Skip to content

Гарчиг руу орох

Ехова даруу хүмүүст цог жавхлангаа үзүүлдэг

Ехова даруу хүмүүст цог жавхлангаа үзүүлдэг

Ехова даруу хүмүүст цог жавхлангаа үзүүлдэг

«Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос амь, алдар хүнд, эд баялаг юм» (СУРГААЛТ ҮГС 22:4).

1, 2. а) Стефан «итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн» хүн байсныг «Үйлс» ном хэрхэн харуулдаг вэ? б) Стефан даруу хүн байсны баталгаа юу вэ?

 СТЕФАН «итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн» хүн байв. Түүнчлэн, «нигүүлсэл болон хүчээр дүүрэн» байсан. Есүсийн эртний шавь нарын нэг болох тэрбээр агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа. Нэгэн удаа хэсэг хүн Стефантай маргалдсан ч «түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй» (Үйлс 6:5, 8–10). Стефан Судрыг хичээнгүйлэн судалдаг байсан нь илэрхий бөгөөд тухайн үеийн иудейн шашны удирдагчдын өмнө Бурхны Үгийг чадмаг хамгаалсан. Дэлгэрэнгүй гэрчлэлийг нь «Үйлс» номын 7-р бүлэгт бичсэнээс үзвэл тэрбээр Бурхан санаа зорилгоо хэрхэн аажмаар илчлэхийг шимтэн сонирхдог байсныг батлан харуулдаг.

2 Шашны удирдагчид эрх мэдэл, мэдлэг боловсролдоо эрдэн, өөрсдийгөө жирийн олноос дээгүүр гэж боддог байхад Стефан даруу хүн байв (Матай 23:2–7; Иохан 7:49). Тэрбээр Судрыг сайн мэддэг байсан ч «ширээнд үйлчлэх» даалгаврыг туйлын баяртай хүлээн авч, элч нарт «залбирал болон үгийн үйлчлэлд» өөрсдийгөө зориулах боломж олгосон. Стефан итгэл нэгтнүүдийнхээ дунд нэр хүндтэй байсан бөгөөд улмаар өдөр тутам хүнс тараах ажлыг зохион байгуулах долоон хүний нэгээр сонгогджээ. Тэрбээр энэ үүрэгт ажлыг даруухнаар хүлээн авсан (Үйлс 6:1–6).

3. Бурхан өөрийг нь нигүүлсэж байгаагийн гайхамшигтай илрэлийг Стефан хэрхэн үзсэн бэ?

3 Стефаны даруу зан, сүнслэг бат бөх байдал хийгээд Бурханд үнэнч байдалтай хосолсон нь Еховагийн анхаарлыг татсан билээ. Иудейн Дээд шүүхийн өмнө, шашны дайсагнасан удирдагчдад гэрчилж байтал эсэргүүцэгчдэд нь Стефаны «царай тэнгэр элчийн царай лугаа адил харагджээ» (Үйлс 6:15). Цог жавхлант Бурхан Еховагаас ирсэн амар тайван нүүрэнд нь тодорч, царай нь Бурхны элчийн царай лугаа адил байжээ. Дээд шүүхийнхэнд зоригтой гэрчилснийх нь дараа Бурхан түүнийг нигүүлсэж, гайхамшигтай үзэгдэл үзүүлсэн. «Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурхны [цог жавхланг] ...болон Бурхны баруун талд зогсож буй Есүсийг харав» (Үйлс 7:55). Тэрбээр энэ сэтгэл хөдлөм үзэгдлийг үзээд Есүс бол Бурхны Хүү бөгөөд Мессиа мөн гэдэгт улам ч баттай итгэжээ. Уг үзэгдэл, даруу Стефаныг бэхжүүлж, Ехова өөрийг нь таалдаг гэдгийн баталгаа болсон юм.

4. Ехова хэнд цог жавхлангаа үзүүлдэг вэ?

