Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Хаанчлалын тухай зөгнөлүүд биелж байна

Бурхны Хаанчлалын тухай зөгнөлүүд биелж байна

Бурхны Хаанчлалын тухай зөгнөлүүд биелж байна

«Харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар [зөгнөлийн үгэнд] анхаарал тавихдаа сайн байдаг» (2 ПЕТР 1:19).

1. Өнөөгийн ертөнцөд ямар эрс тэс ялгаа байна вэ?

 ТАСРАЛТГҮЙ үргэлжлэх хямрал бол өнөөгийн ертөнцийн дүр төрх мөн. Экологийн тэнцвэр алдагдаж, терроризм дэлхий нийтийг хамарч байгаа зэргийг харахад хүн төрөлхтний бэрхшээл хяналтаас гарч байна уу даа гэлтэй. Энэ ертөнцийн шашнуудын хувьд ч гэсэн бэрхшээлийг шийдвэрлэх чадваргүй нь тодорхой болсон. Харин ч, үндэстэн ястнуудыг хагалан бутаргадаг хэт шүтлэг, үзэн ядалт, үндсэрхэг үзэл зэргийг дэвэргэн хөөрөгдөж, байдлыг хурцатгах нь олонтаа. Тийм ээ, Библийн зөгнөл ёсоор «гүн харанхуй хүмүүсийг хучжээ» (Исаиа 60:2). Гэсэн хэдий ч, сая сая хүн ирээдүйгээ итгэлтэйгээр хардаг билээ. Учир нь тэд Бурхны зөгнөлийн үгийг «харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүү» мэт анхаардаг юм. Тэд Библид бичигдсэн Бурхны «үг» буюу мэдээг амьдралынхаа удирдлага болгодог (2 Петр 1:19).

2. «Төгсгөлийн цаг үеийн» тухай Даниелын зөгнөлийн дагуу зөвхөн ямар хүмүүс сүнслэг зүйлийг ойлгодог вэ?

2 Зөнч Даниел «төгсгөлийн цаг үеийн» (ШЕ) талаар: «Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ. Олон хүн шинэчлэгдэн ариусгагдаж, цэвэршүүлэгдэнэ. Харин хилэнцэт хүмүүс хилэнцээ үйлдэнэ. Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно» хэмээн бичжээ (Даниел 12:4, 10). Чин сэтгэлээсээ «нааш цааш явдаг» буюу Бурхны Үгийг хичээнгүйлэн судалж, хэм хэмжээнд нь захирагдан, хүсэл тааллыг нь биелүүлдэг хүмүүс л сүнслэг зүйлийг ойлгодог (Матай 13:11–15; 1 Иохан 5:20).

3. 1870-аад оны үед Библи судлаачидын нэгэн бүлэг ямар чухал үнэнийг ойлгодог болсон бэ?

3 Бүр 1870-аад онд буюу «эцсийн өдрүүд» эхлэхээс өмнө Ехова Бурхан «тэнгэрийн хаанчлалын нууцууд» дээр илүү ихээр гэрэл тусгаж эхэлсэн (2 Тимот 3:1–5; Матай 13:11). Тэр үед Библи судлаачдын нэгэн бүлэг Христийг үл үзэгдэх байдлаар ирнэ гэдгийг ойлгосон нь олны дунд тархсан түгээмэл ойлголтоос тэс ондоо зүйл байлаа. Есүс эргэж ирэх гэдэг нь тэнгэрт хаан ширээнд заларсныхаа дараа анхаарлаа дэлхийд төвлөрүүлнэ гэсэн үг ажээ. Шавь нар нь түүний үл үзэгдэх байдлаар залран байх үе эхэлснийг олон хэсэг бүхий үзэгдэх шинж тэмдгийн тусламжтайгаар ойлгох учиртай байлаа (Матай 24:3–14).

Хаанчлалын тухай зөгнөлүүд биелж байгаа нь

4. Ехова орчин үеийн үйлчлэгчдийнхээ итгэлийг хэрхэн бэхжүүлдэг вэ?

