Skip to content

Гарчиг руу орох

Бие биеэ дэмжигтүн

Бие биеэ дэмжигтүн

Бие биеэ дэмжигтүн

«Тэд надад түшиг тулгуур болсон» (КОЛОССАЙ 4:11, ШЕ).

1, 2. Паулын нөхөд аюулыг үл харгалзан, түүнийг шоронд байхад нь эргэдэг байсны учир юу вэ?

 ЕР НЬ, хилс хэргээр ч бай, шоронд сууж байгаа хүний найз байна гэдэг аюултай. Шоронгийн харгалзагчид таныг гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүн гэж сэжиглэн, алхах гишгэх бүрийг тань алдахгүй хянаж байж болох юм. Тиймээс, шоронд суугаа найзыгаа эргэж тойрч, дотно холбоогоо таслахгүй байхад эр зориг хэрэгтэй.

2 Одоогоос 1 900 орчим жилийн өмнө элч Паулын нөхөд чухам тийм л зоригтой хүмүүс байв. Паулыг хорионд байхад нь тэд юунаас ч айлгүй эргэн очиж, тайвшруулан, сүнслэгээр бэхжүүлж, урам хайрладаг байжээ. Тэр үнэнч нөхөд нь хэн байсан бэ? Тэдний эр зориг, үнэнч зан, нөхөрлөлөөс юунд суралцаж болох вэ? (Сургаалт үгс 17:17).

«Түшиг тулгуур»

3, 4. а) Паулын таван нөхөр хэн хэн байсан бэ? Тэд юу болсон бэ? б) «Түшиг тулгуур» гэж юу вэ?

3 МЭ 60-аад оныг эргэн санацгаая. Тэр үед элч Паул үймээн дэгдээсэн гэсэн зохиомол хэргээр Ромд хорионд байв (Үйлс 24:5; 25:11, 12). Паул өөрт нь тус дэм болж байсан таван христианыг нэр цохон дурджээ. Паулын бие төлөөлөгч, Ази мужаас ирсэн, «Эзний дотор... хамтран зүтгэгч» Тухик; Колоссай хотын «итгэмжит, хайрт дүү» Онесим; нэгэн цагт Паултай «хамт хоригдож» байсан, Тесалоник хотын македони хүн Аристарх; миссионерийн аялалд хамт явсан Барнабын үеэл, Евангелийн нэг номыг бичсэн нь хожим нэрээр нь нэрлэгдэх болсон Марк болон «Бурхны хаанчлалын төлөө» Паултай хамтран зүтгэгчдийн нэг Иуст нар байв. Паул тэр тавын тухайд: «Тэд надад түшиг тулгуур болсон» (ШЕ) гэж хэлжээ (Колоссай 4:7–11).

4 Паул үнэнч нөхдийнхөө тусламжийг онцлон тэмдэглэсэн байдаг. Түүний ашигласан, «түшиг тулгуур» гэж орчуулсан парегориа гэдэг грек үг Библийн энэ л зүйлд гардаг. Энэ үг олон утгатайн дээр, ялангуяа, анагаахын бичиг зохиолд ашиглагддаг байсан. * Түүнчлэн, «тайвшруулах, намдаах, тайтгаруулах, тусламж үзүүлэх» гэх зэргээр хөрвүүлж болдог аж. Паулд чухам тийм л дэмжлэг хэрэгтэй байв. Тэр таван эр ч тийнхүү тус дэм болжээ.

Паулд «түшиг тулгуур» хэрэгтэй байсны учир

5. Паул хэдийгээр элч байсан ч түүнд юу хэрэгтэй байсан бэ? Бид бүгдэд заримдаа юу хэрэг болдог вэ?

5 Паул шиг элч хүнд бас бусдын дэмжлэг хэрэгтэй болдог л юм байж дээ гэж зарим нь гайхаж болох юм. Харин тийм ээ, хэрэгтэй болжээ. Тэрээр олон удаагийн харгис хэрцгий эрүү шүүлтийг эсэн мэнд давсан, «тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд орж» явсан, юм юм үзсэн, бат итгэлтэй хүн байсан нь эргэлзээгүй (2 Коринт 11:23–27). Гэхдээ л хүн шүү дээ. Хэнд ч гэсэн бусдын тусламжтай итгэлээ бэхжүүлж, тайвшрах хэрэгтэй үе байдаг. Есүст хүртэл тийм үе байсан. Дэлхий дээрх сүүлчийн шөнөө Гетсемани цэцэрлэгт байхад нь тэнгэр элч түүнд үзэгдэн, «Түүнийг тэнхрүүлж байлаа» (Лук 22:43).

