Skip to content

Гарчиг руу орох

Бурхны ард түмэн «энэрлийг хайрлах» ёстой

Бурхны ард түмэн «энэрлийг хайрлах» ёстой

Бурхны ард түмэн «энэрлийг хайрлах» ёстой

«Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?» (МИКА 6:8).

1, 2. а) Ехова ард түмнээсээ энэрэнгүй байхыг шаарддагт гайхах хэрэггүйн учир юу вэ? б) Энэрлийн тухай ямар ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ?

 ЕХОВА бол энэрлийн Бурхан (Ром 2:4; 11:22). Анхны хос Адам Ева хоёр энэ чанарынх нь төлөө Бурханд их талархдаг байсан байх учиртай! Тэд Еден цэцэрлэгт байхдаа Еховагийн энэрлийн баталгаа болсон олон сайхан бүтээлээр хүрээлүүлэн, баяр жаргалтай амьдарч байсан. Бурхан бүх хүнийг, тэр байтугай, өөрт нь талархдаггүй, ёс бус хүмүүсийг хүртэл урьдын адил энэрсэн хэвээрээ байна.

2 Хүн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн тул зан чанарыг нь илэрхийлэх чадвартай билээ (Эхлэл 1:26). Тиймээс Ехова биднээс энэрэнгүй байхыг шаарддагт гайхах хэрэггүй. Мика 6:8-д бичсэнээр, Бурхны ард түмэн «энэрлийг хайрлах» ёстой. Гэхдээ энэрэл гэж чухам юу вэ? Христиан хүний хөгжүүлбэл зохих бусад чанартай ямар холбоотой вэ? Хүмүүс энэрэнгүй байх чадвартай юм бол ертөнц ийм харгис хэрцгий байгаагийн учир юу вэ? Христианууд бид бусадтай харьцахдаа яагаад энэрэнгүй байх ёстой вэ?

Энэрэл гэж юу вэ?

3. Энэрлийг хэрхэн тодорхойлж болох вэ?

3 Энэрэл гэдэг нь бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих чанар юм. Энэ чанарыг илэрхийлэхийн тулд бусдад тустай үйл хийж, ухаалаг харьцах хэрэгтэй. Хор хөнөөл учруулах юм огт хийхгүй, харин сайн үйл хийнэ гэсэн үг. Энэрэнгүй хүн нөхөрсөг, аядуу зөөлөн, өрөвч, эелдэг байдаг. Тийм хүн бусдад өгөөмөр сэтгэлээр хандаж, анхаарал тавьдаг. Элч Паул христиануудад: «Өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс» хэмээн сануулжээ (Колоссай 3:12). Тэгэхлээр, энэрэл бол жинхэнэ христиан хүн бүрийн бэлэгдлийн хувцасны нэг хэсэг юм.

4. Хүн төрөлхтөнд энэрэл үзүүлэх тухайд Ехова хэрхэн санаачилга гаргасан бэ?

4 Энэрэнгүй байх тухайд Ехова Бурхан өөрөө санаачилга гаргасан. Паулын хэлснээр, «[Аврагч Бурхан] биднийг... шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аврахад» «энэрэл болон хүн төрөлхтний төлөө гэсэн хайр нь ил болсон» (Тит 3:4, 5). Бурхан Христийн золих тахилын үнэ цэнийг тослогдсон христиануудын тусын тулд ашиглан, тэднийг Есүсийн цусаар «угаах» буюу цэвэрлэдэг. Түүнчлэн, тэднийг ариун сүнсээр шинэчилж, сүнсээр төрсөн хөвгүүдээ буюу «шинэ бүтээл» болгодог (2 Коринт 5:17). Бас «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон» «үй олон хүнд» ч энэрэл, хайраа үзүүлдэг (Илчлэлт 7:9, 14; 1 Иохан 2:1, 2).

5. Бурхны сүнсээр удирдуулдаг хүмүүс энэрэнгүй байх ёстойн учир юу вэ?

5 Энэрэл бол Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүчний үр жимсний нэг хэсэг мөн. Паул: «Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй» гэж хэлсэн (Галат 5:22, 23). Тэгэхлээр, Бурхны сүнсээр удирдуулдаг хүмүүс бусдад энэрэнгүй хандах ёстой.

