Есүсийн үзүүлсэн жишээг дагагтун
Есүсийн үзүүлсэн жишээг дагагтун
«Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм» (ИОХАН 13:15).
1. Ямар учраас Есүс христиануудад үлгэр дуурайл болдог вэ?
АМЬДРАЛДАА нэг ч удаа нүгэл үйлдээгүй хүн түүхэнд ганц л байдаг. Тэр бол Есүс Христ билээ. «Нүгэл үйлддэггүй... хүн» Есүсээс өөр байхгүй (Хаадын дээд 8:46; Ром 3:23). Тийм ч учраас, жинхэнэ христианууд түүний төгс жишээнээс үлгэр дуурайл авдаг. МЭ 33 оны нисан сарын 14-нд Есүс үхэхээсээ өмнөхөн шавь нартаа: «Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм» хэмээн өөрийг нь дуурайхыг захисан (Иохан 13:15). Тэрбээр христианууд яавал өөр шиг нь байж болохыг дэлхий дээр өнгөрөөсөн сүүлийн үдшээ хэлсэн. Энэ өгүүллээр Есүсийг дуурайх зарим аргыг авч үзье.
Даруу байх хэрэгтэйн учир
2, 3. Есүс даруу байхын төгс жишээ хэрхэн үзүүлсэн бэ?
2 Өөрийнх нь үзүүлсэн жишээг дуурайхыг Есүс шавь нартаа уриалахдаа даруу байхыг онцолжээ. Тэрбээр дагалдагчдадаа даруу байхыг нэг бус удаа зөвлөж байсан бөгөөд нисан сарын 14-ний үдэш элч нарынхаа хөлийг угаан даруу гэдгээ биеэрээ үзүүлсэн. Тэгээд: «Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой» хэмээжээ (Иохан 13:14). Дараа нь, элч нартаа дуурайвал зохих жишээ үзүүлснээ хэлсэн. Даруу байхын юутай сайхан жишээ вэ!
3 Элч Паулын бичсэнээр, Есүс дэлхийд ирэхээсээ өмнө «Бурхны мөн чанараар оршин байсан» хэдий ч «Өөрийгөө хоосолж», дорд хүн болсон. Түүгээр зогсохгүй, «үхэлд ч төдийгүй загалмайн [«тарчлаах шон дээрх», ШЕ] үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов» (Филиппой 2:6–8). Орчлонт ертөнцөд Эцгийнхээ л дараа орох эрх мэдэлтэй Есүс тэнгэр элчээс дорд болж, хүний халамж асаргаа зайлшгүй хэрэгтэй хүүхэд болон төрж, төгс бус эцэг эхийн гар дээр өсөж торниод, эцэст нь жигшүүрт гэмт хэрэгтэн лүгээ адил үхэхийг зөвшөөрч гээд бод доо (Колоссай 1:15, 16; Еврей 2:6, 7). Юутай даруу зан бэ! «Христ Есүст байсан тийм бодлыг» дуурайж, даруу зан хөгжүүлэх арга байна уу? (Филиппой 2:3–5). Байна, гэхдээ амаргүй.
4. Хүмүүс юунаас болж бардам болдог вэ? Бардам зан яагаад аюултай вэ?
4 Даруу зан бардам зан хоёр харшилдаг (Сургаалт үгс 6:16–19). Сатан биеэ тоож бардамнаад сүйрэлд хүрсэн (1 Тимот 3:6). Хүний зүрхэнд амархан хурдаг бардам занд нэг л автвал салахад амаргүй. Хүмүүс эх орон, арьс өнгө, эд хөрөнгө, мэдлэг боловсрол, ололт амжилт, нийгэмд эзлэх байр суурь, царай зүс, авъяас чадвар гээд юм юмаараа бардамнадаг. Гэхдээ Еховагийн хувьд энэ бүхнээс нэг нь ч чухал биш ээ (1 Коринт 4:7). Хэрэв эдгээрээс болж бардам болбол Бурхантай тогтоосон харьцаагаа эвдэнэ. «ЭЗЭН хэдийгээр өргөмжлөгдсөн боловч дорд хүнийг харж ханддаг, харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм» (Дуулал 138:6; Сургаалт үгс 8:13).
