Skip to content

Гарчиг руу орох

Өнөөдөр хэн Бурхныг алдаршуулж байна вэ?

Өнөөдөр хэн Бурхныг алдаршуулж байна вэ?

Өнөөдөр хэн Бурхныг алдаршуулж байна вэ?

«Бидний Эзэн [«Ехова», ШЕ] ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой» (ИЛЧЛЭЛТ 4:11).

1, 2. а) «Биомиметик» гэдэг инженерчлэлийн салбарыг ямар ямар жишээнээс ойлгож болох вэ? б) Ямар асуулт урган гардаг вэ? Энэ асуултын хариу юу вэ?

 МЯНГА есөн зуун дөчөөд онд Швейцарийн инженер Жорж де Местралд ийм явдал тохиолджээ. Тэрбээр нохойгоо салхилуулчихаад гэртээ ирээд хартал хувцас болон нохойных нь үсэнд зангуу наалдсан байв. Сониуч зан нь хөдөлж, томруулдаг шилээр харвал, гогцоотой л бол юутай ч орооцолдчихдог олон жижиг дэгээтэй байсан нь сонирхлыг нь ихэд татжээ. Хожим нь, тэрбээр «наадаг товч» гэж бидний нэрлэж заншсан нийлэг материалыг зохион бүтээсэн. Биологийн биетийн бүтцийг дуурайлган, шинэ бүтээл зохиосон хүн бол ганц Местрал биш билээ. АНУ-д ах дүү Райт том шувуу яаж нисдгийг судлаад онгоц зохион бүтээжээ. Францын инженер Александр Гюстав Эйфель хүний дунд чөмөгний яс биеийн жинг хэрхэн даадгийг судалсны үндсэн дээр Парис хотноо босгосон цамхгийн зураг төслийг зохиосон нь хожим түүний нэрээр нэрлэгдэх болсон.

2 Эдгээр жишээ биологийн биетийн бүтцийг дуурайлган, шинэ бүтээл гаргах зорилготой «биомиметик» гэдэг инженерчлэлийн ухааны нэгэн салбарыг тодорхой харуулдаг. * Гэхдээ энэ бүхнээс: «Зохион бүтээгчид бүтээлийнх нь үндэс болсон зангуу, шувуу, дунд чөмөг зэргийг бүтээж, бусад олон гайхамшигтай бүтээлийн санааг анхлан сэдсэн Бүтээгчийг тэр болгон алдаршуулдаг бил үү?» гэсэн асуулт зүй ёсоор урган гардаг. Өнөөгийн нийгэмд хүмүүс Бурхныг зохих ёсоор алдаршуулах нь ховор болсон нь гашуун үнэн.

3, 4. «Алдар» гэж орчуулсан еврей үг ямар утгатай вэ? Еховагийн тухайд юуг нь хэлдэг вэ?

3 «Бурхныг яагаад алдаршуулах ёстой юм бэ? Бурхан угаасаа алдартай биз дээ?» гэж зарим хүн гайхаж магадгүй. Ехова бол орчлонт ертөнцөд хамгийн алдартай Бодгаль мөн нь үнэн хэдий ч бүх хүн тэгж үздэггүй. Библид бичсэн «алдар» гэдэг еврей үг «хүнд» гэсэн үндсэн утгатай. Энэ үгийг хүнд хэрэглэвэл, бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлэх юм уу нөлөө бүхий гэж санагдуулах тэр зүйлд нь хамаатай. Харин Бурхны тухайд, хүнийг бишрүүлдэг зүйлийг нь хэлдэг.

4 Бурхныг биширч, үүнийхээ шалтгааныг мэддэг хүн өнөөдөр цөөхөн байдаг (Дуулал 10:4; 14:1). Үнэндээ, нэр алдартай хүмүүс өөрсдөө Бурханд итгэдэг ч бай, үгүй ч бай, орчлонт ертөнцийг Бүтээгчийг үл хүндэтгэхэд нь бусдад ихээхэн нөлөөлдөг. Яаж?

