Skip to content

Гарчиг руу орох

Бурхныг алдаршуулдаг хүмүүс ивээл хүртдэг

Бурхныг алдаршуулдаг хүмүүс ивээл хүртдэг

Бурхныг алдаршуулдаг хүмүүс ивээл хүртдэг

«Өө, ЭЗЭН, ...Таны өмнө хүндэтгэн мөргөж, тэд Таны нэрийг алдаршуулна» (ДУУЛАЛ 86:9).

1. Бурхныг алдаршуулах бидний чадвар ямар учраас амьгүй бүтээлийнхээс илүү вэ?

 ЕХОВА бол бүх бүтээлээсээ магтаал хүлээх зохистой нэгэн билээ. Амьгүй бүтээл нь түүнийг чимээгүй алдаршуулдаг. Харин хүмүүс бид бодох, ойлгох, талархах, Бурхныг шүтэх чадвартай. Тэгэхлээр, «Бүх газар дэлхий [«дэлхийн хүмүүс бүгдээрээ» ШЕ], Бурханд баяртайгаар хашхир. Түүний нэрд сүр жавхланг дуул. Түүний магтаалыг сүр жавхлантай болго» хэмээсэн дуулалчийн үг бидэнд хамаатай ажээ (Дуулал 66:1, 2).

2. Бурхны нэрийг алдаршуулах тушаалыг хэн биелүүлдэг вэ? Яагаад?

2 Ихэнх хүн Бурхан байдгийг хүлээн зөвшөөрөхөөс, түүнийг алдаршуулахаас татгалздаг. Гэхдээ, 235 оронд Еховагийн зургаан сая гаруй Гэрч Бурхны «үл үзэгдэх чанаруудыг» бүтээсэн зүйлээс нь харж, бүтээлийн чимээгүй гэрчлэлийг «сонсдогоо» харуулдаг (Ром 1:20; Дуулал 19:2, 3). Түүнчлэн, тэд Библи судалсны ачаар Еховаг мэддэг, хайрладаг болжээ. Дуулал 86:9, 10-т: «Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж, Таны өмнө хүндэтгэн мөргөж, тэд Таны нэрийг алдаршуулна. Учир нь Та бол агуу бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг. Та ганцаараа л Бурхан юм» гэж зөгнөсөн байдаг.

3. «Үй олон хүн» Еховад «өдөр шөнөгүй» үйлчилдэг гэж юу гэсэн үг вэ?

3 Илчлэлт 7:9, 15-д Бурхныг шүтдэг «үй олон хүнийг» «Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг» гэж дээрхийн адил дүрсэлсэн байдаг. Энэ нь Ехова үйлчлэгчдээсээ өөрийг нь зогсолтгүй алдаршуулахыг шаарддаг гэсэн үг биш, харин тэд дэлхий дахинд нэг байгууллагад нэгддэг гэдгийг харуулдаг. Үнэхээр ч, дэлхийн нэг өнцөгт шөнө болж байхад нөгөө өнцөгт Бурхны үйлчлэгчид гэрчлэх ажлаа хийгээд завгүй байдаг. Тийм учраас, Еховаг алдаршуулдаг хүмүүсийн хувьд нар хэзээд мандаж байдаг гэж хэлж болно. Удахгүй Еховаг магтан алдаршуулахын тулд «амьсгалтай бүхэн» дуугаа нэгтгэнэ (Дуулал 150:6). Харин тэр болтол Бурхныг алдаршуулахын тулд бид дор бүрнээ юу хийж болох вэ? Ямар ямар бэрхшээлтэй тулгарч болох вэ? Бурхныг алдаршуулдаг хүмүүс ямар ямар ивээл хүртдэг вэ? Эдгээр асуултад хариулахын тулд эртний Израилийн Гад овгийн тухай Библид тэмдэглэснийг авч үзэцгээе.

