Skip to content

Гарчиг руу орох

Хавчигддаг ч жаргалтай

Хавчигддаг ч жаргалтай

Хавчигддаг ч жаргалтай

«Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар жаргалтай» (МАТАЙ 5:11).

1. Жаргал болон хавчлагын тухайд Есүс дагалдагчдадаа юуг батлан хэлсэн бэ?

 ЕСҮС элч нараа Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд анх илгээхдээ эсэргүүцэлтэй тулгарахыг нь сануулан: «Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна» гэж хэлсэн (Матай 10:5–18, 22). Гэхдээ үүнээс өмнө Ууланд айлдсан номлолдоо тийм эсэргүүцэл сэтгэлийн жаргалыг эвдэн бусниулах албагүй гэдгийг элч нартаа болон өөрийг нь сонсож байсан бусад хүнд батлан хэлсэн. Тийм ээ, Есүс христиан хүнийг хавчигдахдаа хүртэл жаргалтай байдаг гэж хэлсэн! Хавчигдаж байгаа хүн яаж жаргадаг юм бол оо?

Зөвт байдлын төлөө зовох нь

2. Есүс болон элч Петрийн хэлснээр юуны төлөө зовох нь жаргал авчирдаг вэ?

2 Есүс жаргалын тухай: «Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс жаргалтай. Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм» хэмээсэн нь найм дахь зүйл байв (Матай 5:10). Хэрэв хүн зовлон үзэж байгаа бол энэ нь зөв юм хийснээс болсон байх албагүй. Элч Петр: «Хэрэв та нар нүгэл үйлдээд ширүүн нударгад өртөхдөө тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурхны тааллыг олдог» хэмээгээд, цааш нь: «Та нараас хэн нь ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл хорон мууг үйлдэгч юм уу, эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурхныг алдаршуул» гэж бичжээ (1 Петр 2:20; 4:15, 16). Есүсийн хэлснээр, зөвт байдлын төлөө зовлонг тэвчих нь жаргал авчирдаг.

3. а) Зөвт байдлын төлөө хавчигдах гэж юу гэсэн үг вэ? б) Эртний христиануудад хавчлага яаж нөлөөлсөн бэ?

3 Жинхэнэ ёсоор зөвт байхын тулд Бурхны хүсэл таалал, тушаалыг биелүүлэх хэрэгтэй. Тиймээс зөвт байдлын төлөө зовох гэдэг нь Бурхны тогтоосон хэм хэмжээ, тавьдаг шаардлагыг зөрчүүлэх гэсэн дарамт шахалтыг сөрөн зогссондоо зовох гэсэн үг юм. Жишээ нь, элч нар Есүсийн нэрээр дэлгэрүүлэхгүй байх тушаалыг нь биелүүлээгүй тул иудейн шашны удирдагчид тэднийг хавчдаг байсан (Үйлс 4:18–20; 5:27–29, 40). Энэ нь тэдний баяр хөөрийг үгүй хийж, дэлгэрүүлэх ажлыг нь зогсоож чадсан уу? Огт үгүй! «Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. Тэгээд өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв» (Үйлс 5:41, 42). Тэд хавчигдсандаа баярлаж, дэлгэрүүлэх ажил хийх хичээл зүтгэл нь бадарсан. Хожим нь, эртний христианууд Ромын эзэнт гүрний үед эзэн хааныг шүтдэггүй байснаасаа болж хавчлагад өртөж байв.

4. Христианууд ямар ямар шалтгаанаар хавчигддаг вэ?

4 Орчин үед Еховагийн Гэрчүүд «Хаанчлалын [тухай] сайн мэдээ» дэлгэрүүлэх ажлаа зогсоохыг хүсдэггүй учраас хавчлагад өртдөг (Матай 24:14). Цуглахыг нь хориглолоо ч, тэд хамтдаа цуглах Библийн тушаалыг зөрчихгүйн төлөө зовоход бэлэн байдаг (Еврей 10:24, 25). Христиан ёсоор төвийг сахих байр суурь баримтлах юм уу цусыг цээрлэдгээсээ болж хавчигддаг (Иохан 17:14; Үйлс 15:28, 29). Гэхдээ өнөөдөр Бурхны ард түмэн зөвт байдлын төлөө ингэж зогсдогтоо сэтгэл нь туйлын амар тайван, аз жаргалтай байдаг (1 Петр 3:14).

