Агуу байдлын талаарх христиан үзлийг хөгжүүлэгтүн
Агуу байдлын талаарх христиан үзлийг хөгжүүлэгтүн
«Та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог» (МАТАЙ 20:26).
1. Агуу байдлын талаарх ертөнцийн үзэл юу вэ?
ЕГИПЕТИЙН Кайр хотоос өмнө зүгт 500 орчим километрийн зайд орших эртний Фив (одоогийн Карнак) хотын ойролцоо ІІІ Аменхотеп фараоны 18 метр өндөр хөшөө сүндэрлэн байдаг. Ийм нүсэр хөшөөний дэргэд зогссон хэн болов ч өөрийгөө өчүүхэн юм даа гэж бодно. Захирагчаа бишрүүлэх гэж босгосноос гарцаагүй энэ хөшөөг агуу байдлын талаарх ертөнцийн үзлийн илэрхийлэл гэлтэй. Ертөнцийн үзлээр бол хүн бусдыг өчүүхэн, харин өөрийгөө хэдийчинээ том, дээгүүр болгоно, төдийчинээ агуу болж байгаа нь тэр аж.
2. Есүс дагалдагчдадаа ямар жишээ үзүүлсэн бэ? Бид өөрсдөөсөө ямар ямар асуулт асуух хэрэгтэй вэ?
2 Агуу байдлын талаарх энэ үзэл Есүс Христийн заасан үзлээс эрс ялгаатай. Тэрбээр дагалдагчдынхаа «Эзэн, Багш» нь байсан атлаа хүмүүст үйлчлэхийг агуу байдал хэмээн заадаг байв. Есүс дэлхий дээрх амьдралынхаа сүүлчийн өдөр шавь нарынхаа хөлийг угаасан нь сургаалынхаа утгыг харуулсан хэрэг байжээ. Бусдад юутай даруухнаар үйлчлээ вэ! (Иохан 13:4, 5, 14). Үйлчлэх, үйлчлүүлэх хоёрын аль нь илүү аятайхан санагдаж байна вэ? Есүсийн жишээ танд яг л түүн шиг даруухан байх хүсэл төрүүлдэг үү? Тэгвэл, агуу байдлын талаарх Христийн үзлийг ертөнцийн нийтлэг үзэлтэй харьцуулан үзье.
Агуу байдлын талаарх ертөнцийн үзлээс зайлсхийгтүн
3. Хүний өмнө алдар нэр олох гэж шунахайрах нь гашуун үр дагаварт хүргэдгийг Библийн ямар ямар жишээ харуулдаг вэ?
3 Агуу байдлын талаарх ертөнцийн үзэл эцэстээ сүйрэлд хүргэдгийг харуулах олон жишээ Библид байдаг. Естер Мордехай нарын үед Персийн хааны ордонд нэр хүнд, нөлөө бүхий Хаман гэж хүн байсныг санацгаая. Тэрбээр нэр алдрын хойноос шунахайран хөөцөлддөг байсныхаа гайгаар олны өмнө шившиг болж, амиа алдсан (Естер 3:5; 6:10–12; 7:9, 10). Эсвэл хаанчлалынхаа ид үед ухаан санаа нь самуурсан ихэмсэг бардам Небухаднезарын тухай юу хэлж болох вэ? Тэрбээр: «Би өөрийн агуу их хүчээр, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?» хэмээн хэлсэн нь агуу байдлын талаар андуу ойлголттой байсныг харуулдаг (Даниел 4:30). Бас ихэрхэг зантай І Херод Агрийп Бурхныг алдаршуулахын оронд хүртэх эрхгүй байсан алдрыг хүртээд «өтөнд бариулж, үхэв» (Үйлс 12:21–23). Агуу байдлын талаарх Еховагийн үзлийг ойлгоогүй энэ хүмүүс бүгдээрээ шившигтэйгээр уруудан доройтсон юм.
4. Энэ ертөнцөд шингэсэн биеэ тоох хандлагын цаана хэн байдаг вэ?
