«Нэг нэгнээ халуунаар хайрлагтун»
«Нэг нэгнээ халуунаар хайрлагтун»
«Ах дүүсийн хайраар нэг нэгнээ халуунаар хайрлагтун» (РОМ 12:10, МБОХ, 1996 он).
1, 2. Орчин үеийн нэг миссионер болон элч Паул сүнслэг ах дүү нартайгаа ямар харьцаатай байсан бэ?
АЗИД 43 жил миссионерээр үйлчилсэн Дон ах итгэл нэгтнүүдээ халуунаар хайрладгаараа нэртэй хүн байлаа. Урьд нь Дон ахаар Библи заалгаж байсан хүмүүс түүнийг хөнөөлт өвчинд нэрвэгдээд хэвтэрт байхад нь солонгосоор «Камсахамнида!» буюу «Танд их баярлалаа!» гэж хэлэхийн тулд олон мянган километр газар туулж иржээ. Түүний халуун хайр тэдний зүрхэнд хүрсэн байлаа.
2 Ийм явдал ганц Дон ахад тохиолдсон юм биш ээ. Нэгдүгээр зуунд элч Паул үйлчилсэн хүмүүстээ халуун хайраа илэрхийлж, тэдний төлөө өөрийгөө золиосолдог байсан. Тэрбээр итгэл үнэмшлээ тууштай баримталдаг ч «хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт» зөөлөн, халамжтай нэгэн байв. Тесалоник хотын хуралд: «Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурхны сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотнын хүмүүс маань болсон байв» хэмээн бичжээ (1 Тесалоник 2:7, 8). Хожим нь, Паул Ефес хотын ах дүү нартай дахин уулзахгүйгээ хэлэхэд «тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч, дахин дахин үнсэцгээж байлаа» (Үйлс 20:25, 37). Паул сүнслэг ах дүү нартайгаа итгэл нэгтэн гэдгээс илүү дотно харьцаатай байсан нь тодорхой. Тэд бие биеэ халуунаар хайрладаг байв.
«Халуун хайр»
3. Паул биднийг ямар хайр илэрхийлэхийг уриалсан бэ?
3 Судар биднийг бие биеэ халуунаар хайрлаж, энэрэнгүй байхыг уриалдаг (1 Петр 4:8; 1 Коринт 13:4). Халуун хайрын ачаар христианууд өөр хоорондоо төдийгүй тэнгэрийн Эцэгтэйгээ дотно харьцаатай болдог. Тиймээс элч Паул итгэл нэгтнүүддээ: «Хайр нь хоёр нүүргүй байг. [...] Ах дүүсийн хайраар нэг нэгнээ халуунаар хайрлагтун» хэмээн бичжээ (Ром 12:9; 10, МБОХ, 1996 он).
4. «Халуун хайр» гэдэг үг ямар утгатай вэ?
4 Паулын ашигласан «халуун хайр» гэдэг грек үг хоёр хэсгээс бүтдэг бөгөөд нэг нь нөхөрлөл, нөгөө нь төрөлхийн хайр гэсэн утгатай. Библи судлаач нэг эрдэмтний тайлбарласнаар энэ нь христианууд «бие биеэ хайрладаг, дэмждэг, дотно харьцаатай гэр бүлийнх шиг холбоогоор танигдах ёстой» гэсэн утгатай ажээ. Та сүнслэг ах эгч нартаа тийн ханддаг уу? Христиан хуралд халуун дулаан уур амьсгал буюу гэр бүлийнх шиг холбоо шингэсэн байх учиртай (Галат 6:10). Библийн нэг орчуулгад Ром 12:10-ыг: «Ах дүү нарын хайраар өөр зуураа хайрлалцан хүндэтгэгтүн» гэж буулгажээ (МАБ). Мөн өөр нэг орчуулгад: «Ах дүүсийн хайраар бие биедээ өөрсдийгөө зориул» гэж хөрвүүлсэн байдаг (МБОХ, 2000 он). Тийм ээ, христиануудын бие биеэ хайрлах сэтгэл тэгэх ёстой, тэгэх нь зүйтэй гэсэн ойлголтоос илүү гүн агуулгатай юм. Бид «чин сэтгэлээсээ ах дүүсээ хайрлахын тулд... зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлах» ёстой (1 Петр 1:22).
