«Их үнэтэй сувдны» төлөө явж байна
«Их үнэтэй сувдны» төлөө явж байна
«Хаанчлалын энэхүү сайн мэдээ... гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана» (МАТАЙ 24:14).
1, 2. а) Есүсийн үед иудейчүүд Бурхны Хаанчлалын талаар юу гэж боддог байсан бэ? б) Есүс шавь нартаа Хаанчлалын тухай зөв ойлгуулахын тулд яасан бэ? Үр дүн нь ямар байсан бэ?
ЕСҮСИЙГ дэлхийд байхад иудейчүүдийн дунд Бурхны Хаанчлал хамгийн сонирхолтой сэдэв байлаа (Матай 3:1, 2; 4:23–25; Иохан 1:49). Гэвч эхэндээ тэдний ихэнх нь тэр Хаанчлалын цар хүрээ, эрх мэдлийг бүрэн ухаараагүй, тэнгэрийн засгийн газар болохыг нь ч ойлгоогүй байсан (Иохан 3:1–5). Тэр ч байтугай, Есүсийн зарим дагалдагч Бурхны Хаанчлал гэж чухам юу болох, Христтэй хамт захирах завшаан олж авахын тулд яах ёстойгоо ч гүйцэд ойлгоогүй байв (Матай 20:20–22; Лук 19:11; Үйлс 1:6).
2 Есүс шавь нартаа олон зүйлийг тэвчээртэй заасаар байв. Түүний дотор, өмнөх өгүүлэлд үзсэн, их үнэтэй ширхэг сувдны тухай ёгт үлгэр ордог. Тэнгэрийн Хаанчлалын төлөө явахад биеэ дайчлах нь чухал гэдгийг уг ёгт үлгэрээр ойлгуулахыг зорьжээ (Матай 6:33; 13:45, 46; Лук 13:23, 24). «Үйлс» номд бичсэнээр, шавь нар нь тун удалгүй Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхийн хязгаар хүртэл няцаж буцалгүй, эрэлхэг зоригтой дэлгэрүүлэх болсноос үзвэл Есүсийн зааж сургасан бүхэн тэдний зүрх сэтгэлд гүн хүрсэн нь илэрхий (Үйлс 1:8; Колоссай 1:23).
3. Есүс Хаанчлалын талаар бидний цаг үетэй холбогдуулан юу гэж хэлсэн бэ?
3 Тэгвэл өнөөдрийн тухайд юу хэлж болох вэ? Хаанчлалын удирдлага дор диваажин дэлхийд амьдрах боломж байдаг тухай мэдээг олон сая хүнд тунхаглаж байна. Есүс «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн» тухай агуу зөгнөлдөө: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж хэлсэн (Матай 24:3, ШЕ, 14; Марк 13:10). Энэ их ажлыг хийхэд хүнд хэцүү нөхцөл байдал, бэрхшээл зовлон, тэр байтугай, мөрдлөг хавчлага тулгарахыг ч сануулсан. Гэлээ ч, «[төгсгөл] хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэсэн баталгаа өгчээ (Матай 24:9–13). Тэгж тэвчихийн тулд Есүсийн ярьсан ёгт үлгэрийн худалдаачин шиг, өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлэхийн хамт үнэнч байх шаардлагатай болдог. Тэгвэл Хаанчлалын төлөө тийнхүү итгэл найдвар, хичээл зүтгэлтэй явдаг хүмүүс өнөөдөр бий юү?
Үнэнийг олохын баяр баясгалан
4. Хаанчлалын тухай үнэн өнөөдөр хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?
