Дайсагнасан ертөнцөд энэрэнгүй байхыг хичээгтүн
Дайсагнасан ертөнцөд энэрэнгүй байхыг хичээгтүн
«Газар дэлхийн хүний эрхэм зүйл бол хайр энэрэл нь юм» (СУРГААЛТ ҮГС 19:22, ШЕ).
1. Энэрэнгүй байх ямар учраас хэцүү байдаг вэ?
ТА өөрийгөө энэрэнгүй хүн гэж үздэг үү? Хэрэв тийм бол, өнөөгийн ертөнцөд амьдрах амаргүй ээ. Энэрэл бол «сүнсний үр жимсний» нэг хэсэг гэж Библид тодорхойлдог нь үнэн юм бол христ шашны гэгдэх улс орнуудад хүртэл энэрэнгүй байх ямар учраас тийм хэцүү байдаг юм бэ? (Галат 5:22). Элч Иохан бүх ертөнц энэрэх сэтгэлгүй сүнсэн бодгаль болох Сатан Диаволын мэдэлд байдаг тухай бичихдээ үүний нэг шалтгааныг тэмдэглэснийг бид өмнөх өгүүллээр үзсэн билээ (1 Иохан 5:19). Есүс Христ Сатаныг «ертөнцийн захирагч» гэж тодорхойлсон (Иохан 14:30). Тийм учраас, энэ ертөнц харгис авиртай, самуун захирагчаа дуурайх хандлагатай байдаг (Ефес 2:2).
2. Энэрэнгүй байхад ямар ямар саад гардаг вэ?
2 Хүмүүсийн харгис харьцаа бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг. Хөршүүд, үл таних хүмүүсийн дайсагнасан, нөхөрсөг бус харьцаа, тэр байтугай, найз нөхөд болон гэрийнхний маань зарим хуумгай үйлдэл энэрэнгүй бус хандлагын илрэл ч байж болох юм. Бие биеэ хашхирч загнадаг, харааж зүхдэг, бүдүүлэг хүмүүстэй харьцах нь дарамттай байдаг бөгөөд ихэнхдээ биднийг гонсойлгодог. Ийм харгис хандлагын улмаас бид дайсагнах сэтгэлтэй болж, энэрэлгүй хүмүүстэй адилхан л харьцчихмаар санагдаж магадгүй. Энэ нь сүнслэг болон биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох юм (Ром 12:17).
3. Ямар ямар ноцтой асуудал энэрэнгүй байхад саад болдог вэ?
3 Түүнчлэн, дэлхийн нөхцөл байдал хурцадмал байгаа нь энэрэнгүй байхад саад болж болох юм. Жишээ нь, хүн төрөлхтөн бүхэлдээ терроризмын аюул хийгээд террорист халдлагаас айж, үндсэрхэг үзэлтнүүдийн аль нэг бүлэг биологийн юм уу цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй байгаад сэтгэл зовниж байна. Түүнээс гадна, олон сая хүн гол зогоох төдий хоолтой, толгой хоргодох төдий оромжтой, мөр халхлах төдий хувцастай, эмнэлгийн наад захын тусламж авч чадахгүй ядуу зүдүү амьдарч байна. Байдал сайжрах найдвар бараг тасарсан ийм нөхцөлд энэрэнгүй байх нь сорилт болдог (Номлогчийн үгс 7:7).
4. Энэрэнгүй байх тухайд зарим хүн ямар буруу дүгнэлт хийж болох вэ?
4 Энэрэнгүй байх нь чухалд үзэх асуудал огт биш, харин ч сул доройн шинж гэж дүгнэх амархан байж болох юм. Ялангуяа, бусдыг хүйтэн цэвдэг харьцах үед энэрэнгүй сэтгэлээ ашиглуулж байгаа юм шиг санагддаг (Дуулал 73:2–9). Гэхдээ Библи бидэнд: «Эелдэг [«дөлгөөн», ШЕ] хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» хэмээн зөв удирдлага өгдөг (Сургаалт үгс 15:1). Дөлгөөн зан болон энэрэл нь сүнсний үр жимсний, хоорондоо нарийн холбоотой хоёр хэсэг бөгөөд хэцүү нөхцөлийг даван туулахад тусалдаг чанарууд юм.
