Ядарсан ч шантардаггүй
Ядарсан ч шантардаггүй
«ЭЗЭН, дэлхийн хязгаарыг Бүтээгч [...] ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг» (ИСАИА 40:28, 29).
1, 2. а) Жинхэнэ Бурхныг шүтэхийг хүсдэг бүх хүнд Есүс ямар урилга өгсөн бэ? б) Бидний сүнслэг байдалд юу ноцтой аюул учруулж болох вэ?
ЕСҮС: «Нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн та нар бүгдээрээ над уруу ир. Би та нарыг сэргээнэ. [...] Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн бөгөөд миний ачаа хөнгөн» хэмээсэн сэтгэлд дотно үгтэй урилга өгснийг шавь нь болох бид сайн мэддэг билээ (Матай 11:28–30, ШЕ). Түүнээс гадна, христиануудыг «сэргээх цаг Эзний [«Еховагийн», ШЕ] оршихуйгаас ирдэг» (Үйлс 3:19). Библийн үнэнийг таньж мэдээд, гэрэлт ирээдүйн найдвартай болж, Еховагийн зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх цагт хүн үнэхээр сэргэдгийг та биеэрээ үзсэн нь лавтай.
2 Гэхдээ Еховагийн үйлчлэгчдийн зарим нь ядарч, сэтгэлээр унадаг. Хэсэг зуур сэтгэлээр унаад сэргэдэг цаг байхад удаан хугацаагаар шаналдаг цаг бас байдаг. Цагийн аясаар зарим хүнд христиан үүрэг хариуцлага нь Есүсийн амласан сэргээх ачаа биш, харин ч дарамт болсон юм шиг санагдаж магадгүй. Иймэрхүү таагүй бодол христиан хүний Еховатай тогтоосон харьцаанд ноцтой аюул учруулдаг.
3. Есүс Иохан 14:1-д тэмдэглэсэн зөвлөгөө өгсний учир юу вэ?
3 Есүс баривчлагдаж, алуулахаасаа өмнөхөн шавь нартаа: «Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ» гэж хэлсэн (Иохан 14:1). Элч нар нь мөдхөн уй гашууд автах гэж байсан тул Есүс энэ үгийг хэлжээ. Дараа нь тэд их хавчлагад өртөх байв. Сэтгэлээр их унаснаас болж элч нар нь бүдэрч болохыг Есүс мэдэж байсан (Иохан 16:1). Хэрэв сэтгэлээ барихгүй л бол урам хугарч, сүнслэгээр сулраад, Еховад найдахаа больж болох байв. Өнөөдөр ч христиануудад тийм юм тохиолддог. Удаан хугацаагаар сэтгэлээр унах нь хүнийг их шаналгаж, дарамталж мэднэ (Иеремиа 8:18). Дотор хүн маань ч сульддаг. Хүнд дарамтын улмаас ядарч, сэтгэлээр унаж, сүнслэгээр сулран, тэр бүү хэл, Еховад үйлчлэх хүсэлгүй болж болно.
4. Бэлэгдлийн зүрхээ ядаргаанаас хамгаалахад юу туслах вэ?
4 Библи: «Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм» гэж зөвлөдөг нь тун оножээ (Сургаалт үгс 4:23). Бэлэгдлийн зүрхээ хамгаалахын тулд сэтгэлээр унаж, сүнслэгээр сулрахаас сэргийлэх ашигтай зөвлөгөөг Библиэс авч болно. Хамгийн түрүүнд, бид юунаас болж ядардгаа зөв олж тогтоох хэрэгтэй.
Христийн шавь нартаа өгсөн ачаа даахын аргагүй хүнд биш
5. Христийн шавь байхад ямар зөрчил гарах юм шиг санагдаж болох вэ?
5 Үнэндээ Христийн шавь байхын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй (Лук 13:24). Есүс өөрөө: «Өөрийнхөө загалмайг [«тарчлаах шонгоо», ШЕ] үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй» гэж хэлснийг санагтун (Лук 14:27). Өнгөцхөн бодвол энэ үг өөрийнхөө ачааг хөнгөн бөгөөд сэргээдэг гэж хэлсэнтэй нь зөрчилдөж байгаа юм шиг санагдаж болох ч үнэндээ тийм биш ээ.
6, 7. Жинхэнэ Бурхныг шүтэх нь биднийг ядраадаггүй гэж хэлж болохын учир юу вэ?
6 Хичээл зүтгэл гаргаж, шамдан хөдөлмөрлөхөд хэдийгээр бие ядардаг ч сайн үйлсийн төлөө хөдөлмөрлөсөн бол сэтгэл хангалуун болж, сэргэдэг (Номлогчийн үгс 3:13, 22). Библийн гайхамшигтай үнэнийг бусадтай хуваалцахаас илүү сайн үйлс гэж юу байх билээ? Түүнээс гадна, Бурхны тогтоосон ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримтлахад амаргүй бэрхшээл тулгардаг ч үр дүнг нь үзэхэд тэр бэрхшээл юу ч биш байдаг (Сургаалт үгс 2:10–20). Бид хавчлагад өртлөө ч, Бурхны Хаанчлалын төлөө зовохыг завшаанд тооцдог (1 Петр 4:14).
7 Хуурамч шашин хүмүүсийг буулгандаа оруулан, сүнслэг харанхуйд байлгадагтай харьцуулахад Есүсийн ачаа биднийг үнэхээр сэргээдэг. Бурхан бидэнд хайртай бөгөөд хүч хүрэхгүй зүйлийг биднээс шаарддаггүй. Еховагийн «тушаалууд... хүнд дарамт биш билээ» (1 Иохан 5:3). Сударт бичсэнээр Христийн шавь нартаа өгсөн ачаа даахын аргагүй хүнд биш ээ. Бурхныг шүтэх нь ядрах, сэтгэлээр унах шалтгаан биш гэдэг нь тодорхой байна.
«Аливаа саад тотгорыг... хажуу тийш нь тавигтун»
8. Бид ихэнхдээ юунаас болж сүнслэгээр ядардаг вэ?
8 Сүнслэгээр ядардаг маань ихэнхдээ эд юмсын энэхүү ёс бус тогтолцоо бидэнд илүү ачаа үүрүүлдгээс болдог. «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» тул биднийг тамирдуулж, христиан дүн нурууг маань ганхуулах сөрөг нөлөө эргэн тойронд дүүрэн байдаг (1 Иохан 5:19). Онцын шаардлагагүй зүйлээр хөөцөлдөх нь христиан үйл хэрэгт маань төвөг учруулж, саад болдог. Иймэрхүү ачаа нэрмээс болоод зогсохгүй урам хугалдаг. Библи бидэнд: «Аливаа саад тотгорыг [буюу ачааг]... хажуу тийш нь тавихыг» сануулдаг нь зөв юм (Еврей 12:1–3).
9. Сүнслэг бус зүйлээр хөөцөлдөх нь хэрхэн дарамт болдог вэ?
9 Жишээ нь, нэр алдар, эд хөрөнгө, зугаа цэнгэл, аялал зугаалга гэх мэтийн сүнслэг бус зүйлээс өөрийг боддоггүй хүмүүсийн хандлага бидний оюун санаанд нөлөөлж болно (1 Иохан 2:15–17). Нэгдүгээр зуунд зарим христиан эд мөнгөний хойноос хөөцөлдөөд өөрсдөдөө их төвөг удсан. Тиймээс, элч Паул: «Баяжих хүсэлтэй хүмүүс сорилт ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. Учир нь мөнгөний хайр бол [«мөнгийг хайрлах нь», МАБ] бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүн үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» хэмээн тайлбарласан (1 Тимот 6:9, 10).
10. Есүсийн хэлсэн тариачны тухай жишээнээс эд баялгийн талаар юу мэдэж болох вэ?
10 Бид Бурханд үйлчлэхдээ ядарч, сэтгэлээр унадаг бол энэ нь материаллаг зүйлээр хөөцөлдөн, сүнслэг байдлаа орхигдуулдгаас болдог юм биш байгаа? Тийм байж болзошгүйг Есүс тариачны тухай жишээ хэлэхдээ харуулсан. Тэрбээр «ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлийг хүсэх хүслийг» бидний зүрхэн дэх Бурхны үгийн үрийг «шахан зайлуулж, үр жимсгүй болгодог» хогийн ургамалтай зүйрлэжээ (Марк 4:18, 19). Тиймээс Библи бидэнд: «Байгаа юмандаа сэтгэл хангалуун байн, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө: „Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй“ гэж айлдсан» хэмээн зөвлөдөг (Еврей 13:5).
11. Бидэнд дарамт болж болох зүйлээс хэрхэн ангижрах вэ?
11 Заримдаа бид илүү юмтай болох гэж хөөцөлдсөнөөс бус, харин байгаагаа яаж ашигладгаасаа болж амьдралаа төвөгтэй болгодог. Зарим хүн бие нь муудах, хайртай хүнээ үхэлд алдах зэрэг бэрхшээлээс болж сэтгэлээр унадаг. Тийм хүмүүс амьдралдаа үе үе ямар нэг өөрчлөлт хийж байх хэрэгтэйг ойлгодог байна. Нэгэн хос чөлөөт цагаараа хийдэг зарим зүйлээ өөрчилжээ. Тэд эд хогшлоо үзээд, тийм зүйлтэй холбоотой бүх юмаа эмхэлж цэгцлээд, нүднээсээ далд тавьжээ. Сэтгэлээр унаж, тэнхээгээ барахгүйн тулд зуршил болсон зан, эд зүйлээ хааяа шалгаж үзээд, аливаа шаардлагагүй ачааг хажуу тийш нь тавьж байх нь тустай.
Ухаалаг байж, хир чадалдаа тааруулах нь чухал
12. Алдаа юу дагуулдаг вэ?
12 Бидний гаргасан алдаа жижиг гэлтгүй эцэстээ амьдралд маань төвөг учруулдаг. Давид: «Миний гэм буруу толгойноос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна» гэж хэлсэн нь юутай үнэн үг вэ (Дуулал 38:4). Практик ач холбогдолтой зарим өөрчлөлт хийвэл хүнд ачаа маань хөнгөрнө.
13. Үйлчлэлдээ дүн нуруутай байхад ухаалаг байдал хэрхэн туслах вэ?
13 «Саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухаан» хөгжүүлэхийг Библи бидэнд уриалдаг (Сургаалт үгс 3:21, 22). «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь... эелдэг [«ухаалаг», ШЕ]» гэж Библи бас хэлдэг (Иаков 3:17). Зарим хүн Бурханд бусдаас дутахгүй үйлчилнэ гэж зүтгээд дарамтад ордог. Гэхдээ Библи бидэнд: «Хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно. Учир нь хүн бүр өөрийн ачааг үүрнэ» гэж зөвлөдөг (Галат 6:4, 5). Итгэл нэгтнүүдийнхээ сайхан жишээнээс бид Еховад чин сэтгэлээсээ үйлчлэх урам авдаг нь үнэн. Гэхдээ хирдээ тохирсон, хүрэх боломжтой зорилго тавихад мэргэн ухаан хийгээд ухаалаг байдал тусална.
14, 15. Биеийн болон сэтгэл санааныхаа хэрэгцээг хангахын тулд хэрхэн ухаалаг байж болох вэ?
14 Тийм ч чухал биш санагдах асуудалд ч ухаалаг хандвал бага ядарна. Жишээ нь, эрүүл мэндээ хамгаалах ухаалаг арга хэмжээ авдаг уу? Еховагийн Гэрчүүдийн салбарт үйлчилдэг нэг хосын жишээг авч үзье. Ухаалаг байвал ядаргаанаас сэргийлж болдгийг тэд ойлгожээ. Эхнэр нь: «Бид хэчнээн ч их ажилтай байсан оройд тогтсон нэг цагт унтахыг хичээдэг. Бас тогтмол дасгал хийдэг. Үүний ачаар бид хир хэмжээндээ тохируулж ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хэзээ ч эцэж цуцдаггүй юм шиг санагддаг хүмүүстэй өөрсдийгөө харьцуулахгүй байхыг хичээдэг» гэж хэлжээ. Та хоол ундаа тохируулж, сайн унтаж амардаг уу? Ухаалаг байж, эрүүл мэндээ хамгаалбал ядарч, сэтгэлээр унаж, сүнслэгээр сулрахаас сэргийлж болно.
15 Зарим хүний хэрэгцээ бусдынхаас өвөрмөц байдаг. Хүнд хэцүү олон бэрхшээлийг даван, бүрэн цагаар үйлчилдэг нэг эгчийн жишээг авч үзье. Тэр эгчийн бие сүрхий муудаж, тэр бүү хэл, хорт хавдартай болжээ. Энэ зовлонгоо тэвчихэд нь юу тусалдаг бол? Тэрбээр: «Туйлын нам гүм орчинд ганцаараа байх нь миний хувьд их чухал байдаг. Их ядарч, ачаалалтай байвал тэр даруй тайван орчинд, юм уншиж, амрах хэрэгтэй байдаг» гэж хэлсэн. Сүнслэгээр ядрахаас сэргийлэхийн тулд хувийн хэрэгцээгээ мэдэрч, зохих ёсоор хангахад мэргэн ухаан хийгээд ухаалаг байдал тусална.
Ехова Бурхан бидэнд хүч нэмдэг
16, 17. а) Сүнслэг эрүүл мэндээ хамгаалах нь яагаад хамгаас чухал бэ? б) Өдөр тутам юу хийж занших ёстой вэ?
16 Сүнслэг эрүүл мэндээ хамгаалах нь хамгаас чухал гэдэг нь ойлгомжтой. Бие махбод маань ядарч болох ч Еховатай дотно харьцаатай бол түүнийг шүтэхээс хэзээ ч залхахгүй. Ехова бол «ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг» нэгэн билээ (Исаиа 40:28, 29). Энэ үгийн үнэнийг өөрийн биеэр үзсэн элч Паул: «Бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна» хэмээн бичжээ (2 Коринт 4:16).
17 «Өдрөөс өдөрт» гэж бичсэн байгааг анхаараарай. Энэ нь Еховагийн дэмжлэгийг өдөр бүр авч байхыг хэлдэг. 43 жил миссионерээр үйлчилсэн нэг эгч ядарч, сэтгэлээр унаж байсан ч шантраагүй байна. Тэрбээр: «Би өглөө ажлаа эхлэхээсээ өмнө Еховад залбирч, Үгийг нь унших цаг гаргахын тулд эрт босож заншсан. Энэ нь одоог хүртэл тэвчихэд тусалдаг» хэмээжээ. Бид тогтмол, өөрөөр хэлбэл, «өдрөөс өдөрт» Еховад залбирч, гайхамшигтай чанар, амлалтуудыг нь эргэцүүлэн боддог бол хүч өгч, дэмжинэ гэдэгт нь найдаж болно.
18. Нас ахисан, бие нь муудсан үнэнч христиануудыг Библи хэрхэн тайвшруулдаг вэ?
18 Энэ нь нас ахих, бие муудах зэргээс болж сэтгэлээр унаж байгаа хүмүүст гойд ач тустай. Тийм хүмүүс өөрсдийгөө бусадтай биш гэхэд, өмнөхтэйгөө харьцуулан, урам хугардаг. Гэхдээ Ехова өндөр настнуудыг эрхэмлэн үздэг гэдгийг мэдэхлээр үнэхээр тайвширдаг! Библид: «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог» гэж байдаг (Сургаалт үгс 16:31). Ехова бидний хир хэмжээг мэддэг бөгөөд сул талыг маань үл харгалзан, чин сэтгэлийн шүтлэгийг өндөр үнэлдэг. Бидний өмнө нь хийсэн сайн үйлс Бурхны ой тойнд балрахааргүй хоногшдог. Судар үүнийг бидэнд батлан: «Бурхан бол та нарын, ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж өгүүлдэг (Еврей 6:10). Еховад үнэнч гэдгээ олон арван жилээр баталсан хүмүүс бидний дунд байдаг нь юутай сайхан бэ!
«Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байгтун»
19. Сайныг үйлдэж завгүй байх нь ямар ач тустай вэ?
19 Биеийн хөдөлмөр тогтмол, идэвхтэй хийвэл ядаргаа тайлагддаг гэж олон хүн үздэг. Үүнтэй адилаар, сүнслэг үйл хэрэгт тогтмол оролцох нь гутарсан сэтгэлийг засаж, сүнслэгээр сэргэхэд тусалдаг. Библид: «Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» гэж байдаг (Галат 6:9, 10). Энэ нь бид зүгээр суух ёсгүй гэсэн үг. Бусдад сайныг үйлдэх нь Еховад шантрахгүй үйлчлэхэд тусална.
20. Сэтгэлээр унахаас сэргийлэхийн тулд хэнтэй нөхөрлөхөөс зайлсхийх хэрэгтэй вэ?
20 Нөгөө талаас, Бурхны хуулийг хүндэтгэдэггүй хүмүүстэй нөхөрлөж, үйл хэрэгт нь орооцолдох нь биднийг ядраах дарамт болдог. Библи бидэнд: «Хад чулуу хүнд ба элс ч жин татна. Харин мунхгийн өдөөн хатгалга энэ хоёроос ч хүнд аж» гэж сануулдаг (Сургаалт үгс 27:3). Сэтгэлээр унаж, ядрахаас сэргийлэхийн тулд бусдаас өө хайж, шүүмжлэх дуртай, гутранги үзэлтэй хүмүүстэй нөхөрлөхөөс зайлсхийх хэрэгтэй.
21. Цуглаан дээр бусдыгаа хэрхэн зоригжуулж болох вэ?
21 Христиан цуглаан бол бидний сүнслэг хүчийг сэлбэх Еховагийн арга хэмжээ юм. Хамтдаа цуглаад бид шинэ соргог зөвлөгөө авч, нөхөрсөг харьцаагаараа бие биеэ зоригжуулдаг (Еврей 10:25). Хариу өгөх юм уу хөтөлбөрт өөр ямар нэг байдлаар оролцохдоо бусдыгаа урамшуулахыг хурлын бүх гишүүн хичээх ёстой. Ялангуяа, хурлын сургалт хариуцдаг ах нар итгэл нэгтнүүдээ урамшуулах үүрэг хүлээдэг (Исаиа 32:1, 2). Сануулга өгч, зэмлэх хэрэг гарсан ч аядуу зөөлөн өнгөөр ярих учиртай (Галат 6:1, 2). Бусдыг хайрлах нь Еховад шантрахгүй үйлчлэхэд үнэхээр тусална (Дуулал 133:1; Иохан 13:35).
22. Бид төгс бус хэдий ч зоригтой байж болохын учир юу вэ?
22 Төгсгөлийн энэ цаг үед Еховад үйлчлэхийн тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Христианууд бид сэтгэцийн эмгэг, сэтгэлээр унах явдал, дарамттай орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах дархлаагүйн дээр төгс бус учраас шавар сав шиг эмзэг билээ. Гэхдээ «хирээс хэтэрсэн хүч нь» (ШЕ) «биднээс биш, харин Бурхных байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг» гэж Библид тэмдэглэсэн байдаг (2 Коринт 4:7). Тийм ээ, бид ядардаг ч, хэзээ ч шантардаггүй. Харин ч, зоригтойгоор: «Ехова миний туслагч мөн» гэж хэлдэг (Еврей 13:6).
Дүгнэх асуулт
• Бид ямар ямар хүнд ачааг хажуу тийш нь тавих ёстой вэ?
• Итгэл нэгтнүүддээ хэрхэн «сайныг үйлдэж» болох вэ?
• Биднийг ядарч, сэтгэлээр унахад Ехова хэрхэн дэмждэг вэ?
[Догол мөрийн асуулт]