Skip to content

Гарчиг руу орох

Диваажин болно гэдэгт найдах найдвар тань үндэстэй юү?

Диваажин болно гэдэгт найдах найдвар тань үндэстэй юү?

Диваажин болно гэдэгт найдах найдвар тань үндэстэй юү?

«Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр... диваажинд аваачигдсан» (2 КОРИНТ 12:2–4).

1. Библийн ямар ямар амлалтад сэтгэл их хөдөлдөг вэ?

 ДИВААЖИН... Дэлхийг диваажин болгох тухай Бурхны амлалтыг анх сонсоод ямар сэтгэгдэл төрснийг та санаж байна уу? «Сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих онгойх» бөгөөд «цөлөөс ус гарч», жимс урган, үзэсгэлэн төгөлдөр болох тухай ч юм уу чоно хургатай, ишиг ирвэстэй хамт байх тухай анх дуулж байснаа эргэж нэг сана даа. Насан өөд болсон ойр дотнын тань хүмүүс дахин амилж, тэр Диваажинд мөнх амьдрах ирээдүйтэй гэдгийг уншаад сэтгэл хөдлөөгүй гэж үү? (Исаиа 11:6; 35:5, 6; Иохан 5:28, 29)

2, 3. а) Диваажин болно гэдэгт найдах найдварыг тань үндэстэй гэж хэлж болохын учир юу вэ? б) Үүнд найдах өөр ямар ямар үндэс байдаг вэ?

2 Диваажингийн тухай Библийн амлалтад итгэх шалтгаан танд бий. Жишээлбэл, Есүсийн: «Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэж шонд хадагдсан гэмт хэрэгтэнд хандан хэлсэн үгэнд та итгэдэг (Лук 23:43). Түүнчлэн, «[Бурхны] амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна» гэсэн амлалтад итгэдэг. Ехова бидний нүднээс нулимсыг маань арчиж, үхдэггүй, гашууддаггүй, уйлдаггүй, өвддөггүй болгоно гэдэгт бас итгэдэг. Энэ бүхэн бол дэлхий дээр Диваажин дахин бий болно гэсэн үг юм! (2 Петр 3:13; Илчлэлт 21:4).

3 Диваажин болно гэдэгт найдах өөр нэг үндэс бол яг одоо дэлхий даяар, христиануудыг хүрээлэн буй орчин юм. Энэ юун орчин бэ? Бурхан сүнслэг диваажин байгуулж, дотор нь ард түмнээ суулгасан билээ. «Сүнслэг диваажин» гэдэг үгийг ойлгоход хэцүү, хийсвэр зүйл мэт санагдаж болох ч ийм диваажингийн талаар урьдчилан хэлсэн бөгөөд энэ нь үнэхээр бодитойгоор оршдог юм.

Диваажинг үзсэн нь

4. 2 Коринт 12:2–4-т ямар үзэгдлийн талаар бичсэн бэ? Уг үзэгдлийг хэн үзсэн бэ?

4 Сүнслэг диваажингийн талаар Паулын юу бичсэнийг анхааръя. Тэрбээр: «Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр... гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. [...] Би тийм хүнийг бие дотроо юу, эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь мэдэхгүй, харин Бурхан мэднэ. Диваажинд аваачигдсаныг болон үгээр хэлшгүй, мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссоныг мэднэ» хэмээн бичжээ (2 Коринт 12:2–4). Энэ хэсэг Паулыг Есүсийн элч гэдгээ хамгаалж бичсэн зүйлүүдийн араас шууд үргэлжилдэг. Түүнээс гадна, энэ тухай зөвхөн Паул л бичсэн бөгөөд түүнээс өөр хүнд ийм юм тохиолдсоныг Библид тэмдэглэсэн нь байдаггүй. Тийм учраас, уг үзэгдлийг Паул үзсэн бололтой. Энэ ер бусын үзэгдлийн үеэр Паул ямар «диваажинд» байсан бэ? (2 Коринт 11:5, 23–31).

