Skip to content

Гарчиг руу орох

Өөрчлөгдөн буй ертөнцийн сүнсийг эсэргүүцэгтүн

Өөрчлөгдөн буй ертөнцийн сүнсийг эсэргүүцэгтүн

Өөрчлөгдөн буй ертөнцийн сүнсийг эсэргүүцэгтүн

«Бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурхнаас ирсэн сүнсийг хүлээн авсан юм» (1 КОРИНТ 2:12).

1. Ева хэрхэн мэхлэгдсэн бэ?

 «ТЭР могой намайг мэхэлсэн» (Эхлэл 3:13). Анхны эмэгтэй Ева энэ үгийг хэлж Ехова Бурхны эсрэг тэрсэлснийхээ учрыг тайлбарлахыг оролджээ. Хэлсэн үг нь үнэн хэдий ч, хийсэн хэргийг нь зөвтгөх аргагүй билээ. Хожим нь элч Паул онгодоор хөтлүүлэн: «[Ева] мэхлэгдсэн» гэж бичжээ (1 Тимот 2:14). Ева Еховагийн тушаалыг зөрчин, хориглосон жимснээс идвэл өөрт нь ашигтайгаар эргэж, Бурхан шиг болно гэж итгэсэн нь мэхлэгдсэн хэрэг байжээ. Түүнээс гадна, өөртэй нь чухам хэн ярьсныг ч мэдэлгүй мэхлэгдсэн. Өөрөөр хэлбэл, могойн цаанаас Сатан Диавол ярьсныг гадарлаагүй (Эхлэл 3:1–6).

2. а) Сатан өнөөдөр хүмүүсийг хэрхэн хуурч мэхэлдэг вэ? б) «Ертөнцийн сүнс» гэж юу вэ? Бид ямар ямар асуулт авч үзэх вэ?

2 Сатан, Адам Евагийн үеэс хойш хүмүүсийг хуурсан хэвээрээ байна. Үнэндээ, «бүх ертөнцийг» мэхэлж байна (Илчлэлт 12:9). Хуурч мэхлэх аргаа өөрчилсөнгүй. Эдүгээ могой ашигладаггүй ч үнэн дүр төрхөө нуусаар байгаа. Сатан хэвлэл мэдээлэл, зугаа цэнгэлийн болон бусад хэрэгслээр хүмүүсийг мэхэлж, Бурхны халамжит удирдлага хүнд хэрэггүй, ашиггүй гэж итгүүлдэг. Хуурч мэхлэх кампанит ажлынх нь нөлөөгөөр хүмүүс хааяагүй Библийн хууль, зарчмыг эсэргүүцэх хандлагатай болжээ. Ийм хандлагыг Библид «ертөнцийн сүнс» гэдэг. Тэр «сүнс» Бурхныг мэддэггүй хүмүүсийн итгэл үнэмшил, үзэл бодол, биеэ авч явах байдалд хүчтэй нөлөөлдөг. «Ертөнцийн сүнс» хэрхэн илэрдэг вэ? Муу нөлөөг нь яаж эсэргүүцэх вэ? Эдгээр асуултыг авч үзье.

Ёс суртахууны доройтол

3. Орчин үед «ертөнцийн сүнс» улам бүр илэрхий болж байгаагийн учир юу вэ?

3 Орчин үед «ертөнцийн сүнс» улам бүр илэрхий болж байна (2 Тимот 3:1–5). Хүмүүс ёс суртахууны доройтолд орж байгааг та анзаарсан биз ээ. Үүний учрыг Библи тайлбарладаг. 1914 онд Бурхны Хаанчлал тогтсоны дараа тэнгэрт дайн болжээ. Сатан болон түүнтэй нэгдэж, чөтгөр болсон тэнгэр элчүүд тэр дайнд ялагдаж, дэлхий орчимд хаягджээ. Үүнд уурлаж хилэгнэсэн Сатан ертөнцийг хууран мэхлэх кампанит ажлаа эрчимжүүлсэн (Илчлэлт 12:1–9, 12, 17). «Хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд» чадах бүхнээ хийдэг (Матай 24:24). Бурхны ард түмэн бид түүний гол бай юм. Диавол бидний сүнслэг байдлыг эвдэн бусниулахыг оролддог. Хэрэв энэ зорилгодоо хүрчихвэл биднийг Еховагийн сайшаалыг хүлээхээ больж, мөнх амьдрах найдвараа алдана гэдгийг сайн мэддэг.

