«Явж, ...шавь бэлдэгтүн»
«Явж, ...шавь бэлдэгтүн»
«Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж, ...шавь бэлдэгтүн» (МАТАЙ 28:18, 19, ШЕ).
1, 2. а) Есүс дагалдагчдадаа ямар даалгавар өгсөн бэ? б) Есүсийн тушаалтай холбоотой ямар ямар асуулт авч үзэх вэ?
ЭНЭ явдал МЭ 33 оны хаврын нэг өдөр Израильд болжээ. Есүсийн шавь нар Галил нутгийн нэгэн уулан дээр цуглав. Дахин амилсан Эзэн нь мөдхөн тэнгэр өөд буцах гэж байв. Гэхдээ явахаасаа өмнө шавь нартаа ямар нэгэн чухал юм хэлэх ёстой байлаа. Есүст тэдэнд өгөх даалгавар байжээ. Тэр нь юун даалгавар байсан бэ? Уг даалгаврыг шавь нар нь хэрхэн хүлээн авсан бэ? Тэр даалгавар өнөөдөр бидэнд ямар хамаатай вэ?
2 Есүсийн хэлсэн үгийг Матай 28:18–20-д бичсэн буй. Тэнд: «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстний хүмүүсээс Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр баптисм хүртээн, миний та нарт тушаасан бүгдийг сахихыг тэдэнд зааж, шавь бэлдэгтүн. Энэхүү эд юмсын тогтолцооны төгсгөл хүртэл бүх өдөр би та нартай хамт байх болно» (ШЕ) хэмээсэн байдаг. Есүс «бүх эрх мэдлийг», «бүх үндэстний», «миний та нарт тушаасан бүгдийг», «бүх өдөр» гэж хэлсэн. Түүний тушаалд буй дээрх дөрвөн хэллэгээс үүдэн ямар учраас, хаана, юуг, хэр удаан заах ёстой вэ гэсэн дөрвөн чухал асуулт урган гарч ирдэг. Энэ дөрвөн асуултыг дэс дараагаар авч үзье. *
«Бүх эрх мэдлийг надад өгсөн»
3. Шавь бэлдэх тушаалыг бид ямар учраас биелүүлэх ёстой вэ?
3 Нэгдүгээрт, бид ямар учраас шавь бэлдэх тушаалыг биелүүлэх ёстой вэ? Есүс: «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж, ...шавь бэлдэгтүн» гэж хэлсэн. «Иймээс» гэдэг энэ үг уг тушаалд бидний захирагдах ёстойн гол шалтгааныг заадаг. Яагаад гэвэл, «бүх эрх мэдлийг» хүлээн авсан Есүс уг тушаалыг өгсөн билээ. Түүний эрх мэдэл аль хэр өргөн хүрээтэй вэ?
4. а) Есүсийн эрх мэдэл аль хэр өргөн хүрээтэй вэ? б) Есүсийн эрх мэдлийг ойлговол шавь бэлдэх тушаалд нь хэрхэн хандах вэ?
4 Есүс хурлаа захирах эрх мэдэлтэй бөгөөд 1914 оноос шинэ тутам тогтсон Бурхны Хаанчлалыг захирах эрх мэдэлтэй болсон (Колоссай 1:13; Илчлэлт 11:15). Есүс тэргүүн тэнгэр элч учраас тэнгэрийн дайчид буюу олон зуун сая тэнгэр элчийг захирах эрхтэй (1 Тесалоник 4:16; 1 Петр 3:22; Илчлэлт 19:14–16). Тэрээр зөвт зарчимд захирагддаггүй «бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг» хүчингүй болгох эрх мэдлийг Эцгээсээ авсан (1 Коринт 15:24–26; Ефес 1:20–23). Есүсийн эрх мэдэл зөвхөн амьд хүмүүсээр хязгаарлагддаггүй. Бурхан түүнд үхлийн нойроор нойрсож байгаа хүмүүсийг дахин амилуулах хүч өгсөн учраас бас «амьд, үхсэн бүх хүний Шүүгч» юм (Үйлс 10:42; Иохан 5:26–28). Тийм асар их эрх мэдэлтэй Нэгний өгсөн тушаалд онцгой хариуцлагатай хандах ёстой нь ойлгомжтой. Тийм учраас бид «явж, ...шавь бэлдэгтүн» гэсэн Христийн тушаалыг хүндэтгэн, түүнд дуртайяа захирагддаг юм.