6, 7. а) Паулыг Ромд байхад хэн сэтгэлээр унагаж, хэн зоригжуулсан бэ? б) Паулд христиан ах дүү нар нь хэрхэн тусалж, «түшиг тулгуур» болсон бэ?

6 Паулд ч бусдын дэмжлэг хэрэгтэй байсан. Хоригдол болоод Ромд ирэхэд нь элэг нэгт иудейчүүд нь түүнийг найрсаг угтсангүй. Хаанчлалын тухай мэдээг ч ихэнх нь хүлээж аваагүй юм. Тэдний тэргүүлэгчид Паулыг хорионд байхад нь очжээ. Гэхдээ, «Үйлс» номд тэмдэглэснээр, «яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй. Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэв» (Үйлс 28:17, 24, 25). Тэд Еховагийн нигүүлслийг үнэлэхгүй байсанд Паул ихэд шаналсан байх учиртай! Сэтгэл нь хэчнээн их зовж байсныг түүнээс хэдхэн жилийн өмнө Ром дахь хуралд бичсэн захидлаас нь тодорхой мэдэж болно. Тэрээр захидалдаа: «Зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуурь байна... Учир нь махан биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ [иудейчүүдийнхээ] төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болоосой гэж хүсэж байлаа» хэмээн бичжээ (Ром 9:2, 3). Гэхдээ тэрээр Ромд байхдаа үнэнч, жинхэнэ нөхдийг олж, тэд ч эр зориг, хайр халамжаараа сэтгэлийг нь тайвшруулсан. Ёстой сүнслэг ах дүүс нь мөн байсан.

7 Тэр таван ах яаж «түшиг тулгуур» болсон бэ? Тэд Паулыг хоригдол гэж нүүр буруулан зугтаагүй. Харин ч Паулд хайрын сэтгэлээр, биечлэн тусалж, хорионд байснаасаа болоод хийх аргагүй байсан ажлыг нь дуртайяа хийдэг байв. Жишээ нь, тэд хурлуудад Паулын захиа болон ам зааврыг хүргэж, Ром болон бусад газрын ах дүү нар сайн байгааг Паулд дуулган, урам хайрладаг байсан. Түүнчлэн, өвлийн хувцас, ном, бичгийн хэрэгсэл гээд хэрэгтэй зүйлээр нь хангаж байсан бололтой (Ефес 6:21, 22; 2 Тимот 4:11–13). Энэ бүх тусламж дэмжлэг нь хорионд байсан элч Паулыг урамшуулан зоригжуулсны хариуд тэрээр бусдад, тэр дундаа, олон хуралд «түшиг тулгуур» болсон (Ром 1:11, 12).

«Түшиг тулгуур» байгтун

8. Паул өөрт нь «түшиг тулгуур» хэрэгтэй байгааг даруухнаар зөвшөөрсөн нь бидэнд ямар сургамжтай вэ?

8 Паул болон таван нөхрийнх нь тухай тэмдэглэлээс юунд суралцаж болох вэ? Нэг зүйлийг онцлон авч үзье. Зовж буй хүнд туслахын тулд эр зориг, өөрийгөө золиослох сэтгэлгээ хэрэгтэй. Цаашлаад, даруу байж гэмээнэ л зовох цагтаа бусдын тусламжийг нэрэлхэлгүй авч чадна. Паул өөрт нь тусламж хэрэгтэй байсныг хүлээн зөвшөөрөөд зогсоогүй, нөхдийнхөө тусламжийг талархан хүлээн авч, тусалсных нь төлөө тэднийг магтан сайшаажээ. Бусдаар туслуулахыг сул доройн шинж, шалдаа буусан хэрэг гэж үзээгүй нь бидний хувьд дуурайвал зохих үлгэр жишээ мөн. Бусдын түшиг тулгуур хэзээ ч хэрэггүй гэж хэлэх нь өөрийгөө хүний хирээс хэтэрсэн хүч чадалтай гэж хэлснээс өөрцгүй юм. Төгс хүнд ч бусдаас тусламж хүсэх үе байдгийг Есүсийн жишээ харуулдгийг санаарай (Еврей 5:7).