4. Еховагийн үйлчлэгчид Библийг юу гэж үздэг вэ? Ертөнцийн хүмүүс Библид хэрхэн ханддаг вэ?

4 Сатан, халамжит Бүтээгчийн маань тухай бидэнд мэдүүлдэг Библи хэмээх эрхэм номын үнэ цэнийг унагаахыг хичээдэг. Еховагийн үйлчлэгчид Библийг хайрлаж, эрхэмлэдэг. Энэ ном бол хүний үг биш, онгод оруулан бичүүлсэн Бурхны Үг гэдгийг бид мэддэг (1 Тесалоник 2:13; 2 Тимот 3:16). Харин Сатаны ертөнц бидэнд өөр бодол төрүүлэхийг оролддог. Жишээ нь, Библийг шүүмжилсэн нэг номын оршилд: «Библийг „ариун“, „Бурхны үг“ гэчихээр юм байхгүй. Үүнийг Бурхны онгодоор хөтлүүлсэн гэгээнтнүүд биш, харин эрх мэдэл хайсан лам хуврагууд бичсэн» гэж тэмдэглэжээ. Энэ мэтийн үгэнд итгэж, мэхлэгдсэн хүмүүс Бурхныг хүссэнээрээ шүтэж болно, эсвэл огт шүтэхгүй ч байсан болно гэсэн буруу үзлийн золиос болохдоо амархан (Сургаалт үгс 14:12).

5. а) Библийн сургаалыг баримталдаг шашны тухай нэгэн зохиолч юу хэлсэн бэ? б) Хүмүүсийн нийтлэг үзэл Библийн үзлээс хэрхэн зөрдөг вэ? (6-р хуудасны хавсралт үзнэ үү.)

5 Библийг ил, далд шүүмжилдгээс, түүнчлэн өөрийгөө христиан гэх хүмүүсийн хоёр нүүрт явдлаас болж шашныг, тэр дундаа, Библийн сургаалыг баримталдаг шашныг буруушаах хандлага үлэмж давамгайлах болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон эрдэмтдийн хүрээнд шашныг байнга шүүмжилдэг. Нэгэн зохиолч: «Олон нийт иудаизм болон христ шашны талаар сөрөг үзэлтэй байдаг. Тэдгээр шашин, сайнаар яривал, эртний цэцэрхэл, харин муугаар яривал, оюуны боловсрол, шинжлэх ухааны дэвшлийг хойш татагч зүйл юм. Сүүлийн жилүүдэд дээрх сөрөг хандлага нь доог тохуу, илт дайсагнасан байдал болон хувирчээ» гэж тэмдэглэсэн байна. «Бодол санаандаа хоосорсон», Бурхан байдаг гэдгийг үгүйсгэдэг хүмүүс голдуу тийн дайсагнан ханддаг (Ром 1:20–22).

6. Бурхны буруушаадаг бэлгийн харьцааг хүмүүс юу гэж үздэг вэ?

6 Тиймээс, хүмүүс Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээнээс улам бүр холдож байгаад гайхах хэрэггүй. Жишээ нь, Библид ижил хүйстнүүдийн бэлгийн харьцааг «ичгүүрт зүйл» гэж үздэг (Ром 1:26, 27). Түүнээс гадна, садар самуун явдалтнууд, завхайрагчид Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж тодорхой хэлдэг (1 Коринт 6:9). Гэсэн ч олон улсад иймэрхүү явдлыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй сайхан юм мэтээр дүрслэн, ном сэтгүүл, дуу хөгжим, кино ший, телевизийн нэвтрүүлгээр сурталчилдаг. Үүний эсрэг бодолтой хүнийг явцуу үзэлтэй, өөнтөгч, орчин үеэс хоцрогдсон гэж үздэг. Ертөнцийн хүмүүс Бурхны тогтоосон хэм хэмжээг хайрынх нь илрэл гэж үзэхийн оронд эрх чөлөөг боож, дур хүслийг хяссан хэрэг гэж боддог (Сургаалт үгс 17:15; Иуда 4).

