Skip to content

Гарчиг руу орох

«Миний та нарт тушаасан бүгдийг сахихыг тэдэнд заагтун»

«Миний та нарт тушаасан бүгдийг сахихыг тэдэнд заагтун»

«Миний та нарт тушаасан бүгдийг сахихыг тэдэнд заагтун»

«Иймээс явж, ...миний та нарт тушаасан бүгдийг сахихыг тэдэнд заан, шавь бэлдэгтүн» (МАТАЙ 28:19, 20, ШЕ).

1. Христийн шавь Филип, этиоп хүн хоёрын хооронд ямар яриа өрнөсөн бэ?

 НЭГЭН эр Этиопоос Иерусалим хүртэл урт зам туулжээ. Тэрээр хайртай Бурхан Еховадаа мөргөхөөр энд ирсэн аж. Тэр хүн бас Бурхны онгодоор бичигдсэн Үгийг хайрладаг нь илэрхий. Гэртээ харих замдаа тэргэн дотроо Исаиагийн зөгнөлийг уншиж явахад нь Христийн шавь Филип түүнтэй тааралджээ. Филип этиоп хүнээс: «Та уншиж байгаагаа ойлгож байна уу?» гэж асуухад, мөнөөх эр: «Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ?» хэмээн хариулжээ. Филип Судрыг чин сэтгэлээсээ судлагч энэ хүнд Христийн шавь болоход нь тусалжээ (Үйлс 8:26–39).

2. а) Этиоп хүний хариулт ямар учраас бидний анхаарлыг татдаг вэ? б) Бид Христийн өгсөн, шавь бэлдэх тушаалтай холбоотой ямар ямар асуулт авч үзэх вэ?

2 Этиоп хүний: «Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ?» хэмээн хэлсэн үгэнд анхаарлаа хандуулъя. Тийм ээ, түүнд уншсан зүйлээ ойлгоход нь багш хэрэгтэй байлаа. Энэ нь шавь бэлдэх тушаалдаа Есүсийн оруулсан нэгэн тусгай зааврын чухлыг харуулдаг. Ямар заавар вэ? Үүний хариуг мэдэхийн тулд «Матай» номын 28-р бүлэгт бичигдсэн Есүсийн үгийг үргэлжлүүлэн авч үзье. Өмнөх өгүүллээр бид ямар учраас, хаана гэсэн хоёр асуултын тухай ярилцсан билээ. Харин одоо Есүсийн өгсөн, шавь бэлдэх тушаалтай холбоотой юуг, хэр удаан заах вэ гэсэн өөр хоёр асуултыг авч үзнэ.

«Бүгдийг сахихыг тэдэнд заагтун»

3. а) Хүн хэрхэн Есүс Христийн шавь болдог вэ? б) Шавь бэлдэхдээ юуг заах ёстой вэ?

3 Хүмүүсийг Христийн шавь болоход нь туслахын тулд бид тэдэнд юуг заах ёстой вэ? Есүс шавь нартаа: «Иймээс явж, бүх үндэстний хүмүүсээс Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр баптисм хүртээн, миний та нарт тушаасан бүгдийг сахихыг тэдэнд зааж, шавь бэлдэгтүн» хэмээн тушаасан (Матай 28:19, 20, ШЕ). Тэгэхлээр, бид Христийн тушаасан зүйлийг заах ёстой. * Гэвч, Есүсийн тушаалуудыг заалгасан хүн шавь болоод зогсохгүй үргэлж шавь байхын тулд яах хэрэгтэй вэ? Есүсийн няхуур сонгож хэлсэн үгнээс нэг гол санаа харагддаг. Тэрээр зүгээр л: «Миний та нарт тушаасан бүгдийг тэдэнд заагтун» гэж хэлээгүй, харин: «Миний та нарт тушаасан бүгдийг сахихыг тэдэнд заагтун» гэж хэлснийг тэмдэглэх хэрэгтэй (Матай 19:17). Энэ нь юу гэсэн үг вэ?

4. а) Тушаалыг сахих гэдэг нь ямар утгатай вэ? б) Христийн тушаалыг сахихыг хүнд заах гэж юу болохыг жишээгээр үзүүлнэ үү.

