Skip to content

Гарчиг руу орох

Ехова ямагт зөв юм хийдэг

Ехова ямагт зөв юм хийдэг

Ехова ямагт зөв юм хийдэг

«ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга» (ДУУЛАЛ 145:17).

1. Хүн таны талаар буруу дүгнэлт хийвэл танд ямар санагдах вэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ?

 ХЭН НЭГ ХҮН бодит байдалтай бүрэн танилцаагүй мөртлөө хийсэн үйлдсэн, санасан бодсонд тань эргэлзээд, таныг буруу ойлгож байсан удаа бий юү? Хэрэв байсан бол та лав гомдоо биз ээ. Ингэх нь ч аргагүй юм. Эндээс нэг чухал сургамж авууштай. Юу гэвэл, алив асуудлын нарийн учрыг бүрэн сайн мэдээгүй байж яаран дүгнэлт хийхээс зайлсхийх нь ухаалаг хэрэг болно.

2, 3. Бүх асуултын хариулт болчихоор хангалттай нарийн ширийн зүйл байдаггүйгээс зарим хүн Библид бичсэн мэдээлэлд хэрхэн ханддаг вэ? Гэвч Библид Еховагийн талаар юу гэж байдаг вэ?

2 Бид Ехова Бурхны талаар дүгнэлт хийх гэж байгаа бол дээрх сургамжийг бүр ч сайн санах нь зүйтэй. Учир нь Библийн зарим үйл явдлыг уншихад эхэндээ ээдрээтэй санагддаг. Жишээ нь, Еховаг шүтдэг хүний юм уу Бурхны өөрийнх нь хийсэн хэрэг явдлын тухай тэр хэсэгт бүх асуултын маань хангалттай хариулт болохоор нарийн ширийн зүйл байхгүй байж мэднэ. Зарим хүн ийм юманд шүүмжлэлтэй хандахаар барахгүй Бурхныг зөв, шударга эсэхэд эргэлздэг нь тоогүй. Гэсэн ч Библи бидэнд Бурхны талаар: «ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга» гэж хэлдэг (Дуулал 145:17). Бас «хорон муугаар үйлдэхгүй» гэж баталдаг (Иов 34:12; Дуулал 37:28). Тэгэхлээр, хүмүүс өөрийг нь буруу дүгнэхэд Бурханд ямар санагдахыг бодоод үз дээ!

3 Одоо эхлээд, Еховагийн шийдвэрийг зөв, шударга гэж үзэх хэрэгтэйн таван шалтгааныг авч хэлэлцээд, тогтоож авъя. Дараа нь, ойлгоход хэцүү байж болох, Библид гардаг хоёр үйл явдлыг үзье.

Еховагийн шийдвэрийг зөв, шударга гэж үзэхийн учир юу вэ?

4. Бурхны үйл хэргийг дүгнэж цэгнэхдээ ямар учраас даруухан байх хэрэгтэй вэ? Жишээгээр тайлбарлана уу.

4 Нэгдүгээр шалтгаан нь, Ехова хэрэг явдалд хамаатай бүх асуудлыг мэддэг байхад бид мэддэггүй. Тийм учраас Бурхны үйл хэргийг дүгнэж цэгнэхдээ даруухан байх хэрэгтэй. Жишээ авъя. Үнэнч шударгаараа алдартай нэг шүүгч хэрэг шийджээ гэж бодъё. Гэтэл уг хэрэгт хамаатай бүх асуудалтай сайн танилцаагүй, хууль сайн мэддэггүй нэг хүн шүүгчийн шийдвэрийг шүүмжлээд байвал та юу гэж бодох вэ? Нарийн учрыг баттай мэдээгүй мөртлөө тийнхүү шүүмжлэх нь мунхаг хэрэг биз дээ (Сургаалт үгс 18:13). Тэгвэл «газар дэлхийн Шүүгчийг» өчүүхэн хүмүүс шүүмжлэх нь бүр ч мунхаг бус уу! (Эхлэл 18:25).

5. Зарим хүний талаар Бурхны гаргасан шийдвэрийг Библиэс уншихдаа юу санах хэрэгтэй вэ?