5. Амьдралын ямар ямар хүрээнд энэрэнгүй байх хэрэгтэй вэ?
5 Бурхны ариун сүнсний үр жимсийг илэрхийлэх нь христианууд бидэнд амин чухал учир тэрхүү сүнсний үр жимсний хэсэг болох чанаруудын нэг буюу энэрлийг хэрхэн илэрхийлж болохыг авч үзэх нь зүйтэй юм. Энэ дайсагнасан ертөнцөд энэрэнгүй байх боломжтой юу? Хэрэв тийм бол, Сатаны нөлөөнд автаж, энэрэх сэтгэлгүй болоогүй гэдгээ амьдралын ямар ямар хүрээнд, ялангуяа, хэцүү нөхцөлд хэрхэн харуулж болох вэ? Гэр бүлдээ, ажил, сургууль дээрээ, хөршүүд, итгэл нэгтнүүддээ болон дэлгэрүүлэх үедээ хэрхэн энэрэнгүй байх талаар авч үзье.
Гэр бүлдээ энэрэнгүй байх
6. Гэр бүлдээ энэрэнгүй байх нь ямар учраас тийм чухал бэ? Энэрэнгүй байдлыг хэрхэн илэрхийлж болох вэ?
6 Еховагийн ивээлийг хүртэж, удирдлагыг хүлээн авахад сүнсний үр жимс чухал нөлөөтэй байдаг бөгөөд тэдгээрийг бүрэн хөгжүүлэх хэрэгтэй (Ефес 4:32). Ингээд бүгдээрээ гэр бүлийн нэг онцгой хэрэгцээ буюу гэр бүлийн гишүүд бие биедээ энэрэнгүй байх асуудлыг анхааралтай авч үзье. Нөхөр эхнэр хоёр өдөр тутам хоёр биедээ болон хүүхдүүддээ энэрэнгүй хандаж, санаа тавих ёстой (Ефес 5:28–33; 6:1, 2). Бие биетэйгээ ярьж хөөрч, хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэж, эцэг эх нь үр хүүхэдтэйгээ зөв харьцаж байгаа байдлаараа энэрлийг илэрхийлэх хэрэгтэй. Магтаж сайшаахдаа түргэн, загнаж зэмлэхдээ удаан байгаарай.
7, 8. а) Гэр бүлдээ жинхэнэ ёсоор энэрэнгүй байя гэвэл юунаас зайлсхийх хэрэгтэй вэ? б) Сайн харьцаа гэр бүлийн бат бэх байдалд хэрхэн нөлөөлдөг вэ? в) Гэр бүлийнхэндээ хэрхэн энэрэнгүй хандаж болох вэ?
7 Элч Паулын: «Та нар... уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун» хэмээн сануулсныг биелүүлэх нь гэр бүлийнхэндээ энэрэнгүй хандаж байгаа хэрэг юм. Христиан гэр бүлийн гишүүд бие биедээ өдөр бүр хүндэтгэлтэй хандах ёстой. Яагаад гэвэл, сайн харьцаа бат бэх, эрүүл саруул гэр бүлийн амин сүнс юм. Санал зөрөх үед маргаанд ялах нь гол биш, харин асуудлыг шийдэхийг хичээн, зөрөлдөөнийг арилгах хэрэгтэй. Хэрэв гэр бүлийн гишүүд бие биеэ хүндэтгэж, энэрэнгүй байхыг хичээж чармайдаг бол тэр айл жаргалтай байдаг (Колоссай 3:8, 12–14).
8 Энэрэл бол бусдад сайн үйл хийх хүсэл төрүүлдэг сайхан чанар юм. Тиймээс бид энэ чанарын ачаар гэр бүлийнхээ бусад гишүүнд тусалж, санаа тавьж, тэдэнтэйгээ сайхан харьцахыг эрмэлздэг. Бие биедээ энэрэнгүй хандах нь гэр бүлийн харьцааг бэхжүүлдэг бөгөөд үүний тулд хүн нэг бүрийн болон хамтын хүчин чармайлт шаардлагатай. Ингэвэл тэд өөрсдөө Бурхны ивээлийг хүртээд зогсохгүй, хурал дотроо болон нийгэмд энэрлийн Бурхан Еховаг алдаршуулах болно (1 Петр 2:12).
