Skip to content

Гарчиг руу орох

Амьд Бурхнаар удирдуулагтун

Амьд Бурхнаар удирдуулагтун

Амьд Бурхнаар удирдуулагтун

«Тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан уруу эргэгтүн» (ҮЙЛС 14:15).

1, 2. Еховаг «амьд Бурхан» гэж хүлээн зөвшөөрөх нь яагаад зүйтэй вэ?

 ЭЛЧ ПАУЛ Барнаб хоёр Лустрт нэг өвчтэй хүнийг эдгээснийхээ дараа уг үйл явдлыг үзсэн хүмүүст: «Бид та нартай адил хүмүүс байна шүү дээ. Та нарыг эдгээр дэмий хоосон зүйлээ орхиж, тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан уруу эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм» хэмээн хэлжээ (Үйлс 14:15).

2 Ехова бол амьгүй хиймэл шүтээн биш, «амьд Бурхан» гэдэг нь туйлын үнэн! (Иеремиа 10:10; 1 Тесалоник 1:9, 10). Ехова өөрөө амьд төдийгүй, бидний амийн Эх булаг билээ. «Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмыг бүгдэд өгдөг» (Үйлс 17:25). Биднийг одоо ч, ирээдүйд ч жаргалтай амьдраасай гэж хүсдэг. «[Бурхан] Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» гэж Паул цааш нь хэлсэн (Үйлс 14:17).

3. Бурхны удирдлагад найдаж болохын учир юу вэ?

3 Бурхны удирдлагад найдаж болохын баталгаа нь тэрээр бидэнд санаа тавьдаг явдал юм (Дуулал 147:8; Матай 5:45). Гэсэн ч зарим хүн Библийн тушаалыг ойлгодоггүй юм уу хэтэрхий хатуу гэж үздэгээсээ болоод Бурхнаар удирдуулахаас татгалздаг. Гэхдээ Еховагийн удирдлагад найдах нь ухаалаг болохыг амьдралын туршлага харуулдаг. Жишээ нь, Мосегийн хуулиар, цогцост хүрэхийг хориглосон байсан. Гэтэл үүний учрыг израиль хүн ойлгохгүй байна гэж бодъё. Гэлээ ч энэ хуулийг сахивал өөрт нь л тустай. Нэгдүгээрт, дуулгавартай байснаараа амьд Бурханд улам ойртоно. Хоёрдугаарт, өвчин тусахаас сэргийлэх байв (Левит 5:2; 11:24).

4, 5. а) Есүсийг дэлхийд ирэхээс өмнө Ехова цусны тухайд ямар тушаал өгсөн бэ? б) Цусны тухай Бурхны тушаал христиануудад ч хамаатайг бид хаанаас мэддэг вэ?

4 Цусны тухайд Бурхны өгсөн тушаал ч гэсэн тустай. Хүмүүс хүнсэндээ цус хэрэглэх ёсгүй гэж Бурхан Ноад хэлсэн. Цусыг, нүглийг уучлуулахын тулд зөвхөн тахилын ширээн дээр хэрэглэхийг зөвшөөрснөө Ехова хожим Мосегийн хуулиар мэдэгдсэн. Эдгээр тушаалын цаана Бурхан цусыг хамгийн агуу байдлаар хэрэглэх арга хэмжээний үндсийг тавьж байжээ. Тэрхүү арга хэмжээ нь Есүсийн золиосоор хүмүүсийн амийг аврах явдал байв (Еврей 9:14). Тийм ээ, Бурхан бидний амийг аврахыг хүсэж, сайн сайханд маань санаа тавьдаг гэдгийг тэдгээр тушаал харуулсан. ХІХ зууны Библи судлаач эрдэмтэн Адам Кларк Эхлэл 9:4-ийг тайлбарлан: «[Ноад өгсөн] энэ тушаалыг христ шашны зүүний урсгал одоо ч ягштал баримталдаг. [...] Хуульд заасны дагуу ямар ч цус иддэггүй байсны учир нь цус хүмүүсийн нүглийн төлөө асгарах ёстой тэр цусыг зааж байсан бөгөөд Евангелид тэмдэглэснээр ч цус идэх ёсгүй байсан. Яагаад гэвэл, цус нүглийг уучлуулахын тулд асгарсан тэр цусыг сануулдаг гэж үзэх ёстой» гэж бичжээ.