«Бие биеэ хайрлахыг Бурхнаар заалгасан»
5, 6. а) Ехова олон улсын чуулганаар дамжуулж ард түмэндээ христиан хайрыг яаж заадаг вэ? б) Хамт үйлчлэх нь итгэл нэгтнүүдийн харьцааг хэрхэн дотно болгодог вэ?
5 Орчин үед «олонх хүний хайр хөрч» байгаа ч Ехова ард түмэндээ «бие биеэ хайрлахыг» заадаг (Матай 24:12; 1 Тесалоник 4:9). Үүнд суралцах сайхан боломж олон улсын чуулганаар олддог. Ийм арга хэмжээний үеэр чуулган зохион байгуулж байгаа нутгийн Гэрчүүд хол газраас ирсэн ах эгч нартайгаа уулзаж, олон хүн гадаадын зочдыг гэртээ байлгадаг. Саяхны нэг чуулганд сэтгэлийнхээ хөдөлгөөнийг ил харуулдаггүй заншилтай орноос ирсэн хүмүүс байжээ. Зочдын байрны асуудал хариуцаж байсан нэг ах: «Тэд эхлээд их л бишүүрхэж, биеэ барьж байлаа. Гэхдээ зургаахан өдрийн дараа нутаг буцахдаа, буусан айлынхаа эздийг тэвэрч, уйлж байсан. Хэзээ ч мартахын аргагүй христиан хайрыг тэд биеэрээ мэдэрсэн» гэж хэлсэн байна. Ах дүү нарынхаа угсаа гарлыг үл харгалзан, зочломтгой байх нь зочилсон, зочлуулсан хүний хэн хэнд нь сайхан байдаг (Ром 12:13).
6 Түүнээс гадна, христианууд хамт үйлчлэхийн хэрээр бие биетэйгээ илүү дотно харьцаатай болдог. Итгэл нэгтнүүдээ сайн мэддэг болбол шударга, итгэлтэй, үнэнч, сайхан сэтгэлтэй, өгөөмөр, ухаалаг, энэрэнгүй, хувиа боддоггүй зэрэг сэтгэл татам чанаруудыг нь илүү үнэлдэг болно (Дуулал 15:3–5; Сургаалт үгс 19:22). Зүүн Африкт миссионерээр үйлчилж байсан Марк ах: «Ах дүү нартайгаа мөр зэрэгцэн үйлчлэхэд тасаршгүй бат бэх холбоо үүсдэг» гэж хэлжээ.
7. Хурал дотор дотно харьцаа хөгжүүлэхийн тулд яах шаардлагатай вэ?
7 Хурлын гишүүд тийм бат бэх холбоо тогтоож, түүнийгээ хөгжүүлэхийн тулд бие биетэйгээ дотно харьцах ёстой. Ах эгч нартайгаа ижилдэн дассан сэтгэл маань цуглаанд очих бүр лавширдаг. Бид цуглаанд очоод зогсохгүй, идэвхтэй оролцож, цуглааны өмнө болон дараа бусадтайгаа харьцаж, бие биеэ «хайр болон сайн үйлсэд» хөхүүлэн урамшуулж, зоригжуулдаг билээ (Еврей 10:24, 25). «Намайг бага байхад манайх ах эгч нартай нөхөрсөг, урам хайрласан яриа өрнүүлсээр, Хаанчлалын танхимаас хамгийн сүүлд явдаг айлуудын нэг байж билээ. Үүнийг санахад одоо ч сайхан байдаг» гэж АНУ-д амьдардаг нэг ахлагч дурсжээ.
«Өргөнөөр нээлттэй байх» хэрэгтэй юү?
8. а) Паул Коринтын христиануудад «өргөнөөр нээлттэй байхыг» уриалсан нь юу гэсэн үг вэ? б) Хурлынхаа гишүүдийг илүү хайрладаг болохын тулд яаж болох вэ?