4 Олны дунд нэртэй, хүндэтгэл хүлээдэг байхыг хүсэх нь зүй ёсны хэрэг. Гэвч Диавол өөрийн санаархлын илрэл болсон биеэ тоох хандлагыг өөгшүүлэн, энэ хүслийг буруу ашигладаг (Матай 4:8, 9). Тэрбээр «энэ үеийн бурхан» бөгөөд санаагаа хүмүүст ухуулахаар эргэлт буцалтгүй шийдсэнийг хэзээ ч бүү мартаарай (2 Коринт 4:4; Ефес 2:2; Илчлэлт 12:9). Ийм үзлийн цаана чухам хэн байдгийг христианууд мэддэг учир агуу байдлын талаарх ертөнцийн үзлээс зайлсхийдэг.
5. Амжилт бүтээл, алдар нэр, эд хөрөнгө сэтгэл хангалуун амьдралын баталгаа мөн үү? Тайлбарлана уу.
5 Диаволын ухуулдаг нэг санаа бол олноор хүндлүүлж, нэр алдар ихтэй, халаас дүүрэн мөнгөтэй болчих л юм бол жаргалтай амьдарна гэсэн үзэл юм. Энэ үнэн болов уу? Амжилт бүтээл, алдар нэр, эд хөрөнгө сэтгэл хангалуун амьдралын баталгаа мөн гэж үү? Ийм үзэлд хууртахгүй байхыг Библи бидэнд сануулдаг. Мэргэн ухаант Соломон хаан: «Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж» хэмээн бичжээ (Номлогчийн үгс 4:4). Амжилтад хүрэхийн төлөө амьдралаа зориулсан олон хүн, онгодоор бичигдсэн Библийн, дээрх үгийн үнэнийг баталдаг. Жишээлбэл, хүнийг анх Саран дээр аваачсан сансрын хөлгийг зохион бүтээж, угсарч, турших ажилд оролцсон нэг хүний тухай ярилцъя. Тэрбээр: «Би махран ажиллаж, ажилдаа үнэхээр дадамгай болсон. Гэсэн ч ингэж хөдөлмөрлөсөн минь насан туршдаа жаргалтай, санаа амар амьдрах баталгаа болоогүй юм. Хоосон, үр дүнгүй байж дээ» хэмээн дурсжээ. * Бизнес, спорт, зугаа цэнгэл гээд аль ч салбарт ертөнцийн хэмжүүрээр агуу боллоо гээд үүрдийн жаргалтай болдоггүй.
Хайрын сэтгэлээр бусдад үйлчилбэл агуу болдог
6. Иаков Иохан хоёр агуу байдлын талаар буруу ойлголттой байсныг юу харуулдаг вэ?
6 Есүсийн амьдралд болсон нэг явдал жинхэнэ агуу байдал гэж юу болохыг харуулдаг. МЭ 33 онд Есүс Дээгүүр өнгөрөх баярт очихоор шавь нартайгаа хамт Иерусалим уруу аялж байжээ. Есүсийн хамаатан Иаков Иохан хоёр агуу байдлын талаар буруу үзэлтэй байсан нь зам зуур тодорхой болсон. Тэд ээжээрээ уламжлуулан: «Та Өөрийнхөө хаанчлалд бид хоёрыг баруун, зүүн талдаа суу гэж тушаагаач» гэсэн хүсэлт тавьжээ (Матай 20:21). Иудейчүүдийн хувьд баруун юм уу зүүн гарт сууна гэдэг том хүндэтгэл байлаа (Хаадын дээд 2:19). Иаков Иохан хоёр хамгийн хүндтэй байр эзлэхийг шунахайран хүсжээ. Тэд өөрсдийгөө тийм эрх мэдэлтэй болох эрхтэй гэж бодож явснаа харуулсан. Есүс тэдний юу бодож байгааг мэдэж байсан бөгөөд агуу байдлын талаарх ташаа ойлголтыг нь тэр далимаар засжээ.
7. Христиан хүн яавал жинхэнэ ёсоор агуу болохыг Есүс хэрхэн тодорхойлсон бэ?
7 Бусдыг гар доороо байлгаж, захиран тушааж, хуруугаа инчдээд л хүссэн бүхнээ хийлгэдэг хүнийг өнөөгийн энэ бардам ертөнц агууд тооцохыг Есүс мэдэж байсан. Харин Есүсийн дагалдагчдын хувьд бусдад даруухнаар үйлчлэх нь агуу байдлын хэмжүүр болдог. Есүс: «Та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог» гэж хэлсэн (Матай 20:26, 27).