Христээс болж доромжлогддог

5. Өнөөдөр Еховагийн ард түмэн гол нь юунаас болж хавчигддаг вэ?

5 Есүс Ууланд айлдсан номлолдоо жаргалын тухай ес дэх зүйлээ бас хавчлагатай холбон хэлсэн. Тэрбээр: «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар жаргалтай» хэмээжээ (Матай 5:11). Еховагийн ард түмэн гол нь эд юмсын өнөөгийн ёс бус тогтолцооных бишээсээ болж хавчигддаг. Есүс дагалдагчдадаа: «Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг» гэж хэлсэн (Иохан 15:19). Элч Петр ч мөн: «Энэ бүхэнд тэд та нарыг өөрсөдтэй нь хамт дураараа дургих явдалд холбогдоогүйд гайхширч, муу хэлдэг» хэмээн дээрхтэй адил санаа илэрхийлжээ (1 Петр 4:4).

6. а) Тослогдогсдын үлдэгдэл болон тэдний хамтран зүтгэгчдийг ямар учраас доромжилж, хавчдаг вэ? б) Энэ нь бидний жаргалыг эвдэн бусниулдаг уу?

6 Нэгдүгээр зууны христианууд Есүсийн нэрээр дэлгэрүүлэх ажлаа зогсоохоос татгалзсан учир хавчигдаж байсныг бид дээр тэмдэглэсэн билээ. Христ дагалдагчдадаа: «Та нар... дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчил» гэж тушаасан (Үйлс 1:8). Христийн тослогдсон ах дүү нарын үнэнч үлдэгдэл тэрхүү тушаалыг «үй олон хүн» буюу хамтран зүтгэгчдийнхээ тусламжтайгаар хичээл зүтгэлтэй биелүүлдэг (Илчлэлт 7:9). Тиймээс, Сатан «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн [буюу Бурхны байгууллагын тэнгэрийн хэсгийн]... үр удамтай» дайтдаг (Илчлэлт 12:9, 17). Бурхны зөвт шинэ ертөнцийн зам дээр байгаа хүний засгийн газрыг устгах Бурхны Хаанчлалыг одоо тэргүүлж байгаа Хаан Есүсийг Еховагийн Гэрчүүд бид гэрчилдэг (Даниел 2:44; 2 Петр 3:13). Үүнээс болж биднийг доромжилж, хавчдаг ч Христийн нэрээс болж зовдогтоо жаргалтай байдаг (1 Петр 4:14).

7, 8. Эсэргүүцэгчид эртний христиануудын тухай юу гэж худлаа ярьдаг байсан бэ?

7 Өөрөөс нь болж хүмүүс дагалдагчдынх нь тухай «хуурамчаар... зүсэн бүрийн хорон мууг ярихад» ч тэднийгээ жаргалтай байна гэж Есүс хэлсэн (Матай 5:11). Эртний христиануудад ч ийм явдал тохиолдож байв. Жишээ нь, элч Паулыг МЭ 59—61 оны орчим Ромд хорионд байхад иудейн удирдагчид Есүсийн дагалдагчдын тухай: «Тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л түүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ» гэж хэлж байсан (Үйлс 28:22). Паул Силас хоёрыг «дэлхийг үймүүлж», «Цезарийн зарлигийг эсэргүүцсэн» хэмээн буруутгаж байжээ (Үйлс 17:6, 7).