Жинхэнэ энэрэл бол сул тал биш

6. Энэрэл ямар үед сул тал болдог вэ? Яагаад?

6 Зарим хүн энэрэнгүй байхыг сул тал гэж үздэг. Тэдний бодлоор, хүн хүчтэй гэдгээ бусдад харуулахын тулд хатуу чанга, заримдаа харгис байх ёстой аж. Гэтэл жинхэнэ ёсоор энэрэнгүй байж, буруу энэрэхгүйн тулд хүчтэй байх хэрэгтэй болдог. Жинхэнэ энэрэл Бурхны сүнсний үр жимсний нэг хэсэг учир буруу явдалтай эвлэрдэг сул тал биш юм. Харин нүглийг нүдээ аниад өнгөрүүлдэг тийм энэрэл л сул тал мөн.

7. а) Ели юунд хойрго байсан бэ? б) Ахлагчид буруу энэрэхээс сэрэмжлэх ёстойн учир юу вэ?

7 Израилийн тэргүүн тахилч Елийн жишээг авч үзье. Тэрээр, мөргөлийн асарт тахилчаар үйлчилдэг Хофни Финехас гэдэг хоёр хүүгээ сахилгажуулахдаа хойрго хандсан. Тэд Бурхны хуульд заасан ёсоор тахилчдад оногддог тахилын хувийг чамлан, зарцаа явуулж, тахил өргөж буй хүнийг тахилын ширээн дээр өөх шатаахаас өмнө түүхий мах өгөхийг шаарддаг байжээ. Түүнээс гадна, асрын үүдэнд үйлчилдэг эмстэй садарладаг байсан. Гэтэл Ели тэднийг тахилчийн байр сууриас нь хөөн зайлуулахын оронд жаахан зэмлэсэн болоод өнгөрчээ (1 Самуел 2:12–29). «Тэр үед ЭЗЭНий үг ховор... байсанд» гайхахын ч хэрэггүй! (1 Самуел 3:1). Христиан ахлагчид хурлын сүнслэг байдалд аюул учруулж болзошгүй гэмт явдалтнуудад найр тавин, буруу энэрэхээс сэрэмжлэх ёстой. Жинхэнэ энэрэл Бурхны хэм хэмжээг зөрчдөг ёс бус үг яриа, үйл хэргийг хараагүй юм шиг өнгөрүүлдэггүй.

8. Есүс хэрхэн жинхэнэ ёсоор энэрэнгүй байсан бэ?

8 Бидний Үлгэр жишээ Есүс Христ хэзээ ч буруу энэрч байгаагүй. Харин жинхэнэ ёсоор энэрэнгүй байхын хамгийн сайн жишээ үзүүлсэн билээ. Тухайлбал, тэрээр «хүмүүсийг хараад өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа». Чин сэтгэлтэй хүмүүс Есүс дээр очихоор барахгүй, хүүхдүүдээ аваачихаас ч айдаггүй байсан. «Есүс хүүхдүүдийг тэвэрч, ...ерөөхдөө» энэрэнгүй, өрөвч байсныг бодож үзэгтүн (Матай 9:36; Марк 10:13–16). Есүс энэрэнгүй хэдий ч, тэнгэрийн Эцгийнхээ зөв гэж үздэг зүйлийн төлөө хатуу зогсдог байсан. Ёс бус явдлыг нүдээ аниад өнгөрүүлж байсан удаагүй бөгөөд Бурхны өгсөн эр зоригоор хоёр нүүрт шашны удирдагчдыг буруушаадаг байв. Матай 23:13–26-д тэмдэглэснээр, тэрээр «хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ!» хэмээн нэг бус удаа хэлжээ.

Энэрэл ба Бурхны сүнсээр бий болдог бусад чанар

9. Энэрэл нь тэвчээр, сайхан сэтгэлтэй ямар холбоотой вэ?