5 Тэрээр «Евангели» гэж бичихдээ Есүсийн тухай сайн мэдээг хэлсэн бололтой. Тэр мэдээ нь Бурхан биднийг мөнх амьтай болгохын тулд Хүүгээ бидний төлөө үхүүлж, Хүүгийнх нь цус урссан тухай юм (Матай 20:28; Иохан 3:16; Ром 5:8, 9). Түүнчлэн, дээрх судлаач Христийн дагалдагчид цусыг цээрлэх ёстой тухай бас нэг тушаалыг ч тайлбартаа багтаажээ.

6. Цусны тухайд ямар тушаал христиануудад өгсөн бэ? Яагаад?

6 Израильчуудад өгсөн Бурхны хуульд олон зуун заалт байсныг та лав мэдэх биз ээ. Христийг үхсэнээс хойш шавь нар нь тэдгээрийг сахиж биелүүлэх шаардлагагүй болсон (Ром 7:4, 6; Колоссай 2:13, 14, 17; Еврей 8:6, 13). Гэтэл, Хуульд заасан нэг чухал шаардлага буюу эр хүний хөвч хөндөхтэй холбоотой асуудал хэсэг хугацааны дараа урган гарч ирсэн. Христийн цусаар нүглээ уучлуулахыг хүссэн израиль биш хүмүүс Мосегийн хуульд захирагддагаа харуулж хөвч хөндүүлэх ёстой юу? МЭ 49 онд христиануудын удирдах зөвлөл уг асуудлыг авч хэлэлцжээ (Үйлс 15-р бүлэг). Заавал гүйцэтгэх ёстой байсан хөвч хөндөх ёслол Хуулийн хамт хүчингүй болсныг элч нар болон ахлагчид Бурхны ариун сүнсний тусламжтайгаар ойлгосон. Гэхдээ Еховагийн тогтоосон зарим шаардлага христиануудын хувьд ч хүчинтэй хэвээр байв. Удирдах зөвлөл хурлуудад илгээсэн захидалдаа: «Ариун Сүнсэнд болон бидэнд доор бичигдсэн зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт тохохгүй байх нь зүйтэй санагдав. Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас цээрлэгтүн. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр» гэж бичжээ (Үйлс 15:28, 29).

7. «Цусыг... цээрлэх» нь христиануудын хувьд хэр чухал бэ?

7 «Цусыг... цээрлэх» нь садар самуун болон хиймэл шүтээн шүтэхийг цээрлэхтэй адил ёс суртахууны чухал ач холбогдолтой гэж удирдах зөвлөл үзсэн нь тодорхой байна. Энэ нь цус хэрэглэхийг хориглосон тушаалд ул суурьтай хандах хэрэгтэй гэдгийг баталдаг. Хиймэл шүтээн шүтдэг юм уу садар самуун үйлддэг, үүндээ гэмшдэггүй христианууд «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» бөгөөд «тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл» юм (1 Коринт 6:9, 10; Илчлэлт 21:8; 22:15). Ямар эрс ялгаа байгааг анхаар даа. Бурхны удирдлагыг үл тоомсорлон, цусыг ариун гэж үзэхгүй бол бүрмөсөн устана. Харин Есүсийн золиосыг хүндэтгэдэг бол мөнх амьтай болно.

8. Цусны тухай Бурхны тушаалд христианууд нухацтай ханддаг байсныг юу харуулдаг вэ?

8 Цусны тухай Бурхны тушаалыг эртний христианууд хэрхэн ойлгож, дагаж мөрддөг байсан бэ? Судлаач Кларкийн тайлбарыг санацгаая. Тэрээр: «Евангелид тэмдэглэснээр ч цус идэх ёсгүй байсан. Яагаад гэвэл, цус нүглийг уучлуулахын тулд асгарсан тэр цусыг сануулдаг гэж үзэх ёстой» гэж бичжээ. Эртний христианууд энэ асуудалд нухацтай ханддаг байсныг түүх харуулдаг. Тертуллиан: «Татаж унадаг өвчнөөсөө салахын тулд... мэсчдийн тулаанд сийчүүлсэн гэмт хэрэгтнүүдийн халуун цусыг шунахайран уудаг хүмүүсийг аваад үз л дээ» гэж бичиж байжээ. Христиан биш хүмүүс хүний цусыг хэрэглэж байхад, христианууд «амьтны цусыг ч хоолондоо хэрэглэдэггүй... Та нар христиануудыг эрүүдэн тамлахдаа цусан хиам өгдөг. [Ийм юм] тэдэнд хориотой гэдгийг та нар өөрсдөө сайн мэднэ шүү дээ» гэж Тертуллиан бичжээ. Тийм ээ, христианууд амиа алдах байсан ч цус хэрэглэдэггүй байв. Бурхны тушаалыг дагах нь тэдний хувьд тийм чухал байсан.

