Skip to content

Гарчиг руу орох

Бурхныг «нэг дуу хоолойгоор» алдаршуулагтун

Бурхныг «нэг дуу хоолойгоор» алдаршуулагтун

Бурхныг «нэг дуу хоолойгоор» алдаршуулагтун

«Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхныг та нар нэг дуу хоолойгоор алдаршуулахын тулд юм» (РОМ 15:6).

1. Элч Паул итгэл нэгтнүүддээ ялгаатай үзэл бодолд хандах талаар ямар зөвлөгөө өгсөн бэ?

 ХРИСТИАН ХҮН бүрийн сонголт, эрхэмлэх зүйл өөр өөр байдаг. Гэвч, тэд амь уруу хөтлөх замаар мөр зэрэгцэн алхах ёстой. Тийм боломж бий юү? Хүмүүсийн, асуудалд бага зэрэг ялгаатай ханддагийг маргаан болгон хувиргахгүй л юм бол энэ нь боломжтой. Нэгдүгээр зуунд элч Паул итгэл нэгтнүүддээ чухам энэ асуудлаар зөвлөгөө өгсөн билээ. Тэрээр энэ чухал санааг хэрхэн тайлбарласан бэ? Бурхны ариун сүнсээр өгөгдсөн энэхүү зөвлөгөөг бид өнөөдөр яаж хэрэглэх вэ?

Христиан эв нэгдэл чухал

2. Эв нэгдэлтэй байх хэрэгтэйг Паул хэрхэн онцолсон бэ?

2 Паул христиан эв нэгдлийн чухлыг мэдэж байсан бөгөөд итгэл нэгтнүүддээ, хайрын сэтгэлээр бие биеэ хүлцдэг байхад нь тустай сайхан зөвлөгөө өгдөг байлаа (Ефес 4:1–3; Колоссай 3:12–14). Гэтэл, тэрээр олон хурал үүсгэн байгуулж, хурлуудад 20 гаруй жил эргэлт хийснийхээ дараа л эв нэгдлийг хадгалах нь амаргүй ажил болохыг ойлгожээ (1 Коринт 1:11–13; Галат 2:11–14). Тийм ч учраас, Паул Ромд байсан итгэл нэгтнүүддээ: «Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан... та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхныг нэг дуу хоолойгоор алдаршуулахын тулд юм» хэмээн уриалжээ (Ром 15:5, 6). Өнөөдөр ч гэсэн бид хурал болж нэгдсэн ард түмнийх нь хувьд Ехова Бурхныг «нэг дуу хоолойгоор» алдаршуулах ёстой. Энэ үүргээ бид хэрхэн гүйцэтгэдэг вэ?

3, 4. а) Ром дахь христиан хурал ямар ямар хүмүүсээс бүрдэж байсан бэ? б) Ромын христианууд Еховад хэрхэн «нэг дуу хоолойгоор» үйлчилж болох байсан бэ?

3 Ромын христиануудаас олон хүн Паулын дотно андууд байжээ (Ром 16:3–16). Тэд өөр хоорондоо адилгүй, янз бүр байсан хэдий ч Паул сүнслэг ах дүүсээ «Бурхны хайртай... хүмүүс» хэмээн хүлээн авдаг байсан билээ. Тэрбээр: «Та бүгдийн төлөө би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл, та нарын итгэл бүх ертөнц даяар тунхаглагдаж байна» хэмээн бичжээ. Ромын христианууд олон талаар үлгэр жишээ болж байсан нь илэрхий (Ром 1:7, 8; Ром 15:14). Үүний зэрэгцээ, хурлын зарим гишүүн зарим нэг асуудлаар өөр өөр үзэл бодолтой байжээ. Өнөөдөр христиан хурлууд янз бүрийн гарал үүсэл, яс үндэс, соёл боловсролтой хүмүүсээс бүрддэг болохоор онгодоор хөтлүүлэн бичсэн Паулын зөвлөгөөг авч үзэх нь «нэг дуу хоолойгоор» ярихад маань тустай байх болно.