8. «Зарц» гэдэг үг ямар утга илэрхийлдэг вэ? Бид өөртөө ямар ямар асуулт тавьж болох вэ?
8 «Зарц» гэж буулгасан энэхүү грек үг нь хүний сайн сайхны төлөө үйлчлэхийг хичээнгүйлэн, шургуу оролддог хүнийг хэлдэг аж. Есүсийн үг шавь нарт нь тун сургамжтай байжээ. Хүн бусдад зарлиг тушаал буулгах биш, харин хайрын сэтгэлээр үйлчилбэл жинхэнэ агуу байдал тэр ажээ. Иймээс та өөртөө: «Хэрэв би Иаков юм уу Иохан байсан бол яах байсан бэ? Хайрын сэтгэлээр бусдад үйлчилж байж жинхэнэ ёсоор агуу болдгийг ойлгох байсан болов уу?» гэсэн асуулт тавиад үзээрэй (1 Коринт 13:3).
9. Есүс хүмүүстэй харьцахдаа ямар жишээ үзүүлсэн бэ?
9 Агуу байдлын талаарх ертөнцийн хэмжүүр бол христиан агуу байдлын хэмжүүр биш гэдгийг Есүс шавь нартаа харуулсан. Тэрбээр хүмүүст үйлчлэхдээ хэзээ ч ихэмсэг зан гаргах юм уу тэднийг дорд үзэж байгаагүй. Эрэгтэй эмэгтэй, хүүхэд багачууд, баян ядуу, эрх мэдэлтнүүд хийгээд зартай нүгэлтнүүдээс эхлээд бүх хүн Есүсээс дөлдөггүй байсан (Марк 10:13–16; Лук 7:37–50). Хүмүүс бусдын сул талыг ихэнхдээ тэвчиж чаддаггүй. Харин Есүс өөр байсан. Шавь нар нь заримдаа хөнгөн хуумгай загнаж, хоорондоо ам муруйж байхад ч тэдэнд тэвчээртэй хандан, зөвлөгөө өгч, үнэхээрийн даруу, дөлгөөн гэдгээ харуулсан (Зехариа 9:9; Матай 11:29; Лук 22:24–27).
10. Есүс бусдын сайн сайхны төлөө амь бие үл хайрлан үйлчлэхийг амьдралынхаа туршид хэрхэн харуулсан бэ?
10 Орчлонт ертөнцөд зөвхөн Эцгийнхээ дараа орох эрх мэдэлтэй, Бурхны Хүү жинхэнэ агуу байдал гэж юу болохыг амь биеэ үл хайрлан бусдад үйлчлэхдээ харуулсан. Есүс хүмүүсийг «төрөл бүрийн өвчнөөс» нь ангижруулж, эзэмдсэн чөтгөрөөс нь чөлөөлөн, үйлчлэхийн тулд дэлхийд ирснээс биш үйлчлүүлэх гэж ирээгүй. Хэдийгээр өөрөө ядарч, цаг гарган амрах хэрэгтэй байсан ч, хүмүүст туслахын тулд бүхнийг хийж, эрх ашгийг нь үргэлж өөрийнхөөсөө дээгүүрт тавьдаг байв (Марк 1:32–34; 6:30–34; Иохан 11:11, 17, 33). Тэрбээр Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглан, олон зуун километр газар аялсан нь хайрын сэтгэлдээ хөтлөгдөн, хүмүүст сүнслэгээр туслах гэсэн хэрэг байлаа (Марк 1:38, 39). Есүс хүмүүст үйлчлэхийг их чухалд үздэг байсан нь эргэлзээгүй.
Христийн даруу занг дуурайгтун
11. Хуралд харгалзагчаар үйлчлэхээр томилогдсон ах нар ямар ямар чанар илэрхийлэх шаардлагатай вэ?