8 Ромын эзэнт гүрний үеийн христиануудын тухай түүхч Кеннет Латуретт: «Янз янзаар л буруутгадаг байж. Библийн үндэслэлгүй зан үйлд оролцдоггүй байсан болохлоор нь христиануудад атеист гэсэн нэр хоч зүүдэг байсан. Харь үндэстнүүдийн баяр ёслол, өргөн олныг хамардаг зугаа цэнгэлд оролцдоггүй буюу нийгмийн амьдралын ихэнх хүрээнээс тасархай байсан тул... тэднийг хүн төрөлхтнийг үзэн яддаг гэж дооглон тохуурхдаг байв. [...] Эрэгтэй эмэгтэй христианууд шөнө уулзаж, ...эрээ цээргүй завхайрдаг гэж ярьдаг байсан. [...] [Христийн үхлийг дурсах] арга хэмжээг зөвхөн итгэл нэгтнүүдийнхээ хүрээнд тэмдэглэдэг байсныг нь далимдуулан нялх хүүхдээр байнга тахил өргөж, цусыг нь ууж, махыг нь иддэг гэсэн цуу яриа гаргажээ» гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна, эртний христианууд эзэн хааныг шүтэхээс татгалздаг байсан учир тэднийг засаг төрд тэрсэлсэн гэж буруутгадаг байлаа.

9. Нэгдүгээр зууны христианууд өөрсдийг нь хилсээр буруутгахад хэрхэн ханддаг байсан бэ? Өнөөдөр байдал ямар байна вэ?

9 Энэ мэт хилсээр буруутгаад ч эртний христиануудыг Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраас нь хөндийрүүлж чадаагүй. МЭ 60—61 оны орчим Паул «сайн мэдээг» «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан» бөгөөд «бүх дэлхийд байнга үр жимс ургуулж, өсгөж байна» хэмээн хэлсэн (Колоссай 1:5, 6, 23). Өнөөдөр ч байдал тийм л байна. Еховагийн Гэрчүүдийг яг л нэгдүгээр зууны христиануудын адилаар үндэслэлгүй буруутгадаг. Гэлээ ч Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажил өргөжин тэлж, энэ ажилд оролцдог хүмүүс ч их жаргалтай байдаг.

Зөнчдийн адилаар хавчигдахдаа жаргалтай

10, 11. а) Есүс жаргалын тухай ес дэх зүйлийг хэрхэн төгсгөсөн бэ? б) Эртний зөнчид ямар учраас хавчигдаж байсан бэ? Жишээ хэлнэ үү.

10 Есүс жаргалын тухай ес дэх зүйлийг: «Баяр хөөртэй бай. Учир нь тэд та нарын өмнө байсан зөнчдийг тийнхүү хавчсан юм» хэмээн төгсгөжээ (Матай 5:12, МБОХ, 1996 он). Ехова үнэнч бус израильчуудад сануулга өгүүлэхээр зөнчдөө илгээхэд тэднийг нааштай хүлээж авалгүй, их төлөв, хавчдаг байв (Иеремиа 7:25, 26). Элч Паул тийм явдал болж байсныг батлан: «Би өөр илүү юу ярих вэ? Хэрэв би... [эртний зөнчдийн] тухай яривал надад цаг хүрэлцэхгүй. Тэд... доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн хоригдож байлаа» хэмээн бичжээ (Еврей 11:32–38).

11 Хорон муу хаан Ахаб, хатан Иезебел нар эрх мэдэлтэй байх үедээ Еховагийн олон зөнчийг илдээр хөнөөжээ (Хаадын дээд 18:4, 13; 19:10). Түүнчлэн, зөнч Иеремиаг дөнгөлж, дараа нь шавар шавхайтай нөөцлүүрт хаясан (Иеремиа 20:1, 2; 38:6). Зөнч Даниелыг арслантай нүхэнд хаяж байв (Даниел 6:16, 17). Христээс өмнөх үеийн эдгээр бүх зөнч хавчлагад өртөж явсан нь Еховаг шүтэх жинхэнэ шүтлэгийг хамгаалж байснаас тэр ажээ. Иудейн шашны удирдагчид ч хавчиж байв. Есүс хуулийн багш нар, фарисайчуудыг зөнчдийн «амийг бүрэлгэсэн хүмүүсийн хөвгүүд» гэж хэлж байсан (Матай 23:31).

