Skip to content

Гарчиг руу орох

«Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөгтүн»

«Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөгтүн»

«Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөгтүн»

«Та нар Диаволын заль мэхийн эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуяг дуулгыг өмс» (ЕФЕС 6:11).

1, 2. Христиан хүний өмсөх хэрэгтэй сүнслэг хуяг дуулгыг өөрийн үгээр хэлнэ үү.

 МЭ І ЗУУН Ромын хөгжлийн оргил үе байлаа. Хүчирхэг армийнхаа ачаар Ром тухайн цагийн соёл иргэншилт ертөнцийн ихэнхийг захиргаандаа оруулсан байв. Нэгэн түүхч Ромын армийг «түүхэнд хамгийн их амжилт олсон цэргийн байгууламж» гэж тэмдэглэжээ. Армийнх нь амжилт цэргийн сургуулийг шамдан хийж, сахилга батыг чанд баримталдаг мэргэжлийн цэргээс гадна цэргийн хуяг дуулганаас шалтгаалж байсан аж. Христиануудыг Диаволын эсрэг амжилттай тэмцэхэд шаардлагатай сүнслэг хуяг дуулгыг элч Паул Ромын цэргийн хуяг дуулгатай зүйрлэн бичжээ.

2 Энэхүү сүнслэг хуяг дуулганы талаар Ефес 6:14–17-д бичсэн байдаг. Паул: «Бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурхны үгийг ав» хэмээжээ. Паулын дүрсэлсэн хуяг дуулга цэргийг тодорхой хэмжээнд бодитоор хамгаалдаг байв. Түүнчлэн, зүүдэг сэлэм нь гардан тулааны чухал зэвсэг байсан.

3. Есүс Христийн зааврыг дуулгавартай хүлээн авч, жишээг нь дуурайх ёстойн учир юу вэ?

3 Цэргүүдийн ялах эсэх нь сургууль хийж, зэвсэг агсахаас гадна жанжиндаа дуулгавартай байхаас шалтгаалдаг байв. Үүнтэй адилаар, христианууд «хүмүүсийн... жанжин» гэж Библид нэрлэдэг Есүс Христэд дуулгавартай байх ёстой (Исаиа 55:4). Тэгээд ч Есүс хурлын «толгой» билээ (Ефес 5:23). Тэрбээр бидэнд сүнслэг тулааны заавар өгдөг бөгөөд сүнслэг хуяг дуулгыг хэрхэн өмсөхийн төгс жишээ үзүүлсэн (1 Петр 2:21). Христийнх шиг зан чанар нь сүнслэг хуяг дуулгатай тун төстэй учир Христийн «санаагаар» (МАБ) өөрсдийгөө «зэвсэглэхийг» Судар бидэнд зөвлөдөг (1 Петр 4:1). Тиймээс, сүнслэг хуяг дуулганы хэсэг бүрийг нарийвчлан хэлэлцэхдээ сүнслэг хуяг дуулга өмсөх нь чухал хийгээд ашигтай болохыг Есүсийн жишээгээр авч үзье.

Бэлхүүс, цээж, хөлөө хамгаалах нь

4. Цэргийн бүс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Паул бүс бүслэх гэдгээр юуг үлгэрлэн үзүүлсэн бэ?

4 Бэлхүүсээрээ үнэнийг бүслэх. Библи бичиж байх үед цэргүүд 5—15 сантиметр өргөн суран бүс бүсэлдэг байжээ. Зарим орчуулагч энэ зүйлийг «үнэнийг бүс мэт бэлхүүсээрээ бүсэл» гэж буулгах нь зүйтэй гэж үздэг. Бүс бэлхүүсийг хамгаалж, сэлэм зүүхэд эвтэйхэн байдаг байв. Цэрэг бүсээ бүсэлбэл тулаанд бэлдэж байгаа хэрэг ажээ. Библийн үнэн бидний амьдралд хир зэрэг нөлөөлөх учиртайг Паул бүс бүслэх гэдгээр үлгэрлэн үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид бүсийг биеэ ороон чанга бүсэлдэг шигээ үнэний дагуу амьдарч, ямар ч үед үнэнийг «хамгаалж» (ШЕ) чаддаг байх ёстой (Дуулал 43:3; 1 Петр 3:15). Үүний тулд Библийг нямбай судалж, эргэцүүлэн бодох хэрэгтэй. Есүс Бурхны хуулийг «зүрхэндээ» хоногшуулсан байв (Дуулал 40:8). Тийм учраас, эсэргүүцэгчдийн байцаалтад Судраас иш татан, цээжээрээ хариулж чаддаг байлаа (Матай 19:3–6; 22:23–32).

