Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн үйлчлэгчид жаргалтай

Еховагийн үйлчлэгчид жаргалтай

Еховагийн үйлчлэгчид жаргалтай

«Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай» (МАТАЙ 5:3, ШЕ).

1. Жинхэнэ жаргал гэж юу вэ? Ямар хүн жаргалтай вэ?

 ДУУЛАЛЧ Давид: «Еховаг Бурхнаа болгодог ард түмэн жаргалтай!» хэмээн дуу алджээ (Дуулал 144:15, ШЕ). Тийм ээ, Еховагийн ард түмэн аз жаргалаа өндөр үнэлдэг юм. Хүн баяр хөөртэй, сайн сайхан байгаагаа мэдрэхлээрээ жаргалтай байдаг. Зүрх сэтгэлийн маань гүнээс гүнд хүрдэг хамгийн дээд жаргал бол Ехова биднийг ивээдэг гэдгийг ойлгох явдал юм (Сургаалт үгс 10:22). Тэнгэрийн Эцэг Еховатайгаа дотно харьцаа тогтоож, хүсэл тааллыг нь биелүүлж байгаагаа мэддэг хүн тийн жаргадаг (Дуулал 112:1; 119:1, 2). Бид яавал жаргалтай байж болохыг Есүс есөн зүйлээр сонирхолтой тайлбарлажээ. Эдгээрийг энэ болон дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй авч үзээд, хэрэв бид «жаргалтай Бурхан» Еховад үнэнч үйлчилбэл ямар их жаргал эдлэхийг мэдэж авцгаая (1 Тимот 1:11, ШЕ).

Сүнслэг хэрэгцээгээ мэдрэх нь

2. Есүс жаргалын тухай сургаалаа хэзээ, хаана айлдсан бэ? Сургаалынхаа эхэнд юу гэж хэлсэн бэ?

2 МЭ 31 онд Есүс нэгэн сургаал айлдсан нь түүхэнд хамгийн их алдаршсан билээ. Тэрбээр энэ сургаалаа Галилын тэнгисийн харалдаа уулын бэлд хэлсэн учир «Ууланд айлдсан номлол» гэж нэрлэдэг. Матайн бичсэн Евангелид: «Есүс олон түмнийг хараад, уул өөд гарав. Түүнийг суусны дараа шавь нар нь Түүн дээр ирлээ. Тэр амаа нээн, тэдэнд сургаж эхлэв. „Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм“ [гэв]» хэмээн тэмдэглэжээ. Сургаалынхаа эхэнд хэлсэн үгийг нь эх Библийн грек хэлнээс ийнхүү үгчлэн буулгасан байна. Өөр нэг орчуулгад: «Хэр зэрэг ядуу дорой сүнстэй болохоо мэдсэн [хүн]... аз жаргалыг олно» гэж бичсэн байдаг (МБН, 2000 он). Харин «Шинэ ертөнцийн орчуулга»-д Есүсийн энэ үгийг: «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай» гэж хөрвүүлжээ (Матай 5:1–3). *

3. Жаргалтай байхад даруу зан яаж тусалдаг вэ?

3 Ууланд айлдсан номлолдоо Есүс сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүнийг илүү жаргалтай гэж хэлжээ. Нүгэлтэй гэдгээ бүрэн ойлгодог даруу христианууд Христийн золих тахилын үндсэн дээр Еховагаас уучлал гуйдаг (1 Иохан 1:9). Тиймээс сэтгэл санаа нь амар амгалан болж, жинхэнэ жаргалыг олдог. «Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!» (Дуулал 32:1; 119:165).

4. а) Бид өөрсдийн болон бусдын сүнслэг хэрэгцээг мэдэрдгээ яаж харуулдаг вэ? б) Сүнслэг хэрэгцээгээ мэдрэхийн жаргалыг юу улам нэмдэг вэ?

4 Бид сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг учир өдөр бүр Библи уншиж, «итгэмжит, ухаалаг боолын» «цагт нь» өгдөг сүнслэг хоолыг шингээж, цуглаанд тогтмол очихыг хичээдэг (Матай 24:45; Дуулал 1:1, 2; 119:111; Еврей 10:25). Бусдыг хайрлах хайр маань тэдний сүнслэг хэрэгцээг мэдэрч, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, заах ажилд хичээл зүтгэлтэй оролцохыг шавдуулдаг (Марк 13:10; Ром 1:14–16). Библийн үнэнийг бусадтай хуваалцахдаа бид жаргалтай байдаг (Үйлс 20:20, 35). Хаанчлалын гайхамшигтай найдвараа, Хаанчлал захирах цагт ямар ивээл хүртэхээ эргэцүүлэн бодохлоор бүр ч сайхан санагддаг. Хаанчлалын найдвар гэдэг нь тослогдсон христиануудын «өчүүхэн сүргийн» хувьд Христийн засгийн газрын бүрэлдэхүүнд орж, тэнгэрт үхэшгүй мөнх амьдрах найдвар билээ (Лук 12:32; 1 Коринт 15:50, 54). Харин «өөр хонинуудын» хувьд Хаанчлалын удирдлага дор диваажин дэлхийд мөнх амьдрах явдал юм (Иохан 10:16, МБОХ, 1996 он; Дуулал 37:11; Матай 25:34, 46).

