Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн хуульд баярладаг уу?

Та Еховагийн хуульд баярладаг уу?

Та Еховагийн хуульд баярладаг уу?

«Еховагийн хуульд баярладаг [хүн жаргалтай]» (ДУУЛАЛ 1:1, 2, ШЕ).

1. Еховагийн үйлчлэгчид бид жаргалтай байдгийн учир юу вэ?

 ЕХОВА үнэнч үйлчлэгчид биднийгээ дэмжиж, ивээдэг. Үнэндээ, бид янз бүрийн сорилттой тулгардаг ч жинхэнэ жаргалтай хүмүүс билээ. Үүнд гайхах зүйл үгүй. Учир нь бид «жаргалтай Бурханд» үйлчилдэг бөгөөд түүний ариун сүнс бидний зүрхэнд баяр баясгалан төрүүлдэг юм (1 Тимот 1:11, ШЕ; Галат 5:22). Баяр баясгалан гэдэг бол ямар нэг сайн юмтай болох гэж хүсэн хүлээх юм уу тийм юмтай болсноос үүдэн бий болдог жинхэнэ жаргалтай байдал бөлгөө. Харин тэнгэрийн Эцэг маань бидэнд сайн бэлгүүд өгдөг нь эргэлзээгүй (Иаков 1:17). Жаргалтай байдаг маань гайхах зүйл биш ээ!

2. Бид «Дуулал» номын ямар бүлгүүдийг үзэх вэ?

2 Жаргалын талаар «Дуулал» номд их зүйл бий. Тухайлбал, «Дуулал» номын 1, 2 дугаар бүлгийг дурдаж болно. Есүс Христийн эртний дагалдагчид 2-р дууллыг Израилийн хаан Давид бичсэн гэж үздэг байв (Үйлс 4:25, 26). Нэгдүгээр дууллыг бичсэн, нэр нь үл мэдэгдэх зохиолч уг дуугаа Бурхны онгодоор хөтлүүлэн бичихдээ: «Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй... хүн ерөөлтэй еэ! [«жаргалтай», ШЕ]» хэмээсэн үгээр эхэлдэг (Дуулал 1:1). Бид энэ болон дараагийн өгүүллээр 1, 2 дугаар дуулал хэрхэн баяр баясгалангийн маань үндэс болдгийг үзэх юм.

Жаргалын нууц

3. Дуулал 1:1-д бичсэнээр, Бурхны хуулийг сахидаг хүн жаргалтай байдгийн учир юу вэ?

3 Бурхны хуулийг сахидаг хүн жаргалтай байдгийн учрыг нэгдүгээр дуулал хэлдэг. Дуулалч, тийм жаргалын зарим шалтгааныг заан: «Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, басамжлагчдын [«элэглэн дооглогчдын», ШЕ] суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ! [«жаргалтай», ШЕ]» хэмээн дуулсан (Дуулал 1:1).

4. Захариа Елизабет хоёр дагавал зохих ямар жишээ үзүүлсэн бэ?

4 Бид жинхэнэ жаргалтай байхын тулд Еховагийн зөвт шаардлагуудыг биелүүлэх ёстой. Баптисм хүртээгч Иоханы эцэг эх болох хувь тохион, баяр баясгаланд автсан Захариа Елизабет хоёр «[Еховагийн] аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурхны өмнө зөвт байлаа» (Лук 1:5, 6). Бид тэдэн шиг байж, тууштайгаар «хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй» бол жаргалтай байж болно.

5. «Нүгэлтнүүдийн замаас» зайлсхийхэд юу тусалж болох вэ?

5 Хэрэв бид хорон муу хүний бодол санааг үл хэрэгсвэл «нүгэлтнүүдийн зам дээр зогсохгүй». Өөрөөр хэлбэл, тэдний дандаа цуглардаг садар самуун цэнгээний буюу муу нэртэй, луу данстай газруудаар очих ёсгүй. Хэрэв бид нүгэлтнүүдийн ёс бус явдалд уруу татагдвал яах вэ? Тэгвэл, «үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?» хэмээсэн элч Паулын үгийг дагахад туслахыг Бурхнаас гуйн залбирах хэрэгтэй (2 Коринт 6:14). Бурханд найдаж, «зүрхэн дотроо цэвэр ариун байх» аваас нүгэлтнүүдийн бодол санааны хандлага болон амьдралын хэв маягийг үл хэрэгсэн, цэвэр сэдэл, хүсэлтэй байхын зэрэгцээ «чин үнэнч итгэлтэй» байна (Матай 5:8; 1 Тимот 1:5).