4 Ромд еврей, еврей биш итгэгчдийн аль аль нь байв (Ром 4:1; 11:13). Зарим еврей христиан Мосегийн хуульд захирагддаг байх үеийнхээ тодорхой нэг ёс заншлыг сахих нь аврагдахад хэрэг болохгүй гэдгийг ухаарах ёстой байсан хэдий ч түүнээсээ салж чадахгүй байсан бололтой. Нөгөө талаар, христиан болохоосоо өмнө баригдаж байсан хязгаарлалтаасаа Христийн золих тахилын ачаар чөлөөлөгдсөнөө ойлгосон еврейчүүд ч бас байв. Энэ үндсэн дээр тэд амьдралынхаа зарим зуршил, сахиж байсан ёс заншлаасаа салж, өөрчлөгджээ (Галат 4:8–11). Ямартай ч, Паулын хэлснээр тэд бүгдээрээ «Бурхны хайртай... хүмүүс» байсан юм. Хэрэв тэд бие биедээ зөв ухаанаар хандах аваас Бурхныг «нэг дуу хоолойгоор» алдаршуулж чадах байв. Бид ч гэсэн өнөөдөр тодорхой нэг асуудалд янз бүрийн үзэл бодлын үүднээс ханддаг учраас энэхүү чухал зарчмыг Паул хэрхэн тайлбарласныг анхааралтай авч үзэх нь зүйд нийцнэ (Ром 15:4).

«Бие биеэ хүлээж авагтун»

5, 6. Ром дахь хурлын гишүүд өөр өөр үзэл бодолтой байсны учир юу вэ?

5 Паул Ромын христиануудад бичсэн захидалдаа янз бүрийн үзэл бодол үүсэх үндэс болсон нөхцөл байдлын талаар дурджээ. Тэрбээр: «Бүх юмыг идэж болно гэж итгэдэг хүн байдаг. Харин сул нэгэн нь ногоо иддэг» хэмээн бичсэн. Тийм нөхцөл байдал бий болсны учир юу вэ? Мосегийн хуулиар гахайн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглодог байлаа (Ром 14:2; Левит 11:7). Гэтэл, энэ Хууль Есүсийн үхлээр хүчингүй болжээ (Ефес 2:15). Хожим, Есүсийг үхсэнээс хойш гурван жил хагасын дараа Бурхны нүдэнд ямар ч хоол бузар биш гэдгийг элч Петрт тэнгэр элч хэлсэн билээ (Үйлс 11:7–12). Үүнээс үүдэн зарим еврей христиан урьд нь Хуулиар хориглодог байсан гахайн мах болон бусад хоолыг идэж болно гэж үздэг болсон байж болох юм.

6 Гэхдээ, зарим еврей христианы хувьд урьд нь бузар гэж үздэг байсан хоолыг идэх тухай санаа ойг нь гутаадаг байсан байж магадгүй. Тэр эмзэг христианууд еврей гаралтай итгэл нэгтнүүдээ тийм хоол идэхийг харвал доромжлуулсан мэт болдог байсан байж болох юм. Түүнээс гадна, идэх юмны талаар ямар ч хориг тавьдаггүй шашин шүтдэг байсан байж болох еврей биш христиануудын хувьд хоолноос болж маргалдах нь хачин санагдаж байсан бололтой. Аврагдахад хоол цээрлэх хэрэгтэй гэж л бусдад тулгахгүй бол тэр хүн өөрөө тодорхой хоол цээрлэх нь буруу биш байсан нь мэдээж. Гэхдээ, асуудалд өөр өөр үзэл бодлоор ханддаг байснаас хурал дотор маргаан амархан гарч болох байлаа. Тиймэрхүү өөр өөр үзэл бодол Бурхныг «нэг дуу хоолойгоор» алдаршуулахад саад болохгүй байх тал дээр Ромын христианууд анхаарах хэрэгтэй байжээ.

