Skip to content

Гарчиг руу орох

Өндөр настнууд христиан ахан дүүсийн барилдлагад хүндтэй байр эзэлдэг

Өндөр настнууд христиан ахан дүүсийн барилдлагад хүндтэй байр эзэлдэг

Өндөр настнууд христиан ахан дүүсийн барилдлагад хүндтэй байр эзэлдэг

«ЭЗЭНий өргөөнд суулгагдсан тэд... цэцэглэнэ. Тэд хөгширсөн ч жимс гаргана» (ДУУЛАЛ 92:13, 14).

1. Хүмүүс өндөр настнуудыг хэрхэн үздэг вэ?

 ЕХОВА бүх үнэнч үйлчлэгчдээ, тэр дундаа, настай үйлчлэгчдэдээ хайртай. Гэтэл, АНУ-ын хэмжээнд явуулсан нэгэн судалгаагаар тус улсад жил бүр бараг хагас сая өндөр настан зүй бус харьцаа, үл тоомсорлосон байдалтай тулгардаг ажээ. Бусад орнуудад ч гэсэн иймэрхүү явдал гардаг тухай мэдээ баримт байгаа нь ахмадуудтай зүй бусаар харьцах явдал дэлхий нийтэд тулгамдсан асуудал болсныг харуулдаг. Нэгэн байгууллага үүний шалтгааныг «настай хүнийг тус болохоосоо өнгөрсөн, хийж бүтээх үеэ өнгөрөөсөн, бусдад төвөг уддаг... гэж үзэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай» холбон тайлбарлажээ.

2. а) Ехова өндөр настай, үнэнч үйлчлэгчдээ хэрхэн үздэг вэ? б) Дуулал 92:12—15-д ямар таатай үг байдаг вэ?

2 Ехова Бурхан өндөр настай, үнэнч үйлчлэгчдээ эрхэмлэн үздэг. Тэрээр «доторх хүнийг» буюу сүнслэг байдлыг маань анхаарахаас бус махан биеийн хязгаарыг хардаггүй (2 Коринт 4:16). Түүний Үг Библид: «Зөв шударга хүн дал мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана. ЭЗЭНий өргөөнд суулгагдсан тэд бидний Бурхны хашаануудад цэцэглэнэ. Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна. Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм» гэсэн сэтгэлд таатай үг байдаг (Дуулал 92:12–15). Эдгээр зүйлийг анхааралтай авч үзвэл өндөр настан та бүхэн христиан ахан дүүсийн барилдлагад үнэтэй хувь нэмэр оруулж болохоо ойлгоно.

«Хөгширсөн ч жимс гаргана»

3. а) Зөвт хүнийг дал модтой зүйрлэсэн нь ямар учиртай вэ? б) «Хөгширсөн ч жимс» хэрхэн ургуулсаар байж болох вэ?

3 Дуулалч зөвт хүнийг «бидний Бурхны хашаануудад суулгагдсан» дал модтой зүйрлэн, «хөгширсөн ч жимс гаргана» гэжээ. Энэ зүйлийг өөр нэг орчуулгад: «Өтөл насанд ч тэд үр жимс ургуулсаар байна» гэж буулгажээ («Tanakh»). Урам хайрласан үг гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Библи бичиж байх үед Ойрхи Дорнодын орнуудад хашаанд тарьсан, өндөр саглагар дал мод элбэг байжээ. Дал мод сайхан чимэглэл болдог төдийгүй, жимс их ургуулдаг, зарим нь бүр зуу гаруй жил жимс өгдөг их үнэ цэнтэй мод юм. * Та ч гэсэн жинхэнэ шүтлэгт баттай «суулгагдвал» «аливаа сайн ажилд үр дүн [«үр жимс», ШЕ] гаргасаар» байх болно (Колоссай 1:10).

4, 5. а) Христианууд ямар чухал үр жимс ургуулах ёстой вэ? б) «Уруулын үр жимс» ургуулдаг байсан настнуудын жишээ татна уу.

4 Ехова христиануудыг «уруулын үр жимс» ургуулах буюу өөрийг нь магтан алдаршуулж, санаа зорилгыг нь тунхаглан яриасай гэж хүсдэг (Еврей 13:15). Энэ нь ахмад настан та нарт бас хамаатай юу? Яриангүй, хамаатай.