5 Бурхан хүний зүрхийг хардгаараа хүнээс ялгаатай. Энэ бол Бурхны гаргасан шийдвэрийг зөв, шударга гэж үзэх хэрэгтэйн хоёр дахь шалтгаан юм (1 Самуел 16:7). Бурхны Үгэнд: «ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм» гэж бий (Иеремиа 17:10). Тиймээс, хэн нэгний талаар Бурхан ямар шийдвэр гаргасныг уншихдаа тэр хүний бодол санаа, сэтгэл мэдрэмж, хүсэл эрмэлзэл Библид бичигдээгүй ч бүхнийг харагч Еховагийн мэлмийнээс нууцлагдаагүйг мартахгүй байя (Шастирын дээд 28:9).

6, 7. а) Асар их үнэ төлөх байлаа ч шударга, зөв хэм хэмжээгээ сахидгаа Ехова хэрхэн харуулсан бэ? б) Бурхан шударга, зөв юм хийсэн эсэхэд эргэлзээ төрмөөр зүйл Библиэс уншвал юу санах хэрэгтэй вэ?

6 Еховагийн шийдвэрийг зөв, шударга гэж үзэх хэрэгтэйн гурав дахь шалтгааныг авч үзье. Тэрбээр асар их үнэ төлөх байлаа ч зөв, шударга хэм хэмжээгээ чанд баримталдаг. Тухайлбал, Ехова өөрт нь дуулгавартай хүмүүсийг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд Хүүгээ золиос болгож өгсөн нь зөв, шударга хэм хэмжээгээ сахисан хэрэг байсан (Ром 5:18, 19). Тэгэхдээ хайртай Хүүгээ, шонд хадуулан тарчлан үхэхийг хараад асар их шаналсан нь гарцаагүй. Энэ явдал Бурхны талаар юу хэлж байна вэ? Христ Есүсийн төлсөн золиосыг Библид: «[Бурхан] Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан» гэж тайлбарладаг (Ром 3:24–26). Библийн өөр нэг орчуулгад Ром 3:25-ыг: «Бурхан ямагт зөв, шударга юм хийдгийг энэ явдал харуулсан» гэж хөрвүүлжээ («New Century Version»). Тийм ээ, Ехова золиос төлөхийн тулд хайртай Хүүгээ өгсөн нь «зөв, шударга юмыг» хамгийн дээдээр эрхэмлэн хүндэтгэдгийн баталгаа юм.

7 Тэгэхлээр, Бурхан шударга, зөв юм хийсэн эсэхэд эргэлзээ төрмөөр зүйл Библиэс уншвал, Ехова шударга, зөв хэм хэмжээгээ үнэнчээр баримталдаг учраас Хүүгээ ч харамлалгүй өгч, үхүүлснийг санах хэрэгтэй. Тэгвэл бусад асуудлаар уг хэм хэмжээгээ зөрчих байсан гэж үү? Ехова шударга, зөв хэм хэмжээгээ хэзээ ч зөрчдөггүй. Тийм учраас, ямагт зөв, шударга юм хийдэгт нь бүрэн итгэх хангалттай шалтгаан бидэнд байна (Иов 37:23).

8. Еховад шударга чанар, зөв сэтгэл ямар нэг хэмжээгээр дутагдаж байна даа гэж бодох нь ямар учраас огт авцалдаагүй хэрэг вэ?

8 Еховагийн шийдвэрийг зөв, шударга гэж үзэх хэрэгтэйн дөрөв дэх шалтгаан нь, Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэнд оршино (Эхлэл 1:27). Тиймээс, Бурхан хүмүүст шударга, зөв сэтгэл гэх мэт чанараа шингээжээ. Шударга, зөв сэтгэл маань бидэнд, яг ийм чанар Еховад ямар нэг хэмжээгээр дутагдаж байгаа мэтээр санагдуулбал энэ нь огт авцалдаагүй зүйл болно. Хэрэв Библийн зарим нэг үйл явдал маргаантай юм шиг санагдвал удамшин дамжсан нүглийн улмаас бидний шударга, зөв сэтгэл төгс бус байдгийг санах хэрэгтэй. Биднийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн Еховагийн шударга чанар, зөв байдал нь төгс билээ (Дэд хууль 32:4). Хүнийг Бурхнаас илүү шударга, зөв гэж үзэх нь үнэхээр утгагүй! (Ром 3:4, 5; 9:14)

9, 10. Ехова юу хийснээ хүмүүст тайлбарлаж, тайлагнах албагүйн учир юу вэ?