4 Есүсийн ёгт үлгэрийн худалдаачин «их үнэтэй ширхэг сувдыг олж», таниад хөл нь газар хүрэхгүй баярласан. Тийн баярласандаа сувдыг өөрийн болгохын тулд чадах бүхнээ хийсэн (Еврей 12:1). Өнөөдөр ч бас Бурхан болон Хаанчлалын тухай үнэн хүмүүсийг татаж, тэдэнд нөлөөлдөг. Энэ нь, Бурхныг хэрхэн хайж, хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг мэдэж авсан тухайгаа нэг номдоо бичсэн Александр Макмиллан ахын үгийг санагдуулдаг («Faith on the March»). Тэрбээр: «Миний олсон зүйлийг жил бүр олон мянган хүн олсоор байна. Тэд бол үндэс угсаа, арьс өнгө, зэрэг зиндаа, нас сүүдэр нь харилцан адилгүй ч та бидэн шиг л хүмүүс. Үнэн хэнийг ч алаг үзэлгүй, ямар ч үндэс гарлын хүмүүсийг татдаг юм» гэж бичжээ.
5. 2004 оны үйлчлэлийн жил хэр зэрэг амжилт бүтээлтэй байсан бэ?
5 Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг жилийн жилд чин сэтгэлтэй олон зуун мянган хүн зүрх сэтгэлээрээ хүлээн авч, үүний дүнд Еховад өөрсдийгөө зориулж, хүсэл тааллыг нь биелүүлэх үйлсэд оролцож байгаагаас дээрх үгийн үнэн болох нь харагддаг. 2003 оны есдүгээр сараас 2004 оны наймдугаар сарыг дуустал буюу 2004 оны үйлчлэлийн жилд ч мөн тийм байсан. Энэ хугацаанд 235 оронд 262 416 хүн Еховад өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулж, баптисм хүртсэн билээ. Тэдгээр оронд Еховагийн Гэрчүүд олон үндэс угсаа, овог аймаг, хэл аялгуутай, нийгмийн бүхий л давхаргын хүмүүст Бурхны Үгийн амь өгөгч үнэнийг хүлээж авахад нь тусалж, Библийн 6 085 387 хичээлийг долоо хоног тутам явуулж байна (Илчлэлт 7:9).
6. Еховагийн Гэрчүүдийн тоо жил бүр тогтвортой өсөж буй нь юуны ач вэ?
6 Юуны ачаар ийм их амжилтад хүрэв ээ? Ехова «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүсийг» өөртөө татдаг нь ойлгомжтой (Иохан 6:65; Үйлс 13:48, ШЕ). Гэхдээ, Хаанчлалын төлөө явдаг хүмүүсийн цуцашгүй оролдлого, өөрийгөө золиослох сэтгэлгээг дутуу үнэлэх аргагүй. Макмиллан ах 79 настай байхдаа: «Өвдөж, үхэж байгаа хүн төрөлхтөнд өгсөн Бурхны амлалтыг анх мэдсэн цагаас хойш Библийн мэдээнд найдах найдвар минь өчүүхэн төдий ч бөхөөгүй юм. Тэр үед би шууд л, Төгс хүчит Бурхан Еховагийн тухай, хүн төрөлхтний талаарх гайхамшигт санаа зорилгынх нь тухай мэдлэг олж авахыг хичээдэг өөр шигээ хүмүүст туслахын тулд Библийн сургаалыг илүү сайн мэдэхээр шийдсэн» гэж бичжээ.
7. Библийн үнэнийг олсон хүмүүсийн идэвх зүтгэл, баяр баясгаланг илтгэх ямар жишээ байна вэ?