4 «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл Христийн Хаанчлалын сүр жавхланг тод харуулсан юм (Матай 17:1–9). Махан биеийн дагуух хүслийг нь биелүүлээгүйгээс болоод хүмүүс Есүсийг дагахаа больчихоод байсан тэр үед энэ үзэгдэл Петр Иаков Иохан нарын итгэлийг бэхжүүлсэн билээ. Төгсгөлийн энэ цаг үед Ехова дээрхийн адилаар орчин үеийн үйлчлэгчдэдээ тэрхүү сүрдэм үзэгдэл хийгээд түүнтэй холбоотой олон зөгнөл биелж байгааг илүү сайн ойлгоход нь туслах замаар итгэлийг нь бэхжүүлдэг. Одоо бүгдээрээ тэдгээрийн зарим нь хэрхэн биелж байгаа талаар ярилцъя.

5. «Үүрийн цолмон» хэнийг төлөөлдөг вэ? Тэр «үүрийн цолмон» хэзээ, хэрхэн «гийсэн» бэ?

5 Элч Петр «хувирч өөрчлөгдсөн» үзэгдлийг санагалзан: «Бид илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн [зөгнөлийн] үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл, харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг» хэмээн бичжээ (2 Петр 1:19). Энд бичигдсэн «үүрийн цолмон» бол сүр жавхлант Есүс Христийг бэлэгдсэн үг юм (Илчлэлт 22:16). 1914 онд тэнгэрт Бурхны Хаанчлал тогтоход, Есүс «гийж», шинэ эриний үүр цайсан билээ (Илчлэлт 11:15). «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдлийн үеэр Есүстэй ярилцаад зогсож байсан Мосе Елиа хоёр хэнийг төлөөлж байсан бэ?

6, 7. «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдэлд Мосе Елиа хоёр хэнийг төлөөлдөг вэ? Тэр хоёрын төлөөлдөг хүмүүсийн талаар Судар ямар чухал, нарийн ширийн зүйлийг илчилдэг вэ?

6 Үнэнч гэрч болох Мосе Елиа хоёр Христийн сүр жавхланг хуваалцаж байсан тул Есүсийн Хаанчлалд түүнтэй хамт захирах захирагчдыг төлөөлөх учиртай юм. Есүс хам захирагчидтай байх юм гэдэг ойлголт зөнч Даниелын үзсэн, Мессиагийн, хаан ширээнд заларсан тухай үзэгдэлтэй тохирдог билээ. «Хүний Хүү шиг Нэгэн» «үүрдийн ноёрхлыг» «Эртний Нэгэн» болох Ехова Бурхнаас хүлээн авч байгааг Даниел үзсэн. Даниел цааш нь юу үзсэнийг анхааръя. Тэрбээр: «Бүхэл тэнгэрийн доорхи хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдал нь Дээдийн Дээд Нэгний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно» хэмээн бичжээ (Даниел 7:13, 14, 27). Тэгэхлээр, Бурхан Христийн Хаанчлалын «агуу байдлыг» тодорхой тооны «ариун хүмүүс» хуваалцана гэдгийг «хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл үзүүлэхээс бүр таван зуу гаруй жилийн өмнө илчилсэн байна.

7 Даниелын зөгнөлийн «ариун хүмүүс» гэж хэн бэ? Тийм хүмүүсийн талаар элч Паул: «Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурхны өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм» хэмээн бичжээ (Ром 8:16, 17). Үнэндээ, тэр «ариун хүмүүс» бол Есүсийн, сүнсээр тослогдсон шавь нар юм. «Илчлэлт» номд бичсэнээр, Есүс: «Би ялж, Эцгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно» гэж хэлсэн буй. Дахин амилсан «ялагчдын» тоо 144 000 байх бөгөөд тэд Есүстэй хамт «дэлхийг захирах болно» (Илчлэлт 3:21; 5:9, 10, МБОХ, 1996 он; 14:13, 4; 1 Коринт 15:53).

8. Есүсийн тослогдсон шавь нарын гүйцэтгэдэг ажил үүрэг Мосе Елиа хоёрынхтой юугаараа адил вэ? Үр дүн нь юу вэ?