4 Тушаалыг сахих гэдэг нь үйл хэргээ тэр тушаалд нийцүүлэх буюу түүнд яг таг захирагдана гэсэн үг юм. Тэгвэл, Христийн тушаасныг сахих буюу түүнд захирагдахыг хүмүүст яаж заах вэ? Жишээ болгон, жолооч болох гэж байгаа хүнд жолооны багш замын хөдөлгөөний дүрэм сахихыг яаж заадгийг авч үзье. Багш шавьдаа уг дүрмийг хичээлийн танхимд зааж болно. Харин, эдгээр дүрмийг сахин биелүүлдэг болгож сургахын тулд багш нь шавиа жолооны дадлагад гарган, заалгасан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээх үед нь заавар зөвлөгөө өгдөг. Үүнтэй адилаар, бид хүмүүстэй Библийн хичээл хийхдээ тэдэнд Христийн тушаалыг заадаг. Түүний зэрэгцээ, Христийн сургаалыг өдөр тутмын амьдралдаа болон дэлгэрүүлэх ажилдаа хэрэгжүүлэхийг хичээдэг болоход нь шавь нартаа тусламж үзүүлэх хэрэгтэй (Иохан 14:15; 1 Иохан 2:3). Тэгэхлээр, шавь бэлдэх тухай Христийн тушаалыг бүрэн хэмжээгээр биелүүлэхийн тулд бид заахын зэрэгцээ сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь шавиа хөтлөх ёстой. Тийнхүү бид Есүс болон Еховагийн жишээг дуурайдаг (Дуулал 48:14; Илчлэлт 7:17).

5. Христийн өгсөн, шавь бэлдэх тушаалд захирагдах нь суралцагчид хэцүү байж болохын учир юу вэ?

5 Есүсийн тушаалыг сахихыг хүмүүст заах гэдэгт шавь бэлдэх тушаалыг биелүүлэхэд нь тэдэнд туслах үйл ажиллагаа ордог. Зарим суралцагчийн хувьд шавь бэлдэх ажил айдсыг нь төрүүлж болох юм. Тэд урьд нь христ шашны ертөнцийн аль нэг сүмийн идэвхтэй гишүүн байсан байлаа ч лам хуврагууд нь тэдэнд «явж, шавь бэлдэхийг» огт заагаагүй нь лавтай. Христ шашны урсгалууд гишүүддээ сайн мэдээ дэлгэрүүлэхийг заах асуудлаар «тэг» болохыг сүмийн зарим удирдагч шударгаар хүлээн зөвшөөрдөг. Библи судлаач Жон Р. У. Стотт Есүсийн өгсөн, хүмүүсийн дунд орж, тэднийг шавь болоход нь туслах тушаалыг хэрхэн биелүүлж байгааг шүүмжлэн: «Бид энэ тушаалыг биелүүлэхгүй байгаа нь сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд евангелийн сүмүүдийн гаргаж байгаа хамгийн том алдаа» хэмээн тэмдэглэжээ. Тэрээр цааш нь: «Бид мэдээгээ алсаас тунхаглах хандлагатай байдаг. Энэ нь заримдаа, усанд живж байгаа хүнд голын эрэг дээр, аюулгүй газар зогсчихоод хар тэнхээгээрээ хашгиран зөвлөгөө өгч байгаа хүнтэй адил юм. Бид түүнд туслахаар ус уруу үсрэн ордоггүй. Бид хувцсаа норгохоос айдаг» хэмээн хэлжээ.

6. а) Суралцагчдаа туслахдаа Филипийн жишээг хэрхэн дуурайж болох вэ? б) Суралцагчаа дэлгэрүүлэх ажилд оролцож эхлэхэд нь хэрхэн дэмжиж болох вэ?