9 Энэрэл, Бурхны сүнсээр бий болдог бусад чанартай холбоотой. Ариун сүнсний үр жимсний хэсгүүдийг тоочин бичсэн жагсаалтад энэрлийг «тэвчээр» «сайхан сэтгэл» хоёрын дунд оруулсан байдаг. Үнэхээр ч, энэрэл гэдэг чанарыг хөгжүүлж байгаа хүн тэвчээртэй байж гэмээнэ сая бусдыг энэрч чадна. Тийм хүн энэрэлгүй хүмүүст ч тэвчээртэй ханддаг. Түүнчлэн, энэрэнгүй хүн бусдын сайн сайхны төлөө тустай үйл хийдэг учир уг чанар сайхан сэтгэлтэй холбоотой. Библид бичсэн «энэрэл» гэдэг грек үгийг заримдаа «сайхан сэтгэл» гэж орчуулж болдог. Эртний христианууд энэрлийг үнэхээр гайхамшигтай илэрхийлдэг байсныг христиан биш хүмүүс биширч, Тертуллианы хэлснээр, Есүсийн дагалдагчдыг «энэрлээс төрсөн хүмүүс» гэж нэрлэдэг байжээ.

10. Энэрэл хайртай ямар холбоотой вэ?

10 Энэрэл хайр хоёр харилцан холбоотой. Есүс дагалдагчдынхаа тухай: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Иохан 13:35). Элч Паул энэ хайрын тухай: «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй» гэж хэлжээ (1 Коринт 13:4). Түүнээс гадна, Сударт олонтаа гардаг «хайр энэрэл» гэдэг хэллэг энэрэл, хайртай холбоотой болохыг харуулдаг. Ийм энэрэл үнэнч хайраас урган гардаг. «Хайр энэрэл» гэж буулгадаг еврей хэлний нэр үг нь зүгээр нэг хайраас илүү гүнзгий утгатай буюу хайрын сэтгэлээр хэн нэгний талаарх зорилгоо биелтэл хүлээдэг энэрэл юм. Ехова хайр энэрэл буюу үнэнч хайраа олон хэлбэрээр үзүүлдэг. Жишээлбэл, үйлчлэгчдээ аварч, хамгаалахдаа энэ чанараа илэрхийлдэг (Дуулал 6:4; 40:11; 143:12).

11. Бурхны хайр энэрэл бидэнд ямар баталгаа өгдөг вэ?

11 Ехова хайр энэрлээрээ хүмүүсийг өөртөө татдаг (Иеремиа 31:3). Бурхны үнэнч үйлчлэгчид ямар нэг зовлонгоос ангижрах юм уу тусламж хэрэгтэй үедээ Бурхны хайр энэрэл бол үнэхээр үнэнч хайр мөн бөгөөд Ехова тэр чанараа заавал үзүүлдэг гэдгийг мэдэрдэг. Тийм ч учраас: «Би Таны хайр энэрэлд итгэсэн. Миний зүрх Таны авралд баясах болно» хэмээсэн дуулалч шиг итгэлтэй залбирдаг (Дуулал 13:5). Бурхны хайр үнэнч учир үйлчлэгчид нь түүнд бүрэн итгэдэг. Тэдэнд «ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй, Өөрийн өвийг ч орхихгүй» гэсэн баталгаа байдаг (Дуулал 94:14).

Ертөнц ямар учраас ийм харгис байна вэ?

12. Харгис захиргаа хэзээ, яаж эхэлсэн бэ?

12 Энэ асуултын хариу Еден цэцэрлэгт болсон явдалтай холбоотой. Хүний түүхийн эхэнд, хар амиа бодон, бардам ихэмсэг болсон нэгэн сүнсэн бүтээл ертөнцийн захирагч болохын тулд хорон арга сэджээ. Эцэстээ тэрээр «ертөнцийн захирагч», тэгэхдээ, их харгис захирагч болсон (Иохан 12:31). Тэр сүнсэн бүтээл Сатан Диавол гэдэг нэр авч, Бурхны болон хүн төрөлхтний гол дайсан болжээ (Иохан 8:44; Илчлэлт 12:9). Аминч үзэлдээ хөтлөгдсөн тэрээр энэрэнгүй захирагч Еховатай өрсөлдөн, өөрөө захирагч болох хорон санаагаа Еваг бүтээсний дараахан илэрхий болгосон. Тиймээс, Адам Бурхны энэрлийг огтхон ч хэрэгсэлгүй, түүнээс хамааралгүй байх замаар явахаар шийдсэн тэр цагаас Сатаны муу удирдлага эхэлжээ (Эхлэл 3:1–6). Үнэндээ бол, Адам Ева хоёр өөрсдийгөө захирдаг болсон биш, харин Сатаны харьяат албат болж, амиа бодсон, бардам зантай захирагчийн эрхэнд оржээ.

