Залуус аа, ирээдүйнхээ үндсийг тавьж байна уу?
Залуус аа, ирээдүйнхээ үндсийг тавьж байна уу?
«Та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» (ИЕРЕМИА 29:11).
1, 2. Залуу насыг хүмүүс хэрхэн өөр өөрөөр үздэг вэ?
ЗАЛУУ НАС бол амьдралын хамгийн сайхан үе гэж томчуудын ихэнх нь үздэг. Тэд залуудаа эрч хүчтэй, ирмүүн хүсэлтэй явснаа санадаг. Хүлээх хариуцлага багатай, хөгжиж баясах завтай, өмнөө олон сайхан боломжтой, амьдралын босгыг дөнгөж алхаж байсан тэр үеэ эргэн дурсдаг.
2 Харин залуус та нар үүнээс өөр бодолтой байж магадгүй. Та нарын хувьд залуу насанд гардаг сэтгэл хөдлөл, бие бялдрын өөрчлөлтийг давахад амаргүй байж болох юм. Сургууль дээр үеийнхэн чинь хүчтэй дарамт үзүүлдэг ч байж мэдэх. Мансууруулах бодис, согтууруулах ундаа, садар самуун явдлыг эсэргүүцэхийн тулд шийдвэртэй тэмцэх ёстой болдог биз ээ. Итгэл үнэмшлийнхээ улмаас төвийг сахих болон бусад байр суурь баримтлах хэрэгтэй болно. Тийм ээ, залуу нас бол амаргүй үе. Гэсэн ч олон сайхан боломж залуу насанд л олддог. Үүнээс үүдэн: «Та эдгээр боломжийг яаж ашиглах вэ?» гэсэн чухал асуулт гарч ирнэ.
Залуу насаа үнэлэгтүн
3. Соломон залууст ямар зөвлөгөө өгч, юу сануулсан бэ?
3 Залуу нас харвасан сум шиг хурдан өнгөрдөг гэж настайчуудын хэлдэг үнэн. Нэг л мэдэхэд ард үлдсэн байдаг. Тиймээс, залуу насаа үнэлэгтүн! Соломон хаан залууст зөвлөн: «Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, нүднийхээ харцыг дага» хэмээн бичжээ. Гэхдээ: «Сэтгэлийн зовлон, биеийн шаналлаас зайлж явагтун» гэж сануулаад, цааш нь: «Учир нь хүүхэд [«залуу», ШЕ] нас, эрч хүч гэдэг чинь зуурдын юм» гэж хэлсэн (Номлогчийн үгс 11:9, 10).
4, 5. Залуучууд ирээдүйгээ бодох нь яагаад ухаалаг вэ? Жишээ татаж тайлбарлана уу.
4 Соломоны юу гэж хэлснийг ойлгож байна уу? Үүнийг ойлгохын тулд, асар үнэтэй бэлэг буюу их хэмжээний өв залгамжлан авсан залуугаар жишээ авъя. Тэр залуу яах бол? Есүсийн ёгт үлгэрт гардаг самуун хүү шиг л өөрийгөө зугаацуулан, хамаг мөнгөө үрэн таран хийж болох юм (Лук 15:11–23). Тэгээд мөнгө нь дуусахлаар яах вэ? Тийм хариуцлагагүй хандсандаа харамсах нь гарцаагүй! Эсвэл ирээдүйгээ бодон, өнөөх бэлгийнхээ ихэнх хэсгээр хөрөнгө оруулалт хийжээ гэж бодъё. Эцэст нь хөрөнгө оруулсных нь ашиг гарахад, залуудаа зугаацаж, мөнгөө бүгдийг нь үрэхгүй яав даа гэж харамсана гэж бодож байна уу? Яалаа гэж!
5 Залуу насаа Бурхны өгсөн бэлэг гэж үзээрэй. Үнэхээр ч, Бурхны бэлэг мөн. Үүнийгээ яаж ашигламаар байна вэ? Залуу насны тэр их эрч хүч, ирмүүн хүслийг эх захгүй зугаацан цэнгэж, өөрийгөө баясган явсаар ирээдүйнхээ тухай огт бодохгүй өнгөрөөчихөж болно. Хэрэв тэгвэл «залуу нас, эрч хүч... чинь», үнэхээр, «зуурдынх» байх болно. Насны залууд ирээдүйгээ бодох нь хэчнээн ухаалаг вэ!