5 Еховагийн нэр болон санаа зорилгыг аймшиггүйгээр гэрчилж байсан ахмад хүмүүсийн олон жишээ Библид байдаг. Тухайлбал, Мосе Еховагийн даалгавраар зөнч, төлөөлөгч нь болохдоо аль хэдийнээ «дал» гарчихаад байсан (Дуулал 90:10; Египетээс гарсан нь 4:10–17). Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн тухай зоригтой гэрчлэхэд нь зөнч Даниелд өндөр нас саад болоогүй. Белшазар хаан Даниелаар ханан дээрх учир битүүлэг бичээсийн утгыг тайлбарлуулахаар дуудахад тэрээр 90 гаруй настай байсан бололтой (Даниел 5-р бүлэг). Тэгвэл нас дээр гарсан элч Иоханы тухай юу хэлж болох вэ? Олон жил үнэнч үйлчилснийхээ эцэст, «Бурхны үг болон Есүсийн гэрчлэлээс» болж Патм арал дээр хоригдсон (Илчлэлт 1:9). Өндөр настай болсон хойноо ч «уруулын үр жимс» ургуулсаар байсан, Библийн бусад олон баатрыг та санаж байгаа биз ээ (1 Самуел 8:1, 10; 12:2; Хаадын дээд 14:4, 5; Лук 1:7, 67–79; 2:22–32).

6. Ехова эцсийн өдрүүдэд «эш үзүүлэхэд» «хөгшчүүлийг» хэрхэн ашигладаг вэ?

6 Элч Петр Еврей Судрыг бичигчдийн нэг, зөнч Иоелын үгийг иш татан: «Бурхан айлдаж байна. „Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний [тэр дундаа, «хөгшчүүл»] дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. [...] ...Тэд эш үзүүлэх болно“» гэж мэдэгджээ (Үйлс 2:17, 18; Иоел 2:28). Энэ ч ёсоороо, Ехова эдүгээ «эцсийн өдрүүдэд» тослогдогсдын анги болон «өөр хонинуудын» ахмад гишүүдээр санаа зорилгоо тунхаглуулдаг (Иохан 10:16, МБОХ, 1996). Тэдний зарим нь Хаанчлалын үр жимсийг олон арван жил үнэнчээр ургуулж байна.

7. Тамир тэнхээ муутай ч Хаанчлалын үр жимс тасралтгүй ургуулж байгаа настайчуудын жишээ хэлнэ үү.

7 Жишээ болгон, 1941 онд Хаанчлалын бүрэн цагийн дэлгэрүүлэгч болсон Сонягийн тухай ярилцъя. Тэр эгч архаг хуучаасаа болж олон жил зовсон ч гэртээ Библийн хичээл тогтмол явуулдаг байжээ. Соня: «Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил амьдралын минь нэг хэсэг. Нарийн яривал, амьдрал минь юм даа. Би ч „тэтгэвэрт“ гарахгүй шүү» гэж хэлжээ. Нэг удаа Соня, эгч Оливтойгоо хамт эмнэлгийн хүлээлгийн өрөөнд, эдгэршгүй өвчтэй Жанет гэдэг эмэгтэйтэй тааралдаж, Библийн найдварын талаар ярилцжээ. Жанетын ээж их сүсэгтэй католик шашинтан байсан ч охинд нь хайр халамж тавьж байгааг үзээд уярч, Библи судлахаар болжээ. Тэрээр одоо хичээлээ амжилттай хийж байгаа аж. Та ч гэсэн Хаанчлалын үр жимс ургуулах иймэрхүү боломжийг алдалгүй ашигладаг уу?

8. Өндөр настай Калеб Еховад найддагаа хэрхэн харуулсан бэ? Ахмад христианууд түүний жишээг яаж дуурайж болох вэ?