5. а) Петр Есүсийн үгэнд хэрхэн захирагдсан бэ? б) Петр Есүсийн зааврыг биелүүлснээр ямар ивээл хүртсэн бэ?
5 Дэлхий дэх үйлчлэлийнхээ эхэнд Есүс эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрч, тушаалуудыг нь сахисан хүн их ивээл хүртэхийг шавь нартаа гайхамшигтайгаар заадаг байсан. Нэгэн удаа тэрээр загасчин байсан Петрт: «Усны гүн уруу нь очоод, тороо хаяад барь» хэмээн хэлжээ. Тэнд загас байхгүйг сайн мэдэж байсан Петр Есүст: «Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй» хэмээн хариулсан ч, даруухнаар: «Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье» гэж нэмж хэлэв. Петр Христийн тушаалд захирагдсанаар «маш их хэмжээниий загас» барьжээ. Гайхаж хоцорсон Петр «Есүсийн хөлд унаад: „Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч!“ гэлээ». Гэтэл Есүс: «Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно» хэмээн хариулжээ (Лук 5:1–10; Матай 4:18). Энэ түүхээс бид ямар сургамж авч болох вэ?
6. а) Гайхамшгаар загас барьсан түүхээс Есүсийн шаарддаг дуулгавартай байдлын талаар юу ойлгож болох вэ? б) Бид Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?
6 Есүс Петр, Андрей болон бусад элчид ингэж гайхамшигтайгаар загас барьсных нь дараа л «хүмүүсийн загасчид болох» даалгавар өгсөн (Марк 1:16, 17). Тэрээр өөрийг нь мухар сохроор дагахыг шаардаагүй нь ойлгомжтой. Харин өөрт нь захирагдах ёстойн үнэмшилтэй шалтгааныг тэдэнд ойлгуулжээ. Тороо хая гэсэн Есүсийн тушаалыг биелүүлээд гайхалтай үр дүнд хүрсэн шигээ «хүмүүсийг загасчил» гэсэн тушаалыг нь биелүүлбэл асар их ивээл хүртэх байв. Элч нар уг тушаалыг ямар ч эргэлзээгүйгээр биелүүлсэн. Цааш нь энэ тухай: «Тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа» хэмээн тэмдэглэсэн байдаг (Лук 5:11). Өнөөдөр бид бусдыг шавь бэлдэх ажилд оролцохыг уриалахдаа Есүсийг дуурайдаг. Бид хэлж ярьсан зүйлийг маань мухар сохроор даган дуурайхыг хүмүүсээс шаарддаггүй, харин Христийн тушаалд захирагдах ёстойн үнэмшилтэй шалтгааныг тайлбарлаж өгдөг.
Үнэмшилтэй шалтгаан ба зөв сэдэл
7, 8. а) Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд оролцох Библийн ямар ямар шалтгаан байдаг вэ? б) Дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэхэд тань Библийн ямар зүйл онцгой урамшуулдаг вэ? (Түүнчлэн зүүлтийг үзнэ үү.)
7 Бид Христийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг учраас Хаанчлалын тухай дэлгэрүүлэх болоод шавь бэлдэх ажилд оролцдог. Энэ сайн үйлсэд оролцуулахыг хүсдэг хүмүүстээ ийм ажил хийдгийнхээ учрыг Библийн өөр ямар ямар зүйлээр үнэмшилтэй тайлбарлаж болох вэ? Энэ талаар янз бүрийн орны зарим Гэрчийн ярьсан зүйлийг уншиж, энд дурдсан Библийн зүйлүүд тэдний үгийг хэрхэн баталж байгааг харъя.