12. Еховагийн Гэрчүүд бид эртний зөнчид шиг хавчигдахыг нэр төрийн хэрэг гэж яагаад үздэг вэ?

12 Өнөөдөр Еховагийн Гэрчүүд бид Хаанчлалын тухай сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг учраас ихэнхдээ хавчлагад өртдөг. Хүмүүсийг «шашиндаа оруулах гэж улайрдаг» хэмээн дайснууд маань биднийг буруутгадаг ч Еховагийн үнэнч үйлчлэгчид өмнө нь мөн л тийн шүүмжлүүлж байсныг бид мэддэг (Иеремиа 11:21; 20:8, 11). Эртний үнэнч зөнчидтэй адил шалтгаанаар зовдгоо бид нэр төрийн хэрэг гэж үздэг. Шавь Иаков: «Ах дүү нар аа, Эзэний [«Еховагийн», ШЕ] нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг [буюу зөнчдийг] авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун. Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог» гэж бичжээ (Иаков 5:10, 11).

Жаргалтай байхын цаад учир

13. а) Хавчлагаас болж сэтгэлээр унадаггүйн маань учир юу вэ? б) Бид юуны ачаар хавчлагыг тэвчдэг вэ? Энэ нь юуны баталгаа вэ?

13 Бид хавчлагаас болж сэтгэлээр унах биш, харин ч зөнчид, эртний христианууд болон Есүс Христийн өөрийнх нь мөрөөр дагаж байгаа гэж бодохлоор тайвширдаг (1 Петр 2:21). Сударт бичсэн үг, тухайлбал, элч Петрийн: «Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурхны Сүнс та нарын дээр оршдог» гэж тэмдэглэсэн нь биднийг асар их баярлуулдаг (1 Петр 4:12, 14). Еховагийн сүнс дээр маань оршиж, биднийг бэхжүүлдгийн ачаар л хавчлагыг тэвчиж чаддаг гэдгийг амьдралын туршлага харуулдаг. Ариун сүнсний дэмжлэг бол Ехова биднийг ивээдгийн баталгаа бөгөөд энэ нь бидэнд маш их жаргал авчирдаг (Дуулал 5:12; Филиппой 1:27–29).

14. Бид зөвт байдлын төлөө хавчигддагтаа ямар учраас баярладаг вэ?

14 Бид зөвт байдлын төлөө эсэргүүцэл, хавчлагатай тулгардаг ч жаргалтай байдаг. Учир нь эсэргүүцэл, хавчлага бол жинхэнэ христиан ёсоор Бурханд үнэнч байдгийн маань баталгаа болдог. Элч Паул: «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» гэж бичсэн (2 Тимот 3:12). Бид сорилтод орсон ч үнэнч байдлаа хадгалснаар, бүх бүтээл амин хувиа боддогтоо л Еховад үйлчилдэг гэсэн Сатаны хорон хатгалгыг няцаадаг учраас туйлын их баярладаг (Иов 1:9–11; 2:3, 4). Еховагийн хууль ёсны эрх мэдлийг зөвтгөх үйлсэд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулдагтаа бид баяр хөөртэй байдаг (Сургаалт үгс 27:11).

Шагналд баяр хөөртэй байгтун

15, 16. а) «Баярлаж, баяр хөөртэй байхын» өөр ямар шалтгааныг Есүс хэлсэн бэ? б) Тослогдсон христианууд тэнгэрт ямар шагнал авах вэ? Тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» ямар шагнал хүртэх вэ?

15 Эртний зөнчдийн адилаар хавчигдаж, гүтгүүлэхдээ баярлах өөр нэг шалтгааныг Есүс тайлбарлажээ. Жаргалын тухай ес дэх зүйлийн төгсгөлд: «Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа» гэж хэлсэн (Матай 5:12). Элч Паул: «Нүглийн хөлс бол үхэл, харин Бурхны бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн» хэмээжээ (Ром 6:23). Тийм ээ, «агуу шагнал» маань амь юм. Энэ бол бидний авах хөлс биш, харин үнэгүй өгч байгаа бэлэг юм. Энэ шагналыг Ехова өгөх учраас Есүс «тэнгэр дэх» шагнал гэж хэлсэн.