5. Сорилт юм уу хорхой хүрэм зүйлтэй тулгарах цагт Библийн зөвлөгөө хэрхэн тусалдгийг тайлбарлана уу.

5 Библийн үнэнийг удирдлага болговол өөрийн ойлголтод үндэслэн, буруу дүгнэлт хийхээс зайлсхийж, ухаалаг шийдвэр гаргаж чадна. Сорилт юм уу хорхой хүрэм зүйлтэй тулгарах цагт Библийн зөвлөгөө зөвийг үйлдэх шийдвэрийг маань бэхжүүлнэ. Зүйрлэн хэлбэл, бид Багш Еховагаа харж, араас маань: «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэж хэлэхийг нь сонсох болно (Исаиа 30:20, 21).

6. Бэлэгдлийн зүрхээ хамгаалах хэрэгтэйн учир юу вэ? Зөвт байдал зүрхийг яаж хамгаалдаг вэ?

6 Зөвт байдлын хуяг. Зүрх гэдэг амин чухал эрхтнийг хуяг хамгаалдаг. Бидний бэлэгдлийн зүрх буюу дотор хүн бузар муу хандлагатай учир тусгайлан хамгаалах хэрэгтэй (Эхлэл 8:21). Тиймээс, бид Еховагийн зөвт хэм хэмжээг мэдэж, улмаар хайрладаг болох ёстой (Дуулал 119:97, 105). Зөвт байдлыг хайрладаг хүн Еховагийн өгдөг тодорхой удирдамжийн ач холбогдлыг бууруулах юм уу үл ойшоох ертөнцийн хандлагыг өөрийн эрхгүй эсэргүүцдэг. Түүнээс гадна, мууг үзэн ядаж, сайныг хайрладаг бол амьдралыг маань сүйрүүлэх алив замаас зайлсхийж чадна (Дуулал 119:99–101; Амос 5:15). Энэ талаар Есүс бидэнд үлгэр жишээ үзүүлсэн. Учир нь түүний тухай: «Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн» гэж Сударт бичсэн байдаг (Еврей 1:9). *

7. Ромын цэрэгт бөх гутал яагаад хэрэгтэй байсан бэ? Энэ нь юуг төлөөлдөг вэ?

7 Амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөх. Ромын цэргүүд давшилтын үеэр өдөрт 30 километр газар туулахдаа хуяг дуулга, зэр зэвсэгтэйгээ нийлээд 30 орчим килограмм ачаатай явган явдаг байсан тул эдэлгээ даадаг бөх гутал хэрэгтэй байв. Хаанчлалын тухай мэдээ сонсохыг хүсдэг хүн бүрд дэлгэрүүлэхэд бэлэн байхыг Паул гутлаар төлөөлүүлсэн нь оновчтой болжээ. Сайн мэдээ дэлгэрүүлэхэд бэлэн байх нь чухал. Учир нь бид энэ ажилд хойрго, дургүй бол хүмүүс яаж Еховаг мэддэг болох билээ? (Ром 10:13–15).

8. Сайн мэдээ тунхаглагч Есүсийн жишээг бид хэрхэн дуурайж болох вэ?

8 Есүс ямар ажлыг амьдралдаа хамгийн чухалд үздэг байсан бэ? Тэрбээр: «Би үнэний тухай гэрчлэхийн тулд л ертөнцөд ирсэн» гэж Ромын амбан захирагч Понти Пилатад хэлсэн байдаг. Есүс өөрийг нь сонсох хүн бүрд дэлгэрүүлж, энэ ажилдаа их дуртай байсан тул махан биеийнхээ хэрэгцээг хангахаас дээгүүрт тавьдаг байсан (Иохан 4:5–34; 18:37). Есүсийн адилаар, бид сайн мэдээ тунхаглахын хүслэн болдог бол энэ мэдээг бусадтай хуваалцахгүй байж чадахгүй. Түүнээс гадна, Еховад үйлчлэн завгүй байх нь сүнслэгээр бат бэх байхад тусална (Үйлс 18:5).