5. Паулын үзсэн «диваажин» газар тэнгэрийн зүйлтэй холбоотой юу? Тэгвэл Паул юу үзсэн бэ?

5 «Гурав дахь тэнгэр» гэдгийн хам сэдэвт түүнийг, дэлхийг хүрээлэн байдаг агаар мандал юм уу сансар огторгуй, эсвэл байж болох л юм гэж астрофизикчдийн үздэг ямар нэгэн өөр ертөнц мөн хэмээн дүгнэх үндэс байдаггүй. Библид гурвын тоог, гол төлөв, онцлон тэмдэглэх юм уу хүч нэмэгдүүлэх утгаар хэрэглэдэг (Номлогчийн үгс 4:12; Исаиа 6:3; Матай 26:34, 75; Илчлэлт 4:8). Тийнхүү, Паулын үзсэн зүйл бол газар тэнгэрийнхээс огт өөр, сүнслэг зүйл байжээ.

6. Түүхийн ямар ямар үйл явдал Паулын үзсэн зүйлийг ойлгоход тусалдаг вэ?

6 Библийн эртний зөгнөлүүд Паулын үзсэн зүйлийг ойлгоход тусалдаг. Дээр үед ард түмэн нь итгэл эвдэхэд Бурхан, Иуда болон Иерусалимыг вавилончуудаар устгуулахаар шийдсэн. Библийн он дараалал ёсоор энэ шийдвэр МЭӨ 607 онд биелж, Иуда эзгүйрсэн. Тэр нутаг 70 жил зэлүүд хоосон байсны эцэст гэмшсэн иудейчүүдийг нутагтаа эргэн ирж, жинхэнэ шүтлэгийг сэргээхийг Бурхан зөвшөөрнө гэж зөгнөлд тэмдэглэсэн байдаг. Энэ зөгнөл МЭӨ 537 оноос биелж эхэлсэн (Дэд хууль 28:15, 62–68; Хаадын дэд 21:10–15; 24:12–16; 25:1–4; Иеремиа 29:10–14). Тэгвэл, тэр нутаг яасан бэ? 70 жилийн турш хагд өвсөнд баригдан, хатаж гандаад, цөөвөр чонын үүр болсон (Иеремиа 4:26; 10:22). Гэвч, «Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг [буюу «Диваажин», Септуагинт] мэт болгоно» хэмээсэн амлалт байжээ (Исаиа 51:3).

7. Иуда 70 жил эзгүйрсний эцэст яасан бэ?

7 Энэ явдал Иудаг сүйрснээс хойш 70 жилийн дараа болжээ. Бурхны ивээлээр байдал сайн тийшээ эргэсэн. «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ. Энэ нь машид улам дэлгэрч, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. [...] Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана. Хатсан газар цөөрөм болж, цангасан газар ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана» хэмээсний дагуу өөрчлөгдсөнийг төсөөлөөд үзээрэй! (Исаиа 35:1–7).

Ард түмэн буцан ирж, хувирч өөрчлөгдсөн нь

8. «Исаиа» номын 35-р бүлэг хүмүүст хамаатай байсан гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?

8 Үнэхээр өөрчлөлт гарсан! Эзгүйрч хоосорсон нутаг диваажин болсон. Гэхдээ, эзгүйрч хоосорсон нутаг үржил шимтэй болж өөрчлөгдсөн шиг хүмүүс бас хувирч өөрчлөгдөнө гэдгийг дээр дурдсан хийгээд өөр бусад зөгнөл илчилдэг. Ингэж хэлж болохын учир юу вэ? Исаиа нутаг орондоо «баяр хөөртэй хашхиралдан» буцан ирж, «баяр баясгалан, аз жаргалыг» олж авах, «ЭЗЭНий золин авсан» хүмүүсийн тухай бичсэн (Исаиа 35:10). Энэ нь газар нутагт бус, хүмүүст хамаатай байсан. Түүнээс гадна, Исаиа Сион уруу буцаж ирсэн хүмүүсийн тухай бас зөгнөсөн буй. Тэнд: «Тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно. Учир нь газар дэлхий мөчир нахиа... ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно» гэж байдаг. Исаиа бас Бурхны ард түмний тухай: «ЭЗЭН чамайг ямагт удирдан, ...чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт... болно» хэмээн хэлжээ (Исаиа 58:11; 61:3, 11; Иеремиа 31:10–12). Тэгэхлээр, эргэн тойрны газар нутаг сайжирсан байхын зэрэгцээ буцаж ирсэн иудейчүүд өөрчлөгдсөн байх учиртай болж байна.

