Skip to content

Гарчиг руу орох

«Их үнэтэй ширхэг сувд олсон» нь

«Их үнэтэй ширхэг сувд олсон» нь

«Их үнэтэй ширхэг сувд олсон» нь

«Тэнгэрийн хаанчлал нь... хүмүүсийн тэмүүлж байгаа зорилго бөгөөд тийн тэмүүлэгч хүмүүс түүнийг олж авч байна» (МАТАЙ 11:12, ШЕ).

1, 2. а) Есүс Хаанчлалын тухай нэг ёгт үлгэртээ ямар ховор чанарыг дүрсэлсэн бэ? б) Есүс их үнэтэй ширхэг сувдны тухай ёгт үлгэрээр юу ярьсан бэ?

 ХАМАГ БАЙДГАА золиосолж байгаад, өөртөө авчихмаар, тийм үнэтэй санагддаг юм танд бий юү? Хүмүүс эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэр, албан тушаалын төлөө өөрийгөө зориулах тухай ярьдаг ч үнэхээр тийм их хүслэн болсон юмаа олоод, түүнийгээ өөрийн болгохын тулд байгаа бүхнээ зориулах нь тун ховор. Есүс Христ ховорхон агаад гайхалтай энэ чанарыг Бурхны Хаанчлалын тухай гүнзгий утгатай олон ёгт үлгэрийнхээ нэгэнд дурдсан байдаг.

2 Их үнэтэй ширхэг сувдны тухай ёгт үлгэр буюу «сургаалт зүйрлэлийг» Есүс шавь нартаа аминчлан ярьсан юм. Тэнд: «Тэнгэрийн хаанчлал бол сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ [«тэр даруй», ШЕ] зарж түүнийг авна» гэж бий (Матай 13:36, 45, 46). Есүс шавь нараа энэ ёгт үлгэрээс юу сурч аваасай гэж хүссэн бэ? Бас бид ямар ач тус хүртэж болох вэ?

Сувдны үнэ цэн

3. Эрт цагт сайн сувд тийм үнэтэй байсны учир юу вэ?

3 Эрт үеэс сувдыг өндөр үнэтэй гоёл чимэглэлийн зүйлд тооцсоор иржээ. Ромын эрдэмтэн Их Плини сувдыг «бүх үнэт зүйлийн дотор хамгийн эхний байр» эзэлдэг гэж хэлснийг сурвалж бичигт тэмдэглэжээ. Сувд амьд биетээс гардгаараа алт, мөнгө болон олон үнэт чулуунаас ялгаатай. Зарим төрлийн хясаа тана хэмээх шүүрэл ялгаруулдаг бөгөөд хавтсан дотроо орсон гаднын биетийг, тухайлбал, чулууны өчүүхэн хэлтэрхийг тэрхүү шүүрлээрээ хучсаар гялалзсан сувд болгон хувиргадаг байна. Эрт цагт хамгийн сайн сувдыг их төлөв Улаан тэнгис, Персийн булан, Энэтхэгийн далай гээд Израилиас алс хол нутгаас авчирдаг байжээ. Тэгэхлээр, Есүс «сайн сувд хайгч худалдаачны» тухай ярьсны учир нь тодорхой байна. Юу гэвэл, жинхэнэ үнэ цэнтэй сувд олохын тулд асар их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог аж.

4. Есүсийн ярьсан ёгт үлгэрийн гол санаа юу байсан бэ?

4 Сайн сувд эртнээс их үнэ хүрч байсан хэдий ч Есүсийн ёгт үлгэрийн гол санаа энэ биш байв. Есүс Бурхны Хаанчлалыг их үнэтэй сувдтай зүйрлэсэн нь шавь нарынхаа анхаарлыг «сайн сувд хайгч худалдаачинд» болон тэр худалдаачин сувд олсныхоо дараа юу хийсэнд хандуулсан хэрэг байжээ. Ёгт үлгэрийн худалдаачин жирийн нэг дэлгүүрийн эзнийг бодвол худалдаа наймаанд мэргэшсэн хүн байсан гэж хэлж болно. Тийм хүн сувдны гоо зүйн үнэ цэн хийгээд сувдыг хосгүй болгодог ховор чанарыг олж харах хурц хараа, нарийн мэдрэмжтэй байжээ. Тэрбээр жинхэнэ сувдыг хараад л шууд мэддэг, чанар муутай юм уу дуураймал эдэд хууртдаггүй аж.