Эрт цагт тулгарсан бэрхшээл

4. Гад овог ямар ямар бэрхшээлтэй тулгарах ёстой байсан бэ?

4 Амласан газар орохоосоо өмнө Израилийн Гад овгийнхон Иордан голоос зүүн тийш байдаг бэлчээр сайтай нутагт суурьшихыг хүсжээ (Тооллого 32:1–5). Тэнд суувал амаргүй бэрхшээлтэй тулгарах байлаа. Харин Иорданы баруунтайд суувал хамгаалагдана гэсэн үг байв. Учир нь Иордан голын хөндий саад бартаа ихтэй тулд түрэмгийлэгчид довтлоход амаргүй байж (Иошуа 3:13–17). Иорданаас зүүн тийш байх нутгийн талаар Жорж Адам Смит «Ариун нутгийн түүхэн газар зүй» гэдэг номдоо: «[Тэр нутаг] Арабын их тэгш өндөрлөгт байх, довтолгооноос хамгаалах саад бараг байхгүй цэлийсэн тал газар аж. Тийм ч учраас, өлсгөлөн нүүдэлчид тэднийг үргэлж довтолж, зарим нь бөөнөөрөө бэлчээр уруу нь жил бүр дайрдаг байв» гэж бичжээ («The Historical Geography of the Holy Land»).

5. Халдан довтлогчдод хариу цохилт өгөхийг Иаков Гадын үр удамд хэрхэн мэдэгдсэн бэ?

5 Гад овгийнхон ийм байнгын дарамтыг яаж тэсвэрлэх юм бол оо? Хэдэн зууны тэртээ тэдний өвөг эцэг Иаков үхэхийнхээ өмнө: «Гад нь цэрэгт [дээрэмчдэд] довтлуулах боловч тэдний араас хөөж довтолно» хэмээн урьдчилан хэлсэн (Эхлэл 49:19). Анх сонсоход энэ нь өөдтэй үг биш шиг санагдаж болох юм. Гэтэл, үнэндээ, энэ нь хариу цохилт өгөхийг гадчуудад тушаасан хэрэг байжээ. Хэрэв тийн хариу цохилт өгвөл довтолсон этгээдүүд шившигтэйгээр ухарч, Гад овгийнхон тэднийг араас нь хөөж довтолно гэж Иаков батлан хэлжээ.

Еховаг шүтэхэд бидэнд тулгардаг бэрхшээл

6, 7. Өнөөгийн христианууд эртний Гад овгийнхонтой төстэй ямар байдалд байдаг вэ?

6 Өнөөдөр христианууд Гад овгийнхонтой адилаар Сатаны тогтолцооны дарамт шахалтад орж, тэмцэх хэрэгтэй болдог. Гэхдээ Ехова биднийг тулгарсан бэрхшээлээс гайхамшгаар аврахгүйг бид ойлгодог (Иов 1:10–12). Бидний олонх нь сургуульд сурах, амьдралаа залгуулах, үр хүүхдээ өсгөх гэж зүтгэхдээ янз бүрийн бэрхшээл давах шаардлага гардаг. Хувийн амьдралдаа ч амаргүй асуудалтай тулгарч, сэтгэл санааны дарамттай байх үе гардгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Зарим хүн биеийн согог, хүнд өвчин гэх мэтийн «махан биеийн өргөсийг» тэвчих ёстой болдог (2 Коринт 12:7–10). Түүнээс гадна, өөрийгөө хүндэтгэхээ больж сэтгэлээр шаналсан хүмүүс байдаг. Өтөл насны «хүнд өдрүүд» ахмад христиануудыг Еховад урьдынх шигээ эрч хүчтэй үйлчлэхэд саад учруулдаг байж магадгүй (Номлогчийн үгс 12:1).