8 1951 онд баптисм хүртсэн Рой ах: «Би өөрийгөө Еховад зориулахдаа түүнд үүрд мөнх үйлчлэхээ амласан билээ. Хэлсэн үгэндээ эзэн болохыг хүсдэг» гэж хэлжээ (Дуулал 50:14; Матай 5:37). 1962 онд баптисм хүртсэн Хетер эгч: «Миний төлөө Еховагийн хийсэн бүхний тухай эргэцүүлэн бодохдоо би түүнд үнэнч үйлчилж талархлаа илэрхийлэхийг хүсдэг юм» гэж ярьсан билээ (Дуулал 9:1, 9–11; Колоссай 3:15). 1954 онд баптисм хүртсэн Ханнелоре эгч: «Дэлгэрүүлэх ажилд оролцох болгондоо тэнгэр элчүүдийн дэмийг авдаг маань юутай завшаан бэ!» гэж ярьжээ (Үйлс 10:30–33; Илчлэлт 14:6, 7). 1969 онд баптисм хүртсэн Онор эгч: «Еховагийн шүүх цаг ирэхэд, Еховаг болон Гэрчүүдийг нь цалгар наазгай байсан хэмээн зарга мэдүүлэн, „Надад ер урьдчилан сануулаагүй“ гэж хэлэх хүн хөршүүдээс маань бүү гараасай гэж би хүсдэг» хэмээн ярьсан юм (Езекиел 2:5; 3:17–19; Ром 10:16, 18). 1974 онд баптисм хүртсэн Клаудио ах: «Бид дэлгэрүүлэхдээ „Бурхны өмнө... Христийн дотор“ байдаг. Бодоод үз дээ! Биднийг дэлгэрүүлэх үед хамгийн сайн хоёр Анд маань хамт байдаг» гэж ярьжээ (2 Коринт 2:17). *
9. а) Петр болон бусад элчийн загасчилсан тухай түүхээс харахад ямар сэдлээр Христэд захирагдах нь зөв бэ? б) Өнөөдөр Бурхан болон Христэд ямар сэдлээр захирагдах нь зөв бэ? Яагаад?
9 Түүнчлэн, гайхамшгаар загас барьсан тухай түүх Христэд зөв сэдлээр буюу хайрын үүднээс захирагдахын чухлыг харуулдаг. «Би нүгэлт хүн тул надаас холдооч!» гэж Петрийн хэлэхэд Есүс холдоогүй, бас түүнийг ямар нэг гэм нүгэлтэй хэмээн буруутгаагүй (Лук 5:8). Тэр байтугай, өөрийг нь яваач гэж гуйсных нь төлөө түүнийг зэмлээгүй. Харин ч, аядуу зөөлнөөр: «Бүү ай!» хэмээгээд Петр болон түүний нөхдийг «хүмүүсийн загасчид» болно гэж хэлсэн. Айдас хүйдэст автсанаасаа болж Христэд захирагдах нь буруу сэдэл юм. Өнөөдөр бид ч гэсэн мөн адил, хүмүүсийг буруутгаж, ичээх юм уу айлгаж, эвгүй сэтгэдэл төрүүлэн Христэд захирагдахыг албаддаггүй. Гагцхүү, өөрийг нь болон Христийг хайрлах хайрын үндсэн дээр чин сэтгэлээсээ захирагдаж байж гэмээнэ Еховагийн зүрхийг баярлуулна (Матай 22:37).
«Бүх үндэстний хүмүүсээс... шавь бэлдэгтүн»
10. а) Шавь нарынх нь хувьд шавь бэлдэх тухай Есүсийн тушаалын чухам юу нь хэцүү байсан бэ? б) Есүсийн тушаалыг шавь нар нь хэрхэн хүлээж авсан бэ?
10 Христийн тушаалтай холбоотой гарч ирэх хоёр дахь асуулт бол шавь бэлдэх ажлыг хаана гүйцэтгэх ёстой вэ гэдэг асуулт юм. Есүс дагалдагчдадаа: «Бүх үндэстний хүмүүсээс... шавь бэлдэгтүн» гэж хэлсэн. Есүсийг дэлхийд ирэхээс өмнө, Еховад үйлчлэхийг хүсдэг еврей бус хүмүүсийг ирэхэд нь Израильд найрсгаар хүлээн авдаг байжээ (Хаадын дээд 8:41–43). Есүс өөрөө еврей хүмүүст голчлон дэлгэрүүлсэн билээ. Харин энэ удаад дагалдагчдадаа бүх үндэстний хүмүүс уруу оч гэж хэлжээ. Үнэн хэрэгтээ, шавь нарынх нь «загасчилдаг газар» буюу дэлгэрүүлдэг хэсэг нь иудейчүүд болох жижиг «цөөрөм» байсан бол удалгүй хүн төрөлхтний бүхэл бүтэн «далай» болж өргөжсөн. Тийн өргөжүүлэхэд бэрхшээл тулгарч байсан хэдий ч шавь нар нь Христийн тушаалыг дуртайяа дагажээ. Есүсийг үхсэнээс хойш 30 хүрэхгүй жилийн дараа элч Паул сайн мэдээг иудейчүүдэд төдийгүй «тэнгэрийн доорх бүх бүтээлд» тунхаглагдсан хэмээн бичиж чадсан билээ (Колоссай 1:23).