6 Суралцагч маань урьд нь «хувцсаа норгохоос айдаг» гишүүдтэй шашинд хамрагддаг байсан бол Христийн өгсөн, шавь бэлдэх тушаалыг биелүүлэхийн тулд, зүйрлэж хэлбэл, уснаас айх айдсаа давах нь түүнд амаргүй байж болох юм. Тийм хүнд тусламж хэрэгтэй. Филип этиоп эрд заахдаа учрыг ойлгуулж, баптисм хүртэх хүсэл төрүүлсэн шиг, бид ч сонирхогчийнхоо ойлголтыг гүнзгийрүүлж, шийдвэртэй алхам хийх хүсэл төрүүлэх тийм хэмжээнд зааж, заавар зөвлөгөө өгөхдөө тэвчээртэй байх хэрэгтэй (Иохан 16:13; Үйлс 8:35–38). Түүнээс гадна, бид шавь бэлдэх тушаалыг биелүүлэхэд суралцагчаа сургахыг хүсдэг учир Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлын гараагаа эхлэхэд нь түүнтэй хамт байж, биечлэн туслахыг хичээдэг (Номлогчийн үгс 4:9, 10; Лук 6:40).

«Бүгдийг»

7. Хүмүүсээр «бүгдийг сахиулж» сургахдаа ямар ямар тушаал заах хэрэгтэй вэ?

7 Бид шинэ дэлгэрүүлэгчдийг шавь бэлдэх ажилд сургах төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарладаггүй. Есүс бидэнд өөрийнх нь тушаасан «бүгдийг сахихыг» бусдад заах заавар өгсөн. Үүнд Бурхныг болон бусдыг хайрлах тухай хамгийн агуу хоёр тушаал ордог нь эргэлзээгүй (Матай 22:37–39). Эдгээр тушаалыг сахихад шинэ шавийг хэрхэн сургаж болох вэ?

8. Бусдыг хайрлах тушаал сахихыг шинэ шавьд хэрхэн зааж болохыг жишээгээр тайлбарлана уу.

8 Машин жолоодож сурч байгаа хүний тухай жишээндээ эргэж оръё. Багшаа дэргэдээ суулгасан шавь замын хөдөлгөөнд оролцох үедээ багшийнхаа үгийг дагахаас гадна бусад жолоочийг ажиглаж сурдаг. Жишээ нь, багш гүйцэж түрүүлэхийг дуртайяа зөвшөөрөн, зам тавьж өгч байгаа, эсвэл урдаас нь ирж яваа жолоочийн нүдийг гялбуулахгүйн тулд гэрлээ найр тавин шилжүүлж байгаа, эсвэл машин нь эвдэрсэн танилдаа дуртайяа тусалж байгаа жолоочид шавийнхаа анхаарлыг хандуулж болох юм. Тийм жишээнүүдээс шавь үнэтэй сургамж авч, замд явах үедээ сурснаа хэрэгжүүлдэг. Түүнтэй адилаар, амь уруу хөтлөх замаар явж байгаа шинэ шавь багшаасаа төдийгүй хурлын бусад гишүүний олон сайхан жишээнээс суралцдаг (Матай 7:13, 14).

9. Шинэ шавь бусдыг хайрлах тушаалыг сахихад хэрхэн суралцдаг вэ?

9 Жишээлбэл, бага балчир хүүхдүүдээ Хаанчлалын танхимд авчрах гэж маш их хүчин чармайлт гаргадаг ганц бие эхийг суралцагч хүн анзаарч болох юм. Түүнчлэн, сэтгэлээр унахтай тэмцэж байгаа хэдий ч цуглаанд тогтмол ирдэг хүнийг, цуглаан болгонд бусад хөгшдийг хүргэж ирдэг, нас дээр гарсан бэлэвсэн эмэгтэйг, эсвэл Хаанчлалын танхим цэвэрлэх ажилд оролцдог өсвөр насны хүүхдийг ажиглаж болно. Ахлагч хуралд олон янзын үүрэг хүлээхийн зэрэгцээ хурлынхаа дэлгэрүүлэх ажлыг үнэнчээр тэргүүлдгийг харж болох юм. Бас, хүнд өвчний улмаас гэрээсээ гарч чаддаггүй ч, өөр дээр нь ирдэг хүмүүсийн урам зоригийг сэргээгээд гаргадаг Гэрчтэй танилцаж болно. Түүнээс гадна, өндөр настай болсон эцэг эхээ асрахын тулд амьдралаа эрс өөрчилж байгаа хосыг ажиглаж болох юм. Шинэ шавь тийм сайхан сэтгэлтэй, тусархаг, найдвартай христиануудыг ажиглаад жишээнээс нь Бурхныг болон бусдыг, ялангуяа, итгэл нэгтнүүдээ хайрлах тухай Христийн тушаалыг дагах гэж юу болохыг мэдэж авдаг (Сургаалт үгс 24:32; Иохан 13:35; Галат 6:10; 1 Тимот 5:4, 8; 1 Петр 5:2, 3). Ийнхүү христиан хурлын гишүүн болгон багш, үлгэр жишээ үзүүлэгч байж болох ба байх ёстой (Матай 5:16).

