурхан зөнч Натаныг Давид уруу явуулав. Зөнч, олон хоньтой баян хүн нэгэн ядуу хүний хайртай ганц хургыг авч төхөөрсөн тухай хаанд ярьж өгчээ. Давид Натаны ярьсан түүхийг сонсоод шударга сэтгэл нь зовсон ч цаад битүү утгыг нь гадарласангүй. Тиймээс ихэд уурлан, баян хүнийг дор нь буруутгаж, Натанд: «Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой» гэж хатуухан хэлж орхив (2 Самуел 12:1–6).

12. Ехова Давидад ямар шийтгэл оноосон бэ?

12 Тэгтэл зөнч: «Чи бол тэр хүн!» гэж хэлэв. Давид өөрөө өөрийгөө шүүчихжээ. Давидын оволзсон уур хилэн тэр дороо ичгүүр, харууслаар солигдсон нь гарцаагүй. Цочирдон балмагдсан тэрээр Ехова бултахын аргагүй шийтгэл оноосныг Натанаас сонсов. Давидын сэтгэлийг тайтгаруулан тайвшруулах ганц ч үг байсангүй. Муу хэрэг хийсэн нь Еховагийн үгийг үл тоомсорлосонтой адил болжээ. Уриаг дайсны илдэнд алуулсных нь төлөө Давидын гэрээс илд салахгүй болох аж. Бас Уриагийн эхнэрийг нууцаар авсан. Тэгвэл Давид эхнэрүүдээ нууцаар биш, олны өмнө алдаж, адилхан зовлон амсах ажээ (2 Самуел 12:7–12).

13. Сахилга батын арга хэмжээг Давид хэрхэн хүлээж авсан бэ?

13 Давид гэмээ мэлзээгүй нь магтууштай хэрэг. Зөнч Натаныг ч хашхирч загнасангүй. Бусдыг буруутгаж, гэмт явдлаа хаацайлах шалтаг хайгаагүй. Нүгэл нь илчлэгдэхэд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээн: «Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв» гэж хэлсэн (2 Самуел 12:13). Тэрээр буруу хэрэг хийсэндээ хэчнээн их шаналж, хэчнээн их гэмшсэн нь 51-р дууллаас харагддаг. Давид Еховагаас: «Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач» гэж гуйсан. Ехова өршөөнгүй сэтгэл гаргаж, нүглээс болж «эмтэрсэн, гэмшсэн зүрхийг... жигшихгүй» гэж итгэж байв (Дуулал 51:11, 17). Давид Бурхны сүнсэнд найдсаар байсан. Ехова Давидыг нүглийнх нь гашуун үр дагавраас хамгаалаагүй ч түүнийг уучилсан билээ.

14. Еховагийн сахилга батын арга хэмжээнд бид хэрхэн хандах ёстой вэ?

14 Бид бүгдээрээ л төгс бус, бүгд л нүгэл үйлддэг (Ром 3:23). Давид шиг ноцтой нүгэл үйлдэж ч болох юм. Халамжит эцэг хүүхдүүдээ сахилгажуулдаг шиг Ехова өөрт нь үйлчлэхийг хүсдэг хүмүүсийг засаж залруулдаг. Сахилга батын арга хэмжээ ач тустай байдаг ч түүнийг хүлээн авахад амаргүй. Үнэндээ, «уй гашуутай» байх үе ч бий (Еврей 12:6, 11). Гэхдээ хэрэв бид «сахилга батын арга хэмжээг сонсвол» Еховатай эвлэрч чадна (Сургаалт үгс 8:33, ШЕ). Еховагийн сүнсний ивээлийг үргэлж хүртье гэвэл залруулгыг нь хүлээн авч, Бурханд сайшаагдахыг хичээн чармайх ёстой.

Эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найдагтун

15. а) Зарим хүн эд хөрөнгөө яаж ашигладаг вэ? б) Давид хөрөнгөө юунд зориулахыг эрмэлздэг байсан бэ?

15 Давидыг нийгмийн дээд давхаргын юм уу чинээлэг гэр бүлээс гаралтай гэх баримт байдаггүй. Гэхдээ Давид хаан болоод асар их эд баялаг цуглуулсан. Эд хөрөнгө хурааж, түүнийгээ арвижуулахын тулд улайран хөөцөлддөг, эсвэл хар амиа бодон үрдэг хүн олон байдгийг та мэдэх биз ээ. Зарим хүн өөрийгөө алдаршуулахын төлөө мөнгөө зориулдаг (Матай 6:2). Харин Давид эд хөрөнгөө өөр зорилгоор ашиглаж, Еховаг алдаршуулахыг эрмэлздэг байлаа. Тийм учраас, тухайн үед Иерусалимд «майхны хөшгөн дунд» байсан гэрээний авдрыг байрлуулах сүмийг Еховад зориулан барих хүслээ Натанд хэлсэн. Ехова Давидын санааг таалсан ч Давидын хүү Соломон сүм барина гэдгийг Натанаар хэлүүлсэн (2 Самуел 7:1, 2, 12, 13).