Итгэл нэгтнүүдийнхээ дунд даруу байх нь
5. Ахлагчид даруу байх нь яагаад чухал бэ?
5 Хаанчлалын үйл хэрэгт хувь нэмэр оруулдаг, сүнслэг амжилт гаргадаг хэмээн бардамнах ёсгүйн адилаар хуралд үүрэг хариуцлага хүлээдэг гээд даруу занг умартах учиргүй (Шастирын дээд 29:14; 1 Тимот 6:17, 18). Харин ч, өндөр хариуцлага хүлээхийн хэрээр даруу байх хэрэгтэй. «Даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болохыг» элч Петр ахлагчдад уриалсан (1 Петр 5:3). Ахлагчдыг ноёрх, захир гэж биш, үйлчилж, үлгэр жишээ бай гэж томилдог (Лук 22:24–26; 2 Коринт 1:24).
6. Христианууд бид амьдралын ямар ямар хүрээнд даруу байх хэрэгтэй вэ?
6 Ганц ахлагчид л даруу байх ёстой юм биш ээ. Залуус өөрсдийгөө ахмад хүмүүстэй харьцуулан, ухааны саруул, биеийн бяраар омгорхож болох юм. Элч Петр залуучуудад: «Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг» хэмээн бичжээ (1 Петр 5:5). Тийм ээ, Христ шиг даруу байх нь бид бүгдэд амин чухал. Тухайлбал, сайн мэдээ дэлгэрүүлж яваад үл тоомсорлосон буюу дайсагнасан өнгөөр ханддаг хүмүүстэй тааралдвал юуны түрүүнд даруу байх хэрэгтэй болдог. Даруу зан дутвал бусдын зөвлөгөөг хүлээж авах юм уу дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлэхийн тулд амьдралаа энгийн болгоход амаргүй. Түүнээс гадна, хэвлэл мэдээллээр гардаг доромжилсон аястай мэдээ, хууль зүйн дайралт, харгис хавчлагыг даруу зан, эр зориг, бат итгэлийг хослуулж байж л тэвчинэ шүү дээ (1 Петр 5:6).
7, 8. Даруу занг ямар ямар аргаар хөгжүүлж болох вэ?
7 Бардам занг ялж, «даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж» сурахад юу туслах вэ? (Филиппой 2:3). Өөрийгөө Еховагийн нүдээр харж сурах хэрэгтэй. Есүс тийм хандлагыг тайлбарлан: «Та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд: „Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн“ гэж хэл» хэмээжээ (Лук 17:10). Есүс бидний чадлаас хол давсан зүйлийг хийсэн ч даруу байсан гэдгийг санаарай.
8 Түүнчлэн, өөртөө зөв хандаж сурахын тулд Еховагаас тусламж гуйх нь зүйтэй. «Би Таны тушаалуудад итгэдэг учраас надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач» хэмээсэн дуулалч шиг залбирч болно (Дуулал 119:66). «Ялгах чадвар» хөгжүүлж, өөртөө дүн нуруутай хандаж сурахад Ехова туслаад зогсохгүй, даруу зангийн маань төлөө шагнана (Сургаалт үгс 18:12). Есүс: «Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно» гэж хэлсэн (Матай 23:12).
Сайн мууд зөв хандах нь
9. Есүс сайн мууд хэрхэн ханддаг байсан бэ?
9 Есүс төгс бус хүмүүсийн дунд 33 жил амьдарсан ч урьдын адил «нүгэлгүй» байсан (Еврей 4:15). Дуулалч Мессиагийн тухай зөгнөхдөө: «Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан» гэж хэлсэн байдаг (Дуулал 45:7; Еврей 1:9). Христианууд энэ талаар ч мөн Есүсийг дуурайхыг чармайдаг. Тэд сайныг муугаас ялгаж мэддэг төдийгүй мууг үзэн ядаж, сайныг хайрладаг (Амос 5:15). Үүний ачаар зүрхнийхээ төрөлхийн нүгэлт хандлагатай амжилттай тэмцдэг (Эхлэл 8:21; Ром 7:21–25).
10. «Бузрыг үйлдчихээд» гэмшдэггүй бол ямар хандлага илэрхийлж байна гэсэн үг вэ?
