Skip to content

Гарчиг руу орох

Христиан хүн өндөр настнуудад санаа тавих үүрэгтэй

Христиан хүн өндөр настнуудад санаа тавих үүрэгтэй

Христиан хүн өндөр настнуудад санаа тавих үүрэгтэй

«Тэр ч байтугай, та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно» (ИСАИА 46:4).

1, 2. Тэнгэрийн Эцгийн маань халамж эцэг эхийнхээс маань ямар ялгаатай вэ?

 ХАЛАМЖТАЙ эцэг эх үр хүүхдээ төрсөн цагаас нь асарч өсгөдөг. Тэр байтугай, нас бие гүйцэж, гал голомтоо асаасных нь дараа ч хайрлан халамжилж, тусалж дэмжсээр байдаг.

2 Гэхдээ үр хүүхдийнхээ төлөө хийж чадах зүйл нь хязгаартай. Харин тэнгэрийн Эцэг маань үнэнч үйлчлэгчдэдээ үргэлж халамж анхаарал тавьж, тусламж дэмжлэг үзүүлж чаддаг. Ехова эрт цагт сонгож авсан ард түмэндээ хандан: «Тэр ч байтугай, та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно» гэж хэлсэн (Исаиа 46:4). Өндөр настай христиануудыг энэ үг хэчнээн тайвшруулдаг бол оо! Ехова өөрт нь үнэнч хүмүүсийг хэзээ ч орхидоггүй. Харин ч бүх л амьдралынх нь туршид, өтөл насанд нь ч хамгаалж, дэмжиж, хөтөлж байхаа амладаг (Дуулал 48:14).

3. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

3 Еховагийн, өндөр настнуудад санаа тавьдгийг хэрхэн дуурайх вэ? (Ефес 5:1, 2). Дэлхий дахины ахан дүүсийн барилдлагын маань ахмад гишүүдэд хүүхдүүд нь, мөн хурлын ахлагчид, ер нь, христиан хүн бүр хэрхэн санаа тавьж болохыг ярилцъя.

Үр хүүхэд бидний үүрэг

4. Христиан хүүхдүүд эцэг эхийнхээ өмнө ямар үүрэг хүлээдэг вэ?

4 «Эцэг эхээ хүндэл» (Ефес 6:2; Египетээс гарсан нь 20:12). Энгийн мөртлөө гүн утгатай энэ үгийг элч Паул Еврей Судраас иш татахдаа хүүхдүүдэд эцэг эхийнх нь өмнө хүлээсэн үүргийг сануулжээ. Гэхдээ энэ үг өндөр настнуудад санаа тавихтай ямар холбоотой вэ? Эртний нэг сэтгэл хөдөлгөм явдал энэ асуултад хариулахад тусална.

5. а) Иосеф эцэг эхийнхээ өмнө хүлээсэн үүргээ умартаагүйг юу харуулдаг вэ? б) Эцэг эхээ хүндлэх гэж юу гэсэн үг вэ? Энэ тухайд Иосеф ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?

5 Иосеф 20 гаруй жил хөгшин эцэг Иаковтайгаа хэл ам авалцаж чадахгүй байв. Гэсэн ч аавдаа хайртай хэвээрээ байсан нь лавтай. Иосеф ах дүү нартаа өөрийнхөө хэн болохыг хэлээд: «Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу?» гэж асуудаг (Эхлэл 43:7, 27; 45:3). Тэр үед Канаан нутаг өлсгөлөнд нэрвэгдээд байв. Тиймээс Иосеф аавдаа хэл хүргүүлж: «Над уруу даруй түргэн ирээч. Та... Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай. ...Би тэнд таныг тэжээнэ» гэж хэлүүлсэн (Эхлэл 45:9–11; 47:12). Тийм ээ, өндөр настай эцэг эхээ хүндэлнэ гэдэг нь тэднийг хамгаалж, өөрсдөө хэрэгцээгээ хангаж чадахгүй үед нь материаллаг тусламж үзүүлэхийг хэлнэ (1 Самуел 22:1–4; Иохан 19:25–27). Иосеф энэ үүргээ дуртайяа биелүүлсэн.