11. «Загасчилдаг газар» ХХ зууны эхнээс хэрхэн өргөжсөн бэ?
11 Сүүлийн жилүүдэд дэлгэрүүлэх ажлын талбай дээрхийн адилаар өргөжсөн. «Загасчилдаг газар» нь ХХ зууны эхэнд хэдхэн орноор л хязгаарлагддаг байсан. Гэтэл, Христийн дагалдагчид нэгдүгээр зууны христиануудыг дуурайн, дэлгэрүүлж байсан талбайгаа идэвхтэй өргөжүүлсэн (Ром 15:20). 1930-аад оны эхээр тэд зуу орчим оронд шавь бэлдэж байлаа. Өнөөдөр бидний «загасчилдаг газар» 235 орон болон өргөжөөд байна (Марк 13:10).
«Бүх хэлнээс»
12. Зехариа 8:23-т бичсэн зөгнөл шавь бэлдэх ажилд гарах ямар бэрхшээлийг онцлон тэмдэглэдэг вэ?
12 Бүх үндэстний хүмүүсээс шавь бэлдэх нь өргөн уудам нутаг дэвсгэр төдийгүй, олон янзын хэлний улмаас маш их хүчин чармайлт шаардах амаргүй ажил юм. Ехова зөнч Зехариагаар дамжуулан: «Тэр өдрүүдэд үндэстнүүдийн бүх хэлнээс арван хүн: „Бид та нартай хамт явна. Учир нь Бурхан та нартай хамт байдаг гэж бид сонссон“ хэмээн нэг иудей хүний хувцаснаас зуурна» гэж зөгнөсөн (Зехариа 8:23, ШЕ). Энэ зөгнөлийн их биелэлд «иудей хүн» тослогдсон христиануудын үлдэгдлийг, «арван хүн» «үй олон хүнийг» төлөөлдөг юм * (Илчлэлт 7:9, 10; Галат 6:16). Христийн шавь нарын «үй олон хүнийг» олон үндэстнээс цуглуулах бөгөөд Зехариагийн тэмдэглэснээр тэд олон янзын хэлээр ярих ажээ. Бурхны ард түмний орчин үеийн түүх энэ үнэнийг баталдаг уу? Тийм ээ. Ямар ч эргэлзээгүй баталдаг.
13. а) Өнөөдөр Бурхны ард түмний дунд хэлтэй хамаатай ямар өөрчлөлт гарсан бэ? б) Сүнслэг хоол ундыг олон хэлээр гаргах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгааг «итгэмжит, ухаалаг боол»-ын анги яаж хүлээж авсан бэ? («Хараагүй хүмүүст зориулсан хэвлэл» хавсралтад байгаа санаанаас оруулна уу.)
13 1950 онд Еховагийн 5 Гэрч тутмын 3-ынх нь төрөлх хэл англи хэл байлаа. 1980 он гэхэд энэ харьцаа 2 болж буурсан ба өнөөдөр 1 болжээ. Хэлтэй хамаатай энэхүү өөрчлөлтийг «итгэмжит, ухаалаг боол»-ын анги яаж хүлээж авсан бэ? Сүнслэг хоол ундыг улам олон хэлээр гаргадаг болсон (Матай 24:45). Жишээ нь, манай хэвлэл 1950 онд 90 хэлээр гардаг байсан бол өнөөдөр 400 орчим болж өссөн байна. Янз бүрийн хэлээр ярьдаг хүмүүст тийнхүү онцгой анхаарал тавьсан нь үр дүнд хүрсэн үү? Хүрэлгүй яах вэ! «Бүх хэлтнээс» долоо хоног тутам 5 000 орчим хүн Христийн шавь болж байна! (Илчлэлт 7:9). Христийн шавийн тоо өссөөр, зарим оронд «тор» дүүрэн загас барьж байна! (Лук 5:6; Иохан 21:6).