«Энэхүү эд юмсын тогтолцооны төгсгөл хүртэл»

10. а) Шавь бэлдэх ажлыг бид хэр удаан үргэлжлүүлэх вэ? б) Есүсийн жишээгээр бид даалгавраа хэрхэн биелүүлэх ёстой вэ?

10 Бид шавь бэлдэх ажлыг хэр удаан үргэлжлүүлэх ёстой вэ? «Энэхүү эд юмсын тогтолцооны төгсгөл хүртэл» (Матай 28:20, ШЕ). Бид Есүсийн даалгаврын энэ зааврыг биелүүлж чадах уу? Дэлхий даяар нэг хуралд нэгддэгийн хувьд бид үүнийг биелүүлэхээр сэтгэл шулуудсан. Өнгөрсөн жилүүдэд бид «мөнхийн аминд тохирсон» хүмүүсийг хайж олохын тулд цаг, хүч, хөрөнгөө дуртайяа зориулсан (Үйлс 13:48, ШЕ). Өнөөдөр Еховагийн Гэрчүүд дэлхий даяар Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх үйлсэд өдөр бүр дунджаар гурван сая гаруй цаг зарцуулж байна. Бид Есүсийн жишээг дуурайдаг учраас тэгдэг билээ. Есүс: «Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн» гэж хэлсэн (Иохан 4:34). Бид ч бас үүнийг чин сэтгэлээсээ хүсдэг (Иохан 20:21). Бид өөрсдөд маань даалгасан ажлыг эхлэхийг төдийгүй гүйцээхийг эрмэлздэг (Матай 24:13; Иохан 17:4).

11. Зарим христиан ах эгчид маань юу тохиолддог вэ? Ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ?

11 Гэвч, итгэл нэгтнүүдээс маань зарим нь сүнслэгээр суларч, үүний дүнд Христийн өгсөн, шавь бэлдэх тушаалыг биелүүлэхээсээ хойш суух юм уу бүр татгалздаг нь харамсалтай. Тийм хүмүүсийг хуралтай харьцах харьцаагаа сэргээж, шавь бэлдэх ажилд дахиад идэвхтэй оролцдог болоход нь туслах арга бий юү? (Ром 15:1; Еврей 12:12). Түр зуур сүнслэгээр суларсан элч нартаа Есүсийн хэрхэн тусалсныг авч үзвэл бид үүний хариуг олж болно.

Санаа тавигтун

12. а) Есүсийг үхэхийн өмнөхөн элч нар нь яасан бэ? б) Элч нар нь ноцтой алдаа гаргасан хэдий ч Есүс тэдэнд хэрхэн хандсан бэ?

12 Есүсийн дэлхий дэх үйлчлэл дуусаж, үхэх цаг нь ойртсон тэр үед элч нар нь түүнийг «орхиод, зугтаж», Есүсийн зөгнөн хэлснээр «өөр өөрсдийн гэрт харьжээ» (Марк 14:50; Иохан 16:32). Есүс сүнслэгээр суларсан нөхдөдөө хэрхэн хандсан бэ? Тэрээр дахин амилсныхаа дараахан зарим дагалдагчдаа: «Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно» хэмээн хэлжээ (Матай 28:10). Элч нар ноцтой алдаа гаргасан хэдий ч Есүс тэднийг «ах дүүсээ» гэж үзсэн хэвээр байлаа (Матай 12:49). Есүс тэдэнд итгэхээ болиогүй. Ийнхүү тэрээр Ехова шиг нигүүлсэнгүй бөгөөд өршөөнгүй байсан билээ (Хаадын дэд 13:23). Бид Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?

13. Сүнслэгээр суларсан хүмүүст бид хэрхэн хандах хэрэгтэй вэ?