7 Түүний зэрэгцээ, «бидний тэмцэл бол... тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнслэг хүчний эсрэг» гэдгийг элч Паул сануулдаг (Ефес 6:12). Сатан болон түүний чөтгөрүүдийн хөөрөгддөг «ертөнцийн сүнс» буюу самуун явдал, ёс суртахууны ялзралын сүнс биднийг байнга нэрвэж байдаг (1 Коринт 2:12; Ефес 2:2, 3). Бурхнаас эмээдэг Лотыг дарамталсан шиг, өнөөдөр биднийг ч гэсэн эргэн тойрны маань хүмүүсийн ёс журамгүй үг яриа, үйл хэрэг дарамталж болох юм (2 Петр 2:7). Түүнээс гадна, Сатан бидэн уруу шууд довтолдог. Тэрээр «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» тослогдогсдын үлдэгдэлтэй дайтдаг (Илчлэлт 12:17). Есүсийн «өөр хонинууд» уруу ч бас хориг, хавчлагын хэлбэрээр довтолдог (Иохан 10:16, МБОХ, 1996 он).

Ухрах уу эсвэл хариу цохилт өгөх үү?

8. Сатаны довтолгоог бид хэрхэн хариулах ёстой вэ? Яагаад?

8 Сатаны довтолгоонд бид хэрхэн хариулах ёстой вэ? Эртний Гад овгийнхны адилаар бид сүнслэгээр бат бэх байж, Бурхны удирдлага дор хариу цохилт өгөх ёстой. Гэтэл зарим хүн сүнслэг үүргээ үл тоон, амьдралын бэрхшээлээс болж ухардаг нь харамсалтай (Матай 13:20–22). Нэг Гэрч хурлынх нь цуглааны ирц буурч байгаа талаар: «Ах дүү нар маань үнэхээр их ядарч байна. Бүгд л сульдчихаж» гэж хэлжээ. Өнөөдөр хүнийг ядраах юм олон байгаа нь үнэн. Тийм ч учраас, Бурханд үйлчлэх нь бас нэг дарамт, ядаргаатай зүйл мэт санагдаж болох юм. Гэхдээ ингэж үзэх нь зөв гэж үү?

9. Христийн буулгыг авбал хэрхэн сэргэдэг вэ?

9 Есүс амьдралын бэрхшээлд сөхөрсөн тухайн үеийнхээ хүмүүст юу гэж хэлснийг авч үзье. Тэрээр: «Нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн та нар бүгдээрээ над уруу ир. Би та нарыг сэргээнэ» гэж хэлжээ. Бурханд үйлчлэхээ багасгавал сэргэнэ гэж хэлсэн байна уу? Харин ч эсрэгээр нь: «Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан. Та нар сэргэх болно» гэж хэлсэн. Буулга гэдэг нь хүн, амьтны хүнд ачаа чирэхэд зориулсан тахир мод буюу төмөр юм. Тэгвэл, хэн тийм буулга авахыг хүсэх юм бэ? Бид, тэртэй тэргүй, «ачаа үүрчихээд» байгаа биш үү? Тийм ээ, гэхдээ энэ зүйл грек хэлээр: «Миний буулганд надтай хамт орогтун» гэсэн утга бас илэрхийлдэг байна. Ачаагаа үүрэхэд маань Есүс бидэнд тусална гэснийг бодоод үз дээ! Өөрийнхөө чадлаар зүтгэх хэрэггүй (Матай 9:36; 11:28, 29, ШЕ; 2 Коринт 4:7 «хүчний давамгайлал» [«хирээс хэтэрсэн хүч», ШЕ]).

10. Бурхныг алдаршуулахын төлөө хүчин чармайлт гаргахад ямар үр дүнд хүрдэг вэ?

10 Есүсийн шавийн буулга авах нь Сатаны эсрэг тэмцэж байна гэсэн үг. «Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» гэж Иаков 4:7-д амласан байдаг. Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Бурханд үйлчлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй (Лук 13:24). Гэхдээ Дуулал 126:5-д: «Нулимс дуслуулан үр суулгагчид баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно» гэж Библи амладаг. Тэгээд ч бидний шүтдэг Бурхан талархуу сэтгэлтэй бөгөөд «Өөрийг нь хайгч хүмүүст... Шагнагч нь болж», өөрийг нь алдаршуулдаг хүмүүсийг ивээдэг (Еврей 11:6).