6. а) Соломон залууст ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Ехова залуучуудад юу өгөхийг хүсдэг вэ? Үүний ашиг тусыг тэд хэрхэн хүртэж болох вэ?
6 Соломоны хэлсэн нэг зарчим залуу насныхаа он жилүүдийг хамгийн ухаалаг өнгөрүүлэхэд тусална. Тэрээр: «Залуу насныхаа өдрүүдэд Бүтээгчээ санагтун» хэмээжээ (Номлогчийн үгс 12:1). Энэ бол амжилтад хүрэх түлхүүр мөн. Тийм ээ, Еховагийн үгийг дуулж, хүсэл тааллыг нь биелүүлэх хэрэгтэй. Ехова эртний израильчуудын төлөө юу хийх гэж байгаагаа: «Та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж хэлжээ (Иеремиа 29:11). Ехова танд ч гэсэн «ирээдүй ба найдвар» өгөхийг хүсдэг. Хэрэв та аливааг хийж, бодож, шийдэхдээ Бүтээгчээ санадаг бол тэрхүү «ирээдүй ба найдвар» бодитой болно (Илчлэлт 7:16, 17; 21:3, 4).
«Бурханд ойртогтун»
7, 8. Залуу хүн Бурханд яаж ойртож болох вэ?
7 Иаков бидэнд Еховаг санахыг зөвлөж: «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» хэмээн уриалжээ (Иаков 4:8). Ехова бол Бүтээгч, тэнгэрийн хэмжээгүй эрхт Эзэн бөгөөд оюун ухаант бүх бүтээлээрээ шүтүүлэх, магтуулах эрхтэй нэгэн билээ (Илчлэлт 4:11). Гэхдээ хэрэв бид түүнд ойртвол, тэрээр бидэнд ойртоно. Ийм их хайр, халамжид таны сэтгэл догдлохгүй гэж үү? (Матай 22:37).
8 Еховад ойртох хэд хэдэн арга байдаг. Жишээлбэл, элч Паул: «Өөрсдийгөө залбиралд зориул. Ингэхдээ түүн дотор талархалтайгаар сэрэмжтэй байгтун» гэж хэлжээ (Колоссай 4:2). Өөрөөр хэлбэл, залбирч хэвших хэрэгтэй. Аавыгаа, эсвэл итгэл нэгт христиан ах өөрийг тань төлөөлж залбирсны дараа «амен» гэж хэлэх төдийгөөр сэтгэл бүү ханаарай. Та Еховад зүрх сэтгэлээ уудалж, юу бодож явдгаа, юунаас айдгаа, ямар ямар бэрхшээлтэй тулгардгаа хэлж үзсэн үү? Хүнд ярихаасаа зовоод байдаг зүйлээ Еховад ер ярьж байсан уу? Илэн далангүй, чин зүрхнээсээ залбирвал сэтгэл санаа тайвширдаг (Филиппой 4:6, 7). Тийм залбирал биднийг Еховад ойртоход, түүний бидэнд ойртож байгааг мэдрэхэд тусалдаг.
9. Залуу хүн Еховагийн үгийг хэрхэн сахиж болох вэ?