16. Давид сүм барихын тулд юу бэлтгэсэн бэ?

16 Сүм барих нүсэр ажилд зориулан Давид шаардлагатай бүх материал цуглуулжээ. Тэгээд Соломонд: «Би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг... бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй» гэж хэлсэн. Түүнээс гадна, хувиасаа 3 000 талант алт, 7 000 талант мөнгө хандивлажээ * (Шастирын дээд 22:14; 29:3, 4). Энэхүү өгөөмөр хандив нь олонд гайхуулах гэсэн хэрэг биш, Ехова Бурханд итгэдэг, үнэнч байдгийнх нь илрэл байсан. Ехова бол эд хөрөнгөнийх нь Эх булаг гэдгийг хүлээн зөвшөөрөн: «Бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас бид Танд өргөсөн юм» гэж хэлсэн (Шастирын дээд 29:14). Давид өгөөмөр сэтгэлдээ хөтлөгдөн, цэвэр шүтлэгийн төлөө чадах бүхнээ хийсэн.

17. 1 Тимот 6:17–19-ийн зөвлөгөөг баян, ядуу хүмүүсийн аль аль нь хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

17 Давидын адилаар, бүгдээрээ эд хөрөнгөө сайн үйлийн төлөө зориулъя. Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөхийн оронд Бурхны сайшаалыг хүлээхийг хичээх нь дээр бөгөөд чухам энэ нь жинхэнэ мэргэн ухаан хийгээд аз жаргалд хүрэх зам мөн. Паул: «Энэ үеийн ертөнцийн баячуудад хандан: „Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд“ хэмээн тушаа. „Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай“ хэмээн тэдэнд тушаа. Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм» гэж бичжээ (1 Тимот 6:17–19). Санхүүгийн байдал ямар ч байсан, Бурхны сүнсэнд найдан, «Бурхны өмнө баян» болох тийм л байдлаар амьдарцгаая (Лук 12:21). Халамжит тэнгэрийн Эцгийнхээ сайшаалыг хүлээхээс илүү үнэтэй зүйл нэгээхэн ч байхгүй.

Өөрийгөө Бурханд сайшаалган харуулагтун

18. Давид христиануудад ямар ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?

18 Давид Еховагийн сайшаалыг хүлээхийг бүх насаараа хичээсэн. Тэрээр нэгэн дуундаа: «Намайг өршөөгөөч [«сайшаагаач», ШЕ], Бурхан, намайг өршөөгөөч [«сайшаагаач», ШЕ]. Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог» хэмээн өгүүлсэн байдаг (Дуулал 57:1). Еховад итгэж найдсан нь дэмий хоосон байгаагүй. Тэрээр өндөр нас насалж, «өдрүүддээ сэтгэл хангалуун байсан» (Шастирын дээд 23:1, ШЕ). Давид хэдий ноцтой алдаа гаргаж байсан ч, бидний мэдэхээр, Бурханд итгэхийн гайхамшигтай жишээ үзүүлсэн олон гэрчийн нэг нь болсон (Еврей 11:32).

19. Бид хэрхэн өөрсдийгөө «Бурханд сайшаалган харуулж» болох вэ?

19 Та амьдралдаа гарсан өөрчлөлтийг давахдаа, Ехова Давидыг түшиж, бэхжүүлж, засаж залруулж байсан шигээ өөрт тань ч бас тийн хандана гэдгийг санаарай. Элч Паул ч Давидын адилаар амьдралдаа олон л өөрчлөлтийг үзсэн. Гэхдээ Бурхны сүнсэнд найдсаны хүчинд бас үнэнч үлдсэн юм. Тэрээр: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» хэмээн бичжээ (Филиппой 4:12, 13). Хэрэв өөрт нь найдвал ямар ч өөрчлөлтийг амжилттай давж, үнэнч байдлаа хадгалахад Ехова бидэнд тусална. Тэгээд ч биднийг үнэнч байгаасай гэж хүсдэг. Хэрэв дуулгавартай байж, өөрт нь ойртвол хүсэл тааллыг нь биелүүлэх хүчийг Бурхан бидэнд өгнө. Еховагийн сүнсэнд найдсаар байх аваас бид өдгөө хийгээд өнө мөнхөд «өөрийгөө... Бурханд сайшаалган харуулж» чадна (2 Тимот 2:15).

[Зүүлт]

^ Давидын хандив одоогийн ханшаар 1 200 000 000 ам. доллартай тэнцэнэ.

Та хэрхэн хариулах вэ?

• Бардам ихэмсэг зантай хэрхэн тэмцэх вэ?

• Яагаад өшөө авч болохгүй вэ?

• Сахилга батын арга хэмжээг хэрхэн үзэх ёстой вэ?

• Эд хөрөнгөнд бус, Бурханд найдах ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]