6. Элэглэн дооглогчдоос болгоомжлох хэрэгтэйн учир юу вэ?

6 Еховад таалагдахыг хүсдэг хүн «элэглэн дооглогчдын суудалд суух» ёсгүй нь ойлгомжтой. Зарим хүн Бурхны хуулийг сахидаг хүмүүсийг элэглэн дооглодог хэдий ч энэхүү «эцсийн өдрүүдэд», христиан байснаа тэрслэгч болсон хүмүүс бүр ч онцгой зэвүүнээр элэглэн дооглодог. Элч Петр итгэл нэгтнүүддээ: «Хайртууд минь... [...] Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд: „Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ“ хэмээнэ» гэж урьдчилан анхааруулсан (2 Петр 3:1–4). Хэрэв бид «элэглэн дооглогчдын суудалд [хэзээ ч үл] суух» аваас тэдэнд гарцаагүй тохиолдох гамшиг сүйрлээс зайлна (Сургаалт үгс 1:22–27).

7. Дуулал 1:1-ийг онцгой анхаарах ёстойн учир юу вэ?

7 Хэрэв бид «Дуулал» номын нэгдүгээр бүлгийн эхний хэсгийг үл анхаарвал Библи судлах явцдаа олж авсан сүнслэг байдлаа алдаж болзошгүй. Яваандаа байдал улам дордож болно. Жишээлбэл, эхэндээ хорон муу хүмүүсийн зөвлөгөөг дагадаг байснаа эцэстээ тэдэнтэй тогтмол харьцдаг болж болох юм. Тэгээд нэг мэдэхэд итгэл эвдсэн, тэрслүү, элэглэн дооглогч ч болж магад. Хорон муу хүмүүстэй нөхөрлөвөл Бурханд үл таалагддаг бодол санаатай болж, Ехова Бурхантай тогтоосон харьцаагаа эвдэх нь гарцаагүй (1 Коринт 15:33; Иаков 4:4). Бидэнд ийм юм хэзээ ч бүү тохиолдох болтугай!

8. Оюун санаагаа сүнслэг зүйлд төвлөрүүлэхэд юу туслах вэ?

8 Оюун санаагаа сүнслэг зүйлд төвлөрүүлж, хорон муу хүмүүстэй нөхөрлөхөөс зайлсхийхэд маань залбирал тусална. Элч Паул: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх бодлыг тань хамгаална» гэж бичээд, «үнэн, хүндэтгэлтэй, зөв, цэвэр ариун, сайхан, сайшаалтай, магтууштай, сайн юмны» талаар эргэцүүлэн бодож байхыг уриалжээ (Филиппой 4:6–8). Паулын зөвлөгөөний дагуу явж, хэзээ ч хорон муу хүмүүсийн түвшинд хүртлээ уруудаж доройтохгүй байцгаая.

9. Бид ёс бус үйлсээс зайлсхийдэг хэдий ч янз бүрийн хүнд туслах гэж хэрхэн хичээдэг вэ?

9 Бид ёс бус үйлсийг үл хэрэгсдэг хэдий ч Ромын амбан захирагч Феликт «зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай» ярьсан Паулыг дуурайн, хүмүүст эвтэйхэн гэрчилдэг (Үйлс 24:24, 25; Колоссай 4:6). Бид Хаанчлалын тухай сайн мэдээг янз бүрийн хүнд дэлгэрүүлдэг бөгөөд тэдэнтэй найрсаг сайн харьцдаг. «Мөнхийн аминд тохирсон» хүмүүс итгэгч болж, Бурхны хуульд баярлана гэдэгт бид итгэлтэй байдаг (Үйлс 13:48, ШЕ).

Тэрээр Еховагийн хуульд баярладаг

10. Бие даан судлах үедээ яаж уншвал судалж байгаа зүйл оюун ухаан, зүрх сэтгэлд маань арилшгүйгээр тамгалагдан үлдэх вэ?