5, 6. а) Есүсийн ярьсан ёгт үлгэрийн худалдаачинд анхаарал татам ямар онцлог байна вэ? б) Нуусан эрдэнийн тухай ёгт үлгэр сувд хайгч худалдаачны талаар юу хэлдэг вэ?

5 Энэ худалдаачинд анхаарал татам бас нэг онцлог бий. Жирийн худалдаачин бол ашиг олохын тулд сувдыг хэдий хэрийн мөнгөөр авахаа бодож, үнэ өртгийг нь тооцохын хажуугаар тийм сувд хэр эрэлттэй байдаг, хурдан борлогдох эсэхийг анхаарах байсан. Өөрөөр хэлбэл, сувдыг авахаасаа түрүүлээд мөнгөө хурдан эргүүлэхээ бодох байсан. Гэтэл Есүсийн ёгт үлгэрийн худалдаачин түүнтэй адилгүй. Түүний сонирхол ашиг орлого, эд хөрөнгө биш байсан. Тэрбээр хайсан юмаа олж эзэмшихийн тулд «өөртөө байсан бүхнээ» буюу бүх л өмч хөрөнгөө золиослоход бэлэн байсан.

6 Есүсийн ярьсан ёгт үлгэрийн баатрыг бодлогогүй алхам хийжээ гэж ихэнх худалдаачин бодсон байх. Нарийн тооцоотой бизнесмэн бол тийм эрсдэлтэй наймаа хийхийг бодох ч үгүй. Гэтэл Есүсийн ёгт үлгэрт гардаг худалдаачин үнэ цэнийн талаар өөр ойлголттой байв. Түүний хувьд мөнгө хожих биш, харин илүү үнэ цэнтэй зүйлийг олж аваад, баяр баясгалантай, сэтгэл хангалуун байх нь жинхэнэ ашиг орлого байсан. Энэ санааг Есүсийн хэлсэн өөр жишээ улам тодорхой болгодог. Тэрбээр: «Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна» гэж ярьжээ (Матай 13:44). Тийм ээ, тэр хүн эрдэнэ олоод, эзэмших гэж баярлан хөөрсөндөө, байгаа бүхнээ орхиход бэлэн байсан. Тэгвэл өнөөдөр түүнтэй адилхан хүмүүс бий юү? Тийм их золиос шаарддаг үнэт эрдэнэ байдаг уу?

Хаанчлалын үнэ цэнг ойлгосон хүмүүс

7. Есүс Хаанчлалын үнэ цэнг сайтар ойлгодгоо хэрхэн харуулсан бэ?

7 Есүс ёгт үлгэр ярихдаа «тэнгэрийн хаанчлалын» тухай хэлдэг. Тэрбээр өөрөө Хаанчлалын үнэ цэнг сайтар ойлгодог байв. Евангелид үүний баттай нотолгоо бий. Есүс МЭ 29 онд баптисм хүртсэнийхээ дараа «„Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна“ гэж тунхаглаж» эхэлжээ. Гурван жил хагасын хугацаанд тэрбээр өдий төдий хүнд Хаанчлалын тухай зааж сургаж байлаа. Израилийн нутгаар хөндлөн гулд явж, «нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурхны хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв» (Матай 4:17; Лук 8:1).

8. Хаанчлал юу хийхийг үзүүлэхийн тулд Есүс яасан бэ?

8 Есүс өвдсөнийг эдгээх, өлссөнийг хооллох, байгалийн хүчийг захирах, тэр байтугай үхсэнийг амилуулах гээд Израилийн нутаг даяар олон гайхамшиг үйлдэж байхдаа Бурхны Хаанчлал юу хийхийг давхар харуулсан билээ (Матай 14:14–21; Марк 4:37–39; Лук 7:11–17). Эцэст нь сайн дураараа амиа өгч, тарчлаах шонд хадуулан үхэж, Бурхан болон Хаанчлалд үнэнчээ батлан харуулсан. Есүс «их үнэтэй ширхэг сувдны» төлөө бүхнийг орхиход бэлэн байсан худалдаачинтай яг адил, Хаанчлалын төлөө амьдарч, Хаанчлалын төлөө үхсэн юм (Иохан 18:37).

9. Есүсийн эртний шавь нараас ямар ховор чанар харагддаг вэ?