9 «Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав. Тэгвээс амьдралынхаа бүх өдөр мэргэн байх болно» хэмээн Бурхны онгодоор бичигдсэн үгнээс Еховад ойртох бас нэг аргыг мэдэж болно (Сургаалт үгс 19:20). Тийм ээ, хэрэв Еховагийн үгийг сахиж, түүнд дуулгавартай байдаг бол ирээдүйнхээ үндсийг тавьж байна гэсэн үг. Еховагийн үгийг дуулдгаа яаж харуулах вэ? Таныг цуглаандаа тогтмол очиж, хөтөлбөрийг нь анхааралтай сонсдог гэдэгт бид эргэлзэхгүй байна. Түүнчлэн, гэр бүлээрээ Библи судлахад оролцож, «эцэг эхээ хүндэлдгээ» харуулдаг биз (Ефес 6:1, 2; Еврей 10:24, 25). Их сайн байна. Гэхдээ, ингэхийн хажуугаар, цуглаанд бэлдэж, Библи тогтмол уншиж, бие даан судлахын тулд «цагийг зольж авдаг» уу? «Мэргэн хүний» адил алхахын тулд уншсанаа амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг үү? (Ефес 5:15–17, ШЕ; Дуулал 1:1–3). Хэрэв та энэ бүхнийг хийдэг бол Еховад ойртож байна гэсэн үг.
10, 11. Еховагийн үгийг сахидаг залуус ямар агуу ач тус хүртдэг вэ?
10 Онгодоор хөтлүүлсэн бичээч «Сургаалт үгс» номын эхэнд уг номын зорилгыг тайлбарлажээ. Түүний хэлснээр «мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх, билиг ухааны үгсийг ойлгох, зөв, үнэн [«шүүн ялгах чадвар», ШЕ], шударга зүйлсийг үйлдсэнээр сахилга бат болон хэрсүү байдалд суралцах, гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөх» зорилготой ажээ (Сургаалт үгс 1:1–4). Тиймээс «Сургаалт үгс» болон Библийн бусад номыг уншиж, мэдсэнээ хэрэгжүүлбэл зөв, шударга байдлыг хөгжүүлэх бөгөөд Ехова ч таныг өөрт нь ойртож байгаад баярлана (Дуулал 15:1–5). Та шүүн ялгах чадвар, хэрсүү байдал, бодлоготой үйлдэл, мэдлэгийг хэдийчинээ хөгжүүлнэ, төдийчинээ зөв шийдвэр гаргана.
11 Залуу хүнээс дээр бичсэн шиг мэргэн ухаантай бай гэж шаардах нь утгагүй биш үү? Үгүй ээ, тийм биш. Аливаад мэргэн ухаанаар ханддаг залуу христиан олон байдаг. Үүнийх нь үрээр хүмүүс тэднийг хүндэтгэн, «залуу хүн хэмээн дорд үздэггүй» (1 Тимот 4:12). Эцэг эх нь тэднээрээ зүй ёсоор бахархаж, Ехова ч тэдний тухайд: «Зүрхийг минь баярлуулдаг» гэж хэлдэг (Сургаалт үгс 27:11). Тэд хэдийгээр нас нь залуу ч, «Гэм зэмгүй хүнийг харж, шулуун шударга хүнийг ажиглагтун. Учир нь тэр хүний ирээдүй амар амгалан болно» гэж онгодоор бичигдсэн үг өөрсдөд нь хамаатай гэдэгт итгэлтэй байдаг (Дуулал 37:37, ШЕ).
Зөв сонголт хийгтүн
12. Залуусын хийдэг нэг чухал сонголт юу вэ? Энэ сонголтын үр дүн ирээдүйд нөлөөлдгийн учир юу вэ?
12 Хүн залуудаа олон сонголт хийх хэрэгтэй болдог бөгөөд заримынх нь үр дүнгээс насан туршийн амьдрал нь шалтгаалдаг. Таны одоо хийж байгаа зарим сонголт ирээдүйд тань нөлөөлнө. Ухаалаг сонголт хийвэл жаргалтай, сайн сайхан амьдарна. Харин ухаалаг бус сонголт амьдралд хар толбо үлдээдэг. Энэ үг таны хийх ёстой хоёр сонголтын тухайд хэр зэрэг үнэн болохыг авч үзье. Нэгдүгээрт, та ямар хүнийг сонгож, нөхөрлөх вэ? Энэ нь яагаад чухал бэ? Онгодоор бичигдсэн цэцэн үгэнд: «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж байдаг (Сургаалт үгс 13:20). Өөрөөр хэлбэл, бид хэнтэй нөхөрлөнө, яваандаа тэдэн шигээ болдог. Нэг бол мэргэн, нэг бол мунхаг болно. Та аль нь байхыг хүсэж байна вэ?