10 Дуулалч жаргалтай хүний талаар цааш үргэлжлүүлэн: «Тэрээр Еховагийн хуульд баярлаж, түүний хуулийг нам дуугаар өдөр шөнөгүй уншдаг» хэмээн бичжээ (Дуулал 1:2, ШЕ). Бурхны үйлчлэгчид бид «Еховагийн хуульд баярладаг». Бие даан судалж, эргэцүүлэн бодохдоо боломжтой үед үгээ чанга хэлэн, «нам дуугаар уншиж» болно. Хэрэв бид Библийн аль нэг хэсгийг тийн унших аваас тэр нь бидний оюун ухаан, зүрх сэтгэлд арилшгүйгээр тамгалагдан үлдэнэ.

11. Библийг «өдөр шөнөгүй» унших хэрэгтэйн учир юу вэ?

11 «Итгэмжит, ухаалаг боол» Библийг өдөр бүр уншихыг уриалдаг (Матай 24:45). Бид Еховагийн, хүн төрөлхтөнд зориулсан мэдээтэй илүү сайн танилцахыг маш ихээр хүсдэг учраас Библийг «өдөр шөнөгүй» уншдаг. Тийм ээ, ямар нэг шалтгаанаар нойр хүрэхгүй бол шөнө ч гэсэн түүнийг уншдаг билээ. Петр бидэнд: «Нялх хүүхдүүд шиг үгийн цэвэр сүүг хүс. Ингэснээр та нар үүгээр авралд өсөх юм» хэмээн уриалсан (1 Петр 2:1, 2). Та Библийг өдөр бүр уншиж, шөнө дөлөөр Бурхны санаа зорилго болон Үгийнх нь талаар тунгаан бодохдоо баярладаг уу? Дуулалч тэгдэг байжээ (Дуулал 63:6).

12. Хэрэв бид Еховагийн хуульд баярладаг бол юу хийх вэ?

12 Бурхны хуульд баярладаг эсэхээс маань бидний мөнхийн жаргал хамаарна. Бурхны хууль төгс төгөлдөр бөгөөд зөвт билээ. Түүнийг сахивал агуу шагналтай (Дуулал 19:7–11). Шавь Иаков: «Мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх [«жаргалтай байх», ШЕ] болно» хэмээн бичсэн (Иаков 1:25). Хэрэв бид Еховагийн хуульд үнэхээр баярладаг бол сүнслэг зүйлсийн талаар бодохгүй өдөр гэж ер байхгүй болно. Үнэндээ, бидэнд «Бурхны гүн юмсыг» судалж, тэргүүн зэрэгт Хаанчлалыг хайх хүсэл төрнө (1 Коринт 2:10–13; Матай 6:33).

Тэрээр мод адил болно

13-15. Бид ямар утгаар усны дэргэд тарьсан мод адил байж болох вэ?

13 Дуулалч цааш нь зөвт хүнийг дүрслэн: «Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» хэмээжээ (Дуулал 1:3). Еховагийн үйлчлэгчид бид бусдын л адил амьдралдаа зовлон бэрхшээлтэй тулгардаг (Иов 14:1). Бас дээр нь итгэл үнэмшлээсээ болж мөрдлөг хавчлага болон өөр олон янзын сорилттой тулгардаг (Матай 5:10–12). Гэхдээ, эрүүл мод ширүүн салхийг ажрахгүй давдаг шиг бид тийм сорилтуудыг Бурхны тусламжтайгаар тэвчиж чаддаг.

14 Усны ширгэшгүй эх булгийн дэргэд тарьсан мод ямар ч халуун, ган болж байсан хатдаггүй. Хэрэв бид Бурхнаас эмээдэг бол ширгэшгүй Эх булаг болох Ехова Бурхнаас хүч авна. Бурхнаас тусламж хайдаг байсан Паул: «Надад хүч өгөгч Түүгээр [Еховагаар] би бүгдийг хийж чадна» хэмээн хэлсэн (Филиппой 4:13). Биднийг Еховагийн ариун сүнс хөтөлж, сүнслэг талаар дэмждэг учраас бид үр жимсгүй болох юм уу сүнслэгээр үхэн, хатаж ганддаггүй. Бид Бурханд үйлчилж, үр жимс ургуулахын зэрэгцээ сүнснийх нь үр жимсийг бас илэрхийлдэг (Иеремиа 17:7, 8; Галат 5:22, 23).