6. Иосеф эцгээ чин сэтгэлээсээ хайрладгаа хэрхэн харуулсан бэ? Түүний жишээг яаж дуурайж болох вэ?

6 Еховагийн ивээлээр Иосеф Египетийн хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон (Эхлэл 41:40). Гэсэн ч өөрийгөө завгүй, их чухал хүн гэж үзэлгүй, 130 настай хөгшин эцгээ хүндэлдэг байв. Эцэг Иаков буюу Израилийнхаа ирж явааг мэдээд, «Иосеф хөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав» (Эхлэл 46:28, 29). Ингэж хүлээж авсан нь ёс төдий хүндэтгэл биш байсан. Иосеф нас нь дээр гарсан эцэгтээ маш их хайртай байсан бөгөөд хайртайгаа харуулахаасаа ичиж зовоогүй. Хэрэв та өндөр настай эцэг эхтэй бол тэднийгээ хайрладаг хайраа тийн харамгүй үзүүлдэг үү?

7. Иаков өөрийг нь Канаанд оршуулахыг хүссэний учир юу вэ?

7 Иаков эцсээ хүртэл Еховад үнэнч байсан (Еврей 11:21). Тэрээр өөрийг нь Канаанд оршуулахыг нь хүссэн Бурхны амлалтад итгэдэг байсантай холбоотой. Иосеф багагүй хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр гаргах ёстой болсон ч эцгээ хүндлэн гэрээсийг нь биелүүлсэн (Эхлэл 47:29–31; 50:7–14).

8. а) Хөгшин эцэг эхээ асрах хүслийг гол нь юу төрүүлдэг вэ? б) Нэг бүрэн цагийн үйлчлэгч, өндөр настай эцэг эхээ асрахын тулд юу хийсэн бэ? (22-р хуудасны 1-р хавсралтыг үзнэ үү.)

8 Иосеф эцгээ асарч халамжилдаг байсны учир юу вэ? Өөрийг нь төрүүлж, өсгөсөн хүнийг хайрлаж, ачийг нь хариулах хүсэлдээ хөтлөгдсөнөөс гадна Еховад таалагдахыг их чармайдаг байсан нь лавтай. Бид ч бас тийнхүү чармайх ёстой. Паул: «Хэрэв хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурхны өмнө тааламжтай» гэж бичжээ (1 Тимот 5:4). Үнэхээр ч, Еховаг хайрлаж, түүнээс сүсэглэн эмээдэг бол ямар ч бэрхшээлтэй тулгарах байсан, хөгшин эцэг эхээ асрах хүсэл төрдөг. *

Ахлагчид санаа тавьдгаа хэрхэн харуулах нь

9. Ехова сүргээ, тэр дундаа, ахмад христиануудыг хариулуулахаар хэнийг томилсон бэ?

9 Урт удаан амьдралынхаа эцэст Иаков Еховаг «бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн [«хариулсан», ШЕ] Бурхан» гэж хэлсэн (Эхлэл 48:15). Өнөөдөр Ехова дэлхий дээрх үйлчлэгчдээ «Ахлах Хоньчин» буюу Хүү Есүс Христийнх нь удирдлага дор байдаг христиан харгалзагч буюу ахлагчдаар дамжуулан хариулдаг (1 Петр 5:2–4). Ахлагчид сүргийнхээ ахмад гишүүдэд хэрхэн санаа тавьж, Еховаг дуурайж болох вэ?

10. Өндөр настай христиануудад бодит тусламж үзүүлэхийн тулд ахлагчид ямар арга хэмжээ авдаг вэ? (22-р хуудасны 2-р хавсралтыг үзнэ үү.)