9 Еховагийн шийдвэрийг зөв, шударга гэж үзэх хэрэгтэйн тав дахь шалтгаан бол тэрбээр «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» билээ (Дуулал 83:18). Тийм ч учраас, хийсэн юмаа хүмүүст тайлбарлаж, тайлагнах албагүй. Ехова бол Агуу Ваарчин, харин бид сав хийдэг шавартай адил учраас биднийг яахаа тэр өөрөө мэддэг (Ром 9:19–21). Тэгэхлээр, гарынх нь бүтээл бид гаргасан шийдвэр, хийсэн үйлсэд нь эргэлзэх хэн юм бэ? Хүн төрөлхтөнд хийсэн Бурхны үйлсийн талаарх Иовын буруу ойлголтыг засахын тулд Ехова: «Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?» гэж асуусан. Тэгэхэд нь Иов буруу ойлгоод ярьж байснаа зөвшөөрч, гэмшдэг (Иов 40:8; 42:6). Иймд Бурхныг буруутган алдаа гаргахгүй байхыг ямагт хичээцгээе!

10 Еховаг ямагт зөв юм хийдэгт итгэх үнэмшилтэй шалтгаануудыг бид сая мэдэж авлаа. Үүндээ тулгуурлаад, Библид тэмдэглэгдсэн, ээдрээтэй гэгдэх хоёр явдлыг үзье. Нэг нь Бурхны үйлчлэгчийн, нөгөө нь Бурхны өөрийнх нь үйлдэлтэй холбоотой.

Лот хилэн бадарсан эрчүүдэд охидоо өгөх гэсний учир юу вэ?

11, 12. а) Бурхны явуулсан тэнгэр элчүүдийг Содомд ирэхэд юу болдог вэ? б) Энэ тухай уншсан зарим хүн юу гэж асуудаг вэ?

11 «Эхлэл» номын 19-р бүлэгт Бурхны илгээсэн, хүний биетэй болж хувирсан хоёр тэнгэр элчийг Содомд ирэхэд юу болсон тухай гардаг. Лот тэднийг ятгасаар, гэртээ хонуулахаар болжээ. Гэтэл тэр шөнө хотын эрчүүд бөөнөөрөө ирж, гэрийг нь бүслээд, айлчдаа гаргаж өгөхийг шаардсан нь садар самуун үйлдэх зорилготой байлаа. Лот тэдэнд учир байдлыг ойлгуулахыг хичээсэн боловч бүтсэнгүй. Зочдоо хамгаалах гэж оролдон: «Ах дүү нар минь ээ! Ийм муухай зүйл битгий хийгээрэй! Надад эр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар хүссэнээрээ тэднийг эдэл! Харин энэ хүмүүс миний гэрт ирсэн учир тэдэнтэй юу ч битгий хийгээрэй» гэж хэлэхийг нь ч сонссонгүй, харин бүр хаалгыг нь эвдэх гэжээ. Эцэс сүүлд нь мөнөөх тэнгэр элчүүд улангассан эрчүүдийг хараагүй болгожээ (Эхлэл 19:1–11).

12 Энэ түүх зарим хүний гайхлыг төрүүлдэг нь ойлгомжтой. Тэд: «Лот зочдоо хамгаалах гэж оролдохдоо хуял тачаалдаа автсан эрчүүдэд охидоо өгөхийг зүрхэлж яаж чадав аа? Буруу юм хийж, хулчгар зан гаргасан юм биш үү?» гэж асуудаг. Гэтэл Бурхан Петрт онгод оруулан, Лотыг «зөвт хүн» гэж бичүүлсэн нь ямар учиртай вэ? Лотын тэр явдлыг Бурхан сайшаасан хэрэг үү? (2 Петр 2:7, 8) Буруу дүгнэлт хийхгүйн тулд энэ асуудлыг нухацтай бодоцгооё.