«Шалтаг байхгүй»

5. Гайхамшигтай бүтээлүүдийг олон эрдэмтэн хэрхэн мушгин тайлбарладаг вэ?

5 Бурхан байхгүй гэж олон эрдэмтэн зүтгэдэг. Тэгвэл тэд гайхамшигтай бүтээлүүд, тэр дундаа, хүний оршин байгааг юу гэж тайлбарладаг вэ? Удамшил хувьслын үр дүнд буюу санамсаргүй тохиолдлоор бий болсон гэдэг. Жишээ нь, удамшил хувьслын онолч Стивен Жей Гүлд: «Бусдаасаа өөр, хэсэг загас өвөрмөц сэрвээтэй байсан нь... хуурай газрын амьтны хөл болж хувирснаар хүн үүссэн. Бид „илүү дээр“ хариуг хүсэн хүлээж болох юм. Гэвч, тийм юм байхгүй» гэжээ. Мөн эрдэмтэн Ричард Лики, Рожер Луин хоёр: «Хүн үүссэн нь биологийн аймшигтай том алдаанаас л болсон хэрэг» хэмээн дээрхтэй адил санаа илэрхийлжээ. Тэр байтугай, биологийн биетийн бүтэц, гоё сайхныг гайхан шагшдаг зарим эрдэмтэн Бурхныг алдаршуулж мэддэггүй.

6. Бурхныг Бүтээгчийнх нь хувьд зохих ёсоор алдаршуулахад нь олон хүнд юу саад болдог вэ?

6 Удамшил хувьслын онолыг батлах баримт бий гэж ухаантан мэргэд мэдэгддэг. Тэд үүгээрээ харанхуй хүмүүс л үүнд итгэдэггүй гэж битүүхэн хэлээд байгаа хэрэг. Энэ нь олон нийтэд яаж нөлөөлдөг вэ? Удамшил хувьслын онолыг сайн мэддэг нэг хүн хэдэн жилийн өмнө уг онолыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн дунд судалгаа явуулжээ. Тэрбээр: «Оюун ухаант хүмүүс бүгдээрээ удамшил хувьслын онолд итгэдэг гэж заалгасан учраас л ихэнх хүн энэ онолд итгэдгийг би ойлгосон» гэж хэлжээ. Тийм ээ, Бурханд итгэдэггүй хэмээн эрдэмтдийн хэлсэн нь хүмүүст нөлөөлж, тэд Бурхныг Бүтээгчийнх нь хувьд зохих ёсоор алдаршуулахаа больдог (Сургаалт үгс 14:15, 18).

7. Ром 1:20-д тэмдэглэснээр, үзэгдэх бүтээлээс юуг тодорхой харж болох вэ? Тайлбарлана уу.

7 Удамшил хувьслын онолыг хөдөлгөөнгүй батлах баримт байдаг учраас эрдэмтэд тийм дүгнэлтэд хүрсэн үү? Огтхон ч тийм биш! Харин ч Бүтээгч байдгийн баталгаа бидний эргэн тойронд байна шүү дээ. Элч Паул Бүтээгчийн тухай: «Ертөнц [хүн төрөлхтөн] бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд [Бурханд үл итгэгчдэд] шалтаг байхгүй» хэмээн бичжээ (Ром 1:20). Хийж бүтээсэн зүйл нь Бүтээгч байдгийг бидэнд баталдаг. Тиймээс, хүн төрөлхтөн бий болсон цагаасаа л Бурхан байдгийн баталгааг үзэгдэх бүтээлээс нь «ойлгох» боломжтой байсныг Паул хэлжээ. Тэгвэл тэр баталгаа нь хаана байна вэ?

8. а) Бурхны хүч, мэргэн ухааныг «тэнгэр» хэрхэн гэрчилдэг вэ? б) Орчлонт ертөнц үүсэх Анхдагч Шалтгаан байсан гэдгийг юу харуулдаг вэ?