15 Дуулалч, «адил» гэдэг үгээр орчуулсан еврей үг ашиглан, өвөрмөц шинжээрээ адилхан ч хоёр өөр зүйлийг хооронд нь харьцуулсан. Хүн мод хоёр ялгаатай ч ундарга сайтай усны дэргэд тарьсан модны саглагар мөчир дуулалчид «Еховагийн хуульд баярладаг» хүмүүсийн сүнслэг амжилтыг санагдуулсан нь лавтай. Хэрэв бид Бурхны хуульд баярладаг бол өдрүүд маань модных шиг болно. Өөрөөр хэлбэл, мөнх амьдарна (Иохан 17:3).

16. Яагаад, ямар утгаар «үйлс бүхэн маань өлзийтэй» байдаг вэ?

16 Шударга үнэний замаар явж байгаа цагт сорилт, бэрхшээлийг тэсвэрлэн давахад Ехова бидэнд тусалдаг. Бурханд үйлчлэхдээ бид баяр баясгалан эдэлж, үр жимс ургуулдаг (Матай 13:23; Лук 8:15). Бидний гол зорилго Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх явдал учраас «үйлс бүхэн [маань] өлзийтэй» байдаг. Бурхны санаа зорилго дандаа «өлзийтэй» байдаг бөгөөд бид тушаалуудад нь баярлаж явдаг учраас сүнслэг байдал маань хөгжин дэвждэг (Эхлэл 39:23; Иошуа 1:7, 8; Исаиа 55:11). Гай зовлон тохиолдсон ч гэсэн сүнслэг байдал маань хөгжин дэвжсээр байдаг (Дуулал 112:1–3; 3 Иохан 2).

Хорон муу хүмүүсийн «амжилт»

17, 18. а) Дуулалч хорон муу хүмүүсийг юутай зүйрлэсэн бэ? б) Хорон муу хүмүүс эд материалын хувьд амжилт оллоо ч тэр нь тэднийг урт хугацаагаар аюулгүй байлгаж чадахгүйн учир юу вэ?

17 Хорон муу хүмүүсийн хувь тавилан зөвт хүмүүсийнхээс юутай их ялгаатай! Хорон муу хүмүүс заримдаа эд материалын хувьд амжилт олж байгаа мэт санагдаж болох ч сүнслэг асуудлаар хоосон хоцордог. Үүнийг дуулалчийн: «Хорон муу хүмүүс бол тийм биш, харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт. Тийм учраас хорон муу хүн шийтгэлд, нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй» хэмээсэн үг баталдаг (Дуулал 1:4, 5). «Хорон муу хүмүүс бол тийм биш» гэж хэлснийг анхаараарай. Энэ нь, тэд дээр өгүүлсэн, үр жимсээ өгдөг, олон наст модтой зүйрлэсэн, Бурханд таалагддаг хүмүүстэй адилгүй гэсэн үг юм.

18 Хорон муу хүмүүс эд материалын хувьд амжилт оллоо ч тэр нь тэднийг удаан хугацаагаар аюулгүй байлгаж чадахгүй (Дуулал 37:16; 73:3, 12). Тийм хүмүүс бол өв хуваах талаар асуусан асуултад хариулахдаа Есүсийн дурдсан жишээний мунхаг баян хүнтэй адил болой. Есүс тэнд байсан хүмүүст хандан: «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм» хэмээн хэлжээ. Есүс энэ санааг тайлбарлан, газар нь маш үржил шимтэй байсан учир сайн бүхнээ хадгалахын тулд амбааруудаа буулган, илүү томыг барихаар шийдсэн нэгэн баян хүний тухай жишээ хэлсэн. Дараа нь мөнөөх баян идэж уун, цэнгэж зугаацахаар төлөвлөжээ. Гэтэл Бурхан түүнд: «Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?» гэж айлджээ. Есүс санаагаа онцлон: «Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурхны өмнө баян биш болой» хэмээн нэмж хэлсэн (Лук 12:13–21).

19, 20. а) Эртний Израильд үр тариаг хэрхэн цайруулж, шигшдэг байсныг дүрслэн хэлнэ үү. б) Хорон муу хүмүүсийг хэвэгтэй зүйрлэсэн байдгийн учир юу вэ?