9. «Цусыг... цээрлэх» гэдэг нь христиануудын хувьд цус идэхгүй байхаас гадна өөр юу гэсэн үг байсан бэ?

9 Удирдах зөвлөл христиануудад цусыг тэр чигээр нь идэж, уух, цустай мах идэх юм уу цусны хольцтой хоол идэхгүй байхыг л захисан гэж зарим хүн бодож байж болох юм. Бурхны Ноад өгсөн тушаал эхэндээ үнэхээр тийм утгатай байсан. Мөн Есүсийн элч нарын шийдвэр ч христиануудыг «боомилогдсон зүйл» буюу цустай махыг «цээрлэхийг» сануулсан (Эхлэл 9:3, 4; Үйлс 21:25). Гэхдээ эртний христианууд уг хориг илүү гүнзгий утгатай гэдгийг ойлгож байсан. Тэр үед цусыг эмчилгээний зорилгоор заримдаа хэрэглэдэг байжээ. Татаж унадаг өвчнөөсөө салах гэсэндээ христиан биш хүмүүс цус хэрэглэдэг байсныг Тертуллиан тэмдэглэсэн байсан. Түүнээс гадна, өөр бусад өвчнийг эмчлэх зорилгоор болон эрүүл мэндэд сайн гэсэн үндэслэлээр цус хэрэглэдэг байсан байж болох юм. Тиймээс, «цусыг... цээрлэх» гэдэг нь христиануудын хувьд цусыг «эмчилгээний» зорилгоор ч хэрэглэхгүй байх гэсэн үг байлаа. Тэд амь нас нь хутганы ирэн дээр байхад ч энэ байр сууриа бат баримталдаг байсан.

Цусыг эмчилгээний зорилгоор хэрэглэх нь

10. Орчин үед цусыг эмчилгээнд ямар ямар аргаар хэрэглэж байна вэ? Үүнээс үүдэн ямар асуулт гардаг вэ?

10 Орчин үед цусыг эмчилгээний зорилгоор түгээмэл ашигладаг. Дээр үед шархадсан цэрэг зэрэг өвчтөнд донороос авч хадгалсан бүхэл цус юүлдэг байсан. Хожим нь эрдэмтэд цусны үндсэн хэсгүүдийг ялган авч чаддаг болжээ. Ийнхүү цусны хэсгүүдийг юүлдэг болсноор эмч нар донорын цусыг олон өвчтөнд хуваан, жишээлбэл, сийвэнг нэг өвчтөнд, улаан бөөмийг өөр нэг өвчтөнд ашиглах боломжтой болсон. Судалгааны хүрээ гүнзгийрэхийн хэрээр цусны үндсэн нэг хэсгээс, тухайлбал, сийвэнгээс дахин олон жижиг хэсгийг тусгай аргаар ялган авч, бүр олон тооны өвчтөнд сэлбэдэг болжээ. Энэ чиглэлийн судалгаа тасралтгүй явагдаж байгаа бөгөөд цусны жижиг хэсгүүдийг хэрэглэх шинэ шинэ арга нэвтэрч байна. Энэ асуудалд христиан хүн хэрхэн хандах ёстой вэ? Жишээ нь, христиан хүн өөрөө цус сэлбүүлэхгүй гэж хатуу шийдчихээд байна гэж бодъё. Гэтэл эмч цусны үндсэн хэсгийн нэг болох улаан бөөмийн цул юүлүүлэхийг ятгавал яах вэ? Эсвэл эмчилгээнд цусны үндсэн хэсгээс ялгаж авсан жижиг хэсгүүдийг ашиглана гэвэл яах вэ? Христиан хүн иймэрхүү асуудалтай тулгарвал, цус бол ариун бөгөөд зөвхөн Христийн цус жинхэнэ утгаар амь авардаг гэсэн итгэл үнэмшилдээ тулгуурлан ямар шийдвэр гаргах вэ?