8 Бурхан байдгийн баталгааг одот тэнгэрээс харж болно. Дуулал 19:1-д: «Тэнгэр нь Бурхны сүр жавхланг зарлаж... байна» хэмээдэг. «Тэнгэр» буюу нар, сар, од Бурхны хүч, мэргэн ухааныг гэрчилдэг. Түг түмэн одыг харахад бишрэх сэтгэл төрдөг. Тэнгэрийн бүх эрхэс сансар огторгуйн уудамд орчиж байдаг ч зорилгогүй хэрэн хэсүүчилдэг бус, нарийн тогтоосон физикийн хуулийн дагуу хөдөлж байдаг * (Исаиа 40:26). Энэ бүхэн санамсаргүй тохиолдлоор ийм эмх цэгцтэй болсон гэж дүгнэх нь ухаалаг гэж үү? Орчлонт ертөнц гэнэт үүссэн хэмээн олон эрдэмтэн үздэг нь хачирхалтай. Нэг профессор энэ үзлийг тайлбарлан: «Орчлонт ертөнц үүрд оршин байсан гэх нь атеист болон агностик [үзэлтэй] тун ойрхон. Үүнтэй адилаар, орчлонт ертөнц үүссэн гэх нь анхдагч шалтгааныг шаарддаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл, тодорхой шалтгаангүйгээр ийм үр дүн гарсан гэж хэн бодох юм бэ?» гэж бичжээ.

9. Еховагийн мэргэн ухаан амьд бүтээлээр хэрхэн илэрдэг вэ?

9 Бурхан байдгийн баталгаа газар дэлхий дээр ч бий. Дуулалч: «Өө, ЭЗЭН, Таны үйлс хэчнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэр бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар [«бүтээлээр», ШЕ] дүүрэн юм» хэмээн дуу алджээ (Дуулал 104:24). Еховагийн «бүтээл», тэр дундаа, амьтад мэргэн ухааныг нь илчилдэг. Эрдэмтэд аливаа зүйлийг зохион бүтээхдээ, гол төлөв, биологийн биетийг дуурайлгадаг нь тэдгээрийг тун чадварлаг хийсэн байдагтай холбоотой болохыг өгүүллийн эхэнд тэмдэглэсэн билээ. Үүн дээр нэмж цөөн хэдэн жишээ дурдъя. Эдүгээ эрдэмтэд бат бөх дуулга хийх зорилгоор бугын эврийг; сонсголын аппаратыг боловсронгуй болгохын тулд сонсох чадвар сайтай нэг зүйлийн ялааг; локаторт илэрдэггүй онгоц бүтээхийн тулд ууль шувууны далавчны өдийг судалж байна. Гэхдээ хүн яаж ч хичээсэн, байгаль дээрх төгс хийцийг яг тэр чигээр нь дуурайж чадахгүй. Нэгэн номд: «Байгаль эх малтмал түлшийг шавхалгүй, орчныг бохирдуулалгүй, ирээдүйгээр дэнчин тавилгүйгээр бидний хүссэн бүхнийг хийжээ» гэж бичжээ. Юутай мэргэн ухаан бэ! («Biomimicry−Innovation Inspired by Nature»).

10. Агуу Бүтээгч байдгийг үгүйсгэх нь яагаад ухаалаг бус вэ? Үүнийг юутай зүйрлэж болох вэ?

10 Тэнгэр өөд харсан ч, газар дээрх бүтээлийг ажигласан ч, Бүтээгч байдгийн баталгаа яах аргагүй илэрхий байна (Иеремиа 10:12). «Бидний Эзэн [«Ехова», ШЕ] ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмыг бүтээсэн билээ» хэмээн хашхирдаг тэнгэрийн бүтээлүүдтэй бид чин сэтгэлээсээ нэгдэх ёстой (Илчлэлт 4:11). Гэхдээ олон эрдэмтэн харж байгаа зүйлийнхээ бүтцийг шагшин гайхдаг атлаа үүнийг Бүтээгч байдгийн баталгааг «зүрхнийхээ мэлмийгээр» харж чаддаггүй (Ефес 1:18). Үүнийг дараах жишээгээр тайлбарлая. Сайхан зураг үзээд гайхаж бишрэх хэдий ч хоосон цаасыг урлагийн бүтээл болгон хувиргасан зураачийг байхгүй гэж үгүйсгэх нь утгагүй шиг, биологийн биетийн бүтэц, гоё сайхныг гайхан бишрэвч тэдгээрийн Агуу Бүтээгчийг үгүйсгэх нь ухаалаг бус хэрэг болно шүү дээ. Тиймээс Бурханд итгэхээс татгалздаг хүмүүст «шалтаг байхгүй» гэж хэлсэнд гайхах хэрэггүй!