13, 14. а) Библид бичсэн Лотын явдлын талаар юуг анхаарч үзэх хэрэгтэй вэ? б) Лот огтхон ч хулчийгаагүйг юу харуулдаг вэ?

13 Библид Лотын тэр явдлыг зүгээр л бичсэнээс бус зөвтгөсөн, буруутгасан юм байхгүйг юуны түрүүнд мэдэх хэрэгтэй. Лот юу бодож, ямар санаатай байсан талаар ч байдаггүй. Юутай ч, «зөвт... хүмүүс... амилах» цагт дахин амилаад тэр бүх нарийн ширийнийг өөрөө ярих биз ээ (Үйлс 24:15).

14 Лотыг хулчгар хүн гэж хэлж яавч боломгүй. Тэрбээр хүнд байдалд орчихоод байсан. Айлчдыг «миний гэрт ирсэн» гэж хэлсэн нь тэднийг харж хамгаалах үүргээ ухамсарлаж байсан хэрэг юм. Гэхдээ ингэх амархан байгаагүй ажээ. Иудейн түүхч Иосеф содомчуудыг «хүмүүст шударга бусаар ханддаг, Бурханд огт сүсэглэдэггүй, ...гаднын хүмүүсийг үзэн яддаг, гаж явдлаараа өөрсдийгөө бузарласан» байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Тийм хэдий ч, Лот зэвүүцсэн олноос айж хулчийгаагүй. Харин ч гарч ирээд, тэдэнд учир байдлыг ойлгуулахыг оролдсон. Тэр ч бүү хэл, «хаалгаа араасаа хаасан» байдаг (Эхлэл 19:6).

15. Лот Еховад найдаж байсан гэж хэлж болохын учир юу вэ?

15 «Гэхдээ л охидоо тэдэнд өгөх гэсэн нь ямар учиртай юм бэ?» гэж хэн нэг нь асууж болох юм. Түүнийг муу санаатай байжээ гэж бодохынхоо оронд байж болох зарим хувилбарыг авч үзвэл ямар вэ? Юуны өмнө, Лот ийм алхам хийхдээ Еховад найдаж байсан байж болох юм. Яагаад тэгж хэлж болох вэ? Авга ах Абрахамынх нь эхнэр Сараг Ехова хэрхэн хамгаалсныг мэдэж байсан нь эргэлзээгүй. Тэр явдлыг саная. Сара маш үзэсгэлэнтэй эмэгтэй байсан учраас египетчүүд түүнийг авахын тулд өөрийг нь ална байх гэж айсандаа Абрахам өөрийгөө ах нь гэж хэлүүлэхийг хүсжээ. * Сара фараоны ордонд хүргэгддэг ч эхнэрээ болгоход нь Ехова фараонд саад болж, болиулдаг (Эхлэл 12:11–20). Тийм учраас, охидыг нь ч бас тэгж хамгаална гэж Лот найдаж байсан ч юм бил үү. Тэгээд ч, Ехова тэнгэр элчүүдээрээ дамжуулан тэр үйл хэрэгт оролцож, бүсгүйчүүдийг хамгаалсан билээ.

16, 17. а) Лот Содомын эрчүүдийг хүнд байдалд оруулж, тэвдүүлж сандаргахыг оролдохдоо юунд найдаж байсан байж болох вэ? б) Лотын санаа бодол ямар ч байлаа гэсэн, бид юунд итгэлтэй байж болох вэ?

16 Өөр нэг хувилбар авч үзье. Лот тэр эрчүүдийг хүнд байдалд оруулахыг ч юм уу эсвэл тэвдүүлж сандаргахыг оролдсон байж болох юм. Тэд ижил хүйстэнтэйгээ явалддаг тул охидод нь санаархахгүй гэдэгт итгэж байсан байж магадгүй (Иуда 7). Түүнээс гадна, хоёр охин нь тэр хотын эрчүүдтэй сүй тавьсан байсан учраас ирээдүйн хүргэдийнх нь төрөл садан, найз нөхөд, ажил хэргийн түншүүд тэдний дунд байсан байж болох талтай (Эхлэл 19:14). Ийм холбоотой эрчүүд охидыг нь өмгөөлнө гэж найдаж байсан байх. Тэгээд, цугласан эрчүүд дотроо хагаралдвал тийм ч их аюул учруулахгүй байсан болов уу. *