11 1800-аад оны сүүлээр, Бурхны ард түмний хэрэгцээг хангахын төлөө явуулын ажил хийх эрчүүдийг сонгохдоо христиан харгалзагч хүний илэрхийлбэл зохих чанарыг онцгой анхаардаг болсон. Ямар шаардлага тавьдаг байсныг «Сионы Харуулын цамхаг»-ийн 1894 оны есдүгээр сарын 1-ний дугаарт тэр эрчүүд «дөлгөөн буюу их зангүй... өөрийгөө бус, Христийг алдаршуулдаг, өөрөөр хэлбэл, өөрийн мэдлэгийг бус, түүний Үгийг энгийн бөгөөд хүчирхэг чигээр нь илэрхийлж чадах даруу» хүн байх ёстой гэж тэмдэглэжээ. Жинхэнэ христиан хүн хувийн зорилгодоо хүрэх буюу нэр хүнд, байр суурь, бусдыг захирах эрх мэдэлтэй болохын тулд л хариуцлагатай үүрэг хүлээхийг зорих ёсгүй нь тодорхой. «Сайн ажил» хийхийн тулд хариуцлага хүлээдгээс биш, өөрийгөө алдаршуулахын тулд өндөр байр суурь эзэлдэггүй гэдгээ даруу харгалзагч ойлгодог (1 Тимот 3:1, 2). Ахлагч болон туслах үйлчлэгчээр үйлчилдэг ах нар бүгдээрээ хурлынхаа гишүүдэд даруухнаар үйлчилж, Бурхны ариун үйлчлэлд тэргүүн эгнээнд явж, дуурайвал зохих сайн үлгэр жишээ үзүүлэхийн төлөө бүхнийг хийх ёстой (1 Коринт 9:19; Галат 5:13; 2 Тимот 4:5).
12. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэг христиан хүн өөрөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ?
12 Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэг хэн боловч өөрөөсөө: «Би бусдад үйлчлэх боломж хайдаг уу? Эсвэл үйлчлүүлэх дуртай юу? Хүний нүдэнд тэр бүр өртдөггүй ажил үүрэг биелүүлэхэд бэлэн байдаг уу?» гэж асууж болно. Жишээлбэл, залуу христиан тайзан дээр үг хэлэхэд бэлэн байдаг атлаа өндөр настай итгэл нэгтнүүддээ туслахдаа хойрго байж болох юм. Хариуцлага хүлээдэг ах нарын хүрээлэлд байх дуртай хир нь дэлгэрүүлэх ажилд дурамжхан оролцдог байж магадгүй. Тийм хүн өөрөөсөө: «Би Бурханд үйлчлэхдээ нэр хүнд, магтаал сайшаал хүлээхийг л голлон анхаардаг уу? Бусдын өмнө алдар нэр олох гэж улайрч байна уу?» гэж асуух нь зүйтэй. Өөртөө алдар хүнд хайх нь Христийг дуурайж буй хэрэг огт биш нь ойлгомжтой (Иохан 5:41).
13. а) Харгалзагч хүн даруу байхын жишээ үзүүлэх нь бусдад яаж нөлөөлдөг вэ? б) Даруу байх нь дурын хэрэг бишийн учир юу вэ?
13 Христийн даруу занг дуурайхыг хичээвэл бусдад үйлчлэх хүсэл төрдөг. Еховагийн Гэрчүүдийн нэг салбарын үйл ажиллагааг шалгаж байсан бүсийн харгалзагчийн жишээг авч үзье. Тэрбээр их өндөр хариуцлага хүлээдэг, амсхийх завгүй нэгэн боловч хэвлэлийн үдэх машины тохиргоо хийхийг оролдож байсан нэг залуу ахад тусалжээ. «Би бүр итгэж чадахгүй байсан шүү! Тэр ах залуудаа Бетелд үйлчилдэг байхдаа ийм машин дээр ажилладаг байснаа дурсаад, яг зөв тохируулахад их амаргүй байдгийг хэлж билээ. Өөрөө чухал ажил ихтэй байсан ч, тэр ах надтай хамт хэсэг зуур ажилласан юм. Үүнийг би хэзээ ч мартдаггүй» гэж тэр залуу ах ярьжээ. Эдүгээ өнөөх ах өөрөө Еховагийн Гэрчүүдийн нэг салбарт харгалзагчаар үйлчилдэг бөгөөд тэр даруу ахын тусыг одоо ч санадаг гэнэ. Бид ч бас өөрсдийгөө зарим нэг энгийн ажил хийгээд байхааргүй том, эсвэл хар бор ажил хиймгүй дээгүүр хүн гэж үзэхийн оронд өөрсдийгөө «даруу байдлаар» хувцаслацгаая. Энэ бол христиан хүний өмсөх ёстой «шинэ хүний» нэг хэсэг болохоос дурын хэрэг биш ээ (Филиппой 2:3; Колоссай 3:10, 12; Ром 12:16).