9. Паул ямар «диваажин» үзсэн бэ? Энэ үзэгдэл хэзээ биелсэн бэ?

9 Паул үзэгдлээр юу үзсэнийг ойлгоход энэ түүхэн жишээ тусалдаг. Тэр үзэгдэл нь Паулын, «Бурхны тариалангийн талбай» гэж нэрлэсэн бөгөөд арвин их үр жимс өгөх учиртай христиан хуралд хамаарах байв (1 Коринт 3:9). Үзэгдэл хэзээ биелэх байсан бэ? Паул үзсэн зүйлээ ирээдүйд болох «илчлэлт» гэж нэрлэсэн. Өөрийг нь нас барсны дараа христиануудын дунд тэрс үзэл газар авна гэдгийг Паул мэдэж байлаа (2 Коринт 12:1; Үйлс 20:29, 30; 2 Тесалоник 2:3, 7). Тэрс үзэл давамгайлан, жинхэнэ христианууд ялгарч мэдэгдэхээ больж байхад христиан хурлыг цэцэглэн хөгжиж байгаа цэцэрлэгтэй зүйрлэх аргагүй нь ойлгомжтой. Гэхдээ, жинхэнэ шүтлэг дахин сэргэх цаг ирэх ёстой байлаа. «Зөвт хүмүүс нь Эцгийнхээ хаанчлалд нар мэт гийхийн» тулд Бурхны ард түмэн сэргэн өндийх учиртай байв (Матай 13:24–30, 36–43). Тэнгэрт Бурхны Хаанчлал тогтсоноос хойш хэдхэн жилийн дараа энэ зөгнөл үнэхээр биелсэн. Арван жил өнгөрөхөд Бурхны ард түмэн Паулын үзэгдлээр үзсэн сүнслэг диваажинд амьдарч байгаа нь улам илэрхий болсон.

10, 11. Бид төгс бус ч гэлээ сүнслэг диваажинд амьдардаг гэж хэлж болохын учир юу вэ?

10 Бид бүгдээрээ төгс бусаа мэддэг болохоор Паулын үед христиануудын дунд гарч байсан шиг хүндрэл бэрхшээл үе үе гарч ирэхэд гайхдаггүй (1 Коринт 1:10–13; Филиппой 4:2, 3; 2 Тесалоник 3:6–14). Гэхдээ, эдүгээ аж төрөн суугаа сүнслэг диваажингийнхаа тухай бодоцгооё. Нэгэн цагт дунд нь явж байсан өвчин эмгэгтэй нөхцөлийг эдүгээгийнхтэй харьцуулахад бид сүнслэгээр эдгэрчээ. Тэр цагт сүнслэг өлсгөлөнд автаж байсан бол өнөөдөр тэжээллэг, чанартай хоолоор хангагджээ. Бурхны ард түмэн сүнслэгээр хатаж гандсан газар амь тэмцэн зовдоггүй, харин Бурхны сайшаал, ивээлийг асгартал хүртдэг (Исаиа 35:1, 7). Бид гяндангийн харанхуйд байсан шиг сүнслэгээр сохор байсан бол одоо эрх чөлөө, Бурхны тааллын гэрлийг харж байдаг. Библийн зөгнөлийг ойлгодоггүй буюу дүлий байсан хүмүүсээс олон хүн Судар юу хэлдгийг сонсдог, ойлгодог болж эхэлжээ (Исаиа 35:5). Жишээлбэл, дэлхий даяар Еховагийн олон сая Гэрч Даниелын зөгнөлийг зүйл зүйлээр нь судалсан. Дараа нь тэд Библийн «Исаиа» номын бүлэг бүрийг нарийвчлан хэлэлцсэн билээ. Тийм сэргээн тэнхрүүлдэг сүнслэг хоол хүртдэг маань сүнслэг диваажинд байгааг маань гэрчлэхгүй гэж үү?