10 Христиан хурал үүсэн байгуулдагдаад удаагүй байхад Есүсийн элч нар гачигдалтай бэлэвсэн христиан эмэгтэйчүүдийг «өдөр тутмын хүнсний» зүйлээр хангах ажлыг хариуцуулахаар «Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг» томилсон (Үйлс 6:1–6). Хожим нь, Паул үлгэр жишээ бэлэвсэн эмэгтэйчүүдийг материаллаг тусламж авах хүмүүсийн жагсаалтад оруулахыг харгалзагч Тимотод зөвлөжээ (1 Тимот 5:3, 9, 10). Үүнтэй адилаар, өнөөдөр хурлын ахлагчид шаардлагатай үед өндөр настай христиануудад бодит тусламж үзүүлэх ажлыг дуртайяа зохион байгуулдаг. Гэхдээ үнэнч ахмад үйлчлэгчдийг халамжлах ажлыг үүгээр хязгаарладаггүй.

11. Бага хэмжээний хандив өргөсөн ядуу бэлэвсэн эмэгтэйн тухай Есүс юу хэлсэн бэ?

11 Дэлхий дээрх үйлчлэл нь дуусаж байх үед Есүс нэг удаа сүм дотор суугаад, «эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв». Тэгтэл нэг хүн анхаарлыг нь татжээ. Энэ тухай Библид: «Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант [«хамгийн бага мөнгө», ШГ] болох хоёр жижиг зэс зоос хийжээ» гэж тэмдэглэсэн байдаг. Есүс шавь нараа дуудаад: «Үнэнээр, Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс илүүг өглөө. Яагаад гэвэл хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн. Харин энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө» гэж хэлсэн (Марк 12:41–44). Мөнгөн дүнгээр илэрхийлбэл эмэгтэйн хандив шалихгүй юм байсан. Гэхдээ Есүс тэнгэрийн Эцэг нь тийм үнэнч байдлыг хэчнээн өндөр үнэлдгийг мэдэж байв. Есүсийн хувьд бэлэвсэн эмэгтэйн нас бус, юу хийсэн нь чухал байсан.

12. Ахлагчид өндөр настнуудын хөдөлмөрийг үнэлдгээ хэрхэн харуулж болох вэ?

12 Есүсийн адилаар, христиан харгалзагчид жинхэнэ шүтлэгийг дэмжин дэлгэрүүлэхийн төлөөх ахмадуудын хөдөлмөрийг өндөр үнэлдэг. Дэлгэрүүлэх ажил болон цуглаанд оролцож, хурлынхныхаа итгэлийг бэхжүүлж, тэвчээртэй байдгийнх нь төлөө өндөр настай христиануудыг магтах үндэс тэдэнд бий. Урам хайрласан чин сэтгэлийн үг хэлбэл настай христианууд өөрийгөө бусадтай болон өмнө нь хийдэг байсантайгаа харьцуулан сэтгэлээр унахаас зайлсхийж, «өөрөөрөө бахархана» (Галат 6:4, ШГ).

13. Ахлагчид ахмадуудын мэдлэг туршлага, авьяас чадварыг хэрхэн ашиглаж болох вэ?

13 Өндөр настай христиануудын мэдлэг туршлага, авьяас чадвар христиан хуралд үнэтэй хувь нэмэр оруулдгийг ахлагчид хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, үлгэр жишээ ахмадуудыг цуглаан дээр үзүүлбэр юм уу ярилцлагад оролцуулж болно. Нэг ахлагч: «Хүүхдээ үнэн дотор хүмүүжүүлж чадсан өндөр настай ах эгч нараас ярилцлага авахад сонсогчид их анхааралтай сонсдог» гэж хэлжээ. Өөр нэг хурлын ахлагчид хурлынх нь 71 настай эхлэгч эгч дэлгэрүүлэгчдийг дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцдог болоход нь сайн тусалж, «үндсэн ажлаа» хийх буюу Библи болон өдөр тутмын зүйлийг уншаад, эргэцүүлэн бодохыг урамшуулдаг тухай тэмдэглэжээ.

14. Нэг хурлын ахлагчдын зөвлөл настай харгалзагчийг хүндэтгэдгээ хэрхэн харуулсан бэ?