9, 10. Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн тусламж хэрэгтэйгээ хүлээн зөвшөөрвөл ямар сайн үр дүнд хүрэх вэ? Гэр бүлийнх нь болон хурлын гишүүдэд яаж нөлөөлөх вэ?

9 Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс өөрсдөд нь хүч хүрэхгүй юм гардгийг, бусдын дэмжлэг хэрэгтэй болдгийг хүлээн зөвшөөрөх нь сайн үр дүнд хүргэдэг (Иаков 3:2). Ингэвэл тэд удирдлага дор нь байдаг бусад хүнтэй харьцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ нөхөрсөг, илэн далангүй харьцаа тогтоодог. Бусдын тусламжийг нэрэлхэлгүй, даруухнаар хүлээн авдаг хүмүүс өөртэй нь адил байдалд байгаа бусад хүнд үлгэр жишээ үзүүлдэг. Хүмүүс үүнийг нь хараад тэднийг бусадтай л адил жирийн хүмүүс бөгөөд тэднээс цэрвэх хэрэггүй гэдгийг ойлгодог (Номлогчийн үгс 7:20).

10 Жишээ нь, хүүхэд эцэг эхийгээ өөрийнх нь насан дээр адилхан бэрхшээлтэй тулгарч байсныг мэдвэл бэрхшээлээ давж, буруу хандлагаа засахдаа аав ээжийнхээ тусламжийг дуртайяа хүлээн авна (Колоссай 3:21). Ийнхүү эцэг эх, хүүхдийн хооронд сайн харьцаа үүснэ. Сударт үндэслэсэн зөвлөгөөг өгөхөд хүүхэд тань дор нь хүлээн авч, гарах үр дүн нь ч илүү байх болно (Ефес 6:4). Үүнтэй адилаар, ахлагчдыг сорьдог, айлгадаг, зовоодог зүйл байдгийг хурлын гишүүд мэдэхлээрээ тусламжийг нь нэрэлхэлгүй авна (Ром 12:3; 1 Петр 5:3). Эцэг эх хүүхдийн харьцаа дотносдог шиг, хурлын ахлагчид итгэл нэгтнүүдтэйгээ сайн харьцаатай болж, тэдэнд Сударт үндэслэсэн зөвлөгөө өгч, итгэлийг нь бэхжүүлж чадна. Ах эгч нараа дэмжих нь одоо хэзээ хэзээнээс илүү чухал байгааг бүү мартаарай (2 Тимот 3:1).

11. Өнөөдөр тийм олон хүнд «түшиг тулгуур» хэрэгтэй байдгийн учир юу вэ?

11 Бид хаана амьдардаг, хэдэн настай, хэн байхаасаа үл хамааран бүгдээрээ бэрхшээлтэй тулгардаг. Өнөөдөр бэрхшээлгүй амьдрал хаана ч байхгүй (Илчлэлт 12:12). Иймэрхүү нөхцөлөөс болоод бие, сэтгэл алжаавал итгэлийн маань бат эсэх нь соригддог. Ажил, сургууль дээр, гэр бүл, хурал дотор амаргүй асуудал гарч болно. Хүнд өвчин тусах юм уу архаг хуучаасаа болж сэтгэл хямарч болох юм. Тийм л үед хань ижил, хурлын ахлагч, дотнын найз маань таатай үг, тустай үйлээрээ урам хайрлахад хэчнээн их тайвширдаг билээ дээ! Ёстой л, хорсож байгаа газар тос түрхэхтэй адил буюу! Тиймээс, итгэл нэгт ах эгч нарынхаа хэн нэгний тийм байгааг анзаарвал «түшиг тулгуур» болоорой. Эсвэл та өөрөө их дарамттай байгаа бол төлөвшсөн христиануудаас тусламж хүсээрэй (Иаков 5:14, 15).