Ажил дээрээ энэрэнгүй байх
9, 10. Ажил дээр гарч болох зарим бэрхшээлийг хэлж, тэдгээрийг энэрэнгүй байдлаар хэрхэн давж болохыг тайлбарлана уу.
9 Хамт олондоо өдөр бүр энэрэнгүй хандах нь ажил эрхэлдэг христиан хүнд сорилт болж болно. Ажилчид өөр хоорондоо өрсөлдөн, арга зальтай нэг нь нөгөөгийнхөө нэр хүндийг удирдлагынхаа өмнө унагаж, ажилгүй болгох аюул заримдаа тулгардаг (Номлогчийн үгс 4:4). Тийм нөхцөлд энэрэнгүй байх тун амаргүй. Гэхдээ энэрэнгүй байх гэдэг сайн юм хийхийг хэлдгийг Еховагийн үйлчлэгч хүн ойлгодог учир өөрт нь төдий л сайнгүй ханддаг хүмүүсийг талдаа оруулахыг боломжийнхоо хэрээр хичээх ёстой. Жишээ нь, тэдэнд санаа тавих нь эв эеэ олоход тусална. Хамт ажилладаг хүн тань өөрөө юм уу гэрийнхнээс нь хэн нэг нь өвджээ гэж бодъё. Тэгвэл, бие нь ямар байгааг асууж лавлахад нөгөө хүнд сайхан санагдана. Тийм ээ, христианууд боломжийнхоо хэрээр бусадтай эвтэй байж, эв эеэ хичээх ёстой. Санаа тавьдгаа харуулан хэлсэн ганц аятайхан үг ч заримдаа нөхцөл байдлыг сайжруулахад тусалдаг.
10 Зарим тохиолдолд дарга нь ажилчдадаа саналаа хүчээр тулгаж, бүх хүнийг үндсэрхэг үзлийг дэвэргэсэн арга хэмжээнд юм уу Библийн зарчмыг зөрчдөг баяр наадамд оролцохыг шаардаж магадгүй. Христиан хүн мөс чанарынхаа улмаас тиймэрхүү арга хэмжээнд оролцохоос татгалзахад зөрчил гарч болох юм. Тухайн үед даргынхаа хүсэл шаардлагыг биелүүлэх нь хэчнээн буруу болохыг нарийн тайлбарлах нь тийм ч ухаалаг алхам биш л болов уу. Тэгээд ч христиан итгэл үнэмшлийг тань хуваалцдаггүй хүмүүс хийж байгаагаа зөв л гэж үзнэ шүү дээ (1 Петр 2:21–23). Оролцохгүй шалтгаанаа эелдгээр тайлбарлах хэрэгтэй. Танд хэлсэн хорон үгийнх нь төлөө адилхан хариу бүү бариарай. Христиан хүн Ром 12:18-д: «Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» гэж зөвлөдгийг дагах нь зүйтэй.
Сургууль дээрээ энэрэнгүй байх
11. Залуу христианууд сургуулийнхаа хүүхдүүдэд энэрэнгүй хандахад хэцүү байж болохын учир вэ?
11 Залуу христиануудын хувьд сургуулийнхаа хүүхдүүдэд энэрэнгүй хандах үнэхээр амаргүй байж болно. Ер нь хүүхдүүд үе тэнгийнхэндээ нэр нөлөөтэй байхыг хүсдэг. Зарим хөвгүүд бусад хүүхдийг эрхэндээ оруулахын тулд түрэмгий авирлаж, айлган сүрдүүлдэг (Матай 20:25). Харин зарим нь сурлага, спорт болон бусад арга хэмжээнд тэргүүлж, онгирох дуртай байдаг. Тийм хүүхдүүд амжилтаараа түрээ барин, өөрсдийгөө бусдаас илүү гэж андуу боддог учраас ангийнхаа болон бусад сурагчдыг дээрэлхдэг. Залуу христианууд тийм хүүхдүүдийг дуурайхаас сэрэмжлэх хэрэгтэй (Матай 20:26, 27). Элч Паул: «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй» гэж хэлсэн бөгөөд тийм хайр «бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй». Тиймээс христиан залуучууд сургуулийнхаа хүүхдүүдтэй харьцахдаа бусдад харгис ханддаг үеийнхнийхээ муу жишээг дуурайх биш, харин Библийн сануулгыг дагах үүрэг хүлээдэг (1 Коринт 13:4).