8 Христиан хайрыг илүү илэрхийлэхийн тулд зүрхээрээ «өргөнөөр нээлттэй байх» хэрэгтэй байж болох юм. Коринт хотын хуралд элч Паул: «Бидний зүрх өргөнөөр нээгдсэн байна. Та нар бидэн дотор баригдаагүй [«хайраар дутаагүй», ШЕ]» гэж бичихдээ тэднийг ч бас хариуд нь «өргөнөөр нээлттэй байхыг» уриалжээ (2 Коринт 6:11–13). Хайр илэрхийлэхийн тулд та ч гэсэн «өргөнөөр нээгдэж» чадах уу? Бусдын санаачлага гаргахыг хүлээх хэрэггүй. Ромын христиануудад бичсэн захидалдаа Паул ах дүүсийн хайр илэрхийлэхийн чухлыг тэмдэглэхийн зэрэгцээ: «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» гэсэн зөвлөгөө өгчээ (Ром 12:10). Жишээ нь, цуглаан дээр өөрөө санаачлага гарган хүмүүстэй мэндэлж, дээдлэн хүндэлж байгаагаа харуулж болно шүү дээ. Түүнчлэн, хамтдаа дэлгэрүүлэх юм уу цуглаанд бэлдэхээр урьж болно. Энэ нь халуун хайр илэрхийлэх өргөн замын эхлэлийг тавьдаг.
9. Итгэл нэгтнүүдтэйгээ дотно нөхөрлөхийн тулд зарим хүн юу хийдэг вэ? (Хурлынхаа жишээнээс дурдана уу.)
9 Гэр бүлээрээ болон хувь хүмүүс нэг нэгнийдээ зочилж, хамтдаа хоол идэх ч юм уу амралтаа зохистой байдлаар өнгөрүүлэх зэргээр «өргөнөөр нээлттэй байж» болно (Лук 10:42; 14:12–14). Жишээ нь, Хакоп ах хааяа цөөн тооны хүнтэй хамтран, зугаалга зохион байгуулдаг аж. Тэрбээр: «Ганц бие эцэг эхээс өгсүүлээд бүх насныхан зугаалгад явдаг. Хүн бүр гэртээ сайхан дурсамжтай буцаж, бие биетэйгээ илүү дотно болдог» гэж хэлжээ. Христианууд бид итгэл нэгтнүүд төдийгүй жинхэнэ анд нөхөд байхыг хичээх ёстой (3 Иохан 14).
10. Бусадтай таарамж муутай бол яах хэрэгтэй вэ?
10 Гэхдээ бусадтай нөхөрлөж, бусдыг хайрлахад хүний төгс бус байдал саад болох үе байдаг. Тэгвэл яах вэ? Юуны түрүүнд, ах дүү нартайгаа сайн харьцаатай байхын төлөө залбирч болно. Бурхан үйлчлэгчдээ бие биетэйгээ эвтэй байгаасай гэж хүсдэг бөгөөд чин сэтгэлийн тийм залбиралд хариулна (1 Иохан 4:20, 21; 5:14, 15). Түүнчлэн, залбирлынхаа дагуу арга хэмжээ авах ёстой. Зүүн Африкт явуулын харгалзагчаар үйлчилдэг Рик ах, хахир зангаас нь болж нэг Гэрчтэй таарамж муутай байжээ. «Би тэр ахаас дөлж явахын оронд сайн мэддэг болъё гэж шийдсэн юм. Тэр ахын аав нь хэтэрхий хатуу шаардлагатай хүн байсныг мэдсэн. Өөрт нь багаас нь нөлөөлсөн энэ нөлөөг давахыг хэчнээн их хичээж, тэгээд хэр зэрэг их өөрчлөгдсөнийг нь ойлгоод би түүнийг биширч билээ. Тэгээд л бид сайн найзууд болсон доо» гэж хэлжээ (1 Петр 4:8).
Сэтгэлээ нээгтүн!