Гашуудагчид жаргалтай байж болох нь

5. а) «Гашуудаж буй хүмүүс» гэж хэнийг хэлдэг вэ? б) Тэд яаж тайвширдаг вэ?

5 Жаргалын тухай Есүсийн хэлсэн дараагийн үг нэг л авцалдаагүй мэт санагдаж болох юм. Тэрбээр: «Гашуудаж буй хүмүүс жаргалтай. Учир нь тэд тайвшрал авах болно» хэмээжээ (Матай 5:4). Гашуудах жаргах хоёр яаж зэрэгцдэг билээ? Үүнийг ойлгохын тулд Есүс ямар гашуудлын тухай хэлснийг авч үзэх хэрэгтэй. Бидний нүгэлт хандлага гашуудах шалтгаан байж болохыг шавь Иаков тайлбарлан: «Нүгэлт хүмүүс, та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс, та нар зүрхээ ариусга. Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. Эзэний [«Еховагийн», ШЕ] оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно» гэж бичжээ (Иаков 4:8–10). Нүгэлтэйгээсээ болж үнэн голоосоо гашууддаг хүмүүс Христийн золих тахилд итгэж, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэн, чин сэтгэлээсээ гэмшвэл нүгэл нь уучлагдана гэдгийг мэдэхлээрээ тайвширдаг (Иохан 3:16; 2 Коринт 7:9, 10). Тийнхүү Еховатай эрхэм харьцаа тогтоож, түүнийг магтан алдаршуулж, түүнд үйлчлэхийн тулд мөнх амьдрах найдвар өвөрлөдөг. Энэ нь тэдэнд сэтгэлийн жаргал авчирдаг (Ром 4:7, 8).

6. Зарим хүн юунаас болж гашууддаг вэ? Тэднийг юу тайвшруулдаг вэ?

6 Нийгэмд газар авч байгаа жигшүүрт явдлаас болж гашуудаж буй хүмүүст ч мөн Есүсийн үг хамаатай. Есүс, Исаиа 61:1, 2-ын зөгнөлийг өөртөө хамааруулан: «Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, ...бүх гашуудагсдыг тайвшруулахын [тулд илгээсэн]» гэжээ. Одоохондоо дэлхий дээр байгаа тослогдсон христианууд ч бас энэхүү даалгаврыг «өөр хонинууд» буюу хамтран зүтгэгчдийнхээ тусламжтайгаар биелүүлдэг. Тэд бүгдээрээ «[христ шашны ертөнцийг төлөөлдөг тэрслүү Иерусалим] хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн» духан дээр тэмдэг тавих бэлэгдлийн ажилд оролцдог (Езекиел 9:4). Тийн гашуудаж буй хүмүүсийг «Хаанчлалын [тухай] сайн мэдээ» тайвшруулдаг (Матай 24:14). Сатаны эд юмсын энэхүү ёс бус тогтолцоог Еховагийн зөвт шинэ ертөнц удахгүй хална гэдгийг мэдээд тэд баярладаг.

Дөлгөөн хүмүүс жаргалтай

7. «Дөлгөөн зан» гэдэг нь юу гэсэн үг биш вэ?

7 Есүс сургаалаа үргэжлүүлэн: «Дөлгөөн хүмүүс жаргалтай. Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» гэж хэлсэн (Матай 5:5). Дөлгөөн занг хүмүүс сул доройн шинж гэж бодох нь байдаг. Гэхдээ тийм биш ээ. Нэгэн Библи судлаач «дөлгөөн» гэж орчуулсан үгийн утгыг тайлбарлан: «[Дөлгөөн зантай] хүний хамгийн гайхамшигтай шинж бол биеэ дээд зэргээр захирч чаддаг явдал юм. Дөлгөөн байх гэдэг нь сэтгэлийн тэнхээгүй, нунж дорой, бусдын аяыг хардаг байх гэсэн үг биш ээ. Биеэ захирахын хажуугаар сэтгэлийн хаттай байх гэсэн санаа юм» гэж бичжээ. Есүс өөрийнхөө тухай: «Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ» гэж хэлсэн байдаг (Матай 11:29). Гэхдээ тэрбээр Бурхны хуулийг эр зоригтой хамгаалдаг байсан (Матай 21:12, 13; 23:13–33).