Хурал хэрхэн тусалж болох нь

12. Хурлын гишүүн болгон ах дүү нарынхаа итгэлийг бэхжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

12 Хурлын бүх гишүүн, тэр дундаа, хүүхэд залуус ч бие биеэ дэмжих үйлсэд хувь нэмэр оруулж чадна. Жишээ нь, цуглаанаа таслахгүй очиж, дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь бусдын итгэл бэхжихэд их ач холбогдолтой (Еврей 10:24, 25). Бурханд цөхрөлтгүй үйлчлэх нь түүнд үнэнч байдгийн баталгаа бөгөөд тулгарсан бэрхшээлээ үл харгалзан, сүнслэгээр сэргэг байдгаа харуулж буй хэрэг юм (Ефес 6:18). Энэ нь бас бусдынхаа итгэлийг бэхжүүлэх ач тустай (Иаков 2:18).

13. Зарим дэлгэрүүлэгч идэвхгүй болдгийн учир юу вэ? Тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

13 Заримдаа амьдралын хатуу хүтүү, бусад бэрхшээлээс болж зарим дэлгэрүүлэгч идэвх нь сулрах юм уу, эсвэл бүр идэвхгүй болдог (Марк 4:18, 19). Тийм хүмүүс цуглаанд ирэхгүй байгааг бид анзаарч болох юм. Гэхдээ тэд зүрхэндээ Еховаг хайрласан хэвээрээ байж болох шүү дээ. Тэдний итгэлийг яаж бэхжүүлэх вэ? Ахлагчид өөрсдөө тэднийг эргэн очиж, халамжлан дэмждэг (Үйлс 20:35). Түүнээс гадна, хурлын бусад гишүүнээс тусламж гуйж болно. Тийн халамж тавин, эргэж очих нь итгэл нь суларсан хүмүүсийг сэргээхэд яг тохирсон эм байж болох юм.

14, 15. Бусдыг дэмжих тухайд Паул ямар зөвлөгөө өгсөн бэ? Нэг хурал тэр зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлсэн жишээ хэлнэ үү.

14 Библи бидэнд: «Гутарсан хүмүүсийг тайвшруулан, сул дорой хүмүүсийг дэмжихийг» уриалдаг (1 Тесалоник 5:14, ШЕ). «Гутарсан хүмүүс» зүрх зориг нь харьж, бэрхшээлээ бусдын тус дэмгүй давж чадахгүйгээ мэдэрч байж болох юм. Тэгвэл та тэдэнд тусалж чадах уу? «Сул дорой хүмүүсийг дэмжих» гэсэн хэллэг нь суларсан хүмүүсийг «барих», тэдэнд «наалдах» гэсэн утга илэрхийлдэг байна. Ехова бүх хонио энхрийлэн хайрладаг. Бүгдээрээ л үнэ цэнтэй бөгөөд хэнийг нь ч «урсаад явчихаасай» гэж хүсдэггүй. Та сүнслэгээр суларсан хүмүүсийг хүчтэй болтол нь тэднийг «барьж», хуралдаа тусалж чадах уу? (Еврей 2:1).

15 Зургаан жил идэвхгүй байсан гэр бүлийн хосыг нэгэн ахлагч эргэж очжээ. Тэрээр: «Манай хурлынхан бүгдээрээ тэдэнд сайхан сэтгэлээр хандаж, хайр халамж тавьж байсны хүчинд тэд сүрэгтэйгээ дахиж нийлэхийг хүсдэг болсон» хэмээн бичжээ. Хурлынх нь гишүүд эргэж тойрдог байсан нь тэр идэвхгүй болсон эгчид ямар санагдсан бол оо? Тэр эгч: «Биднийг эргэдэг байсан ах нар ч, тэдэнтэй хамт ирдэг байсан эгч нар ч биднийг хэзээ ч буруутгаж, шүүмжилж байгаагүй нь дахиад идэвхтэй болоход маань тусалсан. Тэд бидний сэтгэлийг ойлгож, Судрын тусламжтай зоригжуулдаг байсан» гэж хэлжээ.

16. Хэн дэмжлэг хэрэгтэй бүх хүнд туслахад үргэлж бэлэн байдаг вэ?

16 Тийм ээ, бусдад «түшиг тулгуур» болохдоо жинхэнэ христиан хүн баярладаг. Амьдрал ахуй өөрчлөгдөж, бидэнд ч «түшиг тулгуур» хэрэгтэй болж болох шүү дээ. Гэхдээ бидэнд тусламж шаардлагатай үед дэмжлэг үзүүлчих хүн дэргэд байхгүй байж болохыг ойлгох нь бодит байдалд нийцнэ. Харин туслах боломжтой, хэзээд бэлэн байдаг нэг Эх булаг бий. Тэр бол Ехова Бурхан билээ (Дуулал 27:10).