Бамбай, дуулга, сэлэм

9. Бамбай юунаас хамгаалдаг байсан бэ?

9 Итгэлийн бамбай. «Бамбай» гэж орчуулсан грек үг нь хүнийг бараг бүхлээр нь халхлах том бамбайг хэлдэг ажээ. Ийм бамбай Ефес 6:16-д тэмдэглэсэн «галт сумаас» хамгаалдаг байв. Библи бичиж байх үед цэргүүд зэвнийхээ доод талд шатамхай шингэнээр дүүргэсэн жижиг төмөр хонгиотой, хөндий зэгсэн сумаар харвадаг байжээ. Нэгэн эрдэмтэн тийм сумыг «эртний хамгийн аюултай зэвсэг» гэж тодорхойлжээ. Бамбайгүй цэрэг тийм суманд өртөн, хүнд шархдах юм уу амиа ч алдаж болох байв.

10, 11. а) Сатан ямар «галт сумаар» бидний итгэлийг эвдэн бусниулж болох вэ? б) Сорилтын үед бат итгэлтэй байхын чухлыг Есүсийн жишээ хэрхэн харуулдаг вэ?

10 Тэгвэл Сатан бидний итгэлийг эвдэн бусниулахын тулд ямар «галт сумаар» харвадаг вэ? Сатан гэр бүлийн дотор, ажил, сургууль дээр эсэргүүцэл, хавчлага өдөөж болох юм. Зарим христиан хүн эд хөрөнгөнд шунах, садар самуунд уруу татагдах зэргээс болж сүнслэг байдлаа эвдэн бусниулжээ. Иймэрхүү аюулаас өөрийгөө хамгаалахын тулд «энэ бүгд дээр... итгэлийн бамбайг» авах ёстой. Еховаг танин мэдэж, түүнд байнга залбирч, биднийг хэрхэн хамгаалж, ивээдгийг нь ухаарвал итгэлтэй болдог (Иошуа 23:14; Лук 17:5; Ром 10:17).

11 Хэцүү цагт бат итгэлтэй байхын чухлыг Есүс дэлхий дээр байхдаа харуулжээ. Тэрбээр Эцгийнхээ шийдвэрт бүрэн найдаж, хүсэл тааллыг нь дуртайяа биелүүлдэг байсан (Матай 26:42, 53, 54; Иохан 6:38). Есүс Гетсемани цэцэрлэгт сэтгэл нь их шаналж байхдаа ч: «Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог» хэмээн Эцэгтээ залбирч байсан (Матай 26:39). Бурханд үнэнч байдлаа хадгалж, зүрхийг нь баярлуулахын чухлыг Есүс ямагт санадаг байв (Сургаалт үгс 27:11). Хэрэв бид бас Еховад тийн найддаг бол шүүмжлэл, эсэргүүцлээс болж, итгэлээ сулруулахгүй. Харин ч, Бурханд найдан, түүнийг хайрладгаа харуулан, тушаалуудыг нь сахивал итгэл маань бэхэжнэ (Дуулал 19:7–11; 1 Иохан 5:3). Өөрт нь хайртай хүмүүст Еховагийн ирээдүйд хүртээх ивээлийг ямар ч эд баялаг, хоромхон зуурын таашаалтай зүйрлэхийн аргагүй билээ (Сургаалт үгс 10:22).

12. Бэлэгдлийн дуулга ямар чухал эрхтнийг хамгаалдаг вэ? Энэ хамгаалалт ямар учраас амин чухал бэ?

12 Авралын дуулга. Дуулга толгой, тархи буюу сэтгэх гол эрхтнийг хамгаалдаг. Христиан найдварыг дуулгатай зүйрлэдгийн учир нь бидний ухаан санааг хамгаалдагтай холбоотой (1 Тесалоник 5:8). Бид Бурхны Үгийн нарийн зөв мэдлэгээр ухаан санаагаа шинэчилсэн ч гэсэн сул дорой, төгс бус хэвээрээ байгаа шүү дээ. Бидний ухаан санаа муу нөлөөнд амархан автдаг. Энэ ертөнцийн хүмүүсийн зорилгоор хөөцөлдвөл анхаарал сарнихаар үл барам Бурхны өгсөн найдварыг ч алдаж магадгүй (Ром 7:18; 12:2). Диавол Есүст «дэлхийн бүх хаанчлал болон сүр хүчийг» өгнө гэж амлан, замаас нь хазайлгахыг оролдсон ч бүтээгүй (Матай 4:8). Есүс тэр саналыг нь шийдвэртэй эсэргүүцсэн бөгөөд Паул Есүсийн тухай: «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг [«тарчлаах шонг», ШЕ] тэвчсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм» гэж хэлжээ (Еврей 12:2).