9 Есүс амьдралаа Хаанчлалд зориулаад зогсоогүй, дагалдагч цуглуулсан. Тэд ч бас Хаанчлалын үнэ цэнг сайтар ойлгодог хүмүүс байв. Тэдний дотор Баптисм хүртээгч Иоханы шавь нарын нэг Андрей байсан. Есүсийг «Бурхны Хурга» хэмээн Иоханы батлан ярихыг сонсож байсан Андрей болон Зебедеен хөвгүүдийн нэг байж болох Иохан гэдэг өөр нэг шавь нь Есүсийг Мессиа гэдэгт итгээд шууд дагасан. Гэхдээ ингээд л болчихоогүй. Андрей тэр даруйдаа ах Симондоо очоод: «Бид Мессиаг оллоо» гэж хэлжээ. Тун удалгүй, Симон (сүүлд Кеф буюу Петр гэдэг нэрээр алдаршсан), Филип, түүний найз Натанаел ч бас Есүсийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрсөн. Натанаел Есүст: «Та бол Бурхны Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн» гэж өөрийн эрхгүй хэлдэг (Иохан 1:35–49).

Сэтгэл шулууджээ

10. Есүс шавь нартайгаа анх удаа уулзсанаасаа хойш хэсэг хугацааны дараа дахин ирж, дуудахад нь тэд хэрхэн хүлээн авсан бэ?

10 Андрей, Петр, Иохан болон бусад хүн Мессиаг олоод сэтгэл нь яаж хөдөлснийг их үнэтэй сувд олсон худалдаачны сэтгэлтэй зүйрлэж болно. Тэгээд тэд яасан бол? Тэднийг Есүстэй анх тааралдсаныхаа дараахан яг юу хийж байсан талаар Евангелид дэлгэрэнгүй бичээгүй. Бодвол, ихэнх нь хувь хувийнхаа амьдралыг эргэн хөөсөн бололтой. Гэхдээ түүнээс хойш жил хүрэхгүйн дараа Есүс Андрей, Петр, Иохан болон түүний ах Иаковыг Галилын тэнгисийн дэргэд загасчны ажлаа хийж байхад нь дахин уулзсан. * Есүс тэднийг хараад: «Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно» гэж хэлэхэд тэд хэрхэн хүлээж авсан бэ? Матай, Петр Андрей хоёрын тухай: «Тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа» гээд, Иаков Иохан нарын тухай: «Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа» гэж бичжээ. Лук бас тэдний тухай: «Бүхнийг орхин, Түүнийг дагалаа» гэж бичсэн байдаг (Матай 4:18–22; Лук 5:1–11).

11. Шавь нар нь Есүсийн урилгыг тэр даруйд нь хүлээж авсныг юу гэж тайлбарлах вэ?

11 Тэгэхлээр, тэр шавь нар Есүсийн урилгыг бодож цэгнэлгүй, уухайн тас хүлээгээд авчихсан хэрэг үү? Яалаа гэж! Тэд Есүстэй анх уулзсаныхаа дараа гэр гэртээ буцаж, загасчны ажлаа дахин эрхлэх болсон ч, үзэж сонссон зүйл нь зүрх сэтгэл, оюун бодолд нь гүн шингэсэн байсан нь эргэлзээгүй. Бараг жил гэдэг бол тэр бүхнийг эргэцүүлж бодоход хангалттай хугацаа юм. Ингээд шийдвэр гаргах цаг болжээ. Тэд их үнэтэй сувд олоод сэтгэл нь хөдөлж, Есүсийн хэлснээр, «явж», тэр сувдыг худалдаж авахад шаардлагатай бүхнийг «тэр даруй» хийсэн худалдаачинтай адил байсан болов уу? Тийм ээ, адилхан байсан. Үзэж, сонссон зүйл нь зүрх сэтгэлийг нь хөндсөн учир тэд сэтгэл шулуудсан байлаа. Тийнхүү огтхон ч тээнэгэлзэлгүйгээр байгаа бүхнээ орхиод, Есүсийн дагалдагч болсныг Евангелид тэмдэглэсэн байдаг.

12, 13. а) Есүсийг сонсож байсан олон хүн ямар байдалтай байсан бэ? б) Есүс үнэнч шавь нарынхаа талаар юу гэж хэлсэн бэ? Түүний хэлсэн үг ямар утгатай вэ?