Сэтгэлийн таашаал өгдөг ажил. Та түүнд оролцох уу?
14. Хэсэгт маань байгаа гадаад хэлээр ярьдаг хүмүүст хэрхэн тусалж болох вэ? («Дохионы хэл ба шавь бэлдэх ажил» гарчигтай хавсралтаас санаа авна уу.)
14 Өрнөдийн олон оронд цагаачид олноороо ирдэг болсноос шууд эх орондоо «аливаа... хэлтнээс» шавь бэлдэх боломж бүрдсэн (Илчлэлт 14:6). Нутагт маань байгаа өөр хэлээр ярьдаг хүмүүст хэрхэн тусалж болох вэ? (1 Тимот 2:4). Зүйрлэвээс, загас барих тохиромжтой хэрэгсэл ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тийм хүмүүст мэддэг хэлээр нь хэвлэл өгөхөөс гадна боломжтой бол хэлийг нь мэддэг Гэрчийг тэднийд очуулж болно (Үйлс 22:2). Эдүгээ ийм арга хэмжээ авахад хэцүү биш болсон. Учир нь гадаадын хүмүүст Христийн шавь болоход нь туслахын тулд олон Гэрч гадаад хэл сурдаг болжээ. Тийнхүү туслах нь сэтгэлийн таашаал өгдөг сайхан ажил болохыг дэлгэрүүлэгчдийн ярианаас мэдэж болно.
15, 16. а) Гадаад хэлээр ярьдаг хүмүүст тусалснаар сэтгэлийн таашаал эдэлдгийг ямар ямар жишээ харуулж байна вэ? б) Гадаад хэлээр дэлгэрүүлэхийн тулд ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?
15 Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг 34 хэлээр зохион байгуулдаг Нидерландад болсон хоёр явдлыг жишээ болгон авч үзье. Гэрч нөхөр эхнэр хоёр польш хэлээр ярьдаг цагаачдаас шавь бэлдэх ажилд сайн дураараа оролцохоор шийджээ. Тэдний хүчин чармайлт их үр дүнд хүрсэнд нөхөр нь сонирхогч хүмүүстэй Библийн хичээл хийхийн тулд ертөнцийн ажилд зориулдаг цагаа багасгаж, нэмэлт нэг өдөр зориулдаг болжээ. Удалгүй тэр хос долоо хоног бүр 20 гаруй хичээл явуулдаг болсон аж. Тэр хоёр: «Үйлчлэх ажил маань бидэнд маш их баяр баясгалан авчирдаг» гэж ярьсан билээ. Библийн үнэнийг төрөлх хэлээрээ сонсож байгаа хүмүүсийн талархлын үг шавь бэлдэж байгаа хүмүүст онцгой баяр баясгалан бэлэглэдэг. Жишээлбэл, вьетнам хэлээр явагддаг цуглааны үеэр нэгэн настай эрэгтэй босоод үг хэлэх зөвшөөрөл гуйжээ. Нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн тэрээр Гэрчүүдэд хандан: «Манай хэцүү хэлийг сурах гэж хичээж байгаа та нарт баярлалаа. Би хөгшин настай болсон ч гэсэн Библиэс олон гайхамшигтай зүйл мэдэж авч байгаадаа маш их баярлаж байна» хэмээн хэлжээ.
16 Тийм учраас гадаад хэлний хуралд үйлчилдэг хүмүүс сэтгэлийн их таашаал эдэлдэгт гайхах зүйлгүй. Их Британийн хос хоёр: «Гадаад хэлээр дэлгэрүүлэх нь бид хоёрын хувьд Еховагийн Гэрч болсноос хойших 40 жилийн хугацаанд хийсэн хамгийн сэтгэл хөдөлгөсөн ажил байлаа» гэж хэлжээ. Та урам зориг бадраасан ийм үйлчлэлд оролцохын тулд амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийж болохгүй юү? Хэрэв та сургуульд сурч байгаа бол ийм үйлчлэлд бэлдэн, гадаад хэл үзэж болох биш үү? Ингэвэл ивээл хишиг бялхсан, баяр баясгалантай амьдралын зам уруу орох үүд хаалга нээгдэж болох юм (Сургаалт үгс 10:22). Энэ талаар эцэг эхтэйгээ ярихад болохгүй нь юу билээ?