11. Еховагийн Гэрчүүд цус сэлбэх асуудлаар анагаах ухааны баримтад үндэслэн ямар үзлийг олон жилийн өмнөөс баримталж байна вэ?

11 Еховагийн Гэрчүүд цусны тухайд ямар үзэл баримталдгаа олон жилийн өмнө тодорхой илэрхийлсэн. Жишээлбэл, «Америкийн Анагаах ухааны холбооны сэтгүүл»-ийн 1981 оны 11-р сарын 27-ны дугаарт нэг өгүүлэл нийтлүүлсэн. * Уг өгүүлэлд «Эхлэл», «Левит», «Үйлс» номоос иш татан: «Эдгээр зүйлийг эмнэлгийн хэлээр бичээгүй боловч цусыг бүхлээр нь, улаан бөөм, сийвэн, цагаан бөөм болон ялтас хэлбэрээр юүлүүлэхийг хориглосон утгатай гэж Еховагийн Гэрчүүд үздэг» хэмээн бичсэн. 2001 онд гарсан «Эмнэлгийн яаралтай тусламж» гэдэг гарын авлагад «Цусны найрлага» гэсэн гарчгийн дор: «Цус нь сийвэн, улаан бөөм, цагаан бөөм, ялтас зэрэг үндсэн хэсгүүдээс тогтоно» гэж тэмдэглэжээ. Тийм учраас, Еховагийн Гэрчүүд анагаах ухааны баримтад үндэслэн бүхэл цус болон үндсэн дөрвөн хэсгийн аль алиныг сэлбэхээс татгалздаг.

12. а) Еховагийн Гэрчүүд цусны үндсэн дөрвөн хэсгээс ялгаж авсан жижиг хэсгүүдийг хэрэглэхэд баримтлах үзлийнхээ талаар юу гэж тэмдэглэсэн бэ? б) Энэ сэдвээр нэмэлт мэдээлэл хаанаас олж болох вэ?

12 Дээр дурдсан сэтгүүлийн өгүүлэлд: «Гэрчүүдийн шашны баримтлал альбумин, иммуноглобулин зэрэг [жижиг хэсгүүд] болон гемофиль өвчнийг эмчлэх бэлдмэл ашиглахыг бүрмөсөн хорьдоггүй бөгөөд эдгээрийг хэрэглэх эсэхээ Гэрчүүд дор бүрнээ шийдэх ёстой» гэж тэмдэглэжээ. 1981 оноос хойш эмнэлгийн практикт цусны үндсэн хэсгүүдээс ялгаж авсан олон жижиг хэсгийг ашиглах болсон. Тийм учраас «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 6-р сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт» буланд энэ сэдвээр их тустай өгүүлэл нийтэлсэн. Одоогийн олон сая уншигчийнхаа тусын тулд тэр өгүүллийг энэ дугаарын 19, 20-р хуудсанд хавсаргав. Уг өгүүлэлд дээрх асуулттай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл, баримт сэлтийг оруулсан билээ. Гэхдээ энэ өгүүлэл нь 1981 оны өгүүллийн үндсэн зарчимтай тохирдог.

Таны мөс чанарын үүрэг

13, 14. а) Мөс чанар гэж юу вэ? Цусны тухай асуудал шийдэхэд мөс чанар ямар үүрэгтэй вэ? б) Мах идэх тухайд Бурхан израильчуудад ямар заавар өгсөн бэ? Ямар ямар асуулт гарч болох байсан бэ?

13 Энэ асуудлаар шийдвэр гаргах нь мөс чанартай холбоотой. Яагаад гэвэл, христианууд Бурхны удирдлагыг дагах ёстойгоо хүлээн зөвшөөрдөг ч, зарим асуудлыг хувь хүн мөс чанартаа захирагдан өөрөө шийдэх ёстой болдог. Мөс чанар гэдэг бол аливааг, тэр дундаа, ёс суртахууны асуудлыг дүгнэн цэгнэж, шийдвэр гаргах төрөлхийн чадвар юм (Ром 2:14, 15). Гэхдээ хүн хүний мөс чанар өөр байдаг нь ойлгомжтой. * Зарим хүн «мөхөс мөс чанартай» гэж Библид бичсэн нь зарим хүнийх хүчтэй байдгийг харуулдаг (1 Коринт 8:12). Бурхны хүсэл тааллыг танин мэдэж, үзэл бодлыг нь ойлгож, шийдвэр гаргахдаа эдгээрийг хэрэгжүүлэх чадварын хувьд христианууд харилцан адилгүй. Үүнийг ойлгохын тулд израильчууд мах идэх асуудалд хэрхэн ханддаг байсныг жишээ болгон ярилцъя.