16 Тослогдогсод «амийн титэм» хүлээн авах буюу Христтэй хамт тэнгэрт үхэшгүй мөнх амьдарна (Иаков 1:12, 17). «Өөр хонинууд» гэгддэг дэлхийн найдвартай хүмүүс диваажин дэлхийд мөнх амьдрахаа хүсэн хүлээж байдаг (Иохан 10:16, МБОХ, 1996 он; Илчлэлт 21:3–5). Тослогдогсод болон «өөр хонинуудын» хэн хэн нь ажлын хөлс биш, харин Еховагийн «хэмжээлшгүй нигүүлслээрээ» өгөх шагналыг авах юм. Элч Паул энэ тухай: «Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай» хэмээн догдлон хэлжээ (2 Коринт 9:14, 15).

17. Хавчигдахдаа жаргалтай, «баяр хөөртэй байхын» учир юу вэ?

17 Элч Паул христиануудад, тэр дундаа, Ромын эзэн хаан Нероны зүгээс учруулах харгис хавчлагад өртөх гэж байсан зарим хүнд: «Зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг, тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг. Найдвар нь урам хугалдаггүй» хэмээгээд, цааш нь: «Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай» гэж бичжээ (Ром 5:3–5; 12:12). Бидний найдвар тэнгэрийнх ч бай, дэлхийнх ч бай, сорилтод орохдоо үнэнч үлдвэл юутай ч харьцуулшгүй агуу шагнал хүртэнэ. Хаан Есүс Христийн засаглал дор, халамжит Эцэг Еховадаа үйлчилж, түүнийг магтан алдаршуулахын тулд мөнх амьдрах найдвартаа бид хязгааргүй баярладаг. Бид үнэхээр «баяр хөөртэй байдаг»!

18. Төгсгөлийн өмнөхөн үндэстнүүд яах вэ? Ехова юу хийх вэ?

18 Зарим оронд Еховагийн Гэрчүүдийг хавчдаг байсан, одоо ч хавчдаг. Есүс эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн тухай зөгнөлдөө: «Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» хэмээн жинхэнэ шавь нартаа сануулж хэлсэн (Матай 24:9). Төгсгөлийн өмнөхөн Сатан үндэстнүүдээр Еховагийн ард түмнийг үзэн ядуулна (Езекиел 38:10–12, 14–16). Энэ нь Еховагийн үйл хэргээ явуулах цагийн дохио болно. «Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстний нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН [Ехова] мөн гэдгийг мэдэх болно» (Езекиел 38:23). Тийнхүү Ехова агуу нэрээ ариусгаж, ард түмнээ хавчлагаас гаргана. Тиймээс «сорилтыг тэсвэрлэдэг хүн» жаргалтай! (Иаков 1:12).

19. Бид Еховагийн агуу «өдрийг» хүлээнгээ юу хийх ёстой вэ?

19 Еховагийн тэр агуу «өдөр» улам ойртох тусам баяртай байцгаая. Учир нь бид Есүсийн нэрийн төлөө «доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярладаг» (2 Петр 3:10–13; Үйлс 5:41). Эртний христиануудын адилаар, Еховагийн зөвт шинэ ертөнцөд шагнал авахаа хүлээнгээ Христ болон түүний Хаанчлалын тухай сайн мэдээг «сургаж, тунхагласаар байцгаая» (Үйлс 5:42; Иаков 5:11).

Давтах асуулт

• Зөвт байдлын төлөө зовох гэж юу гэсэн үг вэ?

• Эртний христиануудад хавчлага яаж нөлөөлсөн бэ?

• Еховагийн Гэрчүүд эртний зөнчдийн адилаар хавчигддаг гэж яагаад хэлж болох вэ?

• Хавчигддагтаа «баярлаж, баяр хөөртэй байхын» учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]