Аргаа өөрчлөх
17. Хурлынхаа хэсгээс хэрхэн илүү олон хүн олж болох вэ?
17 Нөхцөл байдлын улмаас бидний ихэнхэд гадаад хэлээр ярьдаг хүмүүстэй хэсэгт «тор» хаях боломж гардаггүй нь ойлгомжтой. Гэлээ ч хамрагддаг хурлынхаа хэсгээс улам олон хүн олж болох юм. Яаж? Хүргэдэг мэдээгээ бус, мэдээ хүргэх аргаа өөрчлөн амжилт олж болно. Олон оронд хүмүүс харуул хамгаалалттай байшинд суух нь олширч байна. Бас, дэлгэрүүлээд гэрээр нь очиход гэртээ байж таардаггүй хүн олон болсон. Тийм учраас, «тороо» янз бүрийн цагаар, янз бүрийн газар хаях хэрэгтэй болжээ. Тийнхүү бид Есүсийг дуурайдаг. Есүс янз бүрийн нөхцөлд хүмүүстэй ярилцах аргыг олж чаддаг байсан (Матай 9:9; Лук 19:1–10; Иохан 4:6–15).
18. Янз бүрийн газар гэрчлэх нь аль хир үр дүнтэй байдаг вэ? («Албан газраар явж шавь бэлдэх нь» хавсралтын зарим санааг тэмдэглэнэ үү.)
18 Зарим оронд Гэрчүүд хаана л хүн байна тэнд гэрчилдэг. Энэ нь шавь бэлдэх сайн арга болоод байна. Шавь бэлдэх туршлагатай ах эгч нар янз бүрийн газраар дэлгэрүүлэхийг илүүтэй анхаардаг болсон. Одоо дэлгэрүүлэгчид айлаар гэрчлэхээс гадна онгоцны буудал, албан газар, дэлгүүр, машины зогсоол, автобусны буудал, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын талбай болон бусад газраар дэлгэрүүлдэг. Хавайд шинэ тутам баптисм хүртсэн Гэрчүүдээс олон хүн тийм газар байхдаа анх удаа сайн мэдээ сонссон байна. Аргаа өөрчлөх нь Есүсийн өгсөн, шавь бэлдэх тушаалыг бүрэн дүүрэн биелүүлэхэд бидэнд тусалдаг (1 Коринт 9:22, 23).
19. Дараагийн өгүүллээр Есүсийн даалгаврын ямар ямар асуултыг авч үзэх вэ?
19 Есүс шавь бэлдэх даалгавар өгөхдөө энэ ажлыг бид ямар учраас, хаана гүйцэтгэх ёстойг төдийгүй юуг зааж, хэр удаан үргэлжлүүлэхийг маань тэмдэглэжээ. Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр авч үзнэ.
[Зүүлт]
^ Энэ өгүүллээр бид эхний хоёр асуултыг ярилцана. Үлдсэн хоёрыг нь дараагийн өгүүллээр үзнэ.
^ Дэлгэрүүлэх хүсэл төрүүлдэг бусад шалтгааныг Сургаалт үгс 10:5; Амос 3:8; Матай 24:42; Марк 12:17; Ром 1:14, 15-аас үзэж болно.
^ Энэ зөгнөлийн биеллийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн хэвлэл, «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2001 оны 5-р сарын 1-ний дугаарын 3-р өгүүллийн 17—20-р догол мөр [w01 5.15 р. 12, 13], «Исаиагийн зөгнөл бол хүн төрөлхтөнд өгсөн гэрэл юм» номын ІІ ботийн 408-р хуудаснаас үзэж болно (англи).
Та санаж байна уу?
• Бид Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд ямар ямар шалтгаан болон сэдлийн улмаас оролцдог вэ?