7. Өөрөөсөө ямар ямар асуулт асуух нь зөв бэ?

7 Бид Бурхныг эсэргүүцэх хандлага улам гаарч байгаа ертөнцөд амьдардаг учир үзэл бодол, эрхэмлэдэг зүйлээ хянаж үзэх нь ухаалаг хэрэг болно. Еховагийн үзэл бодол, хэм хэмжээнээс аажмаар урсаад явчихгүйн тулд залбирч байгаад үе үе өөрийгөө шударгаар шалгах хэрэгтэй. Жишээ нь, өөрөөсөө: «Би урьд нь зайлсхийдэг байсан зүйлээ одоо сонирхдог болсон юм биш биз? Бурхны буруушаадаг үйл хэрэгт хүлцэнгүй ханддаг болоогүй биз? Сүнслэг асуудлыг урьдынхаасаа бага анхаардаг болоогүй байгаа? Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьдгаа амьдралынхаа хэв маягаар харуулдаг уу?» гэж асууж болно (Матай 6:33). Эдгээр асуултыг эргэцүүлэн бодох нь «ертөнцийн сүнсийг» эсэргүүцэхэд тусална.

«Урсаад явчихгүйн тулд»

8. Хүн Еховагаас хэрхэн «урсаад явчихаж» болох вэ?

8 Элч Паул итгэл нэгтнүүддээ: «Урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой» гэж бичжээ (Еврей 2:1). Урсгалын аясаар яваа хөлөг онгоц очих газраа хүрдэггүй. Хэрэв хөлгийн ахмад салхины чиг, усны урсгалыг анхаарч байхгүй бол урсаж явсаар аюулгүй боомтоос өнгөрч, хадтай эрэгт хайртаж магадгүй. Үүнтэй адилаар, Бурхны Үгийн эрхэм үнэнийг эс анхаарвал Еховагаас амархан «урсаад явчихаж» магадгүй бөгөөд сүнслэг утгаар сүйрсэн хөлөг онгоц мэт болно. Үнэнийг мэдсээр байж үгүйсгэдэг хүн л тийм хохирол амсдаг юм биш ээ. Үнэндээ бол, хүн Еховагаас гэнэт, зориуд салж одох нь ховор. Харин ихэнхдээ Бурхны Үгнээс анхаарлыг нь сарниулах ямар нэг зүйлтэй аажмаар холбогдсон байдаг. Тэгээд бараг өөрөө ч мэдэлгүй нүгэл уруу «урсаад явчихдаг». Тэд нойрондоо дийлдсэн ахмад шиг дэндүү орой сэрдэг.

9. Соломон Еховагаас ямар ямар ивээл хүртсэн бэ?

9 Жишээ болгон Соломоны амьдралыг авч үзье. Ехова Соломоныг Израилийн хаанаар өргөмжилжээ. Түүнээс гадна, сүм барихыг нь зөвшөөрч, Библийн зарим хэсгийг бичүүлсэн. Ехова өөрөө хоёр ч удаа түүнтэй ярьж, эд баялаг, алдар суу, энх амгалан хаанчлал өгсөн. Хамгийн гол нь, агуу мэргэн ухаан өгч ивээжээ. Библид: «Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс мэт ихээр өгчээ. Соломоны мэргэн ухаан дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ» гэж тэмдэглэсэн байдаг (Хаадын дээд 4:21, 29, 30; 11:9). Бурханд үнэхээр үнэнч байж чадах хүн хэн байж болох вэ гэвэл Соломон л байхаар. Гэтэл тэрээр «урсаж явсаар» Еховагаас тэрсэлжээ. Яаж тэр вэ?

10. Соломон ямар зааврыг дуулгавартай сахиж чадаагүй вэ? Үр дагавар нь юу байсан бэ?