7 Ийм их идэвх зүтгэлийг өнөөдөр ч Еховагийн үйлчлэгчдээс харж болно. Даниела гэдэг австри эгчийг жишээ болгон авъя. Тэрбээр: «Бүр бага байхаас минь л Бурхан миний хамгийн сайн анд нөхөр байсан. Зүгээр „Бурхан“ гэхлээр миний хувьд нэг л хөндий санагддаг байсан учраас нэрийг нь мэдэх юмсан гэж дандаа боддог байж билээ. Харин намайг бүр 17 нас хүрсэн хойно Еховагийн Гэрчүүд манай хаалгыг тогшсон юм. Тэд Бурхны тухай мэдэх гэсэн бүхнийг минь тайлбарлаж өгсөн. Ингээд эцэст нь үнэнийг олоход ямар сайхан байсан гэж санана! Сэтгэл зүрх минь баяр хөөрөөр цалгиж, бараг хүн болгонд дэлгэрүүлж эхэлж билээ» гэж ярьсан юм. Түүний тэр их урам зориг, хүсэл тэмүүллийг удалгүй ангийнх нь хүүхдүүд дооглон тохуурхах болжээ. Даниела цааш нь: «Гэсэн ч энэ бол миний хувьд Библийн зөгнөл биелж байгаа хэрэг байсан. Яагаад гэвэл, Есүс дагалдагчдадаа өөрийнх нь нэрээс болж үзэн ядагдаж, хавчигдах болно гэж хэлснийг би мэдэж байсан. Энэ нь миний хувьд үнэхээр гайхалтай явдал байсан бөгөөд би их баяртай байлаа» хэмээн ярьсан юм. Тэрбээр удалгүй Еховад өөрийгөө зориулан баптисм хүртэж, миссионерээр үйлчлэх зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээдэг болжээ. Гэрлэснийхээ дараа нөхөр Хелмютийн хамт, Венад амьдардаг африк, хятад, филиппин, энэтхэг хүмүүст дэлгэрүүлэх болсон байна. Эдүгээ тэд баруун өмнөд Африкт миссионерээр үйлчилж байна.
Тэд шантардаггүй
8. Олон хүн Бурханд хайртайгаа, Хаанчлалд нь үнэнчээ ямар аргаар харуулсан бэ?
8 Өнөөдөр Еховагийн ард түмний хувьд Бурханд хайртайгаа харуулж, Хаанчлалд нь үнэнчээ батлах нэг арга бол миссионерийн үйлчлэл билээ. Энэхүү үйлчлэлийг эхэлсэн хүмүүс, Есүсийн ярьсан ёгт үлгэрийн худалдаачин лугаа адил, Хаанчлалын төлөө алсыг зориход бэлэн байдаг. Гэхдээ тэд Хаанчлалын тухай сайн мэдээг олохоор биш, харин дэлхийн өнцөг булан бүрд тархан суурьшсан хүмүүст энэ мэдээг хүргэж, зааж, Есүс Христийн дагалдагч болоход нь туслахаар явдаг (Матай 28:19, 20). Олон оронд миссионерүүд, даван туулахад амаргүй бэрхшээлтэй тулгардаг. Гэсэн ч тэсвэр хатуужилтай байсныхаа төлөө асар их ивээл хүртдэг.
9, 10. Төв Африкийн БНУ гэх зэрэг алс холын нутагт үйлчилдэг миссионерүүдэд ямар сонирхолтой явдал тохиолддог вэ?
9 Үүний нэг жишээ нь Төв Африкийн БНУ-д өнгөрсөн жил Христийн үхлийг Дурсах үдэшлэгт дэлгэрүүлэгчдийн тооноос бараг 7 дахин олон буюу 16 184 хүн ирсэн явдал юм. Энэ оронд олон газар гэрэл цахилгаан байхгүйн улмаас хүмүүс нь гэрийн ажлаа голдуу гэрийнхээ гадаа, модны сүүдэрт хийдэг аж. Миссионерүүд ч мөн л тийм байдлаар ажлаа хийж, айлын гадаа, модны сүүдэрт Библийн хичээл явуулдаг байна. Ингэхэд илүү гэгээтэй, сэрүүхэн байхаас гадна, өөр давуу тал бий. Хүмүүс нь Библийг үнэхээр хүндэтгэдгийн зэрэгцээ шашны сэдвээр ярих их дуртай байдаг гэнэ. Хажуугаар нь өнгөрч явсан хүн тэдний юу хийж байгааг хараад, Библийн хичээлд суух тохиолдол олон гардаг байна.