Хаанчлалын тухай дэлгэрүүлэн Бурхныг алдаршуулах нь

11. Дэлгэрүүлэх ажил Сатаны довтолгооноос хэрхэн хамгаалдаг вэ?

11 Есүс: «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» гэж тушаасан. Дэлгэрүүлэх ажил бол Бурханд «магтаалын тахил» өргөх үндсэн арга юм (Матай 28:19; Еврей 13:15). «Амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөх» нь Сатаны довтолгооноос хамгаалах «бүрэн хуяг дуулгын» салшгүй хэсэг билээ (Ефес 6:11–15). Дэлгэрүүлэх ажилд оролцон Бурхныг алдаршуулах нь итгэлээ бэхжүүлэх сайн арга мөн (2 Коринт 4:13). Энэ нь ухаан санааг маань элдэв дарамтаас чөлөөлдөг (Филиппой 4:8). Дэлгэрүүлэх ажилд оролцох нь итгэл нэгтнүүдээ дэмжих сайхан боломж олгодог.

12, 13. Дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь гэр бүлд ямар ач тустай вэ? Жишээ татна уу.

12 Дэлгэрүүлэх ажил христиан гэр бүлд их тустай байдаг. Хүүхэд залуусыг тохирсон хэмжээгээр амрааж зугаацуулах хэрэгтэй нь мэдээж. Гэр бүлээрээ дэлгэрүүлэх ажлыг халширмаар дарамт болгож болохгүй. Харин ч таатай ажил болгохын тулд эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү үр дүнтэй дэлгэрүүлэх арга зааж өгвөл сайн. Хүүхэд залуус чаддаг ажлаа хийхдээ сэтгэл хангалуун байдаггүй гэж үү? Эцэг эхчүүд үр хүүхдээсээ хирээс нь хэтэрсэн юм шаардалгүй, наанатай цаанатай ханддаг бол хүүхдүүд нь дэлгэрүүлэх ажлаас баяр баясгалан авна (Эхлэл 33:13, 14).

13 Тэрчлэн, Бурхныг хамтдаа алдаршуулдаг гэр бүлийн гишүүд хоорондоо улам дотно болдог. Жишээ болгон, нэг эгчийн тухай ярилцъя. Гэрч бус нөхөр нь тэр эгчийг таван хүүхэдтэй нь орхиод явчихжээ. Ингээд ажил хийж, хүүхдүүдээ тэжээх амаргүй үүрэг тэр эгчийн нуруун дээр бууж. Тэгтлээ их санаа зовж, хүүхдүүдийнхээ сүнслэг хэрэгцээг гаргуунд нь хаясан уу? Тэрээр: «Би Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг нямбай судалж, уншсанаа амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг байсан. Хүүхдүүдээ цуглаанд ч, айлаар дэлгэрүүлэх ажилд ч тогтмол авч явдаг байсан. Ингэж хичээсний минь үр дүн юу байсан гээч? Таван хүүхэд минь тавуулаа баптисм хүртсэн» хэмээн дурсан ярьжээ. Бүх боломжоо дайчлан Бурханд үйлчилбэл үр хүүхдээ Еховагийн «дэг журам болон сургамж дотор» хүмүүжүүлэхэд тань танд ч бас тус болно (Ефес 6:4).

14. а) Хүүхдүүд сургууль дээрээ Бурхныг хэрхэн алдаршуулж болох вэ? б) «Сайн мэдээнээс ичихгүй» байхад юу туслах вэ?