12. а) Залуу христиануудыг багшдаа энэрэнгүй хандахад нь ямар сорилт тулгарч болох вэ? б) Энэрэнгүй байх гэснээсээ болж бусдын дарамтанд орвол хэнээс тусламж авч болох вэ?
12 Түүнчлэн, багшдаа энэрэнгүй хандах ёстой. Багшаа уурлуулах дуртай хүүхэд олон байдаг. Тийм хүүхдүүд багшийгаа үл хүндэтгэн, сургуулийнхаа дүрэм журмыг зөрчсөн хэрэг хийхдээ өөрсдийгөө ухаантай гэж боддог. Бас бусдыг айлган сүрдүүлж, өөртэй нь нийлэхийг шаардаж болох юм. Үүнээс нь татгалзсан христиан хүүхдийг дооглон тохуурхаж, үг хэлээр юм уу өөр бусад аргаар доромжилдог. Иймэрхүү байдал христиан хүүхэд залуучуудыг энэрэнгүй байхад нь сорилт болдог. Гэхдээ Еховад үнэнч байдлаа хадгалах нь хэчнээн чухал болохыг санаж яваарай. Амьдралын чинь хэцүү үед Ехова чамайг ариун сүнсээрээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байж болно (Дуулал 37:28 «бурханлаг» [«үнэнч», ШЕ]).
Хөршүүддээ энэрэнгүй байх
13-15. Хөршүүддээ энэрэнгүй хандахад юу саад болж болох вэ? Саадыг хэрхэн давж болох вэ?
13 Та гэрт, байранд, ер хаа ч амьдардаг байсан хөршүүдийнхээ сайн сайханд санаа тавьж, энэрэнгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ энэ нь бас л санаснаар болчихдог юм биш.
14 Хэрэв танай хөрш таныг арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгээр гадуурхан, эвгүй харьцдаг бол яах вэ? Заримдаа тантай бүдүүлэг харьцах юм уу огтхон ч тоохгүй байвал яах вэ? Еховагийн үйлчлэгч та боломжийнхоо хэрээр энэрэнгүй байхыг хичээгээрэй. Тэгвэл бусдаас эрс ялгаатайгаа харуулж, энэрэнгүй байхын үлгэр жишээ болсон Еховаг үнэхээр магтан алдаршуулна. Таны энэрэнгүй байдлын ачаар хөрш тань бодлоо өөрчилж болох шүү дээ. Бас Еховаг магтан алдаршуулагч болох ч юм бил үү (1 Петр 2:12).
15 Энэрэнгүй байдлыг хөршүүддээ яаж харуулах вэ? Нэг арга бол гэр бүл дотроо сүнсний үр жимсийг илэрхийлэн, биеэ зөв авч явах явдал юм. Хөршүүд тань үүнийг анзаарч магадгүй. Заримдаа тэдэнд тусалж болно. Энэрэл бол бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих чанар гэдгийг санаж яваарай (1 Петр 3:8–12).
Дэлгэрүүлэх үедээ энэрэнгүй байх
16, 17. а) Дэлгэрүүлэх үедээ энэрэнгүй байх нь яагаад чухал бэ? б) Яаж энэрэнгүй байж болох вэ?
16 Христианууд бид хүмүүсийг гэртээ, ажил дээрээ, олон нийтийн газар байхад нь хүрч уулзахыг хичээн, дэлгэрүүлэх ажил хийхдээ ч энэрэнгүй байх ёстой. Энэрлийн Бурхан Еховаг төлөөлдөг гэдгээ санах учиртай (Египетээс гарсан нь 34:6).
17 Дэлгэрүүлэх үедээ энэрэнгүй байхын тулд яах хэрэгтэй вэ? Жишээлбэл, гудамжаар дэлгэрүүлэхдээ хүмүүстэй товчхон ярилцаж, орчноо ухаалаг тооцож үзэх нь энэрэнгүй байх нэг арга юм. Хөл хөдөлгөөн ихтэй газар зам хааж зогсохоос болгоомжлоорой. Түүнчлэн, албан газраар дэлгэрүүлэхдээ энэрэнгүй байгаарай. Жишээ нь, худалдагч худалдан авагчид үйлчлэх ёстойг санаж, товчхон ярих нь зүйтэй.