7. Долоо хоног болгоны тусгай өдрийг сахих талаар ямар ямар үзэл бодол байсан бэ?

7 Паул: «Нэг хүн нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, өөр нэг хүн өдөр бүрийг адилхан гэж үздэг» хэмээн хоёр дахь жишээг дурджээ (Ром 14:5а). Мосегийн хуулиар бол Амралтын өдөр ямар ч ажил хийж болохгүй байлаа. Тэр бүү хэл, энэ өдөр аялан явахад ч тодорхой хязгаар байжээ (Египетээс гарсан нь 20:8–10; Матай 24:20; Үйлс 1:12). Гэвч, Хууль хүчингүй болсноор уг заалтууд бас хүчингүй болсон билээ. Гэсэн хэдий ч зарим еврей христианы хувьд урьд нь ариун гэж үздэг байсан тэр өдрөө ямар нэг ажил хийх юм уу хол газар явах нь эвгүй байжээ. Бурхан Амралтын өдрийг сахих тухай хуулийг хүчингүй болгосон ч гэлээ тэд долоо дахь өдрийг зөвхөн сүнслэг хэрэгт зориулдаг хэвээрээ байсан байж ч магад. Тэднийг буруу юм хийдэг байжээ гэж үзэж болох уу? Хэрэв тэд Амралтын өдрийг сахих нь Бурхны шаардлага гэж л зүтгэхгүй бол энэ нь буруу биш байв. Тийм учраас, Паул христиан ах дүүсийнхээ мөс чанарыг хүндэтгэн: «Хүн бүр бодолдоо бат итгэлтэй байг» хэмээн бичжээ (Ром 14:5б).

8. Ромын христианууд бусдын мөс чанарыг хүндэтгэн үзэх ёстой ч яах ёсгүй байсан бэ?

8 Паул, мөс чанарын асуудлаар өөрчлөгдөх гэж тэмцэж байгаа ах дүү нартаа тэвчээртэй хандахыг христиануудад шаргуу уриалж байсны зэрэгцээ Мосегийн хуулийг сахих нь аврагдах нөхцөл гэж итгэл нэгтнүүддээ шахаж шаарддаг хүмүүсийг хатуу зэмлэдэг байжээ. Жишээлбэл, христиануудын тухайд Есүсийн золих тахилд үндэслэсэн илүү сайн найдвар байдаг тул Мосегийн хуулийг сахих нь ашиггүй болохыг маш тодорхой тайлбарласан захиаг Паул МЭ 61 оны орчим еврей христиануудад бичсэн билээ (Галат 5:1–12; Тит 1:10, 11; Еврей 10:1–17).

9, 10. Христианууд юуг цээрлэх хэрэгтэй вэ? Тайлбарлана уу.

9 Бидний мэдэж авснаар христиан зарчимд илт харшлахгүй л бол янз бүрийн сонголт хийх нь эв нэгдэлд аюул учруулахгүй гэж Паул баталжээ. Тийм ч учраас Паул мөс чанар нь сул христиануудаас: «Та юунд ах дүүгээ шүүнэ вэ?» гэж асуугаад, цааш нь «хүчтэй» (Хуулиар хориглодог байсан хоол идэхийг, эсвэл Амралтын өдөр ердийн ажил хийхийг мөс чанар нь зөвшөөрсөн хүмүүс байж болох юм) хүмүүсээс: «Та юунд мөн ах дүүгээ басамжилна вэ?» хэмээн асуудаг (Ром 14:10). Тэгэхлээр, Паулын зөвлөснөөр мөс чанар нь сул христианууд асуудлыг илүү өргөн хүрээтэй авч үздэг ах дүүсээ шүүх учиргүй болж байна. Үүний зэрэгцээ, хүчтэй христианууд, зарим асуудалд сул мөс чанартай нэгнээ дорд үзэх ёсгүй ажээ. Хүн болгон бусдын мөс чанарын шийдвэрийг хүндэтгэж, «өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр... бодохгүй» байх хэрэгтэй (Ром 12:3, 18).