14 Ахлагчид бас ахмад харгалзагчдын хувь нэмрийг өндөр үнэлдэг. 70 гаруй настай Жоза ах олон арван жил ахлагчаар үйлчилж байгаа нэгэн бөгөөд саяхан хүнд мэс засалд оржээ. Эдгэж тэнхрэхэд нь багагүй хугацаа хэрэгтэй болсон тул тэрээр тэргүүн харгалзагчийн үүргээ хүлээлгэн өгөх гэж байжээ. «Бусад ахлагч миний саналыг тэгж хүлээж авна гэж би огт бодоогүй. Тэд саналыг минь зөвшөөрөхийн оронд, үүргээ цаашид ч биелүүлэхэд ямар тусламж хэрэгтэй байгааг асуусан» гэж Жоза ах ярьжээ. Тэрээр одоо нэг залуу ахлагчийн тусламжтайгаар тэргүүн харгалзагчийн үүргээ баяр хөөртэй биелүүлж байгаа бөгөөд энэ нь ч хурлынханд нь ивээл болж байгаа ажээ. Хурлынх нь нэг ахлагч: «Манай хурлынхан Жоза ахыг ахлагчаар үйлчилдгийг өндөр үнэлж, арвин их туршлага, үлгэр жишээ итгэлийнх нь төлөө хайрлаж, хүндэтгэдэг. Тэрээр манай хурлыг баяжуулдаг» гэж хэлжээ.

Бие биедээ халамжтай байх нь

15. Христиан хүн бүр өндөр настнуудад санаа тавих ёстойн учир юу вэ?

15 Өндөр настай христиануудад санаа тавих үүргийг зөвхөн хүүхдүүд нь юм уу ахлагчид хүлээдэг юм биш. Паул христиан хурлыг хүний биетэй зүйрлэн: «Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутагдсан эрхтнүүдэд илүү хүндэтгэлийг үзүүлэв. Ингэснээр бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм» гэж бичжээ (1 Коринт 12:24, 25). Өөр нэгэн орчуулгад: «Эрхтэн бүр бие биеэ халамжлах болно» гэж буулгасан байдаг (ШГ). Христиан хурал эе эвээ хадгалж, үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд гишүүн бүр нь итгэл нэгтнүүдийнхээ, тэр дундаа, өндөр настнуудын сайн сайхны төлөө санаа тавих ёстой (Галат 6:2).

16. Цуглаанд очихдоо өндөр настай христиануудад санаа тавьдгаа хэрхэн харуулж болох вэ?

16 Настай христиануудад санаа тавих сайхан боломж цуглаанаар олддог (Филиппой 2:4; Еврей 10:24, 25). Жишээ нь, бид цуглааны өмнө юм уу дараа тэдэнтэй ярилцах цаг гаргадаг уу? Бие нь ямар байгааг асуунгаа итгэл бэхжүүлэм ямар нэг явдлыг юм уу Библийн ямар нэг санааг ярьж, «сүнслэг зарим бэлгийг... хуваалцах» нь зүйтэй. Хөл муутай хүний хүрч ирэхийг хүлээх биш, өөрөө яваад очвол тэдэнд сайхан сэтгэлээр хандсан хэрэг болно. Хэрэв хөгшин ах эгч чих хатуутай бол үгээ тод хэлж, удаан ярих хэрэгтэй. Жинхэнэ утгаар «хамтдаа зоригжихын» тулд ахмад хүний хэлж байгааг анхааралтай сонсож байгаарай (Ром 1:11, 12).

17. Гэрээс гарч чаддаггүй өндөр настай христиануудад санаа тавьдгаа яаж харуулж болох вэ?