18. Дэлгэрүүлэхдээ энэрэнгүй байхад хэрсүү ухаан хэрхэн тусалдаг вэ?
18 Айлаар дэлгэрүүлэхдээ ч хэрсүү байх хэрэгтэй. Айлын үүдэнд, ялангуяа, цаг агаар муу байхад удаан зогсох нь зохисгүй. Ярилцаж байгаа хүн тань тэвчээр алдаж байгааг, эсвэл уурлаж унтууцаж байгааг та хэрсүү ухаанаар ялгаж чадах уу? Танай нутагт Еховагийн Гэрчүүд хэсгээ ойр ойрхон боловсруулдаг байж болох юм. Хэрэв тийм бол, хүмүүсийг онцгой анхаарч, үргэлж энэрэнгүй, эелдэг байгаарай (Сургаалт үгс 17:14). Тэр өдөр сонсох дургүй байгаа шалтгааныг нь хүндэтгэж үзэхийг хичээгээрэй. Христиан ах эгч нараас маань хэн нэг нь удахгүй тэр айлд дахиад очно гэдгийг бүү мартаарай. Хэрэв та бүдүүлэг хүнтэй тааралдвал энэрэнгүй хандахыг онцгойлон хичээж, дуугаа өндөрсгөж, хөмсгөө зангидалгүй, тайван яриарай. Хүмүүст энэрэнгүй хандахыг хичээдэг христиан хүн бусдын уур уцаарыг хүргэж, хэрүүл маргаан гаргахыг хүсдэггүй (Матай 10:11–14). Тэр хүн хэзээ нэгэн цагт сайн мэдээг анхаарч болох юм.
Итгэл нэгтнүүддээ энэрэнгүй хандах
19, 20. Яагаад итгэл нэгтнүүддээ энэрэнгүй хандах шаардлагатай вэ? Үүнийгээ яаж харуулж болох вэ?
19 Итгэл нэгтнүүддээ энэрэнгүй хандах нь бас их чухал (Еврей 13:1). Бид дэлхий дахины ахан дүүсийн барилдлагад багтдаг болохоор бие биетэйгээ харьцахдаа энэрэнгүй байх ёстой.
20 Хэрэв танай хурал Хаанчлалын танхимаа хэд хэдэн хуралтай хамтарч эзэмшдэг бол бусад хурлынхныгаа хүндэтгэж, энэрэнгүй байх шаардлагатай. Цуглааны цаг зохицуулах, цэвэрлэгээ, засвар хийх гэх мэтийн шаардлагатай ажил зохион байгуулахад зөрүүд зан ямар ч тус болохгүй. Хэдийгээр өөр өөр саналтай байж болох ч бие биеэ хүндэтгэж, энэрэнгүй хандаарай. Ингэвэл энэрэл ялан дийлж, бусдыг гэсэн чин сэтгэлийг тань Ехова заавал ивээнэ.
Үргэлж энэрэнгүй байгтун
21, 22. Колоссай 3:12-ын дагуу бид юунд шийдвэр төгс байх ёстой вэ?
21 Энэрэл бол бидний амьдралын бүх хүрээг хамардаг, их олон талаар илэрдэг чанар юм. Тиймээс бид үүнийг христиан зан чанарынхаа салшгүй хэсэг болгох ёстой. Өөрөөр хэлбэл, бусдад энэрэнгүй хандахыг хэвшил болгох хэрэгтэй.
22 Бүгдээрээ бусадтай харьцахдаа өдөр бүр энэрэнгүй байж, элч Паулын: «Бурхнаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс» хэмээн зөвлөснийг дор бүрнээ хэрэгжүүлцгээе (Колоссай 3:12).
Та санаж байна уу?
• Энэрэнгүй байхад христиан хүнд юу саад болдог вэ?
• Гэр бүлийнхэндээ энэрэнгүй хандах нь ямар учраас чухал бэ?
• Ажил, сургууль дээрээ, хөршүүддээ энэрэнгүй хандахад ямар ямар бэрхшээл тулгардаг вэ?
• Дэлгэрүүлэх үедээ хэрхэн энэрэнгүй байж болохыг тайлбарлана уу.
[Догол мөрийн асуулт]