12 Энэ үнэнч шавь нар Евангелид бичигдсэн зарим хүнээс хэчнээн өөр байж вэ! Есүсийн ачаар өвчнөөсөө салсан юм уу гэдэс нь цадсан ч урьдынхаараа амьдрахаар мөр мөрөө хөөж одсон хүн олон байв (Лук 17:17, 18; Иохан 6:26). Тэр ч байтугай, Есүс дагалдагчаа болгохоор дуудахад нь зарим хүн шалтаг заан, хойш суусан (Лук 9:59–62). Гэтэл үнэнч хүмүүс тэднээс тэс өөр байлаа. Хожим нь Есүс тэдний талаар: «Тэнгэрийн хаанчлал нь баптисм хүртээгч Иоханы үеэс өнөөг хүртэл хүмүүсийн тэмүүлж байгаа зорилго бөгөөд тийн тэмүүлэгч хүмүүс түүнийг олж авч байна» хэмээн хэлжээ (Матай 11:12, ШЕ).

13 «Тэмүүлж байгаа», «тэмүүлэгч» гэдэг нь ямар санаа илэрхийлдэг вэ? Грек хэлний эдгээр үгийг үүсгэдэг үйл үгийг Библийн нэгэн тайлбар тольд: «Асар их хичээж чармайхыг хэлнэ» гэжээ («Vine’s Expository Dictionary of Old and New Testament Words»). Энэ талаар Библийн эрдэмтэн судлаач Хайнрик Майер: «Ойртон айсуй Мессиагийн хаанчлалын төлөө ирмүүн хүсэлтэй, мятаршгүй тэмцэх, зүтгэхийг ингэж дүрсэлжээ. [...] Хаанчлалыг тийм ирмүүн хүсэлтэй, эрч хүчтэй (тайван хүлээхээ болиод) сонирхож эхэлдэг» гэж тэмдэглэжээ. Тэр цөөхөн хүн, сувд хайгч худалдаачны адил, жинхэнэ үнэ цэнтэй юмыг хурдан таниад, Хаанчлалын төлөө өөртөө байгаа бүхнээ дуртайяа золиосолсон (Матай 19:27, 28; Филиппой 3:8).

«Сувд хайх» ажилд өөр хүмүүс оролцсон нь

14. Есүс Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажилд элч нарыг хэрхэн бэлдсэн бэ? Энэ нь ямар үр дүнд хүрсэн бэ?

14 Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа Хаанчлал уруу тэмүүлдэг болоход нь бусдад тусалж, зааж байв. Эхлээд шавь нараасаа 12 хүнийг сонгож, элчээ болгон явуулж, хэрхэн дэлгэрүүлэхийг нэгбүрчлэн зааж, ямар ямар бэрхшээл тулгарч болохыг урьдчилан сануулсан (Матай 10:1–42; Лук 6:12–16). Үүнээс хойших хоёр жил шахмын хугацаанд тэд Израилийн нутгаар сайн мэдээ дэлгэрүүлэхэд нь Есүсийг дагалдан явж, улам дотно болцгоожээ. Есүсийн ярихыг сонсож, гайхамшиг үйлдэхийг нь ажиглаж, үлгэр жишээг нь харж явсан (Матай 13:16, 17). Энэ бүхэн тэдний сэтгэлд тийм гүн хүрсэн учраас, сувд хайгч худалдаачин лугаа адил, сэтгэл зүтгэл гарган Хаанчлалын төлөө явдаг байсан нь лавтай.

15. Есүс дагалдагчдынхаа баяр хөөртэй байх жинхэнэ шалтгааныг юу гэж хэлсэн бэ?

15 Есүс 12 элчээсээ гадна «өөр далан хүнийг томилж, тэднийг Өөрийн очихоор яваа хот, газар бүрд хоёр хоёроор нь Өөрийнхөө өмнө илгээхдээ», сорилт бэрхшээлтэй учрахыг сануулж, «Бурхны хаанчлал та нарт ойрхон байна» гэж хүмүүст хэлэхийг захисан (Лук 10:1–12). Тэр 70 хүн бөөн баяр болсоор буцаж ирээд: «Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр бидний эрхшээлд орсон шүү» гэжээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд Хаанчлалын төлөө хичээл зүтгэл гаргасныхаа хариуд ирээдүйд бүр ч их баяр хөөр амсахыг нь сануулан: «Сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс тань тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун» гэж хэлэхэд гайхсан биз ээ (Лук 10:17, 20).

16, 17. а) Есүс үнэнч элч нартайгаа хамт өнгөрүүлсэн сүүлчийнхээ үдэш тэдэнд юу гэж хэлсэн бэ? б) Элч нар нь Есүсийн хэлэхийг сонсоод юунд баярласан бэ? Есүсийн үг юуны баталгаа байсан бэ?