13-15. а) Еховагийн зөвт захиргаанаас татгалзсан нь ямар ямар уршигт хүргэсэн бэ? б) Өнөөгийн ертөнц харгис байгаагийн учир юу вэ?

13 Энэ явдал ямар үр дагаварт хүргэсний заримыг авч үзье. Адам Ева хоёр дэлхий дээрх диваажингаас хөөгдсөн. Тэд ургамал ногоо, жимс жимсгэнэ зэргийн эрүүл хүнсийг төвөггүй авч болох сайхан цэцэрлэгээ орхин явж, Едений гадна хүнд нөхцөлд амьдрах болов. Бурхан Адамд: «Чи эхнэрийнхээ үгийг сонсож: „Бүү ид!“ гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир чамаас болж газарт хараал хүрч, чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. Газар чамд зангуу ба халгайг ургуулна» гэж хэлсэн. Газарт хараал хүрнэ гэдэг нь газар хагалж боловсруулах ажил амаргүй болно гэсэн үг байлаа. Газарт хараал хүрч, зангуу, халгай ургадаг болсны уршгийг Адамын үр удам хэчнээн тод мэдэрснийг Ноагийн эцэг Ламех: «ЭЗЭНий хараасан газар шороог хагалах... гарын маань хүнд хөдөлмөр» гэж хэлснээс мэдэж болно (Эхлэл 3:17–19; 5:29).

14 Түүнээс гадна, Адам Ева хоёр амар тайван амьдралаа зовлонгоор сольжээ. Бурхан Евад: «Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, эр нөхөр чинь чамайг захирна» гэж хэлсэн. Хожим нь, Адам Ева хоёрын ууган хүү Каин төрсөн дүү Абелыгаа хөнөөж, хүн амины аймшигтай хэрэг хийсэн (Эхлэл 3:16; 4:8).

15 «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» гэж элч Иохан тэмдэглэжээ (1 Иохан 5:19). Өнөөгийн ертөнц захирагчийнхаа адилаар аминч үзэл, бардам зан зэрэг муу зан чанар илэрхийлдэг. Харгис хэрцгий байгаад нь гайхах хэрэггүй! Гэхдээ үргэлж ийм байгаад байхгүй. Хаанчлалынх нь захиргаан дор харгис хэрцгий байдал биш, харин энэрэл, өрөвч сэтгэл ноёлохыг Ехова баталдаг.

Бурхны Хаанчлал захирахад энэрэл ноёлно

16. Бурхан Есүс Христээр дамжуулан энэрэнгүй захирдаг гэж хэлж болохын учир юу вэ? Энэ нь бидэнд ямар үүрэг хүлээлгэдэг вэ?

16 Ехова болон Бурхны Хаанчлалын Хаанаар томилогдсон Есүс Христ хоёр харьяат албатуудаа энэрэнгүй сэтгэлээрээ алдартай байхыг шаарддаг (Мика 6:8). Есүс Христ Эцгийнхээ даалгасан эрх мэдлийг энэрэнгүй сэтгэлээр хэрэгжүүлэхээ бидэнд урьдчилан харуулсан (Еврей 1:3). Үүнийг ард олныг хүнд ачаагаар дарамталж, мэхэлдэг шашны удирдагчдыг илчилсэн үгнээс нь ойлгож болно. Тэрээр: «Нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн та нар бүгдээрээ над уруу ир. Би та нарыг сэргээнэ. Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан. Та нар сэргэх болно. Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн [үгчлэн буулгавал «энэрэнгүй»] бөгөөд миний ачаа хөнгөн» гэж хэлсэн (Матай 11:28–30, ШЕ). Энэ ертөнцөд шашны болон бусад удирдагчид хүмүүст эцэс төгсгөлгүй дүрэм журам тогтоож, хийж гүйцэтгэснийх нь төлөө үл талархан, хүнд ачаа үүрүүлэн туйлдуулдаг. Харин Есүс дагалдагчдынхаа бололцоо, чадвараас хэтэрсэн шаардлага тавьдаггүй. Буулга нь үнэхээр «сэргээдэг» бөгөөд «энэрэнгүй»! Есүсийг дуурайж, бусдад энэрэнгүй хандах хүсэл бидэнд төрдөггүй гэж үү? (Иохан 13:15).