14 Бурханд дуулгавартай хүн цустай мах идэхгүй гэдгийг Библи тодорхой харуулдаг. Онцгой байдалд цустай мах идсэн израиль цэргүүд ноцтой алдаа гаргасан буюу нүгэл үйлдсэн буруутан болж байсан нь энэ асуудал хэчнээн чухал болохыг харуулдаг (Дэд хууль 12:15, 16; 1 Самуел 14:3–35). Гэхдээ: «Израиль хүн хонь гаргахдаа цусыг нь хэр зэрэг хурдан юүлж асгах ёстой байсан бэ? Цусыг нь шавхахын тулд хоолойг нь огтлох ёстой байсан уу? Хонийг хойд хөлөөс нь дүүжлэх шаардлагатай байв уу? Тийм бол хэр зэрэг удаан дүүжлэх вэ? Хэрэв үхэр гаргавал яах вэ? Цусыг нь шавхсаны дараа ч тодорхой хэмжээний цус үлдсэн байж болох шүү дээ. Тийм мах идэж болох уу? Хэн үүнийг шийдэх вэ?» гэх зэргийн олон асуулт гарч болох байсан.

15. Мах идэх тухайд зарим израиль хүн хэрхэн ханддаг байсан бэ? Гэхдээ Бурхан ямар удирдлага өгсөн бэ?

15 Бурхны тушаалыг биелүүлэхийг хичээдэг израиль хүн дээрх асуултуудтай тулгарчээ гээд төсөөл дөө. Махны зах дээр зардаг мах идэхгүй байх нь хамгийн аюулгүй гэж нэг нь бодож байхад өөр нэг нь хиймэл шүтээнд тахил болгон өргөж байсан байж болзошгүй махыг идэхгүй байх жишээтэй. Харин бусад нь махнаас цусыг нь юүлж асгах зан үйл хийснийхээ дараа л иддэг байсан бололтой * (Матай 23:23, 24). Израильчууд ийн өөр өөрөөр ханддаг байсныг та юу гэж үзэж байна вэ? Түүнээс гадна, Бурхан дээр дурдсан шиг янз бүрийн зан үйл хийхийг шаарддаггүй байсан учир тэд өмнө нь тулгарсан олон асуултаа рабби нарын зөвлөлд уламжлан, нэг бүрчлэн шийдүүлэх нь зөв биш үү? Иудаизмд тийм жаяг тогтсон ч гэлээ, Ехова цусны тухай асуудлыг дээрх байдлаар шийдэж байхыг жинхэнэ үйлчлэгчдэдээ тушаагаагүйд бид баярладаг. Мосегийн хуульд цэвэр гэж заасан амьтдыг хэрхэн нядалж, цусыг нь юүлэх тухайд Бурхан шаардлагатай удирдлага өгсөн. Гэхдээ Хуульд зааснаас өөр удирдлага өгөөгүй (Иохан 8:32).

16. Цусны үндсэн хэсгээс ялгаж авсан жижиг хэсгээр үйлдвэрлэдэг эмийн бэлдмэлийг христианууд ямар учраас өөр өөрөөр үздэг вэ?