11 Бурхны Үгийг ойлгож, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг янз бүрийн үндэс угсаа, соёл боловсрол, хөрөнгө чинээтэй, чин сэтгэлтэй хүмүүсийн авир төрх хэрхэн өөрчлөгддөгийг бас бодоод үзье. Үнэндээ, тэд урьд нь өөрсдөд нь байсан зэрлэг араатных шиг авир төрхөөсөө салахын тулд боломжтой бүхнийг хийсэн билээ. Та ч гэсэн сүнслэг ах эгч нарынхаа адилаар өөртөө байсан муу зангаасаа салах гэж их чармайсан байж таарна (Колоссай 3:8–14). Тийм учраас, Еховагийн Гэрчүүдийн хуралд, харьцахад таатай, энх тайванд дуртай хүмүүс таныг хүрээлдэг. Одоохондоо тэд төгс бус байгаа хэдий ч тэднийг арслан юм уу махчин араатантай зүйрлэж болохгүй нь ойлгомжтой (Исаиа 35:9). Энэхүү тайван амгалан, сүнслэг ахан дүүсийн барилдлага байгаа нь юуг гэрчилдэг вэ? Энэ бол бидний сүнслэг диваажин гэж нэрлэдэг тэр сүнслэг орчин нөхцөл гэдэг нь тодорхой. Бидний энэ сүнслэг диваажин бол Бурханд үнэнч хүмүүсийн амьдран жаргах бодит диваажингийн үлгэр загвар юм.

12, 13. Сүнслэг диваажингаас хасагдчихгүйн тулд яах ёстой вэ?

12 Гэхдээ, үргэлж анхаарч байх ёстой юм байдаг. Бурхан израильчуудад: «Та нар Миний өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг даган мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, ...эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм» гэж хэлсэн (Дэд хууль 11:8). Левит 20:22, 24-т уг газрын талаар: «Миний та нарыг амьдруулахаар аваачиж буй нутаг нь та нарыг бөөлжин гаргахгүйн тулд та нар Миний бүх тогтоолыг, Миний бүх зарлигийг сахин, тэдгээрийг хийх ёстой. Иймээс Би та нарт: „Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно“ хэмээн айлдсан» гэж тэмдэглэсэн байдаг. Тийм ээ, Еховагийн амласан нутгийг эзэмших эсэх нь Ехова Бурхантай сайн харьцаа тогтоосон эсэхээс хамаарч байлаа. Израильчууд өөрт нь дуулгаваргүй болсон учраас Бурхан вавилончуудад тэднийг байлдан эзэлж, диваажин шиг нутгаас нь олзлон авч явахыг зөвшөөрсөн билээ.

13 Сүнслэг диваажинд биднийг баярлуулдаг зүйл олон байдаг. Орчин нөхцөл нь сэтгэл тайвшруулам дулаахан. Тэнд бид араатны төрхөөсөө салах гэж чармайж байгаа христиан ах дүүстэйгээ эв найртай харьцдаг. Тэд сайхан сэтгэл гарган, тус болохыг хичээдэг юм. Гэхдээ, сүнслэг диваажинд амьдрахын тулд итгэл нэгтнүүдтэйгээ сайн харьцаатай байхаас гадна өөр илүү их зүйл шаардагддаг. Энэ нь Ехова Бурхантай сайн харьцаатай байхын зэрэгцээ түүний хүсэл тааллыг биелүүлэх явдал юм (Мика 6:8). Бид энэ сүнслэг диваажин уруу сайн дураараа ирсэн. Гэхдээ, хэрэв Бурхантай тогтоосон харьцаагаа хадгалж хамгаалахын төлөө зүтгэхгүй бол бид эндээс урсаад явчих юм уу хасагдах болно.