«Сохрууд» олныг төөрүүлдэг

11, 12. Хувь заяаны тухай сургаал ямар үзэлд үндэслэдэг вэ? Энэ сургаал Бурхныг гутаадаг гэдгийг юу харуулдаг вэ?

11 Сүсэг бишрэлтэй олон хүн шашин шүтэж Бурхныг алдаршуулдаг гэж үнэнээсээ боддог (Ром 10:2, 3). Гэтэл, шашин бүхэлдээ Бурхныг алдаршуулахад нь олон сая хүнд саад болдог нийгмийн нэг элемент юм. Яаж? Хоёр шалтгааныг авч үзье.

12 Нэгдүгээрт, энэ ертөнцийн шашин хуурамч сургаалаар Бурхныг гутаадаг. Хувь заяаны тухай сургаалыг жишээ болгон ярилцъя. Энэ сургаал нь Бурхан ирээдүйг мэдэх чадвартай тул бүх юмны үр дүнг урьдаас мэдэх ёстой гэсэн үзэлд үндэслэдэг. Тэгэхлээр, Бурхан хүн бүрийн ирээдүйг сайн ч бай, муу ч бай урьдаас зурчихсан байдаг гэсэн үг болох нь. Ингэж ойлговол өнөөгийн бүх зовлон зүдүүр, ёс бус явдлын хариуцлагыг Бурхан хүлээх ёстой болж байна. Уг нь энэ хариуцлагыг «ертөнцийн захирагч» гэж Библид нэрлэдэг, Бурхны гол Дайсан Сатан зүй ёсоор хүлээх байтал Бурхныг буруутгах нь алдаршуулж байгаа хэрэг яавч биш ээ! (Иохан 14:30; 1 Иохан 5:19).

13. Бурхан ирээдүйг мэдэх чадвараа хянаж чаддаггүй гэж үзэх нь яагаад ухаалаг биш вэ? Жишээгээр тайлбарлана уу.

13 Хувь заяаны тухай сургаал нь Библид үндэслэдэггүй бөгөөд Бурхныг гүтгэн гүжирддэг. Үүнд итгэдэг хүмүүс Бурхны юу хийж чадахыг яг юу хийдэгтэй нь хутгаж ойлгодог. Бурхан аливааг урьдаас мэдэх чадвартай гэж Библид тодорхой тэмдэглэсэн байдаг нь үнэн (Исаиа 46:9, 10). Гэхдээ Бурхан ирээдүйг мэдэх чадвараа хянаж чаддаггүй гэх юм уу бүх юмны хариуцлагыг хүлээнэ гэж үзэх нь ухаалаг биш. Жишээ нь, таныг их бяртай хүн гэж бодъё. Тэгвэл та нүдэндээ өртсөн хүнд юм болгоныг өргөж тавиад байх уу? Яалаа гэж дээ! Үүнтэй адилаар, Бурхан ирээдүйг мэдэх чадвартаа дулдуйдан, бүх юмыг урьдаас мэдээд, тогтоогоод байдаггүй. Тэрбээр энэ чадвараа бодолтой, хянуур ашигладаг. * Хуурамч сургаал, тэр дундаа, хувь заяаны тухай сургаал Бурхныг алдаршуулдаггүй нь тодорхой байна.

14. Энэ ертөнцийн шашин шүтдэг хүмүүс Бурхныг хэрхэн гутаадаг вэ?