17 Хэрэв нас дээр гарсан христиан хүн цуглаанд очиж чадахгүй бол яах вэ? Иаков 1:27-д бичсэнээр, бид «зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэн тойрч» байх үүрэгтэй. «Эргэн тойрох» гэж орчуулсан грек үйл үг олон утгатай байдгийн дотор «очих» гэсэн санаа илэрхийлдэг ажээ (Үйлс 15:36). Настай ах дүү нар маань биднийг очиход хэчнээн баярладаг гээч! МЭ 65 оны орчим Ромд хорионд байсан «настай» Паул ганцаардаж байжээ. Тэрээр хамтран зүтгэгч Тимотоо харахыг ихэд хүсэмжлэн: «Над уруу даруй ирэхийг хичээгээрэй» гэж бичиж байсан (Филемон 9; 2 Тимот 1:3, 4; 4:9). Настайчуудын зарим нь шууд утгаар шоронгийн хоригдол биш ч өвчин хуучаасаа болоод гэрээс гарч чаддаггүй. Үнэн хэрэгтээ, тэд: «Манайхаар даруйхан очихыг бодоорой» гэж хэлэхийг хүсдэг байж болох юм. Тэр хүсэлтийг нь бид биелүүлдэг үү?

18. Настайчууд дээр очих нь ямар ямар сайн үр дүнд хүргэдэг вэ?

18 Нас нь ахисан, сүнслэг ах эгч дээрээ зочилж очихын ач холбогдлыг дутуу үнэлж хэрхэвч болохгүй. Онисефор гэдэг христиан Ромд байхдаа Паулыг хичээнгүйлэн хайж олоод, «олон удаа [түүнийг] сэргээж» байсан (2 Тимот 1:16, 17). «Би залуу хүмүүстэй хамт байх дуртай. Тэд намайг яг л гэр бүлийнхээ гишүүн шиг үздэг нь хамгийн сайхан санагддаг. Би их урам авдаг шүү» гэж настай нэгэн эгч хэлжээ. Өөр нэг христиан эгч: «Надад хэн нэг нь ил захидал илгээхэд, цөөн хором ч болов утсаар ярихад, эсвэл манайхаар ороод гарахад нь би их талархдаг. Цэвэр агаар амьсгалсан мэт сэргэдэг юм» гэж хэлсэн.

Санаа тавьдаг хүмүүсийг Ехова шагнадаг

19. Өндөр настнуудад санаа тавих нь ямар тустай вэ?

19 Өндөр настнуудад санаа тавих нь олон талын тустай. Жишээ нь, ахмадуудтай нөхөрлөвөл тэднээс ухаан, туршлага суух сайхан боломж олддог. Бусдад санаа тавьдаг хүмүүс өгөхийн жаргал амсаж, Судрын дагуу хүлээсэн үүргээ биелүүлдэг учраас сэтгэл амар, хангалуун явдаг (Үйлс 20:35). Түүнээс гадна, өндөр настнуудад санаа тавьдаг хүмүүс өөрсдөө өтлөх цагтаа хаягдана гэж айх хэрэггүй. Бурхны Үг бидэнд: «Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно» гэж баталдаг (Сургаалт үгс 11:25).

20, 21. Өндөр настнуудад санаа тавьдаг хүмүүсийг Ехова хэрхэн үздэг вэ? Бид юунд шийдвэр төгс байх ёстой вэ?

20 Өндөр настнуудынхаа хэрэгцээг амиа бодолгүй хангадаг, Бурхнаас эмээдэг хүүхдүүд, ахлагчид болон бусад халамжит христианыг Ехова шагнадаг. «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө» гэж Бурхны Үгэнд хэлсэн байдагтай дээрх санаа тохирдог (Сургаалт үгс 19:17). Хайрандаа хөтлөгдөн ядуу хүнд харамгүйгээр өгвөл Бурхан тийм өглөгийг өөрт нь зээлүүлсэнтэй адил үзэж, буцааж төлөхдөө ивээдэг. Ертөнцийнхний хувьд «ядуус» боловч «итгэл дотор баян» итгэл нэгт ахмадууддаа санаа тавьдгийн маань төлөө Ехова буцааж төлдөг (Иаков 2:5).

