«Зовлонтой бэрх цагт» Ехова бидэнд «цайз» болдог
«Зовлонтой бэрх цагт» Ехова бидэнд «цайз» болдог
«Зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг. Тэр бол зовлонтой бэрх цагт нь тэдний бат цайз юм» (ДУУЛАЛ 37:39, МБОХ, 1998 он).
1, 2. а) Есүс шавь нарынхаа төлөө юу гэж залбирсан бэ? б) Дэлхий дэх ард түмнийх нь тухайд Бурхны хүсэл таалал юу вэ?
ЕХОВА бол төгс хүчит Бурхан билээ. Тэрбээр үнэнч үйлчлэгчдээ ямар ч аргаар болов хамгаалж чаддаг. Түүгээр ч барахгүй, ард түмнээ энэ ертөнцийн бусад хүмүүсээс бодитойгоор тусгаарлан, аюулгүй, тайван амгалан орчинд байлгах чадвартай. Гэхдээ Есүс шавь нарынхаа төлөө тэнгэрийн Эцэгтээ хандан залбирахдаа: «Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас [«муу нэгнээс», ШЕ] хамгаалаач гэж гуйж байна» хэмээжээ (Иохан 17:15).
2 Ехова биднийг «ертөнцөөс» авахаар сонгоогүй. Харин, түүний хүсэл таалал бол биднийг энэ ертөнцийн жирийн хүмүүсийн дунд байлган, найдвар болоод тайвшралын талаарх мэдээгээ тэдэнд тунхаглуулах явдал юм (Ром 10:13–15). Гэхдээ, Есүсийн залбирлаараа сануулсны дагуу бид энэ ертөнцөд амьдрах явцдаа «муу нэгний» аюулд өртдөг ажээ. Бурханд захирагддаггүй хүмүүс хийгээд муу сүнснүүд их гай зовлон уддаг учраас христианууд тэр бүхнээс ангид байдаггүй (1 Петр 5:9).
3. Еховагийн үнэнч үйлчлэгчид ч гэсэн юутай тулгарах ёстой вэ? Гэвч, Бурхны Үг биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?
3 Тийм сорилттой тулгарахдаа түр зуур сулран доройтох буюу сэтгэлээр унах нь байж болох л асуудал (Сургаалт үгс 24:10). Библид бэрхийг амсаж туулсан Бурхны үнэнч үйлчлэгчдийн маш олон жишээ байдаг. Дуулалч: «Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» гэж хэлсэн (Дуулал 34:19). Тийм ээ, «зөв шударга хүнд» ч гэсэн муу юм тохиолддог. Дуулалч Давидад тохиолдсон шиг, биднийг «сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээх» цаг ирж болох юм (Дуулал 38:8). Гэхдээ, Ехова «эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг [«сэтгэлийн дарамттай хүмүүсийг», ШЕ] авардаг» гэдгийг мэдэх нь бидэнд тайвшрал юм (Дуулал 34:18; 94:19).
4, 5. а) Сургаалт үгс 18:10-т бичсэнээр Бурхны хамгаалалтад орохын тулд яах ёстой вэ? б) Бурхны тусламж авахын тулд ямар ямар чухал алхам хийх хэрэгтэй вэ?
4 Есүсийн залбирснаар Ехова биднийг үнэхээр хамгаалдаг. Тэрбээр «зовлонтой бэрх цагт [бидний] бат цайз юм» (Дуулал 37:39, МБОХ, 1998 он). «Сургаалт үгс» номд: «ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна» хэмээсэн дээрхтэй адил санаа байдаг (Сургаалт үгс 18:10). Ехова бүтээлүүдээ энхрийлэн халамжилдаг гэсэн санааг энэ зүйл харуулдаг. Бурхан, ялангуяа, толгой хоргодохоор бат бөх цамхаг уруу гүйн орж байгаа мэт өөрийг нь идэвхтэй хайдаг зөвт хүмүүсийг хамгаалдаг.
5 Бэрх асуудалтай тулгарахдаа бид хамгаалалтад нь орохын тулд Ехова уруу хэрхэн гүйж болох вэ? Еховагийн тусламжийг авахын тулд хийвэл зохих гурван чухал алхмыг авч үзье. Нэгдүгээрт, бид тэнгэрийн Эцэгтээ хандан залбирах ёстой. Хоёрдугаарт, Бурхны ариун сүнсний удирдлагын дагуу амьдрах хэрэгтэй. Гуравдугаарт, бэрх асуудлыг маань нимгэлж чадах итгэл нэгтнүүдтэйгээ харьцаж бай гэсэн Еховагийн тушаалыг сахин биелүүлэх ёстой.
Залбирлын хүч
6. Жинхэнэ христианууд залбирлыг хэрхэн үздэг вэ?
6 Эрүүл мэндийн салбарт ажилладаг зарим мэргэжилтэн сэтгэл гутрал болон стрессийг залбирлын аргаар эмчлэхийг зөвлөдөг. Залбирч байгаа юм шиг эргэцүүлэн бодож, тайвшрах үед стресс тайлагдаж болох нь үнэн хэдий ч байгалийн дуу чимээ, нуруунд хийсэн иллэг хүртэл дээрхийн адил үйлчилгээг элбэгхэн үзүүлдэг гэж хэлж болно. Жинхэнэ христианууд залбирлыг сэтгэлийн засал төдий зүйл гэж ач холбогдлыг нь бууруулж үздэггүй, харин ч Бүтээгчтэй харьцах эрхэм боломж гэж үнэлдэг. Бид Бурханд итгэх итгэл болон үнэнч байдлаа залбирлаараа харуулдаг. Тийм ээ, залбирал бол шүтлэгийн маань хэсэг мөн.
7. Итгэл зоригийн үүднээс залбирах гэж юу гэсэн үг вэ? Тийн залбирвал бэрхийг давахад хэрхэн тусалдаг вэ?
7 Еховад итгэл зоригийн үүднээс залбирах ёстой. Элч Иохан: «Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйвал, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм» хэмээн бичжээ (1 Иохан 5:14). Хамгийн дээд Нэгэн, цорын ганц жинхэнэ бөгөөд төгс хүчит Бурхан Ехова л үйлчлэгчдийнхээ чин сэтгэлийн залбиралд үнэхээрийн онцгой анхаарал хандуулдаг юм. Сэтгэлийн зовлон хийгээд бэрхшээлтэй асуудлаа хэлэхэд халамжит Бурхан маань сонсдог гэдгийг мэдэх нь биднийг тайвшруулдаг (Филиппой 4:6).
8. Үнэнч христианууд Еховад хандан залбирахдаа айж хулчийх юм уу өөрийгөө Бурханд хандах зохисгүй нэгэн гэж дорд үзэх ёсгүйн учир юу вэ?
8 Үнэнч христианууд Еховад хандан залбирахдаа айж хулчийх, өөрийгөө Бурханд хандах зохисгүй нэгэн гэж дорд үзэх юм уу итгэл зориг дутмаг байж болохгүй. Гэхдээ, бид өөрийгөө голж, сэтгэлээр унах юм уу бэрхшээлд хүлэгдэхдээ Еховад хандан залбирах хүсэлгүй болж болохыг үгүйсгэх аргагүй. Тийм үед Ехова «Өөрийн зовсон хүмүүсийг энэрч», «дарамтанд байгсдыг тайвшруулдаг» гэдгийг санах хэрэгтэй (Исаиа 49:13; 2 Коринт 7:6). Ялангуяа зовлонтой бөгөөд бэрх цагт бид тэнгэрийн Эцгээ цайзаа гэж үзэн түүн уруу итгэл зоригтойгоор хандах хэрэгтэй.
9. Еховад хандан залбирахад итгэл ямар үүрэгтэй вэ?
9 Залбирлын ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд жинхэнэ итгэлтэй байх ёстой. Библид: «Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» гэж байдаг (Еврей 11:6). Итгэл бол «Тэр байдаг» буюу Бурхан оршин байдаг гэдэгт итгэхээс илүү гүнзгий ойлголт юм. Жинхэнэ итгэл бол Бурхан өөрт нь бүх талаар дуулгавартай хүнийг шагнах чадвартай бөгөөд тэгэх хүсэлтэй гэдэгт хатуу итгэх явдал юм. «[Еховагийн] мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг» (1 Петр 3:12). Ехова бидний төлөө халамж анхаарал тавьдгийг байнга санаж явбал залбирал маань онцгой утга учиртай байх болно.
10. Еховагаас сүнслэг тусламж авахын тулд хэрхэн залбирах ёстой вэ?
10 Зүрхнийхээ угаас залбирсан залбирлыг Ехова сонсдог. Дуулалч: «Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!» хэмээн бичжээ (Дуулал 119:145). Бидний залбирал нэгэн хэвийн, үлбэгэр байдаггүйгээрээ ихэнх шашны төлөөлөгчдийн улиг болсон, ёслолын шинжтэй залбирлаас ялгаатай юм. Еховад хандан «бүхий л зүрхээрээ» залбирахад үг маань утга учир, санаа зорилгоор дүүрэн болдог. Тийн чин сэтгэлээсээ залбирсны дараа сэтгэл санаа хөнгөрөн, амар амгалан болдог. Учир нь бид «ачаагаа ЭЗЭНд даатгадаг» юм. Библид амласнаар «Тэр [биднийг] өмгөөлнө» (Дуулал 55:22; 1 Петр 5:6, 7).
Бурхны сүнс бол бидний туслагч мөн
11. Өөрөөс нь тусламж «үргэлж гуйгаад» байвал Ехова хэрхэн хариулах вэ?
11 Ехова залбирлыг зөвхөн сонсдог Нэгэн бус, бас залбиралд хариулдаг Нэгэн билээ (Дуулал 65:2). Давид: «Өөрийн зовлонгийн өдөр би Таныг дуудна. Учир нь Та надад хариулна» хэмээн бичсэн буй (Дуулал 86:7). «Тэнгэрлэг Эцэг... Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгдөг» учраас Есүс шавь нартаа Еховагаас «үргэлж гуйхыг» (ШЕ) уриалсан (Лук 11:9—13). Тийм ээ, Бурхны үйлдэх хүч өөрийнх нь ард түмэнд туслагч, тайвшруулагч болдог (Иохан 14:16).
12. Давах аргагүй мэт санагдам бэрхшээлтэй тулгарсан үед Бурхны сүнс хэрхэн тусалдаг вэ?
12 Сорилттой тулгарсан үед ч гэсэн Бурхны сүнс бидэнд «хирээс хэтэрсэн хүч» өгдөг (2 Коринт 4:7, ШЕ). Янз бүрийн бэрхшээлийг тэсвэрлэн давж байсан элч Паул: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» хэмээн итгэл төгс хэлсэн билээ (Филиппой 4:13). Түүнтэй адилаар, өнөөдөр олон христиан залбирч гуйсан зүйлдээ хариу аван, сүнслэгээр болон сэтгэл санааны хувьд сэргэдэг. Бурхны сүнсний тусламж авсны дараа бэрх асуудлууд тийм ч давах аргагүй мэт санагдахаа больдог нь олонтаа. Бид Бурхнаас тийм хүч авдаг учраас Паулын: «Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй» хэмээн хэлсэн үгийг давтан хэлж чаддаг (2 Коринт 4:8, 9).
13, 14. а) Ехова Үгээрээ дамжуулан хэрхэн цайз болдог вэ? б) Библийн зарчмыг хэрэгжүүлснээр та хувьдаа ямар тус хүртсэн бэ?
13 Түүнчлэн, бидний тусын тулд Бурхны Үг ариун сүнсний удирдлагаар бичигдэн, хадгалагджээ. Ехова зовлонтой бэрх цагт Үгийнхээ хуудсаар дамжуулан хэрхэн цайз болдог вэ? Нэг арга нь «саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг» өгдөг явдал юм (Сургаалт үгс 3:19–24). Библи хүний оюун ухааны чадварыг хөгжүүлж, ухаалаг болгодог (Ром 12:1, ШЕ). Бурхны Үгийг тогтмол уншиж, судлан, зөвлөгөөг нь амьдралдаа хэрэгжүүлснээр бид «зөв бурууг ялган ойлгох чадвараа сургадаг» (Еврей 5:14, ШЕ). Бэрхшээлтэй тулгарсан үед ухаалаг шийдвэр гаргахад Библийн зарчмууд хэрхэн тусалдгийг та өөрийн биеэр үзсэн байж болох юм. Библи биднийг хэрсүү болгодог бөгөөд энэ чанар бэрх асуудлыг зохистойгоор шийдэхэд тусалдаг (Сургаалт үгс 1:4).
14 Бурхны Үг бидэнд хүчний өөр нэг эх булаг буюу аврагдах найдвар өгдөг (Ром 15:4). Гай зовлон эцэс төгсгөлгүйгээр үргэлжлэхгүй гэдгийг Библи хэлдэг. Бидэнд учирдаг аливаа зовлон гамшиг түр зуурынх юм (2 Коринт 4:16–18). Бид «мэхэлдэггүй Бурхны мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдвартай» билээ (Тит 1:2). Хэрэв Бурхны амласан гэрэлт ирээдүйг үргэлж санан, энэ «найдвар дотор баярладаг» бол зовлон гамшгийг тэвчиж чадна (Ром 12:12; 1 Тесалоник 1:3).
Хурал бол Бурхны хайрын илрэл мөн
15. Христианууд бие биедээ хэрхэн тусалж болох вэ?
15 Зовлонтой бэрх цагт тусалдаг Еховагийн өөр нэг арга хэмжээ бол христиан хурал юм. Библид: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж байдаг (Сургаалт үгс 17:17). Бурхны Үг хурлын бүх гишүүнийг бие биеэ хүндэлж, хайрлахыг уриалдаг (Ром 12:10). «Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг» гэж элч Паул бичжээ (1 Коринт 10:24). Тийм сэтгэлгээ биднийг өөрсдийнхөө зовлон бэрхшээлээс илүү бусдын хэрэгцээг анхаарахад тусалдаг. Бусдад туслахдаа бид бас ямар нэг хэмжээгээр аз жаргал, сэтгэлийн ханамж эдэлдэг бөгөөд энэ нь бидний өөрсдийн ачааг хөнгөлдөг юм (Үйлс 20:35).
16. Христиан хүн болгон хэрхэн бусдыг урамшуулах нөлөө үзүүлж болох вэ?
16 Бусдыг бэхжүүлэхэд сүнслэгээр төлөвшсөн ах эгч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэхийн тулд нөхөрсөг бөгөөд уриалган байх ёстой (2 Коринт 6:11–13). Хурлын гишүүн болгон залуусыг магтан сайшааж, шинэ дэлгэрүүлэгчдийг дэмжиж, гутрагсдыг урамшуулах цаг гаргадаг бол хурал их ивээл хүртдэг (Ром 15:7). Ахан дүүсэг хайр бие биедээ атгаг санах хандлагаас зайлсхийхэд бас тусална. Хэн нэгэнд бэрхшээлтэй асуудал тохиолдохыг сүнслэг талаар сулын шинж гэж яаран дүгнэж болохгүй. Паул «гутарсан хүмүүсийг тайвшруулахыг» христиануудад шаргуу уриалж байсан билээ (1 Тесалоник 5:14, ШЕ). Үнэнч христиануудад ч зовлонтой бэрх цаг тохиолддогийг Библи харуулдаг (Үйлс 14:15).
17. Христиан ахан дүүсийн барилдлагыг бэхжүүлэх ямар ямар боломж байдаг вэ?
17 Бие биеэ тайвшруулж, зоригжуулах сайхан боломжийг христиан цуглаан бий болгодог (Еврей 10:24, 25). Гэхдээ, ингэж хайраа илэрхийлэх боломж цуглаанаар л хязгаарлагддаг юм биш ээ. Албан бус нөхцөлд ч гэсэн Бурхны ард түмэн үр ашигтай харьцах боломжийг гаргаж бас чаддаг. Бид хоорондоо анд нөхдийн бат бэх барилдлагатай болсон байдаг учир хэн нэг маань бэрх асуудалтай тулгарахад бие биедээ дуртайяа тусалдаг юм. Элч Паул: «Бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ... халамжтай байх юм. Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтэн зовно. Хэрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтэн баярлах болно» хэмээн бичжээ (1 Коринт 12:25, 26).
18. Сэтгэлээр унасан үедээ ямар хандлагаас зайлсхийх хэрэгтэй вэ?
18 Заримдаа бид итгэл нэгтнүүдтэйгээ харьцах хүсэлгүй болтлоо сэтгэлээр хэт унаж болох юм. Сүнслэг ах дүү нараасаа авах боломжтой тайвшрал, дэмжлэгийг алдахгүйн тулд тийм байдалтай тэмцэх ёстой. Библи: «Адайр [«зожиг», ШЕ] хүн хувийн хүслээ эрж хайдаг ба хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ» гэж анхааруулдаг (Сургаалт үгс 18:1). Ах эгч нарын маань дэмжлэг бол Бурхан санаа тавьдгийн илрэл юм. Хэрэв бид энэхүү хайрын арга хэмжээг үнэлэх аваас зовлонтой бэрх цагт амар байх болно.
Өөдрөг сэтгэлтэй байгтун
19, 20. Таагүй юм бодохгүй байхад Ариун Судар хэрхэн тусалдаг вэ?
19 Сэтгэлээр унан, гуньж гутарсан үед таагүй бодолд автах нь амархан байдаг. Жишээлбэл, зарим хүн гай зовлон тохиолдоход Бурхны шийтгэл гэж үзэн, сүнслэг байдалдаа эргэлзэж эхэлдэг. Тэгвэл, Ехова хэнийг ч «бузар муугаар» сорьдоггүй гэдгийг санаарай (Иаков 1:13). Библид: «Тэрээр [Бурхан] хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй» гэж байдаг (Иеремиагийн гашуудал 3:33). Харин ч, Ехова үйлчлэгчдээ зовлонд унахад ихэд гунигладаг (Исаиа 63:8, 9; Зехариа 2:8).
20 Ехова бол «өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн» (2 Коринт 1:3). Тэрбээр бидэнд санаа тавьж, зохистой цагт нь өргөмжилдөг билээ (1 Петр 5:6, 7 «санаа зовдог» [«санаа тавьдаг», ШЕ]). Бидэнд зориулдаг Бурхны хайр халамжийг үргэлж санаж явах нь өөдрөг сэтгэлтэй, тэр байтугай баяр хөөртэй байхад тустай. Иаков: «Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз» хэмээн бичсэн буй (Иаков 1:2). Яагаад гэдгийн хариу болгон тэрбээр: «Учир нь [та нар] соригдчихоод, Эзний [«Еховагийн», ШЕ] Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна» гэж бичсэн (Иаков 1:12).
21. Бэрхшээл тулгарсан ч гэсэн өөрт нь үнэнч хүмүүст Бурхан ямар баталгаа өгдөг вэ?
21 Есүсийн анхааруулснаар бид энэ ертөнцөд зовох учиртай билээ (Иохан 16:33). Гэхдээ, «гамшиг, зүдрэл, хавчлага, өлсгөлөн, нүцгэн байдал, аюулын» аль нь ч Еховагийн болон түүний Хүүгийн хайраас биднийг салгаж чадахгүй гэдгийг Библи баталдаг (Ром 8:35, 39). Бидний амсаж эдэлж байгаа аливаа бэрх нь түр зуурынх гэдгийг мэдэх нь юутай тайвшрам бэ! Хүн төрөлхтний зовлонгийн төгсгөлийг хүлээн байх зуур халамжит Эцэг Ехова маань биднийг хамгаалж байна. Хэрэв бид хамгаалуулах гэж түүн уруу гүйх аваас тэрбээр «дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, бэрх цагийн бэхлэлт болно» (Дуулал 9:9).
Та юу мэдэж авсан бэ?
• Христиануудыг энэхүү ёс бус ертөнцөд амьдарч байх хугацаанд юу тохиолдох ёстой вэ?
• Сорилттой тулгарсан үед чин сэтгэлийн залбирал хэрхэн бэхжүүлдэг вэ?
• Бурхны сүнс хэрхэн туслагч болдог вэ?
• Бие биедээ хэрхэн тусалж болох вэ?
[Догол мөрийн асуулт]