14 Хоёдугаарт, энэ ертөнцийн шашин шүтдэг хүмүүс биеэ авч явах байдлаараа Бурхныг гутаадаг. Христианууд Есүсийн сургаалыг дагах учиртай. Тэрбээр дагалдагчдадаа «бие биеэ хайрлаж», «ертөнцийнх биш» байх гэх зэргийг зааж сургасан (Иохан 15:12; 17:14–16). Тэгвэл христ шашны ертөнцийн лам хуврагуудын тухай юу хэлж болох вэ? Тэд дээрх сургаалыг үнэхээр баримталдаг уу?

15. а) Лам хуврагууд дайнд хэрхэн ханддаг вэ? б) Лам хуврагуудын биеэ авч явах байдал олон хүнд яаж нөлөөлсөн бэ?

15 Дайн дажны асуудалд лам хуврагууд хэрхэн ханддагийг авч үзье. Тэд дайныг дэмжиж, зөвтгөөд зогсохгүй энэ асуудалд тэргүүн эгнээнд явах нь олонтаа. Цэргүүдийг адисалж, хүний амь хөнөөхийг нь өөгшүүлдэг. «Тэр лам нар адилхан итгэл үнэмшилтэй эсрэг талынхнаа бас ингэж байгаа даа гэж бодож байсан болов уу?» хэмээн гайхах сэтгэл аяндаа төрдөг («Бурхан хэний талд вэ?» хавсралтыг үзнэ үү). Тэд цус урсгасан дайндаа Бурхны дэмжлэгийг авдаг гэх юм уу Библийн хэм хэмжээг хоцрогдсон гэж мэдэгдэн, садар самууны ямар нэг хэлбэрийг хуруун завсраараа харж өнгөрөөн, Бурхныг гутаадаг. Тэд Есүсийн «ёс бусыг үйлдэгч», «сохрууд» гэж нэрлэсэн шашны удирдагчдыг эрхгүй санагдуулдаг! (Матай 7:15–23; 15:14). Лам хуврагууд биеэ ингэж авч явдгаас болж олон сая хүний Бурхныг хайрлах хайр хөрчээ (Матай 24:12).

Хэн Бурхныг үнэхээр алдаршуулж байна вэ?

16. Хэн Бурхныг үнэхээр алдаршуулж байна вэ гэдэгт хариулахын тулд Библийг сөхөх шаардлагатайн учир юу вэ?

16 Өнөөгийн нийгэмд нэр хүнд, нөлөө бүхий хүмүүс нийтээрээ Бурхныг алдаршуулдаггүй юм бол хэн алдаршуулж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд Библийг сөхөх шаардлагатай. Өөрийг нь хэрхэн алдаршуулах ёстойг Бурхан өөрөө шийдэх зүй ёсны эрхтэй. Тиймээс ч өөрийн Үг буюу Библид тэр хэм хэмжээг тогтоожээ (Исаиа 42:8). Бурхныг алдаршуулах гурван аргыг авч үзээд, хэн өнөөдөр Бурхныг үнэхээр алдаршуулж байна вэ гэдэгт арга тус бүрээр нь хариулъя.

17. Нэрээ алдаршуулах нь хүсэл тааллынх нь амин чухал хэсэг гэдгийг Ехова өөрөө хэрхэн харуулсан бэ? Хэн Бурхны нэрийг дэлхий даяар өргөмжилж байна вэ?

17 Нэгдүгээрт, Бурхныг алдаршуулахын тулд нэрийг нь өргөмжлөх хэрэгтэй. Энэ нь Бурхны хүсэл тааллын амин чухал хэсэг гэдэг нь Есүст хэлсэн үгнээс нь илэрхий харагддаг. Есүс үхэхээсээ хэдэн өдрийн өмнө: «Аав аа, нэрээ алдаршуулаач» гэж залбирхад, тэнгэрээс: «Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна» гэсэн дуу гарсан (Иохан 12:28). Тэнгэрээс ярьсан нэгэн бол Ехова байсан нь гарцаагүй. Нэрээ алдаршуулах нь түүний хувьд чухал гэдэг нь дээрх үгнээс тодорхой харагдаж байна. Тэгвэл хэн өнөөдөр дэлхий даяар Еховагийн нэрийг олонд мэдүүлэн, өргөмжилж, Бурхныг алдаршуулж байна вэ? Еховагийн Гэрчүүд. Тэд энэ ажлаа 235 оронд хийж байна! (Дуулал 86:11, 12).