8. Дөлгөөн зан юутай нягт холбоотой вэ? Хүмүүстэй харьцахад энэ чанар ямар учраас хэрэг болдог вэ?

8 Тэгэхлээр, дөлгөөн зан биеэ захирахтай нягт холбоотой болж байна. Үнэхээр ч, элч Паул ариун сүнсний үр жимсийг тоочин бичихдээ дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал хоёрыг хамтад нь тэмдэглэжээ (Галат 5:22, 23). Дөлгөөн занг ариун сүнсний тусламжтайгаар хөгжүүлэх учиртай. Энэ бол хурлын гишүүд болон Гэрч биш хүмүүстэй эвтэй байхад тусалдаг христиан чанар юм. Паул: «Өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучил» гэж бичжээ (Колоссай 3:12, 13).

9. а) Дөлгөөн зан хүмүүстэй харьцахад л хэрэгтэй гэж үзэж болохгүйн учир юу вэ? б) Дөлгөөн хүмүүс яаж «дэлхийг өвлөн авах» вэ?

9 Гэхдээ дан ганц хүмүүстэй харьцахад л дөлгөөн зан хэрэг болдог гэж үзэж болохгүй. Еховагийн эрх мэдэлд дуртайяа захирагдах нь дөлгөөн гэдгээ харуулж байгаа хэрэг юм. Есүс Христ дэлхий дээр байхдаа дөлгөөн зангаа харуулж, Эцгийнхээ хүсэл таалалд бүрэн дүүрэн захирагдаж, гайхамшигтай жишээ үзүүлсэн (Иохан 5:19, 30). Ехова Есүсийг Хаанаар томилсон учир хамгийн түрүүнд Есүс дэлхийг өв болгон авна (Дуулал 2:6–8; Даниел 7:13, 14). Тэрбээр энэхүү өвөө «дэлхийг захируулахаар» «хүмүүсийн дундаас» сонгож авсан 144 000 «хамтран залгамжлагчтайгаа» хуваана (Ром 8:17; Илчлэлт 5:9, 10; 14:1, 3, 4, МБОХ, 1996 он; Даниел 7:27). Христ болон хамтран захирагчид нь хонь шиг сая сая хүнийг захирна. Тэр хүмүүс дээр: «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» гэсэн зөгнөлийн утгатай дуулал биеллээ олно (Дуулал 37:11; Матай 25:33, 34, 46).

Зөвт байдлын төлөө өлсдөг хүмүүс жаргалтай

10. «Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс» хангалуун болдог нэг арга юу вэ?

10 Есүс Галилын тэнгисийн харалдаа уулын бэлд сургаж байхдаа: «Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс жаргалтай. Учир нь тэд хангалуун болох болно» хэмээн жаргалын тухай бас нэгэн зүйл хэлсэн (Матай 5:6). Зөвт байдлын хэм хэмжээг Ехова тогтоодог гэж христианууд үздэг. Тиймээс, зөвт байдлын төлөө өлсөж цангадаг хүмүүс, мөн чанартаа, Бурхны удирдлагын төлөө өлсөж, цангадаг. Тэд нүгэлтэй, төгс бус гэдгээ гүнээ ухамсарлаж, Еховагийн өмнө зөвт байр суурь олохыг тэмүүлдэг. Хэрэв нүглээ гэмшиж, Христийн золих тахилын үндсэн дээр уучлал гуйвал Бурхны өмнө зөвт болно гэдгээ Бурхны Үгнээс мэдээд тэд туйлын их баярладаг! (Үйлс 2:38; 10:43; 13:38, 39; Ром 5:19).

11, 12. а) Тослогдсон христианууд зөвт байдалд хэрхэн хүрдэг вэ? б) Тэдний хамтран зүтгэгчид зөвт байдлын төлөөх цангаагаа яаж тайлдаг вэ?

11 Тийм хүмүүс «хангалуун болох» учраас жаргалтай гэж Есүс хэлсэн. Христтэй хамт тэнгэрээс дэлхийг «ноёрхохоор» дуудагдсан тослогдсон христианууд «амийн зөвтгөлд хүрдэг» (Ром 5:1, 9, 16–18). Ехова тэднийг сүнсэн хөвгүүдээ болгон үрчилж, тэд ч Христийн тэнгэрийн Хаанчлалын хаан, тахилчаар дуудагдан, хамтран өв залгамжлагч нь болдог (Иохан 3:3; 1 Петр 2:9).