13. Ирээдүйн найдвараа хэрхэн хадгалж болох вэ?

13 Хүн хар аяндаа л Бурханд Есүс шиг бат найддаг болчихдоггүй. Хэрэв бид ирээдүйн найдвартаа анхаарлаа хандуулахын оронд, ухаан санаагаа энэ ертөнцийн хүмүүсийн зорилго, мөрөөдөлд эзэмдүүлбэл Бурхны амлалтад итгэх итгэл маань суларна. Яваандаа найдвараа бүрмөсөн алдаж ч болох юм. Харин Бурхны амласныг байнга эргэцүүлэн бодвол өмнөө тавьсан найдвар дотор үргэлж баярлах болно (Ром 12:12).

14, 15. а) Бэлэгдлийн сэлэм гэж юу вэ? Үүнийг хэрхэн ашиглаж болох вэ? б) Хорхой хүрэм зүйлийг эсэргүүцэхэд сүнсний сэлэм хэрхэн тусалдгийг жишээгээр хэлнэ үү.

14 Сүнсний сэлэм. Библид бичсэн Бурхны үг бол шашны худал хуурмагийг тас цавчин, чин сэтгэлтэй хүмүүсийг сүнслэг эрх чөлөөтэй болоход тусалдаг хоёр талдаа иртэй, хурц сэлэмтэй адил билээ (Иохан 8:32; Еврей 4:12). Хорхой хүрэм зүйлтэй тулгарах юм уу итгэлийг маань эвдэн бусниулах гэсэн тэрслэгчдийн дайралтад өртөхдөө энэ сүнслэг сэлмээр өөрсдийгөө хамгаалж болно (2 Коринт 10:4, 5). Библи Бурхны онгодоор бичигдсэн бөгөөд биднийг «сайн үйлд бүрэн бэлтгэдэгт» бид гүнээ талархдаг (2 Тимот 3:16, 17).

15 Сатан өөрийг нь цөлд сориход, Есүс сүнслэг сэлмийг чадварлаг ашиглан, буруу тайлбар, хорхой хүргэх зальжин аргаас нь өөрийгөө хамгаалсан. Есүс Сатаны сорилтыг няцаах бүрдээ: «Гэж бичигдсэн байдаг» хэмээн хариулж байв (Матай 4:1–11). Испанид амьдардаг Еховагийн Гэрч Давид хорхой хүрэм зүйлийг тэвчихэд Библи тусалдгийг биеэрээ үзжээ. 19 настай байхад нь цэвэрлэгээний компанид хамт ажилладаг нэгэн царайлаг бүсгүй «хамтдаа зугаацахыг» урьсан гэнэ. Давид энэ саналаас нь татгалзаж, тийм байдал дахин гаргуулахгүйн тулд, өөрийг нь өөр хэсэгт ажиллуулж өгөхийг даргаасаа гуйжээ. Тэрбээр: «Би Иосефын жишээг санаж байсан. Иосеф садар самуунаас зайлсхийж, тэр даруй зугтсан шиг би ч бас тэгсэн юм» гэж хэлсэн байна (Эхлэл 39:10–12).

16. «Үнэний үгийг зөв заахын» тулд сургууль хийх хэрэгтэйн учрыг тайлбарлана уу.

16 Түүнчлэн, Есүс хүмүүст Сатаны эрхшээлээс чөлөөлөгдөхөд нь сүнсний сэлэм ашиглан, тусалдаг байлаа. Есүс: «Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх» гэж хэлсэн (Иохан 7:16). Есүсийн чадварлаг багш байсныг дуурайхын тулд сургууль хийх хэрэгтэй. Иудейн түүхч Иосеф Ромын цэргүүдийн тухай: «Бүх цэрэг өдөр бүр сургууль хийдэг. Яг л дайны талбарт байгаа юм шиг хичээнгүй сургуулилдаг. Тиймээс тэд ширүүн тулааныг ажрахгүй давж чаддаг» гэж бичжээ. Бид сүнслэг дайнд Библи ашиглах шаардлагатай. Түүний зэрэгцээ, «ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэдгээ Бурханд сайшаалган харуулах» ёстой (2 Тимот 2:15). Сонирхогч хүний чин сэтгэлийн асуултад Библи ашиглан хариулахдаа бид их баяртай байдаг. Тийм биз дээ?