10 Есүс: «Өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггүй. Харин үйлс нь Бурхны дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг» хэмээн Никодем гэгч фарисайд хэлсэн (Иохан 3:20, 21). Иохан Есүсийг «хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл» гэж тодорхойлсныг анхаарах хэрэгтэй (Иохан 1:9, 10). Тэгэхлээр, Есүсийн хэлснээр, «бузрыг үйлддэг» буюу Бурханд таалагддаггүй, буруу хэрэг хийдэг бол гэрлийг үзэн яддаг гэсэн үг болох нь ээ. Есүсийг болон тогтоосон хэм хэмжээг нь үзэн ядах гэж бодохлоор санаанд нэг л буухгүй байгаа биз. Гэхдээ нүгэл үйлдчихээд гэмшдэггүй хүмүүс, үнэндээ бол, үзэн ядаж байгаа хэрэг юм. Тэд өөрсдөө ингэж бодохгүй байж болох ч, Есүс гарцаагүй тийн үздэг.
Сайн муугийн талаарх Есүсийн хандлагыг хөгжүүлэх нь
11. Сайн муугийн талаарх Есүсийн хандлагыг хөгжүүлэхэд юу чухал үүрэгтэй вэ?
11 Еховагийн нүдэнд юу сайн, юу муу болохыг тодорхой ойлгох шаардлагатай. Бурхны Үгийг судалж байж л тийм ойлголттой болно. Библийг судлахдаа дуулалчийг дуурайн: «ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч» гэж залбирах хэрэгтэй (Дуулал 25:4). Гэхдээ Сатан зальтай гэдгийг бүү мартаарай (2 Коринт 11:14). Тэрбээр муу хэргийн зүсийг хувиргаж, сүнслэг сонор сэрэмж алдсан хүнд сайн юм мэтээр итгүүлдэг. Тиймээс, бид сурч мэдсэнээ гүнзгий эргэцүүлэн бодож, «итгэмжит, ухаалаг боолын» зөвлөгөөг цаг ямагт дагах хэрэгтэй (Матай 24:45–47). Библи судалж, залбирч, эргэцүүлэн бодох нь төлөвшиж, «сайн мууг ялгахад суралцдаг» хүн болоход тусална (Еврей 5:14). Тэгсэн цагт сайныг хайрлаж, мууг үзэн ядах хандлагыг хөгжүүлж чадна.
12. Библийн ямар зөвлөгөө ёс бусыг үйлдэхгүй байхад туслах вэ?
12 Хэрэв бид мууг үзэн яддаг бол ёс бусыг хүсэх явдлаас зүрхээ хамгаалж чадна. Есүсийг үхсэнээс хойш олон жилийн дараа элч Иохан: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм» хэмээн бичсэн (1 Иохан 2:15, 16).
13, 14. а) Ертөнцөд байгаа зүйлийг хайрлах нь христиануудад ямар учраас аюултай вэ? б) Ертөнцөд байгаа зүйлийг хайрладаг болохоос хэрхэн сэргийлэх вэ?
13 Ертөнцийн бүх юм муу биш шүү дээ гэж зарим хүн бодож болох юм. Хэдий тийм байлаа ч, ертөнц болон сэтгэл татам зүйлс нь Бурханд үйлчлэхийг маань амархан болиулчихаж чадна. Биднийг Еховад улам ойртуулах зорилготой юм ертөнцөд ганц ч байхгүй. Тиймээс, ертөнцөд байгаа зүйлийг, тэр байтугай, муу биш зүйлийг хайрладаг болчихвол аюултай зам дээр зогсож байгаа нь тэр (1 Тимот 6:9, 10). Түүнээс гадна, ертөнцийн ихэнх зүйл үнэндээ муу бөгөөд биднийг завхруулах чадалтай. Хүчирхийлэл, өнгө мөнгөний шунал, садар самууныг сурталчилсан кино, телевизийн хөтөлбөр үздэг бол эхэндээ тэдгээрийг жирийн явдал мэт санадаг болж, дараа нь хорхойсон дурлана. Амьдралаа дээшлүүлж, бизнесээ өргөжүүлэхийг л бодож явдаг хүмүүстэй нөхөрлөвөл бид ч бас тийм л зорилгыг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг болох аюултай (Матай 6:24; 1 Коринт 15:33).