8 Тэгвэл, тослогдсон христиануудыг яагаад Мосе Елиа хоёроор төлөөлүүлсэн бэ? Үүний учир гэвэл, тослогдсон христианууд дэлхийд байх хугацаандаа Мосе Елиа хоёрын гүйцэтгэж байсантай адил ажил үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, тэд мөрдлөг хавчлагатай тулгарсан ч Еховагийн гэрчүүд хэвээрээ байдаг (Исаиа 43:10; Үйлс 8:1–8; Илчлэлт 11:2–12). Тэд, Мосе Елиа нарын адилаар хуурамч шашныг зоригтой илчилж, чин сэтгэлтэй хүмүүсийг зөвхөн Еховад үнэнч үйлчлэхийг уриалдаг (Египетээс гарсан нь 32:19, 20; Дэд хууль 4:22–24; Хаадын дээд 18:18–40). Тэдний ажил үр дүнд хүрсэн болов уу? Хүрэлгүй яах вэ! Тэд тослогдогсдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулахад тусалснаас гадна олон сая «өөр хонинуудыг» Есүс Христэд дуртайяа захирагддаг болоход нь тусалдаг (Иохан 10:16, МБОХ, 1996 он; Илчлэлт 7:4).

Христ ялахын тулд гарч ирсэн нь

9. Илчлэлт 6:2-т Есүсийг өнөөдөр ямар байгаагаар дүрсэлсэн байдаг вэ?

9 Есүс өнөөдөр дудран унасан эгэл хүн биш, харин хүчирхэг Хаан билээ. Түүнийг Библид морь унаж яваагаар дүрсэлдэг бөгөөд морь нь дайн байлдааныг бэлэгддэг (Сургаалт үгс 21:31). Илчлэлт 6:2-т: «[Цагаан морь] унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв» гэж байдаг. Түүнээс гадна, дуулалч Давид Есүсийн тухай: «„Өөрийн дайснуудын дунд захир“ гээд ЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана» хэмээн бичжээ (Дуулал 110:2).

10. а) Есүсийн анхны ялалт юу байсан бэ? б) Энэ ялалт ертөнцөд яаж нөлөөлсөн бэ?

10 Есүс эхлээд өөрийнхөө хамгийн хүчтэй дайсан болох Сатан болон чөтгөрүүдийг ялсан. Тэднийг тэнгэрээс хөөж, дэлхий уруу хаясан. Тэдгээр ёс бус сүнснүүд өөрсдөд нь богинохон хугацаа байгааг мэдээд, хүн төрөлхтөнд хилэгнэн уурлаж, асар их зовлон гамшиг учруулж байна. «Илчлэлт» номд энэ зовлон гамшгийг өөр гурван морьтноор бэлэгдсэн байдаг (Илчлэлт 6:3–8; 12:7–12). Өөрийнх нь «залран байх хийгээд эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдгийн» тухай Есүсийн зөгнөн хэлснээр тэр гурван морьтныг гарч ирэхэд араас нь дайн дажин, өлсгөлөн гуйланчлал, үхэл тахал дагалдан гарч ирэх ажээ (Матай 24:3, ШЕ, 7; Лук 21:7–11). «Төрөх өвдөлт» Христийг Сатаны үзэгдэх байгууллагыг газрын хөрснөөс арчин, төгс ялалт байгуулах хүртэл улам ширүүсэх нь дамжиггүй * (Матай 24:8).

11. Христ хааны эрх мэдэлтэй болохыг христиан хурлын түүх хэрхэн гэрчилдэг вэ?

11 Түүнчлэн, Есүс хааны эрх мэдлээ илэрхийлж, христиан хурлыг хамгаалан үлдээсэн. Үүний ачаар христиан хурал Хаанчлалын тухай мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэх даалгаврыг биелүүлдэг юм. «Агуу их Вавилон» буюу хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн болон дайсагнагч улс төрийн хүчнүүд улайран эсэргүүцсэн ч гэсэн дэлгэрүүлэх ажил зогсох нь бүү хэл, дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй болж өргөжсөн (Илчлэлт 17:5, 6). Энэ бол Христ захирч байгааг баттай гэрчилж байгаа хэрэг биш гэж үү! (Дуулал 110:3).

12. Христ үл үзэгдэх байдлаар залран байгааг хүмүүсийн ихэнх нь яагаад ойлгодоггүй вэ?