10 Паул энэ асуудалд хэрхэн дүн нуруутай хандахыг тайлбарлан: «Иддэг нэгэн нь иддэггүй нэгнээ бүү басамжлаг. Иддэггүй нэгэн нь иддэг нэгнээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм» хэмээн бичсэн. Тэгээд цааш нь: «Христ [биднийг] Бурхны алдрын төлөө хүлээн авсан» гэжээ. Бурхан Христ хоёр хүчтэй, сул хэнийг ч хүлээн авдаг учраас бид ч гэсэн мөн адил уужим сэтгэлтэй байж, «бие биеэ хүлээж авах» хэрэгтэй (Ром 14:3; 15:7). Үүнтэй санал эс нийлэх хүн байна гэж үү?

Өнөөдөр ах дүүсэг хайр эв нэгдлийг бий болгож байна

11. Паулын үед ямар онцгой нөхцөл байдал байсан бэ?

11 Паул Ромын христиануудад бичсэн захидалдаа нэгэн онцгой нөхцөл байдлын талаар, өөрөөр хэлбэл, Ехова нэг гэрээг хүчингүй болгоод, өөр шинэ гэрээ байгуулаад удаагүй байгааг дурджээ. Зарим хүний хувьд шинэ гэрээнд дасах амаргүй байв. Өнөөдөр яг тийм нөхцөл байдал байхгүй ч түүнтэй адил асуудал үе үе гарч ирдэг билээ.

12, 13. Өнөөдөр христиануудад ах дүүсийнхээ мөс чанарыг бодолцож үзүүштэй ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?

12 Жишээлбэл, нэгэн христиан эмэгтэй урьд нь хувцас хунар, зүс царайгаа гоёж гоодохыг хориглодог шашинд харьяалагддаг байжээ гэж бодъё. Тэр эмэгтэй үнэнийг хүлээн зөвшөөрдөг ч тохиромжтой үед энгийн боловч тод өнгийн хувцас өмсөхийг юм уу хир тааруу будаж шунхдахыг зөвшөөрсөн байдагтай санаа нийлэхгүй байж болох юм. Эмэгтэйн байдал Библийн зарчимтай үл зөрчилдөх учир хэн нэг хүн түүнд мөс чанарынх нь эсрэг ухуулах гэж оролдох нь буруу юм. Мөн тэр эмэгтэй ч мөс чанар нь гоёж гоодохыг зөвшөөрдөг христиан эмэгтэйчүүдийг шүүмжлэх хэрэггүйг ойлгодог.

13 Өөр нэг жишээ авч үзье. Нэгэн христиан ах согтууруулах ундаа хэрэглэхийг таашаадаггүй орчинд өсжээ гэж бодъё. Библи судлах явцдаа дарс бол Бурхны бэлэг бөгөөд түүнийг хир тааруу хэрэглэж болохыг ойлгосон байна (Дуулал 104:15). Мөнөөх ах энэ үзэл бодлыг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр согтууруулах ундаа хир тааруу хэрэглэдэг хүмүүсийг шүүдэггүй хэдий ч өсөхдөө олж авсан хүмүүжлийнхээ улмаас өөрөө архи дарс огт хэрэглэхгүй байхыг эрхэмлэдэг аж. Тийнхүү, «Амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе» хэмээсэн Паулын үгийг хэрэгжүүлдэг байна (Ром 14:19).

14. Ромчуудад өгсөн Паулын зөвлөгөөний санааг христианууд ямар ямар нөхцөлд хэрэглэж болох вэ?