16 11, 12-р догол мөрд тэмдэглэснээр Еховагийн Гэрчүүд бүхэл цус болон цусны үндсэн дөрвөн хэсэг буюу сийвэн, улаан бөөм, цагаан бөөм, ялтас сэлбэхийг зөвшөөрдөггүй. Тэгвэл үндсэн хэсгээс ялгаж авсан жижиг хэсгийг, жишээлбэл, ямар нэг өвчнийг эсэргүүцэх юм уу могойн хор тайлах эсрэг бие бүхий ийлдсийг яах вэ? («Харуулын цамхаг»-ийн 2000 оны 6-р сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт»-ын 12-р догол мөрийг үзнэ үү.) Зарим хүн ийм жижиг хэсгүүдийг цусны мөн чанараа алдчихсан учир «цусыг... цээрлэх» тушаалд хамаарахгүй гэж үздэг (Үйлс 15:29; 21:25, «Уншигчдын асуулт»-ын 15-р догол мөр). Ийм шийдвэр гаргадаг христианууд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ. Харин зарим хүний мөс чанар (хүн болон амьтны) цуснаас ялгаж авсан бүх юмнаас, тэр байтугай, аль нэг үндсэн хэсгээс ялгаж авсан жижиг хэсгээс ч татгалзахыг шаарддаг. * Түүнчлэн, цусны сийвэнгийн уургийг ямар нэг өвчнийг эсэргүүцэх юм уу могойн хор тайлах зорилгоор хэрэглэхийг зөвшөөрдөг ч бусад жижиг хэсгийг хэрэглэхээс татгалздаг хүмүүс байдаг. Түүнээс гадна, цусны үндсэн дөрвөн хэсгийн аль нэгээс ялгаж авсан зарим бүтээгдэхүүн тухайн үндсэн хэсгээс ялгарахааргүй үйлчилгээтэй байдаг бөгөөд биед орохлоороо амь тэтгэх нөлөө үзүүлдэг тул ихэнх христианууд тэдгээрийг хэрэглэх нь буруу гэж үздэг.

17. а) Цусны жижиг хэсгийг хэрэглэх эсэхийг шийдэхэд мөс чанар маань хэрхэн туслах вэ? б) Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь ямар учраас тийм чухал бэ?

17 Энэ асуудлаар шийдвэр гаргахдаа Библид мөс чанарын талаар юу гэж байдгийг удирдлага болгох хэрэгтэй. Эхлээд Бурхны үзэл бодлыг Үгээс нь мэдэж аваад, энэ мэдлэг мөс чанарт тань хэрхэн нөлөөлөхийг хүлээх нь зүйтэй. Ингэж гэмээнэ та хэн нэгнийг өөрийн тань өмнөөс шийдвэр гаргахыг гуйлгүй, өөрөө Еховагийн удирдлагын дагуу шийдвэр гаргаж чадна (Дуулал 25:4, 5). Цусны жижиг хэсгийг хэрэглэх тухайд зарим хүн: «Нэгэнт л мөс чанарын асуудал юм бол, яасан ч яах вэ» гэж боддог. Гэхдээ ингэж бодох нь буруу. Зарим асуудлыг мөс чанараараа шийдэж болдог гэдэг нь тэр асуудал тийм чухал биш гэсэн үг биш ээ. Харин ч их чухал байж болох юм шүү. Нэг шалтгаан нь, гаргасан шийдвэр маань биднээс өөр мөс чанартай хүмүүст нөлөөлдөг. Зах дээр зардаг махыг өмнө нь хиймэл шүтээнд өргөж байсан байж болох тухай Паулын зөвлөснөөс бид үүнийг ойлгодог. Христиан хүн итгэл нэгтнүүдийнхээ «мөхөс мөс чанарыг шархлуулахгүй» байхыг хичээх ёстой. Эс тэгвээс «ах дүү [нь]... үрэгдэж» болох юм. Гэтэл «түүний төлөө л Христ үхсэн» учраас бүдрүүлсэн хүн Христийн эсрэг нүгэл үйлдэж байж болох юм. Тийм учраас, цусны жижиг хэсгийг хэрэглэх эсэхийг мөс чанараар шийдэж болох ч энэ шийдвэртээ туйлын нухацтай хандах ёстой (1 Коринт 8:8, 11–13; 10:25–31).

18. Цусны асуудлаар шийдвэр гаргахдаа христиан хүн мөс чанараа мэдрэмжгүй болгохоос хэрхэн сэргийлэх вэ?