14. Сүнслэг диваажингаас хасагдчихгүйн тулд өөр яах хэрэгтэй вэ?

14 Сүнслэг диваажингаас хасагдчихгүй байхад тустай чухал зүйл бол Бурхны Үгнээс тасралтгүй хүч авах явдал юм. Дуулал 1:1–3-т: «Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй... хүн ерөөлтэй еэ! Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» хэмээн бичсэн бэлэгдлийн үгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна, «итгэмжит, ухаалаг боолын» ангийн, Библид үндэслэсэн ном хэвлэл сүнслэг диваажингийн хоол унд нь юм (Матай 24:45–47).

Диваажин болно гэдэгт найдах найдвараа бэхжүүлэгтүн

15. Мосе израильчуудыг удирдан Амласан газар орж чадаагүйн учир юу вэ? Гэхдээ, Мосе юу харсан бэ?

15 Диваажингийн өөр нэг үлгэр загварыг авч үзье. Израильчуудыг цөлд 40 жил тэнүүчилснийх нь дараа Мосе тэднийг Иордан голын дорно хэсэгт байдаг Моабын тал газарт аваачсан. Урьд нь Мосе алдаа гаргасан учраас Ехова израильчуудыг Иордан голыг гатлахад нь түүгээр удирдуулахгүй гэж шийджээ (Тооллого 20:7–12; 27:12, 13). Мосе Еховагаас: «Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газрыг... үзүүлээч» хэмээн гуйжээ. Мосе тийшээ орж чадаагүй ч гэсэн Писга уул өөд авирч гараад, тэр газрыг сайтар харсныхаа эцэст үнэхээр «сайхан газар» гэдгийг ойлгожээ. Тэр газар ямар байсан байх гэж та бодож байна вэ? (Дэд хууль 3:25–27).

16, 17. а) Дээр үеийн Амласан газар одоо байгаагаас аль хир ялгаатай байсан бэ? б) Амласан газар нэгэн цагт диваажин шиг байсан гэж итгэж болохын учир юу вэ?

16 Амласан газрыг одоогийн бодит байдал дээр үндэслэн төсөөлбөл ой ухаанд элсэн цөл, хад асга бүхий халуун төөнөсөн нутгийн дүр зураг л буух байх. Гэхдээ, Библи бичигдэж байх үед энэ нутаг бүхэлдээ огт өөр байсан гэдэгт итгэх үндэс бий. Хөрс судлаач эрдэмтэн Уолтер Лаудермилк: «Мянган жилийн турш зүй бус эдэлснээс болоод [энэ нутаг] эвдэрч сүйдсэн юм» хэмээн бичжээ («Scientific American»). Тэрбээр: «Нэгэн цагт цэцэг жимс алаглаж байсан энэ нутаг „элсэн цөл“ болон хувирсан нь байгалийн жамаар бус, хүний гараар ийм болсон хэрэг юм» хэмээжээ. Үнэндээ, «энэ нутаг нэгэн цагт сайхан бэлчээртэй, диваажин шиг байсныг» түүний судалгааны ажил харуулдаг. Тийнхүү эхлээд «сайхан бэлчээртэй, диваажин шиг» байсан нутаг хүмүүсийн зүй бус гараар орж, эвдэрчээ. *

17 Тэр нутгийн талаар Библид дүрслэн бичсэнийг эргэцүүлэн бодвол энэ дүгнэлт зөв мэт санагдана. Ехова ард түмэндээ Мосегоор дамжуулан: «Чиний эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар бол тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий, толгодын орон бөгөөд чиний Бурхан ЭЗЭНий асран хамгаалдаг орон юм» хэмээн батлан хэлснийг санаарай (Дэд хууль 11:8–12).

18. Исаиа 35:2-ын зөгнөл Амласан газрын талаар израильчуудад ямар дүр зураг болон буух ёстой байсан бэ?