14 Хүүхдүүд ээ, хэрэв танай нутагт олон нийтийн газар дэлгэрүүлэхийг хуулиар зөвшөөрдөг бол, та нар сургууль дээрээ дэлгэрүүлж Бурхныг алдаршуулдаг уу? Эсвэл хүнээс айж биеэ барьдаг уу? (Сургаалт үгс 29:25 «хүний айдас» [«хүнээс айх нь», ШЕ]). Пуэрто-Рикод амьдардаг 13 настай Гэрч охин: «Би сургууль дээрээ дэлгэрүүлэхээс хэзээ ч ичдэггүй. Яагаад гэвэл, миний итгэдэг зүйл үнэн гэдгийг би мэддэг. Би хичээл дээрээ гараа өргөж, Библиэс мэдсэн зүйлээ бусдад үргэлж ярьдаг. Сургууль дээр зав гарсан үед би сургуулийнхаа номын санд очиж, „Залуучуудын асуулт“ номыг уншдаг» гэж бичжээ. * Ехова тэр охины хүчин чармайлтыг ивээдэг болов уу? Тэрээр: «Манай ангийнхан заримдаа надаас юм асуухаар барахгүй номоосоо авчирч өгөхийг гуйдаг» гэж хэлжээ. Хэрэв та нар сургууль дээрээ дэлгэрүүлэх тухайд биеэ барьдаг бол Библийг бие даан нямбай судалж, «Бурхны... сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг» өөртөө батлах хэрэгтэй байж болох юм (Ром 12:2). Сурч мэдсэн тань үнэн гэдэгт итгэлтэй болбол «сайн мэдээнээс» хэзээ ч «ичихгүй» (Ром 1:16).

Үйлчлэлээ өргөжүүлэх «хаалга нээгддэг» нь

15, 16. Зарим христиан «үлэмж том... хаалга» нээж, үйлчлэлээ хэрхэн өргөжүүлсэн бэ? Ямар ямар ивээл хүртсэн бэ?

15 Үйлчлэлийн «үлэмж том... хаалга» өмнө нь нээгдсэн тухай элч Паул бичжээ (1 Коринт 16:9). Та ч гэсэн нөхцөл байдалдаа тохируулан «хаалга» нээж, үйлчлэлээ өргөжүүлж чадах уу? Жишээлбэл, байнгын эхлэгч болж, сар болгон 70 цаг дэлгэрүүлэх юм уу туслах эхлэгчээр үйлчилж 50 цаг дэлгэрүүлж болох юм. Эхлэгчдийг үнэнч үйлчилдгийнх нь төлөө итгэл нэгтнүүд нь хүндэтгэдэг нь дамжиггүй. Гэхдээ тэд олон цаг дэлгэрүүлдэг гэж өөрсдийгөө бусдаасаа дөвийлгөдөггүй. Харин ч, Есүсийн: «Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн» гэж хэлсэн шиг байхыг хичээдэг (Лук 17:10).

16 Эхлэгчээр үйлчлэхийн тулд хувийн сахилга бат, зохион байгуулалт, өөрийгөө золиослох сэтгэлгээ хэрэгтэй. Гэхдээ та гаргасан хүчин чармайлтаасаа илүү их ивээл хүртэнэ. «Бурхны үнэний Үгийг зөв заах чадвартай байна гэдэг жинхэнэ ивээл мөн. Эхлэгчээр үйлчлэхэд Библийг тогтмол ашигладаг. Одоо би айлаар дэлгэрүүлэхдээ ярилцагч хүн бүрд тохирох Библийн зүйл олж чадна» гэж залуу эхлэгч Тамика хэлжээ (2 Тимот 2:15). «Библийн үнэн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг үзэх нь бас нэг гайхамшигтай ивээл мөн» гэж эхлэгчээр үйлчилдэг Мика эгч хэлсэн байна. Мэттью гэдэг христиан залуу дээрх үгийг зөвшөөрөн, «хэн нэг хүний үнэнд ирж байгааг үзэхийн баяр жаргалыг өөр юугаар ч сольшгүй» гэж ярьжээ.