11. а) Хурлын гишүүд бие биеэ илүү хайрладаг болохын тулд яах хэрэгтэй вэ? б) Бусдаасаа хол хөндий байх нь ямар учраас сүнслэг аюул учруулдаг вэ?
11 Нэг ч хүнтэй дотно найз бололгүй насыг бардаг хүн өнөөдөр олон байдаг нь үнэхээрийн харамсалтай! Харин христиан хурлын дотор ийм явдал гаргаж болохгүй бөгөөд гарах ч ёсгүй юм. Ахан дүүгийн жинхэнэ хайр бол ердөө л эелдэг үг, боловсон зан эсвэл сэтгэлийн хөөрөлд хэт автан, дуу шуу болж, олон юм ярина гэсэн үг биш ээ. Үүний оронд, Паул Коринтын христиануудад сэтгэлээ нээсэн шиг бид ч бас итгэл нэгтнүүддээ сэтгэлээ нээж, сайн сайханд нь үнэнээсээ санаа тавьдгаа харуулах ёстой. Хүн болгон угийн нүүрэмгий юм уу яриа байдаггүй ч хэт зожиг байх нь аюултай байж болох юм. «Адайр [«зожиг», ШЕ] хүн хувийн хүслээ эрж хайдаг ба хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ» гэж Библи сануулдаг (Сургаалт үгс 18:1)
12. Хурлын гишүүд бие биетэйгээ дотно болоход илэн далангүй харьцаа ямар учраас чухал бэ?
12 Жинхэнэ нөхөрлөлийн үндэс нь илэн далангүй харьцаа юм (Иохан 15:15). Сэтгэлийхээ гүнийг уудалж, зүрхнийхээ үгийг итгэн хувцаалцах найз бүх хүнд хэрэгтэй байдаг. Түүнээс гадна, бие биеэ хэдийчинээ сайн мэднэ, хэрэгцээг нь хангахад төдийчинээ амар болно. Ингэж бусдадаа санаа тавьснаар энэрэнгүй сэтгэлээ илэрхийлж, Есүсийн: «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]» гэж хэлсэн нь үнэн болохыг үзнэ (Үйлс 20:35; Филиппой 2:1–4).
13. Сүнслэг ах дүү нараа чин сэтгэлээсээ хайрладгаа яаж харуулах вэ?
13 Хайраа хадгалж явснаас харуулах нь илүү ач тустай (Сургаалт үгс 27:5). Чин сэтгэлийн хайр нүүрний хувирлаар илэрч болох бөгөөд энэ нь бусдын зүрхэнд хүрдэг. «Дулаахан харц зүрхийг баярлуулдаг» гэж ухаант хүмүүн бичсэн байдаг (Сургаалт үгс 15:30). Түүний зэрэгцээ, ах дүүгийн хайр хөгжүүлэхийн тулд бодолтой үйлдэл хийх хэрэгтэй. Жинхэнэ хайрыг мөнгөөр авч болдоггүй ч сэтгэлээсээ өгсөн бэлэг их чухал байдаг. Ил захидал өгөх юм уу захиа бичиж, «цагаа олсон зөв үг» хэлэх зэргээр чин сэтгэлийн хайраа илэрхийлж болно (Сургаалт үгс 25:11; 27:9). Нэгэнт анд нөхрөө болгосон хүнийг амиа бодолгүй хайрладаг байх учиртай. Ялангуяа, гачигдаж дутагдах цагт нь бид нөхдийнхөө түшиг тулгуур болохыг хүсдэг. Библид: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж бичсэн байдаг шүү дээ (Сургаалт үгс 17:17).
14. Хэрэв хэн нэгэн танд дотно хандахгүй байгаа юм шиг санагдвал юу хийж болох вэ?
14 Бид хурлынхаа бүх хүнтэй дотно харьцаатай болж чадахгүй нь ойлгомжтой. Зарим хүнтэй бусдыг бодвол арай илүү ойр дотно болох нь зүй ёсны хэрэг. Тиймээс, хэн нэг хүн таны бодсончлон дотно биш юм шиг санагдвал бидний хооронд ямар нэг юм болохгүй байна гэж яаран дүгнэх хэрэггүй. Заавал найзаа болгоно гэж бүү хүчлээрэй. Тухайн хүний зөвшөөрөх хэмжээнд нөхөрсөг байвал цаашдаа илүү дотно нөхөд болох үүд хаалга нээх боломжтой.