17 Лот юу ч гэж бодож, ямар ч санаатай байсан, бид нэг зүйлд итгэлтэй байж болно. Юу гэвэл, Ехова ямагт зөв юм хийдэг учраас Лотыг «зөвт хүн» гэж үзэх бүрэн үндэс байсан байж таарна. Мөн тэр эрчүүдийн галзуу солиотой юм шиг явдлыг шүүн үзвэл Ехова ёс бус хотынхныг шийтгэсэн нь туйлын зөв гэдэгт эргэлзэх хэрэг байна уу? (Эхлэл 19:23–25).

Ехова Уззаг үхүүлсний учир юу вэ?

18. а) Давид гэрээний авдрыг Иерусалимд аваачих гэж оролдох үед юу болсон бэ? б) Энэ явдлаас ямар асуулт урган гардаг вэ?

18 Ээдрээтэй мэт санагдам өөр нэг түүх бол Давид гэрээний авдрыг Иерусалимд аваачих гэж оролдсон тухай юм. Авдрыг тэргэнд ачаад, Узза Ахио хоёр тэргийг хөтөлж явжээ. Библид: «Тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурхны авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав. ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурхны авдрын дэргэд үхэв» гэж бичсэн байдаг. Харин хэдэн сарын дараа авдрыг Бурхны заасан ёсоор Кохатын удмын левичүүд мөрөн дээрээ авч явснаар хоёр дахь оролдлого амжилттай болжээ (2 Самуел 6:6, 7; Тооллого 4:15; 7:9; Шастирын дээд 15:1–14). «Ехова яагаад тийм хатуу хандаж байгаа юм бэ? Узза авдрыг хамгаалах л гэсэн шүү дээ» гэж зарим хүн хэлж магадгүй. Буруу дүгнэлт хийхгүйн тулд уг түүхийг дэлгэрэнгүй ярилцъя.

19. Ехова яагаад шударга бус юм хийж чаддаггүй вэ?

19 Ехова «бурууг» буюу шударга бус юм хийж чаддаггүйг санах хэрэгтэй (Иов 34:10). Чадлаа гэхэд хатуу сэтгэл гаргасан хэрэг болох байсан. Гэтэл «Бурхан бол хайр» гэдгийг бид Библи судлаад мэддэг болсон шүү дээ (1 Иохан 4:8). Түүнээс гадна, Судар бидэнд: «Зөв шударга ба шударга ёс бол [Бурхны] сэнтийн суурь» гэж хэлдэг (Дуулал 89:14). Тэгэхлээр Ехова шударга бус юм хийж ер чадна гэж үү? Хэрэв тэгвэл эрх мэдлийнхээ үндэс суурийг үгүй хийх байсан.

20. Узза авдарт хамаатай дүрэм журмыг ямар учраас мэддэг байсан байх учиртай вэ?

20 Узза Мосегийн хуулийг сайн мэддэг байсан байх учиртай. Гэрээний авдар Еховагийн оршихуйг төлөөлдөг байв. Авдарт хүрэх эрхтэй хүмүүсийн талаар Хуульд тодорхой заасан байсан бөгөөд эрхгүй атлаа хүрсэн хүн үхэх ялтай байжээ (Тооллого 4:18–20; 7:89). Тийм учраас, тэрхүү ариун авдрыг зөөнө гэдэг хайнга хандах юм биш байв. Узза тахилч биш ч леви хүн байсан нь үзтэл илт тул Мосегийн хуулийг маш сайн мэддэг байх учиртай. Мөн үүний зэрэгцээ, гэрээний авдрыг олон жилийн өмнө Уззагийн эцгийн гэрт хадгалуулахаар аваачсан байсан (1 Самуел 6:20–7:1). Тэнд, уг авдар Давидыг авч явах хүртэл 70 жил болсон байв. Тиймээс, Узза авдарт хамаатай дүрэм журмыг багаасаа мэддэг байсан байх ёстой.

21. Уззад тохиолдсон явдлаас үзэхэд, Ехова зүрхийг хардаг гэдгийг санах нь яагаад чухал бэ?