12 Харин тослогдогсдын хамтран зүтгэгчид буюу «өөр хонинууд» амийн зөвтгөлд хараахан хүрээгүй байгаа. Гэхдээ тэд Христийн асгаруулсан цусанд итгэдгийнхээ үндсэн дээр Еховагийн өмнө тодорхой хэмжээгээр зөвт гэж тооцогддог (Иаков 2:22–25; Илчлэлт 7:9, 10). Ехова «өөр хонинуудыг» анд нөхдөө гэж үзэн, зөвт хэмээн тооцдог. Үүнд үндэслэн тэднийг «үлэмж их зовлонгийн» үеэр аврах юм (Илчлэлт 7:14). «Шинэ тэнгэрийн» дор «зөвт байдал орших шинэ газрын» хэсэг нь болох цагтаа тэд зөвт байдлын төлөөх цангаагаа бүрмөсөн тайлна (2 Петр 3:13; Дуулал 37:29).

Энэрэнгүй хүмүүс жаргалтай

13, 14. Энэрэнгүй гэдгээ бодитоор хэрхэн харуулж болох вэ? Энэ нь бидэнд ямар тустай вэ?

13 Есүс ууланд айлдсан номлолоо үргэлжлүүлэн: «Энэрэнгүй хүмүүс жаргалтай. Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно» гэж хэлсэн (Матай 5:7). Хууль зүйн үүднээс үзвэл, өршөөл гэдэг нь шүүгч гэмт хэрэгтэнд нигүүлсэнгүй хандан, хуульд заасан ялыг бүрэн эдлүүлэхээс татгалзаж буй хэрэг юм. Гэхдээ «өршөөл энэрэл» гэж орчуулсан эх Библийн үг нь ядарсан хүмүүсийг сайхан сэтгэлээр халамжлах эсвэл өрөвдөн туслах гэсэн утга илэрхийлэх нь олонтаа. Тиймээс энэрэнгүй хүмүүс өрөвч гэдгээ ажил үйлсээрээ идэвхтэй харуулдаг. Есүсийн жишээнд гардаг өрөвч сэтгэлтэй самари хүн тусламж хэрэгтэй нэгэнд «энэрэнгүй хандахын» үлгэр болсон (Лук 10:29–37, МБОХ, 1996 он).

14 Энэрэнгүй байхын жаргал үзэхийн тулд гачигдсан хүмүүст сайхан сэтгэлийн үйлс хийх хэрэгтэй (Галат 6:10). Есүс хүмүүсийг өрөвддөг байсан. Библид: «Есүс... тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» гэж байдаг (Марк 6:34). Хүний хамгийн чухал хэрэгцээ нь сүнслэг хэрэгцээ гэдгийг Есүс ойлгодог байсан. Бид ч бас өрөвч, энэрэнгүй гэдгээ харуулан хүмүүст хамгийн их хэрэгтэй байгаа зүйл буюу «Хаанчлалын [тухай] сайн мэдээг» хуваалцаж болно (Матай 24:14). Түүнчлэн, өндөр настай, бэлэвсэн болон өнчин итгэл нэгтнүүддээ бодит тусламж үзүүлж, «гутарсан хүмүүсийг тайвшруулж» болно (1 Тесалоник 5:14, ШЕ; Сургаалт үгс 12:25; Иаков 1:27). Ингэж гэмээнэ, бид жаргалтай болохын зэрэгцээ Еховагийн өршөөл энэрлийг хүртэнэ (Үйлс 20:35; Иаков 2:13).

Зүрхэн дотроо цэвэр ариун бөгөөд амар тайвныг тогтоогч хүмүүс

15. Зүрхэн дотроо цэвэр ариун, амар тайвныг тогтоогч байх гэж юу гэсэн үг вэ?

15 Есүс жаргалын тухай зургаа, долоо дахь зүйлдээ: «Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс жаргалтай. Учир нь тэд Бурхныг харах болно. Амар тайвныг тогтоогч хүмүүс жаргалтай. Учир нь тэд „Бурхны хөвгүүд“ гэж нэрлэгдэх болно» гэж хэлжээ (Матай 5:8, 9). «Зүрхэн дотроо цэвэр ариун байх» гэдэг нь зөвхөн ёс суртахууны хувьд төдийгүй сүнслэгээр бузарталгүй, Еховад үнэнч байхын тулд зүрхээ нэгтгэх гэсэн үг юм (Шастирын дээд 28:9; Дуулал 86:11). «Амар тайвныг тогтоогч хүмүүс» христиан ах дүүстэйгээ, өөрсдөөс нь шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй амьдардаг (Ром 12:17–21). Тэд «амар тайвныг хайж, түүнийг мөшгөдөг» (1 Петр 3:11).