«Чамд Миний таалал оршдог»
15. Магтаал, шүүмжлэл хүнд яаж нөлөөлдөг вэ?
15 Есүс баптисм хүртэхдээ тэнгэрээс: «Чамд Миний таалал оршдог» гэх дуу гарахыг сонсоод хэчнээн их баярласан бол оо! (Марк 1:11). Энэ үгийг сонсоод Эцэг нь өөрт нь хайртай гэдэгт илүү баттай итгэдэг болсон байх учиртай (Иохан 5:20). Харамсалтай нь, зарим хүн хайрлаж, хүндэтгэж явдаг хүмүүсээсээ тийм магтаал хэзээ ч сонсдоггүй. Энн гэдэг Гэрч охин: «Гэр дотроо ганцаараа Еховаг шүтдэг над шиг залуус олон байдаг. Бид гэртээ дандаа л шүүмжлүүлдэг. Ингэхлээр сэтгэл их гонсойдог» гэж хэлжээ. Гэхдээ залуус Гэрч болоод, итгэлийн гэр бүл буюу сүнслэг аав ээж, ах эгч нарынхаа хайр халамж, тусламж дэмжлэгийг мэдэрдэг (Марк 10:29, 30; Галат 6:10).
16. Шүүмжлэл ямар учраас тус болдоггүй вэ?
16 Зарим соёлын нөлөөнөөс болж, эцэг эх, ахмад хүмүүс, багш нар хүүхэд залуусыг ил магтдаггүй нь тэднийг биеэ тоож, их зантай болчих вий гэж боддогтой холбоотой аж. Ийм хандлага христиан гэр бүл, цаашилбал, хуралд ч нөлөөлж болох юм. Үг хэлэх юм уу хуралд ямар нэг ажил хийснийх нь төлөө ахмад хүн: «Гайгүй шүү. Гэхдээ илүү сайн хийгээрэй!» гэж залуучуудад хэлэх нь байдаг. Эсвэл өөр ямар нэг байдлаар дурамжхан байгаагаа ч илэрхийлж болох юм. Ингэх нь залуу хүнийг биеэ бүрэн дайчлахад нь тусална гэж боддог. Гэтэл үүнээс болж шантрах юм уу өөрийгөө чамлаж болох учир энэ нь ихэнхдээ сөрөг нөлөөтэй байдаг.
17. Хүмүүсийг магтах боломж хайх ёстойн учир юу вэ?
17 Гэхдээ зөвлөгөө өгөхийнхөө өмнө л магтаал урсгадаг байх ёсгүй. Чин сэтгэлийн магтаал гэр бүл болон хурлын гишүүдийн бие биеэ халуунаар хайрлах сэтгэлийг лавшруулж, залууст туршлагатай ах эгч нараасаа зөвлөгөө авах хүсэл төрүүлдэг. Тиймээс хүмүүстэй харьцахдаа нутгийн соёлд л захирагдах биш, «зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөж», Еховаг дуурайн тэднийг магтацгаая (Ефес 4:24).
18. а) Залуус аа, ахмад хүмүүсийн зөвлөгөөг яаж хүлээн авах нь зүйтэй вэ? б) Насаар ах хүмүүс зөвлөгөө өгөхөөсөө урьдаар нухацтай бодож, залбирдгийн учир юу вэ?