21 Ехова хүний зүрх сэтгэлийг хардаг гэж дээр өгүүлсэн билээ. Өөрийнх нь Үгэнд Уззагийн үйлдлийг «хүндэтгэлгүй байдал» гэснээс үзэхэд Библид тодорхой бичигдээгүй хувиа хичээсэн хандлагыг нь Ехова тэр хүний зүрхнээс харсан биз ээ. Узза ёс журмыг зөрчимтгий, бардам зантай хүн байсан ч юм бил үү? (Сургаалт үгс 11:2). Эсвэл гэрийнхнийхээ харж хамгаалж байсан авдрыг олон түмний нүдэн дээр авч яваагаа их юманд бодож, өөрийгөө хэт өргөмжилсөн ч байж болох (Сургаалт үгс 8:13). Эсвэл Еховаг өөрийнхөө оршихуйг бэлэгдэж байсан ариун авдрыг барьж тогтоох хүчгүй гэж боддог, тийм итгэл багатай байсан ч байж мэднэ. Аль нь ч байлаа гэсэн, бид Еховаг зөв юм хийсэн гэдэгт итгэлтэй байж болно. Тэрбээр үтэр түргэн шийтгэх шаардлагатай ямар нэг зүйлийг Уззагийн зүрхнээс олж харсан л байх (Сургаалт үгс 21:2).

Итгэлтэй байх бүрэн үндэс

22. Библид заримдаа нарийн ширийн зүйлийг бичээгүй байдгаас Еховагийн мэргэн ухаан хэрхэн харагддаг вэ?

22 Библид заримдаа нарийн ширийн зүйлийг бичээгүй байдаг нь Еховагийн энгүй мэргэн ухааныг харуулдаг. Тэрбээр өөрт нь итгэдгээ батлах боломжийг ийм маягаар бидэнд өгдөг. Энд хэлэлцсэн зүйлээс үзэхэд, Еховагийн шийдвэрийг зөв, шударга гэж үзэх хангалттай шалтгаан байгаа биз дээ? Тийм ээ, Бурхны Үгийг чин зүрх, гэгээн оюунаар толилон судалбал Еховаг ямагт шударга бөгөөд зөв юм хийдэгт итгэлтэй байх улам өргөн мэдлэгтэй болно. Тиймд, Библид бичсэн зарим зүйл ээдрээтэй санагдаад, тодорхой хариу шууд олж чадахгүй бол Ехова тэр үед зөв юм хийсэн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байя.

23. Еховагийн ирээдүйд хийх үйл хэргийн талаар юунд итгэлтэй байж болох вэ?

23 Еховагийн ирээдүйд хийх үйл хэрэгт ч мөн тийнхүү итгэлтэй байж болно. Тэрбээр айсуй агуу их гай гамшгийн үеэр хүмүүсийг шүүхээр ирэхдээ «зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгахгүй» (Эхлэл 18:23). Тэрбээр зөв, шударгыг хайрладаг учраас тийм юм хэзээ ч хийхгүй. Удахгүй болох шинэ ертөнцөд Бурхан бидний бүх хэрэгцээг дээд зэргээр хангана гэдэгт ч бас бүрэн итгэлтэй байж болно (Дуулал 145:16).

[Зүүлт]

^ Абрахамын болгоомжлол үндэслэлтэй байв. Эртний нэг гар бичмэлд үзэсгэлэнтэй эмэгтэйг авч, нөхрийг нь алахыг цэргүүддээ тушаадаг байсан фараоны тухай бичжээ.

^ Нэмэлт мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1979 оны 12-р сарын 1-ний дугаарын 31-р хуудаснаас авч болно (англи).

Та санаж байна уу?

• Бид ямар ямар шалтгааны улмаас Еховагийн гаргасан шийдвэрийг зөв, шударга гэж үзэх хэрэгтэй вэ?

• Хилэн бадарсан эрчүүдэд охидоо өгөх гэсэн Лотыг буруу ойлгохгүй байхад юу туслах вэ?

• Ехова Уззаг ямар учраас үхүүлснийг ойлгоход юу туслах вэ?

• Еховагийн ирээдүйд хийх үйл хэргийн талаар юунд итгэлтэй байж болох вэ?

[Догол мөрийн асуулт]