Ехова бол биднийг дэмжих дундаршгүй Эх булаг

17, 18. Ехова Хүү Есүс Христээ ямар ямар аргаар дэмжиж байсан бэ?

17 Есүс шонд хадаастай байхдаа: «Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая» гэж хашхирсан (Лук 23:46). Тэгээд нас барсан. Үүнээс хэдхэн цагийн өмнө баривчлагдахад нь хамгийн дотнын найзууд нь айсандаа түүнийг орхиж зугтсан (Матай 26:56). Есүст өөрийг нь дэмжих цор ганц Эх булаг үлдсэн нь тэнгэрийн Эцэг нь байлаа. Үнэхээр ч, Еховад найдсан нь талаар болоогүй. Өөрт нь үнэнч байсных нь төлөө Ехова Есүсийг үнэнчээр дэмжиж, шагнасан (Дуулал 18:25 *; Еврей 7:26).

18 Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа, эцсийн амьсгалаа хураатлаа үнэнч байдлаа хадгалахад шаардлагатай бүхнийг Эцгээсээ авдаг байсан. Жишээ нь, Есүсийг баптисм хүртсэний дараахан Эцэг нь чанга дуугаар ярьж, Хүүгээ сайшааж, хайрладгаа батлан илэрхийлсэн. Түүнчлэн, дэмжлэг хэрэгтэй үед нь Ехова тэнгэр элчүүдийг явуулан, түүнийг зоригжуулдаг байсан. Дэлхий дээрх амьдралынхаа эцэст хамгийн хүнд сорилттой тулгарахад нь Ехова Есүсийн залбирал болоод гуйлтуудыг дуртайяа сонссон. Энэ бүхэн Есүсийн хувьд «түшиг тулгуур» болж байсан нь лавтай (Марк 1:11, 13; Лук 22:43).

19, 20. Хэрэгтэй цагт Ехова биднийг дэмжинэ гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

19 Ехова бас биднийг дэмжих гол Эх булаг байхыг хүсдэг (Шастирын дэд 16:9). «Агуу их хүч, сүр жавхлангийн» жинхэнэ Эх булаг болох тэрээр хэрэгтэй цагт бидэнд «түшиг тулгуур» болж чадна (Исаиа 40:26). Дайн, ядуурал, өвчин, үхэл, төгс бус байдал бидэнд хүнд дарамт болж болно. Амьдралын бэрхшээл дийлдэшгүй «хүчит дайсан» мэт санагдахад Ехова бидний хүч байж чадна (Дуулал 18:17; Египетээс гарсан нь 15:2). Бурхан хүчирхэг ариун сүнсээ ашиглан бидэнд тусалдаг. Ехова сүнсээрээ дамжуулан «ядарсанд тэнхээ өгөхөд» тэр хүн «бүргэд мэт жигүүр дээрээ элин халина» (Исаиа 40:29, 31).

20 Бурхны сүнс бол орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч билээ. Паул: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» гэж тэмдэглэжээ. Тийм ээ, тэнгэрийн халамжит Эцэг маань тун удахгүй сэргээн байгуулах, амласан Диваажиндаа «бүх юмыг шинэ» болготлоо бидэнд бүх зовлонг тэвчих «хирээс хэтэрсэн хүчийг» өгнө (Филиппой 4:13; 2 Коринт 4:7, ШЕ; Илчлэлт 21:4, 5).

[Зүүлт]

^ Нэгэн толь бичигт: «[Парегориа] гэдэг энэ үгийн үйл үгээс үүсдэг хэлбэр нь цочрол намдаах эм гэсэн утга заадаг» гэж тэмдэглэжээ («Vine’s Complete Expository Dictionary of Old and New Testament Words»).

^ «Энэрэнгүй хүмүүст Та өөрийн энэрлийг үзүүлдэг» [«Үнэнч хүнд та үнэнч хандана», ШЕ].

Та санаж байна уу?

• Ромд байсан ах дүү нар Паулд яаж «түшиг тулгуур» болсон бэ?

• Бид хуралдаа хэрхэн «түшиг тулгуур» болж болох вэ?

• Ехова хэрхэн биднийг дэмжих дундаршгүй Эх булаг болдог вэ?

[Догол мөрийн асуулт]