16, 17. а) Тослогдогсод яагаад «Бурхны хөвгүүд» гэж нэрлэгддэг вэ? Тэд яаж «Бурхныг хардаг» вэ? б) «Өөр хонинууд» хэрхэн «Бурхныг хардаг» вэ? в) «Өөр хонинууд» хэзээ, яаж бүрэн утгаар «Бурхны хөвгүүд» болох вэ?

16 Зүрхэн дотроо цэвэр ариун бөгөөд амар тайвныг тогтоогч хүмүүс «„Бурхны хөвгүүд“ гэж нэрлэгдэж», «Бурхныг харах болно» гэдэг юу гэсэн үг вэ? Тослогдсон христианууд сүнсээр төрдөг бөгөөд дэлхий дээр байхдаа л Еховагийн «хөвгүүд» болж үрчлэгддэг (Ром 8:14–17). Тэд Христтэй хамт тэнгэрт байхаар дахин амилаад, Еховагийн өмнө үйлчилж, түүнийг бодитоор хардаг (1 Иохан 3:1, 2; Илчлэлт 4:9–11).

17 Амар тайвныг тогтоогч «өөр хонинууд» «Мөнхийн Эцэг» нь болох Сайн Хоньчин Есүс Христийнхээ удирдлагаар Еховад үйлчилдэг (Иохан 10:14, 16, МБОХ, 1996 он; Исаиа 9:6). Христийн Мянган жилийн засаглалын дараа эцсийн сорилтыг амжилттай давах хүмүүс Еховагийн дэлхий дэх хөвгүүд болон үрчлэгдэж, «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно» (Ром 8:21; Илчлэлт 20:7, 9). Тэд үүнийг тэсэн ядан хүлээж, Еховад Эцгээ гэсэн сэтгэлээр ханддаг. Учир нь түүнийг Амь Өгөгч хэмээн хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө түүнд зориулдаг (Исаиа 64:8). Эрт цагийн Иов Мосе нарын адилаар, тэд итгэлийн мэлмийгээр «Бурхныг хардаг» (Иов 42:5; Еврей 11:27). «Зүрхний мэлмий» болон Бурхны тухай нарийн зөв мэдлэгийн ачаар Еховагийн гайхамшигт чанаруудыг ойлгож, хүсэл тааллыг нь биелүүлэн түүнийг дуурайхыг чармайдаг (Ефес 1:18; Ром 1:19, 20; 3 Иохан 11).

18. Есүсийн хэлсэн жаргалын тухай эхний долоон зүйлийн дагуу хэн өнөөдөр жинхэнэ ёсоор жаргалтай вэ?

18 Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг, гашууддаг, дөлгөөн, зөвт байдлын төлөө өлсөж цангадаг, энэрэнгүй, зүрхэн дотроо цэвэр ариун бөгөөд амар тайвныг тогтоогч хүмүүс Еховад үйлчлэн жинхэнэ жаргал олдгийг бид авч үзлээ. Гэхдээ тэд үргэлж эсэргүүцэл, тэр байтугай, хавчлагатай тулгардаг. Энэ нь тэдний жаргалыг эвдэн бусниулдаг уу? Дараагийн өгүүллээр энэ асуултыг авч үзье.

[Зүүлт]

^ Матай 5:3–11-д хэрэглэсэн макариои гэдэг грек үгийг «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгад «ерөөлтэй» гэж хөрвүүлжээ. Гэхдээ, «Шинэ ертөнцийн орчуулга», «Шинэ Гэрээ» (Монголын Библийн Нийгэмлэг, 2000 он), «Иерусалимын Библи» зэрэг өөр олон орчуулгад энэ грек үгийг илүү нарийвчлан, «жаргалтай» гэж буулгасан байдаг. Тийм учраас, ойлгомжтой болгох үүднээс энэ болон дараагийн өгүүлэлд «ерөөлтэй» гэдэг үгийн оронд «жаргалтай» гэдэг үгийг ашигласан болно.

Давтах асуулт

• Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай гэж юу гэсэн үг вэ?

• Гашууддаг хүмүүсийг юу тайвшруулдаг вэ?

• Дөлгөөн занг хэрхэн илэрхийлэх вэ?

• Энэрэнгүй, зүрхэн дотроо цэвэр ариун, амар тайвныг тогтоогч байх ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]