Шалтгаангүйгээр үзэн ядсан
Шалтгаангүйгээр үзэн ядсан
«Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан» (ИОХАН 15:25).
1, 2. а) Христиануудыг гүтгэн муулахад зарим хүн яагаад ойлгодоггүй вэ? Гэхдээ тийм үг ярианд бид цочирдон гайхдаггүйн учир юу вэ? б) Энэ өгүүлэлд «үзэн ядах» гэдэг үгийг ямар утгаар авч үзэх вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮД Бурхны Үгийн зарчмын дагуу амьдрахыг хичээдэг. Тийм ч учраас олон оронд сайн нэр хүндтэй байдаг юм. Гэвч, тэдний талаар гаж мэдээлэл тараах явдал бас байдаг. Жишээлбэл, нилээд хэдэн жилийн өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотын нэг түшмэл: «Бидэнд Еховагийн Гэрчүүдийн талаар үр хүүхдээ хөнөөж, амиа хорлодог, үйл ажиллагаагаа нууцаар явуулдаг шашны аюултай бүлэглэл гэсэн ойлголт өгсөн байсан» хэмээн ярьсан билээ. Гэхдээ, мөнөөх түшмэл олон улсын чуулганы үеэр Еховагийн Гэрчүүдтэй холбоотой ажилласныхаа дараа: «Би өөрийнхөө өмнө... жирийн, нүүр дүүрэн инээмсэглэсэн хүмүүс байгааг л харж байна. Тэд эв найрамдалтай, тайван амгалан, бие биедээ их хайртай хүмүүс юм» хэмээн тэмдэглээд: «Тэдний талаар хүмүүс чухам ямар учраас тэгж худал ярьдгийг үнэндээ би ойлгохгүй байна» хэмээн нэмж хэлжээ (1 Петр 3:16).
2 Бурхны үйлчлэгчид өөрсдийг нь гүтгэн муулахад баярладаггүй ч тийм үг ярианд гайхан цочирддоггүй. Есүс: «Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн... „Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан“ гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн» хэмээн дагалдагчдадаа урьдчилан сануулжээ * (Иохан 15:18–20, 25; Дуулал 35:19; 69:4). Түүнээс бүр өмнө тэдэнд: «Хэрэв тэд [хүмүүс] гэрийн тэргүүнийг Беелзебул хэмээн нэрлэсэн бол, гэрийнхнийг нь түүнээс илүүгээр хэлэх бус уу?» хэмээн хэлсэн аж (Матай 10:25). Христианууд тийм доромжлолыг Христийн дагалдагч болохдоо үүрэх болсон «тарчлаах шонгийнхоо» хэсэг гэж ойлгодог (Матай 5:11, ШЕ).
3. Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг аль хир мөрдөн хавчдаг вэ?
3 Бурхны үнэнч үйлчлэгчдийг мөрдөн хавчих явдал нь «зөвт нэгэн Абелаас» эхтэй урт түүх юм (Матай 23:35). Энэ нь цөөн хэдхэн тохиолдлоор тогтдоггүй. Есүс дагалдагчдадаа: «Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна» гэж хэлсэн (Матай 10:22). Түүнээс гадна, Паулын хэлснээр Бурхны бүх үйлчлэгч, түүний дотор бид бүгдээрээ хавчигдах ёстой аж (2 Тимот 3:12). Үүний учир шалтгаан нь чухам юу вэ?
Үндэсгүй үзэн ядалтын эх булаг
4. Ор үндэсгүй үзэн яддаг бүхний эх булгийг Библи хэрхэн илчилдэг вэ?
4 Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг үзэн ядахыг турхирдаг үл үзэгдэх өдөөн хатгагч эхнээс байсныг Бурхны Үг илчилдэг. Анхны үнэнч эр Абелыг хэрцгийгээр алсан хэргийг авч үзье. Түүнийг алсан ах Каин нь «муу нэгнийх [буюу Сатан Диаволынх] байсныг» Библи хэлдэг (1 Иохан 3:12). Өөрийнх нь занг илэрхийлсэн Каиныг Сатан Диавол ёс бус зорилгодоо ашиглажээ. Түүнчлэн, Сатан Иов болон Есүс Христ уруу аймшигтайгаар дайрч довтолсныг Библи илчилдэг (Иов 1:12; 2:6, 7; Иохан 8:37; 13:27). «Илчлэлт» номд: «Диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаяна» хэмээн Христийн дагалдагчдыг мөрдөн хавчдагийн эх булаг нь хэн болохыг тов тодорхой заадаг (Илчлэлт 2:10). Тийм ээ, Бурхны ард түмнийг ор үндэсгүй үзэн яддаг бүхний эх булаг нь Сатан юм.
5. Сатан Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг үзэн яддагийн учир юу вэ?
5 Сатан Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг үзэн яддагийн учир юу вэ? Сатан хэтэрхий биеэ тоосон шинжтэй төлөвлөгөө зохиож, «Мөнхийн хаан» Ехова Бурхны эсрэг босжээ (1 Тимот 1:17; 3:6, ШГ). Тэрбээр, Бурхан эрхэнд нь байдаг бүтээлүүдээ дэндүү агадаг бөгөөд Еховад чин сэтгэлээсээ үйлчилдэг хүн нэг ч байхгүй, үйлчиллээ гэхэд хувийн ашиг сонирхлын үүднээс л үйлчилдэг гэж мэтгэдэг. Бас, хэрэв өөрт нь хүмүүсийг сорих эрх олговол бүх үйлчлэгчийг нь Бурхнаас холдуулж чадна гэж баталдаг (Эхлэл 3:1–6; Иов 1:6–12; 2:1–7). Сатан Еховаг дарангуйлагч, худалч, бүтэлгүй нэгэн хэмээн гүтгэн, өөрийгөө түүнтэй адил хэмжээгүй эрх мэдэлтэй гэж харуулахыг оролддог. Тийнхүү, бүх хүнээр өөрийгөө шүтүүлэх гэсэн Сатаны хүсэл тачаал нь Бурхны үйлчлэгчдийн эсрэг уур хилэнг нь бадраадаг юм (Матай 4:8, 9).
6. а) Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаарх маргаантай асуудал хүн болгонд ямар хамаатай вэ? б) Энэ асуултыг ойлгох нь Бурханд үнэнч байдлаа хадгалахад маань хэрхэн тусалдаг вэ? (14-р хуудсанд байгаа хавсралтыг үзнэ үү.)
6 Энэ асуудал таны амьдралд ямар хамаатайг ойлгож байна уу? Еховагийн үйлчлэгчийн хувьд та Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай ч асар их ач тустай гэдгийг мэдэрсэн буй заа. Гэтэл, амьдралын нөхцөл байдлаас болоод Еховагийн хууль, зарчмыг сахихад бэрх, тэр бүү хэл, бүр зовлон болбол яах вэ? Түүнд үйлчлэхийн ашиг тус гэж байхгүй юм шиг санагдвал яах вэ? Еховад үйлчлэх нь шал дэмий юм байна гэсэн дүгнэлтэд хүрэх үү? Эсвэл Еховаг хайрлах хайр болон гайхамшигтай чанаруудыг нь гүн хүндэтгэх нь түүний бүх замаар замнах үйл хэргээ үргэлжлүүлэхэд нөлөөлөх үү? (Дэд хууль 10:12, 13). Ехова бидэнд зовлон бэрхшээл учруулахыг Сатанд зөвшөөрснөөрөө түүний босгосон маргаантай асуултад өөрийн биеэр хариулах боломжийг хүн болгонд олгож байгаа юм (Сургаалт үгс 27:11).
«Та нарыг хүмүүс доромжлоход»
7. Диавол биднийг Еховагаас эргүүлэх гэж оролдохдоо ямар ямар арга ашигладаг вэ?
7 Маргаантай асуудалд өөрийнхөө зөвийг нотлох гэсэн оролдлогодоо Сатаны ашигладаг заль мэхнүүдийн нэг болох худал хуурмаг дээр үндэслэсэн доромжлолыг илүү дэлгэрэнгүй авч үзье. Есүс Сатаныг «худал хуурмагийн эцэг» гэж хэлсэн (Иохан 8:44). Диавол бол Бурхныг болон эрхэм үг, ариун нэрийг нь гүтгэдэг гол этгээд мөн. Тэрбээр Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаар маргахдаа битүү санаа, зохиомол ял, илэрхий худал хуурмагийг ашигладаг бөгөөд Бурхны үнэнч үйлчлэгчдийг гүтгэн гүжирдэхдээ ч дээрхтэй адилхан аргуудыг хэрэглэдэг юм. Сатан Гэрчүүдийг доромжлолоор булахдаа тэсвэрлэхэд бэрх илүү хэцүү сорилт учруулж ч болно.
8. Сатан Иовыг хэрхэн доромжилсон бэ? Энэ нь түүнд ямар нөлөө үзүүлсэн бэ?
8 «Довтолгооны бай» хэмээсэн утга бүхий нэртэй Иовд юу тохиолдсоныг авч үзье. Сатан Иовыг эд хөрөнгө, үр хүүхдээс нь салгаж, эрүүл мэндийг нь хохироосны дээр Бурханд шийтгүүлж буй нүгэлтэн болгон хувиргасан. Урьд нь Иов их нэр хүндтэй хүн байсан хэдий ч төрөл садан, дотнын анд нөхөд нь хүртэл түүнийг үзэн яддаг болсон (Иов 19:13–19; 29:1, 2, 7–11). Дараа нь Сатан хуурамч тайвшруулагчдыг ашиглан, Иовыг «үгсээр... бяцалсан». Тэгэхдээ, эхлээд түүнийг ямар нэгэн ноцтой нүгэл үйлдсэн нь лавтай гэсэн битүү утгатай үг хэлж байснаа дараа нь нүгэлтэн болгон шууд ял тулгасан (Иов 4:6–9; 19:2; 22:5–10). Ийм зүйл Иовын урмыг ямар их хугалсан бол оо!
9. Сатан Есүсийг нүгэлтэн болгох гэж хэрхэн хичээсэн бэ?
9 Бурхны Хүү эцгийнхээ хэмжээгүй эрх мэдлийг дээд зэргээр дэмждэгийнхээ улмаас Сатаны довтолгооны гол бай болсон. Сатан Есүсийг дэлхийд ирэхэд Иовыг сүйрүүлсэн шигээ түүнийг нүгэлтэн болгон харлуулж, гутаан доромжлохыг хичээсэн (Исаиа 53:2–4; Иохан 9:24). Хүмүүс түүнийг архичин, ховдог гэхийн дээр түүнд «чөтгөр шүглэсэн байна» гэж ярьдаг байсан (Матай 11:18, 19; Иохан 7:20; 8:48; 10:20). Бас Бурхныг доромжиллоо гэж хилс ял тулгасан (Матай 9:2, 3; 26:63–66; Иохан 10:33–36). Есүс үүнийг Эцэгт нь тулгасан шударга бус зэмлэл гэж мэдэж байсан учраас ихэд гутарч байлаа (Лук 22:41–44). Эцэст нь, Есүсийг жигшүүрт гэмт хэрэгтэн болгон ял тулгаж, шонд хаджээ (Матай 27:38–44). Есүс төгс үнэнч байдлаа хадгалан, «өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг» олонтаа тэсвэрлэн давсан билээ (Еврей 12:2, 3).
10. Орчин үед тослогдогсдын үлдэгдэл Сатаны ямар ямар довтолгоонд өртдөг вэ?
10 Өнөөдөр, Христийн тослогдсон дагалдагчдын үлдэгдэл мөн адил Диаволын довтолгооны бай болж байна. Библид Сатаныг «Бурхны өмнө [Христийн] ах дүүсийг... өдөр шөнөгүй... буруутгагч» гэж дүрсэлдэг (Илчлэлт 12:9, 10). Сатан тэнгэрээс доош хаягдан, дэлхийн орчимд хоригдсон цагаасаа эхлэн тэднийг жигшил төрүүлэм хог хаягдал болгон дүрслэх гэсэн оролдлогоо эрчимжүүлсэн (1 Коринт 4:13). Зарим оронд тэднийг, нэгдүгээр зууны христиануудыг нэрлэж байсан шиг, шашны аюултай «бүлэглэл» гэж гүтгэдэг (Үйлс 24:5, 14; 28:22). Тэдний талаар, өгүүллийн эхэнд тэмдэглэсэнчлэн гутаан дормжилсон, худал мэдээлэл тараадаг. Гэхдээ, хамтран зүтгэгч, «өөр хонинуудаар» дэмжүүлсэн, Христийн тослогдсон ах дүүс «алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ» «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахихыг» даруухнаар хичээдэг юм (2 Коринт 6:8; Иохан 10:16, МБОХ, 1996 он; Илчлэлт 12:17).
11, 12. а) Христиануудын хүлээдэг доромжлолын шалтгаан юу байж болох вэ? б) Христиан хүн итгэл үнэмшлийнхээ төлөө шударга бусаар зовлон эдэлж болох ямар ямар тохиолдол байдаг вэ?
11 Бурхны үйлчлэгчдийн амсдаг доромжлол тэр бүр «зөвт байдлын төлөө» байдгаас болдоггүй нь ойлгомжтой (Матай 5:10). Зарим зовлон бэрхшээл өөрсдийн маань төгс бусаас болдог байж болно. Хэрэв бид «нүгэл үйлдээд ширүүн нударгад өртөхдөө тэвчвэл» энэ нь алдар гавъяа биш. Харин, христиан хүн «шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл» энэ нь Еховагийн нүдэнд тааламжтай (1 Петр 2:19, 20). Ямар ямар нөхцөлд ийм юм тохиолдож болох вэ?
12 Зарим Гэрч Библийн зарчимтай зөрчилддөг оршуулгын ёслолд оролцохоос татгалзсанаасаа болоод ад үзэгдэх тохиолдол байдаг (Дэд хууль 14:1). Залуу Гэрчүүд ёс суртахууны талаарх Еховагийн хэм хэмжээг чанд баримталдгаасаа болоод хэл аманд өртдөг (1 Петр 4:4). Зарим христиан эцэг эхийг үр хүүхдээ цус хэрэглэхгүйгээр эмчлүүлэх гэж зүтгэн, «хариуцлагагүй» хандаж, «хатуу сэтгэл» гаргалаа хэмээн үндэсгүй зэм тулгадаг (Үйлс 15:29). Зарим хүн зөвхөн Еховаг шүтдэг болсныхоо төлөө төрөл төрөгсөд болон хөршийнхөндөө хавчигддаг (Матай 10:34–37). Тэд бүгд шударга бусаар зовлон эдлэхдээ «эш үзүүлэгчид» болон Есүсийн өөрийнх нь жишээг дагадаг билээ (Матай 5:11, 12; Иаков 5:10; 1 Петр 2:21).
Доромжлолыг тэвчих нь
13. Итгэл үнэмшлийнхээ төлөө тэсвэрлэхийн аргагүй доромжлолтой тулгарахдаа сүнслэг талаар дүн нуруугаа хадгалахад маань юу туслах вэ?
13 Итгэл үнэмшлийнхээ төлөө тэсвэрлэхийн аргагүй доромжлол хүлээгээд эхэлбэл бид зөнч Иеремиагийн адилаар сэтгэлээр унаж, улмаар Бурханд цаашдаа үйлчилж чадахгүй нь гэсэн бодол төрж болох юм (Иеремиа 20:7–9). Сүнслэг талаар дүн нуруугаа алдахгүй байхад маань юу туслах вэ? Асуудалд Еховагийн үзэл бодлын үүднээс хандахыг хичээгээрэй. Сорилтын үед үнэнч байдлаа хадгалсан хүнийг хохирогч бус, харин ялан дийлэгч гэж үздэг (Ром 8:37). Диаволын ямар ч доромжлолд өртсөн гэсэн Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж байсан Абел, Иов, Есүсийн эх Мариа болон дээр үеийн бусад үнэнч үйлчлэгчид, мөн орчин үеийн итгэл нэгтнүүдээ санаандаа төсөөлөхийг оролдоод үзээрэй (Еврей 11:35–37; 12:1 «гэрчлэл» [«гэрчүүд», ШЕ]). Тэд үнэнч байдлаа хэрхэн хадгалсан байж болохыг бодож үзээрэй. Бурхны үнэнч үйлчлэгчдийн энэхүү үлэмж агуу үүл биднийг, итгэлээрээ ертөнцийг ялсан хүмүүст зориулсан ялалтын тавцанд өөрсөдтэй нь хамт зогсохыг урьдаг юм (1 Иохан 5:4).
14. Чин сэтгэлийн залбирал үнэнч байдлыг хэрхэн бэхжүүлдэг вэ?
14 Бидний «дотор санаа зовсон бодлууд олширвол» Еховад хандан чин сэтгэлээсээ залбирч болох бөгөөд Ехова биднийг тайтгаруулж, бэхжүүлнэ (Дуулал 50:15; 94:19). Тэрбээр сорилтыг давахад шаардлагатай мэргэн ухааныг өгөх ба үйлчлэгчдийг нь үндэслэлгүйгээр үзэн ядах шалтгаан болдог хэмжээгүй эрх мэдлийнх нь талаарх чухал асуудалд анхаарлаа байнга төвлөрүүлэхэд маань тусална (Иаков 1:5). Түүнчлэн, Ехова «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайвныг» бэлэглэдэг (Филиппой 4:6, 7). Бурхны бэлэглэсэн энэхүү «амар тайвны» ачаар бид тайван амгалан байж, хүчтэй мөрдлөг хавчлагын үед ч гэсэн шийдвэр төгс байдлаа хадгалж, эргэлзээ төрөх юм уу айдаст автдаггүй. Еховагийн хүлцэн зөвшөөрдөг ямар ч сорилтыг давахад ариун сүнс бидэнд тусална (1 Коринт 10:13).
15. Зовлон эдлэх цагтаа муу санахаас зайлсхийхэд юу тусалж болох вэ?
15 Биднийг шалтгаангүйгээр үзэн яддаг хүмүүст муу санахгүй байхад юу туслах вэ? Бидний гол дайсан бол Сатан болон чөтгөрүүд гэдгийг санаарай (Ефес 6:12). Зарим хүн биднийг тусгай зорилго өвөрлөн, санаатай мөрдөн хавчдаг ч Бурхны ард түмнийг эсэргүүцдэг олон хүн учрыг мэдээгүйгээс юм уу бусдын нөлөөнд автсанаас тэгдэг ажээ (Даниел 6:4–16; 1 Тимот 1:12, 13). Ехова «бүх хүнийг... үнэний мэдлэг уруу ирж» аврагдаасай гэж хүсдэг (1 Тимот 2:4). Чухамдаа, урьд нь эсэргүүцдэг байсан зарим хүн биднийг биеэ үлгэр жишээ авч явахыг ажигласны үндсэн дээр эдүгээ ах дүүс маань болсон буй (1 Петр 2:12). Түүнээс гадна, Иаковын хүү Иосефын жишээ бидэнд сургамж болж болно. Ах нар нь Иосефыг их зовоосон ч тэдэнд муу санаагүй. Яагаад гэвэл, санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Ехова уг хэрэгт оролцон, үйл явдлыг удирдаж байгааг Иосеф ойлгожээ (Эхлэл 45:4–8). Энэ мэтээр Ехова шударга бус зовлон зүдүүрийг маань өөрийнх нь нэрийг алдаршуулах үндэс болгож чаддаг билээ (1 Петр 4:16).
16, 17. Эсэргүүцэгчдийг дэлгэрүүлэх ажилд маань саад хийх гэж оролдоход санаа зовох хэрэггүйн учир юу вэ?
16 Эсэргүүцэгчид сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд маань саад хийхдээ амжилт олж байгаа юм шиг санагдах цаг ирвэл нэг их санаа зовох хэрэггүй. Ехова дэлхий даяар явуулж байгаа гэрчлэх ажлаараа үндэстнүүдийг «цочирдуулж байгаа» бөгөөд түүн уруу «үнэтэй зүйлс» ирж байна (Хаггаи 2:7, ШЕ). Сайн Хоньчин, Есүс Христ: «Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. ...Тэднийг хэн ч Миний гараас булаахгүй» хэмээн хэлсэн (Иохан 10:27–29). Түүнчлэн, агуу сүнслэг ургац хураах ажилд ариун тэнгэр элчүүд оролцдог (Матай 13:39, 41; Илчлэлт 14:6, 7). Тэгэхлээр, эсэргүүцэгчдийн ямар ч үг хэл, үйл ажиллагаа Бурхны санаа зорилго биелэхэд саад болж чадахгүй (Исаиа 54:17; Үйлс 5:38, 39).
17 Эсэргүүцэгчдийн хүчин чармайлт хүссэнээс нь эсрэг үр дүнд хүрэх нь олонтаа байдаг. Африкийн нэгэн сууринд Еховагийн Гэрчүүдийн талаар маш олон аймшигтай гүтгэлэг тарааж байсны дотор тэднийг Диаволын талынхан хэмээн гүтгэж байжээ. Үүнээс болоод Грейс гэдэг эмэгтэй Гэрчүүдийг ирэхэд ямагт гэрийнхээ араар орж, тэднийг яван явтал тэндээ нуугддаг байжээ. Нэг өдөр Грейсийн сүмийн пастор цуглаан дээрээ манай нэг хэвлэлийг дээш нь өргөж харуулаад, уг хэвлэл итгэлийг нь бусниулж болзошгүй учир уншихгүй байхыг тэнд ирэгсдэд анхааруулжээ. Энэ анхааруулга Грейсийн сониуч занг хөдөлгөсөн аж. Дараагийн удаа Гэрчүүдийг ирэхэд Грейс нуугдалгүй, харин ч тэдэнтэй ярилцаж, мөнөөх хэвлэлээс нэгийг авчээ. Тэгээд, Гэрчүүдтэй Библи судалдаг болж, улмаар 1996 онд баптисм хүртсэн байна. Эдүгээ Грейс Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны талаар худал мэдээнд хууртсан байж мэдэх хүмүүсийг эрж хайдаг ажээ.
Итгэлээ одооноос бэхжүүлэгтүн
18. Тэсвэрлэхэд бэрх сорилт тулгарахаас өмнө итгэлээ бэхжүүлэх хэрэгтэйн учир юу вэ? Хэрхэн бэхжүүлж болох вэ?
18 Сатан биднийг ямар ч цагт үндэсгүйгээр үзэн ядаж, шилбүүрдэж болох учир итгэлээ одооноос бэхжүүлэх нь маш чухал. Хэрхэн бэхжүүлэх вэ? Еховагийн ард түмнийг мөрдөн хавчиж байсан нэгэн орноос илгээсэн мэдээлэлд: «Нэг зүйл маш тодорхой боллоо. Юу гэвэл, сүнслэг сайн зуршилтай, Библийн үнэнийг өндөр үнэлдэг хүмүүсийн тухайд сорилтыг давахад хэцүү биш байдаг. Харин, „тохиромжтой цагт“ цуглаан тасалдаг, дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцдоггүй, бага сага зүйлд буулт хийдэг хүмүүс „галаар“ соригдохдоо тэсэх нь ховор юм байна» хэмээн тэмдэглэжээ (2 Тимот 4:2 «цагаа олсон ч» [«тохиромжтой цагт ч», ШЕ]). Хэрэв та энэ тал дээр сайжруулах шааардлагатай зүйл байгаагаа мэдвэл хойш тавилгүйгээр хүчин чармайлт гаргаарай (Дуулал 119:60).
19. Бурхны үйлчлэгчдийн үнэнч байдал үндэслэлгүй үзэн ядалтын дор юуны гэрчлэл болдог вэ?
19 Сатаны үзэн ядалтын шилбүүр дор Бурхны жинхэнэ үйлчлэгчид үнэнч байдлаа хадгалан үлддэг нь Еховагийн хэмжээгүй эрх мэдэл хууль ёсны бөгөөд зөв зүйтэй, зөвт болохын амьд гэрчлэл юм. Тэдний үнэнч байдал Бурхны зүрхийг баярлуулдаг. Хүмүүс тэднийг доромжлолоор булдаг ч газар тэнгэрээс дээгүүр байдаг Нэгэн нь «тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ тэднээс ичээгүй юм». Үнэндээ, тийм бүх үнэнч хүмүүсийн талаар: «Тэдний хувьд дэлхий [«энэ ертөнц», ШЕ] зохисгүй» гэж хэлэх бүрэн үндэс бий билээ (Еврей 11:16, 38).
[Зүүлт]
^ «Үзэн ядах» гэдэг үг Библид өөр өөр өнгө аястай утга илэрхийлдэг. Зарим газар зүгээр л бага зэрэг хайрлах гэсэн утгатай байдаг бол бас хүчтэй дургүйцлийг илэрхийлэх нь бий. Гэхдээ уг зүйлд хор хүргэх санаа зорилгогүйгээр, зүгээр л жигшил төрүүлсэн байдлаас нь зайлсхийнэ гэсэн утгаар гарч байна. Түүнээс гадна, энэ үг голдуу өс хонзон дагалдсан үргэлжийн хар санаа, хүчтэй дайсагналын утга илэрхийлж болдог. Энэ өгүүллээр «үзэн ядах» гэдэг үгийг чухам энэ утгаар авч үзэх юм.
Та тайлбарлаж чадах уу?
• Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг ор үндэсгүй үзэн яддагийн цаана юу байдаг вэ?
• Сатан, Иов Есүс хоёрын үнэнч байдлыг эвдэн бусниулах гэж оролдохдоо тэднийг хэрхэн доромжилсон бэ?
• Сатаны үзэн ядалттай тулгарсан үед Ехова биднийг хэрхэн бэхжүүлдэг вэ?
[Догол мөрийн асуулт]
[16-р хуудасны хавсралт/зураг]
Тэд асуудлын жинхэнэ шалтгааныг ухаарсан юм
Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажил 50 гаруй жилийн турш хориотой байсан Украин улсын Еховагийн Гэрч нэг ах: «ЗХУ-д Еховагийн Гэрчүүд ямар нөхцөлд байсныг зөвхөн, хүмүүс бидэнтэй хэрхэн харьцдаг байсан талаас нь авч үзэх нь учир дутагдалтай. [...] Түшмэдийн ихэнх нь ажил үүргээ л биелүүлж байсан юм. Засаг төр, түшмэдийн аль аль нь солигдож л байсан. Харин Еховагийн Гэрчүүд бид ямар л байсан тэр л хэвээрээ байдаг байлаа. Эдгээр мөрдлөг хавчлага, үнэн хэрэгтээ, хаанаас гардгийг бид Библиэс мэдсэн билээ.
Бид өөрсдийгөө дарангуйлагчдын гарт зүгээр нэг золиос болсон, гэм буруугүй хүмүүс гэж үзээгүй юм. Энэ бүхнийг тэсвэрлэн давахад Еден цэцэрлэгт үүссэн маргаантай асуудал буюу Бурхны захирах эрхийн тухай асуудлыг зөв ойлгосон маань тус болсон. [...] Маргаантай асуудлаар бидний баримталдаг байр суурь хүмүүсийн төдийгүй, орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзний эрх ашгийг хөнддөг юм. Энэ асуудлын жинхэнэ мөн чанарыг бид маш сайн ойлгодог байсан. Энэ нь бүр онцгой хүнд нөхцөлд ч гэсэн үнэнч байдлаа хадгалан үлдэхэд бидэнд хүч, боломж өгдөг байлаа» хэмээн тэмдэглэсэн билээ (1970 онд баривчлагдсан Виктор Попович).