18 Амласан газар үржил шимтэй, үзэсгэлэнтэй сайхан, диваажин шиг нутаг байсан нь энэ нутгийн зарим хэсгийн талаар дурссан төдийгөөс л мэдрэгддэг. Энэ нь израильчууд Вавилоноос буцаж ирснээр эхнийх нь биелэл болсон, «Исаиа» номын 35-р бүлэгт бичсэн зөгнөлөөс харагддаг. Исаиа: «Энэ нь машид улам дэлгэрч, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурхны цог жавхланг харна» хэмээн зөгнөжээ (Исаиа 35:2). Ливан, Кармел, Шароны тухай дурсамж израильчуудад ойр дотно, таатай дүр зураг болон буух ёстой байлаа.

19, 20. а) Эртний Шарон нутгийг дүрслэн хэлнэ үү. б) Дэлхийг диваажин болно гэдэгт найдах найдвараа хэрхэн бэхжүүлж болох вэ?

19 Самарийн толгод болон Их тэнгис буюу Газрын дундад тэнгисийн хооронд байдаг эрэг орчмын хөндий болох Шароныг авч үзье. Энэ нутаг үржил шим, үзэсгэлэнтэй сайхнаараа алдартай байлаа. Ус чийг элбэг, малын бэлчээрт тохиромжтойн гадна нутгийн хойт хэсэг царсан ойгоор хучигдсан байв (Шастирын дээд 27:29; Соломоны дуун 2:1; Исаиа 65:10). Исаиа 35:2-т зөгнөснөөр газар нутаг сэргэн, үзэсгэлэнтэй сайхнаар цэцэглэн дэлгэрч, диваажин лугаа адил болох учиртай аж. Түүнчлэн, энэ зөгнөл хожим Паулын үзэгдлээр үзсэн дур булаам сүнслэг диваажинг заажээ. Эцэст нь хэлэхэд, хүмүүс диваажин дэлхийд амьдарна гэдэгт итгэх итгэлийг маань энэ болон бусад зөгнөл бэхжүүлдэг юм.

20 Сүнслэг диваажинд амьдран байхдаа бид түүнийг үнэлэх сэтгэл болон дэлхий маань эргээд диваажин болно гэдэгт найдах найдвараа улам бэхжүүлж болно. Яаж? Үүний тулд Библиэс уншсанаа улам гүнзгийрүүлж ойлгох хэрэгтэй. Библид газар нутгийн нэр олон дахин гардаг. Та эдгээр газар нутаг хаана байдаг байсан хийгээд хоорондоо ямар зайтай байрлаж байсан талаар илүү их төсөөлөлтэй болохыг хүсэхгүй гэж үү? Энэ талаар ямар боломж байгааг дараагийн өгүүллээр үзэх болно.

[Зүүлт]

^ Денис Бейли «Библийн газар зүй» номдоо «ургамлын шинж байдал Библи бичигдэж байх үеэс хойш маш их өөрчлөгдсөнийг» тэмдэглэжээ. Үүний учир юу вэ? «Хүмүүст түлээ түлш, барилгын материал хэрэгтэй байсан учраас... ой модоо огтолж эхэлсэн бөгөөд газар нутаг байгалийн довтолгоонд хамгаалалтгүй, ил задгай болжээ. Цаг агаарын нөхцөл хүний оролцоотойгоор... аажимдаа энэ нутгийг сүйрүүлжээ» («The Geography of the Bible»).

Та санаж байна уу?

• Паул үзэгдлээр ямар «диваажин» үзсэн бэ?

«Исаиа» номын 35-р бүлгийн зөгнөл анх хэрхэн биелсэн бэ? Энэ зөгнөл Паулын үзэгдлээр үзсэн зүйлтэй ямар холбоотой вэ?

• Сүнслэг диваажингаа үнэлэх сэтгэл болон дэлхийг диваажин болно гэдэгт найдах найдвараа хэрхэн бэхжүүлж болох вэ?

[Догол мөрийн асуулт]