17. Эхлэгчээр үйлчилж чадахгүй гэж боддог байсан нэг христиан бодлоо хэрхэн өөрчилсөн бэ?

17 Та ч гэсэн эхлэгчээр үйлчилж яагаад болохгүй билээ? Та эхлэгч болохыг хүсдэг ч чадахгүй байх гэж айдаг байж магадгүй. «Эхлэгчээр үйлчлэх тухайд толгойд өөдтэй бодол орж ирдэггүй байж билээ. Чадахгүй байх гэж боддог байсан. Би оршил үг яаж бэлдэж, хүмүүсийг Библийн тусламжтай хэрхэн итгүүлэхийг мэддэггүй байлаа» гэж Кеняаттэ гэдэг залуу эгч хэлжээ. Гэхдээ ахлагчид туршлагатай эхлэгч эгчийг түүний хос болгон томилсон байна. «Тэр эгчтэй хамт дэлгэрүүлэх сайхан байсан. Үүний л ачаар би эхлэгч болох хүсэлтэй болсон» гэж Кеняаттэ хожим нь хэлжээ. Та ч бас жаахан урам аваад, сургууль хийчихвэл эхлэгч болохыг хүсэж болох юм.

18. Миссионерээр үйлчлэхэд ямар ямар ивээл хүртэж болох вэ?

18 Эхлэгчээр үйлчлэх нь үйлчлэлээ улам өргөжүүлэх хаалга байж болох юм. Жишээ нь, зарим хос миссионерийн сургалтад хамрагдан, томилолт авч, гадаадад дэлгэрүүлдэг. Миссионер хүн шинэ хэл, соёл, хоол унд гээд ер нь шинэ газар дасан зохицох ёстой. Гэхдээ эдгээр тав тухгүй байдал миссионерээр үйлчлэхийн ивээлтэй харьцуулахад өчүүхэн юм. Мексикт олон жил үйлчилж байгаа миссионер Милдред эгч: «Би миссионер болохоор шийдсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй. Жаахан охин байхаасаа л мөрөөддөг байсан юм» гэж хэлжээ. Тэр эгч ямар ямар ивээл хүртдэг бол? «Манай нутагт Библи судлал олох хэцүү байсан. Харин энд миний суралцагчдаас дөрвөн хүн нэг зэрэг дэлгэрүүлэгч болох жишээтэй!» хэмээжээ.

19, 20. Бетелд үйлчилдэг, олон улсын барилгын хөтөлбөрт оролцдог, Үйлчлэл дээшлүүлэх сургуульд суралцсан олон хүн ямар ямар ивээл хүртсэн бэ?

19 Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбар буюу Бетелд үйлчилдэг хүмүүс ч бас их ивээл хүртдэг. Германд үйлчилдэг залуу христиан Свен Бетелийн ажлынхаа тухай: «Миний хийж байгаа ажил урт удаан хугацааны ач тустай гэдгийг би мэдэрдэг. Би авъяас чадвараа ертөнцөд ашиглаж болох байсан. Гэхдээ ингэх нь юу юугүй дампуурах гэж байгаа банкинд мөнгөө хадгалуулахтай адил юм» гэж хэлжээ. Цалин авдаггүй сайн дурын ажилчин байхын тулд өөрийгөө золиослох шаардлага гардаг. Гэхдээ Свен ах: «Гэртээ харьж ирээд, өнөөдөр хийсэн бүхэн минь Еховагийн төлөө байсан гэж бодохлоор ямар сайхан санагддаг гэж санана!» хэмээжээ.