14 Үүний оронд, Еховагийн Үгэнд баярладаг бол «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдалд» тэгтлээ их татагдахаа болино. Түүнчлэн, Бурхны Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьдаг хүмүүстэй нөхөрлөвөл тэдэн шиг болж, хайрладгийг нь хайрлаж, зайлсхийдгээс нь зайлсхийнэ (Дуулал 15:4; Сургаалт үгс 13:20).
15. Есүсийн адилаар, мууг үзэн ядаж, сайныг хайрлах нь ямар ач тустай вэ?
15 Мууг үзэн ядаж, сайныг хайрладгийнхаа ачаар Есүс «өмнөө тавигдсан баяр баясгаланг» алдаагүй билээ (Еврей 12:2). Тийм хандлага бидэнд ч бас тусална. «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал өнгөрч байгааг» бид мэддэг. Ертөнцөөс олж болох жаргал цэнгэл зуурдынх байхад «Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» (1 Иохан 2:17). Есүс Бурхны хүсэл тааллыг биелүүлсэн учир хүн төрөлхтөнд мөнхийн амьтай болох боломж нээсэн билээ (1 Иохан 5:13). Бүгдээрээ түүнийг дуурайж, үнэнч үйлсийнх нь ач тусыг хүртэцгээе.
Хавчлагатай тулгарахдаа...
16. Есүс дагалдагчдадаа бие биеэ хайрлахыг уриалсан нь ямар учиртай вэ?
16 Есүс шавь нартаа өөрийг нь дуурайх бас нэг аргыг хэлэн: «Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал» хэмээжээ (Иохан 15:12, 13, 17). Итгэл нэгтнүүдээ хайрлах олон шалтгаан христиан хүнд байдаг. Есүс дээрх үгийг хэлэхдээ ертөнц шавь нарыг нь үзэн ядахыг мэдэж байжээ. Тэрбээр: «Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. Боол эзнээсээ илүү агуу биш... Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» гэж хэлсэн байдаг (Иохан 15:18, 20). Тийм ээ, христиануудыг хавчиж байгаа нь хүртэл Есүсийг хавчиж байсантай адил юм. Энэ үзэн ядалтыг тэвчихийн тулд бие биетэйгээ хайрын дотно, бат бэх холбоо хөгжүүлэх хэрэгтэй.
17. Ямар учраас ертөнц жинхэнэ христиануудыг үзэн яддаг вэ?
17 Ертөнц яагаад христиануудыг үзэн яддаг юм бэ? Тэд, Есүсийн адилаар, «ертөнцийнх биш» учраас тэр (Иохан 17:14, 16). Өөрөөр хэлбэл, улс төр болон цэрэг дайны асуудлаар төвийг сахих байр суурь баримталж, цусыг цээрлэж, ёс суртахууны өндөр хэм хэмжээг эрхэмлэн Бурхны хуулийг мөрддөг (Үйлс 15:28, 29; 1 Коринт 6:9–11). Материаллаг бус, сүнслэг зорилгыг өмнөө тавьдаг. Тэд ертөнцөд амьдардаг ч, Паулын бичсэнээр, «энэ ертөнцийг... бүрэн дүүрнээр ашигладаггүй» (1 Коринт 7:31). Еховагийн Гэрчүүд ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдгийг зарим хүн хүндэтгэдэг нь үнэн. Гэхдээ олноор хүндлүүлж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ямар ч буулт хийдэггүй. Энэ нь ихэнхдээ Гэрчүүдийг үл ойлгох, тэр бүү хэл, заримдаа үзэн ядах шалтгаан болдог.
18, 19. Христианууд Есүсийг дуурайн, эсэргүүцэл хавчлагыг хэрхэн давдаг вэ?