12 Харамсалтай нь, хүмүүсийн ихэнх нь, тэр дундаа, өөрсдийгөө христиан гэж нэрийддэг олон сая хүн дэлхий дээр болж байгаа чухал чухал үйл явдал Христийн үл үзэгдэх байдлаар залран байгааг гэрчилдгийг ойлгодоггүй. Тэр байтугай, тэд Бурхны Хаанчлалыг тунхагладаг хүмүүсийг элэглэн дооглодог (2 Петр 3:3, 4). Яагаад гэвэл Сатан тэдний бодол санааг сохолжээ (2 Коринт 4:3, 4). Үнэндээ, Сатан олон зууны тэртээгээс тэдний өмнүүр сүнслэг харанхуйн хөшиг татаж эхэлсэн. Үүний дүнд тэд Хаанчлалд найдахаа больсон.

Хаанчлалд найдахаа больсон нь

13. Хуурамч христиануудыг сүнслэг харанхуй нөмөрсөн нь юунд хүргэсэн бэ?

13 Тэрслэгчид буудайн дунд тарьсан зэрлэг өвс шиг, христиан хуралд нэвтрэн орж, олон хүнийг төөрүүлнэ гэж Есүс зөгнөжээ (Матай 13:24–30, 36–43; Үйлс 20:29–31; Иуда 4). Яваандаа, тэд хуурамч шашны баяр ёслол, зан үйл, сургаал номлолд «христиан» гэдэг шошго хадан, хэрэглэдэг болсон. Жишээ нь, Крисмас буюу Христийн мэндэлсний баяр бол Митра, Сатурн зэрэг хуурамч бурхдыг шүтэх зан үйлд үндэслэдэг. Тэгвэл, хуурамч христианууд юуны учир Бурханд үл таалагддаг эдгээр баяр ёслолыг тэмдэглэдэг болсон бэ? Нэгэн нэвтэрхий тольд: «Христийг удахгүй эргэж ирнэ гэж хүлээсэн найдвар нь тасарснаас болоод Крисмас буюу Есүс Христийн төрсөн өдрийн баяр тэмдэглэдэг болжээ» хэмээн бичсэн байдаг («The New Encyclopedia Britannica», 1974 он).

14. Ориген Августин нарын сургаал Хаанчлалын тухай үнэнийг яаж гуйвуулсан бэ?

14 Түүнчлэн, «хаанчлал» гэдэг үгийн утгыг гуйвуулсан тухай авч үзье. Нэгэн номд: «[ІІІ зууны теологч] Оригенээс эхлээд христ шашинтнууд „хаанчлал“ гэдэг үгийг „Бурхны засаглал зүрхэн дотор байдаг“ хэмээн, хүний дотоод ертөнцтэй холбон, өөр утгаар хэрэглэх болжээ» хэмээн тэмдэглэжээ («The Kingdom of God in 20th-Century Interpretation»). Ориген сургаалаа юунд үндэслэсэн бэ? Сударт бус, харин «Есүс болон эртний христиануудын ойлголтоос огт өөр, философийн сургаал, ертөнцийнхний үзэл бодолд» үндэслэсэн байна. Августин гэдэг өөр нэгэн теологч (МЭ 354—430) «Бурхны хот» («De Civitate Dei») гэдэг бүтээлдээ христ шашны сүмийг Бурхны Хаанчлал гэж үзэх хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ. Библийн бус тийм үзэл бодол христ шашны ертөнцөд нэвтэрсэн нь лам хуврагууд нь улс төрийн эрх мэдлийг гартаа авахад теологийн үндэс болжээ. Тэд уг эрх мэдлийг олон зууны турш гол төлөв харгис байдлаар ашиглаж ирсэн билээ (Илчлэлт 17:5, 18).

15. Христ шашны ертөнцийн тухайд Галат 6:7 хэрхэн биелж байна вэ?

15 Гэвч, өнөөдөр христ шашны ертөнц тарьсан зүйлээ хурааж байна (Галат 6:7). Олон сүм эрх мэдэл, сүсэгтэн олноо алдаж байгаа нь харагддаг. Тийм байдал Европын орнуудад нилээд газар авч байгаа нь ажиглагддаг. «Өнөөгийн христ шашин» сэтгүүлд бичсэнээр «эдүгээ Европын сүрлэг дуганууд шүтлэг мөргөлийн газар байхаа больж, харин жуулчдаас өөр хүн ирдэггүй музей [болжээ]» («Christianity Today»). Үүнтэй адилхан хандлага дэлхийн бусад хэсэгт ч ажиглагдах болсон. Энэ бүхэн хуурамч шашны хувьд юуны цондон бэ? Сүсэгтнүүд нь ирэхээ больж, өргөл хандив цуглахаа больсны улмаас мөхөх үү? Тэгвэл жинхэнэ шүтлэг яах вэ?