18. Бурхныг «үнэнээр» шүтдэг хүмүүсийг яаж таних вэ? Зуу гаруй жилийн хугацаанд Библийн үнэнийг заах ажлыг ямар бүлэг хүн хийж байна вэ?

18 Хоёрдугаарт, Бурхны тухай үнэнийг заах нь түүнийг алдаршуулах явдал юм. Еховаг жинхэнэ ёсоор шүтдэг хүмүүс «үнэнээр» шүтнэ гэж Есүс хэлсэн (Иохан 4:24). Тийм хүмүүсийг яаж таних вэ? Тэд Бурхан болон Бурхны хүсэл тааллын тухай буруу тайлбарладаг, Библийн үндэслэлгүй сургаалаас татгалзах ёстой. Харин ч Бурхны Үгийн үнэнийг заах учиртай. Үүнд: Ехова бол хамгийн дээд Бурхан бөгөөд тийм эрх мэдэлтэй ганц Бодгаль мөнийнх нь хувьд түүнийг алдаршуулах нь зохистой (Дуулал 83:18); Есүс бол Еховагийн Хүү бөгөөд Бурхны Мессиагийн Хаанчлалын томилогдсон Тэргүүн мөн (1 Коринт 15:27, 28); Бурхны Хаанчлал Еховагийн нэрийг ариусгаж, дэлхий болоод хүн төрөлхтний талаарх санаа зорилгыг нь биелүүлнэ (Матай 6:9, 10); энэхүү Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий дахинд дэлгэрүүлэх ёстой гэх зэрэг сургаал орно (Матай 24:14). Зуу гаруй жилийн хугацаанд эдгээр эрхэм үнэнийг ганцхан бүлэг хүн зааж байгаа нь Еховагийн Гэрчүүд билээ!

19, 20. а) Христиан хүн биеэ зөв авч яван Бурхныг алдаршуулдгийн учир юу вэ? б) Өнөөдөр биеэ зөв авч яван Бурхныг алдаршуулж байгаа хүмүүсийг танихад ямар ямар асуулт туслах вэ?

19 Гуравдугаарт, тогтоосон хэм хэмжээнийх нь дагуу амьдарвал Бурхныг алдаршуулна. Элч Петр: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурхныг алдаршуулах болно» гэж бичжээ (1 Петр 2:12). Христиан хүний итгэл үнэмшил биеэ авч явах байдлаар нь илэрдэг. Хүмүүст үүнийг харуулж чадвал, өөрөөр хэлбэл, христиан хүн биеэ зөв авч явдаг нь итгэл үнэмшилтэй нь шууд холбоотой гэдгийг ойлгуулбал бид Бурхнаа алдаршуулдаг.

20 Өнөөдөр хэн биеэ зөв авч яван Бурхныг алдаршуулж байна вэ? Олон орны төр засаг шашны ямар байгууллагын гишүүдийг энх тайванч, татвараа шударга төлдөг, хуулиа сахидаг иргэд гэж магтдаг вэ? (Ром 13:1, 3, 6, 7). Ямар хүмүүс итгэл нэгтнүүдээ арьс өнгө, яс үндэс, угсаа гарлаар нь ялгаварлахгүй, эв нэгдэлтэй байдгаараа олонд нэртэй вэ? (Дуулал 133:1; Үйлс 10:34, 35). Библийн боловсрол олгох ажил явуулж, хууль дүрэм, гэр бүл, Библид тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэх сэтгэлийг нийгэмд төлөвшүүлдэг ямар хүмүүсийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг вэ? Эдгээр болон бусад асуудлаар биеэ үлгэр жишээ авч явдаг ганцхан бүлэг хүн байдаг нь дээрх асуултын хариуг төвөггүй хэлж өгдөг. Тэд бол Еховагийн Гэрчүүд юм!