13, 14. а) Нөхөрлөлд хүмүүстэй харьцахаас гадна өөр юу ордог вэ? б) Залуучууд ямар алдаанаас зайлсхийх ёстой вэ?
13 Нөхөрлөл гэхлээр хүмүүстэй харьцах тухай бодогдож байгаа байх. Энэ зөв өө. Гэхдээ хүмүүстэй харьцахаас илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Телевиз үзэх, хөгжим сонсох, ном унших, кинонд явах, Интернет ашиглах зэрэг нь бас л нэг ёсны нөхөрлөл гэсэн үг. Хэрэв ийм нөхөрлөл хүчирхийлэл, садар самуунтай орооцолдохыг, эсвэл мансууруулах бодис хэрэглэх, архидан согтуурах, Библийн зарчимд харшлах өөр ямар нэг юмыг өөгшүүлдэг бол та «Бурхан байдаггүй» юм шиг авирладаг «мунхаг хүнтэй» нөхөрлөж байгаа нь тэр (Дуулал 14:1).
14 Би цуглаанд явж, хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог учир хүчирхийллийг сурталчилсан кино, эсвэл сайхан аятай ч, зохисгүй үгтэй дууны нөлөөнд автахгүй байх чадалтайгаа шүү гэж бодож байж болох юм. Интернетийн порно сайтыг хальт харахад яав л гэж хэмээн бодогдож магадгүй. Гэхдээ элч Паулын хэлснээр ингэж бодох нь буруу! Тэрээр: «Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» гэж сануулжээ (1 Коринт 15:33). Өсөх ирээдүйтэй олон залуу христиан муу нөхөрлөлөөс болж сайн зуршлуудаа эвдчихсэн нь даанч тоогүй. Тэгэхлээр, иймэрхүү нөхөрлөлөөс зайлсхийх шийдвэр төгс байгаарай. Тэгж гэмээнэ, Паулын: «Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлахын тул оюун ухаанаа шинэчлэн өөрчлөгдөгтүн» хэмээн зөвлөснийг хэрэгжүүлж чадна (Ром 12:2).
15. Залуучуудын хийх ёстой хоёр дахь сонголт юу вэ? Үүнээс болж ямар шахалтад орж магадгүй вэ?
15 Одоо, таны хийх ёстой хоёр дахь сонголтын тухай ярилцъя. Нэг л мэдэхэд, сургуулиа төгсөж, ямар ажил хийх вэ гэдгээ шийдэх өдөр ирнэ. Хэрэв танай нутагт ажил олох хэцүү байдаг бол, та аль олдсон сайныг нь юу ч байсан хийнэ гэж бодож байж магадгүй. Харин өндөр хөгжилтэй оронд амьдардаг бол ажил сонгох өргөн боломжтойн дээр заримд нь бүр хорхой хүрэм ч байж мэднэ. Багш нар, эсвэл эцэг эх тань таныг сайн сайхан яваасай гэсэндээ өндөр цалинтай, тэр байтугай, бүр баяжих боломжтой ажил мэргэжил эзэмшихийг шавдуулж болох юм. Гэхдээ тийм ажил мэргэжилтэй болохын тулд сурч боловсрох гэсээр цагт хавчигдаж, Еховад үйлчлэх завгүй болох аюултай байж магадгүй.
16, 17. Ажил мэргэжлийн асуудалд дүн нуруутай хандахад нь залуу хүнд Библийн зүйлүүд хэрхэн тусалж болохыг тайлбарлана уу.
16 Ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө Библийн зөвлөгөөг бодож үзэхээ бүү мартаарай. Библийн дагуу хүн бүр биеэ дааж амьдрах үүрэгтэй. Тийм ч учраас, амьдралаа авч явахын тулд ажил хөдөлмөр эрхлэхийг уриалдаг (2 Тесалоник 3:10–12). Гэсэн ч ажил хийхдээ анхаарвал зохих зүйлүүд бас байдаг. Бид таныг Библийн дараах зүйлүүдийг уншаад, ажил мэргэжлээ сонгохдоо дүн нуруутай хандахад хэрхэн тусалж болохыг бодож үзэхийг уриалж байна. Ингээд Сургаалт үгс 30:8, 9; Номлогчийн үгс 7:11, 12; Матай 6:33; 1 Коринт 7:31; 1 Тимот 6:9, 10-ыг уншаад үз дээ. Дээрх зүйлийг уншсаны дараа Ехова энэ асуудлаар ямар бодолтой байдгийг та мэдэж авав уу?