10 Соломон Бурхны Хуулийг нэвтэрхий мэддэг, сайн ойлгодог байсан. Израилийн хаадад зориулсан олон зааврыг ч гойд анхаардаг байсан нь эргэлзээгүй. Тэдгээрийн нэг нь: «[Хаан] өөртөө олон эхнэр авч, зүрх нь уруу татагдах ёсгүй» гэсэн заавар байв (Дэд хууль 17:14, 17). Ингэж тодорхой заасаар атал Соломон долоон зуун эхнэр, гурван зуун татвар эмтэй болжээ. Тэдний олонх нь харийн бурхад шүтдэг байсан. Соломон ямар учраас тийм олон эхнэр авч, энэ явдлаа хэрхэн зөвтгөдөг байсныг бид мэдэхгүй. Гэхдээ тэрээр Бурхны өгсөн тодорхой зааврыг дуулгавартай сахиж чадаагүй нь илэрхий байна. Үр дагавар нь яг Бурхны сануулсан ёсоор болжээ. Библид: «[Соломоны] эхнэрүүд түүний сэтгэлийг өөр бурхад уруу [«аажмаар», ШЕ] эргүүлсэн» гэж бичжээ (Хаадын дээд 11:3, 4). Бурхнаас авсан мэргэн ухаанаа «аажмаар» боловч алдсан нь гарцаагүй байна. Тэрээр «урсаад явчихжээ». Хуурамч бурхад шүтдэг эхнэрүүдийнхээ сэтгэлд нийцэх гэсэн хүсэл нь Еховад таалагдаж, дуулгавартай байх гэсэн хүслийг нь дийлжээ. «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» гэж нэгэн цагт бичиж байсан хүн өөрөө үгийнхээ дагуу байж чадаагүй нь хэчнээн эмгэнэлтэй вэ! (Сургаалт үгс 27:11).

«Ертөнцийн сүнс» хүчтэй

11. Ухаан санаагаа юугаар тэжээх нь бидний үзэл бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?

11 Бид үнэнийг мэддэг учир ертөнц бидэнд хүчтэй нөлөөлөхгүй гэж үзэх нь аюултай болохыг Соломоны жишээ харуулдаг. Хоол хүнс бие махбодод нөлөөлдөг шиг оюуны хоол ухаан санаанд нөлөөлдөг. Бидний үзэл бодол, хандлага хэрхэн төлөвших нь ухаан санаагаа юугаар «хооллохоос» шалтгаалдаг. Пүүс компаниуд үүнийг ойлгодог учраас бараа бүтээгдэхүүнийнхээ сурталчилгаанд жил бүр олон тэрбум доллар зарцуулдаг. Хэрэглэгчийн дур хүслийг татаж, шохоорхлыг төрүүлэхийн тулд уран үг хэлж, гоё зураг үзүүлэхэд сурталчилгаа амжилтад хүрдэг. Хүмүүс рекламыг ганц хоёр үзээд л итгэж, барааг дор нь авч эхлэхгүй гэдгийг зар сурталчилгаа эрхлэгчид бас мэддэг. Гэхдээ дахин дахин үзүүлбэл хэрэглэгч бараа бүтээгдэхүүнд ихэнхдээ нааштай ханддаг болдог. Зар сурталчилгаа ашиггүй байсан бол хэн ч үүнд мөнгө зарахгүй байх байсан шүү дээ. Реклам олон нийтийн үзэл бодол, хандлагад хүчтэй нөлөөлдөг.

12. а) Сатан хүмүүсийн үзэл бодолд хэрхэн нөлөөлдөг вэ? б) Христианууд хүртэл Сатаны нөлөөнд автаж болохыг юу харуулдаг вэ?

12 Сатан ч гэсэн зар сурталчилгаа эрхлэгчдийн адилаар, хүмүүсийг аажмаар талдаа оруулж чадахаа мэдээд, суртал ухуулгаа хүний сэтгэлд нийцэхээр тараадаг. Зугаа цэнгэлийн болон бусад хэрэгслээр хүмүүсийг хууран мэхэлж, сайныг муу, мууг сайн гэж итгүүлдэг (Исаиа 5:20). Жинхэнэ христианууд хүртэл Сатаны үргэлж тараадаг ташаа мэдээллийн золиос болох нь байдаг. Библид: «Хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярина» хэмээн сануулдаг (1 Тимот 4:1, 2; Иеремиа 6:15).