18 Христийг баригдаж, алуулахад элч нар ертөнц өөрсдийг нь хэчнээн их үзэн яддагийг ойлгосон. Есүс энэ их үзэн ядалтыг хэрхэн давж байсныг ч үзсэн. Эсэргүүцэгчид нь Есүсийг баривчлахаар Гетсемани цэцэрлэгт ирдэг. Тэгэхэд Петр илдээ сугалан түүнийг хамгаалах гэтэл Есүс: «Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө» гэж хэлдэг (Матай 26:52; Лук 22:50, 51). Эрт цагт израильчууд дайсныхаа эсрэг илд далайдаг байсан ч тэр цаг улиран одсон байлаа. Бурхны Хаанчлал «ертөнцийнх биш» учир зэвсгийн хүчээр хамгаалах хил хязгаар гэж үгүй (Иохан 18:36). Петр ч удалгүй тэнгэрийн иргэний харьяалалтай, сүнслэг үндэстний гишүүн болох байв (Галат 6:16; Филиппой 3:20, 21). Ийнхүү Есүсийн дагалдагчид тэр үеэс үзэн ядалт, хавчлагыг, Эзнийхээ адилаар, эр зоригтой басхүү эвээр даван туулах ёстой болжээ. Тэд байдал яаж эргэхийг Еховагийн мэдэлд үлдээж, түүнд найдан, тэвчих хүч авах хэрэгтэй байв (Лук 22:42).
19 Олон жилийн дараа Петр: «Та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. [...] Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовлон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа» хэмээн бичжээ (1 Петр 2:21–23). Яг л Есүсийн урьдчилан хэлснээр, христианууд харгис хавчлагатай тулгардаг болсон. І зуунд ч, ХХІ зуунд ч тэд Есүсийн жишээг дуурайн, Бурханд үнэнч байдлаа энхийн замаар хадгалдаг гэдгээ харуулан, тэвчээрийн гайхамшигтай жишээ болсон (Илчлэлт 2:9, 10). Шаардлагатай үед бид ч дор бүрнээ тийм байцгаая (2 Тимот 3:12).
«Эзэн Есүс Христийг өөртөө өмс»
20-22. Христианууд «Эзэн Есүс Христийг өмсдөг» гэж юу гэсэн үг вэ?
20 Паул Ром хотын хуралд: «Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга» хэмээн бичжээ (Ром 13:14). Христианууд Есүсийг хувцас мэт «өмсөх» ёстой ажээ. Тэд төгс бус ч Эзнээ чадах чинээгээрээ тусгахын тулд зан чанар, үйл хэргийг нь дуурайхыг чармайдаг (1 Тесалоник 1:6).
21 Хэрэв Эзнийхээ амьдрал замналын тухай мэддэг болж, тэр ёсоор амьдрахыг хичээвэл Есүс Христийг «өмсөж» чадна. Бид Эзнээ дуурайн, сайныг хайрлахын зэрэгцээ мууг үзэн ядаж, итгэл нэгтнүүдээ хайрлаж, зовлонг тэвчин, даруу зан хөгжүүлж, «ертөнцийнх биш» байж, «хүсэл тачаалынх нь талаар махан биеэ юугаар ч хангадаггүй». Өөрөөр хэлбэл, ертөнцийн хүмүүсийнх шиг зорилго юм уу махан биеийнхээ хүслийг биелүүлэх явдлыг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаггүй. Харин ч, алив шийдвэр гаргаж, асуудлыг шийдэхдээ: «Есүс миний оронд байсан бол яах байсан бол оо? Намайг ямар шийдвэр гаргаасай гэж хүсэх байсан бол?» хэмээн өөрсдөөсөө асуудаг.
22 Эцэст нь, «сайн мэдээг тунхаглах» ажил хийж завгүй байдаг маань бас л Есүсийг дуурайж байгаа хэрэг билээ (Матай 4:23; 1 Коринт 15:58). Үүгээрээ ч христианууд Есүсийн үзүүлсэн жишээг дуурайдаг. Чухам яаж гэдгийг нь дараагийн өгүүллээр хэлэлцье.
Та тайлбарлаж чадах уу?
• Христиан хүн даруу байх нь ямар учраас чухал бэ?
• Сайн мууд зөв хандаж сурахад юу туслах вэ?
• Христианууд эсэргүүцэл, хавчлагыг давахдаа Есүсийг хэрхэн дуурайдаг вэ?
• «Эзэн Есүс Христийг өмсдөг» гэж юу гэсэн үг вэ?
[Догол мөрийн асуулт]