16 МЭ 33 оны нисан сарын 14-нд Есүс элч нартайгаа өнгөрүүлсэн сүүлчийнхээ үдэш, хожмоо Эзний оройн зоог гэж нэрлэгдэх болсон арга хэмжээг зохион байгуулаад, цаашид тэмдэглэж байхыг тушаажээ. Тэр үдэш Есүс, үлдсэн 11 элчдээ: «Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. Миний Эцэг Надтай гэрээ байгуулсанчлан Би та нартай хаанчлалын гэрээ байгуулна. Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийд залрах болно» гэж хэлсэн (Лук 22:19, 20, 28, 29, ШЕ, 30).

17 Элч нар нь Есүсийн тэгж хэлэхийг сонсоод хэчнээн их баяр хөөртэй, сэтгэл ханагар байсан бол оо! Тэдэнд хүний хүртэж л болох дээд зэргийн, хосгүй завшаан олдсон шүү дээ (Матай 7:13, 14; 1 Петр 2:9). Тэд ёгт үлгэрийн худалдаачинтай адил, Хаанчлалын төлөө явж, Есүсийг дагахын тулд их зүйлээ орхисон билээ. Тэр бүхэн нь дэмий хоосон байгаагүйг Есүс батлан хэлсэн нь энэ ажээ.

18. 11 элчээс гадна өөр хэн Хаанчлалын ач тусыг хүртэх вэ?

18 Тэр үдэш Есүстэй хамт байсан элч нараас өөр хүмүүс ч Хаанчлалын ач тусыг хүртэх учиртай байлаа. Еховагийн хүсэл таалал бол нийт 144 000 хүн Хаанчлалын гэрээнд орж, сүр жавхлант тэнгэрийн Хаанчлалаас Есүс Христтэй хамт дэлхийг захирах явдал байсан. Мөн элч Иохан хэн ч тоолж чадамгүй үй олон хүн сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон: «Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг» гэж хашгирч байхыг үзэгдлээр үзсэн. Тэд бол Хаанчлалд захирагдах, дэлхий дээрх харьяат албатууд юм * (Илчлэлт 7:9, 10; 14:1, 4).

19, 20. а) Бүх үндэстний хүмүүст ямар боломж байна вэ? б) Дараагийн өгүүллээр ямар асуултад хариулах вэ?

19 Есүс тэнгэрт гарахынхаа өмнөхөн үнэнч дагалдагчдадаа тушаал өгч: «Явж, бүх үндэстний хүмүүсээс Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр баптисм хүртээн, миний та нарт тушаасан бүгдийг сахихыг тэдэнд зааж, шавь бэлдэгтүн. Эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөл хүртэлх бүх өдөр би та нартай хамт байх болно» гэж хэлсэн (Матай 28:19, 20, ШЕ). Тийнхүү, бүх үндэстний хүмүүс Есүс Христийн шавь болохоор цуглах ёстой байв. Тэд ч бас сайн сувд хайсан худалдаачин шиг, тэнгэрийн болон дэлхийн шагналынхаа төлөө Хаанчлалд сэтгэл зүрхээ зориулах учиртай байлаа.

20 Шавь бэлдэх ажил «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөл» хүртэл үргэлжлэхийг Есүсийн хэлсэн үг харуулдаг. Тэгвэл, ёгт үлгэрийн худалдаачин шиг, Бурхны Хаанчлалын төлөө бүхнийг орхиход бэлэн хүмүүс өнөө үед бий юү? Энэ асуултад дараагийн өгүүллээр хариулъя.

[Зүүлт]

^ Тэр анхны уулзалтын дараа Зебедеен хүү Иохан Есүсийн хийсэн зарим үйлсийг Евангелидээ тийм тод томруун бичиж үлдээснийг бодоход, Есүсийг дагаж яваад, юу хийхийг нь нүдээрээ үзсэн бололтой (Иохан 2–5-р бүлэг). Гэсэн ч, Есүс өөрийг нь ахин дуудах хүртэл гэртээ буцаж очоод, загасчны ажилдаа орсон байсан.

^ Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын 10-р бүлгээс энэ сэдвийг дэлгэрэнгүй үзнэ үү.

Та тайлбарлаж чадах уу?

• Сувд хайгч худалдаачны тухай ёгт үлгэрийн гол санаа юу вэ?

• Есүс Хаанчлалын үнэ цэнг сайтар ойлгодгоо хэрхэн харуулсан бэ?

• Андрей, Петр, Иохан болон бусад шавь нь Есүсийн урилгыг ямар учраас тэр даруй хүлээн авсан бэ?

• Бүх үндэстний хүмүүсийн өмнө ямар хосгүй боломж байгаа вэ?

[Догол мөрийн асуулт]