13. «Муу нөхөр» гэдэгт юу юу ордог вэ? Нөхөрлөл ямар нөлөөтэй вэ?

13 «Ертөнцийн сүнснээс» хамгаалах дархлаа бидний хэнд ч байхгүй. Сатаны тогтолцооны «салхи», «урсгал» их хүчтэй. Тиймээс Библи бидэнд: «Бүү мэхлэгд. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» гэсэн ухаалаг сануулга өгдөг (1 Коринт 15:33). «Муу нөхөр» гэдэг нь «ертөнцийн сүнсийг» илэрхийлдэг ямар нэг юм, хэн нэгэн, тэр бүү хэл, хурлын гишүүн ч байж болно. Хэрэв бид «муу нөхөр» гэм хор болохгүй гэж үздэг бол сайн нөхөр тус болж чадахгүй гэж үзэхтэй адил бус уу? Юутай эндүүрэл бэ! Ингэж бодох нь буруу гэдгийг Библи: «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж тодорхой хэлдэг (Сургаалт үгс 13:20).

14. «Ертөнцийн сүнсийг» ямар ямар аргаар эсэргүүцэж болох вэ?

14 «Ертөнцийн сүнсийг» эсэргүүцэхийн тулд бид «мэргэн» буюу Еховад үйлчилдэг хүмүүстэй нөхөрлөх ёстой. Итгэлээ бэхжүүлэх зүйлээр ухаан санаагаа дүүргэх хэрэгтэй. Элч Паул: «Юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмыг бодож санацгаа» хэмээн бичжээ (Филиппой 4:8). Биднийг сонгох эрх чөлөөтэй бүтээсэн тул бодох зүйлээ сонгож болно. Еховад ойртоход маань ач тустай зүйлийг л сонгож, бодож байцгаая.

Бурхны сүнс илүү хүчтэй

15. Эртний Коринтын христианууд хотынхоо бусад хүнээс ямар ялгаатай байсан бэ?

15 Жинхэнэ христианууд Бурхны ариун сүнсээр удирдуулдаг учир ертөнцийн сүнсэнд хууртаж мэхлэгддэг хүмүүсээс ялгаатай. Паул: «Бурхны бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурхнаас ирсэн сүнсийг хүлээн авсан юм» хэмээн Коринт хотын хуралд бичжээ (1 Коринт 2:12). Эртний Коринт хот «ертөнцийн сүнсэнд» бүрмөсөн автсан байв. Тэр байтугай, «коринтынх болох» гэдэг хэллэг «садар самуун үйлдэх» гэсэн утгатай болтол хотынхны ихэнх нь садар самуун явдалд автсан байлаа. Сатан тэр хүмүүсийн бодол санааг сохолсон аж. Үүний уршгаар тэд жинхэнэ Бурхныг бараг мэддэггүй байжээ (2 Коринт 4:4). Гэхдээ Ехова ариун сүнснийхээ тусламжтайгаар коринтчуудын заримынх нь нүдийг нээж, үнэний мэдлэг олж авах чадвартай болгожээ. Тэд Бурхны сүнсээр удирдуулан, амьдралаа үндсээр нь өөрчилсөн бөгөөд Еховагийн сайшаал, ивээл хүртэх боломжтой болсон (1 Коринт 6:9–11). «Ертөнцийн сүнс» хүчтэй байсан ч Еховагийн сүнс илүү хүчтэй байв.

16. Бурхны сүнсийг яаж авч болох вэ? Бурхнаас авсан сүнсийг хэрхэн хадгалж болох вэ?

16 Өнөөдөр ч мөн тийм л байдаг. Еховагийн ариун сүнс бол орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч бөгөөд Бурхан бат итгэлээр гуйдаг бүх хүнд ариун сүнсээ арвин ихээр дуртайяа өгдөг (Лук 11:13). Гэхдээ Бурхны сүнсийг хадгалж байхын тулд «ертөнцийн сүнсийг» эсэргүүцээд зогсохгүй, Бурхны Үгийг тогтмол судалж, амьдралдаа хэрэгжүүлдэг бол бидний «сүнс» буюу сэтгэлгээний хэв маяг Бурхны үзэл бодолтой нийцдэг болно. Тэгсэн цагт Ехова биднийг бэхжүүлж, бид ч сүнслэг байдлыг маань эвдэн бусниулах гэсэн Сатаны алив довтолгоог сөрөн зогсож чадна.