18 Нөгөө талаас, өөрөөс тань ахмад хүн зөвлөгөө өгч, засаж залруулбал дургүй нь хүрчээ гэж яаран дүгнэх хэрэггүй шүү, залуус аа (Номлогчийн үгс 7:9). Тэд та нарт санаа тавьж, хайртайдаа ингэсэн байж болох учир харин ч дуртайяа хүлээж аваарай! Хайргүй бол, тэр тухай та нартай ярилцах гэж төвөг удах байсан гэж үү? Үг хэчнээн хүчтэй байдгийг насаар ах хүмүүс, ялангуяа, хурлын ахлагчид мэддэг учир зөвлөгөө өгөхөөсөө урьдаар хэлэх үгийнхээ тухай нухацтай бодож, залбирч олон цаг зарцуулдаг. Тэд та нарт сайн сайхныг л хүсдэгтээ тэгдэг юм шүү (1 Петр 5:5).
Ехова «энэрлээр дүүрэн»
19. Урам хугарсан хүмүүс Еховагийн тусламж дэмжлэгт найдаж болохын учир юу вэ?
19 Зарим хүн бусдыг халуунаар хайрлаад эвгүй байдалд орж, хаширсан байж болох юм. Тиймээс дахиж хэн нэгэнд сэтгэлээ нээхийн тулд эр зориг, бат итгэл хэрэгтэй болдог. Гэхдээ Ехова «бид бүхний хэнээс нь ч холгүй» байдгийг хэзээ ч бүү мартаарай. Тэрбээр биднийг өөрт нь ойртохыг уриалдаг (Үйлс 17:27; Иаков 4:8). Түүнээс гадна, биднийг дахиж шаналахаасаа айж байгааг ойлгож, тусалж дэмжихээ амласан байдаг. Дуулалч Давид: «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг [«сэтгэлийн дарамттай хүмүүсийг», ШЕ] авардаг» гэж батлан хэлжээ (Дуулал 34:18).
20, 21. а) Еховатай дотно харьцаатай болж болдгийг бид хаанаас мэддэг вэ? б) Бурхантай нөхөрлөхөд юу шаардлагатай вэ?
20 Еховатай дотно нөхөрлөх нь хүмүүс бидний хөгжүүлж болох хамгийн чухал харьцаа юм. Гэхдээ ийм харьцаатай байж үнэхээр болдог гэж үү? Бололгүй яах вэ! Үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүс тэнгэрийн Эцэгтэйгээ хэчнээн дотно харьцаатай байсныг Библид тэмдэглэсэн байдаг. Тэдний чин сэтгэлийн үгийг Библиэс уншихлаар бид ч бас Еховад ойртож чадна гэсэн итгэл төрдөг (23, 34, 139-р дуулал; Иохан 16:27; Ром 15:4).
21 Өөртэй нь нөхөрлөх хүсэлтэй хүмүүст Еховагийн тавьдаг шаардлагыг хүн бүхэн биелүүлж чадна. Давид: «ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?» гэж асуугаад: «Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн» хэмээжээ (Дуулал 15:1, 2). Бурханд үйлчлэхдээ бид сайн үр жимс хүртэхийн зэрэгцээ Бурхнаар удирдуулж, хамгаалуулж, Еховаг «энэрлээр дүүрэн» гэдгийг ойлгодог (Иаков 5:11).
22. Ехова Гэрчүүдээ өөр хоорондоо ямар харьцаатай байгаасай гэж хүсдэг вэ?
22 Ехова төгс бус хүмүүстэй хувийн харьцаатай байхыг хүсдэг нь бидний хувьд үнэхээр агуу завшаан буюу! Тэгвэл бид бие биетэйгээ дотно харьцахгүй байж болно гэж үү? Еховагийн тусламжтайгаар бид дор бүрнээ христиан ахан дүүгийн барилдлагын үндсэн шинж болсон халуун хайраар бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулж чадна. Бурхны Хаанчлал захирах цагт дэлхий дээрх хүн бүр нэг нэгнээ үүрд халуунаар хайрлана.
Та тайлбарлаж чадах уу?
• Христиан хурлын уур амьсгал ямар байх ёстой вэ?
• Хурлын хүн бүр халуун хайрыг хэрхэн хөгжүүлж болох вэ?
• Чин сэтгэлийн магтаал христиан хайрыг хэрхэн хөгжөөдөг вэ?
• «Энэрлээр дүүрэн» Ехова биднийг яаж дэмждэг вэ?
[Догол мөрийн асуулт]