13 Дэлгэрүүлэх ажлаас хойш суудаг болсон юм уу дэлгэрүүлэхээ больсон хүмүүст бид онцгой санаа тавих ёстой. Итгэл нэгт тэднийхээ хайрын сэтгэлээсээ хийж байсан үйлсийг бид мартдаггүй. Зарим нь тийм сайн үйлийг хэдэн арван жил хийсэн байж ч болох шүү дээ (Еврей 6:10). Бид тэднийгээ үнэхээр үгүйлдэг (Лук 15:4–7; 1 Тесалоник 2:17). Гэвч, тэдэнд санаа тавьдгаа хэрхэн харуулж болох вэ?

14. Бид Есүсийг дуурайн, сүнслэгээр суларсан хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

14 Есүс сэтгэлээр унасан элч нарт Галил уруу оч, тэнд уулзацгаая гэж хэлүүлсэн. Үнэн хэрэгтээ, Есүс тэднийг онцгой цуглаанд урьсан хэрэг байлаа (Матай 28:10). Үүний адилаар, өнөөдөр бид сүнслэгээр суларсан хүмүүсийн, цуглаанд ирэх урам зоригийг сэргээдэг. Магадгүй, тэднийг нэг биш удаа урих хэрэг гарч ч болох. Элч нарыг урьсан нь үр дүнд хүрсэн. Учир нь «арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав» (Матай 28:16). Сүнслэгээр суларсан итгэл нэгтнүүд маань бидний чин сэтгэлийн урилгыг дээрхийн адил уриалагхан хүлээн авч, цуглаандаа дахин явж эхлэхэд ямар сайхан байдаг билээ! (Лук 15:6).

15. Сүнслэгээр суларсан христиануудыг цуглаандаа ирэхэд нь Есүсийн жишээгээр хэрхэн угтан авч болох вэ?

15 Сүнслэгээр суларсан христиан Хаанчлалын танхимд хүрээд ирвэл бид яах вэ? Итгэл нь түр зуур суларсан элч нараа, уулзахаар товлосон газар ирэхэд нь Есүс яасан билээ? «Есүс ойртон ирээд», тэдэнтэй ярилцсан (Матай 28:18). Есүс тэднээс зай барилгүй, харин ч тэдэнд ойртож очсон. Есүсийг ийнхүү санаачилга гаргахад элч нарынх нь сэтгэл хэчнээн тайвширсан бол оо! Хуралдаа буцаж ирэхийг хичээж байгаа, сүнслэгээр суларсан христиануудын тухайд бид ч бас санаачилга гарган, тэднийг халуун дотноор угтан авч болох шүү дээ.

16. а) Есүс дагалдагчдадаа хэрхэн хандсанаас бид ямар сургамж авч болох вэ? б) Бид суларсан хүмүүст хэрхэн Есүс шиг хандаж болох вэ? (Зүүлтийг үзнэ үү.)

16 Есүс өөр яасан бэ? Нэгдүгээрт: «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн» хэмээн мэдэгдсэн. Хоёрдугаарт: «Иймээс явж, ...шавь бэлдэгтүн» гэсэн даалгавар өгсөн. Гуравдугаарт: «Бүх өдөр би та нартай хамт байх болно» гэж амласан. Гэвч, та Есүсийн юу хийгээгүйг анзаарав уу? Тэрбээр шавь нараа бүтэлгүйтэж, эргэлзлээ гэж зэмлээгүй (Матай 28:17). Түүний арга үр дүнд хүрсэн болов уу? Тийм ээ. Элч нар удалгүй дахин «сургаж, тунхаглаж» эхэлсэн (Үйлс 5:42). Хэрэв бид суларсан хүмүүсийг Есүс хэрхэн үзэж, тэдэнд хэрхэн хандаж байсан жишээг дуурайвал манай хурал ч дээрхийн адил амжилтад хүрч болно * (Үйлс 20:35).

«Бүх өдөр би та нартай хамт байх болно»

17, 18. «Бүх өдөр би та нартай хамт байх болно» гэж хэлсэн Есүсийн үг биднийг хэрхэн зоригжуулдаг вэ?