Та Бурхныг алдаршуулж байна уу?

21. Дор бүрнээ Бурхныг алдаршуулж байгаа эсэхээ шалгах ёстойн учир юу вэ?

21 Хүн бүр өөрөөсөө: «Би Бурхныг алдаршуулж байна уу?» гэж асуух нь зүйтэй. 148-р дууллын дагуу тэнгэр элчүүд, тэнгэр, газар, амьтад гээд бараг бүх бүтээл Бурхныг алдаршуулдаг (1–10-р зүйл). Харин ихэнх хүн тэдгээрээс ялгаатай байдаг нь юутай харамсалтай вэ! Амьдралынхаа хэв маягаар Бурхныг алдаршуулснаар Еховаг магтдаг бүтээлүүдтэй нэгдэж байна гэсэн үг (11–13-р зүйл). Ингэж амьдрахаас илүү зөв зам байхгүй.

22. Еховаг алдаршуулах нь ямар ач тустай вэ? Юунд эргэлт буцалтгүй шийдвэр гаргах ёстой вэ?

22 Еховаг алдаршуулах нь олон талын ач тустай. Христийн золих тахилд итгэснээр Бурхантай эвлэрч, тэнгэрийн Эцэгтэйгээ амар тайван харьцаатай болж, ивээл хүртэнэ (Ром 5:10). Түүнчлэн, Бурхныг алдаршуулах боломжийг хайхын хэрээр өөдрөг, талархуу сэтгэлтэй болно (Иеремиа 31:12). Тэгсэн цагт та бусдыг сэтгэл хангалуун, утга учиртай амьдрахад нь тусалж, өөрөө ч бас жаргалтай байх болно (Үйлс 20:35). Бурхныг эдүгээ хийгээд үүрд мөнх алдаршуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн хүмүүсийн дунд та ч байх болтугай!

[Зүүлт]

^ «Биомиметик» гэдэг үг нь грек хэлээр «амь» гэсэн утгатай бийос, «дуурайх» гэсэн утгатай миймесис гэдэг үгнээс үүсжээ.

^ Бурхны хүч, мэргэн ухааныг тэнгэр хэрхэн тусгадаг тухай дэлгэрэнгүй тайлбарыг Еховагийн Гэрчүүдийн, олон хэлээр гаргасан, «Еховад ойртогтун» номын 5, 17-р бүлгээс үзнэ үү.

^ Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн І ботийн 853-р хуудсыг үзнэ үү (англи).

Та санаж байна уу?

• Зарим эрдэмтэн хүмүүст Бурхныг алдаршуулахад нь туслаагүй гэж яагаад хэлж болох вэ?

• Энэ ертөнцийн шашин Бурхныг алдаршуулахад нь хүмүүст саад болсон хоёр шалтгаан юу вэ?

• Бид Бурхныг ямар ямар аргаар алдаршуулж болох вэ?

• Бурхныг алдаршуулж байгаа эсэхээ хүн бүр шалгах ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[12-р хуудасны хавсралт]

«Бурхан хэний талд вэ?»

Дэлхийн ІІ дайны үед Германы Агаарын хүчинд алба хаагаад хожим нь Еховагийн Гэрч болсон нэгэн хүн:

«Дайны үед... католик, лютеран, епископал гээд бараг бүх шашны лам хуврагууд бөмбөгдөгч онгоцны нисэгчдийг онгоцтой нь хамт адислахыг хараад сэтгэл минь түгшдэг байлаа. „Бурхан хэний талд вэ?“ гэж би олон удаа бодож байсан.

Герман цэргүүдийн бүсний арал дээр „Бурхан бидэнтэй хамт“ („Gott mit uns“) гэсэн сийлбэр байдаг байв. Гэхдээ би: „Бидэнтэй л адил шашин шүтдэг, адилхан л Бурханд залбирч байгаа цэргүүдтэй Бурхан яагаад хамт байхгүй гэж?“ хэмээн гайхдаг байж билээ» гэж дурсжээ.