Бурхны агуу өдөрт бэлдэгтүн

16. «Агуу их Вавилонд» дайсагнах хандлага өсөн нэмэгдэж байгаа нь яагаад анхаарал татдаг вэ?

16 Сөнөсөн галт уулаас утаа үнс гарвал дэлбэрэхийн дохио болдог шиг олон улс оронд шашинд дайсагнасан хандлага эрс нэмэгдэж байгаа нь хуурамч шашны төгсгөл ойртсоныг харуулж байна. Ехова удахгүй «Агуу их Вавилон» хэмээх сүнслэг «янхан эмийг» илчилж, хоосруулахын тулд нэгдэн нийлэх хүслийг улс төрийн хүчнийхний зүрхэнд хийж өгнө (Илчлэлт 17:15–17; 18:21). Жинхэнэ христианууд Бурхны энэ арга хэмжээ болон «агуу их гай гамшигтай» холбоотой бусад үйл явдлаас айх хэрэгтэй юү? (Матай 24:21). Огт үгүй! Харин ч, Бурхныг ёс бус хүмүүсийн эсрэг босоход тэд баярлан хөөрөх болно (Илчлэлт 18:20; 19:1, 2). І зууны Иерусалим болон тэнд амьдарч байсан христиануудад тохиолдсон явдлыг авч үзье.

17. Энэхүү тогтолцооны төгсгөл болоход Еховагийн үнэнч үйлчлэгчид айх хэрэггүйн учир юу вэ?

17 МЭ 66 онд Ромын цэрэг Иерусалимыг бүслэхэд сүнслэг сонор сэрэмжтэй христианууд сандарч, айгаагүй юм. Тэд Бурхны Үгийг хичээнгүй судалж байсан учраас «хотын эзгүйрэх нь ойрхон буйг» мэдсэн билээ (Лук 21:20). Түүнчлэн, Бурхан өөрсдөд нь зугтан гарч, аврагдах боломж олгоно гэдгийг мэдэж байлаа. Тэр боломж олдмогц христианууд Иерусалимаас зугтан гарсан аж (Даниел 9:26; Матай 24:15–19; Лук 21:21). Түүний адилаар, өнөөдөр Бурхныг таньж мэдсэн, Хүүд нь захирагддаг хүмүүсийн хувьд энэхүү тогтолцооны төгсгөл болоход айх хэрэг байхгүй (2 Тесалоник 1:6–9). «Агуу их гай гамшиг» эхлэхэд тэд баяр хөөртэйгөөр «цэх зогсож, тэргүүнээ өргөнө. Учир нь [тэдний] золилт [«аврал», МАБ] ойртож байгаа» нь тэр юм (Лук 21:28).

18. Еховагийн үйлчлэгчид уруу довтолсон «Гогийн» довтолгоо юугаар төгсөх вэ?

18 «Агуу их Вавилон» устгагдсаны дараа Сатан «Магогийн Гогийн» дүрээр гарч ирэн, энх тайвныг эрхэмлэгч, Еховагийн Гэрчүүдийн эсрэг улангасан дайрч эхэлнэ. «Гогийн» үй олон цэрэг хялбархан ялна гэсэн найдвартайгаар «газрыг бүрхэх үүл адил» гарч ирэх юм. Гэвч тэднийг агуу сүйрэл хүлээж байна! (Езекиел 38:14–16, 18–23). Элч Иохан: «Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, цагаан зүсмийн морь болон түүнийг унаж яваа Нэгэн нь „Итгэмжит бөгөөд Үнэн“ гэгддэг. [...] Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм» хэмээн бичсэн буй. Тэрхүү ялагдашгүй «хаадын Хаан» нь Еховаг үнэнчээр шүтэгчдийг аварч, бүх дайсныг нь устгах юм (Илчлэлт 19:11–21). Энэ бол «хувирч өөрчлөгдсөн» үзэгдлийн биеллийн оргил цэг байх юм!

19. Христийн төгс ялалт үнэнч шавь нарт нь яаж нөлөөлөх вэ? Тэд өнөөдөр яах хэрэгтэй вэ?