21 Бурхан буцааж төлөхдөө юутай өгөөмөр ханддаг гээч! Тэрээр мөнхийн амиар төлдөг. Еховагийн үйлчлэгчдийн ихэнх нь диваажин дэлхий дээр мөнх амьдарч, удамшин дамжсан нүглийн уршгийг амсахаа больж, Бурханд үнэнч настайчууд дахин идэр залуу насных шигээ эрч хүчтэй болно (Илчлэлт 21:3–5). Тэр гайхамшигт цагийг хүлээнгээ өндөр настнуудад санаа тавих христиан үүргээ биелүүлсээр байцгаая.

[Зүүлт]

^ Өндөр настай эцэг эхээ хэрхэн асрах тухай практик зөвлөгөөг «Сэрцгээ!» сэтгүүлийн 1994 оны 2-р сарын 8-ны дугаарын 3—10-р хуудаснаас үзнэ үү (англи).

Та хэрхэн хариулах вэ?

• Үр хүүхдүүд настай эцэг эхээ хэрхэн хүндэлж болох вэ?

• Ахлагчид сүргийнхээ ахмад гишүүдийг үнэлдгээ хэрхэн харуулдаг вэ?

• Христиан хүн бүр өндөр настнуудад чин сэтгэлээсээ санаа тавьдгаа харуулан юу хийж болох вэ?

• Настай христиануудад санаа тавивал ямар ямар ивээл хүртдэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[17-р хуудасны хавсралт]

Эцэг эхдээ тусалсан нь

Филип 1999 онд Либерид барилгын бригадын сайн дурын гишүүн байхдаа эцэг нь хүнд өвчтэй байгааг дуулжээ. Ээж нь ганцаараа хүч хүрэхгүй гэж мэдээд, гэртээ харьж, аавыгаа эмчлүүлэхээр шийджээ.

Гэртээ харих амаргүй байсан. Гэхдээ би юуны түрүүнд эцэг эхийнхээ ачийг хариулах ёстой гэдгээ ойлгосон» гэж Филип дурсан ярьжээ. Дараагийн гурван жилд нь тэрээр аав ээж хоёроо илүү тохиромжтой байшинд нүүлгэж, нутгийнхаа христиануудын тусламжтайгаар тэр байшинг аавынхаа онцгой хэрэгцээнд тохируулан засжээ.

Эдүгээ Филипийн ээж нөхрөө ганцаараа асраад байж чадахаар болжээ. Филип саяхан Македони дахь Еховагийн Гэрчүүдийн салбарт сайн дурын ажилчнаар ажиллах урилга хүлээн авчээ.

[19-р хуудасны хавсралт]

Тэд түүнийг зөнд нь орхиогүй

Австралид амьдардаг, 85 настай Ада гэгч христиан эмэгтэйн эрүүл мэнд муудаж, гэрээс гарахаа болиход хурлынх нь ахлагчид түүнд туслах арга хэмжээ авчээ. Тэд тусалж чадах хүмүүсийг нэгтгэн, баг байгуулжээ. Тэр ах эгч нар гэр цэвэрлэх, угааж арчих, хоол хийх, зарлаганд гүйх зэргийн ажлыг дуртайяа хийдэг аж.

Энэ ажил бараг арван жилийн өмнөөс эхэлсэн. Одоогийн байдлаар гуч гаруй Гэрч Адад туслах ажилд оролцоод байна. Тэд Ада эгчийг эргэн очиж, түүнд Библид үндэслэсэн хэвлэлээс уншиж өгч, хурлынхаа гишүүдийн сүнслэг ололт амжилтаас дуулгаж, тогтмол хамт залбирдаг байна.

Тэдний хурлын нэг ахлагч: «Ада эгчид тусалдаг хүмүүс энэ ажлаа баяр хөөр гэж үздэг. Тэд түүний олон жил үнэнч үйлчилснийг нь хараад урам авдаг. Тэгээд одоо өөрсдөө түүнийг зөнд нь орхиж чаддаггүй юм» гэж хэлжээ.