• Есүсийн өгсөн шавь бэлдэх даалгаврыг Еховагийн үйлчлэгчид өнөөдөр хэр зэрэг өргөн цар хүрээтэй биелүүлж байна вэ?
• «Загасчлах» аргаа хэрхэн өөрчилж болох вэ? Ингэх хэрэгтэйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[10-р хуудасны хавсралт/зураг]
Хараагүй хүмүүст зориулсан хэвлэл
АНУ-д амьдардаг Альберт хурлын ахлагч бөгөөд бүрэн цагийн үйлчлэгч юм. Тэрээр хараагүй аж. Альберт брайль үсгээр гаргадаг, Библид үндэслэсэн хэвлэлийн ачаар үйлчлэлийн харгалзагчийн болон бусад үүргээ илүү үр бүтээлтэй биелүүлдэг. Альберт хуралд хүлээсэн үүргээ яаж биелүүлдэг вэ?
«Манай хуралд Альберт шиг сайн үйлчлэлийн харгалзагч ер байгаагүй» хэмээн тэргүүн харгалзагч Жеймс ярьсан юм. Альберт бол олон жилийн турш англи болон испани брайль үсгээр гардаг хэвлэл авч байгаа АНУ-ын 5 000 орчим хараагүй хүний нэг билээ. «Итгэмжит, ухаалаг боол» 1912 оноос хойш брайль үсгээр зуу гаруй төрлийн хэвлэл гаргасныг тэмдэглэх хэрэгтэй. Эдүгээ орчин үеийн технологийн тусламжтайгаар Еховагийн Гэрчүүдийн хэвлэх үйлдвэрүүдэд жил бүр арав гаруй хэлээр олон сая хуудсыг товгор үсгээр хэвлэн, 70 гаруй оронд тарааж байна. Та хараагүй хүмүүст зориулан брайль үсгээр гаргасан хэвлэл ашиглаж чадах хүнийг танихгүй биз?
[11-р хуудасны хавсралт/зураг]
Дохионы хэл ба шавь бэлдэх ажил
Христийн шавь болоход нь сонсголгүй хүмүүст туслахын тулд дэлхий даяар олон мянган Гэрч дохионы хэл сурсны дотор хичээл зүтгэлтэй олон залуу дэлгэрүүлэгч байна. Үүний үр дүнд ганцхан Бразилд л гэхэд сүүлийн нэг жилийн дотор сонсголгүй 63 хүн баптисм хүртэж, эдүгээ сонсголгүй 35 Гэрч бүрэн цагаар үйлчилж байна. Дэлхий даяар дохионы хэлний 1 200 гаруй хурал болон хэсэг байдаг. Оросын дохионы хэлний дүүрэг нь бүх Орос орныг хамардаг учраас дэлхийн хамгийн том дүүрэг юм!
[12-р хуудасны хавсралт]
Албан газраар явж шавь бэлдэх нь
Хавайд нэгэн Гэрч эмэгтэй албан газраар дэлгэрүүлж яваад тээврийн компанийн захиралтай уулзжээ. Тэр хүн завгүй ч гэсэн долоо хоногт нэг удаа 30 минутаар ажлын өрөөндөө Библийн хичээл хийж байхаар зөвшөөрчээ. Тэрээр лхагва гариг болгоны өглөөгүүр өөр уруу нь утасдахгүй байхыг ажилчдадаа сануулсан бөгөөд тэр цагт хичээлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлдэг болжээ. Хавайн өөр нэг Гэрч эгч гутал засварын газрын эзэн эмэгтэйтэй долоо хоногт нэг удаа Библийн хичээл хийдэг болсон байна. Тэд хичээлээ лангууны ард хийдэг бөгөөд үйлчлүүлэгч ирэхэд нь Гэрч эгч хажуу тийш болон зай тавьж өгөөд, явахлаар нь хичээлээ үргэлжлүүлдэг аж.
Компанийн захирал, засварын газрын эзэн хоёрын хэн хэн нь Гэрчүүдийн идэвх санаачлага гарган «тороо» янз бүрийн газар хаясны ачаар Библи судалж эхэлсэн байна. Гэртээ байж тааралддаггүй хүмүүстэй хурлынхаа хэсгийн чухам хаана уулзаж болохыг та бодож үзээрэй.