20 Зарим ах эгч олон улсын барилгын хөтөлбөрт оролцож, гадаад орнууд дахь салбарын барилга дээр ажилладаг. Найман оронд томилолтоор ажилласан нэг хос: «Эндхийн ах нар ёстой сайхан хүмүүс. Тэднийгээ орхиод явна гэхээр зүрх шимшрэх юм. Бид найм дахь удаагаа зүрхээ „зүсүүлэх“ гэж байна. Гэлээ ч ах нартайгаа их сайхан байсан!» гэж бичжээ. Түүнээс гадна, гэр бүлгүй ах нар Үйлчлэл дээшлүүлэх сургуульд сурч, тусгай сургалтад хамрагдаж болно. Нэг ах уг сургуулийг төгсөхдөө: «Ийм сайхан сургалтад хамруулсанд талархаж байгаагаа хэлье гэхэд үг олдохгүй юм. Бусдыг сургах гэж ингэж их хүчин чармайлт гаргадаг өөр ямар байгууллага байна вэ?» гэж бичжээ.

21. Христианууд бүгдээрээ Бурханд үйлчлэхдээ ямар зорилго тавьдаг вэ?

21 Тийм ээ, үйлчлэлээ өргөжүүлэх олон боломж байна. Бидний ихэнх нь Бетелд юм уу гадаадад үйлчлэх боломжгүй нь ойлгомжтой. Христианууд нөхцөл байдлаасаа шалтгаалаад харилцан адилгүй хэмжээний «үр жимс» ургуулахыг Есүс хүлээн зөвшөөрчээ (Матай 13:23). Тэгэхлээр, христианууд бидний зорилго бол бололцоогоо дээд зэргээр ашиглах буюу нөхцөл байдлынхаа хэрээр Еховад аль болох бүрэн дүүрэн үйлчлэх явдал юм. Хэрэв ингэвэл Еховаг алдаршуулах бөгөөд таалалд нь нийцнэ гэдэгт итгэлтэй байж болно. Өндөр настныг асрах газар амьдардаг Этел гэдэг настай эгчийн жишээг авч үзье. Тэрээр хамт амьдардаг хүмүүстээ байнга гэрчилж, утсаар дэлгэрүүлдэг байна. Боломж нь хязгаартай ч тэр эгч Еховад «бүх сэтгэлээрээ» үйлчилдэг (Матай 22:37).

22. а) Өөр ямар аргаар Бурхныг алдаршуулж болох вэ? б) Ямар гайхамшигтай цаг биднийг хүлээж байна вэ?

22 Дэлгэрүүлэх ажил бол Еховаг алдаршуулах олон аргын зөвхөн нэг нь гэдгийг мартах учиргүй. Бид ажил, сургууль дээрээ болон гэртээ биеэ зөв авч яван, намбатай байвал Еховагийн зүрхийг баярлуулна (Сургаалт үгс 27:11). «Үнэнч үйл хэрэг үйлддэг хүн олон ивээл хүртэнэ» гэж Сургаалт үгс 28:20-д амладаг. Тиймээс, бид «өгөөмрөөр хураахаа» мэддэг тул Бурханд үйлчлэхдээ «өгөөмрөөр тарих» ёстой (2 Коринт 9:6). Ингэж гэмээнэ «амьсгалтай бүхэн» Еховаг зүй ёсоор алдаршуулах тэр гайхамшигт цагийг үзэх хувь бидэнд тохионо! (Дуулал 150:6).

[Зүүлт]

^ «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номыг Еховагийн Гэрчүүд олон хэлээр гаргасан болно.

Та санаж байна уу?

• Ард түмэн нь Еховад «өдөр шөнөгүй» үйлчилдэг гэж юу гэсэн үг вэ?

• Гад овгийнхон ямар бэрхшээлтэй тулгарсан бэ? Энэ нь өнөөгийн христиануудад ямар сургамжтай вэ?

• Дэлгэрүүлэх ажил Сатаны довтолгооноос хэрхэн хамгаалдаг вэ?

• Зарим хүн үйлчлэлээ өргөжүүлэх «хаалга» хэрхэн нээсэн бэ? Ямар ямар ивээл хүртсэн бэ?

[Догол мөрийн асуулт]