Агуу байдлын талаар христиан үзэлтэй болох нь
14. Бурхантай тогтоосон харьцаа болон хүмүүстэй хэрхэн харьцдагаа эргэцүүлэн бодох нь агуу байдлын талаар зөв үзэлтэй болоход хэрхэн туслах вэ?
14 Яаж агуу байдлын талаар зөв үзэлтэй болох вэ? Нэг арга бол Ехова Бурхантай тогтоосон харьцаагаа эргэцүүлэн бодох явдал юм. Ехова цог жавхлан, хүч чадал, мэргэн ухаанаараа хүн гэдэг өчүүхэн амьтнаас хол давуу билээ (Исаиа 40:22). Түүнчлэн, бусадтай хэрхэн харьцдагаа эргэцүүлэн бодох нь даруу байхад тусалдаг. Жишээ нь, бид ямар нэг талаараа бусдаас чадварлаг байж болох ч тэд амьдралын илүү чухал хүрээнд биднээс давуу байж болох шүү дээ. Эсвэл бидэнд байдаггүй чанар христиан ах дүү нарт маань байдаг байж болно. Үнэндээ, Бурхны эрхэмлэдэг хүмүүс дөлгөөн, даруу зантай учраас олноос онцгойроод байхыг хүсдэггүй (Сургаалт үгс 3:34 «зовж зүдрэгсэд» [«дөлгөөн хүмүүс», ШЕ]; Иаков 4:6).
15. Бид өөрсдийгөө бусдаас дээгүүр тавих үндэс байхгүйг Бурхны ард түмний үнэнч байдлын жишээ хэрхэн харуулдаг вэ?
15 Итгэл үнэмшлийнхээ улмаас хавчигдаж явсан Гэрчүүдийн туршлага дээрх үгийн үнэнийг харуулдаг. Ихэнх тохиолдолд, ертөнцөд гоц гойдод тооцогддоггүй хүмүүс харгис хатуу сорилтыг давж, Бурханд үнэнч байдлаа хадгалсан байдаг. Тэдний жишээг эргэцүүлэн бодвол үргэлж даруу байж, «өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр... бодохгүй» байхад суралцдаг (Ром 12:3). *
16. Хурлын бүх гишүүн Есүсийн жишээгээр агуу байдлыг хэрхэн хөгжүүлж болох вэ?
16 Хөгшин залуу гэлгүй христианууд бүгдээрээ агуу байдлын талаар христиан үзэлтэй болох ёстой. Хуралд хийж гүйцэтгэх шаардлагатай янз бүрийн ажил байдаг. Хэрэв танаас, бидний ярьдгаар, хар ажил хийхийг гуйвал хэзээ ч бүү дургүйцээрэй (1 Самуел 25:41; Хаадын дэд 3:11). Эцэг эхчүүд ээ, та нар Хаанчлалын танхимд болон чуулган явуулах газар оноосон ямар ч ажлыг баяр хөөртэй хийхийг бага болон өсвөр насны хүүхдүүддээ уриалдаг уу? Өөрийг тань тийм ажил хийж байхыг тэд хардаг уу? Эдүгээ Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахины удирдах ерөнхий газар үйлчилдэг нэг ах эцэг эхийнхээ жишээг тод санаж явдгаа ийн ярьжээ. Тэрбээр: «Эцэг эх маань Хаанчлалын танхим юм уу чуулган явуулах газар цэвэрлэх ажлыг их чухалд үздэг байсан нь ажилдаа хэрхэн ханддагаас нь харагддаг байсан. Аав ээж хоёр хурлынхаа болон бусад ах дүү нарынхаа тусын тулд ямар ч хар ажлыг сайн дураараа хийдэг байсан. Тэдний жишээ надад оноосон Бетелийн ямар ч даалгаврыг дуртайяа хүлээн авахад тус болдог» гэж хэлжээ.