19 Хорон муу хүмүүс «Бурхны өмнө баян биш болой». Тийм учраас тэд «тарианы хальс» буюу хэвэгнээс ч хэврэг бөгөөд тогтворгүй юм. Эртний Израильд хураасан тариагаа гол төлөв өндөрлөг газар байрлуулсан үтрэм буюу тариа цайруулдаг талбайд буулгадаг байжээ. Түрүүг цайруулж, тариаг хэвэгнээс салгахын тулд цайруулагч хэрэглэдэг байсан аж. Энэ нь уландаа хурц ирмэгтэй чулуу буюу төмөр шүдтэй чарга бөгөөд түүнийг амьтанд хөллөн, түрүүн дээгүүр чирч, тариагаа гишгүүлдэг байв. Дараа нь гишгүүлсэн холимгийг утгуураар шигшиж, салхинд хийсгэдэг байжээ (Исаиа 30:24). Үүний дүнд үр тариа нь үтрэмд, сүрэл нь гадаа унаж, хэвэг нь салхинд хийсдэг байв (Рут 3:2). Дараа нь үрийг чулуу болон бусад хогноос салган шигшээд агуулахад хадгалах юм уу тээрэмддэг байлаа (Лук 22:31). Харин хэвэг сураггүй алга болдог аж.

20 Хэвэг салхинд хийсэн алга болж байхад үр газарт унаж, хадгалагддаг байсан шиг зөвт хүмүүс үлдэж, хорон муу хүмүүс устана. Нүгэл үйлдэгчид удахгүй үүрд мөнх устаж үгүй болно гэдэгт баярладаг маань эргэлзээгүй. Тэднийг үгүй болоход Еховагийн хуульд баярладаг хүмүүс арвин их ивээлийг хүртэнэ. Тийм ээ, дуулгавартай хүмүүс эцэстээ Бурхны бэлэг болох мөнх амийг хүртэнэ (Матай 25:34–46; Ром 6:23).

«Зөв шударга хүний зам» ивээгдсэн

21. Бурхан «зөв шударга хүний замыг мэддэг» гэдэг нь юу гэсэн үг вэ?

21 Нэгдүгээр дуулал: «Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг, харин хорон муу хүний зам сөнөх болно» гэсэн үгээр төгсдөг (Дуулал 1:6). Бурхан «зөв шударга хүний замыг мэддэг» гэдэг нь юу гэсэн үг вэ? Шударга үнэний замаар явж байгаа цагтаа бид тэнгэрийн Эцэг маань хуулийг нь амьдралдаа сахидгийг маань сайшаан харж, биднийг шалгарсан үйлчлэгчдээ хэмээн үздэг гэдэгт итгэлтэй байж болно. Тэгээд Бурхан бидний төлөө үнэхээр санаа тавьдаг гэдэгт итгэлтэй байн, бүх зовнилоо түүнд үүрүүлж болох бөгөөд үүрүүлэх ч ёстой (Езекиел 34:11; 1 Петр 5:6, 7 «санаа зовдог» [«санаа тавьдаг», ШЕ]).

22, 23. Хорон муу болоод зөвт хүмүүст юу тохиолдох вэ?

22 «Зөв шударга хүний зам» үүрд мөнх байх ба үл засрагч хорон муу хүмүүсийн дээр Еховагийн шийтгэл бууж, тэд мөхнө. Тэгээд тэдний «зам» буюу амьдралын хэв маяг өөрсдийнх нь хамт дуусна. Бид Давидын: «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч тэр байхгүй байх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана. Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» хэмээн хэлсэн үг биелнэ гэдэгт эргэлзэхгүй байж болно (Дуулал 37:10, 11, 29).

23 Хэрэв хорон муу хүмүүс дахин хэзээ ч байхгүй диваажин дэлхийд амьдрах хувь тохиовол ямар сайхан жаргалтай байх бол оо! Тэгэхэд даруу, зөвт хүмүүс «Еховагийн хуульд» дандаа баярлах учир жинхэнэ тайван амгаланг эдэлж, амар сайхандаа жаргана. Гэхдээ, энэ болтол «ЭЗЭНий зарлиг» биелэх ёстой (Дуулал 2:7а). Ямар зарлиг хийгээд энэ нь бидэнд болон бүх хүн төрөлхтөнд ямар ач холбогдолтой болохыг мэдэхэд дараагийн өгүүлэл тусална.

Та хэрхэн хариулах вэ?

• Бурхны хууль сахидаг хүн жаргалтай байдгийн учир юу вэ?

• Еховагийн хуульд баярладгаа хэрхэн харуулж болох вэ?

• Хүн ямар утгаар усны дэргэд тарьсан мод адил байж болох вэ?

• Зөвт хүний зам хорон муугийнхаас юугаараа ялгаатай вэ?

[Догол мөрийн асуулт]