10 Нэг миссионер гадаа тийм хичээл явуулж байтал гудамжны эсрэг талд амьдардаг залуу хүрч ирээд, Гэрчүүд өөртэй нь уулзаж байгаагүй учраас заавал ирж, Библийн хичээл зааж өгөхийг хүсжээ. Тэр хүсэлтийг биелүүлэхэд миссионерт хэчнээн сайхан байсан нь мэдээж. Одоо тэр залуу сүнслэгээр хурдан өсөж байгаа аж. Тус улсад цагдаа нар Гэрчүүдийг машинтай явж байхад нь замд зогсоох үе бишгүй гардаг. Гэхдээ журам сахиулах, торгох зорилгоор биш, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн сүүлийн дугаарыг асуух гэж эсвэл онцгой санагдаж, сэтгэлд хүрсэн өгүүлэл уншаад талархсанаа илэрхийлэх гэж зогсоодог ажээ.
11. Олон жил миссионерээр үйлчилж буй Гэрчүүд бэрхшээлтэй их тулгардаг ч дэлгэрүүлэх ажлынхаа талаар юу гэж боддог вэ?
11 Бүр 40, 50 жилийн өмнөөс миссионерээр үйлчилж эхэлсэн олон хүн дэлгэрүүлэх ажлаа үнэнчээр хийсээр байна. Итгэл, тэвчээрийн ямар сайхан жишээ вэ! Нэг хос сүүлийн 42 жилийн хугацаанд гурван оронд миссионерээр үйлчилж байна. «Бэрхшээл их байсан. Жишээ нь, бид хумхаа өвчинтэй 35 жил тэмцсэн. Гэсэн ч миссионер болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй» гэж нөхөр нь хэлэхэд, эхнэр нь: «Баярлах үе үнэхээр олон гардаг. Дэлгэрүүлэх ажлаас асар их баяр хөөр авдаг. Библийн хичээл эхлэхэд хэцүү биш. Суралцагчдаа цуглаанд ирээд, бие биетэйгээ танилцахыг нь харах бүрд манай гэрийнхэн цуглаж байгаа юм шиг санагддаг» гэж нэмж хэлсэн юм.
Тэд «бүх юмыг гарз хохирол болгон үздэг»
12. Хүн Хаанчлалын үнэ цэнг жинхэнэ ёсоор ойлгон эрхэмлэдгээ хэрхэн харуулдаг вэ?
12 Ёгт үлгэрийн худалдаачин асар үнэтэй сувд олмогцоо «явж, өөрт байсан бүхнээ зарж түүнийг авдаг» (Матай 13:46). Үнэтэйд тооцогдох юмаа золиослоход бэлэн байна гэдэг бол Хаанчлалын үнэ цэнг жинхэнэ ёсоор ойлгодог хүмүүсийн онцлог шинж юм. Христтэй хамт Хаанчлалын сүр жавхланг хуваалцах болсон элч Паул: «Би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмны гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд юм» гэж хэлсэн байдаг (Филиппой 3:8).
13. Нэг чех хүн Хаанчлалд хайртайгаа хэрхэн харуулсан бэ?
13 Үүнтэй адилаар, өнөөдөр ч бас олон хүн Хаанчлалын ач тусыг хүртэхийн тулд амьдралдаа томоохон өөрчлөлт хийхэд бэлэн байдаг. Тухайлбал, 2003 оны аравдугаар сард Чех улсын нэгэн дунд сургуулийн 60 настай захирал Библи судлахад зориулсан «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» ном санаандгүй олжээ. Уг номоо уншсан даруйдаа нутгийнхаа Гэрчүүдтэй холбоо барьж, Библийн хичээл заалгахаар болсон байна. Ингээд сүнслэгээр хурдан өсөж, удалгүй бүх цуглаанд очдог болжээ. Тэгвэл, эхлээд хотын даргын, дараа нь сенатчийн сонгуульд өрсөлдөж, тушаал дэвшье гэсэн бодлоо яасан бол? Өөрчилсөн. Оронд нь, Хаанчлалыг тунхаглагч болж «тушаал дэвшихээр» шийджээ. «Би сурагчдадаа Библид үндэслэсэн олон ном хэвлэл өгсөн» гэж тэр хэлсэн юм. Тэрбээр 2004 оны долдугаар сард болсон мужийн чуулган дээр Еховад өөрийгөө зориулснаа бэлэгдэн харуулж, баптисм хүртжээ.