19 Есүс «тэрхүү өдөр... итгэсэн бүх хүний дунд гайхагдахаар» ирнэ (2 Тесалоник 1:10). Та Бурхны Хүүгийн ялалтыг бишрэн харж зогсох хүмүүсийн дунд байхыг хүсэж байна уу? Тэгвэл, итгэлээ улам бэхжүүлж, «бэлэн байгаарай». Учир нь «Хүний Хүү [таны] бодоогүй цаг мөчид ирнэ» (Матай 24:43, 44).

Эрүүл ухаантай байгтун

20. а) «Итгэмжит, ухаалаг боол» өгсөнд нь Бурханд талархаж байгаагаа яаж харуулах вэ? б) Өөрөөсөө ямар ямар асуулт асуух нь зөв бэ?

20 «Итгэмжит, ухаалаг боол» Бурхны ард түмнийг сүнслэг талаар сэргэг, эрүүл ухаантай байхыг байнга уриалдаг (Матай 24:45, 46; 1 Тесалоник 5:6). Цаг үеэ олсон эдгээр анхааруулгыг та талархан хүлээж авдаг уу? Амьдралынхаа тэргүүн зэрэгт юу тавихаа тогтоохдоо тэдгээрийг санадаг уу? Өөрөөсөө: «Тэнгэрээс захирч байгаа Бурхны Хүүг харах сүнслэг хараа минь хурц байна уу? „Агуу их Вавилон“ болон Сатаны тогтолцооны бусад хэсэгт оноох Бурхны шийтгэлийг биелүүлэх гэж байгааг нь харж байна уу?» гэж асуугаарай.

21. Зарим хүн сүнслэг хараагаа муутгадгийн учир юу вэ? Тийм хүмүүс яаралтай юу хийвэл зохих вэ?

21 Өнөөдөр Еховагийн зарим үйлчлэгч сүнслэг хараагаа муутгадаг. Тэдэнд Есүсийн эртний зарим шавьд тохиолдсон шиг тэсвэр, тэвчээр дутдаг байж болох юм. Эсвэл амьдралын зовнил, материаллаг сонирхол юм уу мөрдлөг хавчлага ч нөлөөлдөг байж болох талтай (Матай 13:3–8, 18–23; Лук 21:34–36). Зарим хүний тухайд «итгэмжит, ухаалаг боолын» гаргасан хэвлэлээс зарим нэг санааг ойлгоход хэцүү байсан байж магадгүй. Хэрэв та бас ийм бол Бурхны Үгийг шинэ эрч хүчээр судалж, өөртэй нь бат бэх, ойр дотно холбоогоо сэргээхэд туслахыг Еховагаас гуйн залбираарай (2 Петр 3:11–15).

22. «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл болон түүнтэй холбоотой зөгнөлүүдийг авч үзсэн нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

22 Ехова урам хэрэгтэй болсон үед нь Есүсийн шавь нарт «хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл үзүүлсэн. Өнөөдөр, бидний итгэлийг бэхжүүлж байгаа агуу зүйл бол сэтгэл хөдөлгөм энэ үзэгдэл болон түүнтэй холбоотой олон зөгнөл биелж байгаа явдал юм. Эдгээр гайхамшигтай зөгнөл биелж байгааг хийгээд эдгээрийн ирээдүйн ач холбогдлын талаар эргэцүүлэн бодохлоор бид бас элч Иохан шиг «Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!» гэж хамаг зүрх сэтгэлийнхээ угаас хэлмээр болдог (Илчлэлт 22:20).

[Зүүлт]

^ Энэ нь хүүхэд төрөх болохоор умай базалж өвддөг шиг ертөнцийн зовлон бэрхшээл «агуу их гай гамшгаар» оргилдоо хүртлээ улам олон, улам хүчтэй, улам удаан үргэлжлэх болно гэдгийг хэлж байгаа юм.

Та санаж байна уу?

• 1870-аад онд Библи судлаачдын нэг жижиг бүлэг Христийн эргэж ирэхтэй холбоотой юуг ойлгосон бэ?

• «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл хэрхэн биелсэн бэ?

• Есүс ялахын тулд гарч ирсэн нь өнөөгийн ертөнц болон христиан хуралд яаж нөлөөлсөн бэ?

• Есүсийг төгс ялах үед эсэн мэнд үлдэхийн тулд бид яах ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]