17 Есүс даалгавар өгснийхөө дараа: «Бүх өдөр би та нартай хамт байх болно» хэмээсэн нь Христийн тушаалыг биелүүлэн шавь бэлдэхийг хичээж яваа бүх хүнийг зоригжуулдаг. Дайснууд Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг маань яаж ч эсэргүүцсэн, бидний эсрэг ямар ч гүтгэлэг тараасан, бидэнд айх юм байхгүй. Юу гэвэл, «тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг» авсан Удирдагч, Есүс маань бидэнд туслахын тулд бидэнтэй хамт байдаг юм!

18 Түүнчлэн, «бүх өдөр би та нартай хамт байх болно» хэмээсэн Есүсийн амлалт биднийг асар их тайвшруулдаг. Христийн тушаалыг биелүүлэн шавь бэлдэх явцад бидэнд баярлан баясах өдөр байхад уйтгарлан гуних өдөр бас тохиолддог (Шастирын дэд 6:29). Хэн нэг маань хайртай дотнын хүнээ үхэлд алдан гашуудах нь байдаг (Эхлэл 23:2; Иохан 11:33–36). Хэн нэг нь өвчин хууч ээрч, тамир тэнхээ нь барагдсан өтөл настай золгодог (Номлогчийн үгс 12:1–6). Сэтгэл гутралд автах хүн ч байдаг (1 Тесалоник 5:14, «хулчгар хүмүүс» [«гутарсан хүмүүс», ШЕ]). Түүнчлэн, эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч байгаа Бурхны үйлчлэгчдийн тоо улам олширч байна. Гэхдээ, тийм хүндрэл бэрхшээл байгаа ч гэсэн бид шавь бэлдэх ажилдаа амжилт олсоор байгаа билээ. Учир нь Есүс «бүх өдөр», тэр дундаа, амьдралын маань хамгийн бараан өдрүүдэд ч бидэнтэй хамт байдаг юм (Матай 11:28–30).

19. а) Есүсийн өгсөн шавь бэлдэх даалгаварт ямар ямар заавар байдаг вэ? б) Шавь бэлдэх даалгаврыг бид хэний тусламжтайгаар биелүүлж чадах вэ?

19 Энэ болон өмнөх өгүүллээс харахад Есүсийн өгсөн, шавь бэлдэх тушаал олон заавар агуулсан байна. Есүс, уг тушаалыг ямар учраас, хаана гүйцэтгэх ёстойг хэлсэн. Түүнчлэн, хүмүүст юу заахыг болон хэр удаан заах ёстойг мэдэгдсэн. Энэ агуу даалгаврыг биелүүлэх амаргүй гэдэг нь ойлгомжтой. Гэвч, бүх эрх мэдлийг хүлээн авсан Христ биднийг дэмжиж, бидэнтэй хамт байдаг учир бид энэ даалгаврыг биелүүлж чадна! Та үүнтэй санал нийлэхгүй гэж үү?

[Зүүлт]

^ Есүс: «Баптисм хүртээж, ...дараа нь заагтун» гэж хэлээгүй, харин «баптисм хүртээж, ...тэдэнд заагтун» гэж хэлснийг нэгэн лавлах бичигт онцлон тэмдэглэжээ. Эндээс харахад, баптисм хүртээх ба заах тушаал нь «хатуу... дараалах хоёр үйлдэл» биш ажээ. Харин, «заах гэдэг бол хэсэг нь баптисм хүртэхийн өмнө... хэсэг нь баптисм хүртсэний дараа явагддаг тасралтгүй, үргэлжлэх үйл явц юм».

^ Сүнслэгээр суларсан хүмүүсийг хэрхэн үзэж, тэдэнд хэрхэн туслах тухай дэлгэрэнгүй мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2003 оны 2-р сарын дугаарын 2-р өгүүллийн 8—21-р догол мөрөөс уншиж болно [w03 2/1 р. 15—18].

Та хэрхэн хариулах вэ?

• Есүсийн тушаасныг сахихыг хүмүүст хэрхэн заах вэ?

• Шинэ шавь хурлын гишүүдийн жишээнээс ямар ямар сургамж авч болох вэ?

• Сүнслэгээр суларсан итгэл нэгтнүүддээ бид хэрхэн тусалж болох вэ?

• «Бүх өдөр би та нартай хамт байх болно» хэмээсэн Есүсийн амлалт биднийг хэрхэн зоригжуулж, тайвшруулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]