17 Бид ажил хөдөлмөр гэж хэт улайраад Еховад үйлчлэхээ хойш нь тавих ёсгүй. Бүрэн дунд боловсролтой ч боломжийн ажил хийх чадвар эзэмшсэн бол сайн хэрэг. Харин дунд сургуулиа төгсөөд дахин суралцах хэрэгтэй бол энэ тухай эцэг эхтэйгээ зөвлөх нь дээр. Гэхдээ «илүү чухал юм» (ШЕ) буюу сүнслэг зүйлийг анхаарлын гадна хэзээ ч бүү орхиорой (Филиппой 1:9, 10). Иеремиагийн бичээч Барухын гаргасан алдааг бүү давтаарай. Тэрээр Бурханд үйлчлэх сайхан завшаанаа үнэлэхээ больж, «өөртөө агуу зүйлсийг хайх» болсон (Иеремиа 45:5). Энэ ертөнцийн ямар ч «агуу зүйл» Еховад ойртоход нь, Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давахад нь туслахгүй гэдгийг Барух нэг хэсэгтээ л мартсан байсан. Өнөөдөр бидний хэнд ч ийм юм тохиолдож болно.
Сүнслэг зүйлийг үнэлэгтүн
18, 19. а) Эргэн тойрны тань ихэнх хүн юунд нэрвэгдэж байна вэ? Тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? б) Олон хүн сүнслэгээр өлсөж байгаагаа яагаад мэдэрдэггүй вэ?
18 Та өлсгөлөн хүүхдийн зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзсэн л байх. Тэднийг хараад өрөвдөж байсан биз дээ? Тэгвэл эргэн тойрныхоо хүмүүсийг бас тэгж өрөвддөг үү? Яагаад тэгэх ёстой билээ? Яагаад гэвэл, ихэнх нь бас л өлсөж байгаа шүү дээ. «„Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна“» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. „Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм“» хэмээн Амосын зөгнөсөн өлсгөлөнд тэд нэрвэгдээд байна (Амос 8:11).
19 Сүнслэг өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн ихэнх нь «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэггүй» нь үнэн (Матай 5:3, ШЕ). Олон хүн сүнслэгээр өлсөж байгаагаа ч мэдэрдэггүй. Тэр байтугай, зарим нь өөрсдийгөө хоол сайтай гэж боддог. Гэтэл тэр хоол нь эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх үзэл, шинжлэх ухааны таамаглал, ёс суртахууны тухай мэтгэлцээн болон бусад зүйлийг багтаасан, ямар ч шим тэжээлгүй, «энэ ертөнцийн мэргэн ухаан» байдаг. Зарим хүн Библийн сургаалыг орчин үеийн «мэргэн ухаанаас» хоцрогдсон гэж үздэг. Гэтэл, «ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурхныг таньж мэдээгүй». «Энэ ертөнцийн мэргэн ухаан» таныг Бурханд ойртуулж туслахгүй. Энэ бол ердөө л «Бурхны өмнө мунхаглал ажээ» (1 Коринт 1:20, 21; 3:19).
20. Еховаг шүтдэггүй хүмүүсийг дуурайх нь яагаад ухаалаг бус вэ?