14. а) Хаанчлалын тухай сайн мэдээ олон сая хүнд ямар хүсэл төрүүлдэг вэ? б) Хүн бүр өөрөөсөө ямар чухал асуулт асууж болох вэ?
14 Дэлхий дахины өөр олон сая хүн Хаанчлалын тухай сайн мэдээг мөн ийм сэтгэлээр хүлээн авчээ. Тэд ёс бус ертөнцөөс гарч, «хуучин хүнээ... хойш тавьж», урьдын найз нөхөд, ертөнцийн хүсэл сонирхлоо орхисон (Иохан 15:19; Ефес 4:22–24; Иаков 4:4; 1 Иохан 2:15–17). Яагаад тэр вэ? Бурхны Хаанчлалын ач тусыг эд юмсын өнөөгийн тогтолцооны ямар ч юмнаас илүү эрхэмлэдэг болсон учраас тэр юм. Та ч бас Хаанчлалын тухай сайн мэдээнд тэгж ханддаг уу? Амьдралын хэв маяг, эрхэмлэдэг зүйл, зорилгоо Еховагийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхийг хүсдэг үү? Хэрэв тэгдэг бол та эдүгээ ч, ирээдүйд ч арвин их ивээл хүртэх болно.
Ургац хураах ажил дуусах дөхөж байна
15. Бурхны үйлчлэгчид төгсгөлийн энэ цаг үед юу хийнэ гэж Библид зөгнөсөн байдаг вэ?
15 Дуулалч: «Таны хүчний өдөр Таны ард түмэн... сайн дураараа үйлчлэх болно» хэмээн бичжээ. Бурханд сайн дураараа үйлчилдэг хүмүүсийн дотор «шүүдэр мэт залуучууд», «мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байдаг» (Дуулал 68:11; 110:3). Еховад үйлчилдэг эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу хүмүүсийн хичээл зүтгэл, өөрийгөө золиослох сэтгэлгээ төгсгөлийн энэ цаг үед ямар үр дүнд хүрч байна вэ?
16. Бурхны үйлчлэгчид хүмүүст Хаанчлалын тухай мэдүүлэхийн тулд хэрхэн шамдаж байгаа жишээ хэлнэ үү.
16 Энэтхэгт эхлэгчээр үйлчилдэг буюу бүрэн цагаар дэлгэрүүлдэг эмэгтэй тус улсын хоёр сая гаруй сонсголгүй хүнд Хаанчлалын тухай мэдэхэд нь хэрхэн туслах талаар нэлээд боджээ (Исаиа 35:5). Тэгээд эцэст нь Бангалор хотод дохионы хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдахаар шийджээ. Тэнд сонсголгүй олон хүнд Хаанчлалын тухай ярих боломж олдож, улмаар бүлэг хүнд Библийн хичээл заах болсон байна. Хэдхэн 7 хоногийн дотор арав гаруй хүн Хаанчлалын танхимын цуглаанд явдаг болжээ. Хожим нь тэр эгч, нэгэн хуримын арга хэмжээнд оролцож байхдаа Калькутта хотоос ирсэн сонсголгүй залуутай тааралджээ. Тэр залуу олон асуулт асууж, Еховагийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаа нь харагджээ. Гэвч 1 600 км зайтай Калькутта хотдоо буцаж очоод, коллежид сурах ёстой байлаа. Гэтэл тэнд дохионы хэл мэддэг Гэрч ганц ч байхгүй байв. Ааваасаа цөхрөлтгүй гуйсаар Бангалорт сурах зөвшөөрөл авч, тэндээ Библийн хичээлээ үргэлжлүүлж чадсан байна. Үүний дүнд сүнслэгээр хурдан өсөж, жил орчмын дараа Еховад өөрийгөө зориулжээ. Түүгээр Библийн хичээл заалгасан сонсголгүй олон хүний дотор багын найз нь байдаг аж. Энэтхэг дэх салбар сүүлийн үеэс сонсголгүй хүмүүст туслах зорилготой эхлэгчдэд зориулж дохионы хэлний курс, дамжаа хичээллүүлэх болжээ.