Цаг үргэлж залбирагтун

17, 18. а) Сатаныг эсэргүүцэхэд залбирал ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? б) Залбирлын үр нөлөөг харуулах жишээ хэлнэ үү.

17 Сүнслэг бүрэн хуяг дуулгыг авч үзсэнийхээ дараа Паул өөр нэг чухал зөвлөгөө өгчээ. Христиан хүн Сатаныг эсэргүүцэхдээ «аливаа залбирал ба гуйлтаараа залбирах» ёстой. Хэр зэрэг тогтмол бэ? «Сүнс дотор цаг үргэлж... залбир» хэмээн Паул бичжээ (Ефес 6:18). Хорхой хүрэм зүйл юм уу сорилттой тулгарах, сэтгэлээр унах үед залбирал биднийг асар их бэхжүүлдэг (Матай 26:41). Есүс «Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ» (Еврей 5:7).

18 Хүнд өвчтэй нөхрөө 15 жил асарч байгаа Милагрос эгч: «Сэтгэлээр унасан үедээ би Еховад залбирдаг. Еховагаас илүү туслах хэн ч байхгүй. Үнэндээ, тэвчээр минь барагдсан юм шиг санагдах үе гардаг. Гэхдээ дахин дахин залбирсны дараа эрч хүч нэмж, сэтгэл санаа өөдрөг болдог» гэж хэлжээ.

19, 20. Сатаны эсрэг тэмцэлд ялахын тулд бид яах хэрэгтэй вэ?

19 Диавол өөрт нь цаг бага байгааг мэддэг бөгөөд биднийг ялахын тулд улам ч их хүчин чармайлт гаргаж байгаа (Илчлэлт 12:12, 17). Бид энэ хүчтэй дайсныг эсэргүүцэж, «итгэлийн сайн тэмцлээр тэмцэх» ёстой (1 Тимот 6:12). Ингэж тэмцэхэд «хирээс хэтэрсэн хүч» шаардлагатай болдог (2 Коринт 4:7, ШЕ). Бас Бурхны ариун сүнсний тусламж хэрэгтэй тул ариун сүнс гуйж залбирах ёстой. Есүс: «Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн (Лук 11:13).

20 Еховагийн өгдөг бүрэн хуяг дуулгыг өмсөх нь амин чухал гэдэг нь тодорхой. Энэ сүнслэг хуяг дуулгыг өмсөх гэдэг нь Бурханд таалагддаг чанар буюу итгэл, зөвт байдлыг хөгжүүлнэ гэсэн үг юм. Түүнчлэн, үнэнийг бэлхүүсээрээ чанга бүсэлсэн мэт хайрлаж, боломж тохиох бүрд сайн мэдээ дэлгэрүүлэхэд бэлэн байж, ирээдүйн найдвараа санаж явах ёстой. Сүнсний сэлмийг чадварлаг ашиглаж сурах шаардлагатай. Бид Бурхны бүрэн хуяг дуулгыг өмссөнөөр бузар муугийн сүнсэн хүчний эсрэг тэмцэлдээ ялж, Еховагийн ариун нэрийг үнэхээр алдаршуулж чадна (Ром 8:37–39).

[Зүүлт]

^ Исаиагийн зөгнөлд Еховаг «үнэн зөвийг [«зөвт байдлыг», ШЕ] хуяг мэт өмсдөг» гэж дүрсэлсэн байдаг. Тиймээс, тэрбээр хурлын ахлагчдаас шударгаар удирдаж, зөвт байдлаар үйлдэхийг шаарддаг (Исаиа 59:14, 15, 17).

Та хэрхэн хариулах вэ?

• Сүнслэг хуяг дуулга өмсөхийн хамгийн сайн жишээг хэн үзүүлсэн бэ? Түүний жишээг анхааралтай авч үзэх ёстойн учир юу вэ?

• Ухаан санаа, бэлэгдлийн зүрхээ хэрхэн хамгаалах вэ?

• Сүнсний сэлмийг яаж чадварлаг ашигладаг болох вэ?

• Цаг үргэлж залбирах ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]