20 Өлсгөлөн хүүхдүүдийг зураг дээрээс хараад тэдэн шиг болмоор санагддаг уу? Мэдээж, үгүй! Гэхдээ христиан эцэг эхтэй зарим залуус ойр тойрныхоо сүнслэгээр өлсгөлөн хүмүүс шиг болохыг хүсдэгээ харуулжээ. Тэд ертөнцийн залуусыг санаа зовох юмгүй, дураараа, сайхан амьдардаг гэж боддог бололтой. Тэднийг Бурхнаас хөндийрсөн гэдгийг нь мартдаг (Ефес 4:17, 18). Бас сүнслэгээр өлсөх нь өсвөр насны хүсээгүй жирэмслэлт, садар самуун явдлаас болж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирох, архи, тамхинд орох, мансууруулах бодист донтох зэрэг уршиг тарьдгийг ч мартдаг. Сүнслэг өлсгөлөн тэрслүү хандлагыг өөгшүүлж, ирээдүйн найдварыг эвдэн бусниулж, амьдралын зүг чигийг алдуулдаг.
21. Еховаг шүтдэггүй хүмүүсийн буруу үзэл бодолд автахаас өөрийгөө яаж хамгаалах вэ?
21 Тийм учраас, сургууль дээрээ, Еховаг шүтдэггүй хүүхдүүдийн дунд байхдаа тэдний үзэл бодолд бүү автаарай (2 Коринт 4:18). Зарим хүүхэд сүнслэг зүйлийн тухай дургүйцэн ярьдаг. Түүнээс гадна, садар самуун үйлдэх, архидан согтуурах, хараал тавих зэргийг байх л асуудал гэж мэдээллийн хэрэгслээр сурталчлан, далд ухуулга хийдэг. Ийм нөлөөг эсэргүүцээрэй. «Итгэл, сайн мөс чанараа сахидаг» хүмүүстэй тогтмол нөхөрлөж, «Эзний үйл хэрэгт үргэлж бялхсан байгаарай» (1 Тимот 1:19; 1 Коринт 15:58). Хаанчлалын танхимд ч, дэлгэрүүлэх ажлын талбайд ч ихийг хийж, завгүй яваарай. Хичээлийнхээ хажуугаар туслах эхлэгчээр үйлчлэхийг хичээгээрэй. Ингэвэл таны сүнслэг байдал бэхжиж, дүн нуруугаа алдахгүй байж чадна (2 Тимот 4:5).
22, 23. а) Христиан залуусын шийдвэрийг хүмүүс ихэнхдээ ойлгодоггүйн учир юу вэ? б) Залуусыг юунд уриалж байна вэ?
22 Сүнслэг зүйлийг тэргүүн зэрэгт тавьж байгаад гаргасан шийдвэр заримдаа бусдад ойлгомжгүй байдаг. Жишээ нь, нэг христиан залуу сургуульд байхдаа хөгжмийн авьяастай, бүх хичээлдээ сайн сурагч байжээ. Сургуулиа төгсөөд, хүссэн ажлаа буюу сайн мэдээ бүрэн цагаар дэлгэрүүлэх ажил хийж, эхлэгч болохын тулд аавтайгаа хамт цонх угаадаг болжээ. Яагаад тэгж шийдсэнийг нь багш нар нь огт ойлгоогүй гэнэ. Харин та Еховад ойртсон бол тэр залуу ямар учраас тийн шийдсэнийг ойлгоно гэдэгт бид эргэлзэхгүй байна.
23 Та одоо залуу насныхаа үнэт баялгийг хэрхэн ашиглахаа мэддэг боллоо. Мэдсэнийхээ дагуу, «ирээдүйн төлөө өөртөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрээрэй» (1 Тимот 6:19). Залуу насныхаа өдрүүдэд ч, амьдралынхаа үлдсэн хугацаанд ч «Бүтээгчээ санах» шийдвэр төгс байгаарай. Энэ бол ирээдүйнхээ, тэгэхдээ бүр, мөнхийн ирээдүйнхээ үндсийг амжилттай тавих цорын ганц арга юм шүү.
Та ямар дүгнэлт хийх вэ?
• Залуусыг ирээдүйгээ төлөвлөхөд нь Библийн ямар зөвлөгөө туслах вэ?
• Ямар ямар аргаар залуу хүн «Бурханд ойртож» болох вэ?
• Залуу хүний ямар ямар шийдвэрээс ирээдүй нь шалтгаалах вэ?
[Догол мөрийн асуулт]