17. Лотын түүх биднийг сэтгэлээр унахгүй байхад хэрхэн тусалдаг вэ?

17 Христианууд ертөнцийнх биш ч, ертөнцөд амьдардаг (Иохан 17:11, 16). Бид Бурхныг болон хэм хэмжээг нь хайрладаггүй хүмүүстэй нэг дор ажиллаж, тэр байтугай, хамт амьдардаг байж болох учир «ертөнцийн сүнснээс» бүрмөсөн зайлсхийх арга хэнд ч байхгүй. Лот Содом хотынхны дунд амьдрах зуураа тэдний ёс бус явдлаас болж «шаналан зовж», бүр тарчилж байсан шиг бид шаналж зовдог уу? (2 Петр 2:7, 8) Тийм бол сэтгэлээр унах хэрэггүй. Ехова Лотыг аварч, хамгаалсан шигээ биднийг ч мөн аварч, хамгаална. Халамжит Эцэг маань бидний нөхцөл байдлыг хардаг, мэддэг бөгөөд сүнслэг талаар сулрахгүй байхад шаардлагатай хүч өгч, тусламж үзүүлж чадна (Дуулал 33:18, 19). Хэрэв өөрт нь итгэж, найдаж, өөрийг нь дуудан залбирвал, нөхцөл байдал хэчнээн хэцүү байсан ч «ертөнцийн сүнсийг» эсэргүүцэхэд тусална (Исаиа 41:10).

18. Еховатай тогтоосон харьцаагаа нандигнахын учир юу вэ?

18 Бурхнаас хөндийрч, Сатанд мэхлэгдсэн энэ ертөнцөд Бурхны ард түмэн бид үнэнийг мэддэг маань гайхамшигтай ивээл буюу. Тиймээс бидэн шиг баяр баясгалантай, амар амгалан амьдардаг хүн ертөнцөд байдаггүй (Исаиа 57:20, 21; Галат 5:22). Өнөөгийн мөхөж буй «ертөнцийн сүнс» байхгүй болох Диваажинд мөнх амьдрах гайхамшигтай найдвараа бид өндөр үнэлдэг. Бүгдээрээ Бурхантай тогтоосон эрхэм харьцаагаа нандигнаж, сүнслэгээр «урсаад явчих» алив хандлагыг засаж залруулахын тулд сонор сэрэмжтэй байцгаая. Еховад улам ойртоцгооё. Тэгвэл тэрээр «ертөнцийн сүнсийг» эсэргүүцэхэд бидэнд тусална (Иаков 4:7, 8).

Та тайлбарлаж чадах уу?

• Сатан ямар ямар аргаар хүмүүсийг хуурч мэхэлдэг вэ?

• Еховагаас «урсаад явчихгүйн тулд» яах хэрэгтэй вэ?

• «Ертөнцийн сүнс» хүчтэйг юу харуулдаг вэ?

• Бурхны сүнсийг хэрхэн авч, хэрхэн хадгалж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[11-р хуудасны хүснэгт]

ЕРТӨНЦИЙН МЭРГЭН УХААН БУРХНЫ МЭРГЭН УХААНТАЙ ЗӨРЧИЛДДӨГ НЬ

Үнэн бол харьцангуй ойлголт буюу хүн хүний хувьд өөр өөр байдаг.

«[Бурхны] үг бол үнэн мөн» (Иохан 17:17).

Зөв бурууг ялгахдаа сэтгэл зүрхэндээ найд.

«Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй» (Иеремиа 17:9).

Хүссэнээ хий.

«Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» (Иеремиа 10:23, ШЕ).

Эд баялаг бол аз жаргалын түлхүүр.

«Мөнгийг хайрлах нь бүх муугийн үндэс» (1 Тимот 6:10, МАБ).