17. 11, 12-р хуудсанд нийтэлсэн, 2004 оны үйлчлэлийн жилийн тайлангийн юу нь танд урам зориг төрүүлсэн тухай ярина уу.
17 Энэ дугаарын 11, 12-р хуудсанд дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн 2004 оны үйлчлэлийн жилийн дэлгэрүүлэх ажлын тайланг нийтэллээ. Хэрэв та цаг гаргаад энэ тайланг үзвэл, өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн ард түмэн «их үнэтэй ширхэг сувдны» төлөө хүч тавин анхаардгийн нотолгоог харж болно.
«Эхлээд... хаанчлалыг... хайгтун»
18. Есүс худалдаачны тухай ёгт үлгэр ярихдаа юуны тухай хэлээгүй вэ? Яагаад?
18 Есүсийн ярьсан, худалдаачны тухай ёгт үлгэрийг дахин нэг саная. Тэр худалдаачныг өөртөө байсан бүхнээ зарчихаад, амьдралаа хэрхэн залгуулах болсон тухай Есүс юу ч хэлээгүй. Тийм болохоор, зарим хүн: «Мөнгөний ямар ч эх үүсвэргүй болчихоод, хоол хүнс, хувцас хунар, орон байраа хаанаас олох вэ? Тэр үнэтэй сувдны ашиг гэж юу байна?» гэж асууж магадгүй. Хүний үзэл бодлын үүднээс ингэж асуух нь зүйн хэрэг. Гэвч Есүс шавь нартаа: «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» хэмээн уриалаагүй гэж үү? (Матай 6:31–33). Бурханд бүх зүрхээрээ үнэнч байж, Хаанчлалын төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдэг нь ёгт үлгэрийн гол санаа юм. Бидэнд сургамжтай байгаа биз дээ?
19. Есүсийн ярьсан, их үнэтэй ширхэг сувдны тухай ёгт үлгэрээс ямар сургамж авч болох вэ?
19 Хаанчлалын гайхамшигтай сайхан мэдээг дөнгөж саяхнаас мэдсэн ч бай эсвэл аль хэдийнээс Хаанчлалын төлөө явж, авчрах ивээлийнх нь тухай бусдад ярьдаг болсоор удсан ч бай, бид бүгдээрээ цаашид ч хүсэл сонирхол, хамаг анхаарлаа Хаанчлалд төвлөрүүлсээр байх учиртай. Хэдийгээр одоо хэцүү цаг ч гэлээ, хайж байгаа зүйл маань худалдаачны олсон сувд шиг жинхэнэ бөгөөд юутай ч зүйрлэшгүй гэдэгт итгэх бүрэн үндэс бий. Дэлхийн үйл явдлууд болон хэдийнээ биелсэн Библийн зөгнөлүүд биднийг «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн үед» амьдарч байгааг улам баталдаг (Матай 24:3, ШЕ). Тэгэхлээр, ёгт үлгэрийн худалдаачны адилаар, Бурхны Хаанчлалын төлөө чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гарган, сайн мэдээ тунхаглах завшаан олдсонд үргэлж баярлаж явцгаая (Дуулал 9:1, 2).
Та санаж байна уу?
• Жинхэнэ шүтэгчдийн тоо юуны ачаар өсөн нэмэгдсээр байна вэ?
• Миссионерүүд ямар сэтгэлгээтэй хүмүүс вэ?
• Хүмүүс Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээж аваад амьдралдаа ямар өөрчлөлт хийдэг вэ?
• Есүсийн ярьсан их үнэтэй ширхэг сувдны тухай ёгт үлгэрээс ямар чухал сургамж авч болох вэ?
[Догол мөрийн асуулт]