4 Ехова цог жавхлан хийгээд санаа зорилгоо өөрөөс нь эмээдэг, өөртэй нь тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг, даруу хүмүүст илчилдэг болохыг Стефанд үзэгдэл үзүүлснээс ойлгож болно. Библид: «Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос амь, алдар хүнд, эд баялаг юм» хэмээдэг (Сургаалт үгс 22:4). Тиймээс, жинхэнэ даруу зан гэж юу болох, энэ чухал чанарыг хэрхэн хөгжүүлж, амьдралын бүх хүрээнд илэрхийлбэл ямар ач тус хүртэхийг ойлгох нь тун чухал.

Даруу зан бол Бурхны илэрхийлдэг чанар

5, 6. а) Даруу зан гэж юу вэ? б) Ехова даруу зангаа хэрхэн илэрхийлдэг вэ? в) Ехова даруу байдаг нь бидэнд хэрхэн нөлөөлөх учиртай вэ?

5 Орчлонт ертөнцийн хамгийн цог жавхлант, хамгийн дээд нэгэн буюу Ехова Бурхан даруу байхын агуу жишээ үзүүлдэг нь зарим хүний хувьд гайхмаар байж болох юм. Давид хаан Еховад хандан: «Та Өөрийн авралын бамбайг надад... өгсөн бөгөөд Таны баруун мутар намайг түшдэг. Таны дөлгөөн [«даруу», ШЕ] байдал намайг агуу болгодог» хэмээн хэлжээ (Дуулал 18:35). Давид Еховаг даруу гэж хэлэхдээ ашигласан еврей үгийн үндэс нь «бөхийх» гэсэн утгатай ажээ. Уг үндсээс «даруу» гэдэг үг үүсэхээс гадна «номхон», «дөлгөөн», «өөрийгөө дорд болгох» гэх зэрэг бусад үг үүсдэг байна. Тиймээс Ехова Давид шиг төгс бус хүнтэй харьцаж, өөрийг нь төлөөлөх хаан болгон ашиглаж, өөрийгөө дорд болгосон нь даруу зан илэрхийлсэн хэрэг байв. 18-р дууллын өмнөх үгэнд тэмдэглэснээр, Ехова Давидыг «бүх дайсных нь гараас болон Саулын гараас» аварч, дэмжиж, хамгаалсан байна. Тэгээд ч Давид, хаан хүний хувьд ямар нэг агуу байдал, нэр алдарт хүрэх нь Еховагийн даруу зан хийгээд, өөрийнх нь төлөө түүний юу хийхээс шалтгаалахыг ойлгож байсан. Үүнийг ойлгосон нь даруу байхад нь тус болсон.

6 Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Ехова биднийг үнэнийг заахад тохирно гэж үзээд, өөрт нь үйлчлэх онцгой завшааныг байгууллагаараа дамжуулан өгсөн эсвэл хүсэл тааллаа биелүүлэхдээ биднийг ямар нэг байдлаар ашигласан байж болох юм. Үүнд нь бид хэрхэн хандах ёстой вэ? Харин ч улам даруухан байх ёстой биз дээ? Еховаг даруу байдагт талархан, гамшигт явдалд гарцаагүй хүргэдэг, биеэ өргөмжлөх явдлаас зайлсхийх ёстой биш үү? (Сургаалт үгс 16:18; 29:23).

7, 8. а) Ехова Манассед хандахдаа даруу зангаа хэрхэн харуулсан бэ? б) Ехова Манассе хоёр бидэнд даруу байхын ямар үлгэр жишээ үзүүлсэн бэ?

7 Ехова төгс бус хүмүүстэй харьцан, даруу зан илэрхийлээд зогсохгүй номхон хүмүүсийг дуртайяа өршөөж, тэр байтугай, өөрийгөө даруу болгодог хүмүүсийг «өргөж», «өндийлгөдөг» (Дуулал 113:4–7). Жишээ болгон, Иудагийн хаан Манассегийн тухай ярилцъя. Тэрбээр хуурамч шашныг түгээн дэлгэрүүлэхийн тулд хааны эрх мэдлээ урвуулан ашиглаж, «ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ... ЭЗЭНийг уурлахад хүргэжээ» (Шастирын дэд 33:6). Эцэст нь Ехова Манассег хаан ширээнээс нь авч хаяхыг Ассирийн хаанд зөвшөөрөн шийтгэсэн. Манассе шоронд байхдаа «өөрийн Бурхан ЭЗЭН уруу хандаж, ...Бурхны өмнө өөрийгөө ихэд дорд болгосонд» Ехова хаан ширээг нь Иерусалимд сэргээж, Манассе ч Еховаг «[жинхэнэ] Бурхан мөн гэдгийг мэдсэн билээ» (Шастирын дэд 33:11–13). Тийм ээ, энэ явдлаас үзэхэд Манассегийн даруу зан Еховад таалагджээ. Бурхан ч даруу зангаа харуулан, түүнийг уучилж, хааных нь эрх мэдлийг буцааж олгосон юм.

8 Манассе гэмшиж, Ехова дуртайяа уучилсан нь даруу байхад бидэнд том сургамж болдог. Өөрсдийг маань гомдоосон хүмүүст бидний яаж ханддаг, нүгэл үйлдсэн үедээ ямар зан гаргадгаас маань Ехова бидэнд хэрхэн хандах нь шалтгаална гэдгийг ямагт санаж явах ёстой. Өрөөлийн алдаа дутагдлыг дуртайяа уучилж, өөрийн алдаа оноог даруухнаар хүлээвэл Ехова биднийг өршөөнө гэж найдаж болно (Матай 5:23, 24; 6:12).

Бурхан цог жавхлангаа даруу хүмүүст үзүүлсэн нь

9. Даруу зан сул доройн шинж мөн үү? Тайлбарлана уу.

9 Даруу зан болон үүнтэй холбоотой бусад чанарыг сул доройн шинж, буруу явдлыг хаацайлах хандлага гэх зэргээр андуу ойлгож болохгүй. Ариун Сударт тэмдэглэснээр, Ехова даруу нэгэн боловч шаардлагатай үед зүй ёсоор уурлаж, бишрэм хүчээ харуулдаг. Гэхдээ Ехова даруу учраас даруу хүмүүсийг таалан анхаарч, тэдэнд онцгойлон санаа тавьдаг хэрнээ бардам хүмүүсээс хол байдаг (Дуулал 138:6). Ехова даруу үйлчлэгчдээ хэрхэн санаа тавьдаг вэ?

10. 1 Коринт 2:6–10-т тэмдэглэснээр Ехова даруу хүмүүст юу илчилдэг вэ?

10 Ехова товлосон цагаа болохлоор санаа зорилгоо хэрэгжүүлэх тухай нарийн ширийн зүйлийг сонгосон сувгаараа даруу хүмүүст илчилдэг. Эдгээр гайхамшигт зүйл нь хүний мэргэн ухаан, үзэл бодолд бардамнан найддаг, эсвэл тэдгээрийг зөрүүдлэн баримталдаг хүмүүсийн хувьд нууц хэвээрээ байдаг (1 Коринт 2:6–10). Харин даруу хүмүүс санаа зорилгыг нь нарийн зөв ойлгоод, Еховаг алдаршуулах хүсэлтэй болдгийн учир нь түүний бишрэм цог жавхланг улам ч илүү ойлгодогт байгаа юм.

11. Нэгдүгээр зуунд зарим хүн өөрсдөд нь даруу зан дутаж байсныг хэрхэн харуулсан бэ? Энэ нь ямар балагтай байсан бэ?

11 Нэгдүгээр зуунд олон хүн, тэр дундаа, өөрийгөө христиан гэх зарим хүн элч Паулын, Бурхны санаа зорилгын тухай илчилсэн зүйлд бүдэрч, өөрсдөд нь даруу зан дутаж байгааг харуулсан. Паул «харь үндэстнүүдийн элч» болсон нь яс үндэс, мэдлэг боловсрол, нас хүйс юм уу он удаан жилийн сайн үйлстэй нь холбоогүй байжээ (Ром 11:13). Аливаад «махан биеийн» үзэл бодлоор ханддаг хүмүүс Бурхан хэнийг ашиглахаа тийм л зүйлээр тодорхойлдог гэж санадаг аж (1 Коринт 1:26–29; 3:1; Колоссай 2:18). Гэтэл Ехова нигүүлсэл болон зөвт санаа зорилгынхоо дагуу Паулыг сонгосон (1 Коринт 15:8–10). Паулын «хамгийн эрхэм... элч нар» хэмээн нэрлэсэн хүмүүс болон бусад эсэргүүцэгч Паулыг өөрийг нь ч, Судраас тайлбарлан ойлгуулахыг нь ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэд бардам зангийнхаа балгаар Ехова санаа зорилгоо хэрхэн гайхамшигтайгаар хэрэгжүүлэх тухай мэдлэг, ойлголтын алийг нь ч авч чадаагүй. Бид ч гэсэн Еховагийн, санаа зорилгоо биелүүлэхдээ ашиглахаар сонгосон хэнд ч болов хувийн үзэмжээр хандахгүй, тэднийг дутуу үнэлэхгүй байцгаая (2 Коринт 11:4–6).

12. Ехова даруу хүмүүсийг таалдаг гэдгийг Мосегийн жишээ хэрхэн харуулдаг вэ?

12 Нөгөө талаас, Бурхны цог жавхланг агшин зуур үзэх завшаан даруу хүмүүст олдсоныг харуулах жишээ Библид олон байдаг. «Ямар ч хүнээс илүүгээр маш даруу» Мосе Бурхны цог жавхланг үзэж, түүнтэй дотно харьцаатай байсан (Тооллого 12:3). Хонь хариулсан 40 жилийнхээ ихэнхийг Арабын хойгт өнгөрүүлсэн энэ даруу хүн Бүтээгчийнхээ тааллыг олон талаар олжээ (Египетээс гарсан нь 6:12, 30). Мосе Еховагийн дэмжлэгтэйгээр израиль үндэстнийг төлөөлөн бусад үндэстэнтэй харьцаж, ард олныг голлон удирдаж байв. Бурхантай тогтоосон харьцаа нь нэг талынх байгаагүй. Мосе үзэгдлээр Еховагийн «хэлбэр дүрсийг» үзсэн (Тооллого 12:7, 8; Египетээс гарсан нь 24:10, 11). Бурхны төлөөлөгч энэ даруу үйлчлэгчийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс ч бас Бурхнаас ивээл хүртсэн. Үүнтэй адилаар, бид Мосегоос агуу «эш үзүүлэгч» Есүсийг, түүний томилсон «итгэмжит, ухаалаг боолыг» хүлээн зөвшөөрч, тэдэнд дуулгавартай байвал бас ивээл хүртэнэ (Матай 24:45, 46; Үйлс 3:22).

13. Нэгдүгээр зуунд Ехова цог жавхлангаа жирийн хоньчдод хэрхэн үзүүлсэн бэ?

13 «Аврагч, Эзэн Христ» төрсөн тухай сайн мэдээг тэнгэр элч тунхаглахад Еховагийн «цог жавхлан» хэнд «гийсэн» билээ? Бардам ихэмсэг шашны удирдагчид, эрх мэдэлтэй нөлөө бүхий хүмүүст бус, харин «сүргээ манаад шөнө хээр хоноглож байсан» жирийн хоньчдод шүү дээ (Лук 2:8–11). Тэдний ур чадвар, ажил хөдөлмөрийг хүмүүс үнэлж үздэггүй байв. Гэтэл Еховагийн анхаарлыг татсан хүмүүс бол чухамдаа тэд байсан бөгөөд Мессиа төрснийг тэдэнд түрүүлж мэдэгдэхээр сонгожээ. Тийм ээ, Ехова даруу хийгээд өөрөөс нь эмээдэг хүмүүст цог жавхлангаа үзүүлдэг.

14. Даруу хүмүүс Бурхнаас ямар ямар ивээл хүртдэг вэ?

14 Эдгээр жишээ бидэнд юу харуулж байна вэ? Ехова даруу хүмүүсийг таалж, тэдэнд санаа зорилгоо мэдүүлж, ойлгуулдаг нь тодорхой байна. Хүний нүдээр харахад тийм хүмүүс зарим шаардлага хангахгүй байж болох ч Бурхан тэднийг сонгож, бусдад гайхамшигт санаа зорилгоо илчлэх хэрэгсэл болгон ашигладаг. Үүнийг ойлговол Еховагаас өөрөөс нь, зөгнөлийн Үг болон байгууллагаас нь удирдлага авч байх хүсэл төрөх учиртай. Ехова даруу үйлчлэгчдэдээ санаа зорилгоо илчилсээр байна гэдэгт бид итгэлтэй байж болно. Зөнч Амос: «Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй» хэмээн тунхаглажээ (Амос 3:7).

Даруу зан хөгжүүлж, Бурхны тааллыг ологтун

15. Даруу байхын тулд хүчин чармайлт гаргах ёстойн учир юу вэ? Израилийн хаан Саулд тохиолдсон явдал үүний чухлыг хэрхэн харуулдаг вэ?

15 Бурхны таалалд багтаж байхын тулд бид үргэлж даруу байх ёстой. Үргэлж даруу байдаггүй хүнийг даруу хүн гэж үзэж болохгүй. Тийм хүн даруу зангаа гээж, бардам зан гарган, биеэ өргөмжилдөг болж, адаг сүүлдээ, өөрийгөө хэт их үнэлж, үүнийхээ горыг амсдаг. Еховагийн тосолсон, Израилийн анхны хаан Саулд яг л тийм юм тохиолдсон. Тэрбээр анх хаанаар сонгогдчихоод байхдаа «өөрийгөө өчүүхэн» хэмээн үзэж байсан (1 Самуел 15:17). Гэвч хаан ширээнд сууснаасаа хойш ердөө хоёр жилийн дараа биеэ тоож эхэлжээ. Зөнч Самуелаар дамжуулан тахил өргөх ёстой байтал Еховагийн тогтоосон арга хэмжээг үл ойшоон, дур мэдэн тахил өргөснөө хаацайлах арга сэдсэн (1 Самуел 13:1, 8–14). Энэ бол Саулд даруу зан дутаж байсныг илэрхий харуулсан олон үйл явдлын эхлэл байлаа. Үүний гайгаар тэрбээр Бурхны сүнсийг алдаж, тааллыг нь олохоо больж, эцэстээ гутамшигтайгаар үхсэн (1 Самуел 15:3–19, 26; 28:6; 31:4). Энэ явдал бидэнд том сургамж болдог. Даруу зан, дуулгавартай байдлыг хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж, өөрийгөө чухалд үзэх хандлагаа дарж, Еховагийн дургүйг хүргэж болох давлиун зангаас зайлсхийх ёстой.

16. Еховатай тогтоосон харьцаа болон хүмүүстэй хэрхэн харьцдагаа эргэцүүлэн бодох нь даруу зан хөгжүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

16 Даруу зан Бурхны сүнсний үр жимсний хэсэгт ордоггүй боловч бидний хөгжүүлэх ёстой, Бурханд таалагддаг чанарын нэг мөн (Галат 5:22, 23; Колоссай 3:10, 12). Даруу зан бидний оюун санаа буюу өөрийгөө болоод бусдыг хэрхэн үздэгтэй холбоотой учир үүнийг хөгжүүлэхийн тулд зориуд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Еховатай тогтоосон харьцаа болон хүмүүстэй хэрхэн харьцдагаа нухацтай авч үзэж, эргэцүүлэн бодох нь даруу байхад тус болно. Төгс бус, махан биетэй бүхэн Бурхны нүдэнд, нэгэн цагт ургаад, хатаж хагдардаг өвстэй адил буюу. Хүн бол ердөө л тал дахь царцаа лугаа адил юм (Исаиа 40:6, 7, 22). Нэг өвс бусдаасаа арай өндөр ургасан нь бардамнах шалтгаан болно гэж үү? Эсвэл нэг царцаа бусдаасаа арай хол дэвхэрч чаддаг бол энэ чадвараараа гайхуулах эрхтэй гэж үү? Бодохоос ч инээдтэй байгаа биз дээ. Тиймээс, элч Паул итгэл нэгтнүүддээ: «Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ?» хэмээн сануулжээ (1 Коринт 4:7). Библийн иймэрхүү зүйлийг эргэцүүлэн бодох нь даруу зан хөгжүүлж, илэрхийлэхэд тусална.

17. Даруу зан хөгжүүлэхэд нь зөнч Даниелд юу тусалсан бэ? Бидэнд юу туслах вэ?

17 Еврей зөнч Даниел Бурхны өмнө «ихэд хүндлэгддэг» хүн байсны учир нь тэрбээр «өөрийгөө дорд тавьдаг» буюу даруу байсных ажээ (Даниел 10:11, 12). Даруу байхад нь юу тусалсан юм бол оо? Юуны түрүүнд, Еховад гуйвалтгүй найдаж, тогтмол залбирдаг байв (Даниел 6:10, 11). Тэрчлэн, Даниел Бурхны Үгийг зөв сэдлээр, нямбай судалдаг байсан нь Бурхны гайхамшигт санаа зорилгыг гүнзгий ойлгоход тусалжээ. Бас зөвхөн ард түмнийхээ бус, өөрийн алдаа дутагдлыг шууд хүлээн зөвшөөрдөг байсан. Тэгээд ч өөрийн бус, Бурхны үнэн зөвийг хүлээн зөвшөөрөхийг чин сэтгэлээсээ хүсдэг байв (Даниел 9:2, 5, 7). Даниелын гайхамшигтай жишээнээс суралцаж, даруу зан хөгжүүлж, амьдралынхаа бүх хүрээнд илэрхийлэхийг хичээхэд юу нь болохгүй гэж?

18. Өнөөдөр даруу зан илэрхийлдэг хүмүүсийг ямар гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа вэ?

18 Сургаалт үгс 22:4-т: «Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос амь, алдар хүнд, эд баялаг юм» гэж байдаг. Тийм ээ, даруу хүмүүс Еховагийн тааллыг, эцэстээ «алдар хүнд, амийг» олдог. Бурханд үйлчлэхээ бараг больсныхоо дараад, Еховагийн тусламжтайгаар үзэл бодлоо засаж залруулж чадсан дуулалч Асаф: «Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж, хожим намайг сүр жавхланд угтан авна» хэмээн даруухнаар хэлжээ (Дуулал 73:24). Тэгвэл өнөөдрийн тухай юу хэлж болох вэ? Даруу зан илэрхийлдэг хүмүүсийг ямар «сүр жавхлан» хүлээж байна вэ? Тэд Еховагийн тааллыг олж, түүнтэй сайн харьцаатай байдгийн зэрэгцээ Давид хааны, онгодоор хөтлүүлэн бичсэн: «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» хэмээх үг биелэхийг үзэх гэж тэсэн ядан хүлээдэг. Юутай гайхамшигтай ирээдүй вэ! (Дуулал 37:11).

Та санаж байна уу?

• Ехова даруу хүмүүст цог жавхлангаа үзүүлдгийг Стефанд тохиолдсон явдал хэрхэн харуулдаг вэ?

• Ехова даруу зангаа хэрхэн илэрхийлдэг вэ?

• Ехова даруу хүмүүст цог жавхлангаа үзүүлдгийг ямар ямар жишээ харуулдаг вэ?

• Даруу зан хөгжүүлэхэд Даниелын жишээ хэрхэн туслах вэ?

[Догол мөрийн асуулт]

[12-р хуудасны хавсралт]

Шийдэмгий ч даруухан

1919 онд АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнтод Библи Судлаачид буюу одоогийн Еховагийн Гэрчүүд чуулганаа зохион явуулахад, тэр үед Гэрчүүдийн үйл ажиллагааг удирдаж байсан 50 настай Ж. Рутерфорд чуулганд ирсэн хүмүүсийг өрөөнд нь хүргэж өгч, ачаа тээшийг нь зөөх ажлыг сайн дураараа, дуртайяа хийж байв. Чуулганы сүүлийн өдөр тэрбээр 7 000 сонсогчийг: «Та бүхэн бол Эзнийхээ алдарт хаанчлалыг... хүмүүст тунхагладаг, хаадын Хаан, эздийн Эзний элчин сайд нар билээ» хэмээсэн үгээрээ сэтгэлийг нь догдлуулж байсан. Рутерфорд ах итгэл үнэмшлээ тууштай баримталдаг, үнэн гэж итгэдэг зүйлийнхээ төлөө бат зогсдог, эрс шийдэмгий хэлж ярьдгаараа олонд танигдсан хүн байв. Гэсэн ч Бурхны өмнө чин сэтгэлээсээ даруу байсан нь Бетелийн өглөөний мөргөл дээр залбирахад нь харагддаг байжээ.