17. Даруу эмэгтэйчүүд хуралдаа хэрхэн ивээл болдог вэ?
17 Бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавих тухайд МЭӨ V зуунд Персийн хааны хатан болсон Естер сайхан жишээ үзүүлжээ. Тэрбээр ордонд амьдардаг байсан ч гэлээ Бурхны хүсэл таалалд нийцэх үйл хийж, ард түмнийх нь төлөө амиа золиослоход бэлэн байсан (Естер 1:5, 6; 4:14–16). Өнөөдөр христиан эмэгтэйчүүд эдийн засгийн боломжоосоо үл шалтгаалан, сэтгэлээр унасан хүмүүсийг зоригжуулж, өвдөж зовж байгаа хүмүүсийг эргэж тойрч, дэлгэрүүлэх ажилд оролцон, ахлагчидтай хамтран ажиллах зэргээр Естерийнх шиг сэтгэл илэрхийлдэг. Энэ даруу эгч нар маань хуралдаа үнэхээрийн ивээл болдог буюу!
Агуу байдлыг Христ шиг үзэхийн шагнал
18. Агуу байдлыг Христ шиг үзэхийн ач тус юу вэ?
18 Агуу байдлын талаар Христийнх шиг үзэл танд олон талаар ач тусаа өгнө. Амь бие хайрлалгүй бусдад үйлчлэхэд хэн хэн нь баяр жаргал амсдаг (Үйлс 20:35). Ах дүү нарынхаа тусын тулд дуртайяа, хичээнгүйлэн үйлчилбэл тэднийхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг (Үйлс 20:37). Хамгийн гол нь, Ехова таны итгэл нэгтнүүдийнхээ төлөө хийдэг бүхнийг өөрийг нь магтан алдаршуулах тааламжит тахил гэж үздэг юм шүү (Филиппой 2:17).
19. Агуу байдлыг Христ шиг үзэх тухайд бид юунд шийдвэр төгс байх ёстой вэ?
19 Бидний хүн нэг бүр зүрхээ шалгаж, өөрөөсөө: «Би агуу байдлын талаарх христиан үзлийг хөгжүүлэх тухай яриад л өнгөрөх үү эсвэл ажил хэрэг болгохын тулд үнэхээр хичээх үү?» гэж асуух хэрэгтэй. Ехова бардам хүнд хэрхэн ханддаг нь тодорхой шүү дээ (Сургаалт үгс 16:5; 1 Петр 5:5). Христиан хуралдаа ч, гэр бүлдээ ч, хүмүүстэй өдөр тутам харьцахдаа ч Бурхныг магтан алдаршуулахын төлөө бүхнийг хийж, агуу байдлын талаарх христиан үзлээ үйл хэргээр харуулцгаая (1 Коринт 10:31).
[Зүүлт]
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1982 оны тавдугаар сарын 1-ний дугаарын 3—6-р хуудасны «Амжилтын төлөө» гэдэг өгүүллийг үзнэ үү (англи).
^ 1992 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-ын 181, 182-р хуудас болон «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1993 оны 9-р сарын 1-ний дугаарын 27—31-р хуудсыг тус тус үзнэ үү (англи).
Та тайлбарлаж чадах уу?
• Агуу байдлын талаарх ертөнцийн үзлээс зайлсхийх ёстойн учир юу вэ?
• Есүсийн тодорхойлсноор агуу байдал гэж юу вэ?
• Христийн даруу занг харгалзагчид хэрхэн дуурайж болох вэ?
• Агуу байдлын талаарх христиан үзлийг хөгжүүлэхэд юу туслах вэ?
[Догол мөрийн асуулт]
[17-р хуудасны хавсралт]
Хэн христиан ёсоор агуу вэ?
Үйлчлүүлэхийг хүсдэг хүн үү эсвэл бусдад дуртайяа үйлчилдэг хүн үү?
Анхаарлын төвд байх дуртай хүн үү эсвэл энгийн ажил хийдэг хүн үү?
Өөрийгөө өргөмжилдөг хүн үү эсвэл бусдыг өргөмжилдөг хүн үү?