14 Ромын христиануудад өгсөн Паулын зөвлөгөөний санааг баримтлах шаардлагатай өөр нөхцөл байдал байдаг. Христиан хурал янз бүрийн хүмүүсээс бүрддэг бөгөөд тэд өөр өөр зүйлийг эрхэмлэдэг. Тийм учраас хувцаслалт, гадаад төрх гэх зэрэг асуудлаар янз бүрийн сонголттой байдаг. Библид жинхэнэ христиануудын мөрдвөл зохих тов тодорхой зарчмууд байдаг нь ойлгомжтой. Бидний хувцаслалт юм уу үс гэзэгний засалт даруу бус, этгээд буюу энэ ертөнцийн, ёс суртахууны талаар ялзарч уруудсан хүмүүсийн онцлог шинжийг тусгахгүй байх ёстой (1 Иохан 2:15–17). Христианууд цаг ямагт, тэр байтугай, амралтынхаа үед ч гэсэн орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзний төлөөлөгч, үйлчлэгч гэдгээ санаж явдаг (Исаиа 43:10; Иохан 17:16; 1 Тимот 2:9, 10). Гэхдээ, тэд олон зүйл дээр зохих ёсны сонголт хийх эрхтэй. *

Бусдыг бүдрүүлэхээс зайлсхийгтүн

15. Христиан хүн ах дүүсийнхээ төлөө эрхээсээ татгалзах ямар нөхцөл байдал байж болох вэ?

15 Ромын христиануудад өгсөн Паулын зөвлөгөө бидний анхаарлыг өөр нэг чухал зарчимд хандуулдаг. Заримдаа, сайтар сургасан мөс чанартай христиан хийж болох байсан зүйлээсээ ч татгалзахад хүрдэг. Яагаад гэвэл, ямар нэг үйлдэл нь бусдад муугаар нөлөөлж мэднэ гэдгийг ойлгодог юм. Тэгвэл, тийм тохиолдолд яах вэ? Паул: «Мах идэхгүй, дарс уухгүй, эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн» гэж хэлсэн (Ром 14:14, 20, 21). Тийнхүү «хүчтэй бид өөрсдийхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлэх» ёстой (Ром 15:1, 2). Үйлдэл маань итгэл нэгтнийхээ мөс чанарыг гомдоохоор байвал ах дүүсэг хайрын үүднээс мэдрэмжтэй байж, хийх гэж байгаа зүйлээсээ татгалзах нь зүйтэй. Жишээлбэл, ийм асуудал согтууруулах ундаа хэрэглэхтэй холбогдон гарч болох юм. Христиан хүн дарсыг хир тааруу ууж болдог. Гэхдээ, энэ нь итгэл нэгтнээ бүдрүүлэх шалтгаан болохоор байвал өөрийнхөөрөө зүтгээд байх хэрэггүй юм.

16. Нутгийнхаа хүмүүсийн мөс чанарыг хүндэтгэж байгаагаа хэрхэн илэрхийлж болох вэ?

16 Энэ зарчмыг бас Гэрч биш хүмүүстэй харьцахдаа хэрэглэж болно. Жишээ нь, бид итгэл үнэмшлийнхээ улмаас долоо хоногийн аль нэг өдрийг амралтын өдөр болгон сахидаг хүмүүсийн дунд амьдардаг гэж бодъё. Тэгвэл, бусдыг бүдрүүлж, дэлгэрүүлэх ажилдаа төвөг удахгүйн тулд тэр өдөр Гэрч бус хүмүүсийг гомдоож магадгүй зүйл хийхээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Өөр нэг жишээ авч үзье. Амьдралын боломж сайтай нэг христиан ах хүмүүсийн ихэнх нь ядуу зүдүү амьдралтай нутагт үйлчлэхээр очлоо гэж бодъё. Тэгвэл тэр ах очсон нутгийнхаа хүмүүсийг бодоод энгийн хувцаслах юм уу боломжтой байсан ч илүү энгийн амьдарч болох шүү дээ.

17. Сонголт хийхдээ бусдыг бодолцож үзэх нь яагаад ухаалаг хэрэг вэ?