17, 18. Христтэй хамт тэнгэрээс захирах, дэлхий дээрх төлөөлөгч нь болох хүмүүс бүгдээрээ энэрэнгүй байна гэдэгт итгэж болохын учир юу вэ?

17 Есүсийн элч нартаа хэлсэн анхаарал татам үг Бурхны засаглал хүний засаглалаас хэчнээн ялгаатайг тод харуулдаг. Библид: «Тэрчлэн тэдний [шавь нарын] дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. Тэр тэдэнд: „Харь үндэстнүүдийн хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь «буянтнууд» хэмээгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дотроос хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг“ [гэснийг]» тэмдэглэжээ (Лук 22:24–27).

18 Эрх мэдэлтэй хүмүүс ард олныг «ноёрхон», том цол хэргэмтэй л бол ноёрхолдоо байгаа хүмүүсээс агуу болчих юм шиг санаж, цол хэргэмийн хойноос хөөцөлдөн агуу болохыг хичээдэг. Гэтэл Есүс жинхэнэ агуу байдал гэж бусдад үргэлж хичээнгүйлэн үйлчлэхийг хэлсэн. Христтэй хамт тэнгэрээс захирах, мөн дэлхий дээрх төлөөлөгч нь болох бүх хүн түүний жишээг дуурайж, дөлгөөн, энэрэнгүй байх ёстой.

19, 20. а) Еховагийн энэрэл хэчнээн уужим болохыг Есүс хэрхэн харуулсан бэ? б) Еховаг дуурайн, яаж энэрэнгүй байж болох вэ?

19 Есүсийн бас нэг зөвлөгөөг авч үзье. Есүс Еховагийн энэрэл буюу нигүүлсэл хэчнээн уужим болохыг дүрслэн: «Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ. Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л үйлддэг шүү дээ. Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм. Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун» гэж зөвлөсөн (Лук 6:32–36).

20 Бурхан хувиа бодсондоо энэрэнгүй байдаг юм биш. Үүнийхээ төлөө юу ч нэхэж, шаарддаггүй. Ехова энэрэнгүй сэтгэлээр, «нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг» (Матай 5:43–45; Үйлс 14:16, 17). Бид тэнгэрийн Эцгээ дуурайн, «үл талархагсдад» муу юм хийхийг цээрлээд зогсохгүй, тэдэнд, тэр байтугай, дайсагнадаг хүмүүст ч сайныг үйлддэг. Бид энэрэнгүй байснаараа энэрэл болон Бурханд таалагддаг бусад сайхан чанар бүх хүний харьцаанд ноёлох тэр цагт буюу Бурхны Хаанчлалын захиргаан дор амьдрахыг хүсдэгээ Ехова Есүс хоёрт харуулдаг.

Энэрэнгүй байх ёстойн учир

21, 22. Энэрэнгүй байх ёстойн учир юу вэ?

21 Жинхэнэ христиан хүн энэрэнгүй байх нь онцгой чухал юм. Энэ нь Бурхны сүнс бидэнд нөлөөлдгийг баталдаг. Түүнээс гадна, бид жинхэнэ ёсоор энэрэнгүй байж, Ехова Бурхнаа, бас Есүс Христийг дуурайдаг. Бурхны Хаанчлалын харьяат албат болох хүний биелүүлбэл зохих нэг шаардлага бол энэрэнгүй байх явдал юм. Тэгэхлээр, бид «энэрлийг хайрлаж», энэрэнгүй байж сурах ёстой.

22 Энэрэнгүй байдгаа өдөр тутмын амьдралдаа ямар ямар аргаар харуулах вэ? Энэ сэдвийг дараагийн өгүүллээр ярилцъя.

Та хэрхэн хариулах вэ?

• Энэрэл гэж юу вэ?

• Ертөнц харгис хэрцгий байгаагийн учир юу вэ?

• Бурхны захиргаан дор энэрэл ноёлно гэдгийг бид яаж мэддэг вэ?

• Бурхны Хаанчлалын захиргаан дор амьдрахыг хүсдэг хүмүүс энэрэнгүй байх нь ямар учраас чухал бэ?

[Догол мөрийн асуулт]