18 Цусны тухай асуудлыг шийдэхдээ өөр нэг зүйлийг нухацтай авч үзэх шаардлагатай. Энэ бол таны шийдвэр танд хэрхэн нөлөөлөх тухай юм. Хэрэв цусны жижиг хэсгийг хэрэглэнэ гэхэд Библийн дагуу сургасан мөс чанар тань зовоогоод байвал үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. Хэн нэг хүн танд: «Буруу юм огт алга. Олон хүн үүнийг хэрэглэдэг шүү дээ» гэж хэлсний зоргоор мөс чанараа хүчээр дарах ёсгүй. Өнөөдөр олон сая хүн мөс чанараа тоохгүй байсаар мэдрэмжгүй болгож, худал хэлэх гэх мэтийн буруу хэрэг хийхдээ гудиггүй царайлдаг. Христианууд иймэрхүү хандлагаас зайлсхийх ёстой нь ойлгомжтой (2 Самуел 24:10; 1 Тимот 4:1, 2).

19. Цустай холбоотой асуудал шийдэхдээ юуг хамгийн түрүүнд санаж байх ёстой вэ?

19 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны зургадугаар сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт»-д нийтэлсэн өгүүллийн төгсгөлд: «Христиануудын үзэл бодол, мөс чанарынхаа дагуу гаргасан шийдвэр өөр өөр байдаг гэдэг нь тухайн асуудал чухал биш гэсэн үг үү? Үгүй, чухал» гэж бичжээ. Ялангуяа, «амьд Бурхантай» тогтоосон харьцаа тань үүнээс шалтгаалах учир тун чухал. Бурхантай тогтоосон харьцаа бол биднийг Есүсийн урсгасан цусаар аварч, мөнх амьтай болгох цорын ганц зүйл билээ. Бурхан цусаар чухал арга хэмжээ авдаг, өөрөөр хэлбэл, амь авардаг учир цусыг хүндэтгэх үзэл бодол хөгжүүлээрэй. Паул: «Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа. Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов» хэмээн тун оновчтой бичжээ (Ефес 2:12, 13).

[Зүүлт]

^ Энэ өгүүллийг, Еховагийн Гэрчүүдийн олон хэлээр гаргасан «Цус таны амийг яаж аврах вэ?» товхимлын 27—29-р хуудсанд давтан нийтэлсэн болно.

^ Нэг удаа Паул дөрвөн христианы хамт Мосегийн хуульд заасан ёсоор өөрсдийгөө цэвэршүүлэхийн тулд сүм уруу явсан. Хэдийгээр Мосегийн хууль тэр үед хүчингүй болчихсон байсан ч, Паул Иерусалим дахь ахлагчдын зөвлөснөөр тийн явжээ (Үйлс 21:23–25). Гэхдээ зарим христианы мөс чанар сүм уруу явах юм уу тиймэрхүү ёслол хийлгэхийг нь зөвшөөрөхгүй байсан байж болох юм. Тэр үед хүмүүсийн мөс чанар өөр өөр байсан шиг одоо ч өөр өөр байдаг.

^ Нэгэн нэвтэрхий тольд махыг «цусгүй» болгох «бүрэн хэмжээний, нарийвчилсан» зааврыг бичжээ. Уг зааварт махыг усанд хэдэн минут дэвтээх, цусыг нь хэрхэн шавхах, ямар давсаар үрэх, хүйтэн усанд хэдэн удаа угаах зэргийг тэмдэглэжээ («Encyclopaedia Judaica»).

^ Зарим тарилгын найрлагад ордог гол буюу идэвхтэй хэсгийг цуснаас биш, нийлэг аргаар гаргаж авч ашиглах нь орчин үед ихсэж байна. Гэхдээ зарим тохиолдолд цусны үндсэн хэсгээс ялгаж авсан альбумин гэх мэтийн жижиг хэсгийг бага хэмжээгээр ашигладаг. («Харуулын цамхаг» сэтгүүлийн 1994 оны 10-р сарын 1-ний дугаарын «Уншигчдын асуулт»-ыг үзнэ үү [англи].)

Та санаж байна уу?

• Бурхан Ноа, израильчууд, христиануудад цусны тухай ямар тушаал өгсөн бэ?

• Цус хэрэглэх тухайд Еховагийн Гэрчүүд юунаас эрс татгалздаг вэ?

• Цусны үндсэн дөрвөн хэсгээс ялгаж авсан жижиг хэсгүүдийг хэрэглэх эсэхийг мөс чанараараа шийдэж болно гэдэг нь юу гэсэн үг вэ? Ингэхдээ юуг харгалзан үзэх хэрэгтэй вэ?

• Шийдвэр гаргахдаа Бурхантай тогтоосон харьцаагаа хамгийн түрүүнд санаж байх ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]