8 Өндөр настай христианууд өтөл насны зовлонг үл хайхран, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа зоригтой, шаргуу хийдэг нь дөчин жил Мосег даган цөлөөр явсан, үнэнч Калебын жишээг дуурайж байгаа хэрэг юм. Калеб Иордан голыг гаталж, Амласан газар орохдоо нас сүүдэр 79 хүрээд байсан. Израилийн ялгуусан армид зургаан жил хүчин зүтгэснийхээ дараа гавьяаныхаа амралтад гарч болох л байсан. Гэхдээ тэгээгүй. Тэрээр Иудагийн уулархаг нутаг дахь, ер бусын том биетэй анакчуудын суудаг «агуу том бэхлэгдсэн хотуудыг» эзлэн авах амаргүй даалгавар өгөхийг зориглон гуйсан. Бурхны тусламжтайгаар Калеб «Түүний [Еховагийн] хэлсэнчлэн тэднийг... хөөн гаргаж» чадсан (Иошуа 14:9–14; 15:13, 14). Ехова Калебыг орхиогүй шигээ, өндөр настай таныг Хаанчлалын үр жимс тасралтгүй ургуулахад тань хамт байна гэдэгт итгэлтэй байгаарай. Хэрэв таныг үнэнч үлдвэл Ехова амласан шинэ ертөнцдөө танд ч гэсэн газар өгнө (Исаиа 40:29–31; 2 Петр 3:13)

«Тэд шүүслэг ба ногоон байна»

9, 10. Итгэл дотор эрүүл, сүнслэг тамир тэнхээгээ алдахгүй байхын тулд нас ахисан христианууд юу хийх хэрэгтэй вэ? (18-р хуудасны хавсралтыг үзнэ үү.)

9 Бурхны өндөр настай үйлчлэгчид ч үр жимс ургуулдгийг дуулалч тэмдэглэн: «Зөв шударга хүн дал мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана. Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна» хэмээн дуулжээ (Дуулал 92:12, 14).

10 Нас ахисаар байгаа ч сүнслэг тамир тэнхээгээ яаж алдахгүй байх вэ? Дал мод олон жил үзэмжтэй сайхан ургадгийн нууц нь цэвэр усны, шавхагдашгүй эх булагтай холбоотой ажээ. Үүнтэй адилаар, та ч мөн адил Бурхны Үгийг судалж, байгууллагаас нь холбоогоо таслахгүй байж, Библийн үнэний уснаас шим тэжээл авч болно шүү дээ (Дуулал 1:1–3; Иеремиа 17:7, 8). Сүнслэг тамир тэнхээ сайтай ахмад христиан хүн итгэл нэгтнүүдийнхээ сайн сайханд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Нас дээр гарсан тэргүүн тахилч Иехоиадагийн жишээнээс энэ үгийн үнэнийг мэдэж болно.

11, 12. а) Иудагийн хаант улсын түүхэнд Иехоиада ямар чухал үүрэг гүйцэтгэсэн бэ? б) Иехоиада жинхэнэ шүтлэгийг дэмжин дэлгэрүүлэхийн төлөө эрх мэдлээ яаж ашигласан бэ?

11 Эрх мэдэлд шунасан Аталиа хатан ач нараа хөнөөн, Иудаг захирах эрхийг хүчээр гартаа оруулсан тэр үед Иехоиада зуу гаруй настай байсан бололтой. Өндөр настай тэрээр юу хийж чадах бол оо? Амьд үлдсэн, цорын ганц, хаан ширээ залгамжлагч Иоашийг Иехоиада эхнэртэйгээ хамт сүмд зургаан жил нуужээ. Дараа нь байдал гайхалтай эргэж, Иехоиада долоон настай Иоашийг хаанаар өргөмжилж, Аталиаг цаазлуулжээ (Шастирын дэд 22:10–12; 23:1–3, 15, 21).

12 Иехоиада, хааныг асран халамжлахын зэрэгцээ жинхэнэ шүтлэгийг дэмжин дэлгэрүүлэхийн төлөө эрх мэдлээ ашиглажээ. Тэрээр «өөрөө, бүх ард түмэн болон хааны хооронд тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээ байгуулсан». Түүний тушаалаар ард олон хуурамч бурхан Баалын сүм, тахилын ширээнүүдийг нурааж, хиймэл шүтээнүүдийг нь эвдэж, тахилчийг нь алсан. Түүнээс гадна, Иоаш Еховагийн сүмийн үйлчлэлийг сэргээж, зайлшгүй шаардлагатай байсан засварын ажлыг хийсэн нь Иехоиадагийн удирдлага дор явуулсан арга хэмжээ байв. «Тахилч Иехоиада өөрт нь зааварлаж байсан бүх өдрийн туршид Иехоаш [Иоаш] ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн» (Шастирын дэд 23:11, 16–19; 24:11–14; Хаадын дэд 12:2). Иехоиадаг зуун гучин настайдаа нас барахад онцгой хүндэтгэл үзүүлэн, хаадын дунд оршуулсан. Учир нь «тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлдсэн» (Шастирын дэд 24:15, 16).

13. Ахмад христианууд «Бурхан ба Түүний өргөөнд» яаж «сайныг үйлдэж» болох вэ?

13 Эрүүл мэнд муудах юм уу бусад нөхцөлөөс болоод та жинхэнэ шүтлэгийг дэмжин дэлгэрүүлэх ажилд хүссэн хэмжээгээрээ оролцож чадахгүй байж болох юм. Тэглээ ч гэсэн, «Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлдэх» боломж танд бий. Цуглаанд явж, идэвхтэй оролцон, боломжтой үедээ сайн мэдээ дэлгэрүүлэх нь Еховагийн сүнслэг өргөөний төлөө хичээл зүтгэлтэй байдгаа харуулж буй хэрэг юм. Библийн зөвлөгөөг дуртайяа хүлээн авч, «итгэмжит, ухаалаг боолыг» болон хурлаа үнэнчээр дэмжих нь христиан ахан дүүсийн барилдлагыг маань улам бэхжүүлнэ (Матай 24:45–47). Түүнчлэн, итгэл нэгтнүүдээ «хайр болон сайн үйлсэд» хөхүүлэн урамшуулж болно (Еврей 10:24, 25; Филемон 8, 9). Хэрэв та элч Паулын: «Настай эрчүүд биеэ барьдаг, хүндэтгэлтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл [«тамир тэнхээтэй», «An American Translation»] байх ёстой. Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, юу сайн болохыг заах ёстой» хэмээн зөвлөснийг хэрэгжүүлбэл бусдадаа тус болно (Тит 2:2–4).

14. Христиан ахлагчаар олон жил үйлчилж байгаа ах нар жинхэнэ шүтлэгийг дэмжин дэлгэрүүлэхийн төлөө юу хийж болох вэ?

14 Та хурлын ахлагчаар үйлчлээд удаж байна уу? «Нас ахихын хэрээр хуримтлуулсан туршлагаа бусдын сайн сайхны төлөө ашиглаарай. Бусадтай хариуцлагаа ч, сурч мэдэх чин хүсэлтэй хүмүүстэй туршлагаа ч хуваалцаарай. [...] Бусдын авьяас чадварыг нээж, түүнийг нь дэмжиж, хөгжүүлээрэй. Ирээдүйн бэлтгэлээ базаахад нь туслаарай» гэж олон жил ахлагчаар үйлчилж байгаа нэг ах зөвлөжээ (Дэд хууль 3:27, 28). Улам бүр өргөжин тэлж буй, Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажилд чин сэтгэлээсээ санаа тавих нь бусад христиан ахан дүүсдээ олон талын тус хүргэнэ.

«ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглагтун»

15. Өндөр настай христианууд «ЭЗЭН шулуун шударга гэдгийг» хэрхэн «тунхагладаг» вэ?

15 Настай христианууд «ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглах» үүргээ баяр хөөртэй биелүүлдэг. Хэрэв та нас ахисан христиан бол Ехова «миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй» хэмээн үг яриа, үйл хэргээрээ бусдад харуулж болно (Дуулал 92:15). Дал мод Бүтээгчийнхээ гайхамшигтай чанаруудыг чимээгүйхэн гэрчилдэг. Харин Ехова танд, одоо үнэнийг хүлээн авч байгаа хүмүүст өөрийг нь гэрчлэх хосгүй завшаан олгожээ (Дэд хууль 32:7; Дуулал 71:17, 18; Иоел 1:2, 3). Еховаг гэрчлэх ямар учраас чухал бэ?

16. «ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын» чухлыг Библийн ямар жишээ харуулдаг вэ?

16 Израилийн удирдагч Иошуа «нас ахиж хөгширснийхөө дараа» Бурхны шулуун шударга үйлсийг сануулахын тулд «бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлжээ». Тэрээр: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн» гэж хэлсэн (Иошуа 23:1, 2, 14). Энэ үг нэг хэсэгтээ л хүмүүст Бурханд үнэнч байх эрмэлзлийг төрүүлсэн. Гэвч Иошуаг нас барсны дараа «ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв. Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв» (Шүүгчид 2:8–11).

17. Ехова орчин үед ард түмнийхээ төлөө ямар ямар гайхамшиг үйлдсэн бэ?

17 Өнөөгийн христиан хурлын үнэнч байх эсэх нь Бурхны өндөр настай үйлчлэгчдийн аман гэрчлэлээс шалтгаалахгүй. Гэхдээ эцсийн өдрүүдэд ард түмнийхээ төлөө Еховагийн үйлдсэн, үйлдэж байгаа «гайхамшгийг» биеэрээ үзсэн хүмүүсийн үгийг сонсвол Бурхан болон амласан бүхэнд нь итгэх итгэл маань бэхэждэг (Шүүгчид 2:7; 2 Петр 1:16–19). Хэрэв та Еховагийн байгууллагатай нэгдээд олон жил болсон бол танай нутагт Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэгч цөөхөн байсан юм уу дэлгэрүүлэх ажлыг эрс эсэргүүцдэг байсан тэр үеийг мэддэг байж болох юм. Цаг хугацаа өнгөрч, Ехова саадыг арилгаж, дэлгэрүүлэгчдийн тоог «яаравчлан» өсгөснийг үзсэн биз ээ (Исаиа 54:17; 60:22). Библийн сургаал улам тодорхой болж, Бурхны байгууллагын үзэгдэх хэсэгт аажмаар өөрчлөлт гарсныг анзаарсан байх (Сургаалт үгс 4:18; Исаиа 60:17). Та Еховагийн шулуун шударга үйл хэргийг үзсэнээ бусадтай хуваалцан, итгэлийг нь бэхжүүлэхийг хичээдэг үү? Энэ нь манай христиан ахан дүүсийн барилдлагыг бэхжүүлэх сайн нөлөөтэй!

18. а) «ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглах» нь олон жилийн дараа ч үр дүнгээ өгч болохыг жишээгээр тайлбарлана уу. б) Ехова шулуун шударга гэдгийг та хэрхэн биеэрээ үзсэн бэ?

18 Ехова танд «санаа тавьж» (ШЕ), хувийн амьдралд тань удирдлага өгсөн тухайд юу хэлж болох вэ? (Дуулал 37:25; Матай 6:33; 1 Петр 5:7). Марта гэдэг настай эгч: «Юу ч болж байсан, Еховаг хэзээ ч битгий орхиорой. Тэр чамайг дэмжинэ» гэж хэлж бусдыг зоригжуулдаг байжээ. Энэ зөвлөгөө нь Мартатай Библи судалж, 1960-аад оны эхээр баптисм хүртсэн Толминад их хүчтэй нөлөөлжээ. Толмина: «Нөхрийгөө нас барахад би үнэхээр сэтгэлээр унасан даа. Гэхдээ тэр үгийн ачаар би ганц ч цуглаан таслахгүй байхаар шийдсэн юм. Тэгэхэд Ехова намайг их дэмжсэн» гэж дурсжээ. Эдүгээ Толмина өөрөө, Библийн хичээл хийдэг хүмүүстээ тэр зөвлөгөөг өгдөг болжээ. Урам хайрласан үг хэлж, Еховагийн шулуун шударга үйл хэргийн тухай яривал итгэл нэгтнүүдийнхээ итгэлийг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулна.

Ехова үнэнч, настай үйлчлэгчдээ эрхэмлэдэг

19, 20. а) Ехова ахмад үйлчлэгчдийнхээ үйл хэргийг хэрхэн үздэг вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

19 Талархах сэтгэлийг умартсан өнөөгийн ертөнцөд өндөр настнуудыг бараг анхаарч үздэггүй (2 Тимот 3:1, 2). Анхаардаг юм гэхэд, өмнө нь гаргасан ололт амжилтыг дурсаж, ямар байсныг нь санахаас одоо ямар байгааг нь тоодоггүй. Гэтэл Библид: «Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж хэлдэг (Еврей 6:10). Ехова Бурхан таныг өмнө нь үнэнч үйлчилдэг байсныг санаж байгаа нь гарцаагүй. Түүнээс гадна, одоо ч үйлчлэн байгааг тань өндөр үнэлдэг. Тийм ээ, Ехова үнэнч, ахмад христиануудыг хийж бүтээдэг хэвээрээ, итгэл дотор эрүүл, сүнслэг тамир тэнхээтэй гэж үздэг. Тэд Бурхны хүчний амьд гэрчлэл мөн! (Филиппой 4:13).

20 Та ахмад христиан ахан дүүсээ Еховагийн нүдээр хардаг уу? Хэрэв тийм бол, тэднийг хайрладгаа харуулах хүсэл төрнө (1 Иохан 3:18). Дараагийн өгүүллээр итгэл нэгт настайчуудынхаа хэрэгцээг хангаж, тэднийг хайрладгаа хэрхэн харуулж болохыг үзье.

[Зүүлт]

^ Хасарваанийн хонгорцог бүр мянга хүртэл тооны жимстэй байж болох бөгөөд 8 кг юм уу түүнээс ч их жин татах нь байдаг. Нэгэн зохиолч «жимс сайтай [дал] мод амьд байх хугацаандаа эзэндээ 2-3 тонн жимс өгдөг» гэж тооцоолжээ.

Та хэрхэн хариулах вэ?

• Настайчууд үр жимс хэрхэн ургуулдаг вэ?

• Өндөр настай христианууд сүнслэг тамир тэнхээтэй байвал бусдын сайн сайханд ямар үнэтэй хувь нэмэр оруулдаг вэ?

• Ахмад христианууд «ЭЗЭН шулуун шударга гэдгийг» хэрхэн «тунхагладаг» вэ?

• Ехова өөрт нь олон жил үйлчилж байгаа хүмүүсийг эрхэмлэдгийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны хавсралт]

Тэд итгэл дотор хэрхэн эрүүл байдаг нь

Бурханд олон жил үйлчилж буй христиануудыг итгэл дотор эрүүл байж, сүнслэг тамир тэнхээгээ алдахгүй байхад нь юу тусалдаг вэ? Тэдний зарим нь юу гэж хэлснийг дор иш татав.

1930 онд баптисм хүртсэн Олив эгч: «Еховатай тогтоосон харьцааны маань чухлыг ойлгуулдаг зүйл унших нь их ач холбогдолтой. Би бараг орой болгон 2391-р дууллыг цээжээр уншдаг» гэж хэлжээ.

1946 онд баптисм хүртсэн Харри ах: «Би баптисм хүртэх хүмүүст зориулсан, чуулганы илтгэл бүрийг яг л өөрөө баптисм хүртэх гэж байгаа юм шиг анхааралтай сонсож байхаар шийдсэн. Бурханд өөрийгөө зориулснаа тод санаж байх нь үнэнч байдлаа хадгалахад тусалдаг чухал хүчин зүйл юм» гэж хэлжээ.

1951 онд баптисм хүртсэн Антонио ах: «Еховагаас тусламж, хамгаалалт, ивээл гуйж, „бүх замаараа түүнийг анхааран“ өдөр бүр залбирах нь их чухал (Сургаалт үгс 3:5, 6, ШЕ)» гэж туршлагаа хуваалцжээ.

1954 онд баптисм хүртсэн Жоан эгч: «Еховад олон жил үнэнч үйлчилж байгаа хүмүүсийн туршлагыг сонсохлоор Бурханд үнэнч байх шийдвэр минь бэхэждэг» хэмээн тайлбарлажээ.

1954 онд баптисм хүртсэн Арлен эгч: «Өөрийнхөө тухай их бодохгүй байх нь чухал. Бидэнд байгаа бүхэн Бурхны нигүүлслийн ач билээ. Ийм үзэлтэй байх нь төгсгөл хүртэл тэвчихэд шаардлагатай сүнслэг хоол авч болох зөв зүгт хандуулдаг» гэж тус тус хэлжээ.