17 «Хүчтэй» хүмүүсээс буулт хийхийг шаардвал буруудах уу? Үүнд хариулахын тулд дараах жишээ авч үзье. Засмал замаар машинаараа давхиж явтал замд ойрхон, аюултай газар хүүхдүүд тоглож байхыг харлаа гэж бодъё. Дүрмээрээ явж байгаа юм чинь гээд хурдаа хасалгүй давхисаар байх уу? Үгүй ээ, хүүхдүүдийг болзошгүй аюулаас хамгаалахын тулд хурдаа хасах нь зүйтэй. Итгэл нэгтнүүдтэйгээ юм уу Гэрч бус хүмүүстэй харьцахдаа дээрхийн адил «хурдаа хасах» буюу буулт хийх үе гардаг. Бид Библийн зарчим зөрчигдөхгүй тохиолдолд ямар нэг юм хийх бүрэн эрхтэй байж болох юм. Тийм хэдий ч, хэрэв үйлдэл маань бусдыг гомдоох юм уу сул мөс чанартай хүмүүст хохирол учруулахаар бол болгоомжтой байхыг христиан хайр бидэнд сануулна (Ром 14:13, 15). Хурлынхаа эв нэгдлийг хадгалж, Хаанчлалын хэргийг дэмжих нь өөрийнхөөрөө зүтгэхээс илүү чухал юм.

18, 19. а) Бусдыг бодолцохдоо Есүсийн жишээг хэрхэн дагах вэ? б) Бид ямар асуудал дээр бүрэн нэгддэг вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Ийн үйлдэхдээ бид хамгийн шилдэг жишээг дагадаг. Паул: «Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин: „Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув“ гэсний адил байсан юм» хэмээн хэлжээ. Есүс бидний төлөө амиа дуртайяа золиосолсон. Хэрэв бидэнтэй эв нэгдэлтэйгээр Бурхныг алдаршуулахад нь «хүчгүй» хүмүүст тустай л бол бид зарим эрхээсээ дуртайяа татгалздаг нь ойлгомжтой. Сул мөс чанартай христиануудад уужим сэтгэл гарган, буулт хийхдээ, эсвэл ямар нэг юман дээр өөртөө зориуд хязгаарлалт хийж, өөрийнхөөрөө зүтгэхээс татгалзсанаараа бид «Христ Есүсийн дагуу... нэг бодол санаатай» байгаагаа харуулдаг юм (Ром 15:1–5).

19 Библийн зарчимд харшлахгүй асуудлуудад ялгаатай үзэл бодлоор хандаж болдог хэдий ч Бурхныг шүтэх асуудал дээр бид бүрэн нэгддэг (1 Коринт 1:10). Тухайлбал, тийм эв нэгдэл жинхэнэ шүтлэгийг эсэргүүцэгчдэд хандах хандлагаар маань илэрдэг. Тийм эсэргүүцэгчдийг Бурхны Үг «гадны хүн» гэж нэрлэдэг бөгөөд тэдний дуунаас сэрэмжлэхийг анхааруулдаг (Иохан 10:5). Тийм «гадны хүнийг» хэрхэн ялган таньж болох вэ? Тэдэнд хэрхэн хандах хэрэгтэй вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр үзнэ.

[Зүүлт]

^ Насанд хүрээгүй хүүхдүүд хувцаслалтын асуудлаар эцэг эхийнхээ хүслийг дагах ёстой.

Та хэрхэн хариулах вэ?

• Хувийн асуудлаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байдаг нь эв нэгдэлд сөргөөр нөлөөлдөггүйн учир юу вэ?

• Христианууд бие биеэ анхаарч халамжлах ёстойн учир юу вэ?

• Эв нэгдлийн талаар Паулын өгсөн зөвлөгөөг бид өнөөдөр ямар байдлаар хэрэглэж болох вэ? Үүнд юу